Categories
гадаад мэдээ

Францын бизнесмений онгоц осолдсон хэргийг шалгаж байна

Францийн газрын тосны “Total” компаний гүйцэтгэх захирал Кристоф де Маргери өнгөрсөн мягмар гаригт ОХУ-ын Москва хотод онгоцны ослоор нас барсан юм. Түүний сууж явсан хувийн онгоц цас цэвэрлэгч машиныг мөргөсний улмаас осолдсон бөгөөд уг хэрэг гарсны дараа цас цэвэрлэгч машины жолооч Владимир Мартненког саатуулан шалгаж эхэлсэн байна. OХУ-ын мөрдөн байцаагчид түүнийг согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй хэмээн сэжиглэсэн болов ч ар гэрийхэн нь үгүйсгэсэн байна.Мөн түүний өмгөөлөгч Александр Карабанов үүнийг эрс няцааж, жолооч зүрхний архаг өвчтэй тул согтууруулах ундаа хэрэглэдэггүй байсан хэмээн мэдэгджээ. Жолооч В.Мартненко осол болох үед сэтгэл санаа нь тогтворгүй байсан бөгөөд нислэгийн зурвасыг давсан байснаа анзаараагүй тухайгаа оросын телевизд өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

Кристоф де Маргери Францийн томоохон газрын тосны компаний тэргүүн байсан бөгөөд Москвад болсон гадаадын хөрөнгө оруулалтын зөвлөлдөх уулзалтад оролцоод Парис руу буцах гэж байгаад осолдсон аж. Үүнтэй холбогдуулан Внуково олон улсын нисэх онгоцны буудлын даргыг ажлаас нь чөлөөлөхөөр болжээ.

Б.Анужин

Categories
гадаад мэдээ

Канадын Ерөнхий сайд мэдэгдэл хийлээ

Канадын Оттава дэх парламентын байрны хажууханд орших хөшөөний хүндэт харуулын цэргийг буудан хороосон хэрэг гарлаа. Энэ хэргийг лалын шашинтан,Квебект амьдардаг Мишель Зихаф-Бибо гэгч үйлджээ. Ийм хэрэг гарсантай холбогдуулан аюулгүй байдыг хангах үүднээс нийлэлийн төв хэсгийг түр хугацаагаар хаасан байна. Үүнтэй холбогдуулан Канадын Ерөнхий сайд Стивен Харпер мэдэгдэл хийхдээ дахин ийм алан хядах ажиллагаа гаргуулахгүй гээд “Биднийг айлгаж чадахгүй” гэв.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Малала Канадын хүндэт иргэн боллоо

Хамгийн залуу Нобелийн шагналтан Малала Юсуфзай Канадын хүндэт иргэн боллоо. Хүний эрхийн төлөө тэмцэгч 17 настай пакистан охинд Нобелийн шагнал олгох болсон тухай мэдэгдсэний дараа Канадын тал ийм шийдвэр гаргажээ.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Газрын тосны “Total” компанийн тэргүүн Москвад осолджээ

Францын газрын тосны Total компанийн Удирдах зөвлөлийн тэргүүн Кристоф дэ Маргери Москвад онгоцны ослоор амиа алджээ. Түүний сууж явсан хувийн онгоц Москвагийн Внуково олон улсын нисэх буудлаас Парисыг чиглэн хөөрөх явцад цас цэвэрлэх машинтай мөргөлдөж сүйрсэн талаар нисэх онгоцны буудлын хэвлэлийн төлөөлөгч Элена Крилова мэдээлсэн байна. ОХУ-ын онцгой байдлын яамнаас хийсэн мэдэгдэлд тэрээр Falcon-50 хэмээх хувийн онгоцонд сууж явсан бөгөөд осол даваа гаригт орон нутгийн цагаар 20:00 цагийн орчимд болжээ. Эх сурвалжийн мэдээлснээр нисэх багийн гурван гишүүн, зорчигчид бүгд амиа алдсан бөгөөд цас цэвэрлэгч машины жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй талаар хэлжээ. Энэ хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна.

Кристоф дэ Маргери нь Европтоо гуравт ордог томоохон газрын тосны компани болох Total-ийг 2007 оноос хойш амжилттай удирдаж байсан билээ. Тэрбээр тус компанийг удирдаж байх хугацаандаа НҮБ-аас Иракт явуулсан “Газрын тос хоол хүнсэнд” хөтөлбөрийн хүрээнд компаниа авлигад автагдсан гэх олон нийтийн буруутгалаас аварсан юм. Total нь 50 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг дэлхийд тэргүүлэгч компани билээ.

