Categories
гадаад мэдээ

Хөрсний нуралт болж 21 хүн амиа алдав

Энэтхэгийн Махараштра мужийн Малин сууринд хөрсний нуралт болж, 21 хүн амиа алджээ. Гамшигт нэрвэгдсэн нутагт аврах багийнхан ажлаа үргэлжлүүлсээр байна. Хамгийн сүүлийн мэдээгээр энэхүү байгалийн гамшигт 150 хүн сураггүй болжээ. Аврах багийнхан нуранги дороос  долоон хүнийг гаргасны дунд 25 настай эмэгтэй зургаан сартай хүүхдийнхээ хамт аврагдсан байна. Бүсгүйн гэр хөрсний нуралтад дарагдсан байжээ. Аврагчид байшингийн дээврийг ховхлох үед эмэгтэй хүүхдээ чанга тэвэрсэн байсан гэнэ. Хөрсний нуралт хүмүүс ид унтаж байхад буюу үүрээр болжээ. Тус улсын онц байдлын албаны мэдээлснээр гамшигт 40 орон сууц өртжээ. Энэтхэгт зун цагт ширүүн бороо үргэлжлэн орсноос хөрсний нуралт үүсэх явдал элбэг аж.

Categories
гадаад мэдээ

“Орбис” эмнэлэг 20 гаруй хүнд нүдний мэс засал хийжээ

АНУ-ын “Орбис” нисдэг нүдний эмнэлэг нь манай оронд энэ жил долоо дахь удаагаа хүрэлцэн ирж, Монголын нүдний эмч, профессорууд, сувилагч нарын дунд нүдний тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах эрчимжүүлсэн сургалтыг амжилттай зохион байгуулжээ. Энэ талаар тус эмнэлэгийн захирал Ахмед Гома, Хойд Азийн салбар хариуцсан захирал Жорж Смит болон ЭМЯ-ны нүдний салбар зөвлөлийн дарга Ж.Баасанхүү нар дэлэгрэнгүй мэдээлэл өглөө. 

“Орбис” эмнэлэгийн эмч,  хамт олон Улаанбаатар хотод долдугаар сарын 20-оос наймдугаар сарын 1-н хүртэл манай нүдний эмч сувилагч болон тоног төхөөрөмжийн инженерүүдэд хоёр үе шаттай сургалт зохион байгуулжээ. Мөн өөрийн  эмнэлэгтээ болон Улсын гуравдугаар төв эмнэлэгт харааны бэрхшээлтэй иргэдийг хүлээн авч, тусламж үйлчилгээ үзүүлэн, үнэгүй харааны түвшин тогтоож, хараа сайжруулах пластик мэс засал хийсэн байна. Энэ жилийн айлчлалаар нийтдээ 20 гаруй хүнд мэс заслын хагалгааг хийсэн гэнэ. 

Тус эмнэлэгээс зохион байгуулж буй сургалтад манай  50 гаруй профессор эмч, сувилагч нар хамрагдаж, нүдний болор цайх, нүдний даралт ихсэх өвчин, торлогийн эмгэг, хялар, сэргээн засах пластик хагалгааны чиглэлээр туршлага солилцон, суралцжээ.  

Мөн онгоцтой эмнэлэгийн өндөр хүчин чадалтай тоног, төхөөрөмж дээр дадлага хийсэн байна. 

 Хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдэд тус эмнэлэгтээ танилцах боломж олгосон юм. “Орбис” нисдэг эмнэлэг нь дэлхийд ганцхан байдаг бөгөөд нэг дор 5-10 хүн хүлээн авах хүчин чадалтай. Онгоц эмнэлэг нь дотроо нисгэгчийн бүхээгнээс гадна таван хэсэгтэй аж. Үүнд: сургалт, лекцийн танхим, дадлагажуулах тоног төхөөрөмжийн өрөө, мэс заслын өрөө, багаж ариутгалын өрөө, мөн өвчтөнүүдийг мэс засалд оруулахын өмнө болон дараа амраах өрөө багтана. Хамгийн сүүлийн үеийн, шилдэг тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон аж. 

