Categories
мэдээ нийгэм

ОХУ-руу монголчууд визгүй зорчдог болно

УИХ-ын чуулган завсарласан энэ өдрүүдэд УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ц.Оюунбаатар, Ц.Цолмон тэргүүтэй Монголын дээд хэмжээний төлөөлөгчид ОХУ-ын Буриад улсын Эрхүү мужид албан ёсны айлчлал хийж байна.

ОХУ-ын хэвлэлүүдэд визгүй зорчих гэрээг ирэх наймдугаар сард, Халх голын ялалтын 75 жилийн ойгоор В.Путин, Ц.Элбэгдорж нар Монголд батална гэж мэдээлж байсан ч сүүлийн үед “В.Путин Монголд ирэх эсэх нь эргэлзээтэй” гэсэн мэдээлэл гараад буй. Тэгвэл В.Путин ирэхгүй байсан ч визгүй зорчих гэрээ батлагдах бололтой.

Манай улсын гадаад худалдаа өнгөрсөн жилээс эхлэн тогтмол буурч байгаа бөгөөд нэмэгдүүлэх тал дээр УИХ, Засгийн газар онцгой ач холбогдол өгч байгаа. Энэ удаагийн айчлалын зорилго ч гадаад худалдааг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа аж.

Манай төлөөлөгчид Иркутскийн эрх баригчдад хандан худалдааны чөлөөт бүс хамтран байгуулах санал тавьсан талаар хойд хөршийн “Байкал инфо” сонинд “Монголын дээд хэмжээний төлөөлөгчдийн Иркутск мужид хийсэн айлчлалын үеэр чөлөөт худалдааны бүс хамтран байгуулах асуудал хөндөгдлөө. Мөн хоёр талын харилцааны өнөөгийн байдлын талаар “Монгол, Эрхүү муж сүүлийн үед урлаг, спорт, боловсрол, бизнесийн чиглэлээр нягт хамтран ажиллаж байна. Жил бүр хэдэн арван монгол оюутан Иркутскийн их дээд сургуулиудад суралцдаг бөгөөд манай эндхийн боловсролыг Монголд зүй ёсоор хүндэтгэж үздэг” гэж бичжээ.

Иркутскийн айлчлал Монгол-ОХУ-ын хооронд визгүй зорчих журам ирэх намраас баттай үйлчилж эхлэх нь гэсэн ойлголтыг олон нийтэд өгсөн нь бас нэг онцлог боллоо. ОХУ-ын хэвлэлүүдэд визгүй зорчих гэрээг ирэх наймдугаар сард, Халх голын ялалтын 75 жилийн ойгоор В.Путин, Ц.Элбэгдорж нар Монголд батална гэж мэдээлж байсан ч сүүлийн үед “В.Путин Монголд ирэх эсэх нь эргэлзээтэй” гэсэн мэдээлэл гараад буй. Тэгвэл В.Путин ирэхгүй байсан ч визгүй зорчих гэрээ батлагдах бололтой.

Categories
мэдээ нийгэм

ШУТИС сургалтын төлбөрөө 13 орчим хувиар нэмжээ

Энэ жил их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө тодорхой хэмжээгээр нэмсэн гэх мэдээлэл бий. Саяхан ШУТИС-ийн захирал Б.Очирбаттай нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа төлбөрөө нэмсэн болох талаар мэдээлжээ. Тэрээр “-

Ерөнхийдөө жил бүрийн инфляцын төвшинтэй уялдуулж л сургалтын төлбөрийг нэмэгдүүлдэг. Энэ жилийн хувьд саяхан манай удирдах зөвлөл хуралдаж сургалтын төлбөрийг 13 орчим хувиар нэмэх шийдвэр гаргасан. Бодит орлого, зарлагаа тооцвол 26- 27 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай байсан ч удирдах зөвлөл дээрх шийдвэрийг гаргасан. Тиймээс бид сургалтын төлбөрийг өндөр гэж үзэхгүй байна. Сард 200- 300 мянган төгрөгийн төлбөр авдаг цэцэрлэг байхад дээд боловсролдоо жилд 1,5 сая төгрөг төлөх нь тийм хүндрэлтэй асуудал биш болов уу. Цаашид дээд боловсролын үнэлэмж, төлбөрийн хэмжээ, профессор багш нарын цалин, хөлс, нийгмийн баталгааг олон улсын жишигт ойртуулах зайлшгүй шаардлага тавигдаж байна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Нялхас, бага насны хүүхдийн асаргаа сувилгааны талаар тушаал гаргажээ

Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат “Нялхас, бага насны хүүхдийн асаргаа, сувилгаа, сэргээн засах, эрүүлжүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх тухай” тушаалыг энэ сарын 25-нд гаргажээ.

Уг тушаалд “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд наймдугаар сарын 20-ныг дуустал хоол тэжээлийн дутагдлаас үүдэлтэй рахит, тураал, цус багадалт зэрэг суурь өвчтэй бага насны хүүхдийг стандартын дагуу сувилах, чийрэгжүүлэх арга хэмжээ авахыг Дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, хүүхдийн сувиллын үйлчилгээ үзүүлдэг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын дарга нарт үүрэг болгосугай” гэжээ.

Мөн хорооны Өрхийн эмнэлэгүүдийн дарга нарт, гурав хүртэлх насны онцгой асаргаа шаардлагатай хүүхдийн судалгааг гаргаж, сувилалд явуулах шаардлагатай хүүхдүүдийг эрэмбэлж, Хүүхдийн төв сувилалд илгээн эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулахыг даалгажээ. 

Categories
мэдээ нийгэм

Есдүгээр сарын 1-нээс хогны уутыг тараана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Хог хаягдлын зориулалтын уут тараах ажлыг зохион байгуулах тухай А/648 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн айл өрхүүдэд хог хаягдлын зориулалтын уут тараах зохион байгуулалтын схемийг баталлаа. Батлагдсан схемийн дагуу  2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн айл өрхүүдэд хог хаягдлын зориулалтын уут тараах ажлыг хороо, Сууц өмчлөгчдийн холбоо, худалдаа үйлчилгээний газар, хог тээвэрлэгч байгууллагуудаар дамжуулан зохион байгуулахаас гадна гэр хороолол дахь ус түгээх байруудаар хогны уутыг тараахаар боллоо.

Мөн байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хог хаягдлын зориулалтын уутны хэрэглээг нэвтрүүлж хэвшүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавихыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал болон дүүргийн Засаг дарга нарт,  зориулалтын хогны уут хэрэглээгүй, ил задгай хог хаягдлаа хаясан иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцож ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болголоо.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 13 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийг баталсан. Тус хөтөлбөрийн хүрээнд хог хаягдлыг ангилан ялгах тогтолцоог бий болгох, ил задгай хог хаяулахгүй байх зорилгоор хог хаягдлын зориулалтын уутыг айл өрхүүдэд эхний ээлжинд хэрэглэж хэвшүүлэх, цаашид хог хаягдлыг ангилан ялгах тогтолцоо руу оруулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх ажлын суурь болгон нийслэлийн айл өрхүүдэд зориулалтын хогны уут тарааж эхэлсэн.  Тус уутанд үнснээс бусад ахуйн хог хаягдлыг хийх бөгөөд нэг өрхийн сарын хэрэглээнд олгож буй 15ш хогны уутны зардал 1425 төг байгаа нь айл өрхүүдээс авч буй хогны хураамжийн 2000-2500 төгрөгийг уут хэлбэрээр буцаан олгож байгаа юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Categories
мэдээ нийгэм

3550 барааг хилийн хяналтаас чөлөөлжээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Импортын барааны эрсдлийг тодорхойлох шалгуур үзүүлэлт”-ийн төслийг Засгийн газрын хуралдаанаар батлуулжээ.

