Categories
гадаад мэдээ

Ким Чен Уны биеийн байдал сайн байгаа гэв

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эрүүл мэндтэй холбоотой асуудал байхгүй гэж Пхеньян мэдэгдлээ хэмээн Өмнөд Солонгосын «Ренхап»агентлаг дамжуулжээ.

Хоёр Солонгосыг нэгтгэх асуудал хариуцсан сайд Рю Гиль Че Хойд Солонгосын төлөөлөгч нартай Инчёоны Азийн наадмын хаалтын ёслол дээр уулзсаны дараа энэ талаар хэлсэн байна.

“Би төлөөлөгчдөөс Хойд Солонгосын удирдагчийн биеийн байдлыг асуухад Кин Чин Уны эрүүл мэндэд хүндрэлтэй асуудал байхгүй хэмээн хариуллаа” хэмээн сайд хэлжээ.

Үүнээс өмнө НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл дэх БНАСАУ-ын төлөөлөгч Со Се Пен Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унд мэс засал хийсэн гэх мэдээллийг үгүйсгэжээ.

Categories
гадаад мэдээ

Турк Исламын улсын эсрэг тэмцэлд нэгдлээ

Туркийн арми Ирак, Сирийн нутаг дэвсгэрт хяналтаа тогтоогоод байгаа Исламын улсын эсрэг тэмцэлд нэгдэхээр болсон тухай тус улсын парламентаас мэдээлсэн байна. Туркийн Батлан хамгаалахын сайд Исмет Юлмаз “Сирийн радикал, зэвсэгт бүлэглэлийн хүчирхэгжилт Туркийн үндэсний аюулгүй байдалд аюул учруулж байна. Тиймээс эрх баригчид хилийн дагуух аливаа зэвсэгт мөргөлдөөнийг багасгах чиглэлд ажиллах болно” гэжээ. Туркийн парламентийн гишүүдийн 298 нь уг саналыг дэмжиж 98 гишүүн татгалзсанаар Турк улс нэг жилийн хугацаанд Исламын улсын эсрэг цэргийн үйл ажиллагаа явуулахаар болсон байна. Гэхдээ цэргийн үйл ажиллагааны тодорхой шийдлийг гаргаж ирээгүй байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Исламын улсын зэвсэгт дайчид Туркийн хилд ойртож байгаа мэдээлэл гарсан нь парламентийн гишүүд дээрх шийдвэрийг гаргахад багагүй нөлөөлсөн юм. Нөгөөтэйгүүр Ерөнхийлөгч Режеп Тайп Эрдоганд тус улсын Батлан хамгаалах салбарт шинэчлэл хийхийг сануулсан нэг том дохио боллоо гэж ажиглагчид дүгнэжээ. Харин Ерөнхийлөгч Эрдоган парламентийн хурлыг нээж хэлсэн үгэндээ “Би бүхэн Исламын улсаар зогсохгүй Ирак, Сирийн нутагт дэвсгэрт буй бүхий л террорист байгууллагуудын эсрэг тэмцэх болно. Энэ бол бидний нэн тэргүүний зорилго байх болно. Турк улс терроризмын эсрэг тэмцэлд бэлэн байна” гэж мэдэгдсэн байна. Гэсэн хэдий ч Турк улс мөргөлдөөнд шууд цэргийн хүч илгээхийг хараахан зөвшөөрөөгүй байгаа билээ. АНУ-ын тэргүүлсэн Исламын улсын эсрэг кампанит ажилд одоогоор 30 гаруй орон нэгдээд байна.

