Categories
гадаад мэдээ

Тоглолт үзэж байгаад амиа алджээ

Өмнөд Солонгост охидын “4minute” хамтлагийн тоглолтын үеэр ноцтой осол гар 16 хүн амиа алджээ. Мөн 11 хүн хүндээр бэртсэн байна. Тоглолтын үеэр үзэгчид илүү сайн харахын тулд агааржуулалтын сараалжин дээр гарч зогсчээ. Гэтэл сараалж даацаа дийлэлгүй цөмөрсний улмаас осол гарсан аж. Үзэгчид 10 гаруй метрийн өндрөөс газар доорх авто зогсоол руу унасан ажээ. Амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдэж болзошгүйг аврах албаныхан анхааруулж буй гэнэ.

Categories
гадаад мэдээ

Нисдэг тэргийг хайх ажил үргэлжилж байна

ОХУ-ын Тувад үүрэг гүйцэтгэж яваад сураггүй болсон “Ми-8” нисдэг тэргийг хайх ажиллагаанд манай талаас оролцож байгаа тухай өмнө нь мэдээлсэн билээ. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга Д.Дарь.Сүхбаатараас дараахь тодруулгыг авлаа.

Монгол Тувагийн хилийн цаана алга болсон албаны нисдэг тэргийг хайх ажиллагаанд манай хилчид болон, онцгой байдлын бие бүрэлдэхүүн орж байгаа гэсэн. Яг хаагуур эрлээ үргэлжлүүлж байна?

-Ерөнхийдөө Монгол Тувагийн хилийн зурвас дагуу албан үүргээ гүйцэтгэж яваа хилчид болон Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчидэрж хайх ажиллагааг сайн дураараа гүйцэтгэж байгаа. Хөрш зэргэлдээ улс орны хувьд хилийн цаана алга болсон уг нисдэг тэргийг хайлцах нь бидний нэг ёсондоо албан үүрэг л дээ.

Тувагийн хайгуулын багтай холбоо барьсан уу. Ямар нэгэн мэдээлэл ирж байна уу?

-Өчигдөр үдээс өмнө Тувагийн Онцгой байдлын газрын дарга А.А.Назаровтой утсаар холбоо барилаа. Ямар нэгэн сэжигтэй зүйл илрүүлээгүй байна гэсэн.”Бидний ажилд дэмжлэг туслалцаа үзүүлж, санаа тавьж байгаад баярлалаа. Ямар нэгэн зүйл илэрвэл шуурхай мэдээллээрэй” гэж байна лээ гэв.

Дашрамд дурдахад,”Ми-8″ нисдэг тэрэг энэ сарын 10-ны өдөр Тува улсын “Саяа Сушинский” цахилгаан станцад албан үүрэг гүйцэтгээд буцаж явах замдаа ийн сураггүй алга болсон юм. Албаныхны мэдээлснээр нисдэг тэргэнд онгоцны багийн гурван гишүүнтэй нийлээд нийтдээ есөн хүн зорчиж явсан байна.

