Categories
энтертаймент-ертөнц

Ирэх сард ямар кинонууд нээлтээ хийх вэ?

“ШУУГИАН ТАРИГЧ”

Нэгдүгээр сарын 1-нд буюу 2016 оны эхний өдөр нэгэн шинэ кино нээлтээ хийх юм байна. Тодруулбал, найруулагч Д.Галбаярын “Шуугиан таригч” уран сайхны киноны анхны трейлер цацагдаж эхэллээ.

Сонирхолтой нь энэхүү инээдмийн төрлийн киноны гол дүрийг найруулагч Д.Галбаяр өөрөө бүтээсэн бол киноны продюсероор түүний эхнэр Т.Хулан ажилласан байна. “Хайрын рекорд”, “Намрын синдром”, “Тагнуулч аав” зэрэг кинонуудыг найруулсан “Go Adventure” студийн захирал Галбаярыг жүжигчин Дашхүүгийн хүү гэдгээр нь хүмүүс мэдэх биз ээ. Тэрээр 2004 онд нэвтрүүлэг хийхээр төлөвлөж байсан санаагаа уран сайхны кино болгосон гэнэ. Уг киноны эмэгтэй гол дүрд “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны Яргуйгийн дүрээр олонд танигдсан М.Бямбаа тоглож байгаа аж. Мөн жүжигчин Т.Бархүү, Х.Намуун, Э.Мөнхтөр, А.Өнөржаргал, Д.Энхбаяр, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Г.Мягмарнаран зэрэг уран бүтээлчид оролцон тогложээ. Уг кинонд нэгэн гудамжны архичин залуугийн амьдралд гэнэтийн аз ч юм уу хувь тохиол ч юм уу тохиож хөрөнгө мөнгөтэй нөлөө бүхий эрхэм болж хувирна. Энэ нь гол дүрийн залууд яг л зүүд шиг санагдах болно. Үйл явдал хэрхэн өрнөж хэрхэн шуугиан дэгдэхийг уг киноноос үзэх боломжтой аж.

“БИ ЭЭЖ БОЛМООР БАЙНА”

“Маск” продакшны залуу уран бүтээлчдийн шинэ бүтээл “Би ээж болмоор байна” уран сайхны кино энэ оны гуравдугаар сард үзэгчдийн хүртээл болох аж. Киноны найруулагчаар ах, дүү Г.Дарханбаяр, Г.Дарханбаатар нар ажиллаж байгаа бол зохиолыг Г.Дарханбат бичсэн байна. “Маск” продакшны жүжигчин Ц.Ганзориг, Ш.Жавхлан нар хамтран энэхүү уянгын инээдмийн төрлийн “Би ээж болмоор байна” уран сайхны киног бүтээж байгаа сурагтай. Учир нь хоёр жүжигчин энэхүү санаагаа 2002 онд оюутан байхдаа олсон ч продакшныхаа жүжиг болон бусад уран сайхны кинонд тоглоод тун завгүй байсаар өдий хүрсэн гэнэ. Харин киноны гол дүрийг жүжигчин Ш.Жавхлан бүтээж байгаа аж. Мөн түүнтэй хамт нэгэн дуучин бүсгүй тоглох юм байна. Одоохондоо уг дуучин бүсгүйг нууцалж байгаа гэсэн. “Би ээж болмоор байна” кино хүүхэд төрүүлэх боломжгүй бүсгүйчүүд болон үр хөндүүлж буй эмэгтэйчүүдийн асуудлыг хөндөх юм байна.

“ЗҮРХЭНД ТУССАН НУЛИМС”

“Морьтон энтертайнмент”, “35 фильмс”-ийн хамтын бүтээл “Зүрхэнд туссан нулимс” уран сайхны кино шинэ он гарангуут нээлтээ хийхээр төлөвлөжээ. Өнөөгийн нийгэмд газар авч буй гэр бүл салалт, эх үрийн хагацал, хүүхдийн хүчирхийллийг тусган харуулсан “Зүрхэнд туссан нулимс” уран сайхны киноны найруулагч, зохиолчоор Л.Ариунболд ажиллажээ. Гэр бүлийн салалтын гол хохирогч нь эцэстээ хүүхдүүд болдог тухай өгүүлэх уг киноны гол дүрийг М.Золжаргал, Б.Энхчимэг, Ж.Цовоо нар бүтээжээ. Мөн жүжигчин Б.Батзаяа, Д.Оюунтуул зэрэг уран бүтээлчид тогложээ.

