Categories
гадаад мэдээ

Башар Асад Ерөнхийлөгчөөр гурав дахиа сонгогдлоо

Сирид болсон Ерөнхий­лөгчийн сонгуулиар Башар Асад дахин ялалт байгууллаа. Тус улсын парламентын дарга Мохаммед Джихад Лахам ард иргэддээ хандан телевизээр үг хэлэхдээ Б.Асар хамгийн олон санал авсан тухай мэдэгдсэн байна. Сонгогчдын 89 хувь нь түүнийг дэмжсэн аж. Сирийн Үндсэн хуулийн цэцийн хэвлэл мэдээлийн албаны даргын мэдэгдсэнээр өнгөрсөн мягмар гаригт болсон санал хураалтад нийтдээ 11 сая гаруй иргэн оролцсон байна. 

Ийнхүү Башар Асад гурав дахь удаагаа Сирийн Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Төрийн тэргүүний бүрэн эрхийн хугацаа долоон жил. Гэтэл тус улсын зарим хэвлэлд бичсэнээр Үндсэн хуулийн цэцээс зарласан санал хураалтын дүн бодит байдалтай нийцэхгүй гэнэ. Учир нь сонгууль эрх баригчдын хяналтанд байгаа нутгуудад явагдсан байна. Харин сөрөг хүчний мэдэлд буй газруудад болоогүй гэнэ. 

Сирид болсон энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн онцлогийн талаар тус улсын хэвлэлүүд дурдсан байна. Өнгөрсөн 50 жилийн хугацаанд анх удаагаа Б.Асадын гэр бүлтэй ямар ч хамаагүй  хоёр хүн нэр дэвшсэн байна. Тэднийг Засгийн газраас хүлээн зөвшөөрсний дагуу нэрийг нь дэвшүүлжээ. Ерөнхийлөгчийн сонгуульд Б.Асад ялалт байгуулна гэдэг нь анхнаасаа тодорхой байсан гэнэ. Харин Сирийн сөрөг хүчнийхэн сонгуулийг ээлжит жүжиг хэмээн хүлээн зөвшөөрсөнгүй. Тэднийг дэмжигч барууны орнууд ч иргэний дайн болж байхад  санал хураалт явуулах нь зохисгүй хэмээн шүүмжилсэн юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Керри Сиритэй хил залгаа орших Ливанд саяхан айлчлахдаа Сирийн Ерөнхийлөгчийн сонгуулийг ямар ч утгагүй зүйл хэмээн шүүмжилсэн юм.

Categories
гадаад мэдээ

Украин хилээ хаажээ

Украины зүүн бүсийн Луганск, Донецкт үймээн самуун намжих төлөвгүй байна.  Салан тусгаарлагчид болон Украины цэргийн хүчний мөргөлдөөний улмаас маш олон энгийн иргэн амиа алдаад байгаа юм. Киевийн шинэ эрх баригчид дээрх бүс нутгуудын ОХУ-тай хиллэсэн хилийг хаахаар шийдвэрлэснийг “Украины мэдээ” агентлаг дамжуулав. Украины Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Александр Турчинов Луганскийн төв хэсгийн, Донецкийн өмнөд хэсгээр ОХУ-тай хиллэдэг хилүүдийг хаана гэж мэдэгдсэн байна. Хилүүдийг хааснаар босогчид ОХУ-аас зэвсгийн тусламж авах боломжгүй болох аж. 

Categories
гадаад мэдээ

Хятадууд дэлхийн хэвлэлийн магнатуудын эгнээнд багтлаа

Дэлхийн хэвлэл мэдээллийн салбарт тэргүүлэгч Топ-30 компанийн тоонд энэ жил Хятадаас анх удаа CCTV болон вэб үйлчилгээний Baidu компаниуд багтсан байна. ZenithOptimedia компаниас гаргадаг уг жагсаалтыг “Google” компани ашиг орлогоороо ард нь бичигдсэн “DIRECTV”-ийнхээс  47 хувиар тасарсан аж. “Google” түрүү жил мөн энэ жагсаалтыг тэргүүлсэн юм. Хятадын үндэсний телевизийн CCTV компани дэлхийн тэргүүлэгч 30 компанийн 23-т жагсч, “Facebook”-ийг ардаа орхижээ. Харин Baidu 28-д жагсаж, “Майкрософт”-ын өмнө бичигдсэн байна.  Мөн Бразилийн “Globo” телевизийн компани уг жагсаалтад хөгжиж байгаа орнуудын төлөөлөл болж багтжээ. 

