Categories
гадаад мэдээ

​БНХАУ хамгийн том зээлдүүлэгчдийн нэг болжээ DNN.mn

БНХАУ хил дамнасан зээлийн шинэ тогтолцоог бий болгож, хөгжиж буй орнуудын хамгийн том зээлдүүлэгчдийн нэг болсныг АНУ-ын “William and Mary” коллежийн эрдэмтдийн судалгаа харуулжээ. Хятадын эрх баригчид Аргентин, Пакистан, Турк зэрэг 20 гаруй оронд 2000 оноос хойш яаралтай тусламж үзүүлэхэд дор хаяж 240 тэрбум ам.доллар илгээсэн байна. Үүний ихэнх нь буюу 185 тэрбум ам.долларыг Бээжин сүүлийн таван жилийн хугацаанд гаргасан байна. “Хятад улс хямралд орсон улс орнуудад хил дамнасан зээл олгох дэлхийн шинэ тогтолцоог бий болгосон” гэж судалгаанд дурджээ.

“Bloomberg” агентлагийн тэмдэглэснээр, тус улс нь хөгжиж буй орнуудад зээл олгоход улам бүр чухал үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд олон арван жилийн турш эдийн засгийн харилцааг тодорхойлж ирсэн тогтолцооны өөр хувилбарыг санал болгож байна. Одоо Бээжин, Вашингтон дэлхийн санхүү, валютын тогтолцоонд нөлөөллөө тогтоохын төлөө тэмцэж байна гэж тус агентлаг мэдээлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Конгрессын Сенатын танхимын хэсэг гишүүд Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банкнаас БНХАУ-д зээл олгохыг хориглох хуулийн төслийг танилцуулсан юм. Бүгд Найрамдах намын гишүүн, сенатч Жон Баррассын хэлснээр, уг хуулийн төсөлд эдгээр байгууллага дахь АНУ-ын төлөөлөгчдөд “БНХАУ-д ямар нэгэн зээл олгох, сунгах, техникийн туслалцаа үзүүлэхээс татгалзах” заавар өгөхийг Сангийн сайдад үүрэг болгожээ.

Categories
гадаад мэдээ

ОХУ 147 мянган иргэнээ цэргийн албанд татна DNN.mn

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цэргийн албанд татах хаврын цэрэг татлагын тухай хуульд гуравдугаар сарын 30-ны өдөр гарын үсэг зурсан талаар Коммерсант мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, тушаал ёсоор дөрөвдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 15-ныг дуустал 147 мянган хүнийг цэргийн албанд татах аж.

Энэ өмнөх оныхоос хэдэн мянгаар илүү байгаа юм. 2022 оны намар 120 мянган цэрэг татсан бол 2022 он хавар 134,5 мянган цэрэг татаж байв. Ийнхүү цэрэгт татах хүний тоог нэмсэн нь Украинд амссан бие бүрэлдэхүүний ихээхэн хохирлыг нөхөх зорилготой байж болзошгүй гэж ажиглагчид үзэж байгаа юм. Хэдийгээр Оросын тал хугацаат цэргийн алба хаагчдыг дайны талбар руу илгээдэггүй гэж удаа дараа мэдэгдсэн ч хугацаат цэргийн алба хаагчид фронт руу явж сураггүй болсон тохиолдол хэд хэд гарсан талаар Оросын хараат бус хэвлэлүүд мэдээлж байлаа.

Categories
гадаад мэдээ

Арслан зааны мах гарган авав DNN.mn

Австралийн “Vow” компани лабораторийн нөхцөлд арслан зааны мах ургуулж, түүгээрээ бөөрөнхий мах бэлтгэжээ. Тус компани үсэрхэг арслан зааны (Mammuthus primigenius) ДНХ-г ашиглан энэ амьтны махыг ургуулж чадсан байна.

Энэхүү мөхсөн амьтны булчингийн уургийг бүтээхийн тулд компанийн мэргэжилтнүүд Квинслендийн Их Сургуулийн Биоинженерийн хүрээлэнгийн профессор Эрнст Вольветангтай хамтрана жиллажээ. Эрдэмтэд, тэдний гол зорилго нь биотехнологийн тусламжтайгаар хоол хүнс үйлдвэрлэх боломжтой гэдгийг харуулах явдал юм. Ийм технологиор ургуулсан япон бөднө шувууны махаа тус компани Сингапурын ресторануудад энэ онд нийлүүлжэхлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Өнөөдөр мах ургуулах туршилтыг дэлхий дээр 100 гаруй компани хийж байгаа бөгөөд ойрын ирээдүйд хүмүүсийн хооллолтод чухал байр суурь эзэлнэ гэж үзэж байна.