“ОРООЛОН”

“Кино цамхаг” студийн “Ороолон” хэмээх аймшгийн кино мөн л ирэх сард нээлтээ хийх гэж байна. Тус студийн хувьд кино тэр дундаа аймшгийн төрлийн киногоор дагнан уран бүтээл хийдэг гэхэд болно.“Зоорь”, “Хүүхэлдэй” зэрэг кино уг студийн бүтээл юм. Дээрх хоёр киноны зохиолыг аймшгийн төрлөөр бичдэг зохиолч гэгддэг Ц.Ууганбаяр бичиж байсан бол “Ороолон” киноны зохиолыг тус студийн найруулагч Б.Цогт-Эрдэнэ бичжээ. Харин найруулагчаар жүжигчин Соёлын тэргүүний ажилтан Ө.Мөнгөнтулга ажиллаж байгаа аж. Хэсэг залуус цугларч шинэ оны баярын үдшийг хамтдаа өнгөрүүлэхээр шийднэ. Гэвч баяраа тэмдэглэх мөчид төсөөлшгүй эргэлт болно. Улмаар киноны сонирхолтой өрнөл, аймшигт үйл явдал руу хөтлөх байна. Кинонд СТА Д.Бямбацогт, СТА Б. Сарантуяа , “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны гол дүрийн залуу болох жүжигчин Б.Энхтүвшин, жүжигчин Ц.Эрдэнэцэцэг, М.Батзориг, Э.Пүрэвжаргал, Г.Баярхүү, П.Солонго, Б.Эрдэнэхүү, Э.Билэгтмаа нар тогложээ. Мөн “Хүүхэлдэй” киноны арын албаны уран бүтээлчид дахин ажллажээ. Тодруулбал, нүүр хувиргагчаар make up artist Г.Хос-Эрдэнэ, Г.Сувд- Эрдэнэ, зураглаач М.Цэндлодой, дууны найруулагч Н.Бямбацогт, найруулагч Х.Түвшин нар ажиллаж байна. Киноны дууг реппер DESANT, дуучин SOLO нар хамтран дуулж байгаа аж.

Categories
энтертаймент-ертөнц

“Аватар 2” 2016 онд нээлтээ хийнэ

Нэрт найруулагч Жеймс Камерон “Аватар 2” киноны зураг авалтаа 2016 оны эхээр эхэлж, оны сүүлчээр буюу ирэх арванхоёрдугаар сарын 17-нд нээлтээ хийнэ гэж мэдэгдэлтэй зэрэгцээд “Оддын дайн” киноны продюсерүүд дараагийн ангийг 2017 оны тавдугаар сард гаргана хэмээн найруулагч нь амласан байна. Хамгийн их ашигтай кино болсон “Аватар”-ын үргэлжлэл “Аватар2”-ын сүрэнд дарагдахаас айсан учраас ийнхүү түрүүлж гаргах гэж байж магадгүй гэцгээж байгаа юм. “Аватар”-ын уран бүтээлчид “Аватар2”-ын төсөл дээр бараг хоёр жил ажиллаж байгаа гэнэ. Киноны зохиолыг бичих ажил дуусах шатандаа орж, технологийн шинэчлэлүүд хийгдэж байгаа ажээ. Кино багийнхан зураг авалт эхлэхийн өмнө Пандора гариг дээрх нууцлаг ертөнцийг бий болгох юм байна.

Categories
энтертаймент-ертөнц

Америкийн Нью-Йорк хот дахь хачирхалтай музейнүүд

эн нэгэн таньд Нью-Йорк хотын музейг танилцуулья эсвэл бүр дагуулаад явъя гэвэл та хамгийн түрүүнд Байгалийн түүхийн музей, MoMA, “Guggenheim” болон “Whitney” руу явах гэж байна гэж бодож магад. Гэхдээ эдгээрээс гадна этгээд хачин, сонин содон музей бий гэвэл итгэх үү? Тэгвэл бид тэдгээр музейнээс цөөн хэдийг нь танилцуулъя.

