Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

Мартын 8 буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг яагаад тэмдэглэдэг вэ?

Жил бүрийн гуравдугаар сарын 8-нд “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг.

Энэхүү баяр нь 1857 оны гуравдугаар сарын 8-ны өдрөөс эхтэй гэж үздэг байна. Энэ өдөр Нью-Йорк хотноо нэхмэлийн үйлдвэрийн ажилчин эмэгтэйчүүд жагсаал зохион байгуулж, цалингаа нэмэгдүүлэх, ажлын нөхцөлийг сайжруулахыг шаардаж байжээ.

Ингээд Мартын 8 буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг яагаад тэмдэглэдэг болсон тухай товч мэдээллийг хүргэж байна.


No description available.Анх Нью-Йорк энэхүү жагсаалын дараа буюу 1908 онд эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө дахин жагсжээ. Тэд мөн л ажлын нөхцөлөө сайжруулж, хүүхдийн хөдөлмөрийг мөлжихийг зогсоох, сонгуульд эмэгтэйчүүдийг оролцуулахыг шаардсан байна.

Энэ үйл явдлаас нэг жилийн дараа Эмэгтэйчүүдийн үндэсний өдөр болгон зарлажээ.

Харин 1910 онд Копенгаген хотноо болсон олон улсын эмэгтэйчүүдийн бага хурал дээр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэх саналыг Клара Цеткин дэвшүүлсэн байна. 1911 оноос эхлээд энэ баярыг Европын хэд хэдэн оронд тэмдэглэж эхэлсэн түүхтэй.

Орчин үед Польш, Болгар, Итали, Хятад, Югослав, Румын, Молдав, Литва, Тажикистан, Киргиз, Казахстан, Абхази, Гүрж, Монгол зэрэг орнууд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах эл өдрийг тэмдэглэдэг болжээ. Түүнчлэн Узбекистанд “Эхийн өдөр” хэмээн тэмдэглэдэг уламжлалтай юм байна.

No photo description available.

ЭНЭ ӨДРИЙН ТҮҮХЭН ДАРААЛАЛ:

1857 он – Оёдлын болон гутлын үйлдвэрийн эмэгтэйчүүд үйлдвэрийн удирдлагууддаа зүй ёсны шаардлага тавив

1909 он – АНУ-д социалист намын шийдвэрийн даргаар Эмэгтэйчүүдийн өдрийг хоёрдугаар сарын 28-ны өдөр тэмдэглэх болов.

1910 он – Олон улсын эмэгтэйчүүдийн бага хурлаар сонгуульд оролцох эрхийн болон бусад эрхээ хамгаалахаар “Олон улсын хөдөлмөрчин эмэгтэйчүүдийн өдөр”-ийг тэмдэглэх тухай шийдвэр гарав.

1911 он – Дэлхий нийтээр анх удаа олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн жагсаал цуглаан хийв. Тэд эмэгтэйчүүдийн сонгох болон сонгогдох эрх, төрийн алба хаших, бусадтай ажил нөхцлөөр ажил эрхлэх, боловсрол эзэмших, ажлын байрны ялгаварлан гадуурхалт, бэлгийн дарамт зэргийг эсэргүүцэв.Гуравдугаар сарын 19-ний өдөр Зүүн Европын Герман, Дани, Австри, Швейцарь болон ЗСБНХУ зэрэг социалист орны эмэгтэйчүүд ийн нэгдэж тэмдэглэсэн байдаг.

1913-1914 он – 1913 онд ЗХУ-ын эмэгтэйчүүд Дэлхийн Нэгдүгээр дайны өмнө өрнөж эхэлсэн энх тайвны төлөө хөдөлгөөнд нэгдсэн бол, 1914 онд гуравдугаар сарын найман орчимд Европын бусад орны эмэгтэйчүүд энхтайвны төлөө эв санаа нэгдэн жагсав.

1917 он – Дэлхийн нэгдүгээр дайнд хоёр сая гаруй эр цэргээ алдсан ЗХУ-ын эмэгтэйчүүд хоол хүнс, энх тайвныг шаардан хоёрдугаар сарын сүүлд ажил хаялт зарлав. Энэ нь тухайн үеийн Юлианы тооллоор хоёрдугаар сарын 23-н буюу Грегорианы тооллын гуравдугаар сарын 8-ны өдөр байсан гэдэг.

1975 он – НҮБ-ын Ерөнхий Чуулганаас албан ёсоор энэ жилийг “Олон улсын эмэгтэйчүүдийн жил”, энэ өдрийг олон улсын эмэгтэйчүүдийн өдөр болгон зарлажээ. Энэ онд эмэгтэйчүүдийн асуудлаарх дэлхийн анхны бага хурал Мексик улсын нийслэлд хуралдсан байдаг.

