Categories
гадаад мэдээ

“Патриот” систем “Кинжал” пуужинг устгажээ DNN.mn

Украины Зэвсэгт хүчний Агаарын цэргийн хүчин энэ сарын 4-ний шөнө Оросын хэт авианы гэх дуунаас хэт хурдан пуужингуудыг Киевийн тэнгэрт сөнөөсөн гэх мэдээлэл дэлхий нийтэд цацагдсан. Энэ тухай энэ сарын 6-нд Украины Зэвсэгт хүчний Агаарын цэргийн хүчний командлагч, дэслэгч генерал Николай Олещук албан ёсны мэдэгдэл хийжээ. Тэрээр, “Украины ард түмэнд түүхэн үйл явдал болсоны баяр хүргэе! Тийм ээ, бид Путины “хосгүй” Кинжалыг буудан унагасан!” гэжээ.

Генералын хэлснээр эдгээр пуужинг Америкийн “Patriot” агаарын довтолгооноос хамгаалах системийн тусламжтайгаар устгасан байна. Мөн “кинжал” пуужинтай хамт устгагдсан “Х-47” пуужинг Оросын “МиГ-31К” байлдааны онгоц өөрийн нутаг дэвсгэрээс харвасан гэдгийг Олещук онцолсон байна. Энэ тухай яагаад ингэж оройтож мэдээлж буйг “Украины дайсан ашиглаж болох мэдээллийг эрт мэдэгдэх шаардлагагүй” гэж анхааруулжээ. Энэ нь Украин Путины эхний “кинжал”-ыг устгасны дараа чимээгүй байж байгаад дараа нь нэгэн зэрэг зургааг устгасныг хэлж буй юм байна.

Киев рүү довтолсон Оросын 18 пуужинг бүгдийг нь устгах явцад Украины “Patriot” зенитийн пуужингийн системийн хоёр хэсэг бага зэрэг гэмтсэн ч энэ нь бүхэл бүтэн цогцолборын байлдааны хүчин чадалд нөлөөлөхгүй гэж “CNN” Америкийн албаны хүмүүсээс эш татан мэдээлжээ. Оросын Батлан хамгаалах яам “Patriot”-ын бүхэл бүтэн цогцолборыг бүрэн устгасан гэж мэдээлсэн бол цэргийн шинжээчид Оросын сөнөсөн пуужингийн хэлтэрхий “Патриот” систем дээр унасан байх магадлалтай гэж дүгнэсэн байна.

Categories
гадаад мэдээ

Украин болон Хятадын төлөөлөгчид уулзжээ DNN.mn

Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба Киевт хоёр өдрийн айлчлал хийж буй БНХАУ-ын Засгийн газрын Евразийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Ли Хүйтэй уулзав. Энэ тухай Украины ГХЯ, талууд Украин, Хятадын хоёр талын түвшинд болон олон улсын байгууллагын хүрээнд хамтын ажиллагааны тулгамдсан асуудлууд, Оросын түрэмгийллийг зогсоох арга замын талаар хэлэлцсэн. Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба БНХАУ-ын Засгийн газрын тусгай төлөөлөгчид Украины бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх үндсэн дээр тогтвортой, шударга энх тайвныг сэргээх зарчмуудын талаар дэлгэрэнгүй танилцуулан Украины тал Украины тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулах ямар ч саналыг хүлээн авахгүй гэдгийг онцлон тэмдэглэв гэж мэдээлжээ. Түүнчлэн Киевийн дэвшүүлсэн “энхийн томьёолол”-ыг хэрэгжүүлэх, Хар тэнгисийн үр тарианы санаачилга, цөмийн аюулгүй байдлыг хангах болон олон улсын бусад чухал хүчин чармайлтад Хятад улс оролцох нь чухал болохыг Гадаад хэргийн сайд тэмдэглэсэн байна.

Хэдэн долоо хоногийн өмнө Хятад улс гал зогсоох, бүх улс орны бүрэн эрхт байдлыг хүндэтгэх, нэг талын хориг арга хэмжээг зогсоох зэрэг энхийн төлөвлөгөө боловсруулсан ч Киев, Вашингтон хоёр Хятадын энэхүү төлөвлөгөөг дэмжихгүй гэдэг нь тодорхой болсон байна. Гэсэн хэдий ч Хятадын Евразийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Украин, Орос, Европын орнуудад энх тайвны асуудлыг хэлэлцэх айлчлалаа эхлүүлээд байгаа аж. Киев түүний айлчлалын эхний цэг болж байгаа бөгөөд Ли Хүй энэхүү уулзалтын дараа Москваг зорих төлөвтэй байна. Түүний энэхүү аялал дандаа хаалттай хаалганы цаана явагдах аж. Хятадын дипломатчийн уулзалтын хуваарийг урьдчилан мэдээлээгүй байгаа бөгөөд БНХАУ-ын Засгийн газрын мэдээлснээр, айлчлалын үеэр тэрбээр Польш, Герман, Францад бас айлчлах юм байна.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Францын Ерөнхийлөгч Макроны Монголд хийх айлчлал ням гаригт эхэлнэ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад 2023 оны 05 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийнэ. Тус айлчлал нь Франц Улсаас Төрийн тэргүүний түвшинд хийж буй анхны түүхэн айлчлал юм.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар албан ёсны хэлэлцээ, уулзалт хийж хоёр орны харилцааг шат ахиулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр болон олон улсын харилцааны зарим асуудлаар ярилцана.

