Categories
мэдээ нийгэм

Монгол банк Х.Тэмүүжинд талархав

УИХ-ын гишүүн Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд Монголбанк талархал ирүүлжээ. Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага /ФАТФ/ чуулганаараа Монгол Улсыг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдлуудаа зассан хэмээн үзэж өөрийн хяналтаас гаргах болсноо албан ёсоор Монголбанканд мэдэгдсэн байна. Олон улсад ийнхүү үнэлэгдэхэд Хууль зүйн яам, түүний удирдлага ихээхэн үүрэг гүйцэтгэсэн хэмээн төв банкны удирдлагууд үзсэн байна. 

Categories
мэдээ нийгэм

Дуучин Ц.Тэмүүлэн нүцгэлжээ

Энэ сарын 9-нд “Цонхон дээр суусан ялаа” төслийн CD-ны нээлт Парк-н завин дээр болох гэж байгаа билээ.  Төслийн клипийг “Хаган филмс” бүтээж, клипний спонсороор “Монгол лайк” хуудас ажилласан байна.

Цомогт багтсан Анидча дууны клип дээр дуучин Ц.Тэмүүлэн (A SOUND) нүцгэлсэн байна. Урлаг соёлын одод, тэр тусмаа эмэгтэй оддын нүцгэн зургууд сүүлийн үед үзэгдэхээ больж бараг нүдний гэм болоод байгаа энэ үед дуучин залуугийн үйлдэл хэр цагаа олсон үйлдэл болохыг клип цацагдсаны дараа хамтдаа дүгнэцгээе. 

Categories
мэдээ нийгэм

“Автобус 3” компани дампуурлаа зарлаж магадгүй

“Автобус 3” компанийн үйл ажиллагаагаа доголдсоны улмаас хэвийн ажиллах боломжгүй болж, хаалгаа барих гэж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж эхэллээ. Улмаар тус компани албан ёсоор дампуурлаа зарласан тохилдолд ажилтнуудаа цомхотгож, тээврийн хэрэгсэлүүдээ “Автобус 1”, “Цахилгаан тээвэр” зэрэг компаниудад хувааж өгч магадгүй талаар тус компанийн ажилчид хэлж байна.

Ямартай ч өнөө өглөөний байдлаар “Автобус 3” компанийн ээлж шугамандаа гарсан бөгөөд үйл ажиллагаагаа зогсоох талаар мэдэгдэлийг удирдлагууд нь ажилчиддаа албан ёсоор мэдэгдээгүй байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Зурагтын зам дагуу явган хүний зам тавьж байна

Хувьсгалчдын гудамж буюу Тасганы овооны уулзвараас, МҮОНТВ хүртлэх 2.52 км  замыг 2007 онд өргөтгөн шинэчилж нийт 14 метр өргөнтэй, дөрвөн урсгалтай болгосон.  Замын ажлын гүйцэтгэгчээр “Мон Агаар” ХХК шалгарч 2007 оны 12 дугаар сард ашиглалтад өгчээ. Энэхүү зам нь гэрэлтүүлэг, хоёр талаараа 2.25 см өргөнтэй явган зорчигчийн замтай байхаар төлөвлөгдсөн боловч газар чөлөөлөлтийн ажлыг бүрэн хийж чадаагүйгээс зарим хэсэгт явган зорчигчийн замыг дутуу орхин  ашиглалтад өгчээ. 

Харин “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэг”-ээс тухайн хэсэгт явган зорчигчийн замыг гүйцээн тавих үүргийг холбогдох албаныханд өгснөөр  энэ сарын 30-наас явган зорчигчийн зам тавих ажил эхэлсэн байна. Зам тавих ажлыг Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл”-ийн “Баруун салбар” хариуцан гүйцэтгэж байгаа бөгөөд одоогоор долоон айл хашааны газраа хоёр  метр орчим татсан байна. 

Энэ хэсгийн замын зурваст нийтдээ 67 айлын хашаа, үл хөдлөх хөрөнгө байснаас 50 гаруйг нь чөлөөлж, замын баруун хэсэгт найман айл газраа чөлөөлөөгүйгээс  явган зорчигчийн зам хийгээгүй бол, замын зүүн хэсгээр 4-5 айл газраа чөлөөлөөгүйгээс явган хүний замыг гүйцээж чадаагүй байсан юм.  Ирэх долоо хоногт үлдсэн хэсгийг гүйцээж, хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. 

Categories
мэдээ нийгэм

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай албан даалгавар гаргажээ

Архангай аймгийн Засаг дарга долоодугаар сарын 30-ны өдөр өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулахаар аймгийн Үйлдвэр хөдөө аж ахуйн газар, Сум, багийн Засаг дарга нар, Төв суурин газрын албан байгууллагуудын удирдлагад тус бүр арван заалт бүхий албан даалгаврыг хүргүүлжээ.