1. Morbid Anatomy Museum. Энд халдварт болон халдварт бус бүх төрлийн өвчин хүндрэхээрээ хүний биед ямархуу сөрөг нөлөө үзүүлдэг гэдгийг бодитоор дүрслэн харуулсан байна. Өөрөөр хэлбэл тухайн өвчин хүндрэхээр хүний биед ямар сөрөг нөлөө үзүүлж, өвчтөний гадаад төрх хэрхэн аймшигтайгаар өөрчлөгддөг гэдгийг харуулжээ. Тухайлбал сахуу, яр, хамуу, уушигний сүрье зэрэг өвчнөө хүндрүүлж, улмаар үхэхээс наахнуур болсон хүний бие мах бодийг лааны тосоор урлан харуулжээ.

2. Waterfront Museum Энд далайн аялалд гарсан хадий ч харамсалтайгаар зорьсон газраа хүрч чадаагүй хүмүүсийн гэгээн дурсгалд зориулан босгожээ. Энд харангадаж үхэх хүртлээ далай дээгүүр тэврэн хөвсөн сал, гараараа оёсон Христийн дүрс бүхий хатгамал, хүүхдийн тоглоомоос өгсүүлээд эцсийн мөчид өөрийн амийг хөнөөсөн галт зэвсэг хүртэл хадгалаастай байдаг аж. Тэр бүү хэл ямар хоол хүнсгүй болчихоод талыг нь зажлаад идчихсэн хөвөн, гутлын үдээс, цаас зэргийг хүртэл дэлгэн тавьжээ.

3. “Mmuseumm” Нью-Йорк хотын хятад хороололд байдаг дэлхийн хамгийн жижиг музей. Цахилгаан шатанд байрлах бөгөөд дэлхийн хамгийн том барилга байгууламжаас өгсүүлээд нүдэнд үл үзэгдэх нян, жижиг биетийг хүртэл хуруу шилэнд загварчлан багтааснаараа онцлог аж. Хэдий бага талбайд байдаг хэдий ч хэдэн зуун үзмэр байршуулсан байдаг аж.

4. The Skyscraper Museum. Энэ Нью-Йорк хотын Манхаттан дүүргийг дүрслэн харуулсан бөгөөд энэ музейг сонирхсон бүхэн тус хотыг дээрээс нь нисдэг тэргэнд суун тольдож байгаа мэт сэтгэгдэл төрнө. Зарим жуулчид энд зорин очиж, өөрсдийн очихыг хүрсэн газраа хэрхэн дөт замаар очиж болохоо харж болдгоороо давуу аж.

5. Museum of Food and Drink. Энэ музейг MOFAD гэдгээр нь хүн бүр мэднэ. Энд ирвэл та үндэстэй ястан болгоны хоол хүнсийг үнэрлэж, бас амталж болохоос гадна хүсвэл яаж хийх аргачлал болох видео хичээлийг нь үзэж болох гэнэ. Гэхдээ та хоолны амтыг нь үзэхийн тулд бэлэн болсон хоолноос халбагадаж амсах, үнэрлэх бус харин тусгай төхөөрөмжмийн тусламжтайгаар энэ бүхнийг мэдрэх боломжтой гэдгээрээ онцлог юм.

Categories
энтертаймент-ертөнц

Шинэ жилийн баяраар хүмүүсийн хамгийн их үзсэн таван кино

Шинэ жилийн баяраар ногоон гацуураар чимж, баярын ширээгээ засаад гэр бүлээрээ тойрч суун халуун дулаан, хөгжил хөөртэй яриа өрнүүлэхээс илүү жаргал гэж үгүй. Бас цэнхэр дэлгэцээр гарах нэвтрүүлэг, тэр дундаа зул сарын баярын киног гэр бүлээрээ, дотно найз нөхөдтэйгөө шимтэн үзэх үнэхээр таатай. Тэгвэл шинэ жилийн баяраар хүмүүсийн хамгийн их үзсэн шилдгийн шилдэг таван киног та бүхэндээ танилцуулж байна.

1. Хувь тавилангийн ээдрээ буюу ууранд суусан паян (Ирония судьбы, или С лёгким паром!)

