Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Говийн 5 гайхамшиг” цувралаар говийн байгаль, зэрлэг амьтдыг таниулна

“Хүрээлэн” төслийн баг дэлхийд сурталчлах зорилготой “Говийн таван гайхамшиг” тусгай нэвтрүүлэг хийх гэж буй талаар мэдээлэв.

Говийн бүсийн нутаг нь ховор төрлийн амьтад, байгалийн үзэсгэлэнт содон тогтоц, дэлхийд гайхагдах түүх дурсгалын олдвортой, Монгол орны газар нутгийн багагүй хэсгийг эзэлдэг. Монгол орны гайхамшигт онцлогуудыг дэлхийд таниулах зорилготой уг нэвтрүүлгийн төслийг “Энержи Ресурс” ХХК болон “Хүрээлэн” төслийн баг хамтран хэрэгжүүлэх аж.

Төслийн удирдагч У.Ганбаяр, “Говийн бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн “Энержи Ресурс” ХХК үзэгчдэд говийн тухай, байгаль хамгааллын чиглэлээр мэдлэг олгох зорилготой нэвтрүүлэг хийх саналыг манай төслийн баг хүлээн авч хамтран ажиллахаар болсон. Төслийн хүрээнд Говь нутагт амьдардаг хөхтөн амьтад, нүүдлийн үеэрээ дамжин өнгөрдөг жигүүртэн шувууд, түүх дурсгал, археологийн олдвор, байгалийн үзэсгэлэнт тогтоц, үзэгдэл, ус ургамал гэсэн сэдвээр цуврал нэвтрүүлэг бэлдэх бөгөөд сонирхолтой, хүртээмжтэй болгох үүднээс 5 өөр салбарын олны танил урлаг спортынхноор хөтлүүлэхээр болсон.

Тусгай нэвтрүүлгийг “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун, шог зураач С.Цогтбаяр, уулсын спортын мастер Б.Гангаамаа, Зохиолч Г.Аюурзана, жүжигчин Т.Бархүү нар хөтлөх аж.

“Говийн таван гайхамшиг” төслөөр 5 цуврал нэвтрүүлэг телевизүүдээр бөгөөд контент тус бүр 30 минут үргэлжилнэ. Хэдийгээр энэ богинохон хугацаа ч уран бүтээлчид бидний хувьд цаг уурын хүнд хэцүү нөхцөлтэй тулгарч, олон хүний нөр их хүч хөдөлмөр шингэсэн” гэв.

Жүжигчин, продюссер СТА Т.Бархүү, “Байгалийн амьд ертөнцийн цуврал нэвтрүүлэг бүтээдэг “Хүрээлэн” төслийн багтай хамтран ажиллах болсондоо таатай байна. Телевиз үзэгчид, хүүхэд, залуустай хамтдаа говийн гайхамшигт байгаль, амьтан ургамлыг танин мэдэхээр боллоо. Хөтлөгчид нэвтрүүлгийнхээ сэдвийг хуваарилаж аваагүй байна. Миний хувьд дархан цаазтай амьтад мазаалай, ирвэсийг амьдаар харж тэдний амьдрах орчныг нарийн судлахыг хүсч байна” гэв.

“Хүрээлэн” төслийн баг Монголын говийн онгон дагшин байгаль, зэрлэг ан амьтадын талаар үзэгч түмэндээ хүргэхээс гадна дэлхийд сурталчлах зорилготой учир контентыг агуулгын өндөр түвшинд чанартай хийхээр гэрэл зураг, дүрс бичлэгийн техник хэрэгслээ бүрэн бүрэн шинэчлэх аж. Нэвтрүүлэг ирэх оны хавраас эхлэн МҮОНТВ, Монгол HD, Боловсрол, NTV зэрэг телевизээр олны хүртээл болгоно.

Дашрамд дурдахад Энержи ресурс ХХК Говийн бүс нутагт үйл ажиллагаа явуулаад 10 жилийн ойтойгоо золгоод байгаа юм. Ойн хүрээнд уг төслийг санаачилжээ. Харин “Хүрээлэн” төсөл нь 5 жилийн турш Монгол орны байгаль, зэрлэг амьтдын тухай 100 шахам дугаар нэвтрүүлэг бэлтгэж үзэгчдэд хүргэсэн юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Мөнх тэнгэрийн бичиг-2018” үзэсгэлэн тав хоног үргэлжилнэ

Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохиож буй “Мөнх тэнгэрийн бичиг-2018” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн өчигдөр Хүүхдийн урлан бүтээх төвд нээлтээ хийсэн юм. Үзэсгэлэн энэ сарын 9-нийг дуустал тав хоногийн турш үнэ төлбөргүйгээр дэлгэгдэж байна. Үзэсгэлэн насанд хүрэгчдийн болон сурагчдын гэсэн ангилалд боллоо.

