Categories
гадаад мэдээ

“Sewol” хөлөг онгоцны багийнхныг шүүх хурал үргэлжилж байна

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Өмнөд Солонгосын “Sewol” хөлөг онгоц осолдсон улмаас 300-аад зорчигч амь үрэгдсэн билээ. Тэдний дийлэнх нь сургуулийн сурагч байсан юм. Осол гарахад хайнга хандаж, яаралтай арга хэмжээ аваагүй хэргээр буруутгагдаж буй “Sewol” хөлөг онгоцны багийн 11 гишүүнийг шүүх хурал үргэлжилж байна. Хөлөг онгоцны ахмадын өмгөөлөгч үүнтэй холбогдуулан мэдэгдэл хийхдээ түүний үйлчлүүлэгч санаатайгаар ийм хэрэг үйлдээгүй гээд хүний амь хороосон хэрэг тулгахгүй байхыг шаардаж байгаа юм. Гэвч Өмнөд Солонгосын шүүх уг хэрэгт буруутгаж буй хүмүүст зөөлөн ял оноохгүй байх хэмээн ажиглагчид үзэж байна. 

Categories
гадаад мэдээ

Хятадын тэрбумтан Америкийн ядуучуудыг хооллох гэнэ

Маргааш Нью-Йорк хотноо ер бусын буяны арга хэмжээ болох гэнэ.  Хятадын тэрбумтан Чэн Гуанбяо тус хотын төв цэцэрлэгт хүрээлэнд 1000 орон гэргүй хүмүүсийг цуглуулж хооллох юм байна.  Уг буяны ажиллагааны талаар тодорхой мэдээлэл алга. Ямар ч байсан Хятадын Ардын чөлөөлөх армийн дүрэмт хувцас өмссөн 100 үйлчлэгч хүмүүст үйлчлэх бөгөөд энэ нь Хятадын залуучуудад үлгэр жишээ болох ёстой гэнэ.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

А.Шварценеггерийг Орост суух Элчин сайдаар томилохыг санал болгов

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины ихэд хүндэлж явдаг хүмүүсийн нэг нь Калифорни мужийн амбан захирагч асан, Холливудын нэр жүжигчин А.Шварценеггер гэнэ. Оросын төрийн тэргүүн дэлхийн нэртэй жүжигчидтэй уулзаж ярилцах дуртайгаас гадна спортоор идэвхтэй хичээллэдэг. Тиймээс АНУ-д олон жил ажиллаж амьдарч байгаа  ЗХУ-ын төрийн тэргүүн агсан Н.Хрущевын ач охин Нина Хрущева АНУ-аас ОХУ-д суух Элчин сайдаар А.Шварценеггерийг томилохыг санал болгов. Энэ нь хоёр улсын харилцаанд ч нааштайгаар нөлөөлөх гэнэ. В.Путин, А.Шварценеггер хоёр хоёулаа германаар ярьдаг тул хэл амаа амархан ололцох аж. 

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Ж.Керри Египтэд айлчилж байна

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри шинээр сонгогдсон Египетийн Ерөнхийлөгч Афдель Фаттах аль Сиситэй хэлэлцээ хийхээр  Каирт хотноо хүрэлцэн очжээ. Тэрээр юуны түрүүн хүний эрхийн асуудлыг хөндөх юм байна. Учир Египетийн эрх баригчид саяхан “Лалын ах дүүс” бүлгийн 183 гишүүнд цаазаар авах ял оноосон билээ. Түүнээс гадна Иракийн байдал тогтворгүй байгаагаас  дэлхийн зах зээлд нийлүүлж буй газрын тос тасарсан асуудлыг ч хэлэлцэхээр төлөвлөжээ. 

Categories
гадаад мэдээ

Украины экс Ерөнхийлөгчид В.Путинд захидал бичжээ

Украины Ерөнхийлөгч асан Л.Кравчук, Л.Кучма, В.Ющенко нар ОХУ-ын төрийн тэргүүн В.Путинд хандан захидал бичсэн байна. Уг захидалд “Бид ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд нээлттэй захидал бичихээр шийдсэн юм. Учир нь зэвсэгт мөргөлдөөнийг зогсоох хэрэгтэй. Украин хэлэлцээ хийхэд бэлэн” хэмээн бичжээ. Экс Ерөнхийлөгч Л.Кравчук үүнтэй холбогдуулан мэдэгдэл хийхдээ одоогоор П.Порошенкогийн дэвшүүлээд буй энх тайвныг тогтоох төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэх нь юунаас илүү чухал гэдгийг онцолсон байна. Тиймээс Украины Ерөнхийлөгчийг дэмжих нь маш чухал гэв.Л.Кучма ч үүнтэй ижил мэдэгдэл хийхдээ “Өдгөө Украин орших эс орших асуудал яригдаж байгаа тул энэ нь юунаас ч илүү чухал” хэмээн ярьжээ.