2011 он – Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн 100 жилийн ойг 100 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлсэн. АНУ-д Ерөнхийлөгч Барак Обама 2011 оны 3-р сарыг “Эмэгтэйчүүдийн түүхийн сар” болгон зарлаж, ОУЭӨ-ийг “улс орны түүхийг бүтээхэд эмэгтэйчүүдийн оруулсан гайхамшигт хувь нэмрийн талаар” эрэгцүүлэн бодож өнгөрөөхийг Америкчуудад уриалсан. Олон улсын улаан загалмайн нийгэмлэгээс зөрчил, мөргөлдөөнтэй газруудад олон эмэгтэйн амьдралыг сүйтгэж буй хүчин болон бэлгийн хүчирхийллийн бусад төрлүүдээс урьдчилан сэргийлэхэд тууштай анхаарч ажиллахыг улс орнуудад уриалжээ.

Зарим улс оронд “Мартын-8”-ны баярыг хэрхэн тэмдэглэдэг талаар товч мэдээлэл хүргэж байна.


Улс орнууд хэрхэн тэмдэглэдэг вэ?

Афганистан, Ангола, Армени, Азербайжан, Беларус, Буркина Фасо, Камбодиа, Хятад /зөвхөн эмэгтэйчүүд/, Куба, Гүрж, Гвиней-Бисау, Эквадор, Казахстан, Киргизстан, Лаос, Македон /зөвхөн эмэгтэйчүүд/, Мадагаскар /зөвхөн эмэгтэйчүүд/, Молдав, Монгол, Непал /Зөвхөн эмэгтэйчүүд/, Орос, Тажикистан, Туркменстан, Уганда, Украин, Узбекстан, Вьетнам, Замби зэрэг улсуудад энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэдэг аж.

Гуравдугаар сарын 8-ны өдөр буюу олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг ихэвчлэн эрчүүд эмэгтэй найз нөхөд, ээж, эхнэр, үерхдэг бүсгүй, охин ангийн охид гэх мэт охид бүсгүйчүүддээ бэлэг өгч, баярлуулан тэмдэглэдэг уламжлал тогтжээ.

Харин Болгар, Румын зэрэг улсад энэ өдрийг зөвхөн “Ээжүүдийн баярын өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд хүүхдүүдэд нь ээж, эмээ нартаа бэлэг өгч баярлуулдаг аж.

Хятад

Жил бүрийн энэ өдрийг манай урд хөршийн ард түмэн эмэгтэйчүүдийн амралтын өдөр болгон өргөн дэлгэр тэмдэглэдэг байна. Хятадын зарим хот бүр хоёр өдрийг амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг ажээ.

Эрчүүд энэ өдрөөр хайртай бүсгүй болон ээждээ ямар их хайртайгаа илэрхийлэн бэлэг өгч баярлуулдаг аж. Дашрамд дурдахад, бүх л эрчүүд ямар нэгэн бэлэг авахаар дэлгүүр зорьдог тул энэ өдөр бизнес эрхлэгчдийн хувьд хамгийн их ашиг орлоготой байдаг гэнэ.

Орос

Манай хойд хөрш мөн л адил тус өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон зарлажээ. Урин хаврын эхэн үед болдог тул ихэнх хүмүүс гэр бүлээрээ оройн зоог барьж, оргилуун дарс буудуулан тэмдэглэдэг байна.

Харин зарим нь найз нөхдийнхөө гэр бүлд зочлон өнгөрүүлдэг бөгөөд эрчүүд цэцэг, сэтгэлийн үгээ бичсэн мэндчилгээ, шоколад, бусад бэлгийн хамт ээж, эхнэр, эмээ, эгч, охиддоо бэлэглэдэг гэнэ.

Харин зарим орос эрчүүд бүхэл өдрийн турш аяга, таваг угаан, хоол хийж, хүүхдээ асарсаар өнгөрүүлдэг бол эхнэрүүд нь найзуудтайгаа наргиж цэнгэж тэмдэглэдэг аж.

Герман

Германчууд Мартын 8-нд албан ёсоор амардаггүй. Хуучин Зүүн Герман энэхүү өдрийг тэмдэглэдэг байжээ. Харин Баруун Герман огт тэмдэглэдэггүй байсан гэнэ.

Хоёр Герман нийлснээс хойш Мартын 8-ны баярыг өргөн хүрээнд тэмдэглэхээ болсон бөгөөд албан ёсоор жил бүрийн тавдугаар сард “Ээжүүдийн баяр”-ыг тэмдэглэдэг аж. Энэ өдөр бүх ээжүүд гэрийн ажлаас 100 хувь чөлөөлөгддөг юм байна.

Итали

Итали улсын хувьд Мартын 8-ны баяр албан ёсны баяр биш ч гэлээ охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүд нь өргөн хүрээнд тэмдэглэдэг байна. Яагаад охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүд гэж тодотгож байна вэ гэхээр хамгийн сонирхолтой нь Мартын 8-ны баярыг эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй хамт тэмдэглэдэггүй.

Охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүд хотынхоо томоохон ресторануудад хүлээн авалт зохион байгуулж хоорондоо бэлэг солилцдог уламжлалтай. Харин оройн цагаар шөнийн цэнгээний газрууд эмэгтэйчүүдэд тасалбаргүй үйлчилдэг аж.

Тус улсад 1946 оноос хойш мимоза цэцэг Мартын 8-ны баярын гол бэлгэдэл болжээ. Тиймээс энэ өдөр хүүхдүүд нь ээждээ, эр нөхөр нь хайрт ханьдаа, залуучууд найз бүсгүйдээ сэтгэлийн бэлэг болгон шар өнгийн мимоза цэцэг бэлэглэдэг байна.

Болгар

Болгарчууд Мартын 8-ны баярыг мөн л өргөн хүрээнд тэмдэглэдэггүй. Тэд Мартын 8-ны өдрийг ЗХУ-ын үеийн цуурай гэж хэлэх дуртай.

Энэхүү өдөр охид, бүсгүйчүүдэд хүндэтгэл үзүүлдэг. Эрэгтэйчүүд гэхээсээ илүүтэй эмэгтэйчүүд нэг нэгэндээ баяр хүргэж, баяраа хамт өнгөрүүлэхийг илүүд үздэг байна.

Түркменстан

Түркменстанд Мартын 8-ны баяр ЗХУ-ын үеэс уламжлал болгон тэмдэглэн ирсэн албан ёсны баяр. Гэвч 2001 онд тухайн үед Түркмен улсын Ерөнхийлөгч байсан Сапармұрат Ниязов Мартын 8-ны баяр тэмдэглэхийг хориглосон. Тиймээс жил бүрийн гуравдугаар сарын 21-22-нд тэмдэглэн өнгөрүүлдэг дэлхийн мусылман шашинтны хаврын баяр Наурызын баярыг Түркменстан улсад “Хаврын баяр эмэгтэйчүүдийн баяр” болгон тэмдэглэж байхаар зарлиг гаргаж байв. Харин 2008 онд Сапармұрат Ниязовын дараа сонгогдсон Түркменстаны одоогийн Ерөнхийлөгч Гурбануглы Бердымухамедов Хөдөлмөрийн тухай хуулинд өөрчлөлт оруулж, Мартын 8-ны баярыг дахин сэргээсэн байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Японы уран бүтээлч амьтдын хөгжилтэй агшинг баримал болгон бүтээжээ

Хэрэв та хөгжилтэй бөгөөд уран бүтээлч зураг бүтээлүүдийг харвал Японы алдарт уран зураач, уран баримал сонирхогч Метисиссай хэмээх нэрийг олонтоо сонсох болно. Ингээд амьтдын хөгжилтэй агшинг баримлаар урласныг сонирхуулахаар бэлтгэлээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Жилийн дотор амьдралыг өөрчлөх хорин дадал

Хүн бүрийн толгойд өөрийгөө өөрчлөх тухай бодлууд эргэлддэг. Гэвч хаанаас, яаж эхлэхээ төдийлэн мэддэггүй. Элдэв сугалаа гэнэтийн азанд найдахаас илүү жижиг дадлууд хувь хүнийг өөрчлөлтөд хөтөлдөг гэдэг. Үг үйлдэл болж, үйлдэл дадал болдог. Харин зөв дадал таны амьдралыг өөрчлөх болно.

Ингээд тэдгээр дадлууд юу болохыг харцгаая.


1. Хүмүүстэй харилцахыг хичээ

Тэд таны хамтран ажиллахыг мөрөөддөг хүн, боломжит түнш, хуучны танил гээд хэн ч байж болно. Хүмүүстэй холбоо тогтоох нь гайхалтай боломж, шинэ үүд хаалга нээх чухал зам юм. Та эхний алхмыг хийхгүй бол “Үгүй” гэдэг хариултыг өөртөө өгч байна гэсэн үг.

2. Өдөр бүр хэдэн өгүүлбэр бич

Бизнес төлөвлөгөө, хэзээ нэгэн цагт гаргахыг мөрөөддөг ном, бодрол эргэцүүлэл гээд юу ч байж болно. Өдөрт ердөө хэдэн өгүүлбэр бичих нь таны хүсэж буй бүтээлийг бага ч болов урагшлуулахын дээр, бичих дадалд сууснаар таны сэтгэн бодох, төлөвлөх чадвар илүү дээшлэх юм.

3. Дансаа шалга

Банкны дансаа өдөр бүр шалгаж хэвших нь санхүүгийн нөхцөл байдалдаа илүү өндөр анхаарал болгоомжтой байхад тустай. Одоо ямар байгаа, ирээдүйд ямар болох талаар төсөөллөө ийнхүү шинэчилж байх нь таны санхүүгийн хариуцлагыг нэмэгдүүлдэг.

