Categories
мэдээ үндэсний-бөx

МҮБХ: Үндэсний бөхийн лигийн шинэ хэлбэрийн барилдаан зохион байгуулна

Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ны тэргүүлэгч гишүүдийн ээлжит хурал өнгөрсөн баасан гаригт болж, дараах асуудлуудыг хэлэлцсэн юм.

Тухайлбал,

  • МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, улсын харцага Г.Элбэгийн эмчилгээнд зориулсан бөхчүүд, засуулуудын хандивын тоглолтыг 2021 оны есдүгээр сарын 25-нд телевизийн сувгаар дамжуулахаар тогтож, уг ажлыг хариуцах ажлын хэсгийг дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулав.
  • МҮБХ-ны стратеги төлөвлөлт, бодлогын бичиг баримттай танилцаж, тэргүүлэгчдийн бүрэн бүрэлдэхүүнтэй ахин хуралдаж, хэлэлцэхээр боллоо.
  • МҮБХ-ны дэд тэргүүнээр Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Улсын аварга Одвогийн Балжиннямыг ажиллуулахаар батламжлав. МҮБХ-ны Дэд тэргүүнээр Соёлын гавьяат зүтгэлтэн П.Даваасамбуу, Д.Данзан, улсын заан Ц.Магалжав нар сонгогдон ажиллаж байсан бөгөөд МҮБХ-ны дүрмийн хүрээнд Дэд тэргүүн нь Тэргүүнийг эзгүйд орлон ажиллах ёстой байдаг.
  • Зарим аймгийн цол олгох, эрэмбэ тогтоох барилдаантай холбоотой ирүүлсэн гомдлуудыг барилдаанаа зохион байгуулаагүй аймгуудыг эцэслэсний дараа нэгдсэн байдлаар хэлэлцэхээр шийдвэрлэлээ.
  • Үндэсний бөхийн лигийн шинэ хэлбэрийн барилдааныг цар тахлын нөхцөл байдалд нийцүүлэн сум, аймаг, улсын цолтнууд оролцох боломжийг ханган зохион байгуулах зэрэг асуудлыг шийдвэрлэсэн байна.
Categories
мэдээ үндэсний-бөx

МҮБХ-ны дэд тэргүүнээр О.Балжинням аваргыг сонгожээ

МҮБХ-ны тэргүүлэгч гишүүдийн ээлжит хурал есдүгээр сарын 17-ны өдөр болжээ. Уг хуралдаанаар хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцсэн байна.

Хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг Монголын Үндэсний бөхийн холбооноос мэдээлжээ. Тодруулбал,

  • МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, МУГД, улсын харцага Г.Элбэгийн эмчилгээнд зориулсан бөхчүүд, засуулуудын хандивын тоглолтыг есдүгээр сарын 25-нд телевизийн сувгаар дамжуулахаар тогтож, уг ажлыг хариуцах ажлын хэсгийг дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ.
  • МҮБХ-ны стратеги төлөвлөлт, бодлогын бичиг баримттай танилцаж, тэргүүлэгчдийн бүрэн бүрэлдэхүүнтэй ахин хуралдаж, хэлэлцэхээр боллоо.
  • МҮБХ-ны дэд тэргүүнээр хөдөлмөрийн баатар, ардын багш, улсын аварга Одвогийн Балжиннямыг ажиллуулахаар батламжлав. Жич: МҮБХ-ны Дэд тэргүүнээр СГЗ П.Даваасамбуу, СГЗ Д.Данзан, у/з Ц.Магалжав нар сонгогдон ажиллаж байсан бөгөөд МҮБХ-ны дүрмийн хүрээнд Дэд тэргүүн нь Тэргүүнийг эзгүйд орлон ажиллана.
  • Зарим аймгийн цол олгох, эрэмбэ тогтоох барилдаантай холбоотой ирүүлсэн гомдлуудыг барилдаанаа зохион байгуулаагүй аймгуудыг эцэслэсний дараа нэгдсэн байдлаар хэлэлцэхээр шийдвэрлэлээ.
  • Үндэсний бөхийн лигийн шинэ хэлбэрийн барилдааныг цар тахлын нөхцөл байдалд нийцүүлэн сум, аймаг, улсын цолтнууд оролцох боломжийг ханган зохион байгуулах зэрэг асуудлыг шийдвэрлэлээ.
Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Ерөнхийлөгчийн зарлигаар Э.Оюунболдын цолыг хурааж, Н.Батсуурьт Даян аварга цол хүртээхээр боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар 2019 оны Үндэсний их баяр наадмын түрүү бөх Э.Оюунболдын аварга цолыг хураахаар болжээ.

Тодруулбал, Шүүхийн шийдвэрийн дагуу Ерөнхийлөгч зарлиг гарган улсын аварга Э.Оюунболдын цолыг хураахаар болсон байна.

2019 оны Улсын баяр наадмын түрүү бөх Э.Оюунболд сэргээш хэрэглэснийг тогтоосон Улсын Дээд шүүхийн 2020 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн 398 дугаар тогтоолоор түүний Улсын аварга цолыг хүчингүй болгосон юм.