Categories
гадаад мэдээ

Япон улс эбола вирустай тэмцэхэд 62 сая ам.долларыг хандивлана гэв

Баруун Африкт дэгдсэн эбола вирусын халдвар хяналтаас гарч, халдварын тархалт хурдацтай өсөж байгаатай холбогдуулан олон улсын зүгээс анхаарал хандуулж эхэллээ. Хамгийн сүүлд ирүүлсэн мэдээллээр Японы Засгийн газар баасан гарагт болсон хуралдаанаар эбола вирусын тархалттай тэмцэхэд дахин 22 сая ам.долларыг хандивлах шийдвэр гаргажээ. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ есдүгээр сарын сүүлээр болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлэхдээ 40 сая ам.долларын тусламж илгээнэ гэж мэдэгдсэн билээ. Энэхүү тусламж шууд мөнгөн хэлбэрээс гадна ДЭМБ –ын бусад тусламжийн хүрээнд Баруун Африкийн улс орнуудад очно гэж байсан юм. Ийнхүү Японы Засгийн газрын зүгээс вирусын халдвар тархсан бүс нутгуудад нийт 62 сая ам.долларын буцалтгүй тусламж илгээхээр боллоо. Өнгөрөгч хоёрдугаар сараас эхлэн тархаж эхэлсэн эбола вирусын халдвар эдүгээ Либери, Сьерра Леон, Нигер, Сенегал орнуудын 3300 орчим иргэний аминд хүрч, 7000 орчим хүн уг вирусаар халдварлаад байгаа юм. Харамсалтай нь одоогоор олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эм бэлдмэл, вакцин гараагүй байгаа бөгөөд ОХУ, АНУ, Их Британи, Канад, Япон зэрэг хэд хэдэн улсын эрдэмтэд вакцин гаргаж авахаар ажиллаж байгаа аж.

Categories
гадаад мэдээ

Японд 16 хүн сураггүй алга болжээ

Японд Онтакэ галт уул идэвхжсэний улмаас хүний амь эрсдсэн тухай мэдээлсэн билээ. Галт уулнаас утаа ялгарсаар байгаа бөгөөд ойртож очих аргагүй байгаа гэнэ. Өчигдөр тус бүс нутагтширүүн бороо орсон тул хайгуулын ажлыг түр зогсоосон байна. Одоогийн байдлаар 16 хүн сураггүй байгаа гэнэ.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Тайландын эмч нар эбола тэмцэх гэнэ

Тайландын эмч нар эбола вирустэй тэмцэхэд ахиц дэвшил гаргана хэмээн мэдэгдсэн байна. Тус улсын  Сирират эмнэлэгт ажиллаж буй Хунтайж Махидолын нэрэмжит их сургуулийн мэргэжилтнүүд  нэг жилийн дотор уг өвчнийг эмчлэх эмийг гаргаж авах гэнэ. Тэд нэгэн шинэ эм гаргаж авсан боловч түүнийг эмчилгээнд хэрэглэх хараахан болооогүй аж.  

Ю.Дэлгэр   

Categories
гадаад мэдээ

Сирийн хэт даврагчид эмэгтэйчүүдийг цаазлав

Сирийн хойд хэсэгт орших Курд үндэстний бүс нутагт “Исламын улс” бүлэглэлийн хэт даврагчид долоон эрэгтэй, гурван эмэгтэй хүний толгойг авсан гэж хянагчид мэдээлэв. Сири дэхь хүний эрхийн ажиглагч Рами Абдулрахман амиа алдсан тэдгээр хүмүүс хэт даврагчдын эсрэг тууштай тэмцсэн Араб, Курд үндэстнүүд байсан гэжээ. Туркийн хилийн ойролцоох Кобане суурингаас баруун зүгт 14 км-ийн зайтай газар уг аймшигт хэрэг гарсан байна. “Исламын улс” бүлэглэлийнхэн өөрсдийнх нь эсрэг олон улсын цэргийн ажиллагаа хүчээ авч буйтай зэрэгцэн энгийн иргэдийг айлган сүрдүүлж, өшөө авах болжээ. Тиймээс Сирийн газрын тосны ордуудыг буцаан авч, хэт даврагчдыг устгахаас илүүтэй иргэдийг хамгаалах нь чухал байгааг мэргэжилтнүүд сануулав. 

Categories
гадаад мэдээ

Эбола хөхний сүүгээр халдварладаг болох нь тогтоогджээ

ДЭМБ-ын дарга захирал Маргарет Чанг “ВВС” агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр Баруун Африкийн орнуудад дэгдсэн эбола вирусын улмаас 3338 хүн амиа алдаж, 7718 хүн халдвар авсан гэжээ. Тэрбээр “Халдвар авсан хүмүүсийн дотор 0-1 насны 327 нярай байгаа. Мөн 5-18 насны 1101 хүүхэд эболагийн халдвар авсан. Халдвар авсан нярайн эцэг эх нь эбола туссан нь шинжилгээгээр тодорхой болсон. Эбола вирус хөхний сүүгээр халдвар тараадаг нь тодорхой боллоо” гэж хэлжээ.