4. Урсгал зүйлсийг цаг алдалгүй хий

Аяга таваг угаах, гэр цэвэрлэхээс эхлээд эрүүл хоолны дэглэм барих, дасгал хөдөлгөөн хийх, ажлаа тууштай хийх нь үүнд хамаарна. Эдгээр үйлдлүүд нь тухайн үедээ төдийлөн их аз жаргал өгдөггүй боловч сэтгэл санааг амар тайван байлгах, урт хугацааны эерэг үр дүнг бий болгох гайхалтай чадвартай.

5. Одоогийн тав тух бус ирээдүйн амар амгалангийн төлөө зүтгэ

Одоогийн нөхцөл байдлаа тохитой тавлуун болгох бус, ирээдүйн мөрөөдөлд чинь хүргэх зүйлийг хийж хэвших нь тун чухал. Хүн зөвхөн цаг зуурын аз жаргалаа бодож эхлэхэд ирээдүйн амжилт бүтээлд хүрэх зам замхарч эхэлдэг..

6. Сэтгэлийн хөөрлөөр аливаад хандахаас болгоомжил

Уур хилэн, уйтгар гунигт өөрийгөө эзэмдүүлэхийн өмнө чухам яагаад тэрхүү сэтгэл хөдлөлийг мэдэрч буйгаа тогтоохыг хичээ. Энэ сэтгэл хөдлөл таны дараа нь харамсах зүйлийг хийхэд хүргэх эрсдэлтэй юу?

7. Цагийг хамт өнгөрүүлдэг хүмүүсээ болгоомжтой сонго

Таны орчин таны хэн болохыг тодорхойлдог. Найзууд, онлайнаар дагадаг хүмүүс, таны гэр орон ч үүнд хамаатай. Тиймээс эерэг хүмүүстэй нийлж, сөрөг бичвэрүүдийг хааж, гэрээ цэвэрлэж байгаарай.

8. Хүсч байгаа зүйлийнхээ төлөө идэвхтэй алхам хий

Хүний толгойд гайхалтай санаа үе орж ирдэг боловч тархи түүнийг нь дараагийн өгөгдлөөр сарниулан арилгадаг. Тиймээс чухал бодлыг орж ирсэн даруйд үйл хөдлөл, ажил хэрэг, цаасан дээрх тэмдэглэл болгоорой.

9. Хүсэхгүй байсан ч ажиллаж сур

Ямар нэг зүйлийг хийх хүсэл байхгүй байвч та чадалгүй боллоо гэсэн үг биш. Тиймээс хүсэхгүй байвч хийх ёстойгоо хийдэг дадалд суралцах нь танд хэрэгтэй чадвар болох юм.

10. Илүү их унш

Орчин үед бүтэн ном уншиж дуусгах боломжтой хүн ховор болжээ. Хэдий тийм боловч өөрийгөө хөгжүүлж болох олон материал бидний эргэн тойрон дунд байна. Сонирхолтой харах өнцөгтэй хүмүүс, хэрэгцээтэй үзэл санааг илэрхийлдэг нийтлэл, мэдээ мэдээллийг уншихаа зогсож болохгүй.

11. Өдөр тутмын үйл хэргээ цэгнэж бод

Муу зуршил, өөрт хортой үйлдлийг үгүйсгэж, өөрийгөө хатуугаар цагдан хянах нь учир дутагдалтай. Үүнийг шийдвэрлэхийн тулд уг зүйлсийг бий болоход ямар хүчин зүйлүүд нөлөөлдөг болохыг анхаарч тэмдэглэх нь чухал юм. Ингэснээр та ирээдүйд сөрөг үйлдэлд хүргэж болох шинж тэмдгүүдийг анзааран зайлсхийж чадна.

12. “Үгүй” гэж хэлж сур

Хүн бүрт хязгаарлагдмал хэмжээний эрч хүч байдаг. Тиймээс түүнийг зөвхөн өөрт чухал зүйлсэд зарцуулах нь чухал юм. Өөрт хэрэгцээгүй, таны зорилгод шаардлагагүй зүйлсээс өөрийгөө тусгаарлах нь таны эрч хүч, эрүүл мэндийг хамгаалах тустай.

13. Анхаарлаа чиглүүлж сур

Гутрангуй, сөрөг бодлуудад төвлөрөх нь түүнд шийдэл олоход огт нөлөөлдөггүй байна. Өөрийгөө бусад зүйлсэд түр шилжүүлж, ухаан бодлоо сарниулах нь сөрөг хэмнэлээс сэргийлж, эрүүлээр бодоход тусалдаг ажээ.

