Categories
гадаад мэдээ

Эбола вирусын эсрэг вакциныг хүн дээр туршихаар болжээ

Канадын Tekmira Pharmaceuticals компани эбола вирусын эсрэг вакцин бүтээхээр ажиллаж байгаа. Энэ  компанид  тус вакциныг хүн дээр турших зөвшөөрлийг АНУ-ын Эм, эмийн бүтээгдэхүүнийг зохицуулах хорооноос олгожээ.Үхэлд хүргэх эбола вирус Баруун Африкийн дөрвөн оронд хүчтэй тархаад байгаа билээ. Tekmira компани тус вакциныг TKM-Ebola гэж нэрлэсэн бөгөөд мичинд хийсэн туршилтаар эерэг дүн үзүүлсэн байна.

Categories
гадаад мэдээ

Европын холбоо Оросын хоригийг улс төрийн шалтагтай гэж мэдэгдэв

Оросын зүгээс авсан худалдааны  хязгаарлалтыг улс төрийн шалтагтай гэж Европын холбооноос үзэж байгаагаа мэдэгдэв. Энэ мэдэгдлийг хийсэн Еврокомиссийн төлөөлөгч Фредерик Венсан “Оросын авсан хориг арга хэмжээг бүрэн үнэлэн үзсэнийхээ дараа  бид зохих хариуг авах эрхээ өөртөө үлдээж байна” хэмээн онцолжээ. 

Categories
гадаад мэдээ

Эдвард Сноуден Орост үргэлжлүүлэн амьдарна

Тагнуулын мэдээллүүдийг олонд ил болгосны төлөө эх орноосоо урвагч нэр зүүсэн АНУ-ын Аюулгүй байдлын агентлагийн системийн администратор Эдвард Сноуденд ОХУ гурван жил тус улсад оршин суух зөвшөөрөл өгсөн гэнэ. Энэ талаар Сноудений өмгөөлөгч нь мэдэгджээ. ОХУ өнгөрсөн жил Эдвард Сноуденд нэг жилийн хугацаатай орогнол өгсөн нь энэ наймдугаар сарын 1-нд дуусгавар болсон байна. Гэхдээ энэ нь түр оршин суух эрх болохоос улстөрийн орогнол биш болохыг өмгөөлөгч онцолжээ. Эдвард Сноуден мэдээлэллийн технологийн салбарт ажиллаж байгаа юм байна. 

Categories
гадаад мэдээ

В.Путин хүнсний хориг бичигт гарын үсэг зуржээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин тус улсад авсан эдийн засгийн хориг арга хэмжээний зарлигт гарын үсэг зуржээ. Тухайлбал,  Украины зүүн хязгаарт болж буй зөрчил мөргөлдөөн, Малайзын агаарын тээврийн “МН17” онгоцны осолд Оросыг буруутгаж “Их 7” бүлэглэл, Европын холбоо болон АНУ, Их Британи, Герман улсууд эдийн засаг, газрын тосны салбар болон визний хориг тавьсан юм. Мөн Европын орнуудад данстай Орос компаниудын дансыг царцаасан билээ. Эдгээр хориг арга хэмжээнээс улбаалан Ерөнхийлөгч  В.Путин Украин, АНУ, Их Британи, Герман, Канад, Австрали орнуудаас хүнсний бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн түүхий эд импортлохыг хориглосон гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгджээ. Путин өчигдөр Засгийн газрын хуралдааныг зарлаж дотоодын бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой барьж, иргэдэд дарамт учруулахгүй байхыг сануулсан байна. Тэрбээр энэхүү ажлыг Ерөнхий сайд Дмитрий Медеведевт даалгасан тухай “Орт 1” телевиз мэдээлэв. Тус хүнсний хориг 2014 оны наймдугаар сарын 6-наас 2015 оны наймдугаар сарын зургаан хүртэл нэг жилийн турш хүчинтэй байх аж. Харин АНУ-ын Засаг захиргаа энэхүү хоригийн асуудлаар маргааш шуурхай хуралдаан зохион байгуулахаар болжээ. 

Categories
гадаад мэдээ

Генийн өөрчлөлттэй цагаан будаа элбэгшжээ

БНХАУ-ын Ухань мужийн зах, дэлгүүрүүдээс генийн өөрчлөлттэй цагаан будаа ихээр илэрсэн байна. Уг нь Хятад улс ийм төрлийн цагаан будааг тариалах, борлуулахыг хориглодог хуультай аж. 

Эх сурвалжууд мэдээлж байгаагаар Европын Холбоонд экспортолсон цагаан будаанаас мөн ийм төрөл илэрч байгаа гэнэ.

Хятад улс цаашдаа ийм генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнд тавих хяналтаа чангатгах хэрэгтэй болсон талаар тус улсын албаны хүмүүс хэлж байгаа юм.