ЗХУ-ын нэрт найруулагч Эльдар Рязановын 1975 оны бүтээл. Гол дүрд Андрей Мягков, Барбара Брыльска, Юрий Яковлев нар тоглосон.

Москвад ээжтэйгээ амьдардаг Женя Лукашин, Ленинградын үзэсгэлэнт бүсгүй Надя, түүний сүйт хархүү Ипполит Георгиевич нарын шинэ жилийн өмнөх оройн будилаан бол бүхэлдээ амьд тоглолт билээ. Барилгачдын 3-р гудамжны 25-р байрны 12 тоотод амьдардаг гэртээ сүйт бүсгүйгээ анх урьсан Женя санаандгүй Ленинградад амьдардаг Надя бүсгүйн гэрт ороод унтаж орхино. Харин бүсгүйг гэртээ ирэхэд танихгүй эр унтаж байх. Энэ бүх хачирхалтай хэргийн зангилаа эцэстээ Брежневийн эриний Зөвлөлтийн нийтийн орон сууцны нэг хэвийн архитектураас болсон нь тайлагдана. Үзэхэд хэзээ ч уйдахгүй. Хэрэв та энэ киног өнгөрсөн жил шинэ жилээр үзсэн бол шинэ ангийг нь үзэхийг зөвлөе. Шинэ ангид киноны адал явдалт баатруудыг тэдний хүүхдүүд дахин учруулах болно. Хувь тавилангийн ээдрээ 2 киног Тимур Бекмамбетов найруулж, Мосфильм кино студид бүтээсэн юм. Киноны гол дүрд Андрей Мягков, Барбара Брыльска, Юрий Яковлев болон Константин Хабенский, Элизавета Боярская, Сергей Безруков нар тоглосон билээ. “Хувь тавилангийн ээдрээ-2” 2007 онд дэлгэцнээ анх гарсан юм.

2. Амьдрах сайхан (It’s a wonderful life)

Филип ван Дорен Штерны “Гайхамшигт бэлэг”зохиолоос сэдэвлэн, Фрэнк Капрагийн найруулсан “Амьдрах сайхан” кино бол Зул сарын зөгнөлт, сонгодог драм билээ. Киноны гол дүрд Жеймс Стюарт, Донна Рид, Лайонел Бэрримор, Уорд Бонд, Томас Митчелл, Глориа Грэхэм нар тоглосон. Америкийн шилдэг 100 киноны нэгд зүй ёсоор тооцогддог энэхүү кино Зул сарын баярыг догдлон хүлээх шалтгаан нь зөвхөн бэлэг биш, хайр, урам зориг, итгэл гэдгийг харуулсан болохоор бид үзэх дуртай.

3. “Жинхэнэ хайр” (Love actually)

Ричард Куртисын найруулсан сонгодог романтик инээдмийн киноны гол дүрд Алан Рикман, Эмма Томпсон, Кейра Найтли, Хью Грант, Колин Фёрт зэрэг алдартнууд тоглосон билээ. Романтик кинонд дургүй нэгэн ч суудлаасаа өндийлгүй үздэг энэхүү кино бол Англи маягийн хайр дурлалын хачин цуглуулга. Гэсэн ч найман өөр дурлалт хосын тухай өгүүлдэг энэ кинонд бид яагаад ч юм дуртай. Мэдээж тэдний адал явдал Зул сартай холбоотой өрнөнө. Киноны хамгийн гунигтай хэсэг нь Харри залуухан үзэсгэлэнтэй нарийн бичиг хүүхэнтэй учир ургуулсныг эхнэр нь мэдэж, гомдсон тухай юм. Олон үзэгч тэдний учир битүүлэг эвлэрлийн талаар зохиолчоос асуудаг аж. Харин зохиолч баатрууд нь амьдралдаа алдаж, оносон ч эцэст нь зөв замаа олсон гэж баталдаг.

