Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Монгол судлаачийн бүтээл “ARTS OF ASIA” сэтгүүлд хэвлэгдлээ

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Хүннү ба эртний түүхийн судалгааны салбарын эрхлэг, доктор Г.Эрэгзэнгийн Seiyon Oh “Nomadic Empires of the Mongolian Stepps” нэртэй өгүүлэл “Arts of Asia” сэтгүүлийн шинэхэн дугаарт хэвлэгджээ.

Энэхүү бүтээлд тэрбээр томоохон судалгаанаасаа сорлон оруулсан байна. Тухайлбал, Архангай аймгийн Батцэнгэл сумын “Худгийн толгой”, Төв аймгийн Алтанбулаг сумын “Морин толгой” зэрэг газруудад хийсэн Хүннүгийн жижиг улсуудын талаарх судалгаа, Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Дуурлиг нарс” гэдэг газарт зургаан жил гаруй Хүннүгийн язгууртнуудын булшны дурсгалын судалга зэргийг багтаажээ.


Доктор Г.Эрэгзэн нь 2012 оноос хойш Солонгосын археологчидтой хамтран Төв аймгийн Баянжаргалан сумын “Гуа дов” гэдэг газарт Хүннүгийн хотын малтлага судалгааны ажлыг хийж байгаа юм. Энэ малтлагаар вааран дээвэртэй хаалганы үлдэгдэл илрүүлжээ. Мөн тэрбээр Мөнгөнморьт сумын нутаг “Хустын булаг” гэх газар Японы археологчидтой хамтран Хүннүгийн төмөр хайлуулах зуухны судалгааг хийж байгаа юм.






Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Алтан Хальс”-ны эзэд баасан гаригт тодорно

Монголд арт киног таниулах, монгол болон гадаадын уран бүтээлчдийн сэтгэлгээ, шинэлэг тал, авьяасыг нээн харуулж, кино урлагт шинэ уур амьсгал, шинэ давалгааг бий болгох зорилготойгоор “Алтан хальс” холбооноос зургаа дахь жилдээ зохион байгуулж байгаа Алтан хальс индепендент кино наадам үргэлжилж байна.

Энэ удаагийн кино наадам Хүүрнэлт кино, Хүүхэлдэйн кино, Баримтат кино, Эксперименталь кино гэсэн төрлөөр болж буй. Энэ жил гадаадын 55 орны 487, Монголын 27 бүтээл иржээ. Уралдаант хэсэгт өрсөлдөхөөр шалгарсан 31 бүтээлийн 17 нь Монгол кино байна.

Кино наадам энэ сарын 2 – 8-ны хооронд “iCinema” кино театрт зохиогдох буй бөгөөд кино наадмын төгсгөлд шүүгчдийн багийн эцсийн шийдвэрийг олон нийтэд зарлан шагнал гардуулах ёслол болно.

Шилдгийн шилдэг бүтээл “AltanKhalis Award – Алтан хальс шагнал”ыг хүртэнэ. Мөн дараах шагналыг олгоно.

Шилдэг монгол хүүрнэлт кино (өргөмжлөл, мөнгөн шагнал)

Шилдэг монгол хүүхэлдэйн кино (өргөмжлөл, мөнгөн шагнал)

Шилдэг монгол баримтат кино (өргөмжлөл, мөнгөн шагнал)

Шилдэг монгол эскпериментал кино (өргөмжлөл, шагнал)

Шилдэг гадаад хүүрнэлт кино (өргөмжлөл, мөнгөн шагнал)

Шилдэг гадаад хүүхэлдэйн кино (өргөмжлөл, мөнгөн шагнал)

Шилдэг гадаад баримтат кино (өргөмжлөл, мөнгөн шагнал)

Шилдэг гадаад эскпериментал кино (өргөмжлөл, мөнгөн шагнал)

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Балетын олон улсын уралдаанд О.Анужин түрүүлэв

Монгол Улсын Гавьяат жүжигчин, балетчин Д.Алтанхуяг балетын олон улсын анх­дугаар уралдааныг Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Балетын олон улсын анхдугаар наадмын шилдгүүдэд шагнал гардуулах ёслол болон нэгдсэн тоглолт энэ сарын 1-ний үдэш ДБЭТ-т болсон юм. Энэ­хүү уралдаанд Монгол, ОХУ, БНСУ, БНХАУ, Япон, Сингапур гэсэн зургаан орноос нийт 80 балетчин ур чадвар сорьсноос 19-29 насны ан­гилалд УДБЭТ-ын балетын гоцлооч О.Ану­жин шилдгээр шалгарч гран при шагнал хүртэв.

