Categories
гадаад мэдээ

Чинхуандао боомтод нүүрсний үнэ тонн тутамдаа 495 юань болон буурчээ

Чинхуандао боомтод 5,500 ккал илчлэгтэй нүүрсний үнэ өнгөрсөн долоо хоногт сүүлийн долоо орчим жилийнхээ доод түвшинд хүрч буурсан байна. Өөрөөр хэлбэл нэг тонн эрчим хүчний нүүрсний үнэ дунджаар 495 юань болсон тухай Хятадын Нүүрс тээвэрлэлт, түгээлтийн ассоциаци мэдээллээ.

Харин боомтын нүүрсний нөөц 7.15 сая тонн болж өмнөх долоо хоногийнхоос 192 мянган тонноор мөн буурчээ. Урд хөршийн эдийн засгийн өсөлт удааширсантай холбоотойгоор дотоодын эрчим хүчний нүүрсний хэрэглээ багассан болохыг Хятадын Нүүрсний тээвэрлэлт, түгээлтийн ассоциаци онцолсон байна. Нүүрсний үнэ ирэх есдүгээр сард эрчим хүчний эрэлт өсөх хүртэл сэргэхгүй гэж үзсэн байна. Үүнээс гадна Хятадад нүүрс олборлолтоороо тэргүүлэгч “Shenhua Group”, борлуулалтаа нэмэгдүүлэх хүрээнд урт хугацааны түншүүддээ эрчим хүчний нүүрсний үнээ таван юаниар бууруулсан байна.

Categories
гадаад мэдээ

Оросын БХЯ мэдээлэл хийв

-“Боинг” унах агшинд тэр цэгт цэргийн онгоц байжээ-

Malaysia Airlines компанийн «Боинга-777» унах агшинд тэр цэгт Украины байлдааны Су-25 байсан ба хоёр онгоцны хоорондын зай 3-4 километрээс хэтрээгүй байв. Энэ тухай Malaysia Airlines  компанийн «Боинг-777»  онгоцыг 2014 оны долдугаар сарын 17-нд устгасантай холбоотой хэргийн талаарх Оросын Батлан хамгаалах яамны тусгай брифинг дээр мэдэгдсэн байв. Тусгай хэвлэлийн бага хурлыг ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын Оперативын төв газрын дарга дэслэгч генерал Андрей Картаполов долдугаар сарын 22-нд хийлгэсэн байна.

Тэр  тэмдэглэхдээ, Су-25 онгоц нь  маш богино хугацаанд 10 мянган метрийн өндрийг авах чадвартай гэв. “ Мөн 12 км-ийн алсын байг барин сөнөөх чадвартай  “агаар-агаар” ангиллын “Р-60”  пуужингууд  байгаа. Байг сөнөөх баталгаатай тусгал нь таван км-ын дотор” гэж генерал мэдэгдэв. Энэ үеэр Цэргийн нисэх хүчний штабын дарга дэслэгч генерал Игорь Макушев үг нэмэн “ Украины албаны хүмүүс тэр өдөр Украины байлдааны онгоцнууд  онгоцны ослын районд байгаагүй хэмээн мэдэгдэж байсан” гэж сануулав.

Үүнээс гадна Боинг задран унах  үеийн 17:21 цагт мөн тэр цэгт байлдааны онгоц байж магадгүй бас нэг нисэх аппаратыг дөрвөн минутын турш Оросын нутаг дэвсгэр дэх Усть-Донецк ба Бутурино дахь радиолокацийн постууд  ажигласан. Өмнө нь тэр онгоцыг  нислэгийнх нь өндрөөс болон  илрүүлж чадаагүй байв. Тэр бүсийн агаарын орон зайг  хянах  жижүүрийн төхөөрөмжүүд нь агаарын орон зайг 5000 метрийн өндрөөс эхлэн хянаж чаддаг  ажээ.