“Орбис” эмнэлэг мөн ирэх есдүгээр сард Монголд дахин айлчилж, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран “Хүүхдийн нүдний тусламж үйлчилгээний жишиг” нэртэй урт хугацааны төслийг хэрэгжүүлэх юм байна. 

 Э.Номин

Categories
гадаад мэдээ

Уран хатгамалын үзэсгэлэн нээлтээ хийнэ

БНАСАУ-ын уран хатгамалч Чэ Жон Сүний уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн “Blue Moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд маргаашнаас нээлтээ хийх гэж байна. Үзэсгэлэн энэ сарын 5-н хүртэл үргэлжлэх аж. Эдгээр хатгамалууд нь хатгамал гэхээсээ илүү уран зураг, фото зураг адил амьд харагддаг, үнэхээр нарийн чимхлүүр ажил орсон бүтээлүүд юм. Хүний хөрөг зургийг ч үнэхээр амьд мэт хатгадагаараа онцлогтой. Уг урлагаар  солонгос эмэгтэйчүүд маш эртнээс хичээллэж, үндэсний урлаг болтол хөгжүүлж чаджээ. 

БНАСАУ-ын Уран хатгамлын төв нь мянга гаруй уран бүтээлчтэй бөгөөд тус төвийн хамтгамалч ЧЭ ЖОН СҮН энэхүү үзэсгэлэндээ монгол аж ахуй, түүх, байгаль, амьтны сэдэвт 20 орчим бүтээлээ толилуулах гэнэ. Мөн Монгол эмэгтэйчүүдэд сургалт явуулдаг юм байна. 

Categories
гадаад мэдээ

Энэтхэгт хөрсний гулсалт болжээ

Албаны эх сурвалжийн мэдээлснээр Энэтхэгийг баруун хэсэгт Мумбай хотын ойролцоо Малин тосгонд хүчтэй борооны улмаас хөрсны гулгалт үүсэж хамгийн багаар бодоход 150 магадгүй үүнээс ч олон хүн очих боломжгүй тусгаарлагдаад байна. Одоогийн айдлаар хохирлын мэдээ гараагүй байгаа ч 30-40 байшин нурсан, нурангинаас 2 хүнийг авран, 8 хүний цогцос гаргасан тухай Махараштра мужийн захирагч Сүрэ Жадхав мэдэгдсэн байна.  Хөрсны гулгалт болсон муж руу 50 яаралтай тусламжийн машин, 200 сайн дурынханыг илгээсэн байна.

Categories
гадаад мэдээ

АНУ-ын Конгресс Обамаг шүүхийг дэмжжээ

АНУ-ын Конгрессын танхимын гишүүд тус улсын Ерөнхийлөгч Барак Обамаг эрх мэдлээ урвуулан ашигласан, улс орны хууль тогтоомжийг зөрчсөнд буруутгаж, түүнд хариуцлага тооцох тогтоолыг дэмжжээ. Конгрессийн төлөөлөгчдийн танхимын 225 гишүүн дэмжсэн санал өгсөн бол, 201 нь эсрэг байр суурьтай байжээ.

Төлөөлөгчдийн танхимын хуульчид Обамагийн эсрэг шаардлагатай хууль эрх зүйн баримт бичгийг бэлтгэж эхлэх юм байна.

Ерөнхийлөгч Барак Обамаг АНУ-ын хууль зөрчсөн болон Конгрессийн зөвшөөрөлгүйгээр хэд хэдэн удаа шийдвэр гаргасан гэж буруутгаж байгаа юм.

Тэрбээр “ObamaCare” эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний хөтөлбөрт өөрчлөлт оруулахдаа АНУ-ын хууль тогтоомжийг зөрчсөн, албан тушаалаа хэтрүүлсэн гэж үзэж байна.

Ерөнхийлөгчийн эсрэг заргыг өнгөрсөн зургаадугаар сард АНУ-ын Конгрессын танхимын спикер Жон Бейнер гаргаж байсан юм. Тэрбээр “АНУ-ын Үндсэн хуульд Ерөнхийлөгч хуулийг чанд мөрдөх үүрэгтэй гэж тодорхой заасан. Харин миний бодлоор Ерөнхийлөгч хуулийг дагах биш, зөрчиж байна” гэжээ.