Монголын Балетын олон улсын анхдугаар уралдааныг шүүхээр долоон орноос 11 шүүгч хүрэлцэн ирсэн.

БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Сэргэлэн үзэгчид, уралдаанд оролцогчид, шүүгчдэд хандаж үг хэлэхдээ “Манай Алтанхуяг шүүгчдийн талаар албан ёсны болоод даруухнаар танилцуулж байна. Энд та бүхний өмнө долоон орноос хүрэлцэн ирсэн 11 шүүгч сууж байна. Энэ хүмүүс бүгд үндэстнийхээ балетын урлагийн одод, онцгой байр суурьтай хүмүүс. Тухайлбал, Казахстанаас ирсэн шүүгч Турсинбек Нуркалиев бол тус улсын Ерөнхийлөгч Н.Назарбаевын соёлын бодлогын зөвлөх, “Астана балет”-ыг үүсгэн байгуулагч, өдгөө уран сайхны удирдагч нь юм. Япон улсад нэр хүндтэй “Токио Комаки ба­лет”-ын үүсгэн байгуулагч Со Кикүчи, БНХАУ-ын балетын од Шин Лили, ХБНГУ-ыг төлөөлж ирсэн, Оросын балетын Пермийн дэг сургуулийн төлөөлөл Надя Саидакова нарыг дурдахад л шүүгчдийн чансаа харагдана. Манай улсад анх удаа болж буй олон улсын уралдааныг шүүхийг зөвшөөрч хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Цаашид таван тивийн олон орноос Монголын балетын урлагт хүндэтгэл үзүүлж уран бүтээлчид олноор ирж оролцоосой гэсэн ерөөл тавья” хэмээсэн юм.

Шүүгчдийн төлөөлөл, БНСУ-ын Балетын сан­гийн тэргүүн Пак Жэ Кён “Монголын Ба­летын олон улсын уралдаан цаашид дэлхийн хэмжээний хамгийн нэр хүндтэй арга хэмжээ болоосой гэж ерөөе. Оролцогчдод хандаж хэлэхэд ялсан ч, ялагдсан ч энэ тэмцээн та бүхний их урлагт хөлөө зөв тавихад түлхэц болсон ал­хам байх болно. Мөн энэ тайзан дээ­рээс Монго­лын балетад үүрд дурсагдах хоёр хүний нэ­рийг хэлэхийг хүсэж байна. Тэр хүмүүс бол танай улсад балетын урлагийг үүсгэн хөгжүүлэгч Б.Жамъяндагва болон Монголыг олон улсын уралдаантай болгож буй санаачлагч, зохион байгуулагч Д.Алтанхуяг нар юм. Энэ хоёр хүнийг би Монголын балетын баатрууд гэж бодож, хүндэтгэж явах болно. Монголын Балетын олон улсын хоёрдугаар уралдааныг зохион байгуулахад бүхий л хүчин чадлаа дайчлан оролцохоо амлаж байна” гэв.

Categories
энтертаймент-ертөнц

“Авьяаслаг монголчууд-2018” шоуг шүүх шүүгчдийг зарлав

“Монгол НD” телевизийн хамт олон “Авьяаслаг монголчууд-2018” шоуг гурав дахь жилдээ зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж чадсан дэлхийн шоуны бүртгэл өнгөрсөн нэгдүгээр сарын 08-наас эхэлсэн.

Шоуны оролцогчдын тоо хязгааргүй. Урлагийн олон төрлөөр аль болох олон авьяастнуудыг бүртгэсэн аж. Тус шоу нь 2017 онд “The Voice” шоутай давхцаж байсан учраас зохион байгуулаагүй. Харин 2018 ондоо үргэлжлүүлэн, үзэгчдэдээ хүргэхээр болсон байна.

Тэгвэл энэ удаагийн шоу нэвтрүүлгийн шүүгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оржээ. Тодруулбал, “Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлэг ирэх есдүгээр сараас үзэгчдийн хүртээл болох гэнэ. Шүүгчдийн тухайд реппер, продюсер Рокит бэй, хөтлөгч продюсер П.Анужин, жүжигчин Г.Ундармаа, Чингис хаан одонт, гавьяат жүжигчин Г.Ариунбаатар нар шоуг шүүхээр болжээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Дуучин А.Түмэн-Өлзий шинэ уран бүтээлээ толилууллаа

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Соёлын тэргүүний ажилтан дуучин А. Түмэн-өлзий “Нандин xайрын цэцэгс” шинэ уран бүтээлээ толилууллаа. Дууны шүлгийг Ж.Даваадамдин, аяыг МУСТА Н.Баасандорж зохиожээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Амьтан судлалын анхны 4D ном худалдаанд гарлаа

Засгийн газрын тусгай сан Шинжлэх ухаан технологийн сангийн 25 жилийн ойн хүрээнд нийгэмд чиглэсэн бүтээлч ажлын хүрээнд AR технологитой дижитал 4D “Kids science” цуврал номын эхний дугаар болох “Амьтан судлал” ном худалдаанд гарлаа.