Г.Амарсанаа

Categories
гадаад мэдээ

Кофе нойр, зүрхэнд муу нөлөөтэй DNN.mn

Кофе бол хүн төрөлхтөний хамгийн түгээмэл хэрэглэдэг ундаануудын нэг бөгөөд сайн, муу нөлөөнийх нь талаар янз бүрийн мэдээлэл байдаг. Тэгвэл “The New England Journal of Medicine” сэтгүүлд кофены хэрэглээний хүнд үзүүлэх нөлөөний талаар жижиг хэмжээний туршилтын үр дүн нийтлэгджээ. АНУ-ын Сан-Франциско хотын Калифорнийн их сургуулийн анагаах ухааны профессор Грегори Маркус уг туршилтыг удирдсан байна. Түүний баг Сан-Франциско орчмоос эрүүл саруул биетэй 100 насанд хүрэгчийг сонгон туршилтандаа хамруулжээ. Тэдний дундаж нас 39 байв. Хоёр долоо хоног үргэлжилсэн туршилтын үеэр оролцогчдын алхалтын тоо, цусны сахар, зүрхний хэмнэлийг хэмжих зорилгоор Fitbit ухаалаг төхөөрөмж зүүлгэжээ. Ингээд тэдэнд хоёр өдөр хүссэн хэмжээгээрээ кофе уух, дараа нь хоёр өдөр завсарлах даалгавар өгсөн байна. Энэ давтамж хоёр долоо хоногийн турш үргэлжилжээ.

Кофе уусан өдрөө хүмүүс уугаагүй өдрөөсөө дунджаар 1,058-аар илүү алхсан байна. Харин унтсан хугацаа нь дунджаар 36 минутаар богиноссон байжээ.

Уух кофены хэмжээ нэмэгдэх тусам алхалтын тоо нэмэгдэж, нойрсох хугацаа буурч байсан байна. Үүнээс гадна кофе зүрхний ажиллагаанд мэдэгдэхүйц нөлөөлдөг нь энэ туршилтаас харагджээ. Тухайлбал хүнд заримдаа зүрх хүчтэй дэлсэх, заримдаа цохилт алгассан мэт мэдрэмж төрүүлдэг PVC (Premature Venticular Contractions) гэх зүрхний доод хоёр тасалгааны нэгнээс үүсдэг нэмэлт цохилт нь өдөрт нэгээс дээш аяга кофе уухад 50 хувиар нэмэгдэж байжээ. Тиймээс зүрхний хэм алдагдах асуудалтай хүмүүс кофе уухдаа болгоомжтой байхыг судлаачид зөвлөсөн байна. “PVC тохиолдол нэмэгдэхийн хэрээр зүрхний ажиллагаа мууддаг гэсэн ойлголт байдаг. Тиймээс зүрхний ийм эрсдэлтэй хүмүүс кофеноос татгалзах нь дээр байж магадгүй юм” гэж профессор Маркус ярьжээ. Тэрбээр туршилтынхаа дүнг нэгтгэж хэлэхдээ “Кофе ууснаар ямар ч аюултай үр дагавар гарахгүй гэдэгт хүмүүс итгэлтэй байж болно” гээд харин хувь хүн бүр өөрийн эрүүл мэнд, биеийн онцлогтоо тохируулж хэрэглэх нь чухал болохыг зөвлөсөн байна.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ нийгэм

​Барууны танкууд Украинд ирэв DNN.mn


Удаан яригдсан Германы танкууд Украинд ирсэн гэдгийг Берлиний эрх баригчид мэдээлжээ. Энэ оны нэгдүгээр сарын сүүлээр Герман улс 18 ширхэг Leopard 2 танкийг Украинд нийлүүлэх шийдвэрээ зарлаж байсан юм. Мөн Европын бусад улсуудад Leopard 2 танкаа реэкспортлох зөвшөөрөл өгсөн. АНУ-ын засаг захиргаа бас өөрийн үйлдвэрийн 31 ширхэг M1A2 Abrams танкийг Украинд нийлүүлэх шийдвэр гаргаж байв. Португал улс гурав, Швед улс 10 ширхэг Leopard 2 танк илгээхээр болсон бол Польш улс Leopard 2 танкийн A4 хэмээх хуучин загварын нэг батальоныг илгээхээр болсон байсан билээ.