Ю.ДЭЛГЭР

Categories
гадаад мэдээ

БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлал маргааш эхэлнэ

Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 24-26-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Монголын талаас баримтлах удирдамжийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн байна. Энэ айлчлал Монгол Улс, БНХАУ-ын стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, харилцан итгэлцэл, ойлголцлыг бэхжүүлэх, олон улсын болон бүс нутгийн хүрээн дэх хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд түлхэц үзүүлнэ гэж албаныхан хэлж буй.

Мөн ойрын хугацаанд хоёр талын хооронд хэрэгжүүлэх өндөр, дээд хэмжээний түвшний айлчлал, тухайлбал, БНХАУ-ын дарга Си Зиньпинийн манай улсад хийх төрийн айлчлалын бэлтгэлийг хангах, Гадаад харилцааны яамд хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хоёр талын харилцааны болон бусад харилцан сонирхсон асуудлаар мэдээлэл, санал солилцож, нэгдмэл ойлголтод хүрэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж  байгаа юм байна. Айлчлалын үеэр хоёр орны Гадаад харилцааны сайд нар хэлэлцээ хийж, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Шадар сайд, Монгол Хятадын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга Д.Тэрбишдагва нарт бараалхах аж.

Categories
гадаад мэдээ

Терроризмтой холбоотой дуу, дүрс бичлэгийг Хятад улс интернэтээс устгажээ

Хүчирхийлэл болон терроризмыг сурталчилсан дуу, дүрс бичлэгийг интернэтээс устгах кампанит ажлыг Хятад улс өрнүүлж эхэллээ.

Хятадын баруун нутгийн Шинжаан-Уйгурын ӨЗО-ы нийгмийн тогтвортой байдлыг хангах зорилгоор ийм арга хэмжээ авч байна гэж тус улсын Интернэт мэдээллийн газар мэдэгдсэн юм.

Энэ кампанит ажлын хүрээнд терроризмыг сурталчилсан мэдээлэл гадаадаас Хятадад тархахаас холбогдох албаны хүмүүс урьдчилан сэргийлнэ. Хэрвээ онлайнаар терроризм, хүчирхийллийг сурталчилсан мэдээ, мэдээлэл тархвал дүрэм журам зөрчсөн цахим хуудсыг шийтгэх аж.

“Терроризмыг сурталчилсан дуу болон дүрс бичлэгүүд өнөө үед терррист ажиллагаа явуулахад хамгийн их нөлөөлж буй гол хүчин зүйл болоод байна” гэж уг мэдэгдэлд бичжээ.

Шинжааны нийслэл Өрөмч хотод өнгөрсөн тавдугаар сарын 22-нд сүүлийн таван жилд болоогүй хамгийн их цус асгаруулсан өдөр болсон билээ. Тодруулбал, тэнд террорист халдлагад гэмгүй 39 хүн амь үрэгдсэн юм.

Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд Өрөмчийн төмөр замын буудалд болсон халдлагад гурван хүн амь үрэгдэж, 79 хүн гэмтэж бэртсэн. Бас өнгөрсөн гуравдугаар сард Хятадын баруун урд нутгийн Куньмин хотод галт тэрэгний буудалд зэвсэглэсэн этгээдүүд 29 хүнийг хөнөөж, 143 хүнийг шархдуулсан юм.

Цагдаа нарын мэдэгдсэнээр, эдгээр хэргийг үйлдэн баривчлагдсан сэжигтнүүдийн олонх террорист ажиллагаа явуулахдаа террорист халдлагыг харуулсан дуу болон дүрс бичлэгээс санаа авсан байжээ.

Сэжигтнүүдийн олонх нь тэсрэх төхөөрөг хэрхэн хийхийг онлайн хичээлээр сурсан байсан аж.

Categories
гадаад мэдээ

Интернэтэд донтох нь сэтгэл хөдлөлийг үгүй хийдэг болох нь тогтоогджээ

Интернэтэд донтсон өсвөр насны хүүхдийн тархины хариу үйлдэл үзүүлэх чадвар, сэтгэл хөдлөл энгийн хүүхдээс мууддаг болохыг судалгаагаар тогтоожээ.