Боловсролын инновацийг дэмжиж, сургуулийн өмнөх, сургуулийн бага, дунд насныханд зориулсан шинжлэх ухаан, танин мэдэхүйн ач холбогдолтой уг номыг “Аргун” үндэсний контент үйлдвэрлэгч гарааны компанийн авьяаслаг залуус зохион бүтээжээ. Дурын ухаалаг утсан дээрээ “4D Амьтад” аппликэйшнийг татан ухаалаг төхөөрөмжийн камерыг номон дээрх амьтад руу чиглүүлэхэд тухайн амьтан амилж гурван хэмжээст дүрслэлээр дэргэд нь байгаа мэт харуулахаас гадна тэдний амьдрах орчин, үр төл, хоол тэжээл онцлог шинжийн талаар сонирхолтой мэдлэг мэдээллийг олгож хүүхэд багачуудыг хийсвэр болон бодит орон зайн гайхамшигт ертөнцөөр аялуулах юм.
Энэхүү номыг ашигласнаар хүүхэд багачууд шинжлэх ухаанд дур сонирхолтой болох ирээдүйн төлөвшилд нь хувь нэмэр оруулах зорилготой аж.
Шинжлэх ухаан технологийн сангийн захирал доктор Д.Энхжаргал хэлэхдээ, “Амьтан судлал” мэдээллийн технологид суурилсан дижитал 4D “Kids science” цуврал номыг гаргаж эхэлж байна. Хүн бол байгалийн амьтан. Байгаль дэлхийтэйгээ танилцаж, танин мэдэж байдаг. Бид эхний дугаар болгож 2-12 насны хүүхдэд зориулж анхны мэдээллийн технологийн дэвшил шингэсэн номыг гаргалаа. Монгол зан үйл монгол ахуй, монгол хэлний чиглэлээр дараагийн 4D ном хийхэд бэлэн болоод байна” гэлээ.

Номын нээлтэд БСШУСЯ-ны Бага дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир, Хүүхдийн номын ордны захирал Д.Оюунбилэг, Хүүхдийн номын зохиолч О.Сундуй, БСШУСЯ-ны ШУТБГ-ын дарга, доктор Д.Одгэрэл, ШУТСангийн захирал доктор Д.Энхжаргал, Start-Up “Аргун” ХХК-ийн захирал Н.Бямбагэрэл, ХБК-ийн сурагчид болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөөлөл оролцлоо.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“АВЬЯАСЛАГ МОНГОЛЧУУД 3” шоуны шүүгчид тодорлоо

Монгол HD телевизийн ирэх 9 дүгээр сард үзэгчдийн хүртээл болох “Авьяаслаг Монголчууд 3” шоуны шүүгчдийн бүрэлдэхүүн тодорчээ.

Дэлхий дахинд монголоо таниулан сурталчлах зорилготой тус шоунд өмнөх хоёр улирлын шүүгчээр ажиллаж байсан реппер, продюсер Рокит Бэй хэвээр байгаа бол үлдсэн гурван шүүгчийг шинээр сонгосон байна.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд реппер, продюсер Рокит Бэй, хөтлөгч, продюсер П.Анужин, жүжигчин, продюсер Г.Ундармаа, Чингис хаан одонт, МУГЖ Г.Ариунбаатар нар багтжээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Би эндээс явахгүй” драмын жүжиг тоглогдоно

УДЭТ-ын уран бүтээлчид Монголын театрын нэрт төлөөлөгч зохиолч, найруулагч, орчуулагч, судлаач, нийгэм соёлын нэрт зүтгэлтэн, Төрийн шагналт, Ардын жүжигчин Э.Оюуны “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжгийг үзэгчдийн хүсэлтээр энэ сарын 02, 03-нд дахин тайзнаа толилуулна.

Жүжгийн найруулагчаар Төрийн соёрхолт Н.Наранбаатар, зураачаар СТА Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор СТА Б.Цацрал, туслах найруулагчаар О.Итгэл нар ажилласан бол гол дүр Дорлигт СТА О.Гэрэлсүх, Дулмаад Б.Одгэрэл, Сэржмаад Ц.Аззаяа нар тус тус тогложээ.