Categories
гадаад мэдээ

НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Киевт айлчлав

Өчигдөр Украины Ерөнхийлөгч П.Порошенкогийн урилгаар НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен Киевт айлчиллаа. Үүнтэй холбогдуулан Украины Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч мэдэгдэл хийхдээ “Энэ айлчлал манай улсын хувьд  маш чухал бөгөөд НАТО биднийг дэмжиж байгаагийн илэрхийлэл” хэмээн онцоллоо. Ирэх есдүгээр сарын 4-5-ны өдрүүдэд Их Британийн Өмнөд Уэльст НАТО-гийн дээд хэмжээний уулзалт болох юм. Энэ үеэр Украин-НАТО-гийн комисс хуралдаж хоёр талын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Андерс Фог Расмуссен нь Киевт байхдаа Ерөнхийлөгч П.Порошенко, Ерөнхий сайд А.Яценюк, парламентын дарга зэрэг албаны хүмүүстэй уулзаж хоёр талын ойрын болон хэтийн  хамтын ажиллаагааны асуудлаар санал бодлоо солилцжээ. Украины зүүн нутагт байдал ээдрээтэй байгаа үед НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга тус улсад айлчилсан нь дэлхий нийтийн анхаарлыг ихэд татлаа. Андерс Фог Расмуссен өмнө нь  олон улсын цэргийн байгууллага  Украиныг дэмжинэ гэдгээ илэрхийлж байсан. Гэхдээ тус улс руу цэргээ илгээхгүй хэмээн онцлоод Европын аюугүй байдлыг хамгаалах зорилгоор Украинд тусалж байгаагаа дурдсан юм.

Categories
гадаад мэдээ

Сансрын буудал байгуулагдана

Техас мужийн амбан захирагч Рик Перри Сансрын “СпейсИкс” компанийг Үндэслэн байгуулагч Илон Маскийн саналыг дэмжсэнээр Дэлхийн хамгийн анхны хувийн сансрын буудал баригдахаар боллоо. Энэхүү сансрын буудлыг Техас мужийн хамгийн өмнө зүгийн хот болох Браунсвиллээс зүүн хойд зүгт 27 км зайтай газарт барихаар болжээ. Сансрын буудлын дэд бүтцийг байгуулахад Техас мужийн эрх баригчид 15 сая долларыг зарцуулахаар болсон гэнэ. 

 Энэхүү объектыг барих тухай шийдвэрийг АНУ-ын Холбооны Нисэхийн Удирдах Газарт танилцуулж холбогдох зөвшөөрлийг авч чадсан байна. Энэ сансрын буудлаас жилдээ 12 удаа сансрын хөлгийг хөөргөх юм. Сансарт пуужин хөөргөх тухай ихэнх захиалгыг НАСА болон хувийн компаниуд өгч магадгүй аж. Одоогийн байдлаар СпейсИкс компани өөрийн сансрын хөлгүүдийг Флорида мужийн Канаверал хошуун дахь сансрын буудал болон Калифорни мужийн Санта-Барбара тойрогт байдаг Нисэх хүчний Ванденбергийн цэргийн баазаас хөөргөж байгаа билээ.

 М.Эрдэнэ

Categories
гадаад мэдээ

ОХУ-д хориглогдсон барууны орнуудын бүтээгдэхүүний жагсаалт


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Европын улс орнуудын эсрэг хориг арга хэмжээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр доорх орнуудаас зарим бараа бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй юм. АНУ, Европын холбоо Украинд чиглэсэн Оросын түрэмгийллээс үүдэж өмнө нь хэд хэдэн хориг арга хэмжээ авсан билээ. Оросын талаас гаргаж буй “хар жагсаалт”-тай танилцъя.

АНУ:

ОХУ-ын импортын голлох бүтээгдэхүүнд хамаарах шувууны мах болон зарим амьтны мах

Канад:

Бог малын гаралтай бүтээгдэхүүн, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, бэлэн хоол, ус, ундаа, амьтны гаралтай тос, ашигт малтмалын түүхий эд.

Австрали:

Хөлдөөсөн үхрийн мах.

Европын холбооны улсууд

Австри

Түүхий резин, химийн тодорхой төрлийн бодис, архи ундаа, тамхи.

Бельги:

Загасны мах, жимс, ногоо, талх нарийн боов, гахайны өөх.

Болгар:

Усан үзмийн дарс, ундаа, самар.

Кипр:

Бэрсүүт жүрж, хөлдөөсөн загас.

Чех:

Жимс, хүнсний ногоо, төрөл бүрийн ундаа, архи, олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн, амьтны гаралтай өөх тос, ургамлын лав.

Дани:

Дун, хясаа, өндөг, зөгийн бал, мах, хүнсний ногоо.

Финланд:

Сүү, сүүн бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн, кофе, цай, талх, тариа будаа, загас, хүнсний ногоо, жимс.

Франц:

Малын гаралтай бүтээгдэхүүн, химийн бодис, азотын бүтээгдэхүүн.

Итали:

Дарс, жимс, усан үзэмний дарс, гоймон.

Литва:

Мах, малын тэжээл, бяслаг, ундаа, цэвэр ус, төмс, лаазалсан шош, загас, гахай гэх мэт хүнсний бүтээгдэхүүн.

