Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Мандухай сэцэн хатан” киноны 30 жилийн ойг тэмдэглэнэ

“Дэлхийн дуу, дүрсний өвийн өдөр” өнөөдөр тохиож байна. Энэ хүрээнд Архивын ерөнхий газрын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Монголын кино урлагийн сор бүтээлүүдийн нэг болох “Мандухай сэцэн хатан” түүхэн уран сайхны киноны 30 жилийн ойд зориулсан арга хэмжээг зохион байгуулах юм. Кинотой холбоотой архивын баримт бичиг, гэрэл зураг, эд хэрэглэл, уран бүтээлчдийн гар бичмэл, гар зургийн үзэсгэлэн, уран бүтээлчдийн уулзалт ярилцлагыг сонирхвол Архивын ерөнхий газарт болох аж.


Categories
энтертаймент-ертөнц

“ЯЗГУУР” 100 ангит хүүхэлдэйн кино бүтээж байна

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас “Ярих ур чадварын академи”, “Язгуур контент” компанитай хамтран “ЯЗГУУР” үндэсний төслийн хүрээнд хүүхэд бүрийг үнэт зүйлээ өвлөн хөгжүүлэгч, Монгол хүн болгон төлөвшүүлэх зорилготой “ЯЗГУУР” 100 ангит 2D анимэйшн хүүхэлдэйн кино хийж эхлээд байна. Энэхүү хүүхэлдэйн киноны гол дүрийн баатар, Хөвсгөл далайн хүү, эрэлхэг зоригт Явуубаатарын хүүхэд насны адал явдалт түүхийг өгүүлсэн Хүүхдийн хамгаалагч сахиус ЯВУУБААТАР комик ном уншигч хүүхэд багачуудын гар дээр очиход бэлэн болсон байна.

Энэ талаар өнөөдөр нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газрын хэлтсийн дарга Ц.Гэрэлтуяа, Язуур үндэсний төслийн санаачлагч Г.Ганчулуун нар мэдээлэл хийв.

“Манай копаниас 2016 онд санаачилсан Язгуур үндэсний төсөл өнөөдөр биелэлээ олж байна. Нийслэлийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газартай хамтран хийж байгаа Язгуур олон ангит хүүхэлдэйн киноны гол дүрийн баатруудын нэг Явуубаатарын дүрээр комик ном гаргалаа. Явуубаатарыг нийгэмд хүүхдийг хамгаалагч сахиус хэмээн таниулж байна. Хүүхэд хамгаалал, хүүхдийн хөгжлийг ярьж буй энэ цаг үед хүүхдүүдийн өөрийн гэсэн ертөнц, үлгэрийн ертөнцөд нь өөрийг нь хамгаалдаг баатартай гэдэг итгэл үнэмшлийг төрүүлэх онцлогтой үндэсний томоохон контент гэж хэлж болно. Эцэг эхчүүддээ хандан хэлэхэд Явуубаатар комикийг худалдан аваад ярих ур чадварын академийн сургалта болон язгуур үндэсний сургалт хүмүүжлийн хөтөлбөрт хүүхдээ үнэ төлбөргүй хамруулах боломжтой” хэмээн төслийн санаачлагч Г.Ганчулуун ярилаа.

Явуубаатар комик нь цаашдаа Цэцэнхүү, Цэлмэг охин зэрэг гол дүрийн баатруудаар нэрлэгдсэн 10 цуврал болон гарах гэнэ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
энтертаймент-ертөнц

Г.Ариунбаатарын тухай “Монголын хээр талаас дэлхийн тайзнаа” нэртэй нэвтрүүлэг цацагджээ

Энэ оны эхээр Английн “Би-Би-Си Радио 4” хөгжмийн нэвтрүүлгийн сувгаар Монгол Улсын “Чингис хаан” одонт, гавьяат жүжигчин, дуурийн дуучин Г.Ариунбаатарын тухай “Монголын хээр талаас дэлхийн тайзнаа” нэртэй нэвтрүүлэг цацагджээ.

Хөгжмийн сэтгүүлч Кэйт Моллисон, продюссер Стивен Ражам нарын хийсэн, тус бүр хагас цаг үргэлжлэх цуврал хоёр нэвтрүүлэг нь Германы Берлин хотод жил бүр зохиогддог Европ тивийн “Прикс Европа” хэмээх радио, телевизийн салбарын оны таван шилдэг сэтгүүлч, нэвтрүүлэг шалгаруулалтад нэр дэвшсэн байна.