Оросын Батлан хамгаалах яам, Малайзийн онгоц 2014 оны долдугаар сарын 17-ны өдөр сүйрсэн районы хиймэл дагуулын болон радиотехникийн хяналтын зургуудыг танилцуулсан байна. Районд Украины зэвсэгт хүчний зенитийн пуужингийн “Бук” цогцолборын (ЗПЦ) гурваас доошгүй дивизионыг  байрлуулсан байв. Бодит хяналтын  хэрэгслүүдээр 17-ны өдөр зенитийн пуужингийн “Бук” цогцолборын радиолокацийн   9С18 «Купол» станцуудын  ажиллагааны идэвхжилийг бүртгэсэн байлаа.  Нийтдээ есөн станц ажиллаж байжээ.  Харин 15 ба 16-ны өдөр  тус бүр 7 ба 8 радар  9С18, 18-наас эхлэн 2-3 энэ төрлийн станцууд ажиллаж байсан байна.

 Оросын Батлан хамгаалах яам АНУ-ын Цэргийн яаманд хандан хиймэл дагуулын тагнуулын зургуудаа танилцуулахыг хүслээ. Андрей Карталовын мэдээлснээр, Малайзийн онгоц сүйрэх үеэр  районы дээгүүр пуужингийн харвалтыг бүртгэн хянах зориултын АНУ-ын Зэвсэгт хүчний  тагнуулын хиймэл дагуул нисч байсан байна.

Ослын ба өмнөх өдрүүдийн Украины  зенитийн пуужингийн “Бук” цогцолборын байрлалыг харуулсан Оросын цэргийн хиймэл дагуулуудаас авсан гэрэл зургуудыг танилцууллаа. Эхний гурван зураг нь долдугаар сарын 14-ны өдрийнх гэдгийг  Картаполов тайлбарлав. “Эхний зурагт, “Бук” ЗПЦ-ын  харвах төхөөрөмжүүд Луганскаас  баруун хойд зүгт 8 км-ийн зайд байрласан байгаа. Зурагт та бүгд өөрөө явагч төхөөрөмж мөн хоёр цэнэглэн харвагч машинуудыг харж байна. Дараагийн зурагт нь, Донецкийн ойролцоох радиолокацийн станцуудыг үзүүлсэн байгаа” гэж генерал хэлэв.

Донецкийн район дахь Агаараас хамгаалах  техникийн байрлалыг гурав дахь зурагт үзүүлсэн ба тэнд өөрөө явагч галын төхөөрөмж, цэргийн болон тусгай техникийн 60 орчим нэгж сайн харагдана гэж генерал хэлэв. “Эдгээр районуудын зургийг 17-ны өдөр авсан байгаа. Тэнд  пуужин харвах төхөөрөмж  харагдахаа больжээ. Тав дахь зурагт, тэр өдрийн өглөө Донецкаас  баруун тийш 50 км-т, Шахтерсскаас найман км-ын зайтай Зарощинское суурины ойролцоо “Бук” ЗПЦ-ын батарей байгаа нь харагдаж байна” хэмээн генерал тайлбарлав.

“Эмгэнэлт хэрэг гарахын өмнөхөн сайн дурын цэргийнхний хяналтын бүсийн орчим яагаад тэр батарейг байрлуулав? гэсэн асуудал үүсч байна. Энэ  районы зургийг 18-ны өдөр авахад батарей эзэлж байсан байрлалаа орхисон байлаа хэмээн Картаполов тэмдэглэв.

Порошенко Украины дайрагч онгоц “Боингийн” осолд  хамаатайг үгүйсгэлээ


Малайзийн “Боинг”-тай  нэг цэгт  Украины дайрагч Су-25 онгоц онгоц  зэрэгцэн ниссэн гэх Оросын Батлан хамгаалах яамны  мэдэгдлийг  Украины ерөнхийлөгч Петр Порошенко худлаа гэж үгүйсгэсэн тухай ИТАР-ТАСС дамжууллаа. Донбассын тэнгэрт агаарын хөлөг сүйрсний нөхцөл байдлын талаарх асуултад хариулах  баримтууд Киевт байгаа гэж Порошенко мэдэгдэв.