Эболагаар ганцхан долоо хоногийн дотор Либери 310, Сьерра-Леон 290, Гвиней 195,  Нигер улсад 59 хүн халдвар авчээ. Тус вирусын халдварыг зогсоохын тулд ДЭМБ-аас дахин 15 сая ам.долларыг төсөвлөжээ. ДЭМБ өнгөрөгч долоодугаар сард 30 сая ам.долларыг гаргасан юм. Мөн Британийн хатан хаан II Элизабет Сьерра-Леон улсад мөнгөн туслалцаа үзүүлэхээр болсон гэж тус улсын Ерөнхий сайд Дэвид Камерон твиттертээ жиргэжээ. ДЭМБ-аас мэдээлсэнээр Сьерра-Леон улсад өдөрт 15-30 хүн шинээр халдвар авч байгаа гэв.

Categories
гадаад мэдээ

Энэтхэгийн тэрбумтан хөрөнгийнхөө 75 хувийг буяны үйлд зориулна гэлээ

Энэтхэгийн долларын тэрбумтан, Британийн Vedanta Resources корпорацийн эзэн Анил Агарвал хөрөнгийнхөө  буяны ажилд зориулахаар шийдсэн тухай The Financial Times мэдээллээ. “Бидний босгосон хөрөнгө нийгмийн сайн сайханд зориулагдах ёстой. Амьдрал бол зөвхөн баян чинээлэг байхыг хэлэхгүй” гэж тэрээр ярьжээ. Тэрбумтны хөрөнгийг Forbes сэтгүүл $3,5 тэрбум доллар гэж үнэлсэн байна. Анил Агарвал Энэтхэгийн баячуудын жагсаалтын 24-т бичигддэг юм. Харин Агарвал  Vedanta компанийнхаа хяналтыг  өгсөн эсэх нь тодорхойгүй аж. Компанийн 70 хувь нь түүний мэдлийнх  гэнэ. Зах зээлийн үнэлгээ нь 2,6 тэрбум фунт стерлинг юм байна. 

Categories
гадаад мэдээ

Хотын даргыг эхнэр нь буудаж хороожээ

АНУ-ын Калифорн мужийн Белл Гарденс хотын дарга Даниэл Креспог гэрт нь буудаж хороожээ. Лос Анжелес Таймс сонинд мэдээлснээр цагдаа нар энэ хэрэгт хотын даргын эхнэрийг сэжиглэн саатуулсан байна. Креспо амиа алдах үедээ 19 настай хүү, эхнэртэйгээ хамт байсан бөгөөд гэрт нь маргаан гарсан гэж хөршүүд нь ярьсан аж. Эхнэр нь Креспогийн цээжин биед олон удаа буудсан гэж эх сурвалж хэлжээ. Белл Гарденс нь Лос Анжелес хотын төвөөс 10 бээрийн зайтай байрладаг. Креспо нь 2001 оноос хойш тус хотын даргаар ажиллаж байжээ. 

Categories
гадаад мэдээ

Калифорн гялгар уутыг хориглолоо

АНУ-ын Калифорн мужид гялгар уутны хэрэглээг хориглосон байна. Гялгар уут нь хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөтэй учраас ийм шийдвэр гаргажээ. Шийдвэр гарсаны дараа гялгар уутны компаниуд зах зээлээ алдахгүйн тул цаасан уут үйлдвэрлэхээс өөр аргагүй болжээ. “Энэ хориг нь далайн эрэг, цэцэрлэгт хүрээлэнг гялгар уутаар бохирдуулах явдлыг багасгана” гэж мужийн амбан захирагч Жерри Браун ярьжээ. Wal-Mart, Target зэрэг томоохон худалдааны төвүүдэд энэ хуулийг 2015 оны долдугаар сард, бусад жижиг дэлгүүрүүдэд 2016 оноос эхлэн мөрдөх юм байна. Мөн дэлгүүрүүд дахин ашиглах боломжтой цаасан уутыг 0,10 доллараас хэтрэхгүй үнэтэй байхаар зах зээлд нийлүүлж, бараа бүтээгдэхүүнийг савлаж байхаар хуульд заасан аж.