Нийт нэг цаг үргэлжлэх нэвтрүүлэгт МУГЖ дуучин Г.Ариунбаатар, түүний аав, ээж, багш, Хатан хааны ордны тайзнаас “Монголын тал нутаг”-ийг дуулахад нулимс унагасан шүүгч Мэри Кинг, Улаанбаатарын гудамжинд баарны гадаа таарах англи хэлтэй, халамцуу монгол залуус, “Монголын аман уламжлал, хөгжим, бүжиг” номын зохиогч, Кэмбрижийн Их Сургуулийн эрдэмтэн, хийлч, дуучин, угсаатны хөгжим судлаач, монгол хөгжмийн гол шинжээч Кэрол Пээг, хөгжим судлаач, Английн Кингс Коллеж төгсөгч Б.Хатуучулуун, орчуулагч, Монгол Улсын соёлын элч Ж. Өнөрмаа, антропологич эрдэмтэн Ш. Туяа, ДБЭТ-ын дарга Ч. Мөнхзул, Ховдын театрын хөөмэйч Золзаяа, Монголын Урлагийн зөвлөлийн Ц. Ариунаа, Гадаад яамны сайд асан С.Пүрэвсүрэн, Монголын хамтлаг чуулгын төлөөлөл багтжээ.

Энэхүү нэвтрүүлгийг угсаатны нийтлэг хэв шинжит соёлын өвийг тээгч шилмэл төлөөллийн сэтгэл, бодол, дүгнэлт, илэрхийллийг тэр чигт нь буулган судалгаа хийж, тухайн үндэстэн угсаатны соёлын бүхэл зураглалыг гарган авах нь угсаатны зүйн судлалын тэр дундаа угсаатны хөгжим судлалын үндсэн арга барил бөгөөд чухам энэ сонгомол аргаар бүтээсэн байна.

Уг нэвтрүүлэг монгол хөөмийгөөр эхэлж, “Соёл-Эрдэнэ” хамтлагийн нэгэн дуугаар төгсдөг ч уртын дуу, хуурын татлага, “Уран Хас” бүжгийн жүжгийн аялгуу, дэмбээний ая, дуурийн ари, удиртгал зэрэг монгол оронд эгшиглэх хөгжмийн урлагийн үндсэн ай төрөл бүгд байраа олон эгшиглэдэг аж.

Англид суугаа Монгол Улсын соёлын элч Ж. Өнөрмаа, хөгжмийн сэтгүүлч К.Моллисон нар твиттер хуудастаа “Тус хөгжмийн нэвтрүүлгийг ойлгохдоо дэлхийн нэлээд гол хэлээр наанадаж 40 сая сонсогч Монгол орны түүх, соёл урлаг, хөгжмийн урлагийн уламжлалыг чихээр сонордон танилцаж, радио нэвтрүүлгийн гол баатрыг маань шалтаг шалтгаан болгож хийсэн. Өнөөгийн Монгол орны хөгжмийн амьдралын бүхий л хүрээг хамруулсан энэ цагийн толь болсон бүтээл хэмээн мэргэжилтнүүд үзэж байн” гэж мэдээлжээ.

Categories
энтертаймент-ертөнц

“Нууцын эрэлд” жүжгийг есөн дүүргийн багачуудад үнэ төлбөргүй үзүүлнэ

Нийслэлийн 379 жилийн ойн өдрийг тохиолдуулан “Урлагийн хот Улаанбаатар” төслийн хүрээнд Н.Мандалын зохиол “Нууцын эрэлд” хүүхдийн жүжгийг энэ сарын 26-ны өдөр үзэгч хүүхдүүддээ толилуулахаар бэлтгээд байна. Энэхүү жүжиг нь Монгол ардын мартагдаж буй соёлын өв болох оньсого, тааврыг түгээн дэлгэрүүлэх, уламжлуулан үлдээх зорилгоор бичигдсэн төдийгүй хүүхдэд зориулсан жүжгийн зохиолын уралдаанд тэргүүлж “шилдэг зохиол” шагналыг хүртсэн зохиолоор бүтээгдэж байгаагаараа онцлогтой юм.