Уг шийдвэр биелсээр Үндэсний баяр наадмын тухай хуульд заасны дагуу Э.Оюунболдод есийн даваанд өвдөг шороодсон Увс аймгийн Ховд сумын харьяат, “Химон Констракшн” ХХК, “Увс нуур” бөхийн дэвжээний бөх Монгол Улсын Аварга Н.Батсуурь Монгол Улсын даян аварга цолыг хүртэж байна.

Мөн Э.Оюунболдод наймын даваанд унасан Улсын арслан Содномдорж “Үлэмж бадрах” чимэг, долоогийн даваанд унасан Д.Анар “Улсын заан”, 6-ын даваанд унасан Б.Цэдэнсодном “Улсын харцага”, тав даваанд унасан Н.Мустафа “Улсын начин” цолыг тус тус хүртжээ.

Мөн өнгөрсөн оны Үндэсний баяр наадмаар нэр бүхий бөхчүүдээс сэргээшийн төрлийн бодис илэрч тус бөхчүүд хүлээн зөвшөөрсөн. Иймд Үндэсний баяр наадмын тухай хуульд заасны дагуу М.Бадарч “Улсын гарьд”, Ц.Одбаяр “Улсын заан”, Ц.Мөнхбаяр, Ш.Пүрэвгарьд, Б.Орхонбаяр нар “Улсын харцага”, Б.Суманчулуун, Ц.Сандагдорж нарт “Улсын начин” цолыг тус тус хүртэж байна.

Categories
мэдээ үндэсний-бөx

Дархан аварга Б.Бат-Эрдэнийн дээл дуудлага худалдаагаар 38 сая төгрөг хүрчээ

“Хүүхдийн төлөө фонд”-ыг сэргээн байгуулах санаачилгын хүрээнд зохион байгуулагдсан үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнийн дээлийг дуудлага худалдаанд оруулсан билээ.

Тэрээр өөрийн цахим хуудастаа “Төрөлх Өмнөдэлгэр сумын НЗ-ийн тэргүүлэгч “Хүслийн өнгө” хэвлэлийн компанийн захирал О.Мөнхчулуун дуудлага худалдаанд үнэ хаялцан өрсөлдөж 38.500.0 (гучин найман сая таван зуун мянга) төгрөгөөр худалдан авсныг Соёлын яаман дээр гардуулан өглөө” хэмээн бичжээ.

Categories
мэдээ үндэсний-бөx

Хэнтий, Увс аймгуудын цол олгох бөхийн барилдаанд Б.Баянмөнх, О.Эрдэнэбат нар түрүүлжээ

Хэнтий, Увс аймгуудын цол олгох, эрэмбэ тогтоох 128 бөхийн барилдаан өчигдөр/2021.08.20/ боллоо. Засгийн газрын өгсөн чиглэл, УОК-ын шийдвэрээр гадаа талбайн спортын арга хэмжээ, тэмцээн уралдааныг үзэгчгүй, халдвар хамгааллын дэглэм дор, холбогдох хүмүүсийн зөвшөөрлөөр зохион байгуулахаар болсон билээ.

  • Хэнтий аймаг: Баян-Адарга сумын харьяат аймгийн харцага О.Эрдэнэбат түрүүлж, “Аймгийн арслан” цол хүртсэн бол мөн тус сумын харьяат сумын заан Б.Түвшинтөгс үзүүрлэж, “Аймгийн заан” цол хүртлээ. Их шөвөгт Баянхутаг сумын харьяат аймгийн хурц арслан С.Ариунбилэг, Жаргалтхаан сумын харьяат аймгийн арслан Ш.Отгонтөгс нар үлджээ.

Шинээр цолны болзол хангасан бөхчүүдэд ирэх цагаан сараар цолыг нь олгоно.

  • Увс аймаг: Тэс сумын харьяат аймгийн харцага Б.Баянмөнх түрүүлж, “Аймгийн арслан” цол хүртсэн бол Давст сумын харьяат аймгийн арслан Б.Сэр-Од үзүүрлэжээ. Их шөвөгт Малчин сумын харьяат цэргийн начин Т.Батсүрэн, Тэс сумын харьяат аймгийн заан О.Түмэн нар үлджээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал үндэсний-бөx

Ц.Магалжав: МҮБХ-ны зүгээс бөхчүүдэд цол, чимэг олгуулахаар хичээн ажиллаж байна

-ЦЭЦИЙН ЗҮГЭЭС ДАХИН БАРИЛДУУЛАХ ШИЙДВЭР ГАРГАСАН Ч АВАРГА Э.ОЮУНБОЛД ЭЛЭГ БҮСЭЭ ТАЙЛААД ЯВЧИХСАН НЬ АНХААРАЛ ТАТСАН-

Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн, улсын заан Ц.Магалжавтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-МҮБХ долоон худагт 512 бөхийн барилдааныг үзэгчгүйгээр зохион байгууллаа. Барилдааны онцлог юу байв?

-Засгийн газраас долдугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар задгай талбайд спортын уралдаан тэмцээнийг үзэгчгүйгээр зохион байгуулах чиглэлийг УОК-т өгсөн. Үүний дагуу МҮБХ гишүүд болох бөхчүүдийн эрх ашгийн үүднээс УОК, НОК, бусад хариуцсан байгууллагуудад удаа дараа хүсэлт санал өгч зөвшөөрлийг авч зохион байгууллаа.