Б.АНУЖИН

Categories
гадаад мэдээ

АНУ нисэх онгоцны буудлуудад хийх шалгалтыг чангатгалаа

АНУ-ын Нью-Йорк, Вашингтон, Атлана, Чикаго, Нью-Арк зэрэг хотуудын томоохон нисэх онгоцны буудалд баруун Африкаас ирсэн иргэдийг эбола вирусийн халдвар авсан эсэхийг тогтоох шалгалтыг улам чангатгав. Ийнхүү урьдчилсан сэргийлэх арга хэмжээг улам эрчимжүүллээ. Одоогийн байдлаар эбола вирусийн улмаас АНУ-д нэг хүн амиа алдсан. Халдвар авсан гурван хүн эмчлүүлж байгаа юм.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Орос Хойд Солонгост 25 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ

ОХУ нь БНАСАУ-ын төмөр замд 5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Хойд Солонгосын төмөр замыг шинэчлэх төслийн хүрээнд энэ хөрөнгө оруулалтыг хийхээр болсон юм. Уг төслийг “Ялалт” хэмээн нэрлэсэн байна. ОХУын Алс Дорнодын Хөгжлийн яамны сайд уг төслийн нээлтэнд оролцож үг хэлэхдээ энэ нь хоёр улсын найрамдалт харилцааны үргэлжлэл бөгөөд тулгамдсан олон асуудлыг шийдэхэд тус болно гэдгийг онцлов.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Кэйт Миддлтон дөрөвдүгээр сард амаржина

Их Британийн хунтайж Уильям болон түүний гэргий Кэйт нарыг дахин хүүхэдтэй болж бүл нэмэх гэж байгаа талаар гадна, дотнын цахим сайтуудаар шуугиж байсан ч хэзээ төрөх нь тодорхойгүй байсан билээ. Тэгвэл гүнж Кэйт Мидллтоныг ирэх дөрөвдүгээр сард амаржих талаар албаны эх сурвалж мэдээлсэн байна. Тэдний анхны хүүхэд, хунтайж Жорж 2013 оны долдугаар сард мэндэлж байсан юм.

Categories
гадаад мэдээ

Б.Обамаг заналхийлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамаг Австралийн 17 настай хүү Исламын зэвсэгт бүлэглэлтэй нийлэн заналхийлсэн бичлэг олны анхаарлыг татжээ. “Исламын улс” бүлэглэл Астрали хүүг эгнээндээ элсүүлж, буу зэвсэг бариулан ийн турхирах болсон байна. Тэд Сидней хотоос ирсэн хүүгийн нэрийг өөрчлөн Абдулла Элмир хэмээх нэр хайрлажээ. 90 минут үргэлжлэх дээрх бичлэгт Абдулла хүү “Букингемийн ордон, Цагаан ордны орой дээр хар тугаа мандуулна” хэмээн заналхийлсэн аж.

Абдулла Элмир өнгөрсөн зургадугаар сард загасчлахаар гараад гэртээ эргэж очилгүй Иракт суурьшжээ. Хүүгийн аав нь яагаад ийм шийдвэр гаргасанд итгэж чадахгүй байгаа бөгөөд жирийн хүүхэд шүү хэмээн өмөөрч байгаа ажээ. Терроризмын шинжээч Грег Бартон энэ бичлэг нь гадаад хүүхдүүдийг эгнээндээ элсүүлэх гэсэн бохир тактик гэж үзжээ.

Э.НОМИН

Categories
гадаад мэдээ

Намайг Малала гэдэг

Энэ жилийн Но­бе­лийн энх тайвны шагналыг 17 настай Малала Юсуфзай охин хүртсэн. Та­ли­бан­чуудтай тэм­цэгч пакистан охин хамгийн залуу Нобелийн шагналтан болсон билээ. Түүнийг энэ нэр хүндтэй шагналыг хүртэхийн өмнө Германы “Stern” сэтгүүлд өгсөн ярилцлагыг сонирхуулъя.

-Малала 2012 оны есдүгээр сарын 2-ны тэр өдөр яг юу болсон бэ?

-Сургуулиасаа буцах замд талибанчууд намайг алахыг завдсан.

-Яг юу болсон юм бэ?

