Categories
гадаад мэдээ

Ким Жөн Ун тэмцээн зохион байгуулав

БНАСАУ-ын дарга, Солонгосын ардын армийн Ерөнхий дээд командлагч Ким Жөн Ун тэнгисийн цэргийнхний дунд усанд сэлэлтийн тэмцээнийг амжилттай зохион байгуулжээ. “ЦТАК” агентлагийн мэдээлснээр уг арга хэмжээнд баруун, зүүн флотын офицерууд идэвхтэй оролцож, 10 километрийн зайд хүчээ сорьжээ. Умард Солонгосын удирдагч тэмцээнийг нээж үг хэлэхдээ “Усанд сайн сэлэх нь зэвсэгт хүчний байлдааны бэлэн байдалд байхад чухал үүрэг гүйцэтгэнэ” хэмээн цохон тэмдэглэсэн байна. Тэрээр цааш нь “Миний араас урагшаа” гэх уриан дор цэргүүд бэлтгэлээ эрчимтэй хангах хэрэгтэйг онцлоод шинэ үүрэг даалгавар өгчээ. БНАСАУ-ын удирдагчийг Солонгосын ардын армийн төлөөллүүдээс гадна гэргий Ли Соль Жу нь дагалдсан байна. Дашрамд дурдахад, Ким Жөн Ун урьд нь агаарын зэвсэгт хүчнийхний дунд тэмцээн зохион байгуулж байжээ.  

  

Categories
гадаад мэдээ

Жим Керри: “Би бол хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлэх ёстой алиа салбадай”

 

“Маск”, ”Эйс Вентура”, “Бүхнийг чадагч Брюс”, “Худалч худалч” зэрэг киногоороо үзэгчдийн нүднээс нулимс гартал инээлгэж чаддаг жүжигчин Жэймс Жим Керри 1979 оноос эхлэн урлагт хүчин зүтгэх болсон. Тэрбээр анх 17 настайдаа эцэг эхээ тэжээх гэж “Юк Юк” хэмээх театрт хошин шогийн жүжигчнээр ажиллаж, урлагийн гараагаа эхэлсэн гэдэг. Холливүдийн одод түүнийг “солиот” ч гэж хочлох нь бий. Үнэхээр ч өвөрмөц дүр төрх, нүүрний хувирал болон хачирхалтай хэрнээ үнэмшилтэй элэглэл нь түүнийг од болох замд нь хөтөлсөн гэмээр. Жим дэлгэцийн бүтээлд оролцох сонирхолтой байсан ч 1990 он хүртэл түүнд боломж олдоогүй аж. Түүнийг Лос-Анжелесийн инээдмийн киноны дэлгүүрт ажиллаж байхад нь инээдмийн жүжигчин Родни Дэнжирфилд инээдмийн тв шоунд оролцох санал тавьсан аж. Ингээд 1994 онд түүнд алдар нэрийг авчирсан анхны кино буюу “Эйс Вентура” үзэгчдийн хүртээл болоход тэрбээр хэдийнэ 11 кинонд тоглоод амжсан байв. Ингээд гижиг хүргэм инээдмийн жүжигчин Жим Керритэй blunt.com-ийнхон ярилцсаныг сонирхуулъя. 

– Таны бүтээсэн дүрийн олонхи нь инээдмийнх байдаг. Та инээдмийн төрөлд илүү дуртай юм аа даа?

– Мэдээж хүнийг инээлгэж, зовлонг нь түр ч гэсэн мартуулна гэдэг агуу үйл. Хүн инээлгэх дургүй хүн гэж байдаггүй болов уу. Найз нөхөд, гэр бүлтэйгээ байхдаа ч хошигнож, инээд хөөр бэлэглэх дуртай. Харин жүжигчин хүнийхээ хувьд бол инээдмийн төрлөөс илүүтэй уянгын буюу сэтгэлийн утас хөндсөн талдаа сонирхолтой шүү. Би уран бүтээлч хүн учраас бүтээлч байхыг чармайдаг. Хамгийн бүтээлч жүжиглэлт инээдмийнхнээс шаардагддаг юм. Ганц удаа инээлгэхийн тулд олон зүйл бодож, толины өмнө өч төчнөөн янзаар нүүр амаа мурийлгаж, сарийлгана шүү дээ /нүүрээ мурийлгав/.

– Та үргэлж за гэж хэлдэг залуугийн дүр бүтээсэн. Өнгөрсөн амьдралаа эргээд нэг харахад та за гэдэг үү, эсвэл үгүй гэдэг хүн үү?