Хууль журмын хүрээнд зөвшөөрлийг өгсөн УОК-ын дарга Шадар сайд С.Амарсайхан, НОК-ын дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нарт нийт бөхчүүд, бөх сонирхогчдын өмнөөс гүн талархал илэрхийлье.

Тусгаар улсын баталгаа нь үндэсний гол онцлог зүйлс байдаг. Үүний нэг нь дэлхийд ганц эрийн гурван наадам. Үүний дагуу бөхийн барилдаанаа тасалдуулахгүй зохион байгуулсандаа таатай байна.

-Бөхийн барилдааны үеэр бөхчүүдийн хооронд үл ойлголцол гарлаа. Тодруулбал, барилдааны гурвын даваа 9:00 цагт эхлэх байсан ч бөхчүүд ам авахдаа асуудал үүсгэснээс шалтгаалж түр хойшилсон. Үүссэн нөхцөл байдлын талаар тодруулахгүй юу?

-МҮБХ энэхүү наадмыг зохион байгуулахад туйлын хичээж ажилласан. Үүний үр дүнд зохиогдсон. Сүүлийн жилүүдэд бөхийн нэр хүндийг хамгийн их унагаж байгаа допингийн асуудлаас болж аварга, арслан, гарьд цолтой бөхчүүд допингтой холбоотой Улсын дээд шүүхийн тогтоол, түүнээс шалтгаалж ам авах эрэмбэ дарааллын талаар хэсэг ярилцаж саатсан. Шийдлийг яг тухайн үед гаргах боломжгүй байсан л даа. Бөхийн холбооноос хүчин чармайлт гаргаж барилдаан зохион байгуулж байна. Бөхчүүд ч хариуцлагатайгаар ч хандаж барилдаж байгаа. Түүнчлэн бөх сонирхогч үзэгч олон орон даяар бөх үзэхийг хүлээж байна.

ТВ-ийн эфирийн цаг зэрэгт хүндэтгэлтэй хандах хэрэгтэйг ярилцаад ам авч барилдаан үргэлжилсэн. Энэ нь допингийн асуудлыг үнэн зөв, шударгаар, хуулийн дагуу шийдвэрлэхгүй бол хойшид наадам яаж саатахыг харуулсан үйлдэл боллоо.

-Бөхийн барилдааны гурвын даваанд улсын аварга Э.Оюунболд улсын арслан Ц.Содномдоржийг амлаж барилдлаа. Энэ үеэр мөн л допингийн асуудал хөндөгдөнө лээ…

-Бөхчүүд нэгнийгээ амлах нь эрхийн асуудал гэж харах боловч энэ амласан үйлдэл нь нөгөө л допингийн маргаан.Тэгээд хоёр бөх хоорондоо бусад бөхчүүд, хөлийн цэцийн дэргэд барилдааныхаа дараа допингийн шинжилгээ өгье гэж шийдвэрлэсэн. Энэ барилдаан МҮБХ-ноос зохион байгуулж байгаа барилдаан. Удирдамжиндаа шөвгөрсөн 16 бөхөөс шинжилгээ авна гэж заасан, мөн бүртгүүлсэн 680 бөхтэй миний бие “Хариуцлагын гэрээ”-г хийсэн. Энэ нь МҮБХ-ны хурлуудаас явцын буюу тэмцээний үеийн шинжилгээг авна гэж дүрмэндээ заасан тул хоёр бөх шинжилгээг өгөх бүрэн боломжтой.

-Барилдааны өмнө шөвгөрсөн бөхчүүдийг допингийн шинжилгээнд хамруулах тухай мэдээлэл гаргасан байсан. Гэтэл тавын даваанд аварга, арслангууд бүгд өвдөг шороодсон. Дээрх үйлдэл нь том цолтнууд допингийн шинжилгээнээс зугтааж байна гэх хардлага төрүүлээд байна л даа.

-Бөхийн амжилт гэдэг бэлтгэл сургуулилт, сэтгэл зүй зэргээс шалтгаална. Залуу бөхчүүдийн бэлтгэл илүү сайн байна. Баяр наадмын үеэр улсын цолгүй бөхчүүд эмээдэг, барилдаанаа гүйцэд гаргаж чадахгүй байх тохиолдол бий. Харин сая тэд сэтгэл зүйн талаас чөлөөтэй сайхан барилдаж байна. П.Бүрэнтөгс, С.Мөнхбат аваргуудтай барилдсан залуучууд маш сайн барилдаж давцгаасан.

-Баяр наадмын барилдааны үеэр улсын аварга Э.Оюунболд допингийн шинжилгээнээс татгалзсан гэх мэдээлэл гарсан байна лээ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?

-Допингийн шинжилгээ өгсөн. Допингийн шинжилгээнд хамрагдахаас татгалзвал хэрэглэсэнд тооцно гэж хэлээд гаргасан.

-Бөхийн барилдааны тавын даваанд Өмнөговийн Э.Нямаа гэх залуу улсын аварга Э.Оюунболдын араас нь дайраад унагаачихна лээ. Энэ асуудал дээр МҮБХ-ны тэргүүний хувьд үзэл бодлоо илэрхийлэхгүй юү?