Тэрээр америкийн CNN телевизид  ярилцлага өгөхдөө, Оросын Батлан хамгаалах яамны  мэдэгдлийг “Энэ бол худлаа” гэж Украины ерөнхийлөгч мэдэгджээ. Мөн тэрээр “хэзээ, хаана, хэн гэдэг асуултад хариу өгөх гэрчлэх баримт байгаа гэв. Украины ерөнхийлөгчийн хэвлэлийн алба,  Украин бүх материалуудыг  онгоцны сүйрлийг мөрдөж байгаа олон улсын шинжээчдын  комисст өгөхөд бэлэн  гэж мэдэгдсэн байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Categories
гадаад мэдээ

“Севол” онгоцны эзний цогцос олджээ

Өнгөрөгч дөрөвдүгээр сард осолдсон Өмнөд Солонгосын “Севол” гатлага онгоцыг эзэмшигч “Чонхэжин Марин” компанийн эзэн Ю Бён-Онийг эрэн сурвалжилж байсан юм. 73 настай Ю Бён Он онгоцны ослын дараа сураггүй алга болоод байсан бөгөөд түүний цогцос олджээ. Сөүл хотоос урагш Сунчеон хотын ойролцоо чавганы талбайгаас Ю Бён Оны цогцос өнгөрөгч зургадугаар сарын 12-нд олдсон байна. Ю Бён Оны эхнэр болон ахыг нь баривчлаад байгаа бол Парист буй охиныг нь шилжүүлж авахаар ярилцаж байгаа аж. Энэ талаар тус улсын цагдаагийн газраас мэдээллээд байна.

Гатлага онгоцны ослын хэрэгт хөлгийн ахмад 69 настай И Жун-сук болон багийн гишүүн 15 хүнийг шүүх хурал Сөүл хотноо үргэлжилж байна. Уг онгоцонд амиа алдагсадын гэр бүлийнхэн шүүх хурлыг хэтэрхий удааширч байгаа талаар шүүмжилж байгаа билээ.

Хэргийг сануулахад, Инчоноос Чежүг чиглэн далайд гарсан “Севол” гатлага онгоц өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-нд Жиндо арлын ойролцоо осолдож, живсэн. Хөлөгт 476 хүн зорчиж явснаас 172 хүн аврагдаж, 294 хүн амь насаа алдаж, 10 зорчигч одоог хүртэл ор сураггүй байна. Зорчигчдын дунд Ансан хотын Данвон ахлах сургуулийн 17-18 насны 325 сурагчийн 70 нь, тус сургуулийн 14 багшийн гурван нь амь аврагдсан билээ.  

Осол болсноос хойш амиа алдагсадын цогцосыг хайх ажиллагаа үргэлжилсээр байна. Аврах ажиллагаанд оролцож байсан 53 настай иргэн Ким тавдугаар сарын 6-ны өдөр далайд орсон боловч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан бол өнгөрөгч долоо хоногт дахин таван иргэн амиа алдлаа. Ор сураггүй алга бологсдыг эрэн хайх ажилд 34 хоногийн турш ажиллаад буцахдаа онгоцтойгоо осолдож, хоёр нисгэгч, гал унтраах ангийн гурван гал сөнөөгч амиа алдсан. Долдугаар сраын 17-ны өдөр аврах ажиллагаад оролцоод буцаж явсан уг онгоц Гуанжү хотын өндөр барилгын дээгүүр нисэж байхдаа гэнэт галд өртөж, газарт унан дэлбэрчээ. Ийнхүү амиа алдагсадыг хайх ажиллагаанд оролцож байсан зургаан иргэн амиа алдаад байна.

Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 16-ны өдөр онгоцны ослын дараа сураггүй алга болоод байсан Ю Бён-Оны цогцос зургадугаар сарын 12-нд олджээ. Маш их ялзарч муудсан цогцосны дэргэд хэдэн архины шил байсан бөгөөд түүнийг танихын тулд төрсөн ахаас нь генийн шинжилгээ авч, харьцуулжээ.

“Севол” гатлага онгоцыг эзэмшигч “Чонхэжин Марин” компанийн эзэн Ю Бён-Он 1984 онд.