Бейнерийн хэлж буйгаар энэ үйлдэл Обамаг төрийн эрхээс зайлуулах зорилго агуулаагүй гэв.

Барак Обамагийн рейтинг 41 хувиар унажээ

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн рейтинг ойрын хугацаанд хурдацтай унаж байгаа талаар дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолж байна.

Шалтгааныг нь янз бүрээр тайлбарлаж эхэллээ. Улс төрийн буруу бодлого, гадаад харилцаа, эдийн засгийн уруудалт, сөрөг хүчинтэй тааруу харилцаатай, Засгийн газрын үйл ажиллагаанд доголдол гарсан гэх мэт олон зүйл нөлөөлсөн бололтой.

Хамгийн энгийн жишээ гэхэд өнгөрсөн оны аравдугаар сард АНУ-ын Засгийн газар түр хугацаагаар үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, хаагдсан. Энэ бүхнийг сөрөг хүчнийхэн болон Конгрессийн зарим гишүүн Ерөнхийлөгчийн буруутай бодлого, шийдвэрүүдтэй холбон тайлбарлаж байна.

Олон улсын харилцаанд гаргаж байгаа түүний ааш авир, таагүй уур амьсгал бүрдүүлсэн зэрэг гадаад бодлого нь ч буруу гэж ажиглагчид тайлбарлав. Афганистан улсаас цэргээ татах шийдвэр эртэдсэн эсэх дээр дахин бодолцож, Ойрхи Дорнодод баримталж байгаа Б.Обамагийн бодлого хэтэрхий сул байгаагаас олон улсад АНУ-ын байр суурь ганхаж эхэлсэн гэдэгт Конгрессийн гишүүд санал нэгдсэн талаар “LA Times” онцлов.

БНХАУ болон ОХУ-тай тааруу уур амьсгалтай болж эхэлсэнд Б.Обамагийн таагүй харилцаа нөлөөлсөн гэх бодолтой улс орнууд цөөнгүй байгаа бололтой. Гэвч ОХУ-тай таагүй харилцаатай байх гол шалтгааныг Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албанаас Эдвард Сноудентай холбон тайлбарласан удаатай.

АНУ-ын Ерөнхийлөгч нарын рейтингийн судалгааны түүхэнд сүүлийн 39 жилд 41 хувиар рейтинг нь буурсан үзүүлэлт гараагүй аж. Өөрөөр хэлбэл, судлаачид 41 хувийн рейтингийн уналт цаашдаа 50 хувиас давж магадгүй гэж үзэж байна.

Хэрэв Ерөнхийлөгчийн талаар дахин таагүй мэдээ, мэдээлэл олны дунд цацагдвал түүний бүрэн эрхийг цуцлах санал асуулга явагдах аюултайг зарим улс төр судлаачид онцолжээ.

Categories
гадаад мэдээ

Ослын газар руу шинжээчдийн оруулахаар боллоо

Украины зүүн нутгийг мэдэлдээ аваад буй Оросын талыг дэмжигчид Нидерланд болон Австралийн шинжээчдийн “Боинг 777”онгоц осолдсон газар руу нэвтрүүлэхээр боллоо. Энэ тухай Донецкийн бүгд найрамдах улс гэгчийн Ерөнхий сайд А.Пургин мэдэгдэв. Тус бүс нутагт зэвсэгт мөргөлдөөн гарсаар байгаа тул олон улсын шинжээчид ослын газар очих боломжгүй байсан юм. 

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Ард иргэдээ олигтойхон хооллохыг зөвлөв

АНУ-ын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгчид өчигдөр мэдэгдэл хийлээ. Түүндээ Хойд Солонгосын эрх баригчдад хандан дэлхий дахиныг цөмийн зэвсэгээр сүрдүүлэхийн оронд ард иргэдээ олигтойхон хооллохыг зөвлөөд “Хойд Солонгосын ард иргэдэд хэрэгтэй зүйлийг хийх цаг нь болсон. Эрх баригчид нь олон түмнээ хооллож, боловсрол олгоход илүү их цаг зориулж, бүх хүч чадлаа дайчлах  болсон” гэв. Үүний өмнөх өдөр БНАСАУ-ын Цэргийн улс төрийн зөвлөлийн тэргүүн мэдэгдэл хийхдээ АНУ нь Солонгосын хойгийн байдлыг тогтворгүй болгож байна хэмээн буруутгасан юм. Үүний хариуд Пентагоны албан ёсны төлөөлөгч ийнхүү мэдэгдэл хийжээ. 