-Үндэсний бөхийн барилдааны дүрэмд зааснаар бол талбайд хоёр бөх барилдаж байгаад хэн нэг нь барилдааныг засуул зогсоогоогүй бол орхиж болохгүй. Хэрэв тийм үйлдэл гаргавал нөгөө бөх барьц аван хаяж болно гэж байгаа. Дээрх хоёр бөхийн хувьд бол нэг нь санаачилга авч түрж талбайн захад ирсэн. Э.Оюунболд захад ирлээ гээд цааш эргэсэн, Э.Нямаа араас нь барьж хаясан үйлдэл харагдаж байгаа.

Хөлийн цэцүүд үүнийг хэлэлцээд талбайн голд бол Э.Нямаагийн зөв, захад ухарч байгаад цааш эргэхэд засуул бариагүй ч барьж давсан тул дахин барилдуулах шийдвэрийг хянаж байсан хоёр цэц, ерөнхий цэцийнхээ хамтаар гаргасан. Үүн дээр манай цэцүүд дахин барилдуул гэсэн зөв шийдвэр гаргасан. Ерөнхий цэц дахин барилдуул гэж хэлэхэд Э.Оюунболд элэг бүсээ тайлаад яваад өгнө лээ. Энэ үйлдэл анхаарал татсан шүү.

-Энэхүү баяр наадмын онцлог нь МҮБХ-ноос шинэчлэн баталсан дүрмээр зохион байгуулагдлаа. Барилдааны үед нэг ч удаа барьц сонгосонгүй шүү дээ.

-Бөхчүүд маань барилдааны дүрмээ өөрчлөөд барьц сонголт, цагийг арай багасгасанд дасан зохицсон үр дүнтэй байна. Түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд нягт барилдаантай юм. Бидний арай өмнөх үеийн, бүр дээр үеийн ахмад бөхчүүдийн сайхан буйр суурьтай зан, бөх хүний ухаантай байдал Б.Бат-Өлзий, Э.Ууганбаяр, Ч.Батчулуун нараас харагдаж байлаа. Бөхийн торгон ногоон дэвжээ их учиртай гэж ахмадууд хэлдэг юм. Энэ залуучууд цаашдаа улам их амжилт гаргана гэдэг эргэлзэхгүй байна.

-Монгол Үндэсний бөхөөр олон жил тууштай сайн барилдсан бөхчүүд шөвгөрлөө. Өнөөх найраа гэх зүйл ил цагаан анзаарагдсангүй. Шөвгөрсөн бөхчүүдэд улсын цол чимэг олгох ямар боломж байна вэ. Үүнийг маш олон хүн сонирхож асууж байна л даа.

-МҮБХ-ны зүгээс бөхчүүдэд цол, чимэг олгуулахаар хичээн ажиллаж байна.

-Барилдааныг олон сувгаар шууд нэвтрүүллээ. Хоёр хоногийн хугацаанд манайхан бөхөөр амьсгаллаа шүү дээ. Дараагийн барилдааныг хэзээ явуулахаар төлөвлөөд байна вэ?

-Ойрын хугацаанд бөхийн барилдаан явагдаагүй, наадам ч өнжөөд байсан учраас олон хүн үзсэн болов уу. Монголын Үндэсний бөхийн холбооны зүгээс гишүүдийнхээ эрх ашгийн төлөө энэ удаагийн 512 бөхийн барилдааныг зохион байгууллаа. Хажуугаар нь аймгуудад 128 бөхийн барилдааныг зохион байгуулах саналыг гаргаж ажилласан. Үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэж байна. Төр засгаасаа төсөв зардал авч хүндрүүлэхгүй наадмын бөхийн барилдаанаа хийж болохыг өнгөрсөн зургадугаар сард хэлж байсны дагуу бид 512 бөхийн барилдааныг амжилттай хийж гүйцэтгэлээ. Барилдааны талаар сайн зүйл олон, саар зүйл ч гарлаа. Товчоор хэлбэл, энэ барилдааныг олон хүн анхаарч үзсэн бол бидний амьдарч байгаа одоогийн нийгмийн тусгал. Хөдөлмөрлөж байгаа хүмүүс байна, хууль шүүхийн байдал, нэгэнтэйгээ харьцах байдал, хар хор гээд бүх л зүйл харагдана. Тэгэхээр бүгд л үүнийгээ засаж сайжруулах тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй болох нь. Дараагийн барилдаан хэзээ болох нь цар тахлын нөхцөл байдлаас шалтгаална.

Сүүлд нь онцлоход, барилдааныг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн УОК, НОК мөн хяналт тавин ажилласан Мэргэжлийн Хяналтын газар, Нийслэлийн Биеийн Тамир спортын хороо, Нийслэл, дүүргийн цагдаагийн газар, оролцогчдоос шинжилгээг хоёр өдөр авч ажилласан СХД-ийн Эрүүл мэндийн төвийн ажиллагсдад дахин талархал илэрхийлье. Мөн хамтран ажилласан Монголын Залуучуудын Холбооны хамт олон, удирдлагууд, ерөнхийлөгч О.Гэрэлт-Оддоо талархсанаа илэрхийлж, цаашдын ажилд их амжилт хүсье.