-Би бүгдийг нь мэдэхгүй байна. Толгой суманд оноход цус садарч би ухаан алдсан. Миний санаж байгаа зүйл ердөө энэ. Яг сургуулийн шалгалт болох гэж байсан. Би нэлээд сайн бэлтгэсэн тул шалгалтаа өгсөн бол сайн дүн авах байлаа. Бид сургуулиас гэр рүүгээ явж байв. Цагаан өнгийн “Кушал сургууль” хэмээх бичээстэй дотроо гурван урт сандалтай “Toyoto” маркийн машинд 20-иод сурагч охин гурван багшийн хамт сууж явсан. Би Мониба, Шациа гээд хоёр найзынхаа голд нь сууж байлаа. Түүнээс хойш юу болсныг хүмүүсээс л сонссон. Машиныг хоёр хүн зогсоогоод орж ирснээ “Малала аль нь вэ?” гэж асуухад машинд сууж явсан зарим охид над руу эргэж харсан. Нэг нь над руу гал нээхэд сум зүүн нүдний хажуугаар гараад зүүн мөрөнд 45 см гүн орсон. Нөгөө хоёр сум нь найзын маань гарыг оносон. Тэр үед маргаашийн шалгалтад бэлдэх ёстой юмсан гэсэн бодол л толгойд маань орж ирсэн.

-Талибанчууд чамайг алахаар ирнэ гэж чи бодож байсан уу?

-Үгүй. Би 15 нас хүрч байсан. Жаахан байлаа. Талибанчууд хүүхдүүдийг оролддоггүй л дээ. Хүн болохоор жаахан ч гэсэн нинжин сэтгэлтэй. Аавд маань л ямар нэгэн юм хийх байх гэж бодож байлаа.

-Сургуулийг үндэслэн байгуулсан Зиауддин Юсуфзайг хэлж байна уу?

-Яг тийм. Би Британийн “BBC”-гийн вэб хуудсанд блог хөтөлж охидод боловсрол олгохын төлөө тэмцэж байсан тул аавд маань аюул учирч магадгүй гэдгийг мэдэж байсан. Аав маань Пакистаны хүүхдүүдийг сургуульд явуулахын төлөө тэмцдэг. Бидний тэмцэлд аюул учруулж болохуйц байсан хэдий ч аав маань надаар бахархдаг. Талибанчууд охидыг сургуульд явахыг хориглосон. Манайх амьдардаг Сватын хөндийг хариуцдаг цэргийн дарга сургуульд явдаг охидыг исламын шашинтан биш гэж үздэг. Тэд 2007 оноос хойш 122 мянган охид сурдаг сургуулийг сүйтгэж үгүй хийсэн.

-Та өөрөө хэллээ Сватын хөндийх гэж. Афганистаны хилийн ойролцоо орших энэ нутгийг 2007 оны намар исламын цэргүүд эзэл­сэн. 2009 онд Пакистаны цэргүүд эргээд мэдэлдээ авсан. Тэнд алан хядах ажиллагаа байнга болдог. Хүмүүс чиний төрсөн нутгийг там гэж боддог.

-Там биш диваажин. Ер нь бол хамгийн үзэс­гэлэнтэй нутаг. Сватын хөндий бол тэнгэрийн доорхи уулан дундах диваажин юм. Цэнгэг устай, цэцэг жимсээр дүүрэн. Харамсалтай нь алан хядагчид энэ газрын нэрийг гутааж байна. Тэглээ гээд яаж чадах билээ.

-Пакистан ямар үнэртэй вэ?

-Цагаан будааны үнэртэй. Байгалийн, жимсний, миний гэрийн үнэртэй. Пакистан бол үнэхээр сайхан үнэртэй.

-Та намтрынхаа номонд “Заримдаа надад Сватын хөндийд охин болж төрснөөс “Twilight” киноны вампир байх нь илүү амар юм шиг санагддаг” гэж бичсэн байдаг.

-Тийм ээ. Би энэ киноны шүтэн бишрэгч нь. Миний хамгийн сайн найз Мониба бид хоёр их дуртай. Би үүгээр нэг зүйлийг хэлэх гэсэн юм. Намайг төрөхөд ээжийг маань хүмүүс их өрөвдсөн гэдэг. Яагаад гэхээр би охин хүүхэд байв. Хүү төрсөн бол буун дуу гаргаж тэмдэглэдэг. Харин охин төрөхөд хөшигний ард нуудаг. Бүгд хүү хүсдэг. Бүсгүй хүн үнэ цэнэгүй. Тэд хүүхэд төрүүлж, хоол хийж, гэрээ цэвэрлэх ёстой. Сургуульд сурч, гудамжаар ганцаараа явж болохгүй.