“Амласан ёсоор бид танкуудаа цаг хугацаанд нь Украины талд хүлээлгэж өглөө. Эдгээр танкууд фронтын нөхцөл байдлыг өөрчилж чадна гэдэгт би итгэлтэй байна” гэж Германы батлан хамгаалахын сайд Борис Писториус мэдэгджээ. Танкуудыг өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Украинд хилээр нэвтрүүлсэн бөгөөд тэдгээртэй хамт явган цэргийн хуягт машин “Marder” 40 ширхэг, танк чирэгч машин хоёр ширхгийг нийлүүлжээ.

Өнгөрсөн хоёр сарын хугацаанд Украины цэргүүдийг Германы Доод Саксон мужийн Мюнстер дэхь Бундесвейрийн бэлтгэлийн талбайд сургасан юм. “Украины цэргүүд сургалтын үеэр гайхалтай урам зоригтойгоо нотлоод зогсохгүй шинэ технологийг түргэн эзэмшдэгээ харууллаа” гэж Бундесвейрийн командлагч Бёрн Шульц хэвлэлд ярьжээ. Мөн “Leopard 2”” танкаас гадна Их Британийн илгээсэн “Challenger 2” танкуудыг хүлээж авснаа Украины батлан хамгаалах яам баталсан юм.

Categories
гадаад мэдээ

Скандинавын орнууд агаарын довтолгооноос хамгаалах нэгдсэн хүчин байгуулах болсноо зарлалаа DNN.mn

Скандинавын дөрвөн орон болох Дани, Финланд, Норвег, Швед улсын Агаарын цэргийн хүчний командлагчид агаарын довтолгооноос хамгаалах нэгдсэн хүчин байгуулах болсноо энэ сарын 24-нд зарлалаа. Энэхүү нэгдсэн хүчин байгуулах үндсэн зорилго нь ОХУ-ын зүгээс тэдэнд учирч буй аюул, заналхийллийг эсэргүүцэх явдал гэж Нордикийн орнууд гэж үзэж байна.

Нордикийн агаарын довтолгооноос хамгаалах нэгдсэн хүчинд Норвегийн 57 нэгж F-16 сөнөөгч, 52 нэгж F-35 сөнөөгч, Финляндын 62 нэгж F/A-18 Hornet бөмбөгдөгч онгоц, 64 нэгж F-35 сөнөөгч, Данийн 58 нэгж F-16 сөнөөгч, 27 нэгж F-35 сөнөөгч, Шведийн 90 нэгж Gripens тийрэлтэт онгоц зэрэг 250 онгоц багтах бөгөөд тэдгээрийн тал орчим хувийг нь захиалгаар нийлүүлнэ. Тухайлбал, Норвег 15, Финланд 64, Дани 27 нэгж F-35 сөнөөгч онгоцыг АНУ-аас худалдан авах төлөвтэй байна.

АНУ-ын Агаарын цэргийн Герман дахь Рамштейн агаарын баазад болсон Нордикийн агаарын довтолгооноос хамгаалах нэгдсэн хүчин байгуулах гарын үсэг зурах ёслолд НАТО-гийн Агаарын командлалын тэргүүн, генерал Жеймс Хекер оролцсон нь НАТО-гийн аргачлал, концепц, удирдлагад суурилсан хамтын ажиллагаа болохыг харуулж байна.

Скандинавын дөрвөн орны агаарын довтолгооноос хамгаалах хамтын ажиллагаа нь агаарын орон зайн нэгдсэн удирдлага, хяналт, тандалт, шуурхай төлөвлөлт, гүйцэтгэл, хүчний уян хатан байршуулалт, хамтарсан хээрийн сургуулилт, дадлага сургалтад чиглэгдэх бөгөөд шаардлагатай үед байлдааны онгоцнуудаа нэгдсэн нэг хүчин болгон ашиглах бололтой. Эдгээр ажиллагааг шинээр боловсруулах “Агаарын хамтарсан ажиллагааны Скандинавын үзэл баримтлал” баримт бичигтээ тодорхой тусгах төлөвтэй байна.