-Орон нутгууд аймгийн цол чимэг олгох бөхийн барилдаанаа зохион байгуулаад эхэлсэн байна. Дорнод болон Сэлэнгэ наадамд шөвгөрсөн бөхчүүдийг эрэмбэд оруулахгүй гэх мэдэгдлийг МҮБХ-ноос гаргасан байна лээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Аймгуудын наадмын тухайд хэд хэдэн зөрчил гаргасан. Дорнод аймаг бөхийн оноолтыг заасан хугацаанд ирүүлээгүй. Мөн бүртгэл болон эрэмбэ хийлгээгүй. Үүнээс гадна барилдааны дүрэм зөрчиж, бөхийг барьц сонгож унагаж хохироосон зэрэг зөрчлүүд гаргасан. Хөвсгөл аймаг ч оноолт бүрэн хийлгэлгүй бөхийн барилдааны оноолтыг санаатайгаар зөрүүлж, зарим бөхчүүдийг хохироосон. Оноолтын зориулалтын программыг хоёрын даваанаас цааш ашиглаагүй. Өөр нэг ноцтой зөрчил байгаа нь өөрөө хандаагүй бөхчүүдийг бүртгэж, хий даваа гаргасан байна лээ.

Сэлэнгэ аймгийн тухайд Аймгийн Онцгой комисс, Засаг дарга нь барилдаан хийх захирамж гаргаагүй юм билээ. Засаг дарга нь хууль журмын дагуу барилдаанаа хийнэ гэж МҮБХ-нд хандаад байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал үндэсний-бөx

Улсын харцага Б.Бат-Өлзий: Ард түмэн маань арслан цолтон төрлөө л гэх юм. Төр цолыг минь өгөх байлгүй дээ

Ардын хувьсгалын 100 жилийн ой, МЗХ-ны 100 жилийн ой, МҮБХ-ны 30 жилийн баярт зориулсан хүчит 512 бөхийн барилдааны түрүү хүчтэн Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын харцага Б.Бат-Өлзийтэй ярилцлаа.


-Хамаг Монголын хүчтэнүүд цугласан наадамд түрүүллээ, танд баяр хүргэе. Баяр наадмын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Их баярлалаа. Цар тахалтай холбоотойгоор цаг үеийн нөхцөл байдал амар биш байгааг хаа хаанаа л ойлгож байгаа. Ийм хүнд үед МҮБХ-ны зүгээс бөхчүүдийнхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, хичээл зүтгэл гаргаж сайхан барилдаануудыг зохион байгууллаа. МҮБХ-ны удирдлагуудад эхлээд талархал илэрхийлье. Таны хэлж байгаагаар хамаг Монголын хүчтэнүүд Хүй долоон худгийн дэнжид чуулж хоёр өдөр сайхан наадамлалаа. Санасан бодсондоо тултал барилдаж түрүүллээ. Ховд нутгийнхаа зон олны магнайг тэнийлгэлээ. Сэтгэл дүүрэн сайхан байна.

-Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадамд түрүүлэх тухай олон жилийн өмнөөс бодож төлөвлөсөн байх. Ард түмэн аль эртнээс л таныг наадмын түрүү бөхийн тааварт нэрлэж байсан нь ёсоор боллоо. Үүний ард олон жилийн хөдөлмөр яригдах байх.

-Би 2009 онд Ховд аймгаас Улаанбаатар хот руу бөх болохоор ирж байлаа. Үеийнхнээсээ намхан нуруутай жаахан хүүхэд цүнхээ үүрээд танил ахындаа бууж байсан маань санаанд тод үлдэж. Тэр цагаас хойш зөвхөн үндэсний бөхөд зүрх сэтгэлээ зориулж тууштай зүтгэсний үр дүн өнөөдөр гарлаа. Улсын харцага цол хүртээд заан цолны даваанд боссоноос хойш наадмын дэвжээнд дээшээ барилдаж болох сэтгэл орсон. Заал танхимын барилдаануудад ч аварга, арслан ах нартайгаа эн тэнцүүхэн барилдаад ирэхээр бөхийн хүрээнийхэн наадмын түрүү бөхийн тааварт оруулах болсон. Ард түмнийхээ тэр их хүслийг гүйцэлдүүлж төрийн наадамд түрүүлэх хүсэл их байсан ч болж өгөхгүй л яваад байлаа. Шантралгүй зүтгэсэн хүнийг бөхийн дэвжээ ивээдэг гэдгийг биеэрээ мэдэрлээ. Манайхан ч амны бэлгэтэй, бөхөө таньдаг, мэдэрдэг хүмүүс юм.

-Наадмын барилдаанууд ширүүн өрсөлдөөнтэй болж өндөрлөлөө. Харах юмтай, хариад ярих юмтай сайхан наадам боллоо шүү дээ. Баяр наадмын барилдаануудынхаа талаар уншигчидтай хуваалцахгүй юу?

-Урьд өмнө нь болж байгаагүй өндөр чансаатай бөхийн барилдаан боллоо гэж хувьдаа үзэж байна. Улсын цолтой 100 гаруй бөх зодоглолоо. Аймгийн арслангууд ч олон бүртгүүлсэн байна. Аварга, арслангуудын аманд цэрэг юм уу, залуу бөх гарч барилддаг жишиг бий. Сая бол сүүлийн дөрөв, таван жилийн хугацаанд Монгол үндэсний бөхөөр дагнаж хичээллэсэн аймгийн начингууд аманд гарч байх жишээтэй. Ийм л өндөр чансаатай барилдаан болж өндөрлөлөө. Бөхчүүдийн хүч хөдөлмөрийг үнэлж сайхан өрсөлдүүллээ. Ард түмэндээ сэтгэлийн цэнгэл эдлүүлж, баяр наадмын барилдаанаа дэг журамтай сайхан зохион байгууллаа. Манайхан бүтэн хоёр өдөр л бөхөөр амьсгалах шиг боллоо. Миний тухайд эхний даваанаас л чанга өрсөлдөгч нартай туллаа. Алдаа гаргалгүй нягт барилдаж түрүүллээ.