Categories
гадаад мэдээ

“KOICA” –гийн үйлдвэр хог хаягдлыг ангилан ялгаж эхэллээ

Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд хог боловсруулах хоёр үйлдвэр барихаар төлөвлөж байгаа. Энэ үйлдвэрийн нэг болох БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “KOICA” –гийн Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт барьсан Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн ажилтай Захирагчийн ажлын албаны ТХХУХ-ийн дарга, ажил хариуцсан мэргэжилтнүүд танилцлаа. Солонгосчууд тус үйлдвэрийг барихдаа технологийн системийг гадна болон дотно холболтын хамт хийсэн юм. Тус үйлдвэр нь одоогоор өдөрт 8-10 машин, 80 тонн хогийг хүлээн авч нэг ээлжиндээ 17 ажилтан гялгар уут, цаас, хуванцар саваар нь ангилан ялгаж байна. Өдөрт ирсэн хогийн 40 тн буюу 50 хувийг хуванцар сав, шил, лааз эзэлж байна.
Хог тээврийн машин ирмэгц ажилчид экскаватороор хогийг хутган дамжуулах конверээр /ремэн/ дамжуулан бутлагч машин руу оруулна. Бутлагч машин шороо болон хогоор хаягдлаар нь ялган ангилан ялгах цех рүү хүргэдэг. Үүний дараа дамжлагаар ирсэн хогийг ажилчид ангилан ялгаж, цаасны хогийг преслэн шахаж үйлдвэрлэлд бэлтгэн, хуванцар сав, гялгар уутыг тусгай кантейнерт байрлуулан савладаг. Хог хаягдлаас гарсан шороог конверээр дамжуулан үйлдвэрээс буцаан гаргаж ландфил технологийн дагуу дарж устгаж байгаа. Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлмэгц хатуу түлш үйлдвэрлэж эхлэх юм.
Цаашид нийслэлийн иргэд хогны уутыг хэрэглэж хэвшмэгц ангилан ялгах тогтолцоонд шилжүүлэхээр төлөвлөж байна. Энэ нь хог боловсруулах үйлдвэрүүд ангилан ялгалт хийх бус эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг бүрдүүлэх давуу талтай гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

ОХУ-д эбола вирусын халдвар илрээгүй гэв

Энэ сарын 15-нд Гвинеи-Бисау улсаас Орёл хотод ирсэн хоёр оюутнаас эболагийн халдвар илэрсэн гэсэн мэдээлэл тархаад байгаа. Энэ мэдээллийг тус хотын захиргаа үгүйсгэжээ. Африкийн хоёр оюутнаас эбола вирус илрээгүй аж. Халуурсан оюутнуудын цусанд хийсэн шинжилгээгээр эболагаар өвдөөгүй болох нь батлагджээ.

Categories
гадаад мэдээ

Хойд хөршид хоёр оюутан эболагаар өвдсөн байж болзошгүй нь

Москвагаас баруун өмнө зүгт 350 км зайтай орших Орловская хотын эмнэлэгт Эбола вирусын халдвар тээсэн байж болзошгүй Африкийн хоёр оюутныг хэвтүүлжээ. Оюутнууд нийслэлийн нисэх онгоцны буудалд газардаж, хот руу автобусаар аялаж явжээ. Тэд 37.3 C хүртэл халуурч байсан учраас тусгаарлах арга хэмжээ авчээ. “Орост Эбола вирусын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тул ариутган халдваргүйжүүлэх арга хэмжээг шуурхай авч, халдварын тархалттай бололцооны хэрээр тэмцэнэ” гэж Эрүүл мэндийн яамны хэвлэл хариуцсан нарийн бичгийн дарга Олег Салагай ярьсан байна.

Categories
гадаад мэдээ

“Оскар”-ын ёслолын хөтлөгчийг нэрлэлээ

Холливудын нэрт жүжигчин, кино найруулагч Нил Патрик Харрис ирэх онд болох 87 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолыг хөтлөхөөр болжээ. Оскарын академийн хэвлэлийн төлөөлөгч ИТАР-ТАСС-аар дамжуулж ингэж мэдээлжээ. Харрис “Америкийн кино урлагийн академиас тавьсан санал миний хувьд нэр төрийн хэрэг. Миний мөрөөдөл биеллээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан аж. Тэрээр Америкийн телевизийн урлагийн хамгийн нэр хүндтэй наадмуудын нэг 65 дахь удаагийн “Emmy awards”-ийг өнгөрсөн жил хөтөлсөн туршлагатай юм байна.

Categories
гадаад мэдээ

Хятадад “ВВС” сайтыг ашиглахыг хориглов

Их Британийн “ВВС” агентлагийн дэргэдэх “www.bbc.com” сайтыг Хятадад ашиглахыг хоригложээ. Энэ тухай тус агентлагийн Олон улсын мэдээний албаны дарга Петр Хоррок “Хэвлэлийн эрх чөлөөнд халдаж, санаатайгаар сайтын бодлогод хөндлөнгөөс оролцохыг оролдож байна” гэжээ.

