Categories
энтертаймент-ертөнц

Билгийн тооллоор шинэ оноо угтдаг улс орнууд

Аргын тооллыг баримталдаг улс орнууд жил бүрийн оны сүүлчийн өдрийг дараа оны угтал болгон тэмдэглэдэг. Харин билгийн тооллыг баримталдаг улс орнууд шинэ оноо хэрхэн тэмдэглэдэг талаарх мэдээллийг хүргэе.

Хятадын Хэбэй мужид билгийн тооллын хаврын эхэн сарын шинийн 15-нд шинэ оноо угтдаг бөгөөд баярын үеэр салют буудуулах ёслолын ажиллагаа болдог байна.

Харин Аргентин улсад хаврын эхэн сарын шинийн нэгэн бол Лос Гласиарес үндэсний хүрээлэнд мөст ууланд авирч, аялал хийхэд хамгийн таатай үе байдаг аж.

Макао улсад шинэ оноороо 8-ын тоо хэлбэртэй алсыг харагчинд хүн бүр суудаг байна. Учир нь 8-ын тоо бол Хятадад эд баялгийг бэлгэддэг байна.

Хятадын нийслэл Бээжин хотноо шинэ оноо угтан Хаврын баярын фестивал зохион байгуулдаг байна. Энэ үеэр, Кинг эриний үеийн хувцастай 100 дайчин тэнгэрийн сүмд цэргийн жагсаал хийдэг байна.

Вьетнам улсын хувьд шинэ оны баяр хамгийн чухал баярт тооцогддог юм. Баярын үеэр нийслэл Ханое хотын цэцгийн дэлгүүрийн гудамжаар гэр бүлийнхэнтэйгээ дугуй унаж зугаалдаг.

Хонгконгт хаврын эхэн сарын шинийн 3-нд, Ша Тин хэмээх морьдын уралдаан болдог байна. Энэ нь хамгийн алдар хүндтэй морьдын уралдаан юм.

Харин Их Британийн нийслэлийн Хятад хороололд шинэ оноо угтсан баярын фестиваль жил бүр зохион байгуулагддаг байна.

Шинэ оны үеэр Сингапурын иргэд шар буурцагны тосонд шарсан бүтэн тахиа болон гоймонгийн хамтаар оройн зоогийн ширээгээ засдаг.

Австралийн Сидней хотод билгийн тооллын цагаан сарын үеэр, алдарт дуурийн театраа улаан өнгөөр гэрэлтүүлж, хүндэтгэл үзүүлдэг.

Харин Финландын Хелсинки хотноо билгийн тооллын шинэ оны үеэр усан санд ордог сонирхолтой уламжлалтай юм.

Categories
энтертаймент-ертөнц

Маргааш 100 өвлийн өвгөний парад болно

Хүслийн шинэ жил хаяанд ирж, хүн бүр хуучин оноо үдэж, шинэ оноо угтахаар сэтгэл догдлон хүлээж байна. Тэгвэл баярын уур амьсгалд хүч нэмэхээр Баянгол дүүргийн 100 Өвлийн өвгөн, 100 цасан охин ирж явна.

Тус дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, 23 хороодыг хамарсан “100 ӨВЛИЙН ӨВГӨН”-ий парадыг Баянгол дүүрэг тав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Парад маргааш буюу 2018 оны 12 дугаар сарын 28-ны 12:00 цагт Ганзам-20 дугаар сургуулиас “Өргөө” кино театр хүртэл аялах юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Шинэ жил, зул сарын ялгаа

Өнөөдөр зул сарын баярын өдөр.

Гадаа цас хунгарлаж, айхавтар хүйтэн тачигнаж байлаа ч хэн бүхний сэтгэл дотор дулаан гал ноцоодог дурсамж дүүрэн шинэ жилийн баяр айсуй. Хотын гудамжаар алхаж явахад хаашаа л харна гоёл чимэглэл өлгөсөн гацуур модод үзэгдэж, хаа нэгтэйгээс шинэ жилийн дотно дуунууд эгшиглэх нь жилийн сүүлчийн өдөр ойртсоныг, удахгүй шинэ хуанлийн эхний хуудсыг нээх болсныг илтгэж буй хэрэг.

Үүний зэрэгцээ Христийн шашинт барууны орнуудаас манай оронд орж ирээд “эрлийзжиж буй” Зул сарын баярыг догдлон тэмдэглэж буй хүмүүс ч олон бий гэдгийг бид мартаж болохгүй.