Categories
гадаад мэдээ

Малайзын онгоцны талаар мэдэгдэл гаргав

УКРАЙНД ОСОЛДСОН МАЛАЙЗЫН ОНГОЦНЫ ТАЛААР ЕАБХАБ-ын БАЙНГЫН ЗӨВЛӨЛ МЭДЭГДЭЛ ГАРГАВ


Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын /ЕАБХАБ/ гишүүн улсуудын Элчин сайд буюу Байнгын төлөөлөгчдөөс бүрддэг тус байгууллагын Байнгын зөвлөл долоо хоног тутам хуралдаан хийдэг. ЕАБХАБ-ын Байнгын зөвлөл 2014 оны долдугаар сарын 18-ны өдөр хуралдаж, Малайзын МН-17 зорчигч тээврийн онгоц Украинд осолдсонтой холбогдуулан мэдэгдэл гаргав.

Энэхүү мэдэгдэлд ЕАБХАБ-ын 57 гишүүн улс ОХУ, Украин, ЕАБХАБ-ын Гурван талын холбоо тогтоох бүлгийн үйл ажиллагааны хүрээнд гал зогсоох нөхцлийг бүрдүүлж, улмаар Украины зүүн хэсэгт үүссэн хямралыг эцэслэхийн төлөө байгааг илэрхийлэв.

ЕАБХАБ-ын Ажиглагчдын тусгай баг болон олон улсын байгууллагын холбогдох бусад төлөөлөгчдийг ослын газарт цаг алдалгүй оруулах, аюулгүй байдлыг нь хангахыг мөн шаардсан байна. Сүйрсэн онгоцноос үлдсэн хэсэг, тоног төхөөрөмжийн хэсэг, амь үрэгдэгсдийн эд зүйлсд хүрэх, устгах, хөдөлгөхөөс зайлсхийж, осол болсон газрыг хөндөхгүй байхыг уриалав.

Мөн мэдэгдэлд нээлттэй, ил тод, бие даасан олон улсын мөрдөн байцаах ажлыг Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага /ИКАО/-тай хамтран Украин, Малайз, Нидерландын Засгийн газрын болон бусад холбогдох техникийн, шүүх эмнэлгийн болон бүс нутгийн экспертуудын оролцоотойгоор эхлүүлэх уриалгыг дэмжиж буйгаа Байнгын зөвлөл илэрхийлсэн байна.

Дээрх мэдэгдлийг гаргасантай холбогдуулан Вена дахь Монгол Улсын Байнгын төлөөлөгч Г.Батжаргал ЕАБХАБ-ын Гурван талын холбоо тогтоох бүлэг, Ажиглагчдын тусгай баг зэрэг нэгжүүдийн Украин дахь нөхцөл байдлыг намжаах чиглэлээр хийж буй үйл ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн сацуу амь үрэгдэгсдийн гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн мэдэгдэл гаргав.

Categories
гадаад мэдээ

Малайзын онгоц осолдoхоос өмнөхөн өөр онгоцууд нисэж өнгөрсөн

ХАНОЙ. /Ёнхап/. Малайзын онгоц осолдохоос хэдэн цагийн өмнө тухайн агаарын замаар бусад хэд хэдэн улсын онгоц нисэж өнгөрсөн аж.

Онгоц осолдсон “MH 17” агаарын зам нь Олон улсын агаарын зорчигч тээврийн байгууллагаас аюулгүй зам хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд олон улсын агаарын тээврийн компаниудын өргөнөөр ашигладаг зам гэж Малайзын Зам тээврийн яамнаас мэдэгдсэн байна. Ази номхон далайн агаарын тээврийн холбооны гишүүн 16 компанийн 15 нь уг агаарын замыг ашигладаг байна. Харин Малайзын онгоцны ослын дараагаас Олон улсын агаарын тээврийн нийгэмлэгээс тус замыг цуцалжээ. Хятад, АНУ, Австрали зэрэг орны агаарын тээврийн компаниуд сүүлийн үеийн Украины нөхцөл байдалтай холбогдуулан тус улсын агаарын хилээр нэвтрэн өнгөрөх замаас татгалзаж өөр замыг сонгож ирсэн аж.

