Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр таван шар мэнгэтэй хар бар өдөр

Аргын тооллын долдугаар сарын 30. Буд гариг. Билгийн тооллын 3. Таван шар мэнгэтэй хар бар өдөр. Өдрийн наран 05.32 цагт мандаж 20.28 цагт жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай ханд. Эл өдөр ан гөрөө хийх, мал адгуус муулах, сүм дуганыг сэргээх, хот балгадын үйл, цэрэг цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бөө, удганы үйлд муу. 

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай, баялаг төгс болно.

Categories
мэдээ нийгэм

Цусны эмгэг, хорт хавдартай хүүхдүүдэд зориулсан эмнэлэг удахгүй нээгдэнэ

Эх, хүүхдийн эрүүл мэндийн төв (ЭХЭМҮТ)-ийн хашаанд цусны эмгэг, хорт хавдартай хүүхдүүдэд зориулсан эмнэлэг барьж буй.

ЭХЭМҮТ бол цусны өвчтэй хүүхдүүдийг эмчилдэг манай улсын ганц эмнэлэг тул ачааллаа дийлдэггүй аж. Энэрэл нигүүлсэл, оюун билгийн төв төрийн бус байгууллагын тэргүүн Ажиа гэгээн Лувсант үвдэнгийн санаачилгаар хүүхдийн цусны эмгэг, хавдар судлалын эмнэлэг барихаар болж, 2012 оны тавдугаар сард шавыг нь тавьсан.

Тус эмнэлгийг ирэх сарын 28-нд ашиглалтад оруулж, улсын өмчид хүлээлгэн өгөхөөр болжээ. “Барилгын ажил дуусаж, тоног төхөөрөмжийг оруулах үлдээд байна” гэж тус төвийнхөн хэлсэн. Иргэд, аж ахуйн нэгжийн хандив, тусламжаар барьсан энэ эмнэлгийн нийт өртөг 4.1 тэрбум төгрөг. Барилгыг “Тэргүүн чансаа” компани хариу нэхэлгүйгээр барьж өгчээ.

Нийт 4600 ам метр талбайтай, долоон давхар уг эмнэлэг 25 ортой Нярайн эрчимт эмчилгээний тасаг, мөн мэс засал, хавдартай хүүхдүүд хэвтэн эмчлүүлэх тасаг болон эцэг эхчүүдийн өрөөтэй, сүүлийн үеийн төхөөрөмжөөр тоноглосон байна. Гадаадаас урилгаар болон сайн дураар эмч нар ирж ажиллах аж.

Цусны өвчтэй хүүхдүүд 3-5 жилийн турш эмнэлэгт эмчлүүлэх шаардлагатай байдаг. Мөн сэтгэл санааны дэм өгч эмчлэх нь хамгийн чухал байдаг гэнэ. Тиймээс эмнэлгийн дэргэд эмч нарын сургалт, хурлын танхим, сэтгэл заслын танхимтай гурван давхар барилга барьж эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Худалдаа хөгжлийн банк олон улс дахь анхны Төлөөлөгчийн газраа нээлээ

Монгол улсыг дэлхийтэй холбох санхүүгийн гүүр Худалдаа, хөгжлийн банк үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, олон улс дахь анхны төлөөлөгчийн газрын нээлтээ Япон улсын нийслэл Токио хотноо 7-р сарын 23-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Уг нээлтийн үйл ажиллагаа  Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Япон улс дахь албан ёсны айлчлалын үеэр зохион байгуулагдсан ба Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Монгол улсаас Япон улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд С.Хүрэлбаатар, ХХБ-ны Ерөнхийлөгч Рандольф Коппа, ХХБ-ны Гүйцэтгэх захирал Б.Мэдрээ, ХХБ-ны Гүйцэтгэх захирлын Тэргүүн орлогч О.Орхон, Японы Санхүүгийн үйлчилгээний агентлагийн дарга асан Хатанака Рютаро, “Bank of Tokyo Mitsubishi UFJ” Гүйцэтгэх захирал Ёшикава Эижи, бусад улс төрийн болон бизнесийн хүндтэй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирсэн юм.

ХХБ-ны төлөөлөгчийн газар нь Япон улстай тогтоосон бизнесийн хамтын ажиллагааг улам өргөжүүлж, Азийн хамгийн хурдацтай хөгжиж буй орнуудын нэг болох Монгол улсад гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, санхүүжилт босгох, хөрөнгө оруулагчдыг эдийн засаг, зах зээлийн шаардлагатай мэдээллээр хангахад чухал ач холбогдолтой. Уг төлөөлөгчийн газраараа дамжуулан ХХБ Япон дахь хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийг Монгол улсын төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай холбох санхүүгийн гарц болох юм. 