Ингэснээр импортын бүх бараанд хяналт шалгалт хийхгүй, зөвхөн эрсдэлтэй бараанд хяналт хийх, эрсдэл багатайг хяналтаас чөлөөлөгдөх юм байна. Хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, нийгмийн аюулгүй байдалд учруулж болох хор хохирол, сөрөг үр дагаврыг харгалзан нийт 5744 барааг бага, дунд, их эрсдэлтэй хэмээн ангилжээ. Их болон дунд эрсдэлтэй гэж үнэлэгдсэн 2194 барааг Хилийн мэргэжлийн хяналтад хамруулж, бага эрсдэлтэй 3550 барааг хяналтаас чөлөөлсөн байна. Хяналтад хамрагдах 2194 барааг эрсдлээр нь “Ногоон”, “Шар”, “Улаан” гэж гурав ангилна. “Ногоон” төлөвт хамаарагдах бараанд зөвхөн баримт бичгийн хяналт хийх бол “Шар” төлөвт баримт бичгийн болон биет үзлэг, “Улаан” төлөвт баримт бичгийн, биет үзлэг болон лабораторийн шинжилгээт хяналт шалгалт хийнэ. Дээрх гурван төлөвийн зөвхөн “Улаан” төлөвийн бараанаас дээж авах аж.

Урьдчилсан байдлаар дээрх 2194 барааны эрсдлийг үнэлэхэд ойролцоогоор 35 хувь нь буюу  700 гаруй бараа нь “Улаан” төлөвт буюу эрсдэлтэй гэж үнэлэгдсэн байна. 

Categories
мэдээ нийгэм

Архангайд болсон байгалийн гамшигт үзэгдлийн бичлэг

Архангайд болсон байгалийн гамшигт үзэгдлийн бичлэг эндээс үзнэ үү. 

Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрүүдэд золгүй байдлаар 12 хүн нас баржээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд золгүй байдлаар 12 хүн амиа алдсан бөгөөд цагдаагийн байгууллагад 2620 дуудлага ирж, гэмт хэргийн шинжтэй 70 үйлдлээс 68 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлсэн байна.

Долдугаар сарын 26-наас 27-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1219 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 40 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 33 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд  золгүй байдлаар нас барсан найман хүн, дээрэмдэх гэмт хэрэг нэг, булаах гэмт хэрэг нэг, хулгайлах гэмт хэрэг найм, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг гурав, танхайрах гэмт хэрэг зургаа, зам тээврийн хэрэг 9, осол 16 гарч 17 хүн гэмтсэн байна.

Долдугаар сарын 27-наас 28-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1399 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 30 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 25 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд  золгүй байдлаар нас барсан дөрвөн хүн, дээрэмдэх гэмт хэрэг хоёр, хулгайлах гэмт хэрэг 9, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг нэг, танхайрах гэмт хэрэг тав, зам тээврийн хэрэг долоо, осол 14 гарч долоон хүн гэмтэж, нэг хүн нас барсан байна. 

Categories
мэдээ нийгэм

24 цагаар хамтарсан хяналтын хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулна

Байгалийн голомтот болон мал амьтны гоц халдварт өвчний халдвар зөөгдөн орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор энэ сарын 28-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хяналт шалгалт явуулах ажлын хэсэг болон 24 цагаар хамтарсан хяналтын хөдөлгөөнт эргүүлийг зохион байгуулахаар болжээ.

Тухайлбал, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Замын цагдаагийн газрын хамтарсан хяналт шалгалтын бүрэлдэхүүн Сонгинхайрхан дүүргийн “Эмээлт”, Налайх дүүргийн “Цайз трейд” түүхий эдийн захууд, Баянзүрх, 22, Хэрлэнгийн гүүр, Яармаг, Нисэх-Биокомбинатын авто техникийн шалган бүртгэх товчоонуудад 24 цагаар 3 ээлжээр ажиллах юм байна.  Мөн хяналтын хөдөлгөөнт эргүүлийг Чингис хаан нисэх онгоцны төв буудалд Иргэний нисэхийн ерөнхий газрын Хилийн эрүүл ахуй халдвар судлалын алба, Төмөр замын төв буудалд Төмөр замын Мэргэжлийн хяналтын алба, Долоон буудал, Гачууртын нутаг дэвсгэрт дүүргийн цагдаагийн суурин пост хариуцан гүйцэтгэх аж.