Харин ослыг шалгах явцад хөдөлгүүр пуужинд оногдсоны дараа онгоц дэлбэрсэн болохыг тогтоожээ. Онгоц агаарт 10 мянган метрийн өндөрт пуужинд оногдох үед онгоцон доторх даралт унаж, амьсгалах боломжгүй болсноос зорчигчид ухаан балартсан байх гэж шинжээчид таамаглаж байна. 70 килограмм жинтэй пуужингийн хошууны дэлбэрэлт 20 метрийн радиус дахь зүйлсийг дэлбэлж, үүнд онгоцны хөдөлгүүр болон удирдлагын систем өртөж улмаар онгоц дэлбэрсэн гэж Малайзын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. НҮБ-ын зэвсгийн шинжээч Брюс Лозэгийн үзэж буйгаар, онгоц сүйрэх үед эхлээд хөдөлгүүр, удирдлагын систем дэлбэрсний дараа түлшний сав дэлбэрч, онгоцны нэг талын далавч олон хэсэг болон хуваагдсан аж. Түүнчлэн онгоц пуужинд оногдсоноос хэдхэн минутын дараа газарт унасан учир нисгэгч ослын дохио илгээж амжаагүй байх гэж Брюс Лозэ хэлжээ. Мөн онгоцны осолдсон нөхцөл байдлыг нарийн тогтоохыг тулд онгоцны бутарсан хэсгүүдийн тархсан талбайг хэмжих шаардлагатай байгаа боловч Украины салан тусгаарлах хүчнийхэн ослын газрын ойр орчимд шалгалт шинжилгээ хийхэд саад учруулж байна гэж Брюс Лозэ хэлэв.

Categories
гадаад мэдээ

Израйль Газын зурвасын эмнэлгийг бөмбөгдөв

Израйлийн агаарын довтолгоонд Газын зурвасын Деир ал-Балах дахь Аль-Акса эмнэлэг өртөж, таван хүн нас барж, 70 гаруй хүн шархадсан тухай Палестины тал мэдээлэв. Энэ хооронд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Газын зурвас дахь хүмүүнлэгийн тусламжид 47 сая доллар илгээнэ гэжээ. Газын эмнэлэгт гарсан халдлагад 16 хүүхэд өртсөн гэж Эрүүл мэндийн яам мэдэгдсэн байна. Хоёр долоо хоногийн турш үргэлжилсэн тулаанд 170 цэрэг амиа алдсан гэж Израйлийн тал онцлов. Палестины эмч нарын хэлснээр Израйлийн хуягт танкууд эмнэлгийн хүлээн авах, эрчимт эмчилгээний тасгийг мөргөсөн гэнэ. Улаан загалмай нийгэмлэгийн ажилтнууд шархадсан хүмүүсийг эмнэлгээс гаргаж, түргэн тусламж хүргэж байна. Израйль 131 удаа минёмот, пуужингаар гал нээсний 108 нь байгаа оножээ. Эдгээр халдлагаас үүдсэн хохирлын талаарх мэдээлэл цацагдаагүй байна.

Categories
гадаад мэдээ

Хятад дахь хэрэглэгчдээсээ хүлцэл өчжээ

АНУ-ын түргэн хоол үйлдвэрлэгч “McDonalds”, “KFC”, “Pizza Hut” нарын хамтарсан “Yum Brands”  компани Хятад дахь үйлчлүүлэгчдээсээ хүлцэл өчжээ. Тус байгууллагын Шанхай дахь салбарт муудсан махаар үйлчилж, хүнсний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн нь шалгалтаар илэрсэн байна. “Yum Brands”-ийн хүнсний түүхий эд худалдан авдаг “OSI Group” үнэр орсон мах нийлүүлснээс болжээ. Шалгалтаар тус байгууллага нь махандаа  үнэр оруулахаас сэргийлсэн химийн бодис хийдэг байсныг тогтоосон байна. “OSI Group” нь дэлхий даяар 50 гаруй үйлдвэртэй аж. Хоёр жилийн өмнө тус компанийн ашиг таван тэрбум ам.доллар байжээ. 

