Categories
гадаад мэдээ

Алжирын онгоцны ослыг шалгаж эхлэв

Буркина-Фасо улсын нийслэл Уагадугу хотоос Алжирын нийслэл рүү нислэг үйлдэж явсан Алжирын агаарын тээврийн компанийн онгоц өнгөрсөн пүрэв гаригт Мали улсад осолдсон. Ослыг мөрдөн шалгах ажлыг Франц болон олон улсын мэргэжилтнүүд Мали улсад эхлүүлжээ. McDonnell 83 онгоцны хар хайрцаг Мали улсын зүүн хойд хэсэгт орших Госси мужаас олдсон билээ. Хар хайрцганд дүн шинжилгээ хийх зорилгоор Францын эрх баригчдад хүлээлгэн өгөх юм байна. Онгоцны сүйрлийн шалтгаан одоогоор тодорхой бус байгаа ч хэд хэдэн таамаг дэвшүүлээд буй. Сахарын цөлд хүчтэй шуурга болж, эргэн тойрон харагдахгүй байсан учир чиглэлээ өөрчлөх хүсэлтийг тус онгоцноос ирүүлсэн байна.  Цаг агаарын таагүй байдлын улмаас онгоц чиглэлээ өөрчилсөн нь ослын шалтгаан болсон гэсэн таамаг байна.

Categories
гадаад мэдээ

Францад онгоцны ослоос болж гашуудал зарлав

Мали улсын хойд нутагт Air Algerie  компанийн агаарын хөлөг сүйрсэнтэйгээр холбоотой гурав хоногийн гашуудлыг Францад зарлаад байна. Төрийн бүх байгууллагад гашуудлын далбаа өлгөсөн  байна. Алжирийн онгоцны сүйрлээр Францын 54 иргэн амиа алдсан юм.  Францын ерөнхийлөгч Франсуа Олланд Гадаад хэргийн яаманд  амь үрэгдэгсдийн ар гэрийнхний 150 орчим хүнийг хүлээн авч уулзан сайд нарынхаа хамт тэдний асуултанд хариу өглөө. Буркина-Фасогоос  Алжир руу нисч байсан  онгоц нислэгийнхээ 50 минутын дараа  сүйрсэн юм. Ослын шалтгаан тодорхойгүй байгаа аж. Хамгийн их магадлалтай хувилбар нь онгоц аянгын бүсэд орсон гэх таамаглал гэнэ. 

Categories
гадаад мэдээ

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл яаралтай хуралдлаа

Газын зурвас нутагт байдал улам ээдрээтэй болсон тул НҮБ-ын Аюулгүй зөвлөл яаралтай хуралдлаа. Өнгөрсөн шөнө болсон хуралдаанаар Палестин болон Израилийн талд хандан галыг даруйхан зогсоох тухай тунхаг бичиг гаргахаар болжээ. Өчигдөр ХАМАС бүлэг болон Израиль нь харилцан довтолсон бөгөөд нөхцөл байдал улам ээдрээтэй болсонд бие биеэ буруутгасаар байна.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Эбола вирустай тэмцэх үүднээс Либери хилээ хаалаа

Эбола вирусийн халдварыг газар авхуулахгүйн тулд Либери улс өчигдрөөс эхлэн хилээ хаах шийдвэр гаргалаа. Уг вирусын халдварын улмаас одоогийн байдлаар  660 хүн нас бараад байгаа юм. Сүүлийн үед дэлхий нийтийн анхаарлын төвд ороод буй эбола вирус нь Африкийн орнуудад нэлээд хурдтайгаар тархсаар байна. Гвиней, Сьерра-Леоноос гадна  хэдхэн хоногийн өмнө Лагос улсын нэгэн иргэд халдвар авсан тухай мэдээлсэн юм. 

Одоогоор уг өвчний эсрэг вакцин байхгүй бөгөөд халдвар авсан хүмүүсийн 90 хувь нас бардаг аж.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Sewol онгоцноос амьд үлдсэн сурагчид үгээ хэлнэ

473 зорчигч тээвэрлэж явсан Өмнөд Солонгосын  Sewol усан онгоц дөрөвдүгээр сарын 16-нд  живсэн юм.Ослын улмаас 294 хүн амь насаа алдсаны ихэнх нь хүүхдүүд байсан билээ. Өнөөг хүртэл 10 хүн сураггүй байгаа. Энэ ослоос  амьд гарсан сурагчид өнөөдөр анх удаа болох шүүх хуралд мэдүүлэг өгөх юм байна. Хөлгийн багийн ахмад болон бусад гурван гишүүнийг хүн амины хэрэгт буруутгаж буй. Үлдсэн 11 гишүүнийг ажил үүргээ хайхрамжгүй биелүүлсэн, далайн хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа аж. 

