Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Өмнөд Солонгосчуудын 58 хувь нь подкаст сонсдог

Мэдлэг мэдээлэл олж авах хамгийн хялбар бөгөөд үр дүнтэй аргад подкаст тооцогдох болжээ. Ихэвчлэн залуус тэр дундаа гар утас, дижитал бүтээгдэхүүн хэрэглэгчид подкаст илүүтэй сонсож төрөл бүрийн мэдээлэл авч байна. Подкаст нь радио нэвтрүүлгийг бодвол илүү олон нийтэд чиглэсэн, ярилцлага, хэлэлцүүлэг, бодол эргэцүүллээс бүтэхээс гадна илүү чөлөөтэй шинжтэй.Мөн радио нэвтрүүлгээс илүү урт хугацаатай байдаг.Хамгийн олзуурхууштай нь нэг удаа татаж аваад хадгалахад дахин сонсох боломжтой.

Reuters Institute-ийн сүүлийн үеийн тоон мэдээллээс харахад 22 орны иргэдийн гуравны нэгээс илүү хувь нь сарын турш олон төрлийн мэдээллийн подкаст сонсжээ. Дараах графикт харуулснаар хамгийн их подкаст сонсдог орноор Өмнөд Солонгос улс шалгарлаа. Солонгосын подкаст хэрэглэгчид мэдээний болон хөгжөөнт подкастыг өргөнөөр сонсдог байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Морин хуурын олон улсын VI наадам болно

Нийслэлийн Соёл урлагийн газар, Дэлхийн Морин хуурын холбоо хамтран зохион байгуулж буй Морин хуурын олон улсын VI наадам-уралдаан энэ сарын 30-наас ирэх сарын 05-нд Улаанбаатар хотноо болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны “Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай” 17 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд 2008 онд “Дэлхийн Морин хуурын холбоо” ТББ байгуулагдаж олон төрлийн арга хэмжээ зохион байгуулсны нэг нь Улаанбаатар хотод хоёр жил тутам болдог “Морин хуурын олон улсын наадам” юм.
Наадмын хүрээнд 2008, 2012, 2016 онд наадам-симпозиум, 2010, 2014 онд наадам-уралдааныг тус тус зохион байгуулсан. Дээрх арга хэмжээнд ОХУ, БНХАУ, Япон, АНУ, БНСУ, ХБНГУ, БНФУ-ын нийт 600 гаруй морин хуур суралцагсад болон багш, судлаач, урлаач, хамтлаг, чуулга оролцсон байна.
Наадам, симпозиум, уралдааны уран сайхан, эрдэм судлалын цар хүрээ улам бүр өргөжиж монгол үндэсний морин хуур дэлхийн олон орны иргэдийн шимтэн суралцдаг, судлан шинжилдэг хөгжим болсоор байгаа нь улс орныхоо соёлын нэр хүндийг дэлхий дахинд ахиулахад чухал хувь нэмэр болж буйг зохион байгуулагчид хэллээ.
Наадмын хүрээнд морин хуур сонирхогчдын уралдаан, Мэргэжлийн хуур урлаачдын уралдаан, Гадаад оролцогчдын тоглолт, уулзалт хэлэлцүүлэг, үзэсгэлэн тус тус болох юм. Морин хуурын олон улсын VI наадмын нээлт энэ сарын 05-нд Улсын Филармонийн тайзнаа болно. Тоглолтын тасалбар нь 15 мянган төгрөгийн үнэтэй байх аж.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Пянзан “RED” альбом

1984 онд хамгийн сүүлийн Монгол уран бүтээлчдийн пянз ЗХУ-д хэвлэгдсэн гэдэг. Тэгвэл түүнээс хойш Монгол пянзны тэсрэлтийг “Лемонс”-чууд эхэллээ. Уг нь хэдэн жилийн өмнө “Хурд” хамтлаг алтан пянз гаргасан. Алтаар хийсэн өндөр үнэтэй пянзыг үнэнч фэнүүд нь эрэл сурал болж авдаг гэсэн.

2006 онд гарсан даруйдаа залуусын шүтээн болсон, “The Lemons” хамтлагийн анхны цомог “Red Album” бидний гар дээр пянз болж ирэх нь. Пянз хэвлэлтийн жишгээр тэд цомгийн мастерингийг дахин хийсэн байна. Хамтлагийн гитарчин А.Энхтулга “Red Album цомог зарагдаж дуусаад хэвлүүлээгүй их удсан болохоор пянзаар хэвлүүлэхээр шийдсэн. Хүмүүс бас их асуудаг гэсэн. Цомгийн дизайныг улаанаар хийж байгаа, гоё харагдах байх аа” хэмээв. Пянзаа 500 хувь хэвлэж 300-г нь худалдаанд гаргах аж.