-Цар тахлын нөхцөл байдалд баяр наадмын бэлтгэл сургуулилтаа хэрхэн базаав. Таны тухайд Сүүж ууланд бэлтгэлдээ гарсан сураг дуулдаж байсан?

-“Ховд” дэвжээний залуустайгаа Сүүж ууланд баяр наадмын бэлтгэлээ базаасан. Халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад бэлтгэл сургуулилтаа дасгалжуулагч нарынхаа гаргасан төлөвлөгөөний дагуу л базаасан. Их сайхан таарсан шүү. Энэ жилийн тухайд Ардын хувьсгалын 100 жилийн их ой тохиож байна. Ийм онцгой цаг үед барилдаж байдаг бид их сайхан хувь зохиолтой улс юм.

Бөхчүүд ч энэ их ойд зориулж бэлтгэл сургуулилтаа маш сайн хийсэн байна. Аймгийн цолтнуудын бэлтгэл ч онцгой сайн байгаа нь анзаарагдлаа. Манай залуу бөхчүүд цолтой нь биш, биетэй барилддаг болж. Том цолтой бөхчүүдээс сүрдэж, биеэ барьдаг цаг ард үлдсэн байна шүү.

-Наадмын барилдааны өмнөхөн Сутай хайрханы тахилга наадамдаа түрүүлээд ирсэн байна лээ.

-Тэгсэн. Нутгийнхаа төрийн тахилгатай улсын наадамд амжилттай барилдаж түрүүлсэн. Дараахан нь Ховдод баруун бүсийн том уралдааныг аймгийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан. Энэ үеэр ч улс аймгийн цолтнуудын барилдааныг бөхчүүдээ шинжилгээнд хамруулж халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад амжилттай явуулсан. Аймгийн цолтой залуу бөхчүүдийнхээ эрх ашгийн үүднээс цол чимэг олгож, эрэмбэ тогтоох барилдааныг ч тусад нь явуулсан. Ховд аймгаас энэ цаг үед сайн барилдаж байгаа Ганбаатарын Ганхуяг гэж залуу гайхамшигтай уран барилдаан үзүүлж түрүүллээ. “Ховд” дэвжээнээс өсөх ирээдүйтэй залуу хүчтэн тодорч байгааг нь хараад баярлаж л суулаа. Их спортоор хичээллэдэг, тив дэлхийн хэмжээний тэмцээн уралдаанд тогтмол амжилттай оролцдог Ганхуяг дүүгээсээ том амжилт хүлээж байна даа. Нутгийн зон олон маань ч дээлнийх нь захыг мушгиж л суугаа байх.

-Ховд нугтгаас 81 жилийн өмнө Шаравын Ванчинхүү арслан төрийн наадамд түрүүлж байлаа. Ардын хувьсгалын 100 жилийн ойн түрүү бөх Ховдын хязгаараас тодорлоо. Баруун хязгаар нутгийн зон олон баяр жаргалаар бялхаж л суугаа байх.

-Мэдээж шүү дээ. Нутгийн зон олноо баясгах гэж бид их хөдөлмөрлөлөө. Энэ их ойд Ховдын бөхчүүд ч сайн барилдлаа. Шөвгийн найман бөхийн дөрөв нь “Ховд” дэвжээний хүчтэнүүд байлаа шүү дээ. Улсын харцага Н.Батзаяа, Г.Алтангэрэл гээд багш нарын маань хөдөлмөрийн үр дүн, залуусын хичээл зүтгэл нь энд гарч байна.

-Үенч сумын Б.Уртнасан гэж залуу баяр наадмын таавар эвдэж улсын гарьд Б.Гончигдамбыг өвдөг шороодуулсан нь 100 жилийн онцлох үйл явдлын нэг байлаа.

-“Ховд” дэвжээний арслан, заанууд маань гялалзтал сайхан барилдлаа. Улсын том цолтнуудтай айж бэргэлгүй эн тэнцүүхэн өрсөлдөөн үзүүлж өндөр даваанд гарч ирлээ. Олон жил уйгагүй хөдөлмөрлөж үндэсний бөхөд зүрх сэтгэлээ зориулж яваа аймгийн арслан Н.Батсайхан ах маань чансаа өндөр наадамд зургаа давлаа. Хамт бэлтгэл сургуулилтаа базаадаг Ц.Адьяа арслан маань сайхан барилдаж зааны даваанд бослоо. Б.Уртнасан заан ч энэ цагийн өнгийг тодорхойлж яваа бөхчүүдийг өвдөг шороодуулж дээшээ гарч ирлээ. Нутгийн зон олныхоо итгэлийг эвдсэнгүй. Бидэнд үүнээс илүү баяр баясгалан гэж юу байх билээ. Манайханд ямар их нөөц бололцоо байгаа нь сая тодорхой харагдлаа. Цаашид илүү хөдөлмөрлөж, үзүүлсэн амжилтдаа эзэн болж ахиулах даалгавар бидний өмнө байна.