Эх сурвалж: iss.gov.mn

Categories
гадаад мэдээ нийгэм

​Дроны довтолгоон болох гэж буйг анхааруулав DNN.mn

Интернэтийн орос хэлээр ярьж буй хэсэг Киев хэдэн арван мянган дрон ашиглан Украиндбайлдаж байгаа Оросын цэргүүд рүү ойрын үед халдах гэж байгаа талаар идэвхтэй хэлэлцэж эхэллээ гэж Америкийн “Forbes” сэтгүүл тэмдэглэв. Учир нь саяхан болтол Украины ерөнхийлөгчийн Тамгын газрын бие даасан зөвлөхөөр ажиллаж байсан Алексей Арестович дроны халдлагын талаар ярьсан бол өнгөрсөн хоёрдугаар сард Украины Жанжин штаб “Дэлхийд анхны нисэгчгүй нисэх онгоцны цохилтын компани” байгуулснаа зарлаж байсан юм.

“Оросын инженер” телеграм суваг Украин видео камер бүхий харьцангуй хямд “FPV” гэх дронуудын зах зээл дээр байсан бүх эд ангиудыг Хятадаас худалдаж авсан (бүрэн бус тооцоогоор 50,000-100,000 ширхэг) аж. Эдгээр дронууд нь ердийн квадрокоптероос жижиг хэмжээтэй бөгөөд уг дроныг 200 км/цаг хүртэл хурдлах боломжтой хүчирхэг хөдөлгүүрээр тоноглосон гэнэ. Энэ дронд гранат хавсарган радио удирдлагатай камиказе робот дрон болгон ашиглах бөгөөд энэ нь видео холбоосоор удирддаг оператороос харьцангуй хол зайд байгаа байг нэлээд нарийвчлалтай онох чадвартай юм байна.

Энэ тактикийг өнгөрсөн оны долдугаар сарын сүүлчээр Украины Зэвсэгт хүчин анх амжилттай ашиглаж байсныг “Forbes” дурссан бөгөөд “FPV” загварын дрон Оросын цэргийн эзэлсэн барилгын хаалгаар орж, дотор нь дэлбэрч байжээ. Энэ явдлаас хойш ийм халдлага газар аваад байгаа юм. Интернэт сүлжээнээс Оросын танкны онгорхой хавхаг руу орж, нуувчинд байгаа орос цэрэгт дрон хэрхэн цохилт өгч байгаа олон видео бичлэгийг түвэггүй олж болно. Форбс сэтгүүлийн мэдээлснээр ийм дронуудын дор хаяж тал хувь нь амжилттай, өөрөөр хэлбэл зорилгодоо хүрч чадаж байгаа бөгөөд алсын удирдлагатай бусад зэвсэг, сумтай харьцуулахад хямд бөгөөд хялбар байдаг гэнэ. Уг нийтлэлд ийм камиказе дроныг бүтээхэд хэдхэн зуун доллар хэрэгтэй байдаг бөгөөд энэ нь ердийн өндөр чанартай квадрокоптероос хамаагүй хямд байдаг аж. Гэтэл Москва Ираны “Шахедс” дроныг тус бүрийн үнэнд 20-50 мянган доллар төлдөг юм байна. Иймээс “Оросын инженер” телеграм суваг Украины 50,000 дроноор хийх дайралт нь урьд өмнө хэзээ ч байгаагүй их хэмжээний хохирлыг Оросын армид үзүүлж магадгүй гэж тэмдэглэжээ. Эдгээр уралдааны зориулалттай жижиг дронууд радиогийн хөндлөнгийн нөлөөнд маш тэсвэртэй байдаг тул тэдгээрийг Оросын радио саатуулагчаар зогсоох боломжгүй юм байна. Иймээс нисдэг камиказе дронуудын давалгаа “бүх байг устгах хүртэл” Оросын байрлалд цохилт өгсөөр байх болно гэж “Forbes” онцолжээ.