Categories
гадаад мэдээ

Их хэмжээний хар тамхи оруулж ирэхийг завджээ

Хятадаас хар тамхи оруулж ирсэн гурван залууг хилчид илрүүлжээ. Эрээнээс Замын-Үүд рүү энэ сарын 3-4-нд шилжих шөнө Хилийн 0108 дугаар ангийн хариуцсан автозамын шалган нэвтрүүлэх боомтоор орж ирсэн манай улсын иргэн Т, М, Э нар их хэмжээний мансууруулах бодис автомашиндаа нуун оруулахыг завдсан байна. Тэд Ice буюу мөс, гашиш хэмээх мансууруулах бодисыг их хэмжээгээр авч явсан байна. Сэжигтнүүдийг Улаанбаатарт авчирч Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгаж эхэлсэн гэнэ.

Categories
гадаад мэдээ

Рианнагийн шуугиан тарьсан даашинз

Энэ жилийн шуугианы эздийн нэг болох дуучин Рианна шахуу шагнал гардуулах ёслол дээр бараг л нүцгэн иржээ. Түүний өмссөн 216 мянган Swarovski талстаар хийсэн дааншинз, үзэсгэлэнт бүсгүйг улам гайхалтай харагдуулж байжээ. Тэрээр энэ үдшийн гол дүр гэдгээ батлан, алдарт “Vogue” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Анна Винтурагаас шилдэг “Style Icon Award”-ийн шагналыг гардан авсан юм. 

Categories
гадаад мэдээ

Фидель Кастро гомдол гаргажээ

Куба улсын төрийн эрхийг 47 жил барьсан экс Ерөнхийлөгч Фидель Кастро гомдол гаргажээ. 87 настай удирдагч Кубад болж байгаа үйл явдлын талаарх мэдээллийг цаг тутам мэдээлэхгүй байна гэсэн гомдлоо  Коммунист намын өдөр тутмын “Granma” сонинд нийтлүүлсэн байна. Энэ сарын 15-ны өдөр гэхэд гомдлыг нь авч хэлэлцэж, хариу өгөхийг мөн хүсчээ. Түүний зүрх тун муу байгаа гэнэ. Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес өнгөрсөн амралтын өдөр “AFP” агентлагт “Фидель Кастро эргэн тойрондоо юу болж байгааг ухаарч чадахгүй болсон. Харах, сонсох, ярих чадвар нь өдрөөс өдөрт муудаж байгаа” гэж онцолжээ. 

Categories
гадаад мэдээ

Их долоо ОХУ-д шаардлага хүргүүлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Европын орнуудад хийж буй айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Белгийн нийслэл Брюссель хотноо “Их 7” уулзалт зохион байгуулсан тухай “ВВС” агентлаг мэдээлэв. Тус уулзалт хямралыг далимдуулж Крымийг өөртөө нэгтгэсэн Оросыг буруутгасан өнгө аястай үргэлжилжээ. Тэд Крымийг Украинд нэгтгэх нь зөв хэмээн үзэж, Орост шаардлага хүргүүлсэн байна. Канцлер Ангела Маркел “Путин зөв шийдвэр гаргах хэрэгтэй. Хэдий бүх нийтийн санал асуулга явагдаж Крым Оросын их газартай нэгдсэн ч Путин тус газар нутгийг Украинд  өгөх хэрэгтэй. Бидний саналыг эсэргүүцсэн тохиолдолд хариу арга хэмжээ авах болно” гэжээ. Герман, Франц, Канадын удирдлагууд Орост шинэ хориг тавих санал гаргасан байна. Харин АНУ, Японы удирдлагууд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзах санал гаргасан гэнэ. Их гүрнүүдийн уулзалтад сүүлийн 17 жилийн хугацаанд анх удаа ОХУ оролцсонгүй. 