Categories
гадаад мэдээ

246.7 кг жинтэй махчин загас барьж дэлхийн дээд амжилт тогтоолоо

Өмнөд Калифорнигаас Патрик Эгэр хэмээх загасчин эр 544 паунд буюу 246.7 кг жинтэй махчин загас барьж дэлхийд рекорд тогтоолоо. Тэрээр “Энэхүү аварга загасыг барихад ихээхэн бэрхшээлтэй нүүр тулсан. Бидний завийг хөмрүүлчих шахсан шүү. Загасны дэгээгээ чирч давхиад л, усан онгоцны ёроолыг сүүлээрээ нүдээд л. Их л сүрдмээр байсан даа” гэв.  Загасны махаа Лос-Анжелосын асрамжийн газар болон ядуу өрхөд хандивлах гэнэ. 

М.Эрдэнэ

Categories
гадаад мэдээ

Хятадад цусан улаан өнгөтэй гол урсаж байна

Хятадын зүүн хэсэг дэхь нэгэн гол цусан улаан өнгөнд будагджээ. Жежиан мужийн оршин суугчдын хэлснээр тус гол Бээжингийн цагаар уржигдар өглөөний тавд тунгалаг байсан бөгөөд ганц цагийн дотор гол хүрэн улаан өнгөнд будагджээ. Түүнчлэн голын уснаас хачирхалтай үнэр ханхлах болжээ. Их хэмжээний загас, эсвэл аварга биет халим зэргийг олноор нь агнаснаас ийм нөхцөл үүссэн байж болох ч голын усанд бүртийх ч хог шороо, үхсэн загас сэлт байхгүй байгаад нутгийн иргэд маш ихэд гайхаж байгаа юм байна.  
.Одоогоор энэхүү хачирхалтай хэрэг явдлын эцэслэн тогтоогоогүй байгаа ч тус мужийн байгаль хамгаалах ажилтнуудын үзэж байгаагаар голын усанд хууль бусаар химийн ямар нэгэн хог асгаснаас ийн өнгө хувирсан байж болзошгүй хэмээн таамаглаж байна. Тус бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг цаас, хувцас болон хүнсний будагч бодис үйлдвэрлэгч компанийг энэхүү үйл явдалтай холбогдуулан шалгаж эхэлжээ.  

М.Эрдэнэ

Categories
гадаад мэдээ

Эйнштейн яагаад хэлээ гаргасан юм бол?

Манай гарагийн ихэнх хүмүүс Эйнштейнийг “ жаахан юмтай “ суутан гэж ойлгодог. Өрвийсөн үстэй, дэндүү хээгүй хувцаслаж орчин тойрондоо анзааргагүй ханддаг энэ эрдэмтэн тун салан, мартамхай хүн байсан гэнэ.  Альберт Эйнштейн урт удаан наслаж, хүн төрөлхтөний тусын тулд олон суут  нээлтүүдийг хийж явахдаа ердөө ганцхан удаа, 1952-03-14-нд 72 нас хүрсэн өдрөө өөрийн төрөлх зан араншинг халхавчилсан хөшгийг түр сөхсөн юм.

Гэрэл зурагчин Сейсс эрдэмтнийг тохирсон имижтэй харагдуулахын тулд бодлогширсон царай гаргахыг хичээнгүйлэн хүсэж л дээ. Харин эрдэмтэн өөдөөс нь хэлээ гаргаж, суут зохион бүтээгчээс гадна алиа хошин зантай жирийн нэгэн гэдгээ харуулсан гэдэг. Ингэж бидний сайн мэдэх зураг бий болжээ. Суут физикч маань өөрөө энэ зургаа маш таалдаг байснаас харвал “ааш муутай гоц ухаантан”-ны дүр түүнд огт таалагддаггүй байсан бололтой.


Маш богино хугацааны дотор даян дэлхийгээр нэг тарсан энэ зурган дээр Эйделотын гэр бүл байсныг таслан авсан байна. Хожим нь Эйнштейн энэ зургаа шинэ жилийн мэндчилгээ болгон найзууддаа илгээж байжээ. Сэтгүүлч Х.Смит бүр азтай. Түүнд явуулсан зурган дээрээ эрдэмтэн өөрийн гараар «Хүн төрөлхтөнийг өдсөн зураг» гэсэн тайлбар хийсэн байжээ.
Нийт 9 эх зураг байснаас лав нэг нь 2009 онд 74 000 доллараар зарагдсан гэдэг

Categories
гадаад мэдээ

Эд хөрөнгөөрөө гайхуулсан хамгийн хөгийн жишээнүүд

10. Берри Уолл


Эвандер Берри Уолл бол 19-р зууны сүүлээр Нью-Йоркод амьдарч байсан ганган эр. Тэр 18 настайдаа саятан болж, зүйрлэшгүй тансаг амьдарч эхэлжээ. Нэг дор 5000 зангиа, 300 хос бээлий худалдаж авах нь түүнд юу ч биш бөгөөд оргилуун дарснаас өөр зүйл уудаггүй байжээ. Тэр смокинг өмссөн анхны америк хүн гэнэ. Нэг удаа бооцоо тавьж өглөөний туршид 40 хувцас сольж өмсөн хожиж байсан удаатай.