Нидерланд:

Малын гаралтай бүтээгдэхүүн, цагаан идээ, өндөг, үр тариа, амьд амьтан.

Словак:

Үхэр, болон зарим хүнсний бүтээгдэхүүн.

Испани:

Мах, махан бүтээгдэхүүн, малын гаралтай түүхий эд, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ, бэрсүүт жүрж, оливын тос.

ОХУ-ын эрх баригчдын батласнаар тус улс эдгээр орноос дээрх бүтээгдэхүүнийг нэг жилийн хугацаанд импортлохгүй. Хориг арга хэмжээ өнөөдрөөс хэрэгжиж эхэлжээ.

Categories
гадаад мэдээ

Хамгийн их орлого олсон Холливудын эмэгтэй жүжигчид

 “Forbes” сэтгүүл Холливудын хамгийн их орлого олсон эмэгтэй жүжигчдийн жагсаалтыг нийтэллээ. Энэ удаад нэрт жүжигчин Сандра Буллок нэгдүгээрт бичигджээ. Тэрээр өнгөрсөн нэг жилийн хугацаанд 51 сая ам.долларын орлого болсон байна. Жагсаалтын эхний аравт олны танил болсон Анжелина Жоли, Гвинет Пэлтроу, Кэмерон Диаз нар оржээ.

Өдгөө 50 настай Сандра Буллок нь найруулагч А.Куароны „Gravity” кинонд тоглосноор орлогоо эрс нэмэгдүүлсэн байна. Энэ бүтээл нь 700 сая ам.долларын ашиг олсон гэдэг. Түүнээс гадна С.Буллок “The Heat” киноны гол дүрийг бүтээж 10 сая ам.долларын ашиг олсон байна. Ингээд энэ жилийн хамгийн их орлого олсон Холливудын арван жүжигчин бүсгүйг танилцуулъя.

1. Сандра Буллок – 51 сая ам.доллар

2. Женнифер Лоуренс – 34 сая ам.доллар

3. Женнифер Энистон – 31 сая ам.доллар

4. Гвинет Пэлтроу – 19 сая ам.доллар 

5. Анжелина Жоли – 18 сая ам.доллар

6. Кэмерон Диаз – 18 сая ам.доллар

7. Скарлетт Йоханссон – 17 сая ам.доллар

8. Эми Адамс – 13 сая ам.доллар

9. Натали Портман – 13 сая ам.доллар

10.  Кристен Стюарт – 10 сая ам.доллар

Categories
гадаад мэдээ

АНУ Африкт 33 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ

АНУ-Африкийн дээд хэмжээний уулзалт хоёр хоног үргэлжилж өчигдөр Вашингтон хотноо өндөрлөсөн юм. Уг арга хэмжээний үеэр Ерөнхийлөгч Б.Обама Африкийн 47 орны төрийн тэргүүнийг хүлээн авч уулзсан байна. Энэ нь Америк  Африк тивд нэлээд анхаарал хандуулж харилцаагаа улам хөгжүүлэх бодлого явуулж байгаагийн илэрхийлэл юм. Ингэх  болсон нь хэд хэдэн шалтгаантай . Юуны түрүүн Хятад тус тивд өөрийн нөлөөгөө бэхжүүлэх үүднээс сүүлийн жилүүдэд  нэлээд хөрөнгө оруулалт хийснийг дурдах нь зүйтэй. Тиймээс АНУ  Хятадаас дутахгүй гэдгээ харуулахаар шийджээ. Түүнээс гадна Б.Обама өөрөө Африкаас гаралтай. Америкийн Ерөнхийлөгчийн засаг захиргаанаас явуулж буй гадаад бодлогод ард иргэд нь сэтгэл дундуур байгаа. Тиймээс энэ сөрөг бодлыг арилгахын тулд авч буй арга хэмжээ хэмээн ажиглагчид үзжээ. Дээд хэмжээний уулзалтын  үеэр Б.Обама АНУ  Африкийн орнуудад 33 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэдгээ мэдэгдсэн. Энэ хөрөнгийг юуны түрүүн ардчиллыг хөгжүүлж, хээл хахуультай тэмцэхэд зориулах юм байна. Дээд хэмжээний уулзалтын үеэр худалдаа болон хөрөнгө оруулалтын салбарт хамтран ажиллах асуудалд нэлээд анхаарал хандуулжээ. Тиймээс ч Америкийн хэд хэдэн компани нийтдээ нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх гэрээ байгуулсан байна. АНУ-ын хариуцлагатай ажилтнуудын ярьснаар Хятад  Африкийн орнуудтай ашигт малтмал олборлох чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой гэнэ. Америкийн үүнээс ялгаатай тал нь гэвэл хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарын хамтын ажиллагаанд илүү их анхаарал хандуулж байгаа гэнэ. Дээд хэмжээний уулзалтын үер АНУ-ын Төрийн Департамент Африкийн орнуудын цэргүүдийг энхийг сахиулах ажиллагаанд оролцуулах бэлтгэл сургуулилтад  60 сая ам.доллар гаргахаар болсон байна.