-Та тийм эмэгтэй болохыг хүсээгүй юм уу?

-Тийм ээ. Би ингэж амьдрахыг хүсээгүй. Сайн боловсрол эзэмшиж, оюутан болж хэзээ нэгэн цагт улстөрч болохыг хүссэн. Аз болоход аав маань орчин үеийн сэтгэлгээтэй хүн. Намайг жаахан байхад л “Малала шувуу шиг эрх чөлөөтэй байх болно” гэдэг байсан.

-Таныг эцгийнхээ шахалтаар тэмцэгч болсон гэж зарим хүн ярьдаг юм билээ.

-Би энэ талаар сонссон. Энэ бол худлаа гэхээс өөр хэлэх үг алга.

-Өдөр тутам аймшигтай явдал гардаг байсан тул аргагүйн эрхэнд Сватын хөндийгөөс дүрвэсэн хоёр сая хүний нэг нь та. Танайхан яаж тэндээс явсан бэ?

-Эх орондоо бол бид дүрвэгчид. Машингүй тул хөршийнхөө ачааны машинд сууж Пакистаны өмнөд хэсэгт орших Мардан хэмээх газрыг зорьсон. Тэндээсээ ээжийн төрсөн тосгон руу явсан. Гурван сар хамаатныдаа амьдарч байгаад Сватын хөндийдөө буцаж очсон. Цэргийнхэн манай нутгийг мэдэлдээ авснаас хойш байдал арай дээрдсэн юм.

-Чиний амь насанд халдахыг завдсанаас хойш чи ээж, аав, хоёр дүүгийнхээ хамт Английн Бирмингхэмд амьдрах болсон.

-Тийм ээ. Пакистанд миний нүүр болон хүзүүнд орсон сумыг авсан боловч нүүрний яс, чихээ эмчлүүлэхэд сайн эмчийн туслалцаа шаардагдсан. Энэ халдлага нь хүн төрлөхтөнд айдас төрүүлсэн.

-Одоо таны бие ямар байна?

-Зүүн чих сонсголгүй болсон, эдгэрэхгүй. Сонсголын аппараттай болсон. Нүүрний ясны сум цоолсон хэсгийг тусгай титаниар нөхсөн. Зүүн тал бараг мэдээгүй. Гэхдээ аажмаар зүгээр болно. Би инээмсэглэж чадахаа больж амаа л үл ялиг хөдөлгөдөг байлаа. “Талибанчууд миний инээмсэглэлийг авчихлаа” гэж хэлэхэд ээж маань уйлж билээ.

-Англид чамд юу нь таалагдаж байна?

-Надад тусалсан явдал нь таалагддаг. Хатан хаан Элизабетийн нэрэмжит эмнэлгийн эмч нар, орчин үеийн техник, мөн сургуулиудын түвшин маш өндөр зэрэг нь.

-Тэгвэл юу нь таалагдахгүй байна?

-Дэлгүүр явах. Дэлгүүрт ороход бүх юм хэтэрхий их. Шампунийг аваад үзье. Манай Сватын хөндийд гурван янзын шампунь байдаг. Харин Англид бол 300 янз. Бүх юм нь өөр. Сургуульд гэхэд Английн охид хичээлдээ явах сонирхолгүй, багшдаа хүндэтгэлгүй ханддаг. Сурах бичгээ гамтай хэрэглэхгүй, дүрэмт хувцсаа үзэн яддаг, үг сонсдоггүй. Пакистанд манай сургуульд бол ийм зүйл огт байхгүй.

-НҮБ-аас 125 сая хүүхэд сургуульд явах боломжгүй байна гэсэн судалгаа байдаг. Үүнийг бодоход Английн охидод уур чинь хүрдэг үү?

-Тэднийг буруутгаж чадахгүй. Тэд өөр орчинд өссөн. Сургууль явах боломжтойдоо талархдаггүй. Учир нь тэд сурах ёстой. Харин Пакистанд бол сурагчдыг зоддог. Тэгсэн ч хүүхдүүд сургуульдаа явдаг.

-Их Британийн 16 настай хүүхэд Пакистаны үеийнхээ хүүхдээс илүү эрх чөлөөтэй юу?