БНСУ-ын Чүнбүгийн их сургуулийн судлаачид интернэтэд донтсон хүүхдийн тархины хариу үйлдлийг шалгах туршилт хийжээ.

Туршалтад энгийн болон интернэтэд донтсон тус бүр 15 хүүхдийг оролцуулсан байна. Хүүхдүүдэд хялбархан асуулт тавьж, зөв хариулах бүрд нь магтан, эд зүйлээр шагнах зэргээр урамшуулж туршжээ. Ингэхдээ тусгай төхөөрөмж ашиглан хүүхдүүдийн тархины үйл ажиллагааг хянасан байна. Асуулатад зөв хариулах, урамшуулал сонсох зэрэгт энгийн хүүхдийн тархины олон хэсэгт хариу үйлдэл үзүүлэж, сэтгэл хөөрлийн байдал ажиглагдаж байсан бол интернэтэд донтсон хүүхдийн тархи маш бага хэмжээний хариу үйлдэл үзүүлж байжээ. Түүнчлэн тэдний тархинд мансууруулах бодист буюу бусад донтох төрлийн өвчтэй хүмүүсийнхтэй ижил байдал ажиглагдаж байжээ.

Categories
гадаад мэдээ

Хамгийн дур булаам хүмүүс аль улсад байдаг вэ?

Аялал, жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “MissTravel.com” компанийн энэ асуултад хариулсан 100 мянга орчим хэрэглэгчийн үзэж буйгаар, хамгийн дур булаам эмэгтэйчүүд Бразилд, хамгийн дур булаам эрэгтэйчүүд Австралид амьдардаг байна.

Амарч, аялах улсаа сонгоход тус болж магадгүй гэж үзэн хамгийн дур булаам эрчүүд болон эмэгтэйчүүдтэй эхний 10 улсыг дор дурдлаа.

Хамгийн дур булаам эрчүүдтэй эхний 10 улсад Австрали, Итали, Британи, Шотланд, Испани, Америк, Ирланд, Бразил, Канад болон Голланд багтжээ.

Харин хамгийн дур булаам эмэгтэйчүүдтэй эхний 10 улсад Бразил, ОХУ, Колумб, Британи, Филиппин, Испани, Австрали, Болгар, Өмнөд Африк болон Канад орсон байна.

Categories
гадаад мэдээ

Эрдэмтэд боомын халдвар авчээ

АНУ-ын Жоржиа мужийн Атланта хот дахь Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн 75 эрдэмтэн боомын савханцарын халдвар авсан байж болзошгүй гэнэ. Энэ талаар тус төвийн төлөөлөгч Пол Мичэн мэдэгдэхдээ уг хэрэг зургадугаар сарын 13-нд гарсан. Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн харьяа нэгэн лабораторид ажиллаж байсан судлаачид нянгийн идэвхижилтийг бууруулахтай холбогдуулан шаардлагатай арга хэмжээ авах ёстой байжээ. Тодруулбал, боомын савханцрыг нэг лабораториос өөр газарт шилжүүлэхдээ техникийн аюулгүй байдлын дүрэм зөрчсөнөөс судлаачид халдвар авсан байх магадлалтай гэнэ. Боом өвчний нууц үе нь 5-8 хоног байдаг зарим судалгаагаар 60 хоног үргэлжилдэг байна. П.Мичэний ярьснаар халдварын голомтод долоон судлаач ажиллажээ. Урьдчилан сэргийлэх зорилгоор үлдсэн ажилчдыг ч үзлэгт хамруулсан гэнэ. Мөн халдвар авсан судлаачдыг 60 хоногийн турш антибиотик уухыг зөвлөн, боомын эсрэг вакцин тарьжээ. Одоогийн байдлаар дээрх төвд буруутай этгээдийг тодруулахаар ажиллаж байна. Мөн энэ нь санамсаргүй тохиолдол байсан эсэхийг шалгаж байгаа аж. Холбооны мөрдөх товчооны хэвлэлийн төлөөлөгч “Ройтерс” агентлагт өгсөн ярилцлагадаа “Бид энэ талаарх мэдээллийг олон нийтэд ил болгож, тус төвийнхөнтэй хамтран ажиллаж байна. Эл хэрэг нь гэмт хэргийн шинжтэй гэж  хэлэх үндэслэл одоогоор алга” гэв.