Categories
гадаад мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Афганистаны шинэ ерөнхийлөгч тодорлоо

Афганистанд өнгөрсөн зургадугаар өндөрлөсөн ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг өчигдөр олон нийтэд танилцуулжээ. Афганистаны сонгуулийн хорооноос нэр дэвшигч Ашраф Гани Ахмадзайг шинэ төрийн тэргүүнээр зарласан байна.

Үүний зэрэгцээ Афганистаны шинэ Ерөнхийлөгч Ашраф Гани Ахмадзай өрсөлдөгч Абдулла Абдуллахтай эрх мэдэл хуваалцах гэрээнд гарын үсэг зурсан байна. Эрх мэдэл хуваалцах гэрээний дагуу Абдулла Абдуллах Ерөнхий сайдтай эн зэрэгцэх албан тушаал хаших болсон бөгөөд парламентад өөрсдийн хүчний харьцааг тэнцүүлэхээр болжээ. Өмнө нь тэд ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дүнгээс болж удаан хугацаанд зөрчилдөж, тэдний тэмцэл Афганистаны тогтвортой байдалд заналхийлэх хэмжээнд тооцогдож байсан юм. 

Categories
гадаад мэдээ

ШУТИС-ийн уулзвараас зүүн тийш замын хөдөлгөөнийг бүрэн хаалаа

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байгаа Бээжингийн гудамжны 0.9 км авто зам, 74 метр гүүрний өргөтгөл шинэчлэлийн ажлын хүрээнд өнөөдөр ШУТИС-ийн уулзвараас зүүн тийш авто замын хөдөлгөөнийг бүрэн хааж асфальт бетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажлыг эхлүүллээ. Замын хөдөлгөөнийг ирэх сарын  2-нд нээнэ.

Categories
гадаад мэдээ

“Боко Харам”-ийнхан Майнок хот руу дайрчээ

“Боко Харам” лалын бүлгийнхэн Нигерийн Майнок хот руу дайрсан байна. Ү Энэ үеэр 30 хүн амь үрэгдсэн тухай мэдээллээ. Лалын бүлгийнхний хүнсээ базаахын тулд хотын зах дээр худалдаа хийж байсан хүмүүсийн хүнс, барааг дээрэмдсэн байна. Сүүлийн 14 хоногт “Боко Харам”-ийнхан Борно мужийн нэлээд хэдэн хотыг эзэлчихээд байгаа. 

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Цагаан ордон руу нэвтрэхийг завджээ

АНУ-ын тусгай албаныхан өчигдөр Цагаан ордон руу нэвтрэхийг завдсан нэгэн эрийг саатуулсан байна. Энэ тухай АНУ-ын төрийн тэргүүн болон төрийн айлчлал хийж буй гадаадын зочдын аюулгүй байдлыг хариуцан ажилладаг албаны төлөөлөгч мэдэгдэв. Гэтэл уржигдар буюу өнгөрсөн баасан гаригт Техас мужийн оршин суугч 42 настай Омар Гонзалес гэгч Цагаан ордон руу нэвтэрч гол хаалга хүртэл явсан байна. Түүнийг хамгаалалтын албаныхан баривчилсан аж. Ийнхүү өдөр дараалан төрийн тэргүүний байрладаг ордонд нэвтрэхийг завдсан оролдлого гарсан тул хамгаалалтыг чангатгажээ.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Шнобелийн эздийг тодруулжээ

Шнобелийн эздийг  тодруулах ёслолын ажиллагаа АНУ-ын Харвардын их сургуульд  пүрэв гаригт болсон байна.  Шнобель (Ig Nobel Prize) нь Нобелийн эсрэг  шагнал аж. Шнобелийг хүн төрөлхтөнд ямар ч хэрэгцээгүй, шинжлэх ухааны инээдтэй болоод хошин нээлт хийсэн судлаачид олгодог байна. Уг шагналыг үүсгэн байгуулагч М.Абрхамс “The Annals of Improbable Research” буюу орчуулбал “Ер бусын судалгааны он дарааллын бичиг” хэмээх шинжлэх ухааны шог сэтгүүлийг анх 1991 онд гаргаж байжээ. Жинхэнэ Нобелиос ялгаатай нь 10 төрөлд олгодог байна. Тухайлбал, физик, хими, анагаах ухаан, уран зохиол, энхтайван, эдийн засаг  зэрэг зургаан  төрөл нь Нобелийнхтой адил бол үлдсэн дөрөв нь жил бүр өөрчлөгддөг уламжлалтай. Тухайбал, математик, биологи, инженерийн ажил болон  менежментийн ухааны чиглэлээр шнобельтнуудыг тодруулж байсан байна. Шнобелийг тодруулах ёслолын ажиллагааг 24 дэх жилдээ зохион байгуулсан нь энэ аж. Эрүүл мэндийн салбарт Чех, Япон, АНУ, Энэтхэг зэрэг орны эрдэмтдийн баг хүртжээ. Тэд тэжээвэр муур эзнийхээ сэтгэц болон оюун ухаанд нь  хэр нөлөөлдөг болохыг судалсан аж. Тодруулбал, токсоплазмоз хэмээх амьтнаас хүнд халдварладаг (тэр дундаа муурнаас халддаг байна) шимэгч хорхойн халдвар бүхий өвчнөөр өвчилсөн нэгэн залуу эмэгтэйд туршилт хийжээ. Энэхүү өвчин нь өвчтөний сэтгэцэд хэр нөлөөлж байгааг ажигласан байна. Биологийн салбарын шнобельтноор Чех, Герман, Замбийн судлаачид хүртсэн байна. Нохой хүндрэх газраа сонгохдоо дэлхийн соронзон уртрагийн дагуух орон зайг сонгодог гэсэн дүгнэлтэд хүрсэн аж. 