МОНГОЛД СУУРЬШСАН ШИНЭ ЖИЛИЙН БАЯР

Манай орон хуучнаар ЗХУ-ын адил социалист нийгмийн хөгжлийг цогцлооно хэмээн даган дуурайх хандлагатай байсан учир Орос орны баяр тэмдэглэх соёл, тогтсон заншлуудаас авч хоцорсон нь бий. Тухайлбал шинэ жилийн баяр болох он солигдох мөчийг гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бүрдүүлэн гацуур модоо засч, салют буудуулж, оргилуун дарс хундагалан тэмдэглэдэг болсон. Монголчууд бид шинэ жилээ угтдаг “цагаан сар” хэмээх дорнын тооллын огт өөр уламжлалт заншилтай хэдий ч 12-р сарын 31-ний үдэшд ийнхүү өндөр ач холбогдол өгдөг болов.

МОНГОЛ ӨВЛИЙН ӨВГӨН

Цэнхэр дээл нөмөрсөн монгол өвлийн өвөө маань 90-ээд онд ардчилал ялсны дараа улаан дээл, унждаг малгайтай, шар царайтай өвлийн өвөөтэй анх танилцсан гэж болно. Санта Клаус шинэ он гаргах гэж цаа бугаа хөлөглөн бууж ирдэггүй гэдгийг хараахан мэдэхгүй монголчууд Зул сарын баярыг тун чиг өөриймсгөөр хүлээн авч, шинэ жилийн баяртай хольж хутгах болсон.

Шинэ жилийн үдэш албан байгууллага, анги хамт олны баярын арга хэмжээн дээр “Mariah Carey – All I Want From Christmas” эсвэл , “Wham! – Last Christmas” дуунууд явж байвал бид дасчихсан болохоор тийм ч их гайхахгүй, барагтаа анзаарахгүй болов уу. Зул сарын буюу Христмасын баярыг шинэ жилийн баяртай андуурч эсвэл хольдог, хооронд нь найруулж нийлүүлдэг явдал ийнхүү цааш үргэлжилнэ. Цэцэрлэг сургуулийн хүүхдүүдийн шинэ жилийн цэнгүүн дээр улаан дээлтэй Санта Клаус орж ирүүтээ:

“Цал буурал өвгөн аав нь

Цас мөсний их орноос

Цан хүүрэг татуулсаар

Үүлтэй тэнгэрээс доогуур

Үзүүртэй моддоос дээгүүр

Цалин цагаан морио унаад

Цасан охидоо дагуулсаар…” хэмээн шүлэглэж, багачуудад үүрч ирсэн уутнаасаа бэлэг гарган өгөх ч юм уу, эсвэл шинэ жилийн баярыг угтаж гэр, албан байгууллагаа чимэглэхээр болбол камен зуух зурж, дээгүүр нь том том оймс өлгөж гарна даа.

ЗУЛ САРЫН БАЯРЫН ТУХАЙ

Угтаа та Христийн шашинтан биш бол зул сарын баярыг тэмдэглэх нь логикийн хувьд зөрчилтэй гэсэн үг.

Барууны орнуудын он удаан жил тэмдэглэсээр ирсэн Христмасын, монголчуудын нэрлэж заншсанаар Зул сарын баяр 12-р сарын 24-нд тохиодог. Энэ нь Библид бичигдсэнээр Есүс Христийн мэндэлсэн өдрийг тэмдэглэж буй, утга агуулгын хувьд шашны баяр ажээ.

Манай орны хувьд Чингис хааны төрсөн өдрийг баттай тогтоох асуудал дээр учир мэдэх хүмүүс талцан хуваагддаг шиг тэд ч мөн Есүс Христийн төрсөн өдрийг яг ч 12-р сарын 24-нд биш 25-нд байх учиртай хэмээн маргалдах, хэлэлцэх явдал тасардаггүй гэнэ.

Ямартай ч 24-ний орой Christmas eve буюу Христмасын урд орой хэмээн айл өрх бүр халуун ам бүлээрээ цуглан оройн зоог барьж халуун дулаан уур амьсгал бүрдүүлдэг. Маргааш өглөө нь Христмасын баярын бэлгээ сүлд модны дэргэдээс авч задалдаг бөгөөд хүүхдүүд тэрхүү бэлгийг бүтэн жил хүсэн хүлээдэг гэж болно.