Тус албан даалгаварт аймгийн мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг аравдугаар сарын 15-ны дотор бүрэн хангуулах, улсын болон аймгийн орон нутгийн хөгжлийн сангаар бэлчээрийн худаг гаргах тендерт шалгарсан компаниудын ажлын явц, чанарт хяналт тавьж, гэрээт хугацаанд худгийг хүлээн авах, намрын ургац хураалтын техник, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг графикт хугацаанд нь хийж ургац хураалтын ажлыг богино хугацаанд дуусгах арга хэмжээ авах, аймгийн төвийн аж ахуй, нэгж, байгууллага, орон сууцнуудад үзлэг хийж орц хонгилын хаалга, цонхны битүүмжлэлийг сайжруулан дулааны алдагдлыг багасгах арга хэмжээ авах зэрэг 30-аад заалтыг сумдын Засаг дарга, төвийн аж ахуй нэгжийн удирдлагууд, ҮХААГ-т ангилан хүргүүлсэн байна.

Мөн аймгийн 2014 онд бэлтгэх байгалийн хадлан тэжээлийн төлөвлөгөөг 19 сум тус бүрээр тооцоолон хавсралтаар илгээжээ. 

Categories
мэдээ нийгэм

Кувейт улс руу визгүй зорчих боломжтой

Эль-Кувейт хотноо 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр гарын үсэг зурсан “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Кувейт Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталснаа Кувейтийн тал манайд энэ  оны 7 дугаар сарын 21-ний өдөр мэдэгдсэнээр хэлэлцээр нь түүний заалтын дагуу мөн өдрөөс хүчин төгөлдөр боллоо. 

Энэхүү хэлэлцээрийн дагуу Монгол Улсын болон Кувейт Улсын дипломат болон албан паспорт эзэмшигч иргэд зургаан сарын хугацаанд 90 хоног харилцан визгүй зорчих боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм

Хавдрын тулгамдсан асуудлаар чуулна

Хавдар судлалын үндэсний төв нь “Хавдар судлалын тулгамдсан асуудал-Нойр булчирхайн хорт хавдрын оношилгоо, эмчилгээ” сэдэвт олон улсын симпозиумыг ирэх сарын 19-20-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Бүтээлийн хураангуйг зөвхөн дээрх сэдвээр хязгаарлахгүйгээр ямар ч төрлийн хавдрын оношилгоо, эмчилгээний чиглэлээр хүргүүлэх боломжтой аж. Бүтээлийн хураангуйг ирэх сарын 1-ний өдөр хүртэл Хавдар судлалын үндэсний төвийн Нийгмийн эрүүл мэнд, эрдэм шинжилгээ, сургалтын албанд хүлээн авах юм байна. 

Categories
мэдээ нийгэм

Хүнс экспортлож импортлох сонгон шалгаруулалт явууллаа

Засгийн газрын 2013 оны 77 дугаар тогтоолоор баталсан “Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох түр журам”-ыг хэрэгжүүлэх зорилгоор 2014 оны хоёрдугаар хагас жилд стратегийн хүнс экспортлох, импортлох зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг явуулж дүгнэлээ.2014 оны хоёрдугаар хагас жилд нийт 12 300.0 тн мах экспортлох зөвшөөрлийг 14 аж ахуйн нэгжид, 637.0 тн үхрийн мах импортлох зөвшөөрлийг 3 аж ахуйн нэгжид, 21.0 мян.тн улаан буудай импортлох зөвшөөрлийг 3 аж ахуйн нэгжид, 27 220. тн улаан буудайн гурил импортлох зөвшөөрлийг 12 аж ахуйн нэгжид, үйлдвэрийн аргаар боловсруулсан 300.0 тн шингэн сүү импортлох зөвшөөрлийг 2 аж ахуйн нэгжид, 3 000.0 тн хуурай сүү импортлох зөвшөөрлийг 5 аж ахуйн нэгжид тус тус олголоо.  

Categories
мэдээ нийгэм

Дархан-Уул аймагт “Зуны чийрэгжүүлэлтийн сувилал” ажиллаж байна

Тураал, сульдаа, цус багадалт зэрэг хүүхдийн суурь өвчнийг эрүүлжүүлж, чийрэгжүүлэх зорилгоор 2002 оноос эхлэн Дархан-Уул аймагт бага насны хүүхдийн зуны чийрэгжүүлэх сувилалыг ажиллуулж эхэлсэн бөгөөд өдгөө 12 жилийн хугацаанд 5448 хүүхдийг чийрэгжүүлжээ. 

2014 оны 06 дугаар сарын 01-нээс эхэлж Дархан сумын “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнд, “Гос-хот”, “Түвшин-Холбоо” өрхийн эрүүл мэндийн төвүүд, мөн Шарын гол сумын Эрүүл мэндийн төвд 4 сувилалыг ажиллуулж, 485 хүүхдийг чийрэгжүүллээ. 

Зуны чийрэгжүүлэлтийн сувилалыг 2002-2011 онуудад Норвегийн байгууллагын Эрүүл мэндийн төслийн санхүүжилтээр ажиллуулдаг байсан бол 2012 оноос эхлэн аймаг, сумын Засаг даргын Тамгын газраас 1-2 сая төгрөгийн дэмжлэг үзүүлдэг болсон байна.  