14. Шинэ бодол санаагаа хүмүүстэй хуваалц

Хүн бүрт гайхалтай шинэ санаа төрдөг. Гэвч түүнийгээ бусдад илэрхийлэх, хэрэгжүүлэх талаар арга хэмжээ авдаггүй бол ямар хэрэг байх билээ?

15. Гарын доорх нөөц боломжоо ашигла

Дэлгүүрт харагдаж байгаа аятайхан өмсгөлийг авах, гадуур хооллохын оронд гэрт байгаа зүйлсээ ашиглаарай. Энэ нь таны цаг завыг хэмнэж, эрч хүчийг хадгалах гайхалтай үйлчлэлтэй.

16. Амттан идэхээ цөөрүүл

Усны тоонд дээр нэг ширхэг аяганы хүч их байдгийн адилаар, эрүүл мэндэд хортой хүнсийг цөөрүүлэхэд ч нэгийн тоо чухал юм. Нарийн төлөвлөгөөтэй хоолны дэглэм, хүнсний хориг бус, идэж буй зүйлээ нэгээр цөөрүүлэх илүү хялбар шүү дээ.

17. Сошиал хаягаа идэвхтэй хөтөл

Одоо цагт таны дижитал амьдрал таны шинэ нэрийн хуудас болжээ. Хувийн вэб сайтаа хөгжүүлэх, олон нийтийн сүлжээнд мэдээллээ шинэчилж байх нь танд шинэ үүд хаалгыг ямагт нээх болно.

18. Өдөр бүрийг “Амьдралаа дээшлүүлэхийн төлөө өнөөдөр би юу хийж чадах вэ” гэдэг асуултаар эхлүүл

“Өнөөдрийн ажлаа яаж давна даа” гэж суухын оронд өдөр бүр өөрт хэрэгтэй ямар нэг зүйл бүтээж болохыг санаарай. Таны хичээл зүтгэл, боломжийг ашиглах чадвар л амьдралыг тань өөрчлөх болно.

19. Нойр хоолоор дутаж болохгүй

Машинд масло тос шаардагддагийн адилаар хүний биед ч байнгын засвар арчилгаа хэрэгтэй байдаг. Өлссөн үедээ ид, ядарсан бол унтаж амар. Бие мах бодийн суурь хэрэгцээгээ үл ойшоох нь ирээдүйд эвдрэл гэмтлийг авч ирдэг.

20. Ус тогтмол уу

Өдөрт найман аяга ус уухыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Та наймын тоонд бус, харин нэг аяга ус илүү уухдаа л анхаарлаа төвлөрүүлээрэй.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

Нойрмоглох нь биед төмөр дутагдсаны шинж

Хүний бие организмд шаардлагатай төмрийн хэмжээ хэвийн байх нь чухал юм.

Хангалттай унтсан ч ядарсан хэвээр, өдөр нойр хүрч байвал энэ нь төмөр дутагдалтай байгаагийн шинж юм.

Мөн анхаарал сулрах, уншиж ойлгосон зүйлээ хормын дотор мартаж, дэлгүүрээс юу юу авах гэж орсноо, хөргөгчөө юу авахаар онгойлгосноо мартах зэрэг нь анхаарууштай шинж тэмдэг юм. Эмчид үзүүлж, зааврын дагуу шаардлагатай төмөр, амин дэмээ нөхөөрэй.

Мөн төмөр дутагдсанаас болж бие организмд гарсан өөрчлөлтөөс болж хүн байнга ханиад томуунд өртдөг. Гэхдээ тамхи татдаг бол цусанд тань төмөр хэвийн, бүр илүү байдаг аж. Үүний шалтгаан нь утаанд хордсон бие организмын гемоглобин нэмэгддэгтэй холбоотой. Гэхдээ энэ нь хэвийн зүйл биш! Никотинтой нийлсэн гемоглобины эсүүд үхэж, хүчилтөрөгч дамжуулж чадахгүй болно.

Биед тань төмөр дутагдаж байгаа эсэхийг эмчид хандалгүйгээр дараах 10 шинж тэмдгээр мэдэж болно. Гэхдээ цусны шинжилгээ өгөх нь илүү үр дүнтэй юм.

Нойрмоглох

Хангалттай унтсан ч ядарсан хэвээр, өдөр нойр тань хүрч байвал энэ нь төмөр дутагдалтай байгаагийн шинж юм.

Анхаарал сулрах

Анхаарлаа төвлөрүүлэн уншиж ойлгосон зүйлээ хормын дотор мартаж, дэлгүүрээс юу юу авах гэж орсноо болон хөргөгчөөсөө юу авахаар онгойлгосноо мартах зэрэг нь анхаарууштай шиж тэмдэг юм. Эмчид үзүүлж, зааврын дагуу шаардлагатай төмөр, амин дэмээ нөх.