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

МН370 онгоцны эрлийн ажлыг зогсоохоор болжээ

Энэ оны гуравдугаар сарын 8-нд 239 зорчигчтой Малайзын агаарын тээврийн “МН370” нисэх онгоц Куала Лампураас Бээжингийн чиглэлд нисэх замдаа сураггүй алга болсон. Онгоц алга болсоноос хойш өнөөг хүртэл Энэтхэгийн далайн 60 мянган км квадрат талбайд хайсан ч ямар ч ул мөр олж чадаагүй юм. Тиймээс Малайзын ерөнхий сайд Нажиб Разак эрлийн ажлыг зогсоож буйгаа мэдэгдлээ. Тэрээр “Алга болсон онгоцыг олох найдвар тасарлаа. Бид боломжтой бүгдийг ашиглан, байж болох бүх газраар хайсан. Надад харамсалтай байна. Онгоцонд зорчиж байсан иргэдийн гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлье” гэв. Нийт 90 сая долларын зардал гарган хайгуулыг үргэлжлүүлнэ гэж мэдэгдэж байсан ч талаар өнгөрсөн бололтой. Нэгэнт эрлийг зогсоосон болохоор зорчигчдыг нас барсанд тооцож, ар гэрийнхэнд нь нөхөн төлбөр олгох юм. 

Categories
гадаад мэдээ

80 орчим мянган тахиаг устгав

Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт байрлах н.Мөнхбаатар захиралтай “Моn egg”компанийн 70 мянга гаруй өндөглөгч тахиа энэ сарын 26-ны шөнө бүтэж үхсэн байна. Энэ нь тухайн өдөр хүчтэй, дуу цахилгаантай бороо орсны улмаас тус компанийн тог тасарч, дохиолол нь ажиллаагүйгээс болжээ.

Энэ сарын 28-ны байдлаар 79 800 тахиаг 12 метр гүн нүхэнд булж устган, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид урьдчилан сэргийлэх үзлэг, ариутгал, халдваргүйжүүлэлт хийгээд байна. Үхсэн таван шувууны дээж болон амьд гурван шувууны цуснаас дээж авч Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээнд хамрууллаа. “Моn egg” компани нь 287 мянган өндөглөгч тахиа, дэгдээхийтэй юм.

Categories
гадаад мэдээ

Шуудангаар гүрвэл илгээжээ

Жүжигчин Лэндсэй Лоханд Лос Анжелос дахь гэрийнх нь хаягаар гүрвэл явуулсан тухай “www.hollyscoop.com” мэдээллээ. Жүжигчин бүсгүй өчигдөр “New York Times” сонинд ярилцлага өгөх үеэрээ ийнхүү ярьжээ.

Тэрбээр “Өнгөрсөн амралтын өдөр надад сонирхолтой бас аймшигтай нэг шуудан ирсэн. Нью Йорк хотод найзуудынхаа хамтаар амарч байхад нэг алиалагчийн хувцас өмссөн шуудан зөөгч “Лэндсэй Лохан энд амьдардаг бол гараад ир” хэмээн маш чангаар орилсон. Би ч гайхаад хаалга руугаа очтол нэг цаасан хайрцагтай илгээмж өгөөд гүйгээд явчихсан. Би гэртээ ороод шуудангаа харсан чинь улбар шар өнгийн гүрвэл байсан. Ямар их айсан гээч. Хайрцаг дээр “Дурсамжтай өдрийн мэнд хүргье” хэмээн бичсэн харагдсан. Тэр гүрвэл одоо миний өрөөнд байгаа. Миний амьдрал гэнэт л хөгжилтэй болчихлоо” хэмээн ярьжээ.

Лоханд 2009 онд шуудангаар хоёр метрийн урттай могой ирж байсан бол 2010 онд гурван ширхэг хонь ирж байжээ.