4. Гэртээ ганцаараа (Home alone)

Крис Коламбусын найруулж, Маколей Калкин гол дүрд нь тоглосон Зул сарын сэдэвт Америкийн инээдмийн кино олон үзэгчдийн дурсамжийг сэдрээдэг бизээ. Киног үзэх дуртай байсан 90-ээд оны хүүхдүүд киноны гол баатрын дүрд тоглосон Маколей Калкины адил эрийн цээнд хүрсэн ч киног одоо хэр нь үзэх дуртай. Хэрвээ та энэ киног үзээгүй дэлхий дээрх цорын ганц хүн бол кинонд Зул сарын баярын өглөө гэртээ ганцаараа үлдсэн жаахан хүүгийн тухай өгүүлдэг. Түүнийг тааварлашгүй олон зүйлс хүлээж байгаа. Техник, технологи, харилцаа холбоо хөгжсөн үе ч гэлээ бяцхан хүүд хэцүү байдлаас гарах амаргүй байх болно. Энэ чинь кино шүү дээ.

5. Брижит Жонсын өдрийн тэмдэглэл (Bridget Jones’s Diary)

Шэрон Магуайрын найруулж, гол дүрд нь Рене Зеллвегер, Колин Фёрт, Хью Грант нар тоглосон 2001 оны энэ кино бол Зул сарын сэдэвт бас нэгэн сонгодог бүтээл. Хелен Филдингийн ижил нэрт зохиолоос сэдэвлэсэн уг кинонд англи сэтгүүлч Брижитийн хайр дурлал, амьдралын тухай өгүүлнэ. Супер бүсгүйн тухай энэхүү киног аавтайгаа хамт үзэхэд тийм ч таатай биш гэдгийг сануулъя. Гэхдээ шинэ жилийн орой заавал үзэх кино.

Categories
энтертаймент-ертөнц

“Galaxy S7” утас ирэх оны III сард худалдаанд гарна

БНСУ-ын “Самсунг” компани нь Галакси загварын цуврал гар утасны шинэ загвар болох “Galaxy S7” утсыг ирэх оны III сард худалдаанд гаргахаар болжээ.

Энэ утасны давуу тал нь утасны батарей 30 минутад бүрэн цэнэглэгдэх ба дэлгэцийн мэдрэмж болон өнгөний үзүүлэлт өмнөхөөс хэд дахин их болсон байна. Галакси загварын утас хамгийн их борлуулагдаж байгаа юм. Шинэ загварын утас бүрт шинэ технологи суулгасан байдаг ба “Galaxy S7” нь технологийн дэвшлийг шингээсэн аж.

Categories
энтертаймент-ертөнц

“X Factor”-ын ялагчаар Луиса Жонсон тодорчээ

2006 оноос тасралтгүй зохион байгуулагдаж буй “X Factor” шоуны энэ улирлын ялагч тодорчээ. Эцсийн шалгаруулалт Лондонгийн “Wembley Arena” цэнгэлдэхэд болсон байна. Ялагчаар 17 настай Луиса Жонсон тодорсон бөгөөд тэрбээр дуучин, шүүгч Рита Орагийн багийн гишүүн байсан юм.

Луиса финалд Жэймс Брауны “It`s A Man’s World” дууг дуулжээ. Өчигдрийн тоглолтод анхны ялагч дуучин Леона Левас болон тус шоунаас төрөн гарсан “One Direction” хамтлагийнхан оролцож, ая дуугаа хүргэсэн байна.

Финалын дараа ялагч твиттертээ “Маш их баярлалаа. Та бүхний итгэлийг алдахгүй сайн уран бүтээлч болох болно. Намайг дэмжсэн бүх хүнд талархаж байна. Би одоо хүртэл ялагч болсондоо итгэхгүй байна” гэж жиргэжээ.

Categories
энтертаймент-ертөнц

Н.Анугийн даашинз “Топ-10”-т шалгарлаа

“Дэлхийн мисс” шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд Хятадын Саньяа хотод болж байгаа билээ. Тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлөн оролцож буй мисс Н.Анугийн гоёлын даашинз 130 орны үзэсгэлэнт бүсгүйчүүдийн даашинзаас шилдэг 10-т шалгарчээ.

Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа “Бурхан минь, ямар их баярлаж байна вэ. Энэ олон жил моделиор ажиллаж туршлага хуримтлуулсны хэрэг гарч байна. Мөн энэ гайхалтай даашинзыг урласан авьяаслаг, эрч хүчтэй хамт олон болон дизайнер нартаа талархаад баршгүй нь. Та бүхний гайхалтай ур ухаан, зүрх сэтгэл, хүч хөдөлмөрөө зориулсан бүтээл дэлхийн 130 орны бүсгүйчүүдийн дааншинзаас тодрон ТОП-10-ын “Шилдэг дизайн”-аар шалгарч чадлаа. Монгол дизайнаруудын ур ухаан дэлхийн тавцанд гайхагдаж байна. Намайг дэмжиж байгаа бүх хүмүүст баярлалаа. Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тавцанд дуурсгах миний мөрөөдөл биеллээ олж байна” хэмээн бичжээ.

Тус тэмцээнд Монголын миссүүд 2005 оноос хойш 11 дэх жилдээ оролцож байгаа юм. Энэ сарын 19-ийг хүртэл үргэлжлэх тус тэмцээн нь “Далайн эргийн үзэсгэлэн гоо”, “Авьяаслаг мисс”, “Спортлог мисс”, “Зорилготой мисс”, “Шилдэг загвар өмсөгч” гэсэн төрлөөр шилдгүүдээ шалгаруулдаг билээ.

Categories
энтертаймент-ертөнц

Леди Гага “Алтан бөмбөрцөгт” нэр дэвшив

Леди Гага “Аймшгийн америк түүх” кинонд

Кадр: FX Networks / Courtesy Everett Collection / East News

Лос-Анжелес хотноо “Алтан бөмбөрцөг” кино шагналд нэр дэвшигчдийг зарлалаа. Тэдэн дотор таван улирал дараалан “Аймгийн америк түүх” аймшгийн олон ангит кинонд тоглож байгаа Америкийн дуучин Леди Гага боллоо. Тэрээр, “Мини олон ангит буюу ТВ-д зориулагдсан киноны шилдэг эмэгтэй жүжигчин” номинацид нэр дэвшжээ. Ялагч нарыг ирэх сарын 10-нд зарлах юм. Шагналд дэвшигчдийн бүтэн жагсаалтыг шагналын сайтаас харж болно.

“Шилдэг кино (драма) гэх гол ангилалд нь “Кэрол”, “Шалгаран үлдэгч”, “Галзуу Макс: хилэгнэлийн зам”, “Тасалгаа”, “Анхаарлын төвд” кинонууд өрсөлдөнө.

“Шилдэг кино (инээдмийн эсвэл хөгжмийн)” номинацид “Жой”, “Ангарагийн хүн”, “Тагнуулч”, “Ёо ёогүй бүсгүй”, “Доош хийх тоглоом” зэрэг кинонууд бичигдлээ.

Тодд Хейнс (“Кэрол”), Алехандро Гонсалес Иньярриту (“Шалгаран үлдэгч”), Жорж Миллер (“Галзуу Макс: хилэгнэлийн зам”), Ридли Скотт (“Ангарагийн хүн”), Томас Маккарти (“Прожектор”) нараас шилдэг найруулагч нарыг тодруулна.

Шилдэг эмэгтэй жүжигчний төлөө Кейт Бланшетт (“Кэрол”), Бри Ларсон (“Тасалгаа”), Руни Мара («Кэрол»), Сирша Ронан (“Бруклин”), Алисия Викандер (“даниас ирсэн бүсгүй) нар өрсөлдөх юм.

Инээдмийн киноны жүжигчдийн шилдгийн номинацид Женнифер Лоуренс (“Жой”), Мелисса Маккарти (“Тагнуулч”), Эми Шумер (“Ёо ёогүй бүсгүй”), Мэгги Смит (Бүхээгт тэрэг дэх бүсгүй), Лили Томлин (“Эмээ”) нар бичигдлээ.

“Драмын шилдэг жүжигчин” шагналын төлөө Брайан Крэнстон (“Трамбо”), Леонардо Ди Каприо (“Шалгаран үлдэгч”), Майкл Фассбендер (“Стив Жобс”), Эдди Редмэйн (“Даниас ирсэн бүсгүй”). Нар тэмцэлдэнэ. “Инээдмийн шилдэг жүжигчин эрэгтэй” номинацид Кристиан Бейл, Стив Кэрелл (“Доош хийх тоглоом”), Мэтт Деймон (“Ангарагийн хүн”), Аль Пачино (“Хоёр дахь боломж”), Марк Руффало (“Төгсгөлгүй, цагаан баавгай”) нар бичигдлээ.

