Categories
гадаад мэдээ спорт

Энэ жилийн “Алтан бөмбөг” шагналын эзнийг эдгээр хөлбөмбөгчдийн дундаас шалгаруулна

Өнөөдөр ОУХХ-ноос энэ жилийн “Алтан бөмбөг”-ийн эзэнд горилох боломж бүхий хөлбөмбөгчдийн нэрсийг зарлалаа. Тэд бол Уэльсийн Гарет Бэйл, Францын Бензема, Поль Погба, Испаниас Коста, Иньеста, Серхио Рамос, Бельгийн Куртуа, АзарАргентины Ди Мария, Машерано, Месси Португалийн Роналду, Германы Гетце, Кроос, Нойер, Мюллер, Швайнштайгер, Лам Шведийн Ибрагимович, Колумбын Родригос Бразилиас Неймар, Африкаас Яя Турэ нар юм байна. Энэхүү хөлбөмбөгчдөөс шилдгийн шилдгийг нь шалгаруулж ирэх жилийн нэгдүгээр сарын 12-нд Швейцарийн Цюрих хотноо шагналыг гардуулна гэв. Өнгөрсөн жил дээрх шагналд Португалийн Криштиану Роналду түрүүлж байсан билээ.

Categories
гадаад мэдээ

Севол хөлгийн ахмад амиа хорлохыг завджээ

Өмнөд Солонгосын “Sewol” хөлөг онгоцны ослоор 293 хүн амиа алдаж, 11 хүн сураггүйд тооцогдож байгаа юм.

Хохирогчдын ар гэрийнхэн багийн гурван гишүүнийг хөлөг живэх үед /2014.04.16/ хариуцлагагүй, хайнга хандаж, зорчигчдыг аварч чадаагүй гэж буруутган бүх насаар нь хорих ял оноохыг шүүхээс шаардсан байна. Хөлгийн ахмад болон хөлгийн багийн гурван гишүүн хөлөг живэх үед хамгийн түрүүнд аврагдсан юм.

Шүүхийн шийдвэр гараагүй байгаа энэ үед хөлгийн ахмад амиа хорлохыг завдсан гэж нэрээ нууцалсан гэрч “Yonhapnews.co.kr” агентлагийн сэтгүүлчид ярьжээ. Тэрбээр “Ахмад орныхоо давуугаар хоолойгоо боомилж, амиа хорлохыг завдсан. Түүний дэргэд “Миний буруу” гэж бичсэн цаас олдсон” гэж ярьсан байна.

Categories
гадаад мэдээ

Эболагаар 5100 хүн амиа алдлаа

Баруун Африкийн Гвиней, Либери, Сьерра-Леон улсад дэгдсэн эбола вирусээр амиа алдсан иргэдийн тоо 5100-д хүрсэн гэж ДЭМБ-аас мэдээллээ. Өнгөрсөн баасан гаригт амиа алдсан иргэдийн тоо 4902 байсан юм. Ийнхүү дөрөв хоногийн дотор тус вирусээр 200 орчим хүн амиа алдсан гэж АНУ-ын Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

ДЭМБ-ын захирал Маргарет Чан “Халдвар авсан хүмүүсийн 87 хувь нь амиа алдсан. Вирусын халдвар авсан хүмүүсийн 250 орчим нь эмч, сувилагчид. Тиймээс халдварын бүсэд ажиллаж буй эмч, сувилагчдын тоо эрс багассан нь халдвар хүрээгээ тэлж буйн гол шалтгааны нэг. Өнгөрсөн долоо хоногт Либерид халдвар авсан хүмүүст эмчилгээ хийж байсан таван эмч эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдсөн. 400 өвчтөнд 2-3 эмч, 7-9 сувилагч ажиллаж байна” гэж хэлжээ. Өнөөдрийн байдлаар эболагаар 10121 хүн халдвар аваад байна.

ДЭМБ-ын шинжээчид эболагийн анхны тохиолдол бүртгэгдсэн Мали улсад очиж, нисэх болон гал тэрэгний буудал, автобус зэрэг олон хүнтэй нэгэн зэрэг харьцдаг үйлчилгээний ажилчдаас шинжилгээ авч эхэлсэн байна.