Лемонс хамтлагийн хамгийн анхны хит “Хайртай” дуу “Рэд” цомогт байдаг. Энэ дууг пянзаар сонсох нь ээ. Монголын анхны панк рок “Мэлхий гүнж”, “Элэг бөөр” зэрэг сагсуу мэт боловч үнэн үгтэй дуунууд ч багтдаг. Өөр гоё гоё дуунууд ч байгаа.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Австралийн SBS радио монгол хэлээр хөтөлбөрүүд нэвтрүүлж эхэлжээ

Австрали улсын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох SBS радио монголчуудад зориулсан мэдээ мэдээлэл түгээх платформ үүсгэн нэвтрүүлж эхэлснээ албан ёсоор зарлажээ. Уг радиогоор Австрали улсад амьдарч буй монголчуудын туршлага болоод үндэсний ёс заншлаа тэмдэглэн уламжлахаас гадна улсынхаа түүхийг харилцан ярилцах зорилготой аж.

Шинэ хөтөлбөрүүд энэ оны тавдугаар сарын 28-наас цацагдаж эхэлсэн байна. Энэхүү хөтөлбөрөөр шинээр ирсэн болон оршин сууж буй хүмүүст тулгардаг Австралийн өдөр тутмын амьдралын хэв маягтай холбоотой үйл явдлуудын цогц мэдээллийг хүргэдгээрээ давуу талтай юм байна.

SBS Радиогийн Аудио болон Гадаад Хэлний Контент хариуцсан захирал, Mandi Wicks хэлэхдээ “Хүмүүс англиас бусад хэлээр мэдээлэл авах нэн хэрэгцээтэй байна. Бид үйлчилгээгээ улам тэлж байгаадаа маш их баяртай байгаа. Манай нэвтрүүлгийг үзэгч, сонсогчид дижитал платформоор хүлээн авах нь ихэссэн тул бид контентийг хэрэгцээтэй үедээ, хүссэн цагтаа хүлээн авах боломжтой цахим хэлбэрээр хүргэж байна. Энэ нь залуу үзэгч, сонсогчдод хүрэх хамгийн үр дүнтэй арга гэж бодож байна” гэсэн юм. SBS радиогийн монгол хэл дээрх хөтөлбөрийг Батцогийн Долгион (Danny Battsog) бэлтгэн хүргэх ба тэрээр Сиднэй хотноо Австарлийн засгийн газрын “Аусгид” (Ausgrid) компанид ажилладаг аж. Б.Долгион нь Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсөн, NTV телевизийн Олон улсын мэдээний хэлтэст ажиллаж байсан туршлагатай гэнэ.


Бүх контент нь дижитал буюу хэзээ ч, хаанаас ч сонсох боломжтой подкаст хэлбэрээр sbs.com.au/mongolian болон SBS Радио апп дээр нээлттэй байгаа тул SBS Радио апп-г iTunes App Store болон Google Play дээрээс хэзээд үнэгүй татаж аваад, хаана ч явсан мэдээллээ хүлээн аваарай.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Соёлын биет бус өвийн их наадам “Хүй долоон худаг”-т болно

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Биеийн тамир, спортын газар хамтран “Нүүдэлчин-Монгол 2018” их наадмыг наймдугаар сарын 11-15-ны өдрүүдэд “Хүй долоон худаг”-т зохион байгуулах гэж байна.

Наадмын хүрээнд ард түмний дунд 13 удаа амжилттай зохион байгуулагдаж “Ардын урлагийн их наадам” нэрээр дотно танил болсон “Соёлын биет бус өвийн их наадам” болон “Үндэсний спортын YI их наадам”- ууд нэгэн зэрэг явагдана.

Энэ удаагийн “Соёлын биет бус өвийн их наадам”-ыг ЮНЕСКО-гийн “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны конвенци”-ийн зарчмыг баримталж 5 ай савын хүрээнд зохион байгуулах юм. Үүнд:

1. Эх хэл болон аман уламжлал, илэрхийллүүд;

2. Гар урлал;

3. Язгуур урлаг;

4. Байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэг, арга ухаан;

5. Уламжлалт зан үйл, ёслол, баяр наадам гэсэн нэгдмэл, цул байдлаар ардын авьяастнуудыг шалгаруулах юм.

“Соёлын биет бус өвийн их наадам”-ын анхан шатны шалгаруулалт зургадугаар сарын 05-25-ны өдрүүдэд 21 аймаг, нийслэл хотноо, хоёрдугаар шатны шалгаруулалт наймдугаар сарын 11-15-ны өдрүүдэд “Хүй долоо худаг”-т зохион байгуулагдана.