Categories
гадаад мэдээ

Францын ерөнхийлөгчийн анхны айлчлал DNN.mn

Өрнөдийнхний сонирхлыг улам ихээр татах болсон, Хятад, Оросын дунд орших далайд гарцгүй Монгол Улсад Францын ерөнхийлөгч анх удаа айлчлах гэж байна. Ерөнхийлөгч Эммануэл Макрон Японд “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцсоныхоо дараа энэ ням гарагт тус улсад айлчилна гэж Елисейн ордон мэдээлэв.

Францын ерөнхийлөгч “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоорөнөөдөр Хирошимад очих юм. Тэрбээр ням гарагт дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн талаарх хэвлэлийн хуралд оролцсоныхоо дараа Улаанбаатарт богино хэмжээний айлчлал хийх бөгөөд энэ нь Францын ерөнхийлөгчийнтус улсад хийсэн анхны айлчлал болох юм.

Э.Макрон Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй хэлэлцээ хийх бөгөөд дараа нь хоёр удирдагч оройн зоог барина. Францын ерөнхийлөгч мөн XIII зууны “их хүн” Чингис хааны музейг үзэж сонирхоно. Тэрбээр тухайн өдрийнхөө орой Парис руу буцах юм.

Энэхүү айлчлалын тухай “Орос, Хятадын дунд орших далайд гарцгүй Монгол Улс бол ардчилсан сонгууль явуулдаг, либерал засаглалын загвартай, хоёр том хөрштэйгээ илүү найдвартай хамтран ажиллаж,түншлэлээ төрөлжүүлэхийг эрмэлздэг улс юм” гэж Елисейн ордноос гаргасан уг мэдэгдэлд онцолжээ.

Францын ерөнхийлөгч Монголд айлчлах үеэрээ ОХУ-аас хөрш улсдаа үзүүлж буй дарамтыг сулруулах, тэдэнд нэмэлт сонголт нээж өгөх ба Парисын эрмэлзэлийн нэг хэсэг болох “геостратегийн түвшний чухал асуудлыг” хэлэлцэнэ гэж энэ мэдэгдэлд онцлон дурдсан байна. “Монгол Улсын эрчим хүчний үйлдвэрлэлийн 90 хувь нь нүүрснээс хамааралтай, ногоон эдийн засагт шилжихэд бэрхшээлтэй тулгарч байгаатай холбоотойгоор хоёр талын түвшинд “хамтран ажиллах томоохон боломж бий” гэж Францын эрх баригчид үзэж байна гэж “AFP” мэдээлжээ.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Японд ирэх сараас цахилгааны төлбөр нэмэгдэнэ DNN.mn

Ирэх сараас эхлэн Японд цахилгааны төлбөр нэмэгдэхээр болжээ. Энэ нь Японы засгийн газар эрчим хүчний томоохон компаниудаас тавьсан үнэ нэмэх хүсэлтийг баталсантай холбоотой байна.

Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Хироказу Мацуногийн мэдээлснээр, эрчим хүчний компаниудын үнэ тарифын өсөлт 14-42 хувьд хэлбэлзэх юм байна. “Түлшний үнэ болон бусад хүчин зүйлийг анхааралтай судалж үзсэний үндсэн дээр үнийг өсгөхөөр шийдвэрлэлээ” гэж Аж үйлдвэрийн сайд Нишимура Ясутоши мэдэгджээ. Эрчим хүчний салбарын ажилтнуудын цалин хөлсний түвшин ч бас анхаарах ёстой асуудлуудын нэг болсныг Сайд дурдсан байна. Айл өрхүүдийн цахилгааны төлбөрийг нэмэхэд засгийн газрын шийдвэр шаардлагатай байдаг журамтай байна. Токиогийн эрчим хүчний компани зэрэг долоон компани Засгийн газраас төлбөрөө нэмэх зөвшөөрөл хүсч ханджээ. Дулааны цахилгаан үүсгүүрүүдэд ашигладаг байгалийн хийн үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор үр ашигтай ажиллагаа нь доголдсоныг эрчим хүчний компаниуд мэдэгддэг байна.