Физикийн салбарт Японы эрдэмтдийн баг Шнобелийн эзэд болжээ. Тэд хүний гутлын ул болон гадил жимсний хоорондох хамаарлыг судалж үрэлтийн зэргийг тогтоожээ. Анагаахын салбарт Энэтхэг, АНУ-ын эрдэмтэд дээрх шагналыг хүртсэн байна. Хамраас цус алдах үед ашиглах эмчилгээний аргыг боловсруулсан аж. Тэд утсан гахайн маханд шингээсэн чихээс бүхий тампоныг эмчилгээнд ашиглах аргыг боловсруулсан аж. 

Туйл судлаачид энэ удаад гадуур үлдсэнгүй. Герман, Норвегийн эрдэмтэд цагаан баавгайн арьсаар хийсэн хувцастай хүнийг харсан хойд туйлын буганууд түүнд хэрхэн хандахыг судалжээ. 

Эдийн засгийн салбарт Италийн Улсын Үндэсний статистикийн хүрээлэн гэх байгууллага хүртжээ. Тус байгууллага Европын орнуудын эдийн засгийн талаарх дүгнэлт гаргахдаа биеэ үнэлэгчид, хар тамхи зэрэг хууль бус наймаанаас олсон орлогыг хамруулах нь зүйтэй гэж уриалж байсан юм. Ийнхүү Шнобелийн эздийн туурвисан бүтээлүүд нь нэг талаас инээдэмтэй харагдавч нөгөө талаас нэгийг бодогдуулсан санаа агуулдгаараа онцлог гэнэ. 

Дашрамд дурдахад, өнгөрсөн онд Шнобелийн энх тайвны шагналыг Белоруссийн удирдагч А.Лукашенко олон нийтийг алга ташихыг хориглосон тухай хууль гаргасан. Мөн тус улсын цагдаа нар ганц гартай хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг алга ташсан хэмээн баривчилсан зэрэг нь анхаарал татаж байсан билээ. 

Categories
гадаад мэдээ

“iPhone”-ууд худалдаанд гарлаа

Энэ
оны хамгийн их хүлээлт
үүсгэсэн “Apple” компанийн
“iPhone 6”, “iPhone 6
plus” гар утас өчигдөр Нью-Йорк, Пало Алто хотод
анх худалдаанд гарлаа.
Калифорни дахь дэлгүүрийг “Apple” компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк нээсэн байна.
Тэрбээр хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа “Шинэ бүтээгдэхүүнээ худалдаанд гаргах
мөч хамгийн сайхан байдаг. Хэрэглэгчид манай гар утсыг тэсэн ядан хүлээж байгаа
тэр мэдрэмж бидэнд маш сайхан юм. Шинэ гар утас олон дэвшилтэд технологи, давуу
талыг олгосон учраас зах зээлд шуугиан тарьж чадна” гэжээ.
“iPhone 6”, “iPhone 6 plus” гар утас худалдаанд гарахаасаа өмнө дөрвөн сая
ширхэг захиалга авсан нь компанийн бүтээгдэхүүний түүхэнд шинэ амжилт болсон
билээ.

Categories
гадаад мэдээ

НҮБ эболатай тэмцэх тусгай алба байгууллаа

НҮБ-ын Ерөнхий нарийн
бичгийн дараг Бан Ги Мун эболатай тэмцэх тусгай алба байгуулсан тухай
мэдэгдлээ. Тэрээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хурал дээр энэ тухай мэдэгдэхдээ
энэ сарын сүүлч гэхэд тус алба нь ажлаа эхлүүлэх бөгөөд үндсэн таван зорилготой
юм байна. Үүнд: өвчний тархалтыг зогсоох, өвчтэй хүмүүсийг эмчлэх, эмнэлгийн
үйлчилгээ үзүүлэх, нөхцөл бадлыг тогтворой болгох, ирээдүйд өвчин дахин
гарахаас урьдчилан сэргийлэх явдал аж.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Украины Ерөнхийлөгчийн хүү Донбасст байлдаж байгаа