-Би за гэж хэлдэг хүн нь байсан юм байна. Заримдаа үгүй гэж хэлсэн ч зөвшөөрөх тохиолдол байдаг шүү дээ. Тэр бүхнийг тооцвол би ч бүр гараад өгөх юм байна л даа.

– “Yes Man” кинонд тоглоход тань хүндрэл тулгарч байв уу? Ер нь тэр кинон дээрх Жим Керри амьдрал дээрхтэй хэр адил вэ?

-Би бусдаас илүү эрч хүчтэй, бүтээлч амьдрахыг хүсдэг. Үргэлж шинэ санаа сэдэж, түүнийгээ биелүүлж, үр дүнг нь харж байж санаа минь амардаг хүн. Кинонд тоглоход огт хүндрэл гарсан удаа байгаагүй. Тэр киног чинь нэг шөнийн дотор хийчихсэн юм шүү дээ /инээв/. Тоглосон юм шүү. Миний бодлоор “Yes Man” надаас тэс ондоо хүн биш, би тэр дүрдээ өөрийн зан чанарын өчүүхэн ч гэсэн хэсгийг шингээсэн. Жүжигчин болохоороо олон янзын ааш зантай шүү дээ бид чинь. 

– Таны за гэж хэлсэндээ хамгийн их харамссан үе байдаг уу?

– Одоо хүртэл харамсдаг зүйл байхгүй дээ. Харин харамсдаг байсан гэвэл 11 настайдаа залуу усан цэргийн дугуйланд явахуу гэхэд нь за гэж хэлсэндээ аягүй харамсдаг. Энэ дугуйлан нь цэрэгжүүлсэн байдалтай скаут л гэсэн үг. Тэнд миний үсийг хусч, хүн бүр над руу дайрч, надаар даажигнадаг байсан. Яагаад харамсахаа больсон бэ гэхээр хэрэв би тэр дугуйланд яваагүй бол өдийд ганц ч шүүмжилсэн үг сонсож чадахгүй нялзрай амьтан болох байсан болов уу гэж бодсон юм. Тэгэхээр за гэж хэлэх үргэлж сайн зүйл рүү хөтөлдөг байгаа биз. 

– Тэр кинонд та “банжи” үсрэлт хийдэг шүү дээ. Таны анхных биз дээ?

– Ээ бурхан минь, битгий тэр тухай ярь. Одоо хүртэл нүдэнд харагдаж байна. Үсэрч байхад надад юу бодогдсон гээч үхэл, үхэл бас дахиад үхэл. Ингээд л үхдэг юм байж дээ л гэж бодож байсан. Золтой л өмдөндөө дусаачихаагүй шүү. За жоохон дусаачихсан ч бил үү /инээв/. Би үсрэхээсээ өмнө “Хүмүүс үсрээд л байдаг шүү дээ. Юу нь хэцүү байх аж дээ. Асуудал байхгүй” энэ тэр гэж бодож байсан. Яг унаж байхдаа ёстой “за” гэж хэлсэндээ харамсч байлаа шүү дээ. “Ээ бурхан минь, намайг амьд л үлдээгээрэй. Би ер нь юугаа бодож, ийм зүйл хийж явдаг байна аа” гээд л үй түмэн зүйл бодогддог юм билээ. 

– Та дахиж үсрэх үү?

– Хэзээ ч үгүй. Наад асуултад чинь “үгүй” гээд хариулчихъя /инээв/. Би амьдралдаа нэг удаа үсэрсэн. Амьддаа амжиж хийх ёстой зүйлийн нэг гэдэг зүйлийг хийж үзлээ. Дахиж шаардлага гарсан ч үсрэхгүй байх бүх арга хэмжээг авах болно. Миний “банжи” үсрэлт хийснийг дэлхий даяар мэднэ. Тэд цэнхэр дэлгэцээр харсан. Энэ л байхад хангалттай. Хойд төрөлдөө л үсэрч болох юм. 

-Таныг дэлхийн хамгийн сонирхолтой, хөгжилтэй хүн гэдэг. Үүнтэй санал нийлдэг үү?

-Би хөгжилтэй хүн гэдэгтээ санал нийлнэ. Харин сонирхолтой гэдэг бол харьцангуй ойлголт. Жишээ нь би 2000 хүний дундаас хамгийн сонирхолтой хүн байж болно харин дэлхийд хоёрхон мянган хүн амьдардаггүй шүү дээ. 

– Таныг буддист гэх хүн олон байх юм. Та ямар шашинд сүжиглэдэг вэ? 