Цахилгааны үнийн дундаж өсөлт 15 хувиас эхлэх бөгөөд эрчим хүчний компани тус бүрээр харилцан адилгүй байх юм байна. Аж үйлдвэрийн яамны шийдвэр нэгэнт батлагдсан тул шинэ үнэ тарифыг ирэх 6-р сараас мөрдөх юм байна.

Цахилгааны төлбөр нэмэгдсэнээр үнийн өсөлтөд улам нэрмээс болох магадлалтай учир Японы төв банк ирэх зун зохицуулалт хийх үүднээс инфляцын байдлыг анхааралтай ажиглаж байна.

Categories
гадаад мэдээ

Ангараг гараг дээр гол урсаж байжээ DNN.mn

Ангараг гараг дээр нэгэн цагт ширүүн урсгалтай гол урсаж байсныг нотлох ул мөр байх магадлалтай шинэ зургуудыг “Perseverance” сансрын төхөөрөмж авсан талаар АНУ-ын Агаарын уудам, сансрын нислэгийг шинжлэн судлах төв /NASA/ нийтлэв. Энэхүү фото зураг эрдэмтдийг Улаан нүдэн гараг дээр эрт үед ус хэрхэн урсаж байсныг эргэцүүлэн бодоход хүргэж байна. Ийм гол ус байсан ул мөрийг судалж ойлгох нь эрдэмтдэд Ангараг гаргийн чулуулагт хадгалагдан үлдсэн байх магадлалтай эртний бичил биетний амьдралын ул мөрийг хайж олоход нь тус нэмэр болж магадгүй гэж “NASA” мэдээлжээ.

“Perseverance” өөрөө явагч төхөөрөмж одоогоор 250 метр өндөр тунамал чулуулгийн овоолгын сэнс хэлбэртэй орой хэсэг болон урсаж буй ус байсан тахиралдсан давхаргуудыг судалж байгаа аж. Ангараг дээрх “Perseverance” өөрөө явагч төхөөрөмжийн гол зорилго нь астробиологи, тэр дундаа эртний бичил биетний амьдралын ул мөрийг хайх явдал юм. Түүнчлэн уг гарагын геологи, өнгөрсөн цаг үеийнх нь цаг уурын онцлогийг тодорхойлсноор хүн төрөлхтөний уг гаргийг эзэмших замыг нээхийн зэрэгцээ Ангарагийн чулуулаг, сул хөрсийг /реголит/ цуглуулж хадгалах анхны хөтөлбөр юм.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Хийн хоолойн ажил эцсийн шатандаа орсон DNN.mn

Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулан БНХАУ руу очих “Союз Восток” хийн хоолойн төслийн зураг төсөл, хайгуул шинжилгээний ажил эцсийн үе шатандаа явж байгааг “Газпром” компани мэдээлжээ. Учир нь Монголын Засгийн газар болон “Газпром” компанийн хамтарсан ажлын хэсгийн хуралдаан Улаанбаатар хотод “Газпром”-ын орлогч дарга Виталий Маркелов, Монгол Улсын шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан нарын удирдлага дор болсон юм байна. “Хуралд оролцогчид “Союз Восток” хийн хоолойн төслийн зураг төсөл, хайгуул шинжилгээний ажлын явцын талаар ярилцлаа. Уг ажил батлагдсан төлөвлөгөөний дагуу бүрэн хийгдэж, эцсийн шатандаа явж байгааг онцлон тэмдэглэв” гэж тус компанийн хэвлэлийн мэдээнд дурджээ.

Өнгөрсөн оны нэгдүгээр сард “Газпром” компани “Сибирийн хүч-2” хийн хоолойн үргэлжлэл болох “Союз Восток” хоолойн төслийн ТЭЗҮ-ийг эцэслэн боловсруулсан бөгөөд уг ажлыг хэрэгжүүлэх гэрээнд Монголын талтай гарын үсэг зурсан гэж мэдээлж байсан билээ. 2022 оны 11 дүгээр сард ОХУ-ын шадар сайд Виктория Абрамченко уг хоолойн зураг төслийн ажил 2023 онд дуусна гэж мэдэгдсэн юм.