Украины төрд
хариуцлагатай алба хашиж байгаа хүмүүсийн хүүхдүүд бүгд Донбасст эх орныхоо
төлөө байлдаж байгаа тухай тус улсын хэвлэлээр мэдээллээ. Ерөнхийлөгч
П.Порошенкогийн хүү ч зэвсэг мөргөлдөөн гарч байгаа нутагт байгаа гэнэ.
Тодруулбал Украины төрийн тэргүүний ууган хүү 29 настай Алексей сайн дураараа
Донбассыг зорьжээ. АНУ-д айлчилж буй П.Порошенко CNN-д ярилцлага өгөхдөө ийнхүү
хэлсэн байна.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Либерид очиж биечлэн танилцахыг хүсэв

Холливуудын
нэрт жүжигчин Брэд Питт эбола вирус хурдацтай тархаж буй Либери улсад очиж,
нөхцөл байдалтай биечлэн танилцахыг хүссэн тухай “TMZ” сайт мэдээлжээ.
Тэрбээр Либери улсад очих хүсэлтээ ДЭМБ-ын удирдлагуудад гаргасан ч татгалзсан
хариу авчээ.  Өнгөрсөн долдугаар сарын 14-нд Либерийн Засгийн газар
эболагийн халдварын улмаас улсынхаа хилийг хаасан юм. Мөн АНУ-ын Засгийн газар
Баруун Африкт ажиллаж буй бүх иргэнээ татсан билээ.

Жүжигчин
залуу Либери улсад халдвар авсан хүмүүстэй уулзаж, тус улсын Эрүүл мэндийн
яаманд хандив өргөхийг хүсчээ. Харин тус улсын Засгийн газар эболагийн халдвар
хурдтай байгаа учир гадаадын жуулчин хүлээн авах боломжгүй хэмээн мэдэгдсэн
байна. Брэдийн хэвлэлийн төлөөлөгч “Жүжигчин нөхцөл байдалтай биечлэн
танилцахгүйгээр ямар ч тусламж үзүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр Либери
улсад очихдоо хувийн бэлтгэл, аюулгүй байдлаа сайн хангахаа амласан” гэж
хэлжээ.

Categories
гадаад мэдээ

Шотландын санал асуулгын дүнг өнөөдөр зарлана

Шотландад
өчигдөр бие даан тус­гаар тогтносон улс бо­лох эсвэл Их Британийн бүрэлдэхүүнд
хэвээр үлдэх эсэхийг шийдвэрлэх бүх нийтийн санал асуулга явагдлаа. Саналын
хуудас зөвхөн нэг асуулттай бөгөөд тэр нь “Та Шотландыг тусгаар тогтносон улс
болохыг зөвшөөрч байна уу”. Сонгогчид тийм, үгүй гэсэн хоёр сонголтоос зөвхөн
нэгийг нь сонгож, санал өгөх юм.
Нийт 4285323 хүн санал өгөх эрхтэй бөгөөд түүхэнд байгаагүй өндөр ирцтэй санал
асуулга болох төлөвтэй байв. Улс даяар 2608 сонгуулийн штаб ажиллаж, иргэд орон
нутгийн цагаар өглөөний 07.00-22.00 цагийн хооронд саналаа өгчээ. Энэхүү
асуулгын дүн өнөөдөр тодорхой болох юм. Саналыг Шотландын 32 захиргааны нэг­жийн
бай­ранд тоолж, дүнг холбогдох ажилт­нуудад мэдээлэх бөгөөд Эдинбургийн санал
тоол­логын комисс мэдээллийг нэгтгэн тус комиссын дарга Мэри Питкейтли эцсийн
дүнг  Эдинбургийн шилтгээний өмнөх талбайд зарлах аж. Тэрбээр асуулгын
дүнг баасан гарагийн өглөөний цайныхаа цагаар зарлах болно гэж хэлжээ.
Тиймээс Шотландын сонгуулийн уламжлалын да­гуу өнөөдөр 06.30-07.30 цагийн үед
олонд мэдээлэх магадлал хамгийн өндөр байгаа талаар BBC агентлаг мэдээллээ.
Учир нь 2010 оны Их Британийн парламентийн сон­гууль, 2011 оны Шотландын
парламентийн сон­гуулийн санал хураалтийн дүнг энэ цагуудад зарлаж байсан юм
байна. Бүс нутгуудын санал асуулгын дүн өглөөний 03.00-06.00 цагийн хооронд
санал тооллогын комисст ирнэ гэж төлөвлөжээ. Түүнчлэн түүхэндээ байгаагүй олон
хүн санал өгөх учраас дэг журамд тооллогын ажилтнууд хяналт тавьж ажиллахаар
болсон бөгөөд цаг агаарын байдал,  алслагдмал нутгуудын саналын хайрцаг
товлосон цагаас оройтох магадлалтай учир усан онгоц, нисдэг тэрэг зэрэг
тээврийн хэрэгслийг ашиглан саналын хайрцгуудыг тээвэрлэх ажлыг зохион
байгуулжээ. Энэ санал асуулгаар Шотландын иргэд Их Британийн эзэнт гүрний
бүрэлдэхүүнээс гарч тусгаар тогтнохыг дэмжвэл 2016 оны гуравдугаар сарын 24-ний
өдөр тус улс тусгаар тогтнолоо албан ёсоор зарлана гэж төлөвлөөд байгаа билээ.