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
гадаад мэдээ

Их Британийн бяцхан ханхүү өнөөдөр нэг нас хүрнэ

Их Британийн бяцхан ханхүү Жорж Александр Луисийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байгаа ч өнгөрсөн долоо хоногоос түүнд баярын мэндийг хэдийнэ хүргээд эхэлжээ. Хэд хэдэн нэртэй сэтгүүл ханхүүгийн зургийг эхний нүүрэндээ тавьж, баярын мэнд хүргэсэн байна.  Кембрижийн гүн Уильямын гэргий Кейт Миддлтон 2013 оны долдугаар сарын 22-нд нярайлж, Жорж хүү мэндэлсэн билээ. Их Британийн хатан хаан II Элизабет Букингемийн  ордонд ханхүүгийн төрсөн өдөрт зориулж хүндэтгэлийн арга хэмжээг өнөөдөр зохион байгуулах гэнэ. Уг арга хэмжээнд Кембрижийн гүнгийн ахайтны аав Майкл Миддлтон, ээж Кэрол Миддлтон нарыг урьжээ. Мөн Лондон хотноо Жорж ханхүүгийн мэндэлсэн өдөрт зориулж “Эгдүүтэй хаан” баярын парад болох талаар “Дэйли Мэйл”-д мэдээлэв. Харин Жоржийн эцэг Кембрижийн гүн Уильям твитертээ “Миний баяр баясгалан амь амьдрал минь нэг нас хүрлээ. Жоржид төрсөн өдрийн баярын мэнд хүргэе” хэмээн жиргэж зургийг нь байршуулжээ. Уильям, Кейт нар хүүдээ туулай бэлэглэсэн байна. Үүний зэрэгцээ АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама Жорж ханхүүд “Шидэт үлгэр” хэмээх цуврал ном бэлэглэжээ. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Матрёшка”, Ерөнхий сайд Дэвид Кэмерон “Тэди баавгай” дурсгаад буй. Мөн нэрт хөлбөмбөгчин Дэвид Бэкхам 25 мянган ам.долларын үнэ бүхий тоглоомон машин ханхүүд бэлэглэсэн бол Их Британийн хаан ширээг өв залгамжлагчдын нэг ханхүү Харри бяцхан дүүдээ өдрийн тэмдэглэлээрээ бэлэг барьжээ.

Ханхүү Жоржийн  төрсөн өдрөөр цөөн тооны тавтын мөнгөн зоосыг үйлдвэрлэхээр болсныг олон улсын хэвлэлүүд “ард түмний бэлэг” хэмээн онцолж байгаа аж. Энэхүү зоос 1960 оноос хойш хаан угсааны гэр бүлийнхэнд зориулан гаргаж буй анхны загалмай бүхий зоос гэнэ. 7500 ширхэгийг үйлдвэрлэж, тус бүрийг нь 136 ам.доллараар худалдах юм байна.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
гадаад мэдээ

Дэлхийн хамгийн том цэнгэлдэх хүрээлэн Филиппинд нээгдлээ

Филиппиний  нийслэл Манилад дэлхийн хамгийн том цэнгэлдэх хүрээлэнгийн нээлт өчигдөр боллоо. Тууз хайчлах ёслолын арга хэмжээнд тус улсын Ерөнхийлөгч Бениньо Акино оролцсон байна. Манила хотын захад байрлах Бокау хэмээх газарт энэхүү цэнгэлдэх хүрээлэнг босгожээ. Нийт 55 мянган суудалтай бөгөөд Филиппиний нөлөө бүхий шашны байгууллага болох Христийн сүмээс санхүүжүүлсэн байна. Б.Акино онцлохдоо “Бид дэлхийн гүрэн улсуудаас юугаараа ч дутахгүй гэдгээ баталлаа” гэжээ. Цэнгэлдэх хүрээлэнгийн нээлт Христийн сүмийн 100 жилийн ойтой давхацснаараа онцлог болсон хэмээн орон нутгийн хэвлэлд мэдээлжээ.

Categories
гадаад мэдээ

Сүүлийн 30 жилд гарсан онгоцны томоохон ослууд

Нэг өдрийн өмнө Малайзын зорчигч тээврийн “Боинг-777” онгоц Украины зүүн нутагт осолдон 298 хүн амиа алдсан хэрэг гарсан. Украин улс онгоцыг пуужинд оногдож сүйрсэн гэж үзэж буй. Энэ он гарсаар дөрөвхөн сарын зайтай хэдэн зуун хүний амийг авсан онгоцны ослууд дараалан гарч, түүхэнд хараар бичигдэн үлдлээ. 1980-аад оноос энэ оны гуравдугаар сарыг хүртэл дэлхийн түүхэнд гарсан онгоцны томоохон ослуудыг “Ёнхап” жагсаасан байна. Үүнд:

-БНСУ-ын “Korean Air” компанийн “KAL007” нислэгийн дугаартай “Боинг 747” нисэх онгоц Сахалины дээгүүр нисэж байхдаа ЗХУ-ын цэргийн пуужинд оногдон сүйрч, онгоцонд сууж явсан 269 зорчигч амиа алдсан байна.

