Categories
гадаад мэдээ цаг-үе

БНАСАУ стратегийн дөрвөн далавчит пуужин туршжээ

БНАСАУ “цөмийн байлдааны хүчин”-ийхээ “бэлэн байдлыг” харуулахын тулд стратегийн дөрвөн далавчит пуужин харвасан гэж тус улсын төрийн мэдлийн хэвлэл өнөө өглөө мэдээлэв.

Пуужингуудыг Япон тэнгис рүү харвасан гэж БНАСАУ-ын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлсэн байна.

“Энэхүү сургуулилалт нь БНАСАУ-ын цөмийн байлдааны хүчин дайсагнагч хүчнүүдийн эсрэг цөмийн сөрөг довтолгооны чадавхиа бүх талаар бэхжүүлж буйг дахин харууллаа” гэж уг мэдээнд дурджээ.

БНАСАУ алсын зайн тусгалт далавчит пуужингийн системийг 2021 оны есдүгээр сард анх туршиж байсан бөгөөд түүнээс хойш тэдгээр зэвсгийг “стратегийн” гэж тодорхойлж ирсэн байна.

Тус улс нь өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт тив алгасагч баллистик пуужин туршиж, энэ даваа гарагт ойрын зайн тусгалт хоёр пуужинг зүүн эргээсээ тэнгис рүү харваад байсан юм.

Categories
гадаад мэдээ

АНУ, БНСУ цэргийн хамтарсан сургуулилалт хийжээ

Лхагва гарагт АНУ, БНСУ-ын цэргүүд хамтарсан сургуулилалт хийсэн байна.

“БНАСАУ сүүлийн үед цөмийн зэвсгийн түрэмгий бодлого явуулж, цөмийн чадавхидаа ахиц дэвшил гаргаж буйг харгалзан тус улсыг цөмийн зэвсэг ашиглах хувилбараар сургуулилалт явуулсан” гэж хоёр талын хамтарсан мэдэгдэлд дурджээ.

Мөн АНУ, БНСУ, Японы цэргүүд Япон тэнгист тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилалт хийжээ. АНУ, БНСУ ойрын хэдэн долоо хоногт дахин хамтарсан сургууль хийхээр төлөвлөж байгаа юм байна.

Categories
гадаад мэдээ цаг-үе

Өмнөд Монголд нүүрсний уурхайд гарсан ослын улмаас 50 орчим хүн сураггүй болоод байна

Лхагва гарагт Хятад улсын Өвөр Монголын өөртөө засах орны Алшаа аймагт оршдог нүүрсний ил уурхайд хөрсний нуралт болсноос дөрвөн хүний амь үрэгдэж, 50 орчим хүн сураггүй болжээ.

Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпиний даалгавраар 900 гаруй аврагчийг ослын газарт илгээсэн тухай Шиньхуа агентлаг өчигдөр мэдээлсэн байна.

Ослын шалтгаан тодорхой болоогүй, мөрдөн шалгах ажил эхэлснийг бас мэдээлжээ.

Сүүлд дахин хоёр удаа хөрс нэмж нурсны улмаас аврах ажиллагаа түр саатсан байна.

Лхагва гарагийн 13:00 цагийн үед гарсан ослын улмаас 500 метр өргөн, 80 метр хүртэл гүн нуранги үүсжээ.

Уурхайг эзэмшигч нь Xinjing Coal Mining нэртэй компани болохыг CCTV суваг мэдээлсэн байна.

Нүүрсний дэлхийн хамгийн том хэрэглэгч гэгддэг Хятад улсын уурхайнуудад осол эндэгдэл байнга гардаг.

2020 оны арванхоёрдугаар сард нэг нүүрсний уурхайд хортой хий алдагдсаны улмаас 23 уурхайчин амиа алдаж байв. 2021 оны нэгдүгээр сард Шандунь мужийн алтны уурхайд дэлбэрэлт болоход 10 уурхайчин амь үрэгдэж байжээ.