Categories
гадаад мэдээ

В.Путин мэдэгдэл хийлээ DNN.mn

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Бүх Оросын төрийн телевиз, радио нэвтрүүлгийн компани (ВГТРК)-ийн ярилцлагад энэ сарын 25-нд орох үеэр нэгэн мэдэгдэл хийлээ. Тэрээр “Орос улс Беларусийн 10 цэргийн нисэх онгоцыг тактикийн цөмийн зэвсэг тээвэрлэх чадвартай болгох, Беларусийн нутаг дэвсгэрт тактикийн цөмийн зэвсгээ байрлуулах, тактикийн цөмийн зэвсгийг хадгалах, агуулах барих ажлыг ирэх дөрөвдүгээр сарын 3-нд эхэлж, долоодугаар сарын 1 гэхэд дуусгах бодолтой байна” хэмээлээ.

Мөн барууны орнуудаас Украинд нийлүүлэхээр зэхэж буй орчин үеийн танк, хуягт тээврийн хэрэгслийн эсрэг өндөр үр дүнтэй шавхагдсан урантай танкийн сумны асуудлаар байр сууриа илэрхийлж, “барууны орнууд Украин руу 400 танк илгээх бол ОХУ 1600 танк үйлдвэрлэх, тэдгээрээс гурав дахин илүү сум галт хэрэгсэл, арав дахин илүү онгоц фронтод нийлүүлэх чадвартай” хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: iss.gov.mn

Categories
гадаад мэдээ нийгэм

​Украины цэргүүд эх орондоо ирэв DNN.mn


Их Британи улсын засгийн газраас Украинд илгээх Challenger 2 танкийг эзэмших сургалтыг дуусгасан украин цэргүүд эх орондоо иржээ.Энэ оны нэгдүгээр сард “Challenger 2” танк 14 ширхгийг Украинд илгээх болсноо Британийн ерөнхий сайд Риши Сунак зарласны дараа дээрх цэргүүд сургалтад хамрагдахаар ирж байсан юм.

Украины арми энэ хавар Оросын эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг сөрөг довтолгоонд орох гэж байгаа бөгөөд Британийн танкууд үүнд оролцох ажээ.“Украины цэргүүд Британийн нутаг дэвсгэр дээр “Challenger 2” танкийг бүрэн эзэмших бэлтгэл сургуулилалтаа дууссаныг харах үнэхээр урамтай байна. Бид Украиныг удаан хугацааны турш дэмжихэд чадах бүхнээ хийх болно” гэж Британийн батлан хамгаалахын сайд Бэн Уоллос өнгөрсөн сард сургалттай танилцахдаа хэлж байв. “Байлдааны маневрын төвийн багийнхан энэхүү сургалтыг Украины түншүүддээ хүргэсэн нь аз завшаантай үйл явдал байлаа. Тэдний ур чадварын түвшин бидэнд маш өндөр сэтгэгдэл төрүүлсэн бөгөөд эх орноо хамгаалах үйлсэд “Challenger 2” танкийг хамгийн үр дүнтэй ашиглаж чадна гэдэгт эргэлзэхгүй байна” гэж сургалтыг удирдсан хурандаа Жон Стоун хэлжээ. Украины ерөнхийлөгч Володимир Зеленский хоёрдугаар сард Их Британид айлчлахдаа ерөнхий сайд Риши Сунакын хамт сургалтын явцтай танилцаж байсан юм.

“Challenger 2” танкаас гадна Их Британи улс Украинд 20 ширхэг “Bulldog” явган цэрэг тээвэрлэгч хуягт машин, 30 ширхэг өөрөө явагч “AS-90” их бууг нийлүүлэхээр болоод байгаа юм. Их Британиас гадна АНУ өөрийн “M1 Abrams”, Европын холбоотнууд Германд үйлдвэрлэсэн “Leopard” танкуудыг Украинд илгээх юм.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Испанид ойн түймэр гарч, хүмүүсийг нүүлгэн шилжүүлжээ DNN.mn

Испанийн зүүн хэсгийн уулархаг бүсэд пүрэв гарагт ойн түймэр дэгдэж, ойролцоох суурингийн хүмүүсийг нүүлгэн шилжүүлжээ.

Валенсия мужид гурван тосгоны 1000 гаруй хүнийг гэрээс нь нүүлгэсэн байна. Мөн 600 хүний орогнох байр, хээрийн эмнэлэг бэлдсэн байна. Гал сөнөөгчид хэдэн цагийн дараа түймрийг цурманд оруулжээ.