-Тэгэлгүй яахав. Тэд өөр. Үнэлэмж нь өөр бөгөөд дийлэнх нь сүсэг бишрэл багатай. Би тэд­ний, тэд миний ямрыг хүлээн зөвшөөрдөг тул асуу­дал байдаггүй. 16 нас­тай охин найз за­луу­тай байхыг би эсэргүүц­дэггүй. Гэхдээ ийм юмыг хүсэхгүй байна. Тэгээд ч надад тийм зав алга.

-Яагаад?

-Яагаад гэвэл би их зүйлийг сурах ёстой. Түүнээс гадна улс төрийн уулзалт ихтэй.

-Их Британийн Ерөнхий сайд асан Г.Браун таныг энэ дэлхийн хамгийн зоригтой охин гэсэн. НҮБ-ын тэргүүн Бан Ги Мүн таныг баатар хэмээн өргөмжилсөн. Таныг Анна Франктай зүйрлэж, жүжигчин А.Жоли таныг Нобелийн шагналд дэвшүүлсэн. 16 настай хүүхдэд энэ бүхэн арай л ихэдсэн ачаа юм шиг санагдахгүй байна уу?

-Үгүй. Миний хувьд энэ бол ачаа биш харин ч нэр хүндийн асуудал. Надад халдсаны дараа энэ дэлхийн хэдэн зуун хүн надад захидал бичиж, зориг хайрлаж бууж өгч болохгүй гэдгийг харуулсан. Тиймээс надад том хариуцлага оногдсон.

-Та амьд Тереза ээжтэй ижилхэн юм уу даа?

-Үгүй. Намайг Малала гэдэг. Миний зорилго: энх тайван, бүгдэд боловсрол эзэмшүүлж, терроризмыг эцэс болгох.

-Чи бусад охид шиг хумсаа будаж, олон ангит кино үздэг үү?

-Мэдээж. Би кино, телевиз үзэх дуртай. Үс маань надад их чухал мөн цайруулагч тос.

-Судлаачид таныг төрөлх нутагтаа дахин буцаж очих боломжгүй гэсэн. Эргэж очвол таныг буудан хорооно гэсэн. Гэсэн хэдий ч та нутаг буцах уу?

-Тийм ээ. Хүмүүсийн дийлэнх нь буцаж очих нь аюултай гэж байгаа. Гэхдээ Пакистан бол миний төрсөн нутаг. Миний эцэг эхийн аль аль нь төрсөн газар. Англид ээжид маань тийм ч таатай биш байгаа гэдгийг би мэдэрч байна. Тэр их ганцаарддаг. Би ч гэсэн найз нараа санадаг. Аав маань Англид консулын албанд ажиллаж байгаа. Гэсэн ч хэзээ нэгэн цагт буцна.

-Таныг алахыг завд­сан Аттиуалах Кханыг үзэж ядаж байна уу?

-Үгүй. Би түүнийг уучилсан.

-Тэр хүн Афганистан руу зугтсан гэсэн. Түү­нийг барьж авч шийтгээгүйд та бухимддаг уу?

-Үгүй. Харин сургуу­лийн автобусны жолооч маань одоо болтол шоронд хоригдож байгаад уур хүрдэг. Пакистанд иймэрхүү явдал хэвийн үзэгдэл болсон. Алахыг завдсан хүн зугтаж, ямар ч буруугүй хүн шоронд сууж байна.

-Та 16 насныхаа ойгоор Нью-Йоркт НҮБ-ын индрээс үг хэлсэн. Ингэсний төлөө талибанчууд танд алах ял оноох байх. Үүнээс айж байна уу?

-Үгүй. Бурхан намайг нэг удаа аварсан. Дахиад аварна гэдэгт би итгэлтэй байна.

Categories
гадаад мэдээ

Клинтон намдаа 2.1 сая ам.долларын хандив өргөв

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон Конгрессын сонгуулийн өмнөхөн намдаа санхүүгийн дэмжлэг үзүүллээ. Тэрээр өөртэй нь цуг хооллох хүсэлтэй хүмүүсийг Брентвуд хотын “Tavern” зоогийн газар цуглуулжээ. Ингэхдээ 32400 ам.долларын тасалбар зарсан байна. Экс Төрийн нарийн бичгийн даргатай цуг хоолох тасалбарыг авсан хүмүүс нь Ардчилсан намын “Crassroots Victory Project” хороонд доод тал нь 211 мянган ам.доллар хандив өргөх ёстой байжээ. Нийт 60 хүн тасалбар худалдан авч Хиллари Клинтон уг арга хэмжээгээр Ардчилсан намд 2.1 сая ам.долларын хандив өргөсөн байна.

Ю.Дэлгэр