Categories
гадаад мэдээ

Арсений Яценюкийн нам яллаа

Украинд болсон Рада буюу парламентын сонгуулийн урьдчилсан дүн гарлаа. Энэ удаагийн сонгуульд тус улсын Ерөнхий сайд Арсений Яценюкийн тэргүүлсэн “Ардын фронт” нам ялалт байгуулжээ. Тус нам нийт 21.61 хувийн санал авсан бол Ерөнхийлөгч Петр Порошенкогийн “Порошенко эвсэл” нам 21.52 хувийн санал авчээ. Мөн Львов хотын захирагч Андрей Садовын “Тусламж” нам 10.96 хувь, “Сөрөг хүчний эвсэл” нам 9.4 хувь, хотын дарга Виталий Кличкогийн “Удар” нам 7.75 хувь, экс Ерөнхий сайд Юлия Тимошенкогийн тэргүүлдэг “Эх орон” нам 5.75 хувь, “Коммунист” нам 3.91 хувийн санал авчээ.

Украины парламентын сонгуульд нийт 6436 нэр дэвшигч өрсөлдсөн байна. Сонгууль хуулийн дагуу холимог системээр явагдаж, парламентын 450 суудлын тал хувийг намын жагсаалтаар дэвшигчдийг сонгожээ. “Сонгуулийн дүнгээр нэг нам олонхи болоогүй тул эвслийн Засгийн газар байгуулж, Ерөнхий сайдаа томилно. Эвслийн Засгийн газрыг байгуулахад 10 хоног шаардлагатай” хэмээн Ерөнхийлөгч Петр Порошенко мэдэгджээ.

Сонгуульд нийт 29.1 сая хүн саналаа өгчээ. Сонгуулийн ерөнхий хороо 32086 санал авах байр бэлдэж, 19 орны 370 гаруй ажиглагч уг сонгуулийн үеэр ажиллажээ.

Categories
гадаад мэдээ

“Боко Харам” 30 хүүхэд, 300 үхэр хулгайлжээ

Нигер дэх “Боко Харам” лалын бүлгийнхэн Мафа хотоос 30 хүүхэд хулгайлсан тухай CNN мэдээллээ. Мафа хотын дарга Маллэм Аших Мустафын мэдэгдсэнээр хүүхдүүдээс гадна 300 үхэр дээрэмдсэн байна. Харин Ндонго тосгон руу дайрахдаа 17 хүний амийг бүрэлгэж, айлуудыг шатааж гэрийг нь сүйтгэсэн аж. Нигерийн эрх баригчид өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш”Боко Харам” бүлгийнэсрэг өргөн хүрээг хамарсан ажиллагаа явуулж эхэлсэн боловч өнөөдрийг хүртэл дорвитой үр дүнд хүрэхгүй байна.

Categories
гадаад мэдээ

Украин байгалийн хийн төлбөрт 3.1 тэрбум ам.доллар төсөвлөжээ

Өнгөрөгч мягмаг гарагт Брюссель хотноо Орос, Украйн, Европын Холбооны төлөөлөгчид байгалийн хийн асуудлаар уулзалт зохион байгуулсан юм. Уг уулзалтын дараа Европын холбооны Эрчим хүчний комиссар Гюнтер Эттингер ирэх аравдугаар сарын 29-нд байгалийн хий нийлүүлэх асуудлаар дараагийн шатны гурван талт хэлэлцээрт гарын үсэг зурахаар төлөвлөж байна гэж мэдээлсэн билээ.

Харин Украины Ерөнхийлөгч Петро Порошенко ирэх долоо хоногийн лхагва гарагт болох уулзалтаар ОХУ Украинд байгалийн хий нийлүүлэх асуудал эцэслэн шийдвэрлэгдэнэ гэж найдаж байгаагаа Украины Үндэсний телевизэд өгсөн ярилцлагадаа дурьдсан байна.

Украин өнгөрсөн жилийн байгалийн хийн төлбөрийг барагдуулаагүйн улмаас ОХУ өнгөрөгч зургаадугаар сараас эхлэн байгалийн хийн нийлүүлэлтийг зогсоосон билээ. Харин есдүгээр сараас дахин байгалийн хий нийлүүлэх асуудал яригдаж эхлэх үеэр талууд өнгөрсөн жилийн төлбөрийн асуудлаар маргаж эхэлсэн юм.