Бурханы хүү Есүс Христийн даалгавраар Санта Клаус хэмээх том биетэй, улаан хувцастай өвгөн тэнгэрийн орноос цаа бугануудаа хөлөглөсөөр ирж, ганц шөнийн дотор айл бүрийн яндангаар орж, гацуур модных нь доор бэлэг орхиж, задгай зуухны дээр өлгөсөн оймсонд нь чихэр хийж үлдээгээд морддог гэсэн домог хамгийн түгээмэл. Энэ өдрөөс хэд хоногийн дараа шинэ он гардаг гэсэн үг. Дээр дурдсан зүйлс дээр нэмээд бугын эвэртэй үсний даруулга сэлт тэгэхээр шинэ жилийн баяртай хамаатай бус, харин Христмастай хамаатай болж таарч байгаа биз.

Өдгөө олон улсад нийтлэг ашиглаж буй 12 сарын тоолол бүхий Грегорын календарийн сүүлчийн өдөр, дээр дурдсан арван хоёр жил бүхий билгийн тооллын “цагаан сар” хоёрыг хоёуланг нь тэмдэглэдэг учраас монголчууд хоёр удаа шинэ он гаргадаг ард түмэн юм. Үүний дээр Зул сарын баяр нэмэгдээд бидэнд хэлбэр болон агуулгын хувьд хольж хутгасан баяр олон болжээ.

Хувь хүн бүрд шашин шүтэх, эс шүтэх нээлттэй эрх байдгийн адил хүссэн баяр ёслолоо өргөн дэлгэр тэмдэглэх нь хувь хүний эрх чөлөө. Гэвч, өөр үүсэл гаралтай, өөр утга агуулгатай баяруудын ялгааг мэддэг, андуурч эндүүрдэггүй байх нь орчин үеийн соёлт иргэнд байвал зохих эрдэм юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Дуурийн залуу дуулаачдын тэмцээнд Э.Анхбаяр тэргүүн байр эзэлжээ

Дуурийн дуучин Э.Анхбаяр Оросын суут хөгжмийн зохиолчдын нэг Н.А.Римский-Корсаковын нэрэмжит дуурийн залуу дуулаачдын олон улсын XI уралдаанд амжилттай оролцож дуурь, романс гэсэн хоёр төрөлд түрүүлжээ. Дэлхийн олон орны 18-33 насны дуучид оролцсон уг уралдааныг ОХУ, Болгар, Гүрж, Литва, Украйн улсын дуурийн алдартнууд шүүжээ. Н.А.Римский-Корсаковын нэрэмжит дуурийн залуу дуулаачдын олон улсын XI уралдаан өнгөрөгч долоо хоногт Тихвиний концертын танхимд болон алдарт Мариинский театрт болсон байна. Тэрбээр энэхүү уралдаанд амжилттай оролцсоноор гурав дахь В зэрэглэлийн уралдаанаас шагнал хүртэж буй юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Г.Содгэрэл Манжуурын уралдааны тэргүүн миссээр шалгарав

Монгол, ОХУ, БНХАУ гурван улсын гоо бүсгүй шалгаруулах Манжуурын олон улсын XV уралдаан өчигдөр болж өндөрлөжээ. Уг уралдаанд Монгол Улсаас оролцсон гоо бүсгүй Г.Содгэрэл ялагч, тэргүүн миссээр тодорчээ.Г.Содгэрэл Эрдэнэт хотоос оролцсон бөгөөд урьд нь олон улсын аялал жуулчлалын “Miss-2018” уралдааны шилдэг оролцогчоор шалгарч байсан юм. Уралдааны дэд байрт Монгол Улсын гоо бүсгүй Б.Азжаргал, гуравдугаар байрт ОХУ-ын гоо бүсгүй Фухт Юлия нар шалгарсан байна. Уралдааны үеэр гурван орны гоо бүсгүйчүүд үндэсний хувцас, усны хувцастай үзүүлбэр болон ёслолын хувцастай үзүүлбэрээр өрсөлджээ. “Эрүүл, үзэсгэлэн, энх тайван, найрамдал” уриатай Хятад, Монгол, Орос улсын гоо бүсгүй шалгаруулах олон улсын уралдаан гурван орны соёлын харилцаа, хөрш орнуудын найрамдлыг бэхжүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чухал индэр, соёлын брэнд болсон гэж зохион байгуулагчид онцолжээ.