5Тэрбээр цааш нь “”ВВС” агентлаг байгууллагдсан цагаасаа үнэн зөв мэдээллийг олон улсад хүргэдэг байсан. Бидний давуу тал бол үнэн бодит, шуурхай байдал. Манай агентлаг нэр хүн олохын тулд хэзээ ч худал, шар мэдээлэл нийтэд цацаж байгаагүйг олон улс гэрчлэх болно” гэсэн байна. Тус агентлагийн удирдлагууд Хятадын талаарх мэдээг “Синьхуа” болон “Chinadaily.com”-аас эх сурвалжтай нь нийтэлдэг хэмээж, дээрх шийдвэрээ эргэн харахыг хүсчээ.

5Бээжингийн удирдлагууд 2012 оны дөрөвдүгээр сард нийгмийн зүтгэлтэн Чен Гуанчений гэрийн хорионоос зугтсан тухай материал нийтэлсэнээс болж, “www.bbc.com” сайтыг хаасан удаатай.

Categories
гадаад мэдээ

Хонконгт жагсагчид, цагдаа нарын хооронд дахин мөргөлдөөн гарлаа

Өнөөдөр өглөө Хонконгт жагсагчид болон цагдаа нарын хооронд дахин мөргөлдөөн гарлаа. Эсэргүүцэгчид хотын гол замуудын нэгийг эзлэхийг оролдож хууль сахиулах байгууллагын ажилтнууд тэдний эсрэг чинжүүтэй хий хэрэглэсэн байна.Үүний өмнөх өдөр буюу өчигдөр цагдаа нар хотын төвд босгосон хамгаалалтуудыг буулгахдаа жагсагчдын эсрэг хүч хэрэглэж зохисгүй үйл гаргасан юм. Энэ бичлэг нь ВВС-гийн веб хуудсанд тавигджээ. Үүний дагуу зарим цагдаагийн ажилтныг ажлаас нь халсан байна. Үүний дараахан Хятадад ВВС-гийн веб хуудсыг хаажээ.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Б.Обама болон Европын Холбооны удирдагчид уриалга гаргав

АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама болон Европын Холбооны гишүүн орнуудын удирдагчид ОХУ-д хандан уриалга гаргасан байна. Украинд энх тайныг тогтоох асуудлаар Минск хотноо хийсэн хэлэлцээрээ хэрэгжүүлэхийг уриалжээ. Б.Обама Герман, Франц, Их Британийн төрийн тэргүүнүүдтэй утсаар ярихдаа Украины асуудлыг хөндөж энэ талаар ярилцсан байна. Мөн тэд эбола вирустэй хэрхэн тэмцэх , “Лалын улс” бүлэгтэйтэмцэх асуудалд анхаарал хандуулсан байна.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Эболагаар нас барагдсын тоо 4447 болжээ

Эбола вирусын халдвараар нас барагсдын тоо 4447 болсны дийлэнх нь Баруун Африкийн иргэд байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлэв. Хэрэв халдварыг зогсоох дорвитой алхам хийхгүй бол долоо хоногийн дотор 10 мянган шинэ тохиолдол бүртгэгдэх магадлалтай байна. Үүнээс Сьерра Леон, Либери, Гвинейд халдвар хамгийн хурдацтай тархаж байгаа ажээ.
Өвчлөгдсийн 70 хувь нь нас барж буй нь маш аюултай үзүүлэлт юм. Нийт халдварлагсдын 95 хувь нь өвчний голомтод оршин сууж байгаа иргэд бөгөөд шинэ газар тархах хурд саарч байгаа гэж үзэж байна. Гэсэн хэдий ч тархалт хөрш зэргэлдээ орнуудаас хальж, Европ, АНУ-д хүрч очсон нь сэтгэл түгшээх болов. Тиймээс улс орон бүр халдвараас сэргийлэхийн тулд бололцоотой бүх арга хэмжээг авах хэрэгтэй гэж НҮБ мэдэгдсэн байна.