Categories
гадаад мэдээ нийгэм

Япон улс Украинд 5.5 тэрбум ам.долларын тусламж үзүүлнэ DNN.mn

Японы ерөнхий сайд Фумио Кишида Даваа гаригт Украинд 5.5 тэрбум ам.долларын санхүүгийн шинэ тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.

Мөн тэрбээр дайны нэг жилийн ойг тохиолдуулан Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй “Их-7” бүлгийн онлайн уулзалтыг зохион байгуулна.

Японы нэгэн судалгааны төвөөс зохион байгуулсан Токиод болсон дэлхийн форумын үеэр Кишида хэлэхдээ, Украин Оросын түрэмгийлэлд өртсөөр байгаа бөгөөд ард түмэн нь оросуудын дайралтаас болж ихээхэн сүйдсэн өдөр тутмын амьдрал, дэд бүтцээ сэргээхэд тусламж хэрэгтэй байна гэжээ.

Энэ жилийн “Их-7” бүлгийн ерөнхийлөгчийн хувьд Кишида Оросын түрэмгийллийн нэг жилийн ойг тохиолдуулан Зеленскийн хамт Баасан гаригт онлайн дээд хэмжээний уулзалт зохион байгуулна гэж мэдэгдэв. Кишида анх удаа “Их-7”-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах юм.

Япон улс АНУ болон Европын орнуудтай нэгдэн Оросын эсрэг хориг арга хэмжээ авч, Украинд хүмүүнлэгийн болон эдийн засгийн дэмжлэг үзүүлж байна.
БНХАУ-ын зэвсэгт хүчин улам хүчирхэгжиж, Бээжингийн өөрийн нутаг дэвсгэр гэж мэдэгддэг Тайванийг тойрсон хурцадмал байдлыг улам хурцатгаж байгаа энэ нөхцөлд Зүүн Азид дайны үр дагавар гарч болзошгүй хэмээн эмээж байгаа тул Япон яаралтай хариу арга хэмжээ авсан юм.

Кишида хэлсэн үгэндээ “Украин маргаашийн Зүүн Ази болж магадгүй” гэсэн санаа зовниж байгаагаас үүдэн шийдэмгий алхам хийснээ хүлээн зөвшөөрөв.

Япон улс өмнө нь Украинд эдийн засгийн яаралтай тусламж үзүүлэх зорилгоор 70 тэрбум иен буюу 520 сая ам.долларын зээл олгосон байна. Мөн тус улс орон гэрээ орхин дүрвэсэн 2000 гаруй украинчуудыг хүлээн авч, орон сууц, ажлын байр, боловсролыг дэмжихэд тусалсан.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Categories
гадаад мэдээ цаг-үе

Катар улс руу визгүй зорчдог болно DNN.mn

Манай улсын иргэд визгүй зорчдог улсын тоонд Катар улс энэ жил орох юм байна. Хоёр орны хооронд агаарын харилцааны болон иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээрийг эцэслэсэн бөгөөд манай талаас хэлэлцээрүүдийг ойрын хугацаанд байгуулахаар төлөвлөжээ. Ингэснээр хоёр орны хооронд шууд нислэг үйлдэх, иргэд харилцан чөлөөтэй зорчих нөхцөл бүрдүүлэх юм байна. Монгол Улсаас тус улсад хавсран суух Элчин сайд П.Сэргэлэн тус улсын Гадаад хэргийн асуудал эрхэлсэн Төрийн сайд Султан Аль-Мурайхитай өчигдөр уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хувийг гардууллаа. Тэрээр энэ үеэрээ дээрх хэлэлцээрийн тухай санал солилцжээ.

Эдийн засгийн өсөлтөөрөө цойлж саяхан хөлбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулсан Катар улстай манай улс улс төрийн найрсаг сайн харилцаанд тулгуурлан эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр зорьж байгааг Элчин сайд П.Сэргэлэн хэлжээ.

Categories
гадаад мэдээ нийгэм

“Facebook”-ийн хаяг баталгаажуулахад төлбөртэй болно DNN.mn

АНУ-ын “Meta” корпорацын гүйцэтгэх захирал Марк Цукерберг олон нийтийн сүлжээнүүдийнхээ хэрэглэгчдэд хаягаа баталгаажуулах төлбөртэй үйлчилгээ нэвтрүүлэхээр болсныг мэдэгджээ.