Сурагчдын бүтээлийн ангилалд Монгол Улсаас 104,ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсаас 3, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орноос 16, нийт 123 сурагчийн бүтээл дэлгэгджээ.

Үзэсгэлэнг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ “Бидний хойч үе бичиг соёлынхоо уламжлалд гүн хүндэтгэлтэй хандаж, сэтгэл зүтгэл гарган монгол уран бичлэгийн бүтээл туурвих нь жил ирэх тусам өргөжин тэлж байгааг харах, сонсох сайхан байна. Энэ бол монголчууд бидний бахархах, өөгшүүлэн дэмжих, тэтгэх ёстой өв соёл мөн. Монголчууд “Өсөхөөс сурсан үндэсний хэл, мартаж болшгүй соёл” гэх их зохиолч Д.Нацагдоржийн алдарт шүлгийг уншаад өнгөрөх бус зүрх сэтгэлдээ тээж, үе дамжуулан өвлүүлж байгаагийн нэгэн гэрч нь өнөөдрийн энэ үзэсгэлэн юм. Эртний согд бичгээс санаа авч, бий болон хөгжсөн Монгол бичиг болбоос Монголчуудын хамгийн урт удаан хугацаагаар хэрэглэж, хөгжүүлж байгаа бичиг соёл билээ” хэмээн онцолж байв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлснийхээ дараа “Мөнх тэнгэрийн бичиг” олон улсын үзэсгэлэнд шалгарсан шилдэг бүтээлийн эзэн болсон багачуудад шагнал гардуулж, баяр хүргэсэн юм.

“Мөнх тэнгэрийн бичиг-2018” үзэсгэлэнд оролцогчдын ахлах ангийн ангилалд шилдгээр шалгарсан сурагчид:

1.Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуулийн 11В ангийн сурагч Мөнхчулууны Цэнгүүн “Цаасан шувуу” бүтээлээрээ,

2.Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулийн 11В ангийн сурагч Батнасангийн Зэсмаа “Хөх судар” бүтээлээрээ,

3.Нийслэлийн Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн 12Б ангийн сурагч Саранчимэгийн Энхмаа “Чингис хааны билиг сургаал” бүтээлээрээ,

4.Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн 11В ангийн сурагч Намхайнямуугийн Хулан “Морин хуур” бүтээлээрээ

5.Булган аймгийн Рашаант сумын ЕБС-ийн 10А ангийн сурагч Дорждагвын Алтанцэцэг “Урам хайрла” бүтээлээрээ тус, тус шилдгээр шалгарав.

“Мөнх тэнгэрийн бичиг-2018” үзэсгэлэнд оролцогчдын дунд ангийн ангилалд шилдгээр шалгарсан сурагчид:

1. ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Шимбарга баруун хошууны Залуучуудын хөдөлгөөний төвийн 7-р ангийн сурагч Соргог “Чингисийн арван хоёр донж-1” бүтээлээрээ,

2. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургуулийн 9Б ангийн сурагч Жамьяансүрэнгийн Номин-Эрдэнэ “Боржигоны бор тал” бүтээлээрээ,

3. ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг улсын 7-р ангийн сурагч Имкинова Мария “Хүн ахтай, дээл захтай” бүтээлээрээ,

4.Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн 9Е ангийн сурагч Ёндонжамцын Золбоо “Мөнх тэнгэрийн бичиг” бүтээлээрээ,

5.ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Шимбарга баруун хошууны Залуучуудын хөдөлгөөний төвийн 7-р ангийн сурагч Чандмань “Чингисийн арван хоёр донж-3” бүтээлээрээ тус, тус шалгарлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шилдэг бүтээл туурвисан сурагчдад баяр хүргэж, хүүхдүүдийн бүтээлийг үзэж, сонирхсон юм.