“Нүүдэлчин – Монгол 2018”-т аймаг, нийслэлээс шалгарсан билиг авъяастнууд ард түмэндээ уламжлалт соёлын 26 төрөл, 100 гаруй зүйлийн өвийг сонирхуулж, нутаг нутагт өвлөн уламжлагдсан язгуур өвийн нандин тоглолтуудыг толилуулна. Мөн их наадмын талбай “Хүй долоо худаг”-т аймаг тус бүрийн “брэнд” бүтээл, бүтээгдэхүүн худалдаалагдахаас гадна Монгол түмний уламжлалт морьт сурын харваа, шатар, шагайн харваа, морин поло, их талын хүчтэн тэмцээнүүд олон нийтийн дунд нээлттэй зохион байгуулагдах юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“OCEAN’S 8” кино жагсаалтыг тэргүүлжээ

Эмэгтэй оддын цуглуулга хэмээн нэрлэгдэж буй “Ocean’s 8” кино “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүлж эхэллээ. Энэхүү кинонд Сандра Буллок, Кейт Бланшетт, Энн Хэтэуэй, Рианна зэрэг одод тоглосон байна. “Ocean’s 8” кино өнгөрсөн амралтын өдрүүдэд Хойд Америкийн кино зах зээлээс нийт 41.5 сая ам.долларын орлого олж, жагсаалтыг тэргүүлжээ. Энэ нь өмнөх гурван цувралаас нээлтийн долоо хоногтоо олсон орлогоороо тэргүүлсэн үзүүлэлт болж байна. Түүнчлэн үзэгчдийн 69 хувь нь эмэгтэйчүүд байсан гэдгээрээ онцлог байгаа юм. Харин “Оддын дайн” цувралын шинэ анги “Solo: A Star Wars Story” кино өнгөрсөн долоо хоногт 15.1 сая ам.долларын орлого олсноор жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байна. Гурван долоо хоногийн өмнө нээлтээ хийсэн “Star Wars”- ийн шинэ анги олон улсын зах зээлээс 176 сая ам.долларын орлого олоод байгаа юм. Түүнчлэн “Hotel Artemis” хэмээх нууцлаг гэмт хэргийн талаар өгүүлэх шинэ кино “Box Office”-ийн жагсаалтын наймдугаар байрт бичигдсэн байна. “Hotel Artemis” кино нээлтийн долоо хоногтоо 3.1 сая ам.долларыг олжээ. Харин ирэх баасан гарагт “Супер гэр бүл” анимейшний шинэ анги нээлтээ хийх гэж байгаа нь кино зах зээлийн өрсөлдөөнийг улам нэмэгдүүлнэ гэж шинжээчид үзэж байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Солиот эх” кино Хятадын зах зээлд гарна

БНХАУ-ын Чиндао хотод болж буй SCO (Shanghai Cooperation Organization) Film Festival-д “Цагаан хадаг”, “Солиот эх”, “Ээж”, “Чингисийн хүүхдүүд” гэсэн дөрвөн киногоор манай улсын уран бүтээлчид оролцож байна.

Энэхүү олон улсын анхдугаар кино наадамд оролцож буй “Солиот эх” киноны уран бүтээлчид БНХАУ-ын зах зээлд киногоо гаргах санамж бичигт гарын үсэг зуржээ.

“Солиот эх” уран сайхны кино өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 29-нд нээлтээ хийж, кино театруудаар гарч эхэлсэн билээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“САМАДИ” үзэсгэлэн нээлтээ хийнэ

Зураач Б.Баярцэнгэлийн гурав дахь бие даасан үзэсгэлэн нь “Самади” нэртэйгээр олны хүртээл болох гэж байна. Үзэсгэлэн энэ сарын 16-нд “Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн музейд” нээлтээ хийнэ.

“Дагжиж бээрсэн хүн л хүйтний тухай жихүүцэн даартал ярьж чадах байх… Яг түүн шиг юмсыг сэрэл мэдрэмжээрээ тэмтрэн таних нь шинэ сэдэл санаа, шинэ туршилт, шинэ боломж гэх мэт шинэ бүхэнд хүргэж өгдөг. Хил хязгааргүй эрх чөлөөт нөхцөлийг урлаг бидэнд өгдөг” хэмээн зураач Б.Баярцэнгэл ярьж байв.

Түүний бүтээлүүдэд бурхны дүр голчигдог бөгөөд шинэ залуу зураачдын сэтгэхүйн онцлог, уран бүтээлчийн зурагт туссан орчин цагийн нийгмийн нөлөөлөлт хүчин зүйлсийн тухай олон гаргалгааг үзэгчид өөртөө бий болгож болно. Угаас “Урлагт “эрх чөлөө” хамгийн чухал” гэх ойлголт нэн шинэ үеийн давалгаанд хамаарагддаг. Тэр ч бас нэн шинэ үеийн давалгаанд хамаарагдах зураач билээ.

Үзэсгэлэн энэ сарын 22-