“Шилдэг кино зохиол номинацид “Тасалгаа”, “Анхаарлын төвд”, “Доош хийх тоглоом”, “Стив Жобс”, “Ой гутам найм” кинонууд дэвшлээ.

“Алтан бөмбөрцгийн” шүүгчид телевизийн нэр дэвшигчдээ бас нэрлэсэн юм. “Драмын шилдэг олон ангит” номинацид “Эзэнт улс”, “Хаан ширээний тоглоом”, “Нарко”, “Мистер Робот”, “Харийн эмэгтэй” кинонуудтелевизийн шилдэг инээдмийн кино буюу хөгжмийн кинонд “Нөхцөлгүйгээр”, “Моцарт ширэнгэн ойд”, “Цахиуртын хөндий”, “Харахаас”, Улирлын улаан шаргал хит”, “Дэд ерөнхийлөгч” зэрэг шалгарчээ.

“Алтан бөмбөрцөг” шагналыг 1944 оноос хойш жил бүр гардуулж иржээ. Шагналыг Холливудад ажилладаг ер орчим гадаадын сурвалжлагч нарын эвслээс олгодог бөгөөд “Оскарын” дараах хүндтэй шагнал юм.

Categories
энтертаймент-ертөнц

Лийр жин буруулна

Луизиана мужийн их сургуулийн харьяа хөдөө аж ахуйн сургуулийн судлаачид нэгэн сонирхолтой судалгаа явуулсан байна. Эрдэмтэд лийрийг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэдэг хүмүүсийн бэлхүүс нарийн байдаг болохыг тогтоожээ. Уг жимсийг огт хэрэглэдэггүй хүмүүстэй харьцуулахад тэдний биеийн жин 35 хуваарь буурсан байжээ. Дээрх сургуулийн судалгааны багийн ахлагч доктор Карл О’Нэйл онцлохдоо “Лийр болон хүний биеийн жингийн хоорондох холбоо нь бидний анхаарлыг татаад байгаа юм. Учир нь лийр хэрэглэгдэг болон үл хэрэглэгчдийг харьцуулахад энерги зарцуулалт, биеийн үйл ажиллагааны хооронд ялгаа байдаггүй ч лийрийг тогтмол хэрэглэсэн хүмүүсийн биеийн жин буурсан байсан” гэв. Амин дэм С, нүүрс ус, магни, калийгаар баялаг лийрийг тогтмол хэрэглэснээр эдгээр бодисын хэрэгцээгээ хангаж болох юм байна.

О.ЗОРИГТСАЙХАН

Categories
энтертаймент-ертөнц

45 минутанд нэг сая ам.доллар үржээ

Мэргэжлийн сагсан бөмбөгт сонгогдож, анхныхаа гэрээг байгуулж байхдаа, 20 настай Шакил О’Ниэл цаг хүрэхгүй хугацаанд нэг сая ам.доллар үрсэн гэдэг. 2015-2016 оны шинэ улирлын өмнө CNN-ний сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа чухам юунд их хэмжээний мөнгө үрснээ тайлбарлахдаа “Хамгийн түрүүнд миний хийсэн зүйл бол аав ээжийнхээ ажлыг хөнгөвчлөх байсан. Мөн ээжийгээ баярлуулах, ээжийнхээ байшингийн өрийг дарах, ээждээ мөрөөдөөд ч авч чадахааргүй “Мерседес бенз” машиныг нь авч өгөх, аавдаа, мөн өөртөө нэгийг гээд. Би үнэхээр сайн хүү, энэ бүгдийг хийсэндээ баярлаж явдаг” гэжээ. Шакил О’Ниэл ид тоглож байх үедээ 291 сая ам.долларын гэрээг байгуулж тухайн үед лигтээ давамгайлсан тоглолтыг үзүүлсэн гэдэг. Одоо тэрээр Ти Эн Ти телевизийн NBA- ийн дотоод ертөнц шоунд шинжээчээр ажилладаг юм байна.

О.ЗОРИГТСАЙХАН