-Гэгээн Есүс минь. Би будда, лал, католик шашинд сүжиглэдэг. Хүмүүс намайг ямар шашин шүтээсэй гэж хүснэ би тэр шашинг дагахад бэлэн. Би бол хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлэх ёстой алиа салбадай шүү дээ /инээв/. Үнэндээ би энэ шашин буруу тэр шашин зөв энэ тэр гэх дургүй. Шашин бол шашин бүгд ижил. Тэнд нэг бурхан гэж бий, түүнийг Есүс, Будда, Аллах гэж бид өөрсдөө хувааж нэрлээд байгаад л гол учир нь байгаа гэж боддог хүн. 

Categories
гадаад мэдээ

Бейонси нөлөө бүхий эрхмээр тодорлоо

Алдарт “Forbes” сэтгүүл энэ оны нөлөө бүхий 100 эрхмийг тодруулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Өнгөрсөн жил тэргүүн байранд орж байсан хөтлөгч Опра Уйнфри тавдугаар байранд жагссан аж. Бейонси өнгөрсөн оны зургаадугаар сараас хойш нийт 115 сая ам.долларын орлого олсноос гадна нийгэм, олон нийтийн дунд эзлэх байр сууриараа онгойрсон тул түүнийг энэ оны онцлох эрхмээр тодруулсан гэж тус сэтгүүлийн редакци мэдээлэв.

Бейонси  “95-с топ” хэмээх ганцхан тоглолтоороо 2.4 сая ам.доллар олсон бөгөөд “Forbes”-ийн жагсаалтын зургаадугаар байрт орсон нөхөр Жэй Зитэйгээ хамт энэ зун томоохон хэмжээний аялан тоглолт хийхээр төлөвлөсөн байна.

Дуучны араас Леброн Жэймс, Доктор Дре, Эллен Дежиннерес, Флойд Мэйвээдэр, Рианна, Кейти Перри, бага Роберт Дауни нар эхний аравт багтсан бол Барак Обама 24, Мишель Обама 27, Путин 45-т жагсчээ.

Categories
гадаад мэдээ

Хойд Солонгос, Өмнөд Солонгост түр дайсагналцахгүй байхыг санал болгов

БНАСАУ-ын эрх баригчид Өмнөд Солонгост хандан түр хугацаанд дайсагналцахгүй байх санал дэвшүүлжээ. Гэвч Сөүлээс энэ саналыг хүлээн авахгүй гэдгээ мэдэгдээд “Хойд Солонгосын дэвшүүлж буй санал хуурамч бөгөөд хоёр улсын цэргийн дайсагналцал улам гүнзгийрсэнд Хойд Солонгос буруутай” хэмээн хариу мэдэгдэлдээ онцолсон байна. Зургаадугаар сарын 30-нд Пхеньянаас дээрх санал дэвшүүлэхдээ цэргийн төдийгүй бүх салбарт ийм байдлыг түр зогсоохыг санал болгосон юм. 

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Ачааны онгоц байшин дээр унажээ

Кенийн нийслэл Найроби хотын олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрсөн ачааны онгоц осолдсон байна.Орон нутгийн цагаар өглөөний 4.00 цагт хөөрч удалгүй байшин дээр унасны улмаас дөрвөн хүн амь үрэгджээ. Осол болсон газар түргэн тусламжийн хоёр ч баг ажиллаж байгаа тухай Кенийн хэвлэл мэдээллээ. Одоогоос ослын шалтгааныг тогтоогоогүй байна.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Бразилийн төрийн далбааг шатаасан фанатуудыг баривчлав

Бразил улсад амжилттай үргэлжиж буй хөлбөмбөгийн ДАШТ-ий финал ойртох тусам орон орны фанатуудын сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрч буй. Тус улсын эргүүлийн цагдаа нар Аргентин, Герман улсын шигшээ багийн 50 гаруй фанатыг Бразилийн төрийн далбаатай зүй бусаар харьцаж, галдан шатааж байхад нь саатуулсан тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. Аргентиний шигшээ багийн фанатууд мэдүүлгийнхээ үеэр “Бразилийн шигшээ баг, Наймер бэртэл аваасай хэмээн төрийн далбааг нь шатаасан гэсэн бол Германчууд “Бразил жуулчдын эрхийг ноцтой зөрчиж байна” хэмээн мэдүүлэг өгөхөөс татгалзсан аж. Баригдсан хоёр орны фанатуудаас тус бүр 25 ам.долларын торгууль авч сулласан гэнэ. Германы Хөлбөмбөгийн холбоо тус улсын Ерөнхийлөгч Дилма Русеффээс уучлалт хүсч, иргэдээ соёлтой боловсон байхыг сануулсан байна.

