Categories
мэдээ нийгэм

Хэлмэгдэгсдийн хүндэтгэлд зориулан гэрэлт хөшөө босгоно

Улс төрийн хэлмэгдэгсдийн хүндэтгэлд зориулсан гэрэлт хөшөөг ирэх сард Хөвсгөл аймагт босгохоор болжээ. Энэ талаар Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбооноом мэдээллээ. Уг хөшөөг Хатгал сумын тусгай хамгаалалтай газар босгох бөгөөд 120 см өндөр, 60 см-ийн өргөнтэй боржин чулуун хөшөө байх аж. Гэрэлт хөшөө босгох хөрөнгийг тус холбоонд гишүүнчлэлтэй 25 мянга гаруй иргэнээс санхүүжүүлэх гэнэ. 

Э.Номин

Categories
мэдээ нийгэм

Айлууд зусланд газар өмчлөх эрхтэй боллоо

Нийслэлийн ойролцоох зуслангийн газрыг өмчлүүлэх шийдвэрийн дагуу эхний ээлжид таван байршилд байгаа зуслангийн газрыг өмчлүүлэхээр болжээ. Үүнд, Сүхбаатар дүүргийн XXV хорооны нутаг дэвсгэр, Ар хустайн зуслангийн  366 га газрын 1478 айлын хашааны газар багтжээ. Мөн тус дүүргийн XX хороо Цээнэ зусланд 173 га газрыг 666 айл өмчилж авах эрхтэй болсон байна. 

Цолмон зуслангийн 391 га газрыг одоо эзэмшиж байгаа 715 өрхийг хамруулан  өмчлүүлэх бол Жигжидийн зуслангийн газрыг өмчлөх асуудал түр хугацаагаар хойшилжээ. 

Categories
мэдээ нийгэм

Гадаадын иргэдтэй холбоотой гэмт хэргийн дуудлага багасчээ

Сүхбаатар дүүрэгт хэрэгжиж байгаа “Оюутан цагдаа” хөтөлбөрийн талаар тус дүүргийн цагдаагийн хэлтсээс мэдээлэл өглөө. Нийслэлийн хэмжээнд долдугаар сарын 2-ноос эхлэн Монголын оюутны холбоо Соёл, спорт аялал жуулчлалын яамтай хамтран тус хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Хөтөлбөрт хамруулахдаа дундаас дээш англи хэлний мэдлэгтэй сайн дурын оюутнуудыг сонгон, гурав хоногийн сургалтад суулгасан байна. Оюутнуудын үндсэн үүрэг нь гадаадын иргэд, жуулчдыг гэмт хэргийн халдлагаас урьдчилан сэргийлэх, зам зааж өгөх, халаасны хулгайгаас болгоомжлуулах юм. СБД-ийн хэмжээнд нийт 22 оюутан энэ сарын 10-наас эхлэн ажиллаж байгаа аж. Тэд 10.00-16.00 цагийн хооронд, цагийн 3500 төгрөгний хөлстэйгээр үүрэг гүйцэтгэж байна. Тус дүүргийн хэмжээнд “Оюутан цагдаа” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш гадаадын иргэдтэй холбоотой нэг ч гэмт хэргийн дуудлага ирээгүй гэнэ. Хөтөлбөр есдүгээр сарын 1-н хүртэл үргэлжилнэ хэмээн СБД-ийн цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн захиргаа үүргийн биелэлт хариуцсан ахлах дэслэгч,  ахмад Т.Мөнхзул мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл, Сүхбаатар аймгийн замууд аравдугаар сард ашиглалтад орно

2014 онд дөрвөн аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбох зорилт тавьсан. Өнгөрсөн өдрүүдэд Ерөнхий сайд Дорнодын замын ажилтай танилцсан бөгөөд 80 орчим км замын ажлын гүйцэтгэл хэрхэх нь тодорхойгүй байна. Тиймээс энэ асуудлаар салбарын яам, агентлагийн удирдлагуудтай өнөөдөр Ерөнхий сайдын өрөөнд уулзалт зохион байгуулахаар болжээ. Өмнөговийн зам  есдүгээр сард, Хөвсгөл, Сүхбаатар аймгийн замууд аравдугаар сард ашиглалтад орох аж. 

М.Эрдэнэ

Categories
мэдээ нийгэм

Химийн хорт болон аюултай бодис, бүтээгдэхүүний агуулах стандарт батлагдлаа

Өнөөдөр дэлхийд ашиглагдаж байгаа 10 сая орчим нэр төрлийн химийн бодис хэрэглэж байгаагаас 10 мянга гаруй нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа бөгөөд тэдгээрийн 150-200 нь хавдар үүсгэдэг болох нь тогтоогдсон байна. 

Эдгээр химийн хорт аюултай бодис, бүтээгдэхүүнийг хадгалах тодорхой стандарт байхгүйгээс орон сууцны хорооллын нэгдүгээр давхар, зоорийн давхар, гэр хорооллын хашаанд төрөл бүрийн мод болон, сендвичин байшин, контейнер зэрэг байгууламжид эдгээр бодисыг хадгалж эрсдлийг бий болгож байна. Иймд Герман, Шинэ Зеланд, Австрали, Малайз зэрэг улсад мөрдөгдөж буй стандарт, арга аргачлалын талаар судлан, өөрийн орны онцлог нөхцөлд нийцүүлэн химийн хорт болон аюултай бодисын агуулахын стандартыг БОНХЯ, ОБЕГ, ШУА-ын эрдэмтэн докторууд  боловсруулсан бөгөөд энэхүү стандартыг 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөнө.

Categories
мэдээ нийгэм

Шинэ технологийг туршиж эхэллээ

Монгол орны нөхцөлд авто замын суурийг цементээр болон эмульсээр боловсруулж зам барих технологийг анх удаа турших гэж байна. Уг туршилтыг Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр дэх Ажилчны гудамжны уулзвар дээр ирэх сарын 17-22-ны  өдрүүдэд хийх гэнэ.а

Зам тээврийн яам, нийслэлийн Авто замын газар, Япон улсын “Sakai” ХХК, “Tөгс Зам” ХХК хамтран боловсруулсан технологийг ажлын талбар дээр туршихаар хөрсний дээжийг шинжилгээнд өгч, судалгааны ажлыг эхлүүлээд байгаа аж. Мөн туршилт хийх үзүүлэх сургуулилтад оролцох хүсэлтэй зам барилга, засвар арчлалтын компаниудыг салбарын яам бүртгэж эхэлжээ.

М.Эрдэнэ

Categories
мэдээ нийгэм

Боом өвчнөөр 80 гаруй мал өвчилжээ

Өнөөдрийн байдлаар Завхан аймгийн Дөрвөлжин, Говь-Алтай аймгийн Хөхморьт, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын дөрөвдүгээр багийн Нарангийн гол, нийслэлийн ХУД-ийн 13 дугаар хороонд боом өвчин гараад байгаа. Голомтод 21 өрх, 13528 мал байгаа бөгөөд 80 мал үхэж гурван хүн, 15 мал өвчилжээ. Завхан аймгийн Дөрвөлжин суманд 21 хоног, Говь-Алтай аймгийн Хөхморьт, ХУД-ийн 13 дугаар хороонд тус бүр 14 хоногийн хорио цээр тогтоон ажиллаж байна.    Булган аймгийн Хишиг-Өндөр суманд боомоор өвчилсөн гэх сэжигтэй хоёр хүнийг хэвтүүлэн эмчилж байна. Сумын Засаг даргын захирамжаар хорио цээр тогтоон, вакцинжуулалт хийж, зургаан адуу, нэг үхрийн сэг зэмийг устган ариутгал, халдваргүйжүүлэлт хийжээ. Мөн боом өвчнөөс урьдчилан сэргийлэх сурталчилгаа, зөвлөмжийг нутгийн иргэд болон хил залгаа Могод суманд тарааж, голомтын ойролцоох найман өрхийн 2518 малд үзлэг, тандалт хийсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Онц хэрцгийгээр хүний аминд хүрсэн А.Мэндбаярыг шүүнэ

Нийслэлийн Налайх дүүрэгт өнгөрсөн оны аравдугаар сарын 17-18-нд шилжих шөнө иргэн М-ийг зургаан удаа буудаж хөнөөсөн А.Мэндбаярт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 10:00 цагт ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангид нээлттэй болно. Тэрбээр анхны мэдүүлэгтээ “Талийгаач үргэлж дарамталж, хайртай бүсгүйг минь хүчирхийлдэг байсан учраас гэрийнхэндээ хэлэлгүй нууцаар Хятадаас ирж энэ хэргийг үйлдсэн” хэмээжээ. Гэвч түүний хэлсэн ярьсан нь нотлогдоогүй бөгөөд өс хонзонгийн сэдлээр найзыгаа хөнөөсөн гэдгийг албаныхан тогтоосон юм. 

Categories
мэдээ нийгэм

Таван залуу үерт амиа алджээ

Гол усны түвшин нэмэгдэж, Онцгой байдлын алба хаагчид үер усны аюулаас урьдчилан сэрэмжлүүлсээр байтал ард иргэдийн хайхрамжгүй хэнэггүй байдлаас болж 2013 онд усны ослоор 109 хүн нас барсны 22 нь бага насны хүүхэд, 2014 оны долоодугаар сарын 24-ний байдлаар 56 хүн нас барсны 10 нь бага насны хүүхэд, баяр наадмын амралтын таван өдөрт 18 хүн гол усны ослоор нас барсны хамгийн бага нь хоёр сартай нялх хүүхэд байлаа. Мөн Сэлэнгэ аймагт зугаалгаар явж байсан таван оюутан залуу Ерөө голын усанд живж амь насаа алдсан байна.

Иймд гол мөрний сав газар болон дагуух хот, суурин газрын оршин суугч, малчид, нийт ард иргэдийг амралт, аялал зугаалга, аж ахуйн үйл ажиллагаа явуулахдаа үер усны аюулаас урьдчилан сэргийлж, хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлэх, бага насны хүүхдийг гол ус руу явуулахгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үед гол усанд орохгүй байх, гол ус гатлахдаа баталгаатай зам, гүүрээр зорчиж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. 

Categories
мэдээ нийгэм

Нойрмоглож явсан жолооч дугуйтай тамирчдыг дайрчээ

Бээжингээс Улаанбаатар руу аялаж явсан дугуйтай тамирчдын нэг автобусанд дайруулжээ. 

Осол өчиг­дөр өглөө Замын-Үүд Улаан­баатарын зам дээр гарсан гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр ЦАБ 20-81 улсын дугаартай автобусны жолооч өглөө үүрэглэж яваад замын хажуу руу орж дугуйтай тамирчдыг дайрсан бололтой юм. 

Энэ талаар Нийслэлийн Замын цагдаагийн газраас тодруулахад “Орон нутгаас ослын талаар мэдээлэл ирээгүй байна” гэв.