Төлөөлөгчийн газрын нээлтийн үйл ажиллагаанд зориулж ХХБ Монгол улсын ЗГХЭГ болон Япон улс дахь Монголын ЭСЯ-тай хамтран “Монголын үдэш” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулсан ба Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Японы парламентын зөвлөхүүдийн танхим дахь Монгол, Японы найрамдлын бүлгийн дарга Эда Сацүки, Японы ЗГХЭГ-ын дэд сайд Нишимура Ясутотши болон бусад хүндтэй зочид уригдан ирж, монголын үндэсний гайхамшигт дуу хуурыг сонсон, үндэсний зоог барьж, монгол зан заншилтай танилцан, нэгэн сайхан үдшийг өнгөрүүллээ.

Мөн хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Монгол, Япон 2 улсын цаашдын хамтын ажиллагаа үргэлж эв найрамдалтай байхыг бэлэгдэн Японы уламжлалт “Кагами Бираки” буюу японы саке архины торх хагалах хүндэтгэлийн ёслолыг үйлдсэн юм.

Түүнчлэн ХХБ Япон улсад төдийгүй олон улс оронд сонирхон үздэг мэргэжлийн сумо бөхийн дэвжээнээ Монгол улсаа таниулан, Нагоя башёд барилдаж буй Монгол бөхчүүдээ дэмжин бооцоо (кэншо) тавьсан Монгол улсын анхны аж, ахуйн нэгж боллоо.

ХХБ Монгол улсаас анх удаа олон улсын санхүүгийн зах зээлд бонд гаргаж, амжилттай арилжаалан, Азийн Хөгжлийн Банк болон Олон Улсын Санхүүгийн Корпорациас санхүүжилт авсан Монголын анхны банк болж, Олон улсын 150 гаруй банк санхүүгийн байгууллагатай корреспондент харилцаатай ажиллаж, Монгол улсын гадаад төлбөр тооцооны 50 гаруй хувийг дангаараа гүйцэтгэдэг олон улсад Монгол улсын нэр хүндийг өргөгч банк юм.


Хөгжил дэвшилд хамтдаа

Худалдаа, хөгжлийн банк

Categories
мэдээ нийгэм

Дархан аварга Г.Өсөхбаяр сумынхаа ойд түрүүлжээ

Архангай аймгийн Батцэнгэл сумын 90 жилийн ойн баяр наадам болж өнгөрлөө. Наадмын үндэсний бөхийн барилдаанд Архангай аймгийн харъяат дархан аварга Г.Өсөхбаяр түрүүлсэн байна.

Түүнтэй Улсын харцага Т.Мөнгөнцоож үзүүр булаалдсан бол улсын харцага Г.Батбаяр, аймгийн арслан Л.Шинэбаатар нар их шөвөгт шалгарчээ.

Ийнхүү өнөө жил дархан цол хүртсэн хоёр аварга хоёулаа төрөлх сумдынхаа ойд түрүүлж байгаа юм. 

Categories
мэдээ нийгэм

Гар урлалын бүтээлийн үзэсгэлэн гарчээ

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Айна Юнайтед Трейдинг” ХХК-тай хамтран 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжинд үзэсгэлэн худалдаа дэлгэжээ. Өнөөдрөөс ирэх сарын 04-ны өдрийг хүртэл үзэсгэлэн худалдаагаар жуулчдад зориулсан үндэсний онцлог бүхий бэлэг дурсгал, бүтээгдхүүнийг борлуулах аж.

Үзэсгэлэнд тавдугаар хороонд үйл ажиллагаа явуулж байгаа жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг 10  иргэн уран хатгамал /зүү ороосон, задгай, битүү, хэрээсэн/ бусад төрлийн хатгамал, арьсан урлал, дээл, хувцас, малгай бүтээлүүдээрээ оролцож байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Ховор судруудын дээжийг олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлнэ

Маргааш Бурхан багшийн анхлан “Номын хүрдээ эргүүлсэн” их дүйчсэн өдөр тохиож байна. Уг өдрийг тохиолдуулан Үндэсний номын сан, Гандантэгчэнлин хийд тэргүүтэй сүм хийдүүд хамтран  “Ном дор итгэмүү, Ном дор мөргөмүү” арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Энэ үеэр Гандантэгчэнлин хийдэд хадгалагдаж буй хосгүй үнэт “Алтан Ганжуур”, Монголын Үндэсний номын санд  хадгалагдаж буй  “Сандуйн жүд” бусад сүм хийдэд хадгалагдаж байсан “Доржзодов”, “Алтгангэрэл” болон “Есөн эрдэнийн Ганжуур”, мөнгөн хуудаст, алтан үсэгт “Сандуйн жүд” зэрэг судруудын дээж, хувилбарыг  Тусгаар тогтнолын талбайд 10.00-14.00 талбайд залж, иргэдэд үнэ төлбөргүй үзүүлж, сонирхуулах аж. 

Categories
мэдээ нийгэм

Хорио цээрийн дэглэмийг цуцалжээ

Энэ сарын 13-нд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт халдварт боом өвчин гарсан. Зөвшөөрөлгүй буусан айлын мал боом өвчнөөр өвчилж, улмаар хүнд халдварласнаар тус бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоогоод байсан юм. Тэгвэл уг хорио цээрийн дэглэмийг татан буулгажээ.