9. Ромын хаан Калигула

Калигула хаан алтанд тун дуртай хүн байсан гэнэ. Тэр алтыг биеэрээ мэдрэхийн тулд алт дүүргэсэн онгоцонд хэвтэж, шалан дээгүүр дэвсээд дээгүүр нь хөл нүцгэн явдаг байжээ. Мөн алт эрдэнэсээр чимэглэсэн эмэгтэй хүний хувцас өмсөх, алтны хольцтой хоол идэх, зочдоо гайхуулахын тулд алтны орцтой талх идүүлэх дуртай байсан гэнэ. Цөөхөн жил хаанчлахдаа тэрээр 27 сая алтан зоос үрсэн гэдэг.

8. Эдвард Хьюз Бол Хьюз


Эдвард бол анхны денди нарын нэг. 23 настайдаа жилд 40 000 фунт стерлингийг орлоготой өв залгамжлагч болжээ. Баяжмагц жентельмен стилийн хувцсыг авдар авдраар цуглуулах болсон байна. Түүнийг анд явахад зэвсэг хэрэглэл, архи дарс, хоол унд барих боолчуудын бүтэн арми дагалддаг байсан гэнэ. Харамсалтай нь Эдвард мөрийтэй тоглоомонд донтож азгүй хожигдолтоороо алдаршжээ. Найз нөхөд нь анхааруулсаар байсан ч Эдвард тоосонгүй байсаар нэг орой 45 000 фунт стерлинг / одоогийн ханшаар 37 сая фунт стерлинг / алдсан гэдэг. Маргааш нь  мань эр өрөө төлөлгүй Парис руу зугтаж, тэнд насан эцэс болтлоо нам гүм амьдарсан гэдэг.

7. Маркиз Англси

Генри Сирил Пейдж буюу Англсийн 5 дахь маркиз бол 19-р зууны эх, 20-р зууны эхэн үед этгээд сонин хувцас, ухаангүй тэнэг аашаараа Англи даяар цууд гарсан эр байв. Тэр гэр бүлийнхээ 110 000 фунт стерлингийн хөрөнгийг / одоогийн ханшаар 8 сая фунт стерлинг / үгүй хийж дуусгасан гэнэ. Мөнгийг голдуу үнэ ихтэй хувцас хунарт зарцуулдаг байсан тэрээр нэг костюмыг нэг л удаа өмсдгөөрөө зард гарчээ. Эцсийн эцэст үгүйрэн хоосорч хамаг хувцаснуудаа зарсны дараа түүнд дахиад эрдэнийн чулуу шигтгэн оёсон 100 гаруй шинэ костюм үлдсэн гэдэг. Гэхдээ хамгийн гайхалтай нь, түүний гараж доторх асар олон тооны машины яндангаас нь төрөл бүрийн үнэртэн савсаж байхаар өөрчилсөн байжээ.

6. Гордон Беннетт


Джеймс Гордон Беннетт бол Нью-Йорк Геральдыг үндэслэгч Беннеттын хүү бөгөөд анхны плейбой нарын нэг юм. Эцэг нь маш хөдөлмөрч ухаалаг бизнесмен байсан бол хүү нь мөнгө үрэхээс өөрийг мэддэггүй нэгэн байв. Тэрээр амьдралынхаа туршид 40 сая доллар үрсэн гэдэг. Нэг удаа халаасанд багтахгүй байна гэсэн шалтгаанаар томоо гэгч боодолтой мөнгийг галд шидэж байжээ. Түүнийг авах гэсэн хүнийг зандран зогсоож “болох ёстой юм болж байна” гэж хэлсэн гэдэг. Түүний хамгийн хөгжилтэй үйлдэл нь өглөө бүр шинэ тос идэхийн тулд далбаат онгоцон дотроо үнээнд зориулсан өрөө бариулсан явдал гэнэ. Түүгээр ч зогсохгүй үнээг маш тансаг ахуйгаар хангаж, халуунд сэнсээр үлээлгэн, хүйтэнд ноосон хөнжлөөр хучдаг байсан гэдэг.