-Долоогийн даваанд зүүний манлайд босч цолоо дуудуулсан. Ямар сэтгэгдэл төрж байв?

-Ардын хувьсгалын 100 жилийн ойн их баяр наадмаар зүүний манлайд гарч цол дуудуулна гэдэг ховор хувь зохиол юм даа. Аварга, арслангууд зодоглосон наадмын зүүний манлайд босоод ирэхээр өөртөө ч итгэж өгөхгүй байсан шүү. Жингүйдээд л ирж байгаа юм (инээв).

-Аймгийн хурц арслан Э.Ууганбаяртай хийсэн барилдааны талаар асуумаар байна. Өмнө нь ч хэд хэд барилдаж байсан шүү дээ. Түрүү, үзүүрийн барилдаан ямар болов?

-Э.Ууганбаяр анх намайг хаяж улс аймгийн цолтнуудын барилдаанд түрүүлж байлаа. Үеийн аймгийн арслангуудаасаа тодорч сайн барилдаж байгаа залуу. Бид үндэсний бөхийн оргил руу хамт зүтгэж яваа нэг үеийн тамирчид. Наадмын түрүү байрын төлөө харгүй сайхан хүч үзсэн. Миний тухайд төлөвлөж байснаараа барилдаад л даваа авсан.

-Баяр наадмын бөхийн барилдаан МҮБХ-ноос баталсан шинэ дүрмийн дагуу явагдлаа. Үүн дээр таны байр суурийг сонсох гэсэн юм.

-Бүх баяр наадам шинэчлэн баталсан дүрмийн дагуу явагдаж байна. Над шиг нуруу намтай бөхчүүдэд ашигтай юм уу гэж би анзаарлаа. Цаашид илүү тэвчээртэй бөхчүүд л сайн барилдах юм билээ. Үндэсний бөхийн барилдааны дүрэм шинэчлэгдсэнээр үзэгчдийн хүлээдэг уран хурц барилдаанууд олон гарах байх. Хүлээж тулж зогсож байгаад л барьц сонгодог явдал байхгүй болсон. Өмнө нь тулж зогсоод л ганц хоёр золгож шоо шидээд нэг нь араас нь тэвэрч аваад чулууддаг байлаа. Дүрэмтэйгээ уялдаад бөхчүүдийн бэлтгэл сургуулилт ч өөрчлөгдөж байна.

-Наадмын гурвын даваанд улсын аварга Э.Оюунболд улсын арслан Ц.Содномдоржийг амлаж үнэн хүчийг үзсэн нь наадамчдыг цэнгүүллээ. Энэ асуудал дээр түрүү бөхийн байр суурийг сонсъё.

-Тухайн үед бөхийн эрэмбэ гэж зүйлийг харуулж байна л гэж бодсон. Миний хувьд бага цолтой залуу хүн. Тэр нь тийм, энэ ийм гэж дүгнэх нь зохимжгүй байх. Ямартаа ч энэ цагийн шилдэг хүчтэнүүд шударга сайхан өрсөлдөж наадамчдыг баярлуулсан. Наадмын нэг чимэг нь байлаа шүү дээ.

-Хоёр өдөр наадам үзэж суулаа. Бөхчүүд ёс зүйтэй болсон юм болов уу гэж анзаарлаа. Э.Энхбат начны төрсөн дүү Э.Энх-Амгалан гэж залуу зургаа давлаа. Энэ үеэр гаргаж буй бөхчүүдийн хандлага сайхан л санагдаж байлаа.

-Сайн муу нийлж сав дүүрдэг. Зарим нэг асуудал байгаа л байх. Энх-Амгаланг сайн барилдахад нь их баярласан. Ер нь улсын цолны дүүрэн эрэмбэтэй сайхан бөх гэж дотроо үнэлдэг юм.

-Наадам хойшлох шийдвэр гарахад яаж хүлээж авав?

-Уул нь бид өв соёл, эрийн гурван наадмаараа ондоошдог ард түмэн. Эрийн гурван наадам бол монгол үндэстний дархлаа шүү дээ. Баяр наадмаараа л сэтгэлийн дархлаагаа тогтоодог ард түмэн. Дайны бэрх цагт тасалдаагүй монгол наадам 100 жилийнхээ босгон дээр тасалдахад сэтгэл гонсгор л байлаа. Цаг үеийн нөхцөл байдал хүнд байгаа ч төсвөөс зардал гаргалгүй, халдвар хамгааллын дэглэм баримтлаад баяр наадмаа тэмдэглэчих боломж байсан ч хэсэг хүмүүсийн эсэргүүцэлтэй тулгарч хойшилсон. “Тэвчээр тасарлаа” гээд л лоозон бариад хүмүүс яваад байсан. Үнэндээ бөхчүүдийн ч тэвчээр тасарч байлаа шүү дээ. Бөхийн барилдаан гэдэг бидний ажил, амьдрал.