Энэ талаар өнөөдөр нийслэлийн Соёл урлагийн газрын Соёлын хэлтсийн дарга Э.Цэнд-Аюуш, МУ-ын Хүүхэлдэйн театрын захирлын үүрэг гүйцэтгэгч М.Отгончимэг, МУ-ын Хүүхэлдэйн театрын найруулагч М.Ариунтуяа нар мэдээлэл хийлээ. “Нийслэлийн Соёл, урлагийн газрын санаачилгаар НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр “Урлагийн хот Улаанбаатар” төслийн хүрээнд хүүхдийн шилдэг жүжгийн зохиолоор шалгарсан “Нууцын эрэлд” хүүхдийн жүжгийг тавихаар болоод байна. Жүжгийг хүүхэд багачуудад хүргэхдээ Монгол Улсын Хүүхэлдэйн театр, нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллаж байна” хэмээн Хүүхэлдэйн театрын захирлын үүрэг гүйцэтгэгч М.Отгончимэг ярилаа.

“Нууцын эрэлд” хүүхдийн жүжгийн найруулагчаар МУСТА М.Ариунтуяа, зураачаар Б.Бямбацэрэн, хөгжмийн зохиолчоор В.Баттулга, бүжиг дэглээчээр МУСТА Х.Хашхүү нар ажиллаж байна. Мөн тус жүжгийн найруулгад дэвшилтэт технологи болох холограмм технологийг ашиглаж байгаа бөгөөд театрын дуу авианы найруулагч Э.Базарханд холограмм технологийн угсралтыг хийсэн байна.

Мэргэжлийн урлагийн байгууллагуудаас анх удаа холограмм технологийг уран бүтээлдээ ашиглаж байгаа тохиолдол нь Н.Мандалын зохиол “Нууцын эрэлд” жүжиг юм.

Тус жүжгийг Нийслэлийн 9 дүүргийн 20 мянган гаруй хүүхэд багачуудад үнэ төлбөргүй үзүүлэхээр бэлдээд байгаа ажээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Поп дива Ж.Алтаагийн тоглолтуудын хувцасаар модель охид гангарлаа

МУГЖ, поп дива Ж.Алтанцэцэг “Fashion & cocktail night” шоу тоглолтоо энэ сарын 19-нд “Их тэнгэр” клубт хийлээ. Тэрээр шоуныхаа орлогыг өсвөр насны охидын хөгжил боловсролд анхаарал хандуулж буй “Нарны охид” төсөлд хандивлав.

Шоу тоглолтыг “Дэлхийн Монгол угсаатан эх үрийн нийгэмлэг”, “Miss & Gentleman” академи хамтарч зохион байгуулсан юм.

“Fashion & cocktail night” тоглолт дээр “Miss & Gentleman” академийн загвар өмсөгч охид дуучин Алтаагийн үе үеийн тоглолтуудынх нь хувцасыг өмсөж сонирхууллаа.

Дашрамд дурьдхад “Нарны охид” төслийн анхны танхимыг Нийслэлийн Налайх дүүрэгт Дэлхийн охидын эрхийг хамгаалах өдөр буюу энэ сарын 11-нд нээж, үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа бөгөөд танхимыг тохижуулахад дуучин Алтаа мөн л гар бие оролцсон аж.

Поп дива Ж.Алтанцэцэг “Нью Стар” студитай хамтарч шинэ цомгийн ажилдаа шамдаж байгаа төдийгүй шинэ уран бүтээл “Чинийхээ хайранд жаргая” дууныхаа клипийг олон нийтэд хүргээд удаагүй байна. Тэрээр хамгийн сүүлд АНУ-ын Лос Анжелес хотод дуучин Баярцэцэгтэй өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд тоглолт хийсэн бол 2019 оны гуравдугаар сарын 8-нд мөн өөрийн тоглолтоо хийхээр төлөвлөжээ.

Categories
энтертаймент-ертөнц

Улаанбаатар кино наадмыг “Од ба гэгээ” киногоор нээнэ

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Монголын Урлагийн Зөвлөл хамтран “Улаанбаатар” олон улсын кино наадмыг энэ сарын 22-28-нд зохион байгуулах гэж байна. 10 дахь удаагаа зохион байгуулж буй уг наадам нь кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой юм.

Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан эхлүүлж байсан тус наадмын 2018 оны зохион байгуулалтын хувьд Монгол киноны уралдаант хэсэг, Олон улсын уралдаант бус хэсэг, Онцлох орны кино хөтөлбөр, Кино форум, Кино салбарын сургалт гэсэн үндсэн таван хэсгээс бүрдэнэ. Кино наадмын үеэр дэлхийн шилдэг Канн, Венец, Берлин, Роттердам, Локарно, Торонто олон улсын кино наадамд шалгарч, шагнал хүртсэн Австрали, Аргентин, Герман, Колумб, Исланд, Монгол, ОХУ, Франц, Чили, Япон зэрэг 10 орны 16 кино бүтээлийг олон нийтэд толилуулах аж.

43788457_1934849319940174_688546101510275072_n

44412565_1940991409325965_811269663802523648_n

44214728_1938431256248647_6349284998746472448_n

Наадмын сургалтын хүрээнд Швейцарийн дууны инженер Бальтазар Юкер, АНУ-ын өмгөөлөгч оюуны өмчийн хуульч, Колумбын Их Сургуулийн Зохиогчийн эрхийн зөвлөх хэлтсийн захирал Кеннет Круз, Локарно ОУКН-ын “Locarno Pro” хэсгийн “Open Doors” хөтөлбөрийн тэргүүн Софи Бурдон уригдан оролцож, сургалт зохион байгуулна.

“Улаанбаатар” олон улсын 10 дугаар кино наадмын хөтөлбөртэй танилцана уу.

UBIFF leaflet mon final-1

UBIFF leaflet mon final-2

UBIFF leaflet mon final-3

UBIFF leaflet mon final-4

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Севилийн үсчин” дуурь шинэчлэгдэн дахин үзэгчдэд хүрнэ

УДБЭТ-ын уран бүтээлчид тоглолтын шинэ улирлынхаа эхэнд дэлхийн алдартай хошин дуурийн нэг Ж.Россини “Севилийн үсчин” дуурийг энэ сарын 20-нд Итали улсын нэрт найруулагч Стефано Монтигийн шинэ тавилтаар үзэгчдэд хүргэхээр болжээ.

Уг бүтээлийг УДБЭТ-ын тайзнаа анх тоглосноос хойш өнөөг хүртэл нийт 39 жил тасралтгүй тоглохдоо хоёр удаа сэргээн, гурван үеийн уран бүтээлчдийн тоглолтоор амилуулжээ. УДБЭТ урын сангийн бодлогынхоо хүрээнд өнгөрсөн жил дэлхий дахины жишгийн дагуу эх хэлээр нь шинэчлэн тоглосон юм. Энэхүү бүтээл хэдийгээр 200-аад жилийн өмнө зохиогдсон боловч дуурийн үйл явдлыг бүтэн зуунаар наашлуулан, дэлхийн эдийн засаг, соёлын хөгжлийн үсрэлтийн XIX зуунд болгон хөрвүүлэн тавьсан нь үзэгчдийн сэтгэлд ихээхэн нийцсэн юм.

Сонгодог урлаг сонирхогч та бүхэн энэхүү дуурийн шинэ шийдэл, өвөрмөц тайз, гоёмсог хувцас, залуу уран бүтээлчдийн содон тоглолт, тайзнаа өрнөх хөгжилтэй, сонирхолтой үйл явдлыг үзэж, нэгэн үдшийг өнгөрөөх боломжтой. Уг бүтээлийн удирдлагын багт уран сайхны удирдагч, Ардын жүжигчин А.Дашпэлжээ, удирдаач СТА Ц.Гансүх, еранхий зураач, УГЗ Г.Ганбаатар, хувцасны зураач СТА Г.Оюун, хормейстер СТА Н.Дашбямба, туслах найруулагч Д.Энхбилэг, итали хэлний дасгалжуулагч багшаар МУГЖ Б.Эрдэнэтуяа ажиллаж байна. Тасалбар нь 10, 15, 20 мянган төгрөгийн үнэтэй аж.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Улаанбаатар” олон улсын кино наадам болно

“Улаанбаатар” олон улсын 10 дахь удаагийн кино наадмыг 2018 оны 10-р сарын 22-28-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) хамтран, Бүгд Найрамдах Франц Улсын Элчин Сайдын Яам, Монгол Францын төв, Монгол дахь Гёте Институт, Австралийн Элчин Сайдын Яамны дэмжлэгтэйгээр кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой аж.