Энэхүү жүжгээр гэр бүлийн үнэ цэнэ, хайр сэтгэл, анд нөхдийн холбоо, бие биедээ итгэх итгэл, урвалт, хүний мөс, ёс зүй зэрэг хүний нийгмийн бүхий л хүрээний асуудлыг хөндөн харуулах юм.
Тасалбар нь 10, 15, 20, 25 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд УДЭТ-ын билетийн касс, WWW.TICKET.MN, үнэгүй хүргэлт 1900-1800 худалдаалж байна.

Дашрамд дурдахад, эл бүтээлийг 1959 онд Ардын жүжигчин Б.Лоовойн найруулгаар тайзны бүтээл болгон жүжгийн гол дүр Дорлигт жүжигчин А.Цэрэндэндэв, Дулмаад Ардын жүжигчин Ч.Долгорсүрэн, Сэржмаад Ардын жүжигчин Т.Хандсүрэн нар тоглож байжээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Өнөөдөр “Царцаа намжил” хүүхдийн жүжиг тоглогдоно

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас зарласан “Хүүхдэд зориулсан уран бүтээлийн Х уралдаан”-д шалгарсан Я.Баяраа, Б.Хишигзаяа нарын зохиол МОНГОЛ АРДЫН ҮЛГЭРЭЭС СЭДЭВЛЭСЭН “Царцаа Намжил” хүүхдийн жүжиг эх үрсийн баярт зориулж өнөөдөр Улсын драмын эрдмийн театрт 14:00, 16:00 цагаас хоёрхон удаа тоглогдох гэж байна.

“ЦАРЦАА НАМЖИЛ” хүүхдийн жүжиг нь энэ хорвоо дээр нэг л ертөнц оршдоггүй билээ. Эгэл жирийн хүмүүс бидний амьдардаг энэ ертөнцийг “Замбуулин хорвоо” хэмээнэ. Харин эгэл жирийн хүмүүс бид, амьтны амь тасалдаггүй, өглөгч энэрэнгүй зантай, үнэн шударга сэтгэлтэй, шуналгүй, ховч, хуурмаг зангүй бол Арван цагаан буянтан гэгдэж, авралт бурхны оронд амьдрах эрхтэй болдог гэдэг.

Эрт урьдын цагт Эзэн Чингис ч төрөхөөс өмнө Намжил нэрт нэгэн хүү бурханы оронд очиж, эрдэм сурахаар болжээ. Ийнхүү эрдэм сурахаар явсан Намжил хөвүүнд тохиолдсон элдэв сонин хэрэг явдалын талаар энэхүү жүжигт өгүүлэх юм.
Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Өнөөдөр “НОМОО СОЛИЛЦЪЁ” өдөрлөг болно

Нийслэлийн Соёл, урлагийн газар, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран “Номоо солилцъё” өдөрлөгийг 2017 оны нэгдүгээр сараас эхлэн сар бүрийн эхний 7 хоногийн бямба гаригт уламжлал болгон зохион байгуулж ирсэн билээ. Энэ удаагийн “Номоо солилцъё” өдөрлөг 2018 оны зургаадугаар сарын 1-ний өдөр Д.Сүхбаатарын талбайд “Монгол хүүхдүүд” баярын хүрээнд зохион байгуулагдах бөгөөд “JCI Их хүрээ салбар” байгууллагын “Оюуны элч” төсөлтэй хамтран “1000 номын баяр” уриан дор хийхээр төлөвлөөд байна.

“JCI Их Хүрээ Салбар” байгууллагын зохиодог “Оюуны элч” төсөл нь 2011 оны гуравдугаар сараас эхлэн 7 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа төсөл юм.

Өдөрлөгийн үеэр Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангаас хүүхдийн номнуудыг солилцох бөгөөд номоо солилцсон хүүхэд бүрт “Оюуны элч” төслөөс 1 номыг бэлэглэнэ.

Хүүхэд багачууд, эцэг эхчүүд өөрсдийн солилцох номтойгоо ирж тус өдөрлөгтэй нэгдэж өөрийн уншсан номоо бусадтай солилцож уншихаас гадна хөгжөөнт тоглоом, хүүхдэд зориулсан уралдаан тэмцээнүүдэд оролцож олон олон бэлгийн эзэн болоорой. Өдөрлөг Жанжин Д.Сүхбаатарын талбайд байрлах 75, 76 дугаартай асарт зохион байгуулагдана гэж нийслэлийн Соёл, урлагийн газраас мэдээллээ.