-1987 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр БНСУ-ын “Korean Air” компанийн “Боинг 707” онгоц Энэтхэгийн далай дээгүүр нисэж байхдаа БНАСАУ-ын тагнуулын ажилтан Ким Хён Хыгийн халдлагад өртөн дэлбэрч, 115 зорчигч амиа алджээ.

-1994 оны дөрөвдүгээр сарын 26-нд Хятадын “China Airlines” компанийн “Аэробус А300” онгоц Японы Нагоягийн нисэх буудалд газардах үедээ шатаж, 264 зорчигчийн амийг авсан осол гарсан.

-1996 оны долдугаар сарын 17-нд АНУ-ын “Trans World Airlines” компанийн “Боинг 747” онгоц агаарт дэлбэрч, Нью-Йоркийн Лонг-Айлендын ойролцоо далайд унаж, онгоцонд сууж явсан 230 хүн амь үрэгдсэн.

-1996 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Саудын Арабын “Saudia Airlines” компанийн “Боинг 747” онгоц Энэтхэгийн нийслэл Шинэ-Дели хотын ойролцоо Казахстаны ачааны онгоцтой мөргөлдөж 349 хүн амь эрсэджээ.

-1997 оны наймдугаар сарын 6-ны өдөр БНСУ-ын “Korean Air” компанийн “Боинг 747” онгоц Гуамд осолдож 228 хүн амь насаараа хохирсон.

-1997 оны есдүгээр сарын 26-ны өдөр Индонезийн “Garuda Indonesia” компанийн “Аэробус А300” онгоц Индонезийн Медан нисэх буудлын ойролцоо осолдож 234 хүн амь эрсэдсэн.

-1998 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр Хятадын “China Airlines” компанийн “Аэробус А300” онгоц Тайпэй хотын нисэх буудалд газардах үедээ осолдон 203 хүн амь үрэгджээ.

-1998 оны есдүгээр сарын 2-ны өдөр “Swissair” компанийн “MD-11” онгоц Канадын Нова Шотландын ойролцоо Атлантын далайд унаж 229 хүн амь үрэгдэв.

-1999 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Египетийн “Egypt Air” компанийн “Боинг 747” онгоц АНУ-ын Массачусетс муж улсын “Nantucket Memorial” нисэх буудлын ойролцоо осолдож, 217 хүн амь насаараа хохиров.

-2001 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “American Airline” компанийн “Аэробус А300” онгоц Нью-Йоркийн “John F. Kennedy” нисэх буудлаас хөөрч байх үедээ осолдон 265 зорчигч амь үрэгджээ.

-2002 оны тавдугаар сарын 25-ны өдөр “China Airlines” компанийн “Боинг 747” онгоц агаарт хуваагдан Таиваны далайн эргийн ойролцоо унаж, 225 хүн амиа алдсан байна.

-2003 оны есдүгээр сарын 19-ны өдөр Ираны цэргийн онгоц осолдон 275 хүн амь үрэгджээ.

-2009 оны зургадугаар сарын 1-ний өдөр “Air France” компанийн “Аэробус А300” онгоц Бразилын Рио-Де-Жанейро хотын нисэх буудлаас хөөрч Атлантын далайд осолдон 228 хүн амь үрэгдсэн байна.

-2009 оны зургадугаар сарын 30-ны өдөр Йемений  төрийн өмчийн агаарын тээврийн “Yemenia” компанийн “Аэробус А300” онгоц  Йемений нисэх буудлаас хөөрч, Коморын холбооны арлуудын ойролцоо далайн усанд осолдсоны улмаас 153 зорчигчийн дөнгөж нэг нь л амьд гарчээ.