2011 оноос уламжлал болгон 7 дахь жилдээ зохион байгуулж буй “Мөнх тэнгэрийн бичиг-2018” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн:

Насанд хүрэгчдийн ангиллын бүтээлүүд Монголын Уран зургийн галерейд дэлгэгдсэн байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
энтертаймент-ертөнц

​Попын хаан Майкл Жексоны савхин хүрмийг дуудлага худалдаагаар зарна

Попын хаан Майкл Жексоны супер хит Bad дууныхаа клипэнд тоглохдоо өмссөн савхин хүрмийг дуудлага худалдаагаар зарахаар болжээ. Нью Йорк хот дахь Hard Rock Café-д болох Icons&Idols: Rock`n Roll дуудлага худалдаагаар Майкл Жексоны савхин хүрмийг зарах гэнэ. Дуудлага худалдаа энэ сарын 9, 10-ны өдрүүдэд болно. Цахилгаан, товч, бүч, гархи зэргээр тоноглогдсон савхин хүрмээ Майкл Жексон Bad дууныхаа клипнээс гадна 1987-89 оны хооронд хийсэн аялан тоглолтынхоо үеэр ч гангарч байсан эд аж. Попын хааны хар савхин хүрмийг одоо Техас мужийн бизнесмэн, сайн үйлсийн элч Милтон Веррет эзэмшдэг байна. Милтон Веррет попын хааны Thriller дууны клипэндээ өмссөн улаан савхийг 2011 онд явагдсан дуудлага худалдаагаар 1.8 сая ам.доллараар худалдан авч байжээ.

Уг дуудлага худалдаагаар Майкл Жексоны савхин хүрмээс гадна дуучин Принцийн хэрэглэж байсан цагаан өнгийн “Collings 290” гитар, дуучин Мадоннагийн “Desperately Seeking Susan” кинонд тоглохдоо өмсөж байсан хүрэм, Дэвид Боуи, Битлз, Жорж Майкл, Эрик Клэптон, Тина Тёрнер, Шер зэрэг оддын эд зүйлсийг ч зарах ажээ.


Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Цэнхэр нүдэн бүсгүй” балетыг өнөөдөр тайзнаа бүжнэ

Францын нэрт хөгжмийн зохиолч Л.Делибийн “Коппелия” буюу “Цэнхэр нүдэн бүсгүй” балетыг Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид өнөөдөр тайзнаа толилуулна.

Энэ жил тус балетыг УДБЭТ-ын тайзнаа анх тавьсны түүхт 52 жилийн ой тохиож байгаа юм. Энэхүү гайхалтай балетыг анх 1870 оны тавдугаар сарын 25-нд Францын Парис хотноо “Гранд Опера” театрын тайзнаа амилуулсан байдаг. Харин манай улсад анх 1966 онд тайзнаа тоглосон түүхтэй. Гурван бүлэг, таван үзэгдэлтэй уг балетыг УДБЭТ-ын тайзнаа анх Ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Б.Жамъяндагва хөрвүүлэн дэглэж, удирдаачаар нь Н.Намсрайжав, Ч.Жамсранжав, УГЗ Н.Туулайхүү, зураачаар нь Д.Сүхбаатар нар ажиллаж байжээ.

Уг бүтээл нь хөгжмөөр хүний дотоод сэтгэлийг илэрхийлсэн гайхалтай аялгууг бүжгэн жүжигтэй хослуулдгаараа онцлогтой. Энэхүү балетыг хүүхдүүд үзэхэд ойлгомжтой төдийгүй гол дүрийн эмэгтэй, эрэгтэй бүжигчдээс мэргэжлийн өндөр ур чадвар шаарддаг юм. Дэлхийн олон оронд “Хүүхдийн заавал үзэх жүжиг” жагсаалтад энэхүү балетыг оруулсан байдаг.

Гол дүрүүд болох Сванильдад гоцлол бүжигчин Г.Маргад-Эрдэнэ, Францад Д.Нацагдорж, Коппелиусид Х.Ганбаатар нар гоцолно.

Тоглолтын тасалбар нь 10, 15, 20 мянган төгрөгийн үнэтэй аж.