Хий дамжуулах энэхүү хоолой тавигдсанаар Хятад улсруу жил бүр 50 тэрбум шоо метр хий нийлүүлэх боломжтой болно. Монголын нутгаар дайран өнгөрөх хийн хоолойн нийт урт 962.9 км болох бөгөөд төслийн барилгын ажил 2024 онд эхэлж, 2027-2028 онд ашиглалтад орж магадгүй байна.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Калининград- Кёнигсберг- Крулевец DNN.mn

Польшийн Засгийн газрын харьяа Газар нутгийн нэрийг стандартчилах хорооноос Орост булаан эзлэгдсэн Калининградыг Польшийн хуучин нэрээр нь Крулевец хэмээн нэрлэж байхаар шийдвэр гаргажээ. 1773-1945 он хүртэл Германы Дорнод Прусс мужийн засаг захиргааны төв байсан Кёнигсберг нь 1945 онд дайн дууссаны дараа ЗХУ-ын харьяанд шилжиж, 1946 оноос Калининград гэж нэрлэгдэх болсон юм. Энэхүү герман нэрийн польш орчуулга нь Крулевец, оросоор Кролевец буюу “хаантан” гэсэн утгатай үг юм.

Өнөөдөр хөрш бүх улс нь ОХУ-тай газар нутгийн ямар нэг маргаантай байгаа бөгөөд Польшийн энэхүү шийдвэр нь “Герман улс Орост алдсан газар нутгаа авахыг хүсэхгүй байгаа юм бол бид авна шүү” гэсэн анхааруулга юм. Калининградын нэрийг өөрчлөх Польшийн энэхүү шийдвэрийг Оросын эрх баригчид тун ч таагүй хүлээн авч “Түүхийнхээ туршид Польш улс Оросыг үзэн ядах галзуурал руу үе үе халтирдаг байсныг бид мэднэ” гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдээд уг шийдвэрийг “дайсагнасан үйлдэл” гэж нэрлэжээ.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Урал, баруун Сибирийн түймэр DNN.mn

ОХУ-ын Уралын нуруу, баруун Сибирийг хамарсан бүс нутагт ой хээрийн том түймэр дэгдэн шатаж эхэлсэн талаар тус улсын хэвлэлүүд мэдээлжээ. Сүүлийн долоо хоногт шатаж буй уг түймрийн улмаас 21 хүн амиа алдсан нь тогтоогдсон аж.

Тэдгээрийн ихэнх нь гэрээ орхиж явах чадваргүй өндөр настнууд байжээ. Урал, Сибирийн залгаа нутаг болох Курган мужийн Юлдус тосгон шатахад хамгийн олон хүн амиа алдсан байна. Зөвхөн Курган мужид 5,000 гаруй орон байр түймэрт шатсан тухай тус мужийн онцгой байдлын алба мэдээлжээ. Курганаас гадна Свердловск, Омск, Тюмень мужуудад гал түймэр тархсан байна.

Ялалтын баярын үеэр дэгдсэн түймэр 77,000 га талбайг хамарч, 300 гаруй орон сууцны барилга, 4000 шахам барилга байгууламж шатсаны дотор ахмад настнууд хаврын улирал эхэлж байгаатай холбогдуулан хотоос гарч амьдарч байсан зуслангийн байшингуудыг хамарсан байна гэж “ТАСС” агентлаг мэдээлжээ.

Европын Холбооны дэлхийн агаар мандлын хяналтын “Copernicus” системээс гаргасан зураглалд баруун Сибирьт дэгдсэн түймрийн утаа Оросын алс дорнод болон Казахстан, Монгол улсуудын нутаг дэвсгэрт хүрч байгааг харуулжээ. Урьд жилүүдэд иймэрхүү түймрийг Орос улс армийнхаа хүчээр унтраадаг байсан бол энэ удаа Украинд болж буй дайнаас үүдэн гал унтраах асуудалд том хүндрэл үүсээд байна гэж олон улсын шинжээчид дүгнэсэн байна.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Канадын консулыг хөөжээ DNN.mn

Канадын парламентын гишүүнийг айлгах гэж оролдсон Хятадын дипломатчийг эх оронд нь илгээсний хариуд БНХАУ Шанхай дахь консулыг хөөлөө.

Канад улс Хятадын дипломатч Жао Вэйг “тааламжгүй этгээд” хэмээн зарлаж, тус улсаас гарахыг шаардсан юм. Үүний хариуд БНХАУШанхай дахь консулын ажилтан Женнифер Линн Лалондег хөөж буйгаа зарласан байна.

Уйгар үндэсний цөөнхийн эсрэг явуулж буй Хятадын бодлогыг идэвхтэй эсэргүүцэгч Майкл Чонгийг айлган сүрдүүлж, түүний Хонконг дахь төрөл төрөгсдийн талаар мэдээлэл цуглуулж байсныг Канадын тагнуулын алба тогтоосон юм. Хятадын дипломатууд Канадын парламентын гишүүн Майкл Чонгийг айлган сүрдүүлсэн нь ийнхүү ил болсны дараа Оттава болон Бээжингийн харилцаа эрс хурцдаад байгаа билээ.

Г.АМАРСАНАА