Categories
гадаад мэдээ

Николя Саркозийг баривчлав

Францын экс Ерөнхийлөгч Николя Саркозийг авлига авсан хэмээн буруутгаж, Парист байрлах гэрээс нь албадлагаар баривчилсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Холбооны мөрдөх товчооноос мэдээлсэнээр Николь Саркоз 2007-2012 онд Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, Монакогийн шүүгч Гилберт Азибертийг өндөр албан тушаалд томилж, хариуд нь их хэмжээний мөнгөн хууль бусаар авсан гэнэ. Гилберт Азиберт нь давж заалдах шатны шүүхийн дэд ахлах бөгөөд ирэх даваа гаригт Ерөнхийлөгчтэй хамт шүүх хуралд оролцох гэнэ. Цагдаагийнхан мөн Патрик Сазоуст хэмээх шүүгчийг энэ хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж. Ерөнхийлөгч түүнийг мөн адил өндөр албан тушаалд хууль бусаар томилсон хэмээн таамаглаж буй. Харин экс тэргүүн хатагтай Карла Бруни “Энэ бол хууль бус. Би бүх шатны хуулийн байгууллага болон өнөөгийн Ерөнхийлөгч Франсуа Олландад хүртэл хандах болно” гэж хэлжээ.

Categories
гадаад мэдээ

Хятад хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрчээ

БНХАУ-ын Засгийн газар болзол хангасан гэр бүлийг хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн тухай  “Ройтерс” агентлаг мэдээллээ. Хагас зуун жилийн турш үргэлжилсэн “Нэг гэр бүл нэг хүүхэд” хууль жендерийн асуудалд ноцтой зөрчигдөж, хөгшрөлт газар авч буйтай тэмцэх зорилготойгоор тодорхой болзол хангасан, хүндэтгэх шалтгаантай гэр бүлд хоёр дахь хүүхэд гаргахыг хүлээн зөвшөөрч, хуульд өөрчлөлт оруулжээ. Тус хуульд “Гэр бүлийн нэг нь өргөмөл хүүхэд буюу одоо төрийн албан хаагч”, “0-3 насандаа эцэг, эхээ алдсан”, “500 сая юань буюу түүнээс дээш хөрөнгөтэй мөртлөө эцэг эхийн нэг нь хорт хавдар эсвэл хүнд өвчнөөр өнгөрсөн”, “18 нас хүртлээ асрамжийн газарт амьдарсан одоо төрийн албан хаагч” гэх мэт болзол хангасан гэр бүлийг хоёр дахь хүүхдээ төрүүлэхийг зөвшөөрчээ. НҮБ-ын судалгаагаар “Энэхүү хууль хэрэгжиж эхэлсэнээр 2020 онд хамгийн багадаа 2.5 сая хүүхэд төрнө” гэсэн байна.

Categories
гадаад мэдээ

Байшингийн нурангид 32 хүн амиа алджээ

Энэ долоо хоногийн эхээр Энэтхэгт хуучирч муудсан барилга нурж олон хүний аминд хүрсэн байна. Цагдаа нар болон аврах албаныхан эцсийн байдлаар амиа алдагсдын тоо 32-т хүрсэн тухай мэдээлжээ. Тус улсын Тамил Наду мужийн Ченнайд 11 давхар байшин үргэлжлэн орсон аадар борооны усны түрлэгэнд нурсны улмаас маш их хохирол дагуулсан юм. Аврах албаныхан барилгын нурангид дарагдсан хүмүүсийн тоог нарийвчлан гаргаж, 32 хүн амиа алдаж 20 гаруй хүн сураггүй алга болсон гэжээ. Одоогоор 27 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол барилгын нурангинаас гадна аадар борооны үерт 10 хүн урсан оджээ. Тэднийг амиа алдсан хэмээн Энэтхэгийн хуулийнхан мэдээлсэн байна.

Categories
гадаад мэдээ

Хонконгчууд ардчиллын төлөө жагсчээ

Хонконгийн ардчиллын төлөө жагсаалд 510 мянган хүн оролцсон гэж зохион байгуулагчид мэдээлэв. 1997 онд Хонконг Хятадад эргэн нэгдсэний ойгоор иргэд сонгуулийн ардчиллыг уриалж ийнхүү жагсаал хөдөлгөөн өрнүүлж байгаа гэнэ. Хэдэн өдрийн жагсагчид 800 мянган хүнийг оролцуулсан албан бус санал хураалт явуулсан юм. Тэд ирээдүйн удирдагч болох хүнээ Коммунист намаас биш өөрсдийн хүсэл сонирхлоор сонгох эрхтэй гэдгийг сануулжээ. Гэвч Хонконгийн эрх баригчид уг санал хураалтыг зөвшөөрөх ямар ч хуулийн үндэс байхгүй гэж мэдэгдэв.