Categories
энтертаймент-ертөнц

Монголын циркчид алт, мөнгөн цом хүртжээ

БНХАУ-ын Ухань хотноо жил бүр зохион байгуулдаг Олон улсын циркчдийн 13 дахь удаагийн тэмцээнээс Б.Золбаяр ахлагчтай “Есөн өрлөг” хамтлаг алтан цом, У.Сэлэнгэ багштай уран нугаралтын жүжигчид мөнгөн цом хүртжээ. Уралдаанд 40 гаруй орны циркийн урлагийн шилдгүүд оролцдог тул дэлхийн хэмжээний “А” зэрэглэлийн уралдааны нэгд зүй ёсоор тооцогддог байна. “Есөн өрлөг” хамтлагийн уран бүтээлчид 2010 онд анх удаа тус уралдаанаас эх орондоо анхны алтан цомыг авчирчбайсан юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Оддын өвчин” инээдмийн жүжиг Монголын тайзнаа

Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын Драмын Эрдмийн Театр 87 дахь үзвэрийн жилийн нээлтээ 11-р сарын 15-нд Америкийн алдарт зохиолч К.Людвигийн “ОДДЫН ӨВЧИН” инээдмийн жүжгээр нээж,театрын урлагийг шимтэн сонирхож, хайрлан биширдэг үзэгчдэдээ хайр, ухаарал,инээд баясал бэлэглэхэд бэлэн болоод байна.

Зохиож, найруулсан жүжгүүд нь Бродвейн театрын тайзнаа эзэгнэж, Холливудын дэлгэцийг дүүргэж байдаг К.Людвиг хэмээх энэ эрхмийн “ОДДЫН ӨВЧИН” инээдмийн жүжиг УДЭТ-ын тайзнаа тавигдаж, үзэгчдийн сэтгэлт зүрхийг булгилуулж, инээд баясал хүртээх нь гарцаагүй. Америкийн зохиолч К.Людвиг Монголын үзэгчдэд танил болсон зохиолч. УГЗ найруулагч Н.Ганхуяг “Гол дүрийн амрагууд” жүжгийг 2009 онд манай тайзнаа найруулан тавьж олон жил тайзнаас буулгүй тоглогдсон юм. Орчин цагийн театрын шинэ урсгал чиглэлээр жүжиг найруулж, зохиодог Кен Людвиг нь үзэгч уншигчдаас жүжгийн шинэ соргог мэдээлэл, тулгамдсан эмзэг асуудлыг тайзны хэлээр дамжуулан хүртэж болох замыг нээж, хүмүүсийн хоорондын харилцаа, соёл иргэншил, технологийн дэвшил, оюун ухааны шинэчлэлийн эсрэг хийгээд сөрөг талыг гэр бүлийн хүрээнд тавьж, хүн нийгмээс ямагт хариу нэхэж байдгаараа өвөрмөц зохиолч билээ. Драмын зөрчлийг инээдмийн хэлбэрээр, нэн сонирхолтой гаргадаг нь Кен Людвигийн бусдаас ялгагдах нэгэн онцлог юм. “Оддын өвчин”инээдмийн жүжгийн продюсерээр УГЗ Д.Цэрэнсамбуу, Ерөнхий найруулагчаар СТА Ч.Түвшин, орчуулагчаар УГЗ Н.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор УГЗ Г.Энхбаяр,ерөнхий зураачаар СТА С.Ариунболд нарын бүрэлдэхүүн ажиллаж байна. Бид энэхүү уран бүтээлээр дамжуулан Хүн өөрөөрөө байх тухай, аз жаргалын төлөө хүн өөрөө эзэн байхын тухай харуулахын хэрээр “Өнөө цагт хүн болгон л манлайлагч-лидер болох гээд, олноос онцгойрсон “Од” болох гээд улайран зүтгээд байна. Түүнийхээ төлөө найз нөхөд, гэр бүлээсээ урваж, хүн чанараа гээж, хаяж явна. Ингэж л болохгүй юм” гэсэн санааг гэгээлэг, ухаалаг, хүнлэг санааг жүжгийнхээ титэм санаа болгон дэвшүүлсэн юм. Тайз чимэглэл, хувцас, эдлэл хэрэглэлийг өвөрмөцөөр шийдэж, орчин цагийн модерн, авангард урсгалыг реалист хэлбэрээр уялдуулан урлан бүтээснээрээ урьд өмнө байгаагүй, сценографийн урлагт шинийг эрэлхийлснээрээ тун өвөрмөц юм. Энэ утгаараа найруулагч, уран бүтээлчдийн энэхүү жүжигт хандах хандлагын өвөрмөц илэрхийлэл, цоо шинэ өнгө төрхийг харна гэдэгт итгэлтэй байна.