Тус наадам нь Монгол киноны уралдаант хэсэг, Олон улсын уралдаант бус хэсэг, Онцлох орны кино хөтөлбөр, Кино форум, Кино салбарын сургалт гэсэн үндсэн таван хэсгээс бүрдэх ба дэлхийн шилдэг Канн, Венец, Берлин, Роттердам, Локарно, Торонто олон улсын кино наадамд шалгарч, шагнал хүртсэн Австрали, Аргентин, Герман, Колумб, Исланд, Монгол, ОХУ, Франц, Чили, Япон зэрэг 10 орны 16 кино бүтээлийг олон нийтэд толилуулна.

Улаанбаатар Олон Улсын Кино Наадамд “Нээлтийн кино уралдаан”, “Монгол кино уралдаан”-ыг зарласан бөгөөд Монголын болон олон улсын кино мэргэжилтнээс бүрдсэн таван шүүгч ажиллан шалгаруулсан аж.

Нээлтийн киногоор найруулагч Л.Бат-Амгалангийн “Од ба Гэгээ” УСК, богино хэмжээний кино төрөлд найруулагч Л.Дашдооровын “Хөхөө”, Хүүхэлдэйн киноны төрөлд найруулагч Б.Тэнгисийн “Чингис Хаан”, Уран сайхны кино төрөлд найруулагч Ж.Сэнгэдоржийн “Амьдрал” УСК тус тус шалгарч, 2018 оны 10-р сарын 24-нд олон нийтэд толилуулах юм байна.

Энэ жилийн наадмын онцлох орноор ОХУ сонгогдсон ба “Оросын кино үзвэр”-ийн хүрээнд ОХУ-ын найруулагч Кирилл Серебренниковийн Каннын ОУКН-ын шилдэг саундтрак шагналт “Зун”, найруулагч Сергей Мокрицкийн “Ноорог”, Иван И.Твердовский “Үсрэгч” киног 2018 оны 10-р сарын 23-нд толилуулна.

Тус наадмын олон улсын хөтөлбөрийг Францын ЭСЯ, Монгол Францын Төв, Австралийн ЭСЯ, Гёте-Институт дэмжиж, хамтран зохион байгуулсан ба Канн, Берлин, Венец, Торонто зэрэг олон улсын кино наадамд шалгарсан Австрали, Аргентин, Исланд, Колумб, ХБНГУ, Чили, ОХУ, Франц, Япон зэрэг орны 12 кино бүтээлийг олон улсын кино үзвэрийн хүрээнд 2018 оны 10-р сарын 25-28-ны хооронд олны хүртээл болгоно.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Риголетто” дуурийг Э.Амартүвшин гоцлоно

Итали улсын Палермо хотын “Массимо” театрт Ж.Вердийн “Риголетто” дуурийг аравдугаар сарын 13-21-ний хооронд тавигдахаар болжээ.

“Риголетто” дуурийн нээлтийн тоглолт амжилттай болж, Риголлеттогийн арид Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин гоцолсныг дуулгахад таатай байна.

Монголын бахархал болсон дуучин Э.Амартүвшин Испанийн Валенсия хотын дуурийн театрт уригдан Ж.Вердийн “Риголетто” дуурийн Монтеронийн дүрд дөрвөн удаа, Италийн “Арена Ди Верона”-д Риголеттогийн дүрд хоёр удаа дуулж байжээ.

Дэлхийн хамгийн томоохонд тооцогдох сонгодог урлагийн тайзнаа дуулж буй Монгол Улсын Гавьяат жүжигчин Э.Амартүвшин Италид Монголоос хамгийн олон удаа уригдаж дуулсан уран бүтээлч юм.

Categories
энтертаймент-ертөнц

Бельгид болох АСЕМ-ийн соёлын наадамд Г.Ариунбаатар оролцоно

Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт энэ сарын 18,19-нд Бельги улсын Брюссель хотод болно.

АСЕМ-ийн үеэр буюу аравдугаар сарын 18-30-ны хооронд урлаг соёлын наадам зохион байгуулагдах юм байна. Энэ арга хэмжээнд Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар ая дуугаа өргөхөөр болжээ. Урлаг соёлын наадам нь “Asia meets Europe, Europe meets Asia” нэрийн дор болох гэнэ. Наадмын үеэр циркийн үзүүлбэр, бүжиг, кино, хөгжил, дуу гэх мэт урлагийн маш олон төрлөөр тоглолт зохион байгуулагдана.