Categories
мэдээ нийгэм

Украйнд суралцдаг оюутнуудын анхааралд

Украин Улсын Донецк хотноо суралцаж буй оюутнуудыг өөр
хотуудад шилжүүлэн суралцуулах тухай шийдвэрийг
Украины Боловсролын яамнаас гаргажээ.Энэхүү шийдвэртэй холбогдуулан тус
хотноо суралцдаг ба одоо эх орондоо амарч буй монгол оюутнуудыг Киев дэх
Консулын төлөөлөгч Х.Болдхуягтай доорх хаягаар яаралтай холбоо барихыг зөвлөж
байна.

Цахим шуудан: consulmo@nbi.com.ua
Утас: (380-44) 371 65 26, (380-67) 209 10 71

Categories
мэдээ нийгэм

Хотын дарга амрав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнөөдрөөс эхлэн ээлжийн амралтаа авч байгаа аж. Хотын дарга ирэх сарын 4-нийг хүртэл амарна. Түүнийг амрах хугацаанд хотын  ажлыг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа түр орлон гүйцэтгэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Үнэ төлбөргүйгээр элэгний вирусын шинжилгээ авна

Өнөөдөр буюу долдугаар сарын 28-ны өдөр Дэлхийн хепатитын өдөр. Энэ өдөр “Оном сан” Төрийн бус байгууллага, Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн Халдвартын тэнхимтэй хамтраад ард түмэнд элэгний хепатит вирусын талаар таниулах сурталчилгаа явуулах гэж байна. Үйл ажиллагаа нь өнөөдөр 12.00 цагаас Чингис хааны нэрэмжит талбай дээрээс эхлэх ажээ. Мөн ХӨСҮТ-ийн Хүлээн авах тасгийн хажуугийн сургалтын танхимд 10.00-17.00 цагт үнэ төлбөргүй элэгний вирусын шинжилгээ авч элэгний хатуурал цирроз хавдартай иргэдэд зөвөлгөө өгөх гэж байна. Монгол орон даяар элэгний хепатит вирусыг устгах үндэсний хөтөлбөр төсөл ажлыг эхлүүлэн HCV HBsAg вирустай иргэдийг эрт оношлож хяналтанд оруулах, эмчилгээд хамруулах мөн элэгний вирустай иргэдийг бүртгэн авч эмчлэх зорилгоор 151103 тусгай дугаараар бүртгэж авч байгаа ажээ. Иргэд энэхүү дугаарт өөрийн овог нэр, нас хүйс регистрийн дугаар ямар вирүстэй вэ гэдгээ мессежээр илгээж бүртгүүлэх боломжтой.

Манай оронд тойм тоогоор 300 гаруй мянган хүн архаг хепатитын халдвартай амьдарч байгаа төдийгүй ихэнх хүмүүс халдвартай болохоо мэддэггүй гэсэн баримт байна.

Элгийг сонгомлоор гэмтээдэг есөн төрлийн  вирус байдгаас манай улсад хамгийн өргөн тохиолддог нь A, B болон C вирус юм. Сүүлийн жилүүдэд Е, D хепатит мөн тохиолдож байна.  А, Е хепатит нь архагшдаггүй.  B, C, D вирус  нь элэгний архаг үрэвсэл улмаар  элэгний хатуурал,  элэгний хавдар зэрэгт хүргэдэг. Та дэлгэрэнгүй мэдээллийг eleg.mn сайтаас аваарай.

Categories
мэдээ нийгэм

13 мянган загийн суулгац тариалжээ

Оюутолгой компанийнхан Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гүний хоолойд ирэх наймдугаар сарын дундаас эхлэн хоёр сарын хугацаанд загийн бортоготой суулгацын гурав дахь тариалалтаа хийхээр төлөвлөжээ. Заган ойн нөхөн сэргээлтийн эхний шатанд 2013 оны намар Гүний хоолойн 6.34 га талбайд 10677 ширхэг бортоготой тарьц суулгажээ. Эдгээр тарьц өвлийг өнөтэй давж, 80 орчим хувийн ургалттай байсан аж. Тиймээс өнгөрсөн хавар ноднингийн талбайдаа 2170 ширхэг заг нөхөн, 2860 ширхэгийг нэмж тарьсан байна.