ОХУ-ын албаны хүмүүсийн мэдээлснээр Украин байгалийн хийн төлбөрт тав гаруй тэрбум ам.долларыг төлөх ёстой гэжээ. Энэхүү маргаанаас үүдэн Порошенко Оросын Газпром компанитай хийсэн гэрээг дахин нягтлан шалгах хүсэлтийг Стокгольмын арбитрын шүүхэд тавьжээ. Тэрбээр “Зөвхөн шүүхээс л манай улс Газпромын байгалийн хийн төлбөрт хэдий хэрийг төлөх ёстойг тогтоох болно” гэж мэдэгдсэн байна. Мөн ОХУ-ын талтай тохиролцоонд хүрвэл байгалийн хийн төлбөр болгож 3.1 тэрбум ам.долларыг төсөвлөөд байгаа тухайгаа Порошенко энэ үеэр онцолсон байна.

Categories
гадаад мэдээ

Эболагаас эдгэрсэн сувилагч Обаматай уулзжээ

Либери гаралтай АНУ-ын иргэн Томас Эрик Данканыг сувилж байхдаа Эбола вирусын халдвар авсан хоёр сувилагчийн нэг нь эдгэрсэн байна. Сувилагч Нина Памыг АНУ-ын Эрүүл мэндийн албаныхан Эбола вирусын халдвараас бүрэн эдгэрснийг баталжээ.

26 настай Нина Пам Даллас хотын эмнэлгээс гарсныхаа дараа “Цагаан ордон”-д гэр бүлээрээ уригдаж, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай уулзсан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Нина Памыг аюулт өвчнийг ялж, бүрэн эдгэрсэнд баяр хүргэж, тэврэлтээр “шагнажээ”. Нина Пам нь дөрвөн жил сувилагчаар ажилласан туршлагатай нэгэн ч АНУ-д Эбола вирусын халдвар авсан анхны хүн болсон билээ. Сувилагчид Эбола вирусын халдвар авсан нь хамгаалалтын хувцас, хэрэглэл бүрэн бус байснаас болсон аж. Халдвар авсан нөгөө сувилагч Эмбер Винсоны бие сайжирсан ч түүнийг хэзээ эмнэлгээс гаргах нь тодорхойгүй байгаа гэнэ.

Нина Пам болон Эмбер Винсон нар өнгөрсөн есдүгээр сарын 28-наас энэ аравдугаар сарын 8-нд Томас Эрик Данканыг нас барах хүртэл түүнийг сувилж байхдаа Эбола вирусын халдвар авсан юм. Томас Эрик Данканыг эмчлах багт 50-70 хүн ажиллаж байсан аж. 42 настай Томас Эрик Данкан өнгөрсөн есдүгээр сарын 20-нд Либери улсад эгчтэйгээ уулзаад ирснийхээ дараа Эбола вирусын халдвараар өвдсөн юм. Тэрээр АНУ-д Эбола вирус авчирсан, нас барсан анхны хүн болсон билээ. Томас Эрик Данкан болон хоёр сувилагчтай харилцаатай байсан 100 орчим хүн эмнэлгийн хараа хяналтанд байгаа аж.

Эх сурвалж: Yahoo news

Categories
гадаад мэдээ

Украины Дээд Радын сонгууль эхэллээ

Украины Дээд Радын /Парламент/ сонгууль өнөөдөр өглөө эхэллээ. Украины зүүн хэсэгт салан тусгаарлах бослого, үймээнтэй байгаа ч Ерөнхийлөгч Виктор Янукович парламентын сонгууль шинэчлэл, тогтвортой байдал авчирна хэмээн найдаж байна. Бослого, үймээний бүс нутаг Донецк, Луганск мужийн гурван сая орчим хүн парламентын сонгуульд оролцох боломжгүй байна. Украины зүүн хэсгийн салан тусгаарлагчид ирэх арваннэгдүгээр сард өөрсдийн санал хураалтыг явуулахаар төлөвлөжээ. Үүний зэрэгцээ өнгөрсөн гуравдугаар сард Киевээс салж, Кремльд нэгдсэн Крымын хойгийн 1.8 сая оршин суугч Украины сонгогчдын жагсаалтаас хасагдсан билээ.