“Оддын өвчин” жүжгийн танилцуулга:

Уг жүжгийн үйл явдал АНУ-ын Огайо муж улсын Клевлэнд хотын тансаг зэрэглэлийн зочид буудалд өрнөнө. Дуулаачийн компанийн ерөнхий менежер Сондерс нь алдартай дуучин, гайхамшигт тенор хоолойтон Тито Мереллитэй “Отелло” жүжгийн тоглох гэрээ байгуулснаар тоглолтын урилга,зараа сүр дуулиантай тарааж, театрын уран бүтээлчид төдийгүй хотын бишрэн шүтэгчид Титог тэсэн ядан хүлээж буйгаар энэхүү жүжгийн үйл явдал эхэлнэ. Тэгтэл Тито…

Үргэлжлэлийг харин та жүжгээс үзээрэй…

Тоглолтын тасалбарыг: 11-р сарын 05-наас УДЭТ-ын касс, WWW.TICKET.MN, Үнэгүй хүргэлт: 1900-1800-аар худалдаална.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Монгол, ОХУ, БНХАУ, БНСУ хамтран Халхын голын тухай кино бүтээнэ

ОХУ-ын “Ленфильм” студи Халхын голын тухай кино бүтээх шинэ төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Студийн албан ёсны хуудсанд тавигдсан мэдээллээс үзвэл шинэ бүтээл маш чанартай болж Халхын голыг дэлхийд таниулах боломжтой юм байна. Студийн цахим хуудсанд тавигдсан мэдээлэлд “Киног Азийн уран бүтээлчидтэй хамтарч бүтээнэ. Зураг авалт хийх асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй ярьж тохирсон. Төсөлд мөн БНХАУ-ын China Film Group Corporation, БНСУ оролцоно. Оролцоог ингэж нэмэгдүүлснээр уран бүтээлийн хамрах хүрээг ч нэмэгдүүлж, 100 сая ам.доллараар хэмжигдэх ашиг олно гэж тооцож байна. Ингэснээр “Ленфильм” Оросын кино урлагт дорныг сонирхох сонирхлыг бий болгож чадна гэдэгтээ итгэлтэй байна. Мөн энэхүү кино нь “Ленфильм”-ийн бүтээсэн хамгийн шилдэг бүтээлүүдийн нэг байна гэдгийг амлаж байна. Төслийн хүрээнд “Росархив”-тай хамтарч ажиллаж байгаа бөгөөд кинонд өмнө нь хэн ч хэзээ ч үзэж байгаагүй ховор нандин бичлэгүүдийг дэлгэх болно. Сергей Снежкиний баг зохиол бичих ажилдаа орсон. Кино гарсны дараа уг зохиолыг дахин найруулаад роман хэлбэрээр хэвлэх болно” хэмээн бичжээ.

Халхын голын ялалт нь Монгол төдийгүй ЗХУ-ын хувьд хамгийн анхны том ялалт, батлан хамгаалах үйлсдээ хийсэн том алхам байсныг энэ киногоор дамжуулан харуулах гэнэ. Халхын голын дайнд ОХУ-ын Чита мужаас олон цэрэг оролцсон бөгөөд тус хотод дурсгалын цогцолбор байдаг гэнэ. Хотын удирдлагууд энэ гавьяагаа үнэлүүлэхээр 2013 онд хүсэлт гаргаж, хотдоо байлдааны гавьяаны одон олгуулах гэсэн ч хүсэлт нь талаар болж байжээ. Халхын голын дайны 80 жилийн ой ирэх жил болно.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Монголчууд холливуудтай хамтран олон ангит кино бүтээнэ

Залуус өөрсдийн санаачилгаар өнгөрсөн нийгмээс өдийг хүртэлх түүхийг харуулсан “Шуурган дундуур” олон ангит уран сайхны киног Холливуудын In the Wee hours кино компанитай хамтран бүтээж байгаа аж. Одоогоор киноны зохиол бичигдэж байгаа бөгөөд ирэх хавраас зургандаа орж, 2020 онд нээлтээ хийх юм байна. Продюссерээр нь Пүрэвбаатарын Мөнхтулга ажиллаж байгаа аж. Тэрээр өмнө нь байт харвааны “360” талбай дээр дэлхийн хамгийн том олимпийн цагаригийг барьсан билээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Нийслэл хот байгуулагдсаны 379 жилийн ойд зориулсан хүүхдийн найрал дууны гала тоглолт боллоо

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 379 жилийн ойд зориулан зохион байгуулж буй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншаравын нэрэмжит Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах гала тоглолт боллоо.