Амьсгаадах

Автобусны араас гүйж суусны дараа удаан хугацаанд амьсгаадсан хэвээр байх, агаар амьсгалсны дараа толгой эргэх зэрэг нь бие организмд тань хүчилтөрөгч дутагдсаны шинж юм. Цусан дахь төмөр нь энэхүү хүчилтөрөгчийг эрхтнүүдэд хүргэх үүрэгтэй.

Арьс маш цайх

Та төрөлхийн цайвар арьстай ч хэтэрхий цонхийсон цагаан болоод эхэлбэл цусанд тань төмөр дутагджээ.

Булчин өвдөх

Эрчимтэй хөдөлгөөн хийсний дараа булчин өвдөх нь хэвийн зүйл ч өдөржин буйдан дээр суусан ч булчин тань дасгал хийсэн мэт өвдөж байвал цусны шинжилгээ өгөөрэй.

Хумс хугарах

Хумсандаа тэжээл өгөх тос түрхээд ч хугарч, гэмтсэн хэвээр байвал биед тань төмөр дутагджээ.

Байнга ханиад хүрэх

Төмөр дутагдсанаас болж бие организмд гарсан өөрчлөлтөөс болж хүн байнга ханиад томуунд өртдөг.

Хөлөө байнга солбих

Ширээний ард тайван сууж чадахгүй, байнга хөлөө солбиж, ачиж, хөдөлгөж байвал энэ нь төмөр дутагдлын шинж гэнэ.

Гарын алга, хөлийн ул хүйтэн байх

Гадаа халуун байгаа ч гар тань хүйтэн байна уу? Хөлийн ул тань хүйтэн, хөл дулаацахгүй байгаагаас болж унтаж чадахгүй байна уу? Биед тань төмөр дутагджээ.

АНХААР! Та тамхи татдаг бол цусанд тань төмөр хэвийн, бүр илүү байх болно. Үүний шалтгаан нь утаанд хордсон бие организмын гемоглобин нэмэгддэгтэй холбоотой. Гэхдээ энэ нь хэвийн зүйл биш! Никотинтой нийлсэн гемоглобины эсүүд үхэж, хүчилтөрөгч дамжуулж чадахгүй болно. Гэхдээ цусны шинжилгээгээр энэ нь тодорхой илрэхгүй учир таны цусанд төмөр хангалттай байгаа мэт харагддаг. Иймээс эмчдээ тамхи татдагаа заавал хэл. Эсвэл тамхиа хаях талаар бодож яагаад болохгүй гэж?

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

Б.Мишээл: 18 нас хүрээд бейкеригээ өргөжүүлж, кофе шоптой болно

10 наснаасаа бялуу, нарийн боов хийж сурч, 17 насандаа өөрийн нэрийн дэлгүүрээ нээсэн “Номуун” дунд сургуулийн сурагч Б.Мишээлтэй ярилцлаа.

-Сайн байна уу. “Misheel’s Bakery” цахим хуудсаар нь хүмүүс мэддэг юм билээ. Уншигчдад өөрийгөө танилцуулбал?

-Сайн байцгаана уу. Намайг Батболдын Мишээл гэдэг. Одоо 17 настай. “Номуун” сургуулийн ахлах ангийн сурагч.

-Энэ чиглэлийн сонирхлоо хэзээнээс хөгжүүлж эхэлсэн бэ?

-Миний хувьд анх 10 настайгаасаа эгчийгээ хараад сонирхож эхэлсэн. Ойр зуурын аяган кекс гэх мэт амттан хийж эхлээд энэ талдаа сонирхолтой гэдгээ олж мэдсэн. Өнгөрсөн жилийн тавдугаар сараас хүмүүст анх хүргэж эхэллээ.

-Бүтээгдэхүүн хийгээд борлуулж эхлэхэд ямар байв. Хүмүүст хэрхэн таниулсан бэ?

-Борлуулалтын хувьд харин хамгийн хэцүү зүйл нь хүргэлт юм болов уу. Яагаад гэвэл энэ төрлийн бүтээгдэхүүн эмзэг байдаг учраас хурдан, шуурхай хэрэглэгчийн гарт хүргэж өгөх нь чухал юм билээ. Анх өөрийгөө эхлээд хүмүүст танилцуулах хэрэгтэй юм байна гэж бодоод групп дээр өөрийнхөө танилцуулгатай постыг оруулж байсан юм байна.

-Хүргэлтээ яаж шийдсэн бэ? Өөрөө хүргэдэг байсан гэж сонссон.

-Одоо бол хүргэлтийн компанитай хамтарч ажиллаж байгаа. Өмнө нь ааваараа хүргүүлдэг байсан. Аав, ээж хоёр маань намайг юу ч хийсэн дэмждэг. Хэрэгтэй зүйл юу байна гэж тусалж дэмждэгт нь үргэлж баярладаг.

-Хичнээн төрлийн бүтээгдэхүүн гаргадаг вэ. Танай нэрийн бүтээгдэхүүн юу вэ?