Украины парламентын 450 суудлын тал хувь нь холимог системийн дагуу намын жагсаалтаар эзнээ олох юм. Харин парламентын үлдсэн 198 гишүүнийг сонгогчдын саналаар сонгох аж. Украины парламентын сонгуульд Ерөнхийлөгч Пётр Порошенкогийн Эв санааны нэгдэл, Виталий Кличкогийн Удар нам эвсэл болон оролцож байгаа юм. Мөн Ерөнхий сайд Арсений Яценюкийн Ардын фронт, Олег Ляшкогийн Радикал нам, Экс Ерөнхий сайд Юлия Тимошенкогийн “Эх орон” нам парламентын сонгуульд өрсөлдөж байна. Харин экс Ерөнхийлөгч Виктор Януковичийн “Мужийн нам” Украины парламентын сонгуульд оролцоогүй аж.

Украины зүүн хэсэгт өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш үргэлжилсэн бослого, үймээний улмаас 3700 хүн амь үрэгдээд байна. Үүнээс 300 хүн өнгөрсөн есдүгээр сарын 5-нд гал зогсоох гэрээ байгуулснаас хойш амь үрэгджээ.

Categories
гадаад мэдээ

Оскар Писториуст таван жилийн ял ногдууллаа

Өөрийн найз бүсгүй Рийва Стинкампын амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаад байсан Өмнөд Африкийн тамирчин Оскар Писториуст таван жил шоронд хоригдох ял ногдууллаа. Шүүгч Токозиль Масипа нь Писториуст галт зэвсэг ашигласны төлөө ногдуулах гурван жилийн хойшлуулах шийтгэлийг оноосон байна. Харин хохирогч Рийва Стинкампын эцэг, эх ийнхүү ял оноосон явдалд баяртай байгаа бөгөөд хэрэг төгсгөл болж байгаад тайвширч буйгаа илэрхийлжээ. Эх сурвалжууд Писториусыг шоронд 10 орчим сарыг нь өнгөрүүлнэ хэмээн таамаглаж байна. Писториусыг хүн амины хэрэгт буруутгасан боловч аллагын хэргийг цагаатгасан билээ. Прокурорууд түүнд доод тал нь 10 жилийн ялын нөхцлийг ногдуулах ёстой гэж үзсэн ч, өмгөөллийн талынхан түүнд олон нийтийн ажил гүйцэтгүүлж, гэрийн хорионд байлгах шийтгэл оноох нь зөв гэж маргаж байсан юм.

Categories
гадаад мэдээ

Yahoo компани Alibaba-гийн борлуулалтаас өндөр ашиг хүртсэн байна

Технологийн салбарт тэргүүлэгч Yahoo компани Alibaba дахь пүүсийн хувьцаанаас хувь хүртсэнээр ашиг орлого нь 9 сар хүртэлх сүүлийн улирлын байдлаар 6.8 тэрбум долларт хүрсэн байна. Yahoo нь өөрийн хувьцааны нэгээхэн хэсгийг 6.3 тэрбум долларын цэвэр ашиг олдог Хятадын пүүсийн хөрөнгийн зах зээлд худалдах шаардлага тулгараад байгаа юм. Yahoo-гийн зар сурталчилгааны борлуулалтан дахь уналт үргэлжилсээр байгаа аж. Тус компани нь өрсөлдөгч Google-ийн эсрэг зах зээл дэх хувьцаагаа дэмжихээр хичээж байгаа юм. Yahoo-гийн зар сурталчилгаанаас олох ашиг 5 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Гэсэн ч нийт ашиг нь Alibaba-гаас хүртэх орлогыг тооцолгүйгээр өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 1 хувиар өсч, 1.15 тэрбум долларт хүрчээ. Ийнхүү тус компанийн ашиг орлого өссөн үзүүлэлт нь хөрөнгө оруулагчдад таатай уур амьсгалыг авчирч байна хэмээн ажиглагчид тайлбарлаж байна.