Г.Содгэрэл Манжуурын уралдааны тэргүүн миссээр шалгарав

Categories
энтертаймент-ертөнц

“Цөмөөхэй” бүжгэн жүжиг тоглогдож байна

Шинэ жилийг “Цөмөөхэй”-гүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Жил бүрийн арванхоёрдугаар сард Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрт дэлхийн алдарт П.И.Чайковскийн “Цөмөөхэй” бүжгэн жүжиг тоглогддог уламжлал тогтоод таван жил болж байна.

Өнөөдөр "Цөмөөхэй" үзэгч хүүхдүүдтэй уулзана

“Монголын балетын хөгжил” сан дэлхийн алдарт “Цөмөөхэй” балетыг Улаанбаатар хотноо тоглож байна.Дэлхийн 5 тивийн улсад зэрэг тоглогддог энэхүү алдарт бүжгэн жүжгийг Монгол Улсын Гавъяат Жүжигчин Д.Алтанхуягийн найруулгаар энэ сарын 22-23-нд Дуурь, бүжгийн эрдмийн театрт тоглож байна. Тодруулбал өнөөдөр ДБЭТ-т 12.00, 17.00 цагаас “Цөмөөхэй” бүжгэн жүжгийг хүүхэд багачуудад толилуулах нь ээ.

Өнөөдөр "Цөмөөхэй" үзэгч хүүхдүүдтэй уулзана

Дуурь, бүжгийн эрдмийн театрын үүдний танхимд “Цөмөөхэй”-г үзэхээр зорин ирсэн үзэгчиддээ зориулан гэрэл зургаа татуулах орчинг бий болгон засчээ.

Өнөөдөр "Цөмөөхэй" үзэгч хүүхдүүдтэй уулзана

Өнөөдөр "Цөмөөхэй" үзэгч хүүхдүүдтэй уулзана

Таван жилийн өмнө анх удаа тус тоглолтын тайз, декорац, хувцас хэрэглэлийг АНУ-ын “Бостон балет” компаниас худалдан авч, цоо шинэ найруулгаар нийслэлийн үзэгчдэд хүргэж эхэлсэн. Алдарт “Цөмөөхэй” балетад тоглох бяцхан бүжигчдээр монгол хүүхдүүдийг шалгаруулдаг уламжлал тогтсон билээ.

“Цөмөөхэй” балетын түүхээс дурдвал, Германы нэгэн жижигхэн хотхонд илбэчин Просселмейр хүүхдүүдэд илбэ үзүүлэн гайхшруулж байгаагаар эхлэх энэ балет дэлхийн олон хүүхдүүдийг балетын урлагт хөтөлж, анхных нь балетын дүр бүтээсэн бүжгэн жүжиг байсан юм. Тэртээ 1892 онд анх тайзнаа амилж байсан бол өнөөдрийг хүртэл 120 жилийн түүхэн хугацаанд тив алхсан тархсаар шинэ оны баяраар үзэх ёстой нэгэн гэр бүлийн уламжлал болтлоо үзэгчдэд хүрч чадсан сонгодог балет болжээ.

Categories
энтертаймент-ертөнц

“Мандухай сэцэн хатан” киноны хөгжмийн концерт болно

Монголчуудын сэтгэлд хоногшсон түүхэн уран сайхны кино “Мандухай сэцэн хатан” дэлгэцнээ мөнхрөөд 30 жилийг үджээ. Уг ойг тохиолдуулан тус киноны хөгжмийн концертийг тайзнаа эгшиглүүлэх гэж байна. Тухайлбал, өнөөдөр болон маргааш улсын Филармонийн Симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга, найрал дуучид, үндэсний хөгжимчид, уртын дуучид, хөөмэйчид хамтран Ч.Чинбатын удирдлагаар бүрэн эхээр нь амилуулах юм.

Тус хөгжмийг анх 1987 онд тухайн үеийн дуурийн симфони найрал хөгжим, найрал дуучид, чуулгын үндэсний найрал хөгжим, хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, төрийн шагналт, Зууны манлай уртын дууч Н.Норовбанзад тэргүүтэй уран бүтээлчид оролцож, нэрт удирдаач Ж.Чулууны удирдлага дор бичлэгээ хийж байсан түүхтэй. Уг киноны хөгжим, давтамжийг тооцохгүйгээр 90 орчим минут үргэлжилдэг юм. Энэ тухай ардын жүжигчин, төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров хуучлахдаа “Энэ киноны хөгжмийг хийхэд өмнөх кинонуудаас өөрөөр хийхгүй бол болохгүй байсан. Яагаад гэхээр өмнө нь “Түмний нэг”, “Тунгалаг тамир”, “Өглөө” гэх мэт кино хийсэн байсан. Эдгээрийн хөгжмөөс шал ондоо хийх шаардлагыг “Мандухай сэцэн хатан” кино шаардаж байсан. Үүнийгээ дагаад ямар нэгэн байдлаар монголын хөгжмийн сэтгэлгээнд өөрчлөлт хийх хэрэгтэй байсан. Киноныхаа хөгжийг анх удаа үндэсний найрлыг, симфони найрал хөгжимтэй хамтран хийсэн. Нийт хөгжмийн багт 300 гаруй хүн ажиллаж байсан” хэмээв

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Гэртээ ганцаараа” киноны жүжигчин зул сарын зар сурталчилгаанд тогложээ

“Гэртээ ганцаараа” кинонд бүтээсэн дүрээрээ олны танил болсон Америкийн жүжигчин Маколей Калкин“Google” компанийн зул сарын зар сурталчилгаанд тогложээ. Тус зар сурталчилгааг “Google туслахтай дахиад гэртээ ганцаараа” гэж нэрлэжээ. Суртачилгаанд “Гэртээ ганцаараа” киноны гол дүр Кевин Маккаллистер зул сарын өмнөх орой гэртээ ганцаараа үлдэх бөгөөд “Google”-н дуут туслах болон “ухаалаг гэр” систем ахуйн бүхий л асуудлыг шийдвэрлэхэд нь түүнд тусалж байгаагаар гардаг байна. Энэ сарын 19-нд тавигдсан уг сурталчилгааг хэдийнээ 7 сая гаруй хүн үзээд байгаа аж.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

АНУ-ын экс ерөнхийлөгч Барак Обама санта болж, хүүхдүүдийг баярлууллаа

АНУ-ын экс Ерөнхийлөгч Барак Обама Санта Клаусын дүрд хувиран, хүүхдүүдэд гэнэтийн бэлэг барьсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Тус улсын анхны өнгөт арьст Ерөнхийлөгч Обама өчигдөр нийслэл Вашингтон хотноо байрлах Хүүхдийн эрүүл мэндийн үндэсний цогцолборт зочилж, хүүхдүүдэд бэлэг тараажээ.

Эмнэлэгийн удирдлагууд “Хүүхдүүдээ та бүхэнд бэлэг тараахаар алсын алсаар Санта Клаус хүрэлцэн ирээд байна” хэмээн хэлэхэд бэлэг үүрсэн Обама орж ирсэн аж.

Обама твиттер хуудастаа “Гайхалтай хүүхдүүд болон эмнэлэгийн ажилчид талархлаа илэрхийлье. Өнөөдөр би Санта бус туслахаас нь ажиллаа” гэж жиргэжээ.

Тэрбээр өнгөрөгч онд Вашингтон хотноо байрлах н Охид, хөвгүүдийн клубт зочилж, бэлэг тарааж байв.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Цэнхэр алт” баримтат киноны нээлтийг Улаанбаатар хотноо зохион байгуулав

Гадаад харилцааны яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газартай хамтран 12 дугаар сарын 19-ний өдөр Уур амьсгалын өөрчлөлт Монгол Улсад хэрхэн нөлөөлж байгаа тухай “Цэнхэр алт” баримтат киноны нээлтийг Улаанбаатар хотноо зохион байгуулав. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газар, Raw Cinematics хамтран бүтээсэн энэхүү баримтат киногоор уур амьсгалын өөрчлөлт, түүний сөрөг үр дагавар ус болоод амьдралын хэв маяг, ялангуяа малчдын амьдралд хэрхэн нөлөөлж байгаа тухай болон агаарын бохирдлын хор уршгийн талаар харуулахыг зорьжээ. Баримтат киноны нээлтийн дараа болсон хэлэлцүүлгийн үеэр хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллага, хувийн хэвшил болон академичид уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, усны хомсдолыг шийдвэрлэхэд засгийн газар, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, хувь хүмүүс хэрхэн хувь нэмрээ оруулж болох талаар санал солилцов. “Цэнхэр алт” баримтат киноны нээлтийг Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран Нью-Йорк хотноо НҮБ-ын Төв байранд 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы үеэр мөн зохион байгуулсан юм.