-Одоо хийж байгаа “креспи кремтэй пафф” бол миний гол бүтээгдэхүүн гэж болно. Дотроо 10 ширхэгтэй, нэг ширхэг нь 1500 төгрөг, хайрцгаараа 15’000 төгрөгөөр худалдаалдаг. Одоохондоо дан энэ төрлөөрөө дагнан захиалга авч байгаа ч цаашид илүү төрөлжүүлэх бодолтой байгаа.

-Өдөрт дунджаар хичнээн захиалга авдаг вэ. Захиалгаа хийхэд хүндрэл гарах үе бий юу?

-Өдөрт 10 хүн захиалга өглөө гэж бодоход 100 пафф хийнэ гэсэн үг. Өнөөдөр би эхний захиалгаа аваад долоон цагийн турш хийлээ. 23 цагт эхлээд өглөөний 07 цагт дууссан. Гэхдээ огт оргүй хоосон зүйлийг бий болгоод хүмүүсийн аз жаргалтай өдрийн нэг амт нь болж очихыг харах мэдрэмж дараа нь маш гоё байдаг. Хүмүүсийн халуун дулаан үгсээс урам зоригийг мөн авдаг.

-Амттаныхаа жорыг хэрхэн олдог вэ?

-Жороо Youtube-ээс болон зарим хоолны суваг Instagram хаягуудаас хардаг.

-Гал тогоо нь хаана байрладаг вэ. Одоогоор гэрээрээ хийдэг үү?

-Одоогийн нөхцөл байдалд гэрээсээ хийж, хүргэж байгаа. Яваандаа жижиг цех ч юм уу, кофе шоптой болъё гэж зорьж байна.

-Удахгүй сургуулиа төгсөх гэж байгаа юм байна. Цаашид энэ чиглэлээрээ мэргэших бодолтой юу?

-Ер нь бүтээгдэхүүн хийгээд борлуулаад, зараад явж байхад өөрийгөө бизнесийн тал дээр сонирхолтой юм болов уу гэж ажиглаад байгаа. Тиймээс бизнесийн удирдлагын мэргэжлийг бодчихсон байгаа.

-Жор хараад хүн болгон бялуу хийж чаддаггүй. Дуртай зүйлээ хийх үедээ ямар мэдрэмжийг авдаг вэ?

-Аливаа нэг амттаны зургийг нь харлаа гэхэд өөрийн гараар оролдоод чадна гэж бодохоор сайхан шүү. Миний хувьд юм болгонд дурсамж бүтээхийг хүсдэг. Амьдралд хамгийн чухал зүйл нь л энэ болов уу гэж боддог.

-Ярилцлагын төгсгөлд өөрийн бүтээхийг хүсдэг ирээдүйн талаар хуваалцаж болох уу?

-Тухайн үед юу болохыг тааж мэдэхгүй ч дараа жил гэхэд 18 насандаа өөрийн гэсэн кафе, кофе шопийг нээнэ гэж төлөвлөж байна даа.

Ч.БИНДЭРЪЯА

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

”Tom & Jerry”-ийн шинэчилсэн хувилбар “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүлэв

Алдарт “Tom & Jerry” хүүхэлдэйн киноны шинэчилсэн хувилбар Хойд Америкийн “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүллээ.

Өөрөөр хэлбэл нээлтээ хийсэн даруйдаа буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд 13 сая ам.долларын орлого олжээ. Дэлхий даяар 33.1 сая ам.долларын орлоготой байсныг “Comscore” мэдээллээ. Ингэснээр цар тахал дэгдсэнээс хойших нээлтээ хийсэн кинонуудаас орлогоороо хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна.

“Wonder Women 1984″ кино энэ үзүүлэлтээр тэргүүлж байгаа юм.

Эх сурвалж: Bloomberg TV

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Жүжигчин Ж.Амарзаяа “Алтан гадас” одонгоор шагнууллаа

МУСТА, жүжигчин Ж.Амарзаяа өнөөдөр “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаажээ.

Тэрээр “Фантастик” продакшны бүтээсэн “37 дугаар Точка” олон ангит кинонд Долгорын дүрийг бүтээсэн юм. Тэрбээр одоо “Black box” театрын жүжигчин, “G еntertainment” студын найруулагчаар ажиллаж байна.

Жүжигчин Ж.Амарзаяа “Уулын хөх сүүдэр”, “Ертөнцийн сүүлчийн чулуу” зэрэг дэлгэцийн бүтээлд дүрээ үлдээснээрээ үзэгчдийн танил билээ.