5. Говард Хьюз

Говард Хьюзыг 19 настай байхад эцэг нь өндөр орлоготой нефтийн бизнесээ үлдээгээд нас баржээ.  Их хөрөнгөний эзэн болмогц Хьюз 20-30-аад онд нэрд гарч байсан кинонуудыг продюсорлож эхэлсэн байна. Дэлхийн 2-р дайн эхлэхэд Хьюз нисэх компани худалдан авч, дайн дууссаны дараа өөрийн кино студитэй ч болжээ. 60-аад онд Хьюз дэлхийн хамгийн баян хүмүүсийн тоонд орж тэрбумаар тоологдох хөрөнгөтэй болов. 1966 онд өөртэйгөө зөрчилдсөн менежерийг халахын тулд л Лас-Вегасын нэгэн казиног худалдан авч байсан гэдэг. Нэг шөнө сэрээд телевизор асаатал сонирхолтой юм юу ч байгаагүй тул телевизийн студийг худалдан авч, түүний нойр хүрдэггүй шөнө сонирхолтой кино гаргаж байхыг тушаасан гэнэ.

4. Мария Антуанетта

Мария Антуанеттагийн амьдрал зөрчилдөөнөөр дүүрэн байсан ч тэр үнэхээр эд баялагт умбаж байжээ. Тэр жилд 300 даашинз хийлгэдэг бөгөөд нэг даашинзыг нэг л удаа өмсдөг байсан гэнэ. Ялангуяа түүний үс засалт их алдартай. Гурил ховор байсан тэр цагт тэр үснийхээ ширхэг бүрийг гурилдан орж ирдэг байсан гэнэ. Нэг удаагийн хүлээн авалтан дээр үсээ жижиг завь хэлбэрээр зассан байсан гэж тэмдэглэгдэн үлджээ.

3. Ким Чен Ир

Хойд Солонгосын удирдагч байсан тэрээр хэмжээлшгүй эрх дархаа бүрэн эдэлж наргиж цэнгэхийг үзүүлж өгдөг байсан гэнэ. Их өлсгөлөнгийн үеэр хэдэн мянган шил коньяк зоорилж, нохдоо дорд хүмүүсээсээ илүү сайн хооллодог байв. Түүнд хоол хийх цагаан будааны ширхэг бүрийг шалгаж, өчүүхэн төдий “дефект” байвал өлсгөлөн болж буйг үл хайхран шууд хаядаг байсан гэдэг. Их удирдагчид өдөр бүр онгоцоор шинэхэн хавч авчирдаг байсныг тэр мөнгөн савхаар тамшаалан зооглодог байсан гэнэ.

2. Клеопатра


Клеопатра бол Эртний Египтийн фараонуудын үр удам бөгөөд эд баялаг, эрх дарх ихтэй эмэгтэй байжээ. Түүхэн дэх хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 22-т бичигддэг түүнийг 95 тэрбум долларын хөрөнгөтэй байсан гэж үздэг. Тэрээр дэлхийн хамгийн том сувднуудыг цуглуулдаг байсан гэнэ. Одоо энэ цуглуулга байхгүй, учир нь Клеопатра түүнийг цуунд уусгаад ууж орхисон гэдэг. Энэ нь хатан хааны нууц амраг Антоний ийм их баялгийг Клеопатра ганцаараа эдэлж элээж амжихгүй гэж егөөдснөөс үүдэлтэй гэцгээдэг.

1. Пабло Эскобар


Пабло Эскобарын кокаины эзэнт гүрний оргил үед зөвхөн мөнгө боох резинд л 2500 доллар зарцуулагддаг байсан гэнэ. Машин дүүрэн бэлэн мөнгө бол юу ч биш, гэрт нь мөнгө хадгалах зайгүй болоод ирэхээр хүмүүст хөлс төлж гэрт нь мөнгөө нуудаг байжээ. Нэг удаа Пабло дулаацахын тулд л хэдэн сая доллар шатааж байсан гэдэг. Тэрээр Колумбын засгийн газрын бүх өрийг / 10 тэрбум доллар / дарж оронд нь эрх чөлөөтэй болох санал тавьсан ч эрх баригчид хүлээж аваагүй байна.

Categories
гадаад мэдээ

Европын төв банкыг хакерджээ

Европын төв банкны сүлжээ рүү хакерууд нэвтэрч, харилцагчдын 20 мянган цахим шуудангийн хаягийг хулгайлсан тухай CNN мэдээлжээ. Алдагдсан цахим шуудангийн хаягууд нь зөвхөн хэрэглэгчид төдийгүй, өдөр тутмын үйл ажиллагаанд нь оролцдог сэтгүүлчид, албаныхан хүмүүсийн хаяг байсан байна.

Тус банкны мэдээлснээр хэрэглэгчдийн санхүүгийн мэдээлэл, маркет дата зэрэгт хакерууд нэвтэрч чадаагүй гэнэ. Тиймээс хэрэглэгчдийг цахим шуудангийнхаа нууц үгийг сольж аюулгүй байдалдаа анхаархыг зөвлөсөн байна.