Энэ хугацаанд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нар Авто техникийн шалган бүртгэх товчоогоор нийслэлд орж ирэх бүх төрлийн тээврийн хэрэгсэл, зорчигчдын ачаа тээшинд үзлэг шалгалт хийж, тарваганы арьс түүхий эд илэрсэн тохиолдолд хураан авч Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шинжилгээ хийлгэхээр хүлээлгэн өгч, машин тээврийн хэрэгслийг зохих зааврын дагуу халдваргүйтгэл хийсний дараа очих хаягийг тодруулан бүртгэж оруулах гэнэ. 

Categories
мэдээ нийгэм

Г.Сарангэрэлийг үргэлжлүүлэн хорихоор боллоо

Хар тамхи хэрэглэсэн, хадгалсан, борлуулсан хэрэгт сэжигтнээр татагдан шалгагдсан Г.Сарангэрэл нарын таван хүнд холбогдох шүүх хурал өчигдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх танхимд боллоо. Шүүх хурлаас Г.Сарангэрэлд 1.6 жил, Гэрэлд 1.8 жил, Энэрэлд 1.2 жилийн хорих ял оноожээ. Отгончимэгт 1.1 жилийн хорих ял оноосон ч насанд хүрээгүй шалтгаанаар ялыг нэг жилээр хойшлуулах шийдвэрийг шүүх бүрэлдэхүүнээс  гаргасан байна.

Харин тэдэнд хар тамхи борлуулсан Халиунд долоон жилийн хорих ял оноож, онцгой дэглэмтэй хорих ангид ялыг эдлүүлэхээр болжээ.

Categories
мэдээ нийгэм

Зарим газраар түр зуурын бороо орно

Өчигдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 65 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 55 см , Хэнтэй нурууны зүүн хажуугаас усжих Хэрлэн голын эх буюу Мөнгөнморьт сум ба Багануур дүүрэг мөн түүнчлэн Чойбалсан хот, Онон гол Дадал сум орчимд болон Алтай нурууны Ховд гол Мянгад сум, Хангай нурууны өврийн Таац гол Нарийнтээл сум орчимд үерийн түвшинг 5-35 см давсан байдалтай байгаа бол Туул гол Лүн сум орчмоор усны түвшин өмнөх өдрүүдэд хоногт 10-15 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 20 см даван тус тус үерлэж байна. Их Хянганы нуруунаас усжих Халх гол Ялалт баг орчмоор үерийн аюултай түвшинг давсан хэвээр байна. Иймд дээрх гол мөрний сав газар болон дагуух хот, суурин газрын оршин суугч, малчид, нийт ард иргэдийг амралт, аялал зугаалга, аж ахуйн үйл ажиллагаа явуулахад үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна. Мөн түүнчлэн баталгаат зам, гүүрээр зорчиж, гарамгүй газраар автомашинтай гол гатлахгүй, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй голын эрэг орчимын газар тоглуулахгүй байх, цаашлаад голд сэлж амь насаа алдахаас сэргийлж анхаарал болгоомжтой байхыг  Ус цаг уур, орчны хүрээлэнгээс зөвлөж байна.             

 Малчид, ард иргэдийн анхааралд:

Өнөөдөр зарим газраар дуу цахилгаантай, түр зуурын бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг, мөн борооны өмнө салхи ширүүсэхийг анхааруулж байна.

2014 оны 7 дугаар сарын 30-наас 2014 оны 8 дугаар сарын 03-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв:

30-нд нутгийн баруун хойд хэсгээр, 31-1-нд зарим нутгаар, 2-нд баруун, төв болон говийн нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус, говийн нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 34-39 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр сэрүүснэ гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлэв.