Categories
гадаад мэдээ

​Хүчтэй нь ялдаг бус хэрэгтэй нь ялдаг хорвоо DNN.mn


Философи нь шинжлэх ухааны зарчим учир хүмүүнлэгийн ухааны нэг хэсэг юм. Философи нь зүй тогтлын талаар бодитой мэдлэг өгдөггүй, нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн шинжлэх ухааны аргуудыг ашигладаггүй учраас шинжлэх ухаан биш. Бүр “Бүх шинжлэх ухааны дээр оршдог учраас Философи бол шинжлэх ухаан биш” гэж үзэгсэд хүртэл бий. Философи шинжлэх ухаан биш гэдэг нь зөв. Шинжлэх ухааны дээр оршдог гэдэг нь бол худал зүйл. Учир нь философи бол замын хажууд тавьсан зам заагч тэмдэг юм. Гэхдээ таны явах зам дээр хэн нэгний сайн дураараа авчирч тавьсан тэмдэг билээ. Худал заах магадлал хэт өндөр, дураараа авчирч тавьсан зам заагч замаасаа илүү үнэлэгдэнэ гэж юу байхав.

Судлаачид эхлээд таамаг дэвшүүлдэг. Дараа нь энэхүү таамаг нь цэгцэрч онол бий болно.Тэгээд энэхүү онолоо баталж байж сая шинжлэх ухаан болдог жамтай. Таамаг, онол хоёр нь субъектив буюу хийсвэр харин баталгаа нь объектив буюу бодитоор оршин буй зүй тогтол юм. Таамаг, онол хоёр алдаа гаргах магадлалтай бол харин батлагдаж, нотлогдсон шинжлэх ухаан нь гагцхүү үнэн байдаг онцлогтой. Иймээс таамаг, онол хоёрын дунд сэлгүүцэгч философи нь бодит зүйл болох шинжлэх ухаан биш юм. Таамаг-Онол-Шинжлэх ухааны бодит жишээ нь “Пангей” билээ.

Биологичид, палентлогичид, геологичид тивүүд нэг байсан байж магадгүй юм байна гэсэн таамаг дэвшүүлж байв. Эдгээр таамгууд нэгдэн “Пангей” гэх онол бий болов. Хожим нь бие даасан 20 гаруй нээлтээр манай тивүүд нэг тив байсан нь батлагдаж сая шинжлэх ухаан болсон түүхтэй. Харин хүн төрөлхтний бий болгосон хамгийн “үмбүү” онол бол “хүчтэй нь ялдаг” гэсэн үзэл юм.

Италид гарсан таамаг үзэл болох фашизмыг германчууд “үндэсний социалист” онол болгов. Германчуудад энэхүү онолоо батлан шинжлэх ухаан болгох шаардлага үүсэв. Ингээд буган цох мөргөлдүүлэн хүчтэй нь ялдаг юм байна хэмээн кино хийж бүх нийтэд сурталдаж бусад улсад довтлон дэлхийн дайн үүсгэв. Дайны дараа “хүчтэй нь ялдаг” гэдэг нь биологийн зүй тогтол учраас хүний нийгэмд тохирохгүй гэж зарлав. Гэхдээ өнөөдөр ч энэ онолоо баримталсаар байгаа нь нууц биш. Ийнхүү “нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гээч нь болж өнөөдөр хөгжингүй улсуудын хүн ам хөгширч биологийн хувьд мөхөл рүүгээ явж байгаа билээ. Тэгээд хүчтэй нь ялж байна уу? Харин ч хүчтэй нь аажмаар мөхөж байна. Хүчтэй нь ялдаггүй гэдэг нь ийнхүү батлагдаж байна. Иймээс цөөхөн монголчууд бидний хувьд энэ зам руу орж болохгүй гэдэг нь тодорхой бөгөөд орох ч үгүй биз ээ. Учир нь ийм юм. Хэдэн зуун сая жилийн өмнө амьтад ургамлын хойноос хуурай газарт гарч ирэв. Хуурай газарт гарсан учир олон мянган нойтон өндөгний тоог бууруулж хатуу хальстай цөөн өндөг гаргах шаардлага үүсэв. Өндөгнөөс эхлээд ангаахай буюу дутуу хөгжилтэй үр төл, хожим нь илүү дэвшилтэт дэгдээхэй гарах болж өндөгний тоо эрс буурав. Байгалийн шалгарлаар хөхтөн бий болж шууд амьд зулзага гаргах болсноор үр төлийн тоо ганц, нэгээр тоологдох боллоо. Ингэснээр гарсан ганц үр төл нь эцэг, эхийн бүх удмын генийг хадгалагч болсон учир хосгүй үнэт зүйл болж хувирав. Монгол эхийн “Үхтэл үр харам” гэдэг үгийн учир энэ бөгөөд цөөхөн монголчууд эхийн тухай дууны тоогоор Геннисийн номд төвөггүй бүртгүүлэх болзол хангасны цаад үнэн учир нь ч энэ билээ. Иймээс 4,1 тэрбум жилийн байгалийн шалгарлаар бий болсон дээд амьтан болох хөхтний эх үрийн энэхүү зүй тогтлыг алдахгүй хамгаалж хуульчилсан тохиолдолд монголчууд биологийн мөхөл рүү явахгүй, монголчуудын цаашид мандан бадрах гол үндэс болно. Хөгжингүй улсууд энэхүү зүй тогтлыг гээчихсэн учир хөгшчүүл нь давамгайлчихаад байгаа хэрэг.

Дээд амьтад болох хөхтөн ганц зулзага гаргах болсон нь нэгэн том аюулыг бий болгов. Энэ бол цус ойртолт болон хэт холдсон ген бүхий амьтантай үржвэл удамшлын өвчин бүхий амьдрах чадваргүй үр төл үлдээх аюул байлаа. Хэт адил эсвэл хэт өөр гентэй хүнтэй үржихгүй байх генийн бүрдлийг биологийн шинжлэх ухаанд генотип гэнэ. Энэ нь үндэстэн дотроо л үр хүүхэдтэй болох нь зөв гэсэн үг. Хөхтөн амьтан болох хүмүүсийн хувьд нэг жалганыхан эсвэл өөр үндэстэнтэй гэрлэвэл удамшлын өвчтэй, амьдрах чадваргүй хүүхэдтэй болдог учир нь энэ юм. Мэдээж байгалийн шалгарлаар үүнээс сэргийлэх арга бий болжээ. Энэ бол хөхтөн амьтны төрөлх үнэр билээ. Хөхтөнүүд төрөлх үнэр нь таалагдаж байгаа амьтантай үржилд орж, ямар ч нөхцөлд дасан зохицож амьдрах чадвартай, баялаг ген бүхий үр төл үлдээдэг бөгөөд та ч үр хүүхдэдээ “үнэртэй ус нь биш төрөлх үнэр нь таалагдаж буй хүнтэй гэрлээрэй” гэж онцгойлон захих ёстой гэсэн үг юм. Удмын бичиг энэ тэрээ бол Философитой адил бидний тархийг угааж, ахиухан мөнгө олох гэсэн хэн нэгний арга, заль төдий зүйл. Бүх монголчууд бичиг үсэг төгөлдөр байж удмын бичиг хөтөлдөг байсан гэдэг бол зүгээр л онигоо. Таамаг, онол нь хийсвэр харин шинжлэх ухаан нь бодит зүйл буюу зүй тогтол гээд буйн цаад учир нь ердөө л энэ. Эр амьтад хоорондоо хүч үзэн, ялсан нь үлддэг нь зүгээр л эм амьтдад зориулан эрүүл эр амьтдын тооны бүрдэл бий болгож буй зүй тогтол. Харин хэнтэй нь үржих вэ гэдгийг эм амьтад үнэрээр нь сонгодог. Иймээс сүргийн эзэн азарга, арслан гэдэг нь зүгээр л бидний хийсвэрлэл болохоос бус бодит амьдрал дээр заан, арслан, адуун сүргийг нэг эм амьтан л удирддаг. Тэгэхлээр хүчтэй нь биш хэрэгтэй нь удирддаг гэсэн үг.

Энэ нь биологийн хуулиуд нийгэмд арай хялбарчилсан байдлаар яг адилхан давтагдан явагддаг гэсэн үг билээ. Жишээ нь улс бол биотоп, үндэстэн бол дэд зүйл харин аль ч улсын ДНБ бол биотопын биомасс юм. Биотоп нь экосистемийн хамгийн бага нэгж бөгөөд амьд болгон сүргийн эрх ашгийн төлөө амьдарч байж оршин тогтнодог. Тухайлбал, хоёр залуу арслан нийлж сүргийг хамгаалж байсан арсланг хөөж явуулаад нялх үр төлийг нь бүгдийг нь алчихдаг. Энэ бол нэг арслангийн ген арслангийн сүрэгт олшрохоос сэргийлж буй явдал. Бас “хар бэлэвсэн эхнэр” гэх эм аалз үр тогтонгуут эрийгээ бариад идчихдэг нь ч үнэндээ бол сүргийнхээ генийн бүтцийг нэг төрлийн гентэй болохоос хамгаалж буй нийтийн төлөө үйлдэл юм. Бас экосистемийн амьд организм бүр ДНБ болох биомассыг нэмэгдүүлэх л үүрэг хүлээж амьдралаа зориулдаг. Өөрөөр хэлбэл, манай төр, засгийнхан татвар төлөгчдийн мөнгийг зөвхөн үрж нийгэмдээ гай тарихаа зогсоож энэ мөнгийг үржүүлдэг болж нийтийн төлөө үйлдэл хийдэг болох цаг болсон гэсэн үг. Ерөөс нийгмийн шинжлэх ухаан болох Эдийн засаг, Улс төр, Социологи, Нийгмийн сэтгэл зүй, Хууль зүй, Түүх, Газар зүй гээд хүнтэй холбоотой бүх шинжлэх ухааныг бид цоо шинээр харах шаардлага үүсч байна гэсэн үг. Учир нь шинжлэх ухаан бол бодит төдийгүй хөгжин, дэвшиж байх ёстой зүйл билээ.

Байгальд хүчтэй нь бус ямар ч орчинд дасан зохицох чадвартай баялаг ген бүхий эр амьтад эм амьтдын сонголтоор үр төлөө үлдээж цаашид оршин тогтнодог нь тодорхой болсон зүйл. Харин нийгмийн хувьд баялаг ген бүхий тогтолцоо гэдэг нь бусдаасаа илүү ард иргэддээ сайхан амьдрах боломж олгох нийгмийн дэвшилтэт тогтолцоо юм. Тухайлбал, эртний Грекийн хот улсууд тулгамдсан асуудлаа гадаад талбайд цуглан зөвшөөрсөн нь цагаан, зөвшөөрөөгүй нь хар чулуу вааранд хийж тоолон олонхын саналаар асуудлаа шийдэн цэнгэлийн манлайд хүрсэн. Ромчууд сенат гэх байнгын парламент бий болгож цезарь гэх гүйцэтгэх засгийн тэргүүнтэй байсан. Харин монголчууд Их хуралдай гэх байнгын бус парламент бий болгож хаан гэх гүйцэтгэх засгийн тэргүүнтэй, хамгийн гол нь үндсэн болон процессын хуулийн үүрэг гүйцэтгэх Их засаг хуультай болсон. Чингис хаан хүртэл Их засаг хуулийг сахих үүрэгтэй байсан учир тухайн үеийн Монгол нь эзэнт гүрэн бус Их Монгол Улс гэгддэг. Их Британи хууль баталдаг, баталсан хуулиудыг холбооны улсуудын эрх ашигт тохируулан хянах үүрэгтэй хоёр дахь танхим бүхий сонгодог парламентын засаглал бий болгон өнөөдөртэй золгоод байна. Иймээс манай УИХ-ын гишүүдийн Үндсэн хуульдаа оруулах өөрчлөлт гэдэг нь бусад улсаас илүү нийгмийн тогтолцоо бий болгох асуудлыг хуульчилна гэсэн үг юм. Бусад улсаас илүү гарсан нийгмийн тогтолцоо гэдэг нь улстөрчид, төрийн түшмэд бүгд биологийн хуулийн дагуу баялаг бүтээгчид болж иргэд нь сайн сайхан амьдрах боломжтой болно гэсэн үг болж таарч байна. Өөр зам гэж үгүй. Биологийн хууль нь ийм юм.

Хүн төрөлхтний бий болгосон хамгийн “үмбүү” онол болох “хүчтэй нь ялдаг” гэсэн таамгийн тухай товч дурдахад ийм байна.



Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

“Евроазийн эдийн засгийн дээд хэмжээний чуулган-2023” DNN.mn

ОХУ-ын нийслэл Москва хотод энэ сарын 24-25-ны өдрүүдэд “Евроазийн эдийн засгийн дээд хэмжээний форум-2023” арга хэмжээ зохион байгуулагдав. ЕАЭЗФ-2023 арга хэмжээ нь “Олон туйлт ертөнц дэх Евроазийн интеграци” уриан дор явагдсан бөгөөд уг арга хэмжээг өнгөрсөн жил ЕАЭЗХ-ны гишүүн орнуудын хамтын шийдвэрээр байгуулагдсан Евроазийн эдийн засгийн холбооны өдөр буюу тавдугаар сарын 29-ний өдрийг угтан зохион байгуулж байгаа юм байна. 2014 оны энэ өдөр талууд Бүгд Найрамдах Казахстан улсын нийслэл Астана хотноо ЕАЭЗХ-ны тухай гэрээнд гарын үсэг зурсан билээ. Москвад болсон энэ хуралдааны үеэр тэргүүнүүд нь толхилцоод авсан ч Армени болон Азербайжан улс бие биенийхээ нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүлээн зөвшөөрөх талаар тохиролцоонд хүрчээ. Мөн ОХУ, Беларусьд тактикийн цөмийн зэвсэг байрлуулж энэ зэвсгийг Кремль удирдаж байхаар болов.

Энэхүү чуулганы цаад гол зорилго нь В.Путины хэлсэн үгнээс тодорхой болсон юм. Тэрбээр дахин нэг жижиг ЗХУ байгуулах гол алхам буюу “ЕАЭЗХ нэг үзэл сурталтай болох шаардлагатай байна” гэж хэлсэн. Харин Казакстаны ерөнхийлөгч “Орос, Беларусийн хоёр улс, нэг арми бодлого бидэнд гай л авчирна” гэж хэлсэн нь Путинд “стан” улсуудыг Белорусь шиг Оросын нэг муж болгоно гэж санах ч хэрэггүй гэж шуудхан хэлсэн явдал байлаа.

Олон улсын шинжээчид Армен, Азербайжан улсуудын энхийн мэдэгдлийг барууны улсуудын “зөвлөмж” гэж үзэн Армен улс ОХУ-ын мөнгөний “татаас”-аас ангижран холдож буйн баталгаа гэсэн бол тэртээ тэргүй Германаас булаан авсан нутаг болох Калининградад байгаа тактикийн цөмийн зэвсгийг Беларусь улсад байрлуулах нь утгагүй явдал бөгөөд Путин Си даргад “надтай ямар ч гэрээ хийгээд хэрэггүй. Би биелүүлнэ гэж байхгүй” гэдгээ харуулсан ээлжит “тэнэгтэлт” гэж дүгнэв.

Учир нь олон улсын шинчээчид бүгд Москвагийн энэхүү чуулганыг саяхан болж өнгөрсөн “Европын Холбоо-Төв Ази“, “Төв Ази- Хятад” чуулганы эсрэг хийж буй бид “хүчтэй байгаа” гэсэн ойлголт төрүүлэх гэсэн “Дотооддоо зориулсан Кремлийн ээлжит шоу” гэж дүгнэж байна. Учир нь Москвагийн энэхүү чуулганаас өмнө Казахстан, Киргиз, Тажикистан, Туркменистан, Узбекистан улсын ерөнхийлөгч нар Сиан хотод Хятадтай, эдгээр улсуудын ерөнхий сайд нар Казакстан улсад Европын холбоотой хамтран чуулж Оросыг тойруулан “Европ-Төв Ази-Хятад” гэсэн чиглэлд хурдны авто зам, төмөр зам, хий болон нефтийн шугам тавих шийдвэр гарган хэлэлцээр байгуулж ирэх жилээс хэрэгжүүлж эхлэхээр тохироод байгаа юм.

Ингэснээр Хятад Европын холбооны хооронд 30-40 хоног зарцуулж буй тээвэр 7-10 хоног болж буурах аж. Бас Оросын нефть, хийн хамаарал эрс багасна.

Москвагийн энэ чуулгантай давхцуулан Кремль ерөнхий сайдаа Хятадад айлчлуулсан бөгөөд энэ айлчлалын нэг гол зорилго нь Бээжин, Монголоор дайруулах Оросын “Сибирийн хүч 2” хийн хоолойг зөвшөөрүүлэх явдал байв. Энэ шийдвэрийг В.Путин энэхүү чуулган дээр ёслол төгөлдөр зарлах ёстой байлаа. Харин Хятад улс Оросын “Сибирийн хүч 2” хоолойг бус Туркменистанаас жилд 30 тэрбум куб.м хий авах “D шугам”-ыг ирэх оны эхнээс байгуулж эхлэх гэж байгааг Оросын ерөнхий сайдад тодорхой ойлгуулсан нь ойлгомжтой болсон. Энэ асуудлыг олон улсын шинжээчид Бээжин, Монголоор дайрах Оросын “Сибирийн хүч 2” хийн хоолойг санхүүжүүлбэл Хятад улс түрэмгийллийг санхүүжүүлсэн хэргээр барууны хоригт орж болзошгүй, ОХУ сулрах нь Бээжинд ашигтай учир нөлөөгөө нэмэгдүүлэх гэж Туркменистан, Төв Азийн эдийн засгийг дэмжиж байна, Орос нь Беларусаас бусад улс тухайлбал, Молдова, Сири болон Төв Азийг төдийгүй Кавказын нурууны улсуудыг нөлөөнөөсөө алдаж буй явдал гэж тайлбарлаж байна. Саяхан Сири улс Оросын хамаарлаас гарч, 12 жилийн дараа Арабын холбоондоо дахин нэгдсэн бол Владимир Путин энэ чуулганы үеэр Бразилийн ерөнхийлөгч Луйз Инасио Лула да Сильватай утсаар ярьж түүнийг Санкт Петербург хотод болох Олон улсын Эдийн засгийн чуулганд урьсан. Харин Лула “Би түүнд талархал илэрхийлээд, энэ удаа Орост хүрэлцэн очих боломжгүй гэдгээ хэлсэн” гэж өөрийн “твиттер” хуудсанд бичжээ.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

​“Тэргэнцэр минь баяртай” DNN.m

Дугуйтай явж байгаад осолд орж 12 жилийн өмнө тэргэнцэрт “хадагдсан” Нидерландын иргэн Герт-Ян Оскамын амьдрал тархи, нугасанд суулгах чип гэх шинэ технологийн ач тусаар үндсээрээ өөрчлөгдөв. Учир нь эдгээр утасгүй хос микро чип нь түүний бодлыг хөл рүү нь шууд дамжуулж, түүний хөлийг дахин явах боломжтой болгожээ. Энэ бүхэн нь шинэ технологи гэх бүхэл бүтэн систем туршилтын эхний шат боловч шинжээчид үүнийг маш ирээдүйтэй туршилт гэж дүгнэж байна. Учир нь Герт-Ян Оскам эхлээд зөвхөн босон зогсож байсан бол одоо алхаж бүр шатаар өгсөж, урууддаг болсон аж.

Оскам “ВВС”-д өгсөн ярилцлагадаа “Би дөнгөж алхаж сурч байгаа хүүхэд шиг л байна. Энэ бол миний мөрөөдөж ч чадахгүй байсан зүйл” гэж хэлжээ.

Герт-Ян Оскамын өөрөө бие даан хөдлөх чадварыг сэргээх ажиллагаа 2021 оны долдугаар сард Швейцарийн эрдэмтэн, профессор Блох түүний гавлын ясны хоёр талд 5 см хоёр дугуй нүх гаргаж хөдөлгөөнийг нь удирдах үүрэгтэй хоёр чип суулгаснаар эхэлсэн бөгөөд энэ нь тархины дохиог буюу өөрөөр хэлбэл, Герт-Яны хүслийг толгой дээрээ зүүсэн тусгай малгайгаар дамжуулан нугасны хоёр дахь чипээр хөлний булчинд зориулсан заавар өгдөг аж.

Оскам нь тархи болон нугасандаа суулгац хийлгэсэн анхны өвчтөн биш юм. Анх 2018 онд Дэвид Мзее ийм мэс засал хийлгэсний ачаар өнөр өтгөн гэр бүлтэй болсон ажээ. Хожим нь мотоциклийн ослын дараа хоёр хөлийн мэдрэмжээ бүрэн алдсан Мишель Рокатти ийм мэс засал хийлгэн Швейцарийн технологийн ачаар алхаж эхэлсэн юм байна. Гэхдээ энэ хоёр залуугийн хувьд хөдөлгөөн нь компьютерт бүрэн програмчлагдсан байдаг тул тэд роботтой адил хөдөлгөөнтэй байдаг. Харин Герт-Ян “Өмнө нь би энэ систем намайг удирддаг гэж боддог байсан, одоо би үүнийг өөрөө удирддаг” гэж хэлжээ.

Гэхдээ энэхүү шинэ системийг байнгын ашиглах боломжгүй. Өөрөөр хэлбэл, энэ систем нь хэт том байгаа учир чип суулгасан хүн долоо хоногт 1-2 удаа л дасгал хийлгэж байгаа юм. Иймээс хэтэрхий том хэмжээтэй бөгөөд энэ системийг жижиг болгох хөгжүүлэлтийн шат хэрэгжиж байгаа юм. Профессор Кертиний үүсгэн байгуулсан “Onward Medi­cal” нь өдгөө арилжааны зориулалтаар өөрийн шинэ технологийг боловсронгуй болгон жижиг овортой болгохоор тууштай ажиллаж байгаа бөгөөд ингэснээр хүн бүр ашиглах боломжтой болох аж. Профессор Куртин “Герт-Янд энэхүү чипийг осол болсноос 10 жилийн дараа суулгасан. Хэрэв гэмтэл авснаас хойш хэдхэн долоо хоногийн дараа энэ системийг хэрэглэвэл юу болохыг төсөөлөөд үз дээ. Эдгэрэх боломж асар их байх болно” гэжээ. Иймээс тун удахгүй хүн төрөлхтөн “Тэргэнцэр минь баяртай” гэж хэлэх бололтой.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ цаг-үе

Өмнөд Солонгост нислэгийн үеэр зорчигч онгоцны ослын хаалгыг нээжээ DNN.mn

Өчигдөр өдөр Өмнөд Солонгосын Жэжү арлаас Тэгү хотын чиглэлд нисэж байсан онгоцны ослын хаалгыг нэг зорчигч нээсэн хэрэг гарчээ.

194 зорчигчтой Asiana Airlines компанийн энэ онгоц Тэгү хотын нисэх буудалд газардахын өмнөхөн ийм хэрэг гарсан байна.

Онгоц газраас 255 метрийн өндөрт байх үед хаалгыг нээсэн ч ямар нэг хохирол эндэгдэлгүй газардаж чаджээ.

Цагдаа нар ослын хаалгыг нээсэн 33 настай эрэгтэйг баривчилсан байна. Хаалгыг нээсний дараа зорчигчдоос есөн хүний амьсгаа боогдож, цочролд орсныг эмнэлэгт хүргэжээ. Гэхдээ тэдний эрүүл мэнд ноцтой муудаагүйг албаныхан мэдээлсэн байна.

Онгоц нэгэнт газардахаар бэлдэж байсан тул бүхээгийн багийнхан зорчигчийн аюултай үйлдлийг зогсоож чадаагүй гэнэ.

Баривчлагдах үедээ согтууруулах ундаа хэрэглээгүй, эрүүл байсан зорчигч яагаад ослын хаалгыг нээх болсон шалтгаанаа хэлэхээс татгалзаж байгааг цагдаагийн байгууллага мэдээлжээ.

“Түүнтэй одоогоор хэвийн ярилцах боломжгүй байгаа. Бид хэргийг мөрдөн шалгаж, зохих шийтгэлийг оноох болно” гэж Тэгү хотын цагдаагийн газар мэдэгдсэн байна.

Хаалга нээсэн этгээд ганцаараа зорчиж байжээ.

Уг нислэгийн зорчигчдын дотор Бямба гарагт Улсан хотод болох спортын тэмцээнд оролцохоор бага, дунд ангийн 48 сурагч явж байсан байна.

“Хүүхдүүд айсандаа чичирч, уйлж байсан. Ослын хаалганы ойролцоо сууж явсан хүмүүс хамгийн их цочирдсон байх” гэж хүүхдүүдийн нэгнийх нь ээж ярьжээ.

Categories
гадаад мэдээ

“Шредингерийн муур” DNN.mn

Бүх зүйлийн зүй тогтол хэрхэн явагддагийг физикийн шинжлэх ухаан тайлбарладаг. Харин квант физик нь материйг бүрдүүлдэг бөөмсийн мөн чанар, тэдгээрийн харилцан үйлчлэх хүчний талаарх шинжлэх ухаан билээ. Өөрөөр хэлбэл, квантын физик нь атом хэрхэн ажилладгийг бидэнд ойлгуулдаг. Хэрэв та электронууд компьютерийн чипээр хэрхэн хөдөлдөг, гэрлийн фотонууд хэрхэн цахилгаан гүйдэл болж хувирдаг, тэр байтугай нар яагаад шатаж байдгийг ойлгохыг хүсвэл танд квант физик л тус болно. Гэсэн хэдий ч нэгдсэн нэг квант онол одоогоор гараагүй байна. Энэ нь квант физикт шийдэгдээгүй асуудал хэт гэмээр олон байна гэсэн үг билээ.

Атом нь өөрийгөө бүрдүүлэгч хэсгүүдтэй болохыг ХХ зууны эхээр электроныг илрүүлсэн Томпсоны нээлт батлав.Харин Рэзэрфорд 1910 онд атом маш жижиг нягт бөөмтэй байдгийг нээснээр квант физикийн үндэс тавигдсан юм. Учир нь ердийн физикийн хуулиар атом ийм бүтэцтэй байх боломжгүй байсан хэрэг. Атом нь цөмөө тойрон эргэлдэх электрон бүхий манай нарны аймагтай адил бүтэцтэйг 1904 онд нэгэн ухаалаг япон физикч Хантаро Нагаока таамаг болгон дэвшүүлсэн нь өнөөдөр ч хэрэглэгдсээр байна.

Энэ таамаг нь огт буруу дүрслэл байсан гэдэг нь хожим тодорхой болсон бөгөөд цөмөө тойрох электронууд яг л нисэх онгоцны эргэж буй сэнс шиг цөм хооорндох зайгаа байнга дүүргэж байдаг ажээ. Ердийн электродинамикийн хуулиар цөмөө тойрох электронууд эрчим хүчээ агшин зуур алдан цөм рүү унах ёстой байв. Мөн эерэг цэнэгтэй протон хэрхэн өөрийгөө болон атомын бусад хэсгийг дэлбэлчихгүй цөмийн голд байрлаад байгаа нь огт ойлгомжгүй зүйл болов. Ийнхүү биднийг болон бидний эргэн тойронд байгаа бүх зүйлийг бүрдүүлэгч атом гэх хэт жижиг ертөнцөд болж байгаа зүйл манай ертөнцийн хуульд захирагдахгүй байгаа нь тодорхой болсон байна.

Нильс Бор, Вернер Хайзенберг, Эрвин Шредингер нарын нээлтүүдийн ач тусаар бид квант механик гэдэг зүйл байдаг гэдгийг мэдсэн. Энэ нь бие даасан бөөмс эсвэл бүлэг бөөмсийн байрлал, импульсийн өөрчлөлт гэх мэт энгийн зүйлсийг бидэнд ойлгуулдаг. Квантын механик нь физик үзэгдлийг хамгийн анхан шатны түвшинд буюу бөөмсийн түвшинд судалдаг квант онолын бүрэлдэхүүн болох онолын физикийн нэгэн салбар шинжлэх ухаан юм. Эдгээр үзэгдлийг Планкийн тогтмолтой харьцуулж болох бөгөөд харин Ньютоны сонгодог механик ба электродинамикийн хуулиар тайлбарлах ямар ч боломжгүй зүйл юм. Өөрөөр хэлбэл, атомын бүрдэл хэсэг хэрхэн ажилладгийг ойлгохын тулд квант механикийг физикийн шинжлэх ухааны бусад элементүүдтэй, ялангуяа Эйнштейний харьцангуйн тусгай онолтой хослуулж, квант талбайн онолыг бий болгох хэрэгтэй болсон аж. Нэг үгээр квант механикийн шинжлэх ухаан нэгдсэн онолд хүрэх болоогүй хэт залуугаараа байна. Учир нь атомыг бүрдүүлэгч хамгийн жижиг хэсэг болох квантын бөөмс нь нэг газар бөөмс шиг “байж” чаддаг ч бас хэд хэдэн газарт нэгэн зэрэг бий болж бүр долгион шиг “ажиллаад” эхэлдэг аж. Энэ нь биднийг хэмжилт хийхээс өмнө атомыг бүрдүүлэгч хамгийн жижиг хэсэг болох бөөмс нь ямар ч тодорхой шинж чанаргүй байдаг бөгөөд бид ажиглаад эхлэнгүүт тодорхой шинж тэмдэг үзүүлээд эхэлдэг далд, нууц, бодит хүчин зүйл байгаа тухай, түүний цаад мөн чанар болох нууцыг тайлахыг бидэнд тулган мад тавьдаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, квант физикийн эдгээр зүй тогтлыг ойлгож мэдсэн хэн ч байсан “Сүнс байдаг гэвэл худалч, харин сүнс байдаггүй гэвэл худалчийн худалч буюу жинхэнэ сүнсгүй худалч болно” гэсэн үг билээ. Бөөмсийн энэхүү үнэхээр хачин“ бүдэг, бадаг” байдал нь “Шредингерийн муур” гэх мэт тодорхой бус ойлголтыг бидэнд тулгадаг бөгөөд бүх зүйлийг бүрдүүлэгч эх үүсвэр болох бөөмсийн тодорхойгүй квант үйлчлэл нь дэргэдээ байгаа муурыг яг нэгэн зэрэг үхсэн бас амьд төлөвт байгаа гэж үзэхийг биднээс шаардаад эхэлдэг юм. Гэхдээ энэ бас юу ч биш. Бөөмсийн квантын “тоосонцор” гэх шинж нь өөрөө энд бий болохтой зэрэгцэн хаа хол байрлалд бас бий болж нөгөө хоёр чинь яг адилхан үйлдэл хийгээд унадаг гэдэг нь тодорхой болсон. Яг ижил нэгэн зүйл нэгэн зэрэг нэгнээсээ хол зайтай бий болохыг ихэрлэл гэх боломжгүй бөгөөд яагаад гэдгийг одоогоор хэн ч мэдэхгүй байна. Үнэхээр ямар ч хуулиар тайлбарлагдах боломжгүй замбараагүй, төөрөлдсөн энэ үзэгдлийг албан ёсоор “орооцолдол”, харин Эйнштейний хэлснээр “алсын аймшигт үйлдэл” гэдэг. Бөөмсийн эдгээр квант чадварууд нь одоогоор бидэнд огт ойлгомжгүй “харь” зүйл боловч чухамхүү эдгээр ньл бөөмсийн тодорхойгүй шинж чанарт тулгуурлан жинхэнэ цахим аюулгүй байдлыг бий болгох квант криптограф, супер хүчирхэг квант тооцоолол зэрэг шинэ технологийн гол тулгуур болдог.

Тухайлбал, Квантын компьютерууд гэдэг нь квант механикийн гурван үзэгдэл болох атомыг бүрдүүлэгч бөөм нэгэн зэрэг өөр газарт бий болж чаддаг чадвар буюу “супер байрлал”, нэг бөөмд үйлчлэл үзүүлэхэд хол зайд бий болсон нөгөө нь яг нэгэн зэрэг адил үйлдэл хийдэг чанар болох “орооцолдол”, бөөмс бөөм байхаа больж долгион болж хувирдаг чадвар буюу интерференц гэх шинж чанаруудыг удирдлагад оруулан супер хурдаар тооцоолол хийдэг төхөөрөмж юм.

Гэхдээ квант механикийн эдгээр шинж чанарын цаад учир яг юу болохыг одоогоор хэн ч мэдэхгүй байна. Квант физик буюу бүхнийг бүрдүүлэгч нэгж болох атомын ертөнц нь материаллаг ертөнц буюу бидний энэ ертөнцөөс огт өөр физикийн хуулиар оршин тогтнодог гэдгийг бол бид харин мэддэг болсон. Энэ нь квант физикийн том том нээлтүүд хэн нэгнийг хүлээсээр байна гэсэн үг юм. Эдгээр нээлтүүд хийгдсэнээр хэн ч байсан “Бурханы орон”-д очиж тэнд байгаа өвөө, эмээ, аав, ээжээсээ юм асуучихаад ирдэг болоход гайхах зүйлгүй болж магадгүй. Учир нь квант физикийн гол зарчим нь “Юу ч алга болохгүй буюу байгаа нь байхгүй гэдгийн, байхгүй гэдэг нь байгаагийн баталгаа” бололтой. Ямар ч байсан наад зах нь бид нэг хотоос нөгөө хотод хоромхон зуур очиж буцан ирдэг болохоос гадна бусад гараг төдийгүй өөр галлактик руу аялах явдал ч асуудал биш болох нь дамжиггүй юм.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Оросын нутагт байлдаж эхлэв DNN.mn

Украины талаас хил давж ирсэн хорлон сүйтгэгч бүлэгтэй Белгород мужийн нутагт тулалдаан болж байна гэж Оросын албаныхан мэдээлжээ. Москвагийн эрх баригчид Украины дайн эхэлсэн цагаас хойш тус улстай хил залгаа Белгород мужид “терроризмтой тэмцэх дэглэм” тогтоогоод байгаа юм. Өмнө нь 1999-2009 онуудад Чеченьд ийм дэглэм тогтоож байсан билээ.

Тус мужид өрнөж буй үйл явдлын талаар ерөнхийлөгч Владимир Путинд илтгэсэн гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ. Мөн галын шугамаас иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлснээ Белгород мужийн захирагч Вячеслав Гладков мэдээлсэн байна. Тэрбээр “Нөхцөл байдал маш хүнд байна. Нутгийн оршин суугчдын ихэнхийг нүүлгэн шилжүүлсэн. Манай зэвсэгт хүчин ойрын хугацаанд үүргээ биелүүлж манай нутгийг чөлөөлж дуусна гэдэгт би итгэлтэй байна” гэжээ. Путиний дэглэмийг эсэргүүцэгч “Оросын Эрх чөлөөний Легион” болон “Оросын сайн дурын корпус” нэртэй зэвсэгт бүлэглэлүүд Белгородын нутаг дэвсгэрт гурав дахь удаагаа нэвтэрснээ хүлээсэн байна. Тус бүлгийн “Телеграм” хуудсанд нийтлэгдсэн дүрс бичлэгт цэргийн дүрэмт хувцастай нэгэн “Орос улс эрх чөлөөтэй болно! Үр хүүхдүүдээ амар амгалан, эрх чөлөөтэй орчинд өсч торниулахыг бид хүсч байна” гэжээ. Харин Украины эрх баригчид Белгородод болж буй үйл явдалтай огт холбоогүй гэдгээ илэрхийлсэн байна.“Украин улс Оросын Белгород мужид өрнөж буй үйл явдлыг анхааралтай ажиглаж байна. Гэхдээ манай тал үүнд оролцоогүй. Тоталитар дэглэмтэй улс орны цорын ганц хөдөлгөгч хүч партизаны хөдөлгөөн байдаг шүү дээ” гэж Украины ерөнхийлөгчийн зөвлөх Михаило Подоляк бичсэн байна.

Украины талд 2014 оноос байлдаж буй ОХУ-ын иргэдээс бүрддэг “Оросын Эрх Чөлөөний Легион”, “Оросын сайн дурын корпус” бүлэглэлүүд танк, хуягт тээвэрлэгчээр ОХУ-ын хилээр нэвтэрч Белгород мужийн Козинка, Грайворон хоёр тосгоныг эзлэн авч бэхлэлт байгуулан тулалдаж эхэлсэн байна. Мөн Белгородын батлан хамгаалах болон хүчний байгууллагын удирдлагын байшинг дроноор довтолсон аж. Энэ нь цэргийн гэхээсээ улс төрийн үйл ажиллагаа юм. Учир нь Путины дэглэмийг эсэргүүцсэн оросуудаас бүрдсэн зэвсэгт хүчин Белгород мужийг Кремлээс тусгаарлан БНБУ болгох гэж байна гэсэн үг юм. Энэ явдал орос иргэдэд ямар сэтгэгдэл төрүүлэх нь ойлгомжтой. Харин цэргийн хувьд Орост II фронт нээгдсэн учир Украины хилээс Москва хүртэл ямар ч орос цэрэг, бэхлэлт байхгүй байгаагаас болж Кремль Украинд байлдаж байгаа дайчдаасаа энд цэрэг шилжүүлэн авчирна гэсэн үг. Энэ нь Украины сөрөг довтолгоонд бэлтгэж байгаа цэргээ хөдөлгөнө гэсэн үг учир Москвагийн хувьд тун ч таагүй явдал юм.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

“Төв Ази-Хятад” чуулган DNN.mn

Казахстанд 2013 онд айлчилсан Хятад улсын дарга Си Жиньпин “Торгоны замын эдийн засгийн бүс”-ийг байгуулах санаачилгаа анх танилцуулж, түүнийг нь хамгийн түрүүнд Төв Азийн улсууд дэмжиж байснаас хойш даруй 10 жил өнгөрчээ.

Энэхүү санаачилга нь Ази, Европыг холбох асар өндөр өртөгтэй дэд бүтцийг барьж байгуулахаас эхлээд улс орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бараа бүтээгдэхүүн, ашигт малтмал чөлөөтэй тээвэрлэх, иргэд хоорондын харилцааг өргөжүүлэх, өндөр технологийн салбарыг хөгжүүлэх зэрэг олон талт хөгжлийн стратеги төлөвлөгөө байсан юм. Өнөөдөр “Бүс ба зам” нэртэй болсон уг мега төслийг хэрэгжүүлснээр 1. Хятад-Төв Ази-Орос-Европ, 2. Хятад-Төв ба Баруун Ази-Персийн булан ба Газрын Дундад тэнгис, 3. Хятад-Зүүн Өмнөд Ази-Өмнөд Ази-Энэтхэгийн далай гэсэн гурван чиглэлд эдийн засгийн коридор бий болох юм. Эдгээр гурван коридорын хоёр нь Төв Азийн улсуудын нутгаар дайран өнгөрч байгаа юм. Төв Азийн эдгээр улс нь ихэвчлэн далайд гарцгүй бөгөөд дэд бүтцийн хөгжил нь харьцангуй сул байгаа билээ. Энэхүү хоёр коридор бий болсноор ачаа бараа Хятадаас Европт ердөө 10-хан хоногийн дотор хүргэх боломжтой болох бөгөөд одоогоор уг чиглэлд далайгаар чингэлэгтэй ачаа тээвэрлэхэд 45-60 хоногийн хугацаа шаардагдаж байгаа.

“Бүс ба зам” мега төсөл эхлээд цар тахал, дараа нь Орос-Украины дайны улмаас эрч нь саараад байв. Иймээс уг төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх асуудлыг Хятадын Шэнси мужийн засаг захиргааны төв Сианы “Төв Ази-Хятад” чуулганаар хэлэлцэж тодорхой шийдвэр гаргалаа. Энэхүү чуулга уулзалт анх удаа болж байгаа бөгөөд Сианы саммитын хуралдааныг Хятадын удирдагч Си Жиньпин даргалж, түүнд Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев, Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаров, Тажикистаны Ерөнхийлөгч Э.Рахмон, Туркменистаны Ерөнхийлөгч С.Бердымухамедов, Узбекистаны Ерөнхийлөгч Ш.Мирзиеев нар оролцжээ. Уг чуулган болох газраар Хятадын эртний нийслэл Шиан хотыг сонгосон нь санамсаргүй хэрэг биш юм. Учир нь, 2200 орчим жилийн өмнө оршин тогтнож байсан Хань улсын нийслэл болох тус хотоос “Торгоны зам” эхэлж, худалдаачид Ром хот хүртэл аялж байсан гэдэг. Тухайн үед Баруун Хань улсын хааны элч Жан Чян гэдэг хүн бүс нутгийн орнуудтай худалдааны харилцаа тогтоох зорилгоор Дундад Азид хоёр ч удаа очиж байсан нь тэмдэглэгдэн үлджээ.

Хятад улс “Бүс ба зам” санаачилгын хүрээнд бүс нутгийн эдгээр улсын тээвэр, дэд бүтцийн салбаруудад 2023 оны эхний байдлаар 15 тэрбум долларын хөрөнгө оруулаад байгаа бол талуудын хоорондын бараа эргэлт 70.2 тэрбум долларт хүрээд байна. БНХАУ-ын Төв Азийн орнуудтай хийсэн худалдаа 2022 онд 70 тэрбум ам.долларт хүрч, 2023 оны эхний улиралд өмнөх оны мөн үеийнхээс 22 хувиар нэмэгдсэн байна. Мөн Хятадын компаниудын гадаадад хийж буй хөрөнгө оруулалтын 20 орчим хувь нь Төв Азийн улсуудад ногдож байна. Төв Азийн эдгээр улсын дотроос газар зүйн хувьд хамгийн ашигтай байрлал бүхий Казахстан улсад Хятадын компаниуд хамгийн ихээр хөрөнгө оруулжээ. Тухайлбал, Казахстаны дэд бүтцийг хөгжүүлэх “Саруул зам” төслийн хүрээнд Хятадын тал 20 гаруй тэрбум доллар зарцуулахаар төлөвлөсөн байна. Энэ мөнгөөр Каспийн тэнгисийн боомтуудыг өргөтгөн сайжруулж, авто ба төмөр замуудыг барьж, хилийн шалган нэвтрүүлэх цэгүүдийг шинээр байгуулах юм.

ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Төв Азийн улсуудын байдал тогтворгүйтэх аваас дээрх их хэмжээний хөрөнгө оруулалт эрсдэлд орно гэдгээс Хятадын тал маш их болгоомжилдог юм. Иймээс Хятадын удирдагч Си Жиньпин Казахстан, Киргизстан, Тажикистан, Туркменистан, Узбекистаны удирдагчдыг тус тусад нь хүлээн авч уулзан хамтран ажиллах тодорхой тохиролцоонд хүрсэн бөгөөд стратегийн чухал ач холбогдолтой бүс нутгийн төрийн тэргүүнүүдтэй хийсэн дээд хэмжээний уулзалтынхаа төгсгөлд Хятад, Төв Азийн орнуудыг худалдаа, эдийн засаг, дэд бүтцийн хамтын ажиллагааны нөөц бололцоогоо бүрэн нээхийг уриалсан байна. “Бүс ба Зам” бол Си Жиньпин даргын хувьд түүний геополитикийг тодорхойлогч төсөл бөгөөд Бээжин хамтын ажиллагаагаа дахин эхлүүлж, Украины дайны улмаас орхигдоод буй ОХУ-ын орон зайг нөхөх сонирхолтой байгаа нь тодорхой болов. Учир нь Бээжин бүс нутагт тээврийн харилцаагаа өргөжүүлэхийг зорьж, Төв Ази-Хятадын байгалийн хийн хоолойг өргөтгөх ажлыг түргэтгэхийн төлөө ажиллана гэдгээ дэлхий хийтэд зарлав. Мөн эдгээр улсад 26 тэрбум юань буюу 3.7 тэрбум ам.долларын “санхүүгийн дэмжлэг болон үнэ төлбөргүй тусламж” үзүүлэхээ амлаад байна.

Москва Украин руу довтолсон нь Хятадад Төв Азид илүү их үүрэг гүйцэтгэх боломжийг олгосон явдал болоод байгаа билээ.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

“Европын холбоо-Төв Ази” чуулган DNN.mn

Хятад улсын Сиан хотод болсон Хятад Төв Азийн дээд хэмжээний чуулгантай зэрэгцэн Казахстаны Алматы хотод Төв Азийн орнууд Европын холбоотой хэрхэн хамтран ажиллах талаар “Европын холбоо-Төв Ази” эдийн засгийн хоёрдугаар чуулган ажлаа дуусгав.

Уг чуулганд Европын комиссын Худалдаа, эдийн засгийн асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч Валдис Домбровскис, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны ерөнхийлөгч Одил Ренно-Бассо, Европын хөрөнгө оруулалтын банкны дэд ерөнхийлөгч Тереза Червинска тэргүүтэй төлөөлөгчид Алматы хотод хүрэлцэн ирсэн бол Казахстан, Киргизстан, Тажикистан улсын Засгийн газрын тэргүүнүүд болох Алихан Смаилов, Акылбек Жапаров, Кохир Расулзода нар оролцов. Узбекистаны төлөөлөгчдийг Ерөнхий сайдын орлогч Жамшид Хожаев, Туркменийн төлөөлөгчдийг Санхүү, эдийн засгийн сайд Сердар Жораев тэргүүлсэн байна.

Европын Комиссын дэд ерөнхийлөгч Валдис Домбровскис “Энэ чуулган бидний хамтын ажиллагаанд олон шинэ боломжийг олгож байгаад маш их баяртай байна. Эхнийх нь Европын холбооноос хэрэгжүүлж буй санхүүгийн баталгаат хөтөлбөрийг Төв Азийн орнуудад хэрэгжүүлэх явдал. Хоёрдугаарт, Европын холбооноос тус бүс нутгийн дижитал болон хиймэл дагуулын холбооны хөгжилд тусламж үзүүлэх үүрэг хүлээсэн явдал. Мөн Европ болон Төв Азийн хооронд тээврийн шинэ коридор бий болгох хамтын ажил эхлүүлэх болсон нь бас маш чухал ач холбогдолтой явдал” гэж онцлон хэлжээ. Үүний зэрэгцээ тэрбээр Европын холбоо (ЕХ) Төв Азийн орнуудын бизнесийн орчны өрсөлдөх чадвар, сонирхлыг нэмэгдүүлэхэд туслах тусгай хөтөлбөрийг аль хэдийнэ боловсруулсан бөгөөд энэ нь бүс нутагт шинэ хөрөнгө оруулалт татах боломж олгох болно гэж нэмж хэлжээ.

Төв Азийн орнууд ч ЕХ-той хамтын ажиллагаагаа улам өргөжүүлнэ гэдэгт найдаж байна. Энэ чиглэлд зарим шийдвэр уг чуулганаас гарсан.

Тухайлбал, Казахстан ЕХ-той хэд хэдэн гэрээ байгуулсан гэж Казахстаны Гадаад хэргийн дэд сайд Роман Василенко “DW”-д ярьжээ. “Бид газрын ховор элемент, ногоон устөрөгчийн үйлдвэрлэл, батерей нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичгийг хэрэгжүүлэх тухай 2023-2024 оны замын зураглалыг солилцлоо. Энэхүү санамж бичигт манай Ерөнхий сайд, Европын комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен нар гарын үсэг зурлаа. Энэхүү замын зураглалд Казахстан, Европын Комисс болон ЕХ-ны гишүүн орнууд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд хийх алхмуудыг тодорхой тусгасан” гэж Василенко онцолжээ.

Алматы хотод болсон чуулганы үеэр хэлэлцсэн өөр нэг чухал сэдэв бол Европын холбооны Оросын эсрэг хориг арга хэмжээний 11 дэх багцын хүрээнд Кремльд тусалж буй Төв Азийн орнуудын эсрэг хоёрдагч хориг арга хэмжээ авах боломжийн тухай ярилцсан явдал байв. Европын холбооноос Казахстанд суугаа Элчин сайд Кестутис Янкаускас “Бид Орост нийлүүлж болохгүй өргөн хүрээний барааны жагсаалтыг Төв Азийн түншүүддээ өгсөн. Үүнд өндөр технологийн пуужин, онгоц, дронд ашигладаг чип, хагас дамжуулагч болон бусад олон эд ангиуд багтсан. Угаалгын машин жирийн иргэдэд тустай байдаг ч эдгээрт байдаг чипээр энгийн иргэдийн амь насыг хөнөөж, дарангуйлагчийг хамгаалах зэвсэг хийж болохгүй. Оросын ийм төрлийн хангамжийг зогсоох ёстой. Хүний амь нас хөнөөх явдлаар бизнес хийх нь давхар хоригт орох аюул дагуулна гэдгийг хүн бүр ойлгох ёстой” гэж хэлсэн байна.

Алма-Атад болсон чуулганаар тохиролцсон хэлэлцээрүүдийн агуулга нь манай өмнөд хөршийн Сиань хотноо бараг зэрэг зохиогдсон “Төв Ази-Хятад” чуулганы үеэр гарын үсэг зурсан баримт бичгүүдтэй үндсэндээ адил байгаа юм. Тэнд Алматын чуулганы нэгэн адил худалдааг дэмжих, ногоон технологи, дижитал харилцаа холбоог хөгжүүлэх, түүнчлэн Төв Азиас дэлхийн зах зээлд бараа бүтээгдэхүүн нийлүүлэх шинэ чиглэлийн замыг хөгжүүлэх талаар тохиролцоонд хүрсэн юм. Энэ талаар Роман Василенко “Бидний тухай ярихад тухайлбал, манай Казахстан улс л гэхэд Орос, Хятад, Европын холбоо, АНУ, Төв Ази, Ойрхи Дорнодын орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь олон талт, прагматик бодлогын нэг хэсэг юм. Учир нь Казахстан улсын бодлого үндэснийхээ эрх ашгийг хамгаалж, сурталчлах үндсэн зарчимд суурилдаг. Үүнийг манай бүх түншүүд зөвөөр ойлгож хэвийн зүйл хэмээн хүлээж авах ёстой” гэж онцлон тэмдэглэж хэлсэн байна. Төв Азийн бусад орны төлөөлөгчдийн ярилцлагаас харахад тэдний засгийн газрууд ижил төстэй “прагматик хандлагатай” байв.

Энэхүү Эдийн засгийн чуулганы үеэр янз бүрийн орны төлөөлөгчид хуралдаанд маш идэвхтэй оролцсон бөгөөд тэдний хооронд ямар нэгэн ноцтой санал зөрөлдөөн гаралгүй, харин ч бүх талууд хүрсэн тохиролцоондоо сэтгэл хангалуун үлдэж байна гэж “DW” агентлаг дүгнэн бичжээ.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

“Их 7”-гийн дээд хэмжээний чуулганы шийдвэр DNN.mn


Японы Хирошима хотод “Их 7”-гийн удирдагчид чуулж хамтарсан мэдэгдэл гаргав. Уг мэдэгдэлд Украины нутаг дэвсгэрээс Оросын цэргийг ямарваа болзолгүй бүрэн гаргахыг шаардсан байна. “Оросын цэрэг, цэргийн техникийг ямар нэгэн болзолгүйгээр Украины газар нутгаас бүрэн гаргахгүйгээр шударга энх тайван тогтоох боломжгүй. Энэ санааг Украинд энх тайван тогтоох санаачилгад тусгах ёстой” гэж дурджээ.Тухайлбал, Германы Холбооны Канцлер Олаф Шольц өнөөг хүртэл зөвхөн Оросын цэргийг гаргахыг энхийн хэлэлцээний угтвар нөхцөл хэмээн ярьдаг байсан бөгөөд “бүрэн” гэдэг үгийг огт дурддаггүй байсан аж.

Хирошимад болсон “Их 7”-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак Украиныг бүрэн дэмжинэ гэдгээ дахин мэдэгдээд,”Бид болон бусад улс орнууд энд, одоо Украиныг зөвхөн өөрийгөө хамгаалахад шаардлагатай зэвсэг, нөөцөөр дэмжих шийдвэр гаргахгүй гэдгийг Орос улс мэдэх хэрэгтэй” гэж хэлсэн байна. Сунак тусад нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд хандан “Бид ухрахгүй” гэж хэлжээ.

“Их 7”-гийн орнуудын удирдагчид Оросын түрэмгийллийг няцаахад Украинд “хэрэгтэй зүйлээр нь хэрэгтэй хэмжээгээр нь дэмжлэг үзүүлнэ” гэдгээ дахин батлан мэдэгдэв. Уг баримт бичигт “Оросын Украины эсрэг явуулж буй түрэмгий дайныг бид дахин эрс буруушааж байна. Бид Украинд иж бүрэн, шударга, урт удаан хугацаанд энх тайван тогтоохын тулд ямар ч гуйвалтгүйгээр дэмжсээр байх болно гэдгийг дахин нотолж байна” гэжээ. “Их 7” Украинд үзүүлэх дипломат, санхүү, хүмүүнлэг, цэргийн тусламжаа нэмэгдүүлэхийн зэрэгцээ Орост тусалж буй хүмүүсийн “зардал”-ыг нэмэгдүүлэхийн төлөө байна гэдгээ илэрхийлэв. Үүний зэрэгцээ эдгээр удирдагчид Хятадад хандан Москвад шахалт үзүүлэхийг уриалж, Оросыг дайныг зогсоож, Украины нутаг дэвсгэрээс цэргээ татахыг уриалав. “Бид Хятад улсыг нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, НҮБ-ын дүрмийн зарчим, зорилго, тэр дундаа Украинтай шууд яриа хэлэлцээ хийх замаар иж бүрэн, шударга, урт удаан энх тайван тогтоохыг дэмжихийг уриалж байна” гэж баримт бичигт дурджээ. Мөн “Их 7”-гийн удирдагчид Бээжингийн Тайванийн эсрэг явуулж буй цэргийн заналхийллийг буруушаасан байна.”Их 7”-гийн удирдагчид “Тайванийн хоолой дахь энх тайван, тогтвортой байдал нь олон улсын хамтын нийгэмлэгийн аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтэд чухал ач холбогдолтой” гэдгийг тусад нь онцолжээ. “Их 7”-ийн орнуудаас Тайванийн асуудалд хандах зарчимд “ямар ч өөрчлөлт гараагүй” гэж мэдэгдээд Бээжин, Тайбэй хоёрын хоорондох зөрчилдөөнийг “энхийн замаар шийдвэрлэх”-ийг уриалсан байна. “Бид хүчирхийлэл, албадлагаар дамжуулан статус квог өөрчлөх ганц талын оролдлогыг эрс эсэргүүцэж байна” гэж уг мэдэгдэлд дурджээ. Харин Бээжинд чиглэсэн эдийн засгийн бодлогын талаар “Их 7”-гийн удирдагчид “Хятадад хор хөнөөл учруулахгүй” эсвэл тус улсын “эдийн засгийн дэвшил, хөгжилд саад учруулахгүй” гэж мэдэгдэв. “Олон улсын дүрмээр тоглож буй Хятад улс дэлхий нийтийн сонирхлыг татаж байна. Бид харилцаагаа таслахгүй, нүүр буруулахгүй. Үүний зэрэгцээ эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын тулд эрсдэлийг бууруулж, төрөлжүүлэх шаардлагатай гэдгийг бид хүлээн зөвшөөрч байна” гэж энэхүү баримт бичигт онцолжээ.

Хирошимад болсон “Их 7”-гийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтад Украины ерөнхийлөгч В.Зеленский Арабаас шууд ирж оролцов. Ерөнхийлөгч Владимир Зеленский Саудын Арабт гэнэт хүрэлцэн ирж энд чуулж байсан Арабын орнуудын лигийн улсуудыг Украины эсрэг дайныг анхааралдаа авахыг уриалсан билээ. Түүний “Их 7”-гийн дээд хэмжээний уулзалтад хүрэлцэн ирсэн үе нь Украины нисгэгчдийг “F-16” сөнөөгч онгоцонд сургахыг зөвшөөрч, мөн холбоотнуудад эдгээр онгоцыг Киевт илгээх зөвшөөрөл олгох тухай асуудал удахгүй тодорхой болно гэсэн Цагаан ордны шийдвэртэй давхцсан юм. Саяхан болж өнгөрсөн Европын зөвлөлийн дээд хэмжээний уулзалтын үеэр Их Британи, Нидерланд улсууд Украинд сөнөөгч онгоц худалдан авах эвсэл байгуулахаар тохиролцоод байсан бөгөөд АНУ сөнөөгч онгоцны хоригийг цуцалсны дараа “Лондон, АНУ, Нидерланд, Бельги, Дани улстай хамтран Украиныг шаардлагатай байлдааны онгоцоор хангах болно” гэж Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак мэдэгдэв.ОХУ-ын түрэмгийллээс эх орноо хамгаалах гэж олон сарын турш холбоотнуудаас сөнөөгч онгоц өгөхийг гуйж байсан В.Зеленский АНУ болон холбоотнуудынхаа энэхүү шийдвэрийг “түүхэн шийдвэр” гэж нэрлэжээ. Харин АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан “Барууны улсуудад Украины нисгэгчдийн бэлтгэл сургуулилалт явагдаж байгаа тул ирэх саруудад бид холбоотнуудтайгаа Украинд ямар нисэх онгоцыг хэзээ, хэн, хэдий хэмжээгээр нийлүүлэхийг тодорхойлохоор ажиллах болно” гэж мэдэгдсэн байна. Ийнхүү украинчууд газарт төдийгүй агаарт давамгайлах нөхцөл бүрдэн, Украины дайн энэ онд багтан дуусах боломжтой болж байна.

Энэхүү чуулганд урилгаар оролцож буй Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой дайн эхэлснээс хойш анх удаа Украины удирдагч уулзав. Моди Украиныг дэмжиж байгаагаа илэрхийлээд “Таны болон Украины иргэдийн зовлонг би маш сайн ойлгож байна. Энхийн асуудлыг шийдэхийн тулд Энэтхэг болон би хувьдаа чадах бүхнээ хийх болно гэдгийг би танд баталж чадна” гэсэн бол Зеленский Энэтхэгийн удирдагч Нарендра Модитой хийсэн уулзалтаа “Чухал, ноцтой яриа болсон” гэжээ.

Хирошимагийн “Их 7”-гийн дээд хэмжээний энэхүү уулзалтын шийдвэрийг ОХУ-ын ГХЯ-ны дэд сайд Александр Грушко тэргүүтэй Оросын талын барууны орнууд “мөргөлдөөнийг улам хурцатгах замыг үргэлжлүүлэн баримталж байна” гэсэн бол Гадаад хэргийн сайд Сергей Лавров энэхүү дээд хэмээний уулзалтаас гаргасан мэдэгдлийг “Орос, Хятадыг хазаарлан барих зорилготой шийдвэр” гэж тайлбарлажээ.

Энэхүү чуулганаас гарсан бас нэгэн чухал шийдвэр нь Оросын эсрэг хоригийг өргөжүүлэн ОХУ-д тусалж буй улсуудад чиглэсэн шийдвэр байсан юм. Тухайлбал, Их Британи нэмж Оросын 86 хувь хүн, компанийн эсрэг хориг арга хэмжээ авсан гэдгээ мэдэгдэв. Хязгаарлалтад орсон компаниудын дунд “Росбанк”, “Тинкофф банк”, “DOM.RF Bank” мөн “AFK Sistema”, “Polyus”, “Sever­stal” болон “Росатом”-тай холбоотой компаниуд багтсан байна.Мөн “ОХУ Украинд дайны нөхөн төлбөр төлөхийг зөвшөөрсөн тохиолдолд л Их Британийн Засгийн газар тус улсад битүүмжилсэн Оросын хөрөнгийг нээх болно” гэж тус улсын ГХЯ-ны мэдэгдэлд онцлон дурджээ. Британийн Засгийн газрын албан ёсны мэдээгээр 2022 оны хоёрдугаар сарын 24-нөөс аравдугаар сарын 20-ны хооронд тус улс Оросын 18,39 тэрбум фунт стерлингийн хөрөнгийг битүүмжлээд байгаа аж. Харин АНУ шинэ хориг арга хэмжээнийхээ жагсаалтад ОХУ болон бусад 20 гаруй улсын 300 гаруй хуулийн этгээд, хувь хүнийг оруулсан ажээ. Мөн “Их 7”-гийн чуулганаас ОХУ-ын цөмийн эрчим хүчний асуудалтай холбогдуулан хориг тавих шийдвэр гарсан нь Монгол Улсад шууд хамаарах явдал болов.

Өөрөөр хэлбэл ОХУ-аар АЦС бариулах эдгээр станцын сэлбэг болон түүхий эдийг Оросоос авсан бас нийлүүлсэн улсууд уг хоригт орно гэсэн үг. Энэ нь Монгол Улсад Европ, Азийн улсуудад АЦС-ын түүхий эд болох “шар нунтаг” нийлүүлэх алтан боломж гарч байна гэсэн үг юм. Иймээс л дэлхийд атомын эрчим хүчний технологиор тэргүүлэгч улсуудын нэг.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

“Патриот” систем “Кинжал” пуужинг устгажээ DNN.mn

Украины Зэвсэгт хүчний Агаарын цэргийн хүчин энэ сарын 4-ний шөнө Оросын хэт авианы гэх дуунаас хэт хурдан пуужингуудыг Киевийн тэнгэрт сөнөөсөн гэх мэдээлэл дэлхий нийтэд цацагдсан. Энэ тухай энэ сарын 6-нд Украины Зэвсэгт хүчний Агаарын цэргийн хүчний командлагч, дэслэгч генерал Николай Олещук албан ёсны мэдэгдэл хийжээ. Тэрээр, “Украины ард түмэнд түүхэн үйл явдал болсоны баяр хүргэе! Тийм ээ, бид Путины “хосгүй” Кинжалыг буудан унагасан!” гэжээ.

Генералын хэлснээр эдгээр пуужинг Америкийн “Patriot” агаарын довтолгооноос хамгаалах системийн тусламжтайгаар устгасан байна. Мөн “кинжал” пуужинтай хамт устгагдсан “Х-47” пуужинг Оросын “МиГ-31К” байлдааны онгоц өөрийн нутаг дэвсгэрээс харвасан гэдгийг Олещук онцолсон байна. Энэ тухай яагаад ингэж оройтож мэдээлж буйг “Украины дайсан ашиглаж болох мэдээллийг эрт мэдэгдэх шаардлагагүй” гэж анхааруулжээ. Энэ нь Украин Путины эхний “кинжал”-ыг устгасны дараа чимээгүй байж байгаад дараа нь нэгэн зэрэг зургааг устгасныг хэлж буй юм байна.

Киев рүү довтолсон Оросын 18 пуужинг бүгдийг нь устгах явцад Украины “Patriot” зенитийн пуужингийн системийн хоёр хэсэг бага зэрэг гэмтсэн ч энэ нь бүхэл бүтэн цогцолборын байлдааны хүчин чадалд нөлөөлөхгүй гэж “CNN” Америкийн албаны хүмүүсээс эш татан мэдээлжээ. Оросын Батлан хамгаалах яам “Patriot”-ын бүхэл бүтэн цогцолборыг бүрэн устгасан гэж мэдээлсэн бол цэргийн шинжээчид Оросын сөнөсөн пуужингийн хэлтэрхий “Патриот” систем дээр унасан байх магадлалтай гэж дүгнэсэн байна.