Ж.Амарзаяа: Өөрийгөө жаахан голж, эргэлзсэн ч Долгорын дүрээс ер айгаагүй |  Miss.mn

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал энтертаймент-ертөнц

Монгол жүжигчдийн тоглосон “Marvel”-ийн “Локи” цуврал зургаадугаар сарын 11-нээс гарна

New Marvel 'Loki' Set Photos Show Tom Hiddleston, Owen Wilson And Lady Loki  - Entertainment

АНУ-ын “Marvel” студийн “Локи” цуврал кинонд монгол жүжигчин бүсгүй дүр бүтээж байгаа тухай мэдээлэл өнгөрсөн оны сүүлээр хэвлэлүүдээр цацагдсан. Тодруулбал, Америкийн Лос-Анжелес хотод амьдардаг 29 настай Б.Мөнхшүр хэмээх бүсгүй “Marvel” студи монгол эмэгтэйн дүрд тоглох жүжигчин хайж байгаа зарлалын дагуу сонгон шалгаруулалтад орж, амжилттай тэнцсэн юм. Түүнчлэн дээрх цуврал кинонд Б.Мөнхшүрээс гадна таван монгол жүжигчин оролцжээ.

“Marvel” студи “Локи” цувралын албан ёсны нээлтийг зарласан бөгөөд ирэх зургаадугаар сарын 11-нээс үзэгчдэд хүрэхээр болжээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Монгол адуучны тухай баримтат кино Ванкуверын Олон улсын наадамд шалгарчээ

Уулын сэдэвт олон улсын кино наадам болох “Vancouver International Mountain Film Festival” энэ сарын 19-нд онлайнаар эхэлж, шилдгүүдээ тодруулжээ. Vancouver International Mountain Film Festival нь 24 дэх жилдээ Канадын Ванкуверт зохион байгуулагдсан байна.

Тус баримтат кино Монгол Улсын нутаг дэвсгэрийн хойд хэсэгт орших Дархадын хөндийд оршин суудаг нүүдэлчин аж ахуй, амьдралтай иргэд тэр дундаа адуучин залуугийн амьдралын талаар өгүүлдэг.

Тэр дундаа нутгийн уугуул иргэдийн адуу малыг хулгайлах гэмт хэргийн талаар болон адуучин залуус хэрхэн алдуул адуун сүргийнхээ араас явж буйг харуулдаг. Тус баримтат киноны товч агуулгад дурдсанаар бол малын хулгайчид нүүдэлчдийн адуун сүргийг хулгайлсныхаа дараагаар Оросын хилээр давуулан мал нядалгааны газарт үнэд хүргэн зарж наймаалдаг. Харин адуугаа алдсан адуучин буюу эмнэг сургагч малын хулгайчдын мөрөөр Монголын тайгаас Оросын Сибирь хүртэл цаг агаарын хүнд хэцүү бэрхшээлийг үл ажран мөшгөдөг аж.

Киноны найруулагчаар ажилласан Хамид Сардар 75 минутын турш үргэлжилдэг тус баримтат киног бүтээхийн тулд эмнэг сургагч Шүхэрт нэртэй монгол залуугийн араас даган эрэлд гарч олон тооны баримт цуглуулжээ. Ийн тус кинонд адуугаа алдсан эмнэг сургагч хулгайчдын араас орчин үеийн нөхцөлд хэрхэн мөрдлөг хийж байгаа мөн алтны эрэлд явж байгаа хүмүүстэй хэрхэн тэмцэж байгаа талаар ч давхар өгүүлдэг.

Канадын Ванкувер хотноо зохион байгуулагдаж байгаа тус наадам энэ сарын 28-ныг дуустал цахим платформ дээр үргэлжлэн зохион байгуулагдана.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

​Амьдралыг хөнгөвчлөх сонирхолтой 10 төхөөрөмж

Хүн төрөлхтөн амьдралаа хөнгөвчлөхийн тулд элдэв шинэ төхөөрөмж, багаж хэрэгсэл зохион бүтээхийг оролдож байна. Цаг хугацааны эрхэнд эдгээр багаж хэрэгсэл нь улам төгс төгөлдөр болохоос гадна өдөр тутмын хэрэглээнд өргөн ашиглагддаг болжээ. Ингээд хүмүүсийн амьдралыг улам хөнгөвчилж буй багаж хэрэгслүүдийг танилцуулахаар бэлтгэлээ. Эдгээрийн заримыг нь та амьдралдаа огт харж байгаагүй ч байж мэдэх юм.

1. Зэв арилгагч лазер төхөөрөмж

2. Пончик зүсэгч ролик

3. Хэдэн зуун хүнд шорлог хийх хэрэг гарвал

4. Зүсэм пицца авах зориулалтын хэрэгсэл

5. Текст устгах лазер

6. Плитаны нүхийг алдаагүй авах төхөөрөмж

7. Хашаа, хашлага угаах машин

8. Үлээсэн шаар хагалах төхөөрөмж

9. Өргөст хэмхийг нимгэн хэрчих мод

10. Модны цахилгаан шат


Эх сурвалж: news.xorom.com