Цукербергийн мэдэгдсэнээр, “Facebook”, “Instagram” олон нийтийн сүлжээ хэрэглэгчдэд зориулсан “Meta Verified” үйлчилгээг энэ долоо хоногоос нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж. Энэхүү үйлчилгээг авснаар хэрэглэгчдийн хаягийн ард хөх өнгийн тэмдэглэгээ байршихаас гадна, ийм тэмдэгтэй хэрэглэгч бусад үйлчилгээг авах эрхтэй болох аж.

“Хөх тэмдэглэгээтэй болсноор таны нэрээр хуурамч хаяг үүсгэхээс хамгаалагдаж, үйлчилгээний аюулгүй байдал сайжирна” гэж “Meta”-гийн тэргүүн мэдэгдсэн байна.

Энэхүү үйлчилгээ нь вэб хуудсаар 11.99 ам.доллар, гар утасны төхөөрөмж дээр сард 14.99 ам.долларын үнэтэй байх аж.

“Meta” корпорац нь энэхүү шинэ үйлчилгээгээ нэлээн эгзэгтэй үед нэвтрүүлж байгааг шинжээчид онцолж байна. Өнгөрсөн онд тус корпорац ажилтнуудынхаа 13 хувь буюу 11 мянган ажилтнаа цомхотгосон нь компанийн түүхэн дэх хамгийн том хэмжээний цомхотгол болсон. Түүнчлэн хувьцааных нь үнэ гуравны хоёр хувиар унасан боловч 2023 он гарсаар зургаан долоо хоногийн дотор дахин сэргэж чаджээ.

Categories
гадаад мэдээ нийгэм

Турк улсад Казахстанаас 100 гэр илгээв DNN.mn

Хүчтэй газар хөдлөлтөд нэрвэгдсэн Турк улсад Казахстан улсаас 100 орчим гэр илгээсэн байна. Туркийн Газиантепаас 60 км-ийн зайд орших Кахраманмараш хотын үндэсний цэцэрлэгт хүрээлэнд орон гэргүй болсон иргэдэд зориулж казах гэрүүдийг барьжээ.

Туркийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд гэр хандивлах аяныг Казахстаны блог хөтлөгч Нурбек Бекбаугийн санаачлагаар иргэдийн дунд зохион байгуулсан нь ихээхэн дэмжлэг авсан аж.

Туркт суралцдаг Казахстаны 70 гаруй оюутан эх орноос нь илгээсэн гэрүүдийг барих ажилд гурван өдрийн турш оролцжээ.

Турк улсад Казахстанаас 100 гэр илгээжээ

Түүнчлэн гамшгийн бүсэд сайн дураараа ажиллаж байгаа казах иргэд хонь гаргаж 35 кг будаагаар плов хийн 300 орчим хүнийг хооллосон байна.

Categories
гадаад мэдээ цаг-үе

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл БНАСАУ-ын асуудлаар хуралдаж байна

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл БНАСАУ-ын сүүлийн өдрүүдэд явуулсан баллистик пуужингийн туршилтын талаар хэлэлцэхээр яаралтай хуралдаж байна.

БНАСАУ-ын өнгөрсөн бямба гарагт туршилтаар харвасан тив алгасагч баллистик пуужин Японы эдийн засгийн онцгой бүсийн дотор унажээ. Пёньян мөн даваа гаргийн өглөө Япон тэнгис рүү ойрын зайн тусгалт хоёр баллистик пуужин харвасан юм.

Япон, АНУ болон бусад гишүүн орнуудын хүсэлтээр Аюулгүйн Зөвлөл даваа гаргийн орой яаралтай хуралдаан хийж байна. Гишүүн орнууд БНАСАУ-ыг Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг зөрчин пуужин харваж байгааг шүүмжилсэн байна.

АНУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Линда Томас-Гринфилд хэлэхдээ, НҮБ БНАСАУ-ын сүүлд харвасан гурван баллистик пуужинг эрс зэмлэн буруушааж байна хэмээгээд, тус улс Азийн бүс нутаг төдийгүй дэлхий дахиныг бүхэлд нь зөрчил мөргөлдөөн гарах эрсдэлд оруулж байгааг онцолжээ.

Аюулгүйн Зөвлөл БНАСАУ-ын пуужингийн туршилтад хариу арга хэмжээ асуудлаар санал хуваагдсаар ирсэн юм. Япон болон Өрнөдийн орнуудын хувьд Пёньяны эсрэг авсан хориг арга хэмжээг чангатгах хэрэгтэй гэж үздэг бол БНХАУ, ОХУ Солонгосын хойгийн эргэн тойронд хурцадмал байдлыг нэмэгдүүлж байна гэж АНУ-ыг буруутгадаг байна.

Categories
гадаад мэдээ

​АНУ чинээлэг хүмүүсийн өлгий нутаг байхаа болив DNN.mn

АНУ чинээлэг хүмүүсийг хамгийн их татдаг улсуудын дунд тэргүүлэх байр сууриа алдлаа гэж “Bloomberg” агентлаг Лондонд төвтэй “Henley & Partners” зөвлөх компанийн судалгаанаас эш татан мэдээлжээ. Уг судалгаагаар, өнгөрсөн онд АНУ-ыг чиглэсэн саятнуудын урсгал цар тахлын өмнөхтэй харьцуулахад 80 хувиар буурчээ. АНУ 2014 ондорж ирсэн баячуудын тоогоор тэргүүлж байсан бол өнгөрсөн онд Арабын Нэгдсэн Эмирт Улс, Австрали, Сингапур, Канад, Швейцарын араас зургаадугаарт орсон байна. АНУ-д орж ирэх саятнуудын урсгал буурсны зэрэгцээ гадагшаа чиглэсэн урсгал нэмэгдсэн аж. Ялангуяа Орос, Хятад, Энэтхэгийн чинээлэг иргэд АНУ-аас гарч байгааг шинжээчид онцолжээ.

Г.Амарсанаа

Categories
гадаад мэдээ

​Хятадад тэтгэврийн насныхан жагсав DNN.mn


Хятадын засгийн газраас тэтгэврийн насныханд улсаас олгодог эмчилгээний зардлын хэмжээг бууруулах шийдвэр гаргасан юм. Ахмадууд энэ шийдвэрийг эсэргүүцэн энэ сарын 8-нд Ухань хотод жагссан. Тэгвэл энэ сарын 15-нд Ухань болон зүүн хойд Далянь хотод дахин эсэргүүцлийн жагсаал болсон байна. Энэхүү жагсаал Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлаас хэдхэн долоо хоногийн өмнө болж байгаа юм.

Жагсагчид Си Жиньпинийг засгийн газарт шахалт үзүүлж, шинэ удирдлагын баг бүрдүүлэхийг шаардсан байна. Засгийн газраас эрүүл мэндийн тэтгэмжийн өөрчлөлтийг шинэчлэлт гэж тодорхойлсон. Гэвч энэ шийдвэр нь “Covid 19”-д зарцуулсан их хэмжээний мөнгийг нөхөх оролдлого гэж иргэд үзэж байна.

Ухань дахь жагсагчдын дийлэнх хувийг тэтгэвэртээ гарсан үйлдвэрийн ажилчид эзэлж байжээ. Жагсагчид дэлхийн коммунист сүлд дуулах болох “Интернационал” дууг дуулж байжээ. Хятадын иргэд энэ дууг гомдлоо барагдуулахыг хүсч буйгаа илэрхийлэх хэрэгсэл болгон ашигласаар ирсэн аж.

Хятадууд олон хоног жагсаж, тэмцсэний эцэст Covid-19-ийн хатуу хөл хориг сулруулах шийдвэрийг эрх баригчдаар гаргуулж чадсан юм. Гэвч энэ удаад дахин эрүүл мэндийн системтэй холбоотой асуудлаар үймээн дэгдэж магадгүй төлөвтэй байна гэж “BBC” мэдээлэв.