Уг наадмыг 1993 оноос эхлэн зохион байгуулсан бөгөөд өдгөө 26 дахь удаагаа ийнхүү зохион байгуулж байна. Гала тоглолтын нээлтийн ажиллагаанд нийслэлийн Нийгмийн хөгжлийн асуудлууд хариуцсан төслүүдийн удирдагч, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, Монгол Улсын Ардын жүжигчин Б.Зангад нар оролцлоо.

Нийгмийн хөгжлийн асуудлууд хариуцсан төслүүдийн удирдагч, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа нээлтийн ажиллагаанд хэлсэн үгэндээ “нийслэлийн Засаг даргын ивээл дор жил бүр зохион байгуулдаг энэхүү уралдаант наадмыг Урлагийн ажилтны холбооны санал болгосноор 2005 оноос МУ-ын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Ардын жүжигчин Д.Лувсаншаравын нэрэмжит болгосон. Найрал дуу бол хүүхдүүдийг багаар ажиллах, хамтран ажиллах дадалд сурган хүүхдийг тэсвэр тэвчээртэй, үүрэг хариуцлагатай болгох, урлагийн болон гоо зүйн төлөвшил олгох зэрэг олон сайхан үр дүн авчирдаг урлагийн төрөл юм. Монголын хүүхдүүдийн дуу хоолой дэлхийн тавцанд эгшиглэн цуурайтах цаг ойрхон байгаад итгэлтэй байна. Цаашид нийслэлийн төр захиргааны зүгээс хүүхдийн найрал дууны урлагийг улам бүр дэмжин хөгжүүлэх болно” гэлээ. Гала тоглолтын үеэр хүүхдийн найрал дууны уралдааны шилдгүүдэд шагнал гардууллаа. Уралдааны тэргүүн байранд Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулийн найрал дууны хамтлаг шалгарсан бол, 2 дугаар байранд Сүхбаатар дүүргийн Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургууль, Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургууль 3 дугаар байрт шалгарлаа. Тусгай байрт Баянгол дүүргийн Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн найрал дууны хамтлаг, Налайх дүүргийн 119, Эрдмийн оргил сургуулийн найрал дууны хамтлагууд шалгарч шагналаа гардан авлаа. Мөн уралдааны шилдэг найралжуулагч багш Сүхбаатар дүүргийн 2 дугаар сургуулийн хөгжмийн багш н.Галхүү, Шилдэг удирдаач багш Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуулийн хөгжмийн багш н.Гандолгор нар шалгарчээ. Д.Лувсаншаравын нэрэмжит шагналаар Сүхбаатар дүүргийн Эрдмийн хөтөч 58 дугаар сургуулийн найрал дууны хамтлаг шалгарлаа. Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 379 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа хүүхдийн найрал дууны тэмцээнд Ерөнхий боловсролын 70 сургуулийн 8 мянга орчим сурагчид оролцжээ. Үүнээс гала тоглолтод 1,400 гаруй сурагчид оролцлоо.



Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Морин хуурын чуулгад Японы Гадаад хэргийн сайдын өргөмжлөл олгоно

Ирэх арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн 18:30 цагт Япон улсын Элчин сайдын өргөөнд Монгол Улсын морин хуурын чуулгад Япон Улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөл олгох ёслолын ажиллагаа болох юм байна. Энэхүү өргөмжлөлийг Япон, Монгол Улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн болон байгууллага хамт олонд олгодог байна.

Морин хуурын чуулга 1996 оноос хойш хоёр улсаас санаачлан зохион байгуулсан хөтөлбөр, арга хэмжээнд жил бүр оролцож, хоёр орны найрамдалт, найрсаг харилцаа, харилцан ойлголцлыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж иржээ. Тус өргөмжлөл нь Япон улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийг үнэлсэн шагналуудаас Японы эзэн хааны шагналын дараа ордог үнэ цэнэтэй шагнал юм.