Хорио цээрийн дэглэм тогтоосон хугацаанд голомтын бүх малд боом өвчнөөс урьдчилан сэргийлэх ийлдэс, вакцин тарьж, ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийсэн байна. Мөн нийслэлийн Мал эмнэлгийн газраас бүх малд эмнэлзүйн үзлэг хийжээ. Үзлэгээр сэжигтэй мал илрээгүй учраас хорио цээрийн дэглэмийг цуцалсан байна. 

Categories
мэдээ нийгэм

“Алтан Ганжуур”-ыг Тусгаар тогтнолын талбайд зална

Энэ сарын 31-ний өдөр Бурхан багшийн анхлан “Номын хүрдээ эргүүлсэн” их дүйчэн өдөр тохиож байна. Уг өдрийг тохиолдуулан Үндэсний номын сан, Гандантэгчэнлин хийдээс бусад сүм хийдүүд хамтран  “Ном дор итгэмүү, Ном дор мөргөмүү” арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээний үеэр Гандантэгчэнлин хийдэд хадгалагдан буй хосгүй үнэт “Алтан Ганжуур”, Монголын Үндэсний Номын Санд хадгалагдан буй “Сандуйн жүд” бусад сүм хийдэд хадгалагдан байгаа “Доржзодов”, “Алтгангэрэл” тэргүүтэн судруудын дээжийг Тусгаар тогтнолын талбайд 10:00 -14:00 цагт залах аж. тус судруудын агуулгыг таниулан, үндэснийхээ үнэлэгдэшгүй өв соёлоор бахархах, дээдлэх сэтгэлгээг нийгэмд бий болгох үүднээс ийн дэлгэж буй аж.

Мөн энэ өдөр Монголын үндэсний номын сангаас  “Есөн эрдэнийн Ганжуур”, мөнгөн хуудаст, алтан үсэгт “Сандуйн жүд” зэрэг судруудын дэлгэж, олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлэх юм байна. 

Categories
мэдээ нийгэм

Газрын тосны бүтээгдэхүүнтэй агуулахуудыг шалгаж байна

Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа газрын тосны бүтээгдэхүүний агуулах, шингэрүүлсэн хий цэнэглэх станцуудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийгдэж байгаа аж. Энэ сарын 22-ноос ирэх наймдугаар сарын 04-ний өдрүүдэд явагдах уг арга хэмжээг Онцгой байдлын ерөнхий газар, төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсээс хамтран зохион байгуулж буй.

“Газрын тосны бүтээгдэхүүний агуулахад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын чиглэлээр төлөвлөгөөт бус хяналт шалгалт”-нд улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүн борлуулдаг 120 гаруй агуулахаас идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг 60 гаруй агуулах, шингэрүүлсэн хий цэнэглэх 5 станц хамрагдаж байгаа аж. Шалгалтын явцад агуулахын сав, тоног төхөөрөмжийн битүүмжлэл алдагдсан, аюулгүй ажиллагааны дүрэм журам зөрчигдсөн, гал унтраах тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл дутуу, гамшгаас хамгаалах төлөвлөгөө, гамшгийн эрсдэл, эмзэг байдлын үнэлгээ хийгдээгүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрч байна.

Хяналт шалгалтын үр дүнг Монгол Улсын Шадар сайд, Уул уурхайн сайдад танилцуулан хяналт шалгалтанд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай шалгалтын үр дүнгийн талаар хэвлэлийн бага хурал зохион байгуулж, олон нийтэд мэдээлэх юм байна. 

Categories
мэдээ нийгэм

Зарим голын усны түвшин 20-65 см нэмэгджээ

Ус цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан мэдээгээр өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 65 см нэмэгдэж, олон жилийн дунджаас 55 см, Хэрлэн голын эх буюу Мөнгөнморьт сум ба Багануур дүүрэг мөн Чойбалсан хот, Онон гол Дадал сум орчимд болон Алтай нурууны Ховд гол Мянгад сум, Хангай нурууны өврийн Таац гол Нарийнтээл сум орчимд үерийн түвшинг 5-35 см давсан байна. Түүнчлэн Туул гол Лүн сум орчмоор усны түвшин өмнөх өдрүүдэд хоногт 10-15 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 20 см даван тус тус үерлэжээ. Их Хянганы нуруунаас усжих Халх гол Ялалт баг орчмоор үерийн аюултай түвшинг давсан хэвээр байгаа аж. Иймд дээрх гол мөрний сав газар болон дагуух хот, суурин газрын оршин суугч, малчид, нийт ард иргэдийг амралт, аялал зугаалга, аж ахуйн үйл ажиллагаа явуулахад үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.

Аялалд гарахдаа баталгаат зам, гүүрээр зорчиж, гарамгүй газраар автомашинтай гол гатлахгүй, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй голын эрэг орчимын газар тоглуулахгүй байх, цаашлаад голд сэлж амь насаа алдахаас сэргийлж анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.