Оюутолгой ХХК-ийн Байгаль орчны хэлтсийн Ургамлын судалгааны багийн ахлах ажилтан Б.Алтанцэцэг “Загийн үрсэлгээ бэлтгэх, тарих, арчлах ажил хугацаа их шаардана. Эхлээд загийн үрийг байгалиас түүж, цуглуулан замбага болон бусад хог хольцоос нь цэвэрлэж, хатаадаг. Тарих бортогоо өвлийн улиралдаа амжуулан бэлтгэдэг. Эдгээр ажлыг арваннэгдүгээр сарын дундаас эхлэн хоёрдугаар сар гэхэд бэлэн болгоно. Ингээд 4-5 сард ил талбайд бортогоо байршуулж, үрээр тарьж эхлэн, хоёр зун, нэг өвлийг өнгөрөөгөөд бортогоноос нь гарган шилжүүлэн тарьж байна” гэлээ.

Нөхөн сэргээлт хийхдээ тухайн газрын гадарга болон ургамлын бүрхэвч, түүнд түшиглэсэн экосистемийг унаган төрхөнд нь аль болох ойртуулах зорилгоор ийнхүү заг тариалж байгаа юм. Загийн ой нь элс тогтоож, тухайн орчиндоо бусад ургамал ургах нөхцөл болдог төдийгүй мал сүрэг, зэрлэг амьтдын идээшлэх, амьдрах таатай орчин бүрдүүлдэг.

Онцлоход, Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани  болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Алтан-Өлгийн оршуулгыг дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгоно

Монгол Улсын төр нийгмийн зүтгэлтнүүдийг нутаглуулдаг Алтан-Өлгийн оршуулгын газар нь 4,6 га талбайг хамардаг бөгөөд Улсын онц чухал объектийн жагсаалтад байдаг. Харин  Засгийн газрын 2014 оны 100 дугаар  тогтоолоор Алтан-Өлгийн оршуулгын газрыг Улсын онц чухал объектийн жагсаалтаас хасаж, харуул хамгаалалтыг буулгажээ.  Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас харуул хамгаалалтын асуудлыг түр хугацаанд Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлд хариуцуулаад байгаа бөгөөд цаашид хэрхэн шийдвэрлэх талаар Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанд танилцууллаа.

Хүндэтгэлийн оршуулгыг газар нь А, Б, В гэсэн  гурван  хэсэгтэй ч газрын ашиглалт дууссан төдийгүй оршуулгын газрын тусгай хамгаалалтын бүсэд олон тооны айл өрх сууршиж байгаа юм байна.

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаас тус оршуулгын газрын тусгай хамгаалалтын бүсэд байгаа айл өрхүүдийг нүүлгэх асуудлыг шийдвэрлэхийг холбогдох байгууллагад үүрэг болголоо. Мөн  оршуулгын газрын ашиглалт дууссан тул хааж, арчлалт хамгаалалт болон орчныг сайжруулах зорилгоор шашны байгууллагын оролцоо, иргэдийн дэмжлэгтэйгээр дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгохоор шийдвэрлэлээ.

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох урьдчилсан зураг төслийг боловсруулах юм   гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

Г.Сарангэрэлийг шүүх хурал өнөөдөр болно

Хар тамхи хэрэглэсэн, хадгалсан, борлуулсан хэрэгт сэжигтнээр татагдан шалгагдаж байгаа Г.Сарангэрэл нарын таван хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр 13.00 цагт Эрүүгийн нэгдүгээр шүүх танхимд эхлэх гэж байна.  Шүүх хурал энэ сарын 16-нд товлогдсон байсан ч  өмгөөлөгч Ц.Баасандорж хавтаст хэрэгтэй танилцаж амжаагүй шалтгаанаар хойшилсон билээ. Саяхан Г.Сарангэрэл амиа хорлохыг завдсан гэх мэдээлэл олны анхаарлыг татаж байсан юм. 

Categories
мэдээ нийгэм

Аймгуудын наадамд хэн, хэн түрүүлэв?

Өнгөрөгч амралтын өдрөөр Ховд, Хөвсгөл, Дорнод, Өмнөговь аймгийн наадам боллоо. Дорнод аймгийн баяр наадамд 256 бөх барилдаж Дашбалбар сумын харьяат аймгийн начин Д.Анар найм даван түрүүлж аймгийн арслан цолны болзол хангажээ. Өмнөговьд мөн л 256 хүчтэн зодоглоход Архангай аймгийн харьяат П.Баярхүү, нутгийн бөх Л.Отгонбаяр нар түрүү, үзүүр булаалдлаа. Аймгийн начин П.Баярхүү суйлах мэхээр Л.Отгонбаярыг давж аймгийн арслан болов. Өмнөговьд улсын гарьд Б.Гончигдамба, Д.Рагчаа нар зодоглосон бөгөөд шөвгийн дөрөвт унажээ. Гарьд Б.Гончигдамбын тухайд тэрээр наадмын дараагийн долоо хоногт Төв аймгийн Батсүмбэр сум байгуулагдсаны түүхт 90 жилийн ойд зодоглон түрүүлсэн. Хөвсгөлийн наадамд улсын арслан Б.Мөнхбаатар, харцага Ц.Содномдорж нар зодоглосон ч шөвгийн наймд өвдөг шороодлоо. Их шөвөгт аймгийн арслан Б.Ганхуяг, аймгийн заан Н.Баттүвшин, аймгийн начин Б.Даваа-Очир, Ховд аймгийн начин Д.Ууганбаяр нар үлджээ. Ингээд Цагаан-Үүр сумын харьяат аймгийн заан Н.Баттүвшин түрүүлж, аймгийн арслан Б.Ганхуяг үзүүрлэв.

С.АЛТАН

Categories
мэдээ нийгэм

Дорнодын замын ажилтай танилцлаа

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Дорнод аймагт ажиллаад иржээ. Тус аймагт 2009 онд ажил нь эхэлсэн боловч өнөөдрийг хүртэл бүрэн ашиглалтад оролгүй таван жилийн турш сунжирсан Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 288 км замын бүтээн байгуулалтын ажилтай танилцах зорилгоор тэрбээр тус аймгийг зорьсон юм. Тус замд Шинэчлэлийн Засгийн газар гүйцэтгэгч компаниуд нэмж оруулан ажиллуулсан ажиллуулахаар болсон билээ. 

Энэ замд гүйцэтгэгч таван компани тус бүр 10-143 км зам хариуцан ажиллаж байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажил нийт дүнгээрээ 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Дорнодын замын 145 км нь ирэх есдүгээр сард ашиглалтад орно гэж холбогдох албаныхан Засгийн газрын тэргүүнд танилцуулсан байна. 

Categories
мэдээ нийгэм

Хар талхны үйлдвэрт шалгалт хийжээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өгсөн удирдамжийн дагуу Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг хар талхны үйлдвэрт хяналт шалгалт хийжээ. Шалгалтанд гурван аж ахуйн нэгж хамрагдсанаас иргэн Э.Булгансүрэнгийн үйл ажиллагаа явуулж буй ажлын байр нь  нэг өрөөтэй засвар хийгдээгүй,  хана, хаалга, тааз нь угааж ариутгахад тохиромжгүй материалаар хийгдсэн,технологийн урсгал буруу зэрэг зөрчил илэрчээ. Илэрсэн зөрчилтэй холбогдуулан хугацаатай албан шаардлага өгч ажлын байрыг эрүүл ахуйн шаардлага хангасан байранд явуулах зөвлөгөө өгсөн байна. Харин хоёр аж ахуйн нэгжийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээс дээж авч,  хими, нян судлалын лабораторит шинжилгээнд өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Amjilt.com сайтын сэтгүүлчид эсэргүүцлээ илэрхийллээ

Amjilt.com сайтыг энэ сарын 4-ны өдөр бусдын нэр хүндэд халдсан хэмээн Харилцаа холбооны зохицуулах хорооноос хааснаас хойш 21 хонож байгаа.

Төрийн алба хашиж байгаа хүн эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэж хэвлэлийн эрх чөлөөнд халдаж байгаа хэмээн үзсэн Amjilt.com сайтын хамт олон  өнгөрсөн баасан гаригт Харилцаа холбооны зохицуулах хорооны үүдэнд эсэргүүцлээ илэрхийллээ. Тэд “Б.Балгансүрэн даргаа Хуулиа биелүүлж бидэнд шудрага ёсыг өгөөч” гэсэн утга бүхий уриа лоозонг барьжээ. Сайтын ажилчид  “Amjilt.com-ын үйл ажиллагаа хэвийн явагдах хүртэл  өглөө бүр Харилцаа холбооны зохицуулах хорооны үүдэнд эсэргүүцлээ илэрхийлнэ” гэдгээ мэдэгдсэн байна.