-Тэмцээн уралдаан хоригдсон үед амар байгаагүй л болов уу…

-Нуугаад яах вэ, тэмцээн уралдаан хоригдсон үед хүндхэн л байлаа. Сайхан бизнес хийгээд яваа бөхчүүд байгаа л байх. Гэхдээ ар амьдралаа орхиж бөхийн спортод чин сэтгэлээ зориулж байж л олноос онцгойрч амжилт гаргадаг. Цар тахлын улмаас бизнес зогссон үед энд тэндээс цалинжуулаад байх боломж хомс. Ивээн тэтгэгч нарын маань ч бизнес орлого зогсчихсон хүнд үе байлаа. Гэхдээ эрүүл байхад учир нь олдож л байгаа юм.

-Сар шинийн барилдаанд түрүүлсэн. Сая баяр наадамдаа түрүүллээ. Түрүүлж үзээгүй ямар барилдаан байна вэ?

-Байгаа байх аа. Ямартаа ч төрийн хэмжээний том хоёр барилдаанд түрүүлчихлээ. Малчин айлын 17-хон настай хүү хотод анх ирж байлаа. Улсын цол чимэг гэдэг бол айхавтар хол л санагддаг байж. 12 жил хөдөлмөрлөсний үр шимийг үзлээ. Үнэхээр сайхан байна. Ганцаараа зүтгээд өнөөдрийн Бат-Өлзий бий болчихсон юм биш. Миний ард бат зогсдог аав, ээждээ гүнээ талархаж байна. Өдий хүртэл дэмжиж ирсэн “Мон тед” констракшн, “Импраль кастл” компанийн хамт олонд талархал илэрхийлье. Намайг дэмждэг олон байгууллага, хүмүүс бий. Тэр бүрийг дурдана гэхлээр та бид хоёрын ярилцлага дуусахгүй үргэлжлэх байх. Намайг ойлгож дэмждэг бүх хүмүүст чин сэтгэлээсээ баярлаж явдаг аа “Өдрийн сонин”-оороо уламжилъя.

-Энэ наадамд шөвгөрсөн бөхчүүдэд улсын цол чимэг олгох тухай асуудал яг одоогоор бол бүрхэг байна.

-Ард түмэн минь арслан Бат-Өлзий л гэж дуудах юм. Төр улс минь харж цол чимгийг олгох болов уу гэж хүлээж сууна. Ганц миний эрх ашиг ч биш л дээ. Хамаг Монголын хүчтэнүүд цугласан чансаатай наадамд шөвгөрсөн 16 залуу байна. Энэ бүхний хөлс хөдөлмөрийг төр засаг үнэлнэ гэдэгт нь эргэлзэхгүй байна. Уяачдын тухайд улсын чанартай уралдаануудаа явуулчихлаа. Бөхчүүд ч аймаг аймагтаа барилдаад цол чимгээ авчихлаа. Сая бол улсын наадмаас дутуугүй өргөн цар хүрээтэй барилдаан боллоо. Хүмүүс нэг жилийн хөдөлмөр гэж ярьдаг. Төрийн наадамд түрүүлэхийн тулд багадаа л 10 гаруй жил хөдөлмөрлөдөг. Үүний үнэ цэнийг орхигдуулахгүй байх. Цол чимэг олгоно гэдэгт бүрэн итгэлтэй байна.

Categories
мэдээ үндэсний-бөx

Улсын харцага Ө.Бат-Өлзийг Ховд бөхийн дэвжээ 10 сая төгрөгөөр шагнажээ

Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний Бөхийн Холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан Улс, аймгийн цолтой 512 бөхийн барилдаан Хүй долоо худагт болж өнгөрлөө.

Тус барилдаанд Улсын харцага Ө.Бат-Өлзий Аймгийн арслан Э.Ууганбаяраар ес давж түрүүлсэн юм.

Ес даван түрүүлсэн, зургаа даван шөвгөрсөн чансаатай бөхчүүддээ Ховд бөхийн дэвжээ хүндэтгэл үзүүлж, Нутгийн ах Асиан сити ХХК-ийн ерөнхий захирал А.Баянмөнх түрүү бөхийг 10 сая төгрөгөөр, зургаа давсан 3 бөхийг тус бүр 3 сая төгрөг, Ховд аймгийн наадмын түрүү бөхийг 1 500 мяган төгрөгөөр урамшуулсан байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал үндэсний-бөx

Улсын харцага Б.Бат-Өлзий, аймгийн арслан Э.Ууганбаяраар ес давж түрүүллээ

Монгол улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний Бөхийн Холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан “Үндэсний бөх-Үнэт өв” бөхийн барилдаан болж өнгөрлөө.

Улс аймгийн цолтой 512 бөхийн барилдаанд Улсын харцага Б.Бат-Өлзий аймгийн арслан Э.Ууганбаяраар ес давж түрүүллээ.

Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Улсын харцага Б.Бат-Өлзий, аймгийн арслан Э.Ууганбаяр нар түрүү үзүүр булаалдана

Монгол улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний Бөхийн Холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан “Үндэсний бөх-Үнэт өв” бөхийн барилдаан үргэлжилж байна.

Улсын харцага Б.Бат-Өлзий аймгийн арслан Т.Довчинсэмбээгээр найм давсан бол Аймгийн арслан Э.Ууганбаяр Улсын начин Ч.Батчулуунаар найм давж түрүү үзүүр булаалдахаар боллоо.