 Уг сувилалд эмзэг бүлгийн тэжээлийн доройтол болон жингийн алдагдалтай, суурь өвчтэй хүүхдүүдийг эмчилж, сувилж, чийрэгжүүлэхээс гадна эцэг эхчүүдэд хүүхдийг хооллох, асарч, сувилах талаар сургалтыг зохион байгуулдаг ажээ.  

 Зуны сувилалын үр дүнд сульдаа өвчтэй хүүхдийн 85 хувь эдгэрсэн бөгөөд хүүхдийн жин 300-500 граммаар нэмэгдэж, биеийн эсэргүүцэл, дархлаажуулалт 95 хувь сайжирснаар хүүхдийн ханиад томууны өвчлөлийг 30 хүртэл хувиар бууруулаад байна гэж хүүхдийн ерөнхий мэргэжилтэн Д.Цэвээндулам мэдээллээ.  

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн 7 хоног” эхэллээ

Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн холбооноос анх “Хүүхдийг эхийн сүүгээр хооллох” дэлхийн 7 хоногийн компанит ажлыг “Хүүхдэд ээлтэй эмнэлгийг дэмжье” уриан дор тэмдэглэж эхэлснээс хойш 20 гаруй жил өнгөрч, жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийг дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай болсон. 

Монгол улс 1992 оноос “Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих бодлого”-ыг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Хүүхдийн эрхийн конвенци, Инносентийн тунхаглал, НҮБ-ын удаа дараагийн чуулганы шийдвэр, Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний олон улсын хуулийн заалтуудыг биелүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг өөрийн оронд нэвтрүүлсээр ирсэн. 

Хүүхэд эрүүл энх, эсэн мэнд амьдрахын гол үндэс нь хүүхдийн хоол тэжээлийн юм. Монгол Улсын Засгийн газраас 2014 оныг “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих” жил болгон зарласан нь нялхас бага насны хүүхдийн хоол тэжээлийн асуудлыг сайжруулахад чухал алхам боллоо. Нярай хүүхдийг зөв хооллох нь тэдний хоол тэжээлийн байдал, өсөлт хөгжил улмаар амьдрах чадварыг сайжруулна. Нялхас бага насны хүүхдийн хоол тэжээлийн хамгийн чухал хэсэг нь хүүхдийг төрөнгүүт 1 цагийн дотор ангир уургийг амлуулах, төрсний дараа эхний 6 сар эхийн сүүгээр дагнан хооллох юм. Учир нь 6 сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллосон хүүхэд нь хооллоогүй хүүхдээс амьдрах чадвар нь 14 дахин илүү байдаг байна. Хүүхдийг төрөнгүүт эхний нэг цагийн дотор ангир уургаар амлуулах нь нялхасын эндэгдлийг 45% бууруулах боломжтой. Үүний зэрэгцээ 6-23 сар хүртлээ үргэлжлүүлэн эхийн сүүгээр хооллосон хүүхэд суулгалт өвчнөөр нас барах эрсдэл 2,8 дахин бага байдаг бол эхийн сүүгээр хооллоогүй хүүхдийн нас барах магадлал нь 6-11 сартайд 56% , 12-23 сартайд 23%-иар тус тус өсдөг байна. 

Хүүхдийг эхийн сүүгээр хооллосноор эх, үрийн нандин холбоо үүсч, эрүүл мэндийг хамгаалан дэмжихэд ихээхэн чухал ач холбогдолтой. Эхийн сүү нь хүүхдийн биед шаардлагатай уураг, тос, нүүрс ус, эрдэс бодис, аминдэмүүдийг хамгийн зохистой харьцаагаар агуулж тэдний өсөлт, хөгжилт, хөдөлгөөн, хоол боловсруулахад зарцуулагдах илчлэгийг нөхөж байдаг. Үүнээс гадна өөр ямар ч сүүний найрлагад байхгүй халдварт өвчин эсэргүүцэгч нян, бактери, мөөгөнцрийг устгах эсрэг биетүүдийг агуулснаараа өвчнөөс сэргийлдэг. Эхийн сүү нь дандаа шинэхэн, халуун хүйтэн нь тохирсон, орчны халуунд шингэрч, хүйтэнд илчлэг чанар нь нэмэгддэг учраас гүйлгэх, өтгөн хатах, харшил өгөх зэрэг гаж нөлөөгүй. 

  Эхийн сүүгээр хооллох нь зөвхөн хүүхдэд төдийгүй эхэд сайн нөлөө үзүүлдэг. 

 – Эхийн дархлаа сайжирна. 

 – Умай сайн агшина. 

 – Жирэмслэлт хоорондын зай уртасна. 

 – Хөхний хавдар болон бусад эмэгтэйчүүдийн өвчлөл багасна. 

Дэлхий даяар жил бүрийн 8 дугаар сарын 01-07-ны өдрүүдэд Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих долоо хоногийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ оны “Эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийг “Эхийн сүүгээр хооллох нь амьдрал тэтгэх алтан боломж” гэсэн сэдэв, уриалгын дор тэмдэглэх болсныг Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн холбооноос зарлаж байна.