Categories
гадаад мэдээ

Хил зөрчигч хүүхдүүд Обамагийн санааг зовоож эхэлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама АНУ-Мексикийн хил дээр үүсээд буй хямралыг шийдвэрлэх зорилгоор төсвөөс нэмэлт хөрөнгө гаргах саналыг өнгөрсөн даваа гарагт Конгресст гаргажээ. АНУ-ын хил хамгаалах байгууллагын гаргасан тайланд Өмнөд Америкийн орнуудаас эцэг, эх хараа хяналтгүй хүүхдүүд хил зөрчих явдал огцом өсч, сүүлийн наймдугаар сард хил зөрчигч хүүхдүүдийн тоо 47 000  болжээ. Тэд нөхцөл байдал хямралын түвшинд хүрсэн гэж дүгнээд байгаа юм.  

Одоогийн байдлаар тус улсын хилийг зөрчин орж ирсэн 60 мянга орчим хүүхдийг байрлуулах, хооллох, гэр оронд нь буцааж илгээхэд зориулан 2.8 тэрбум ам.доллар зарцуулжээ. Энэ тоо цаашид эрчимтэй өсөх хандлага ажиглагдсан учраас нэмж 1.4 тэрбум доллар хэрэгтэй байгаа аж. Ийм шалтгаанаар конгресст ханджээ. Хил зөрчигч хүүхдүүдийг одоогоор цэргийн хоёр ч баазад түр байрлуулж байна. Хүүхдүүдийн ихэнх нь АНУ-д хууль бусаар оршин сууж буй эцэг, эхийгээ зорьж ирдэг гэнэ. Эцэг, эхийг нь  олж уулзуулсны дараа тэднийг АНУ-аас албадан гаргадаг байна. Хил зөрчигч хүүхдүүдийн 90 орчим хувь нь Хондурас, Гуатемала, Эл Салвадор зэрэг орноос ирдэг аж.

Categories
гадаад мэдээ

Японы Ерөнхий сайд Хойд Солонгост айлчилж магадгүй

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ БНАСАУ-д айлчилж магадгүй байна. Энэ тухай Японы Засгийн газрын албан ёсны төлөөлөгч мэдэгдлээ. Саяхан Стокгольм хотноо хоёр талын хэлэлцээ хийж 1970-1980-аад онд БНАСАУ-ын тусгай албаныхны хулгайлсан Японы иргэдийн асуудлыг дахин шалгахаар тохиролцжээ. Үүний хариуд Япон 2006 онд БНАСАУ-ын эсрэг тавьсан хоригийг  хэсэгчлэн хүчингүй болгох санал дэвшүүлсэн байна. Түүгээр ч зогсохгүй Пхеньян хотноо байнгын төлөөлөгчийн газраа нээх асуудлыг ч хэлэлцсэн аж. Хэрвээ Японы Засгийн газрын тэргүүн Шинзо Абэ Хойд Солонгост айлчлах юм бол тус улсын удирдагч Ким Жөн Унтай уулзах нь гарцаагүй гэнэ. 

Categories
гадаад мэдээ

Украинд хоёр онгоц сөнөөжээ

Донецкийн Славянск хотын ардын журамт цэргийнхэн мягмар гаригт Украины нисэх хүчний хоёр онгоцыг сөнөөсөн билээ. Нэг онгоцыг сөнөөсөн нь тоосгон заводын орчим унасан байна. Нисгэгч нь шүхрээр буугаад зугтсан аж. Нөгөө онгоцыг нь Семеновка сууринд руу дайрсан учраас сөнөөжээ. Донецкийн сайн дурын журамт цэргийн төлөөлөгчийн мэдэгдлийн дагуу энэ сарын  3, 4-ний өдрүүдэд хоёр онгоц, хоёр нисдэг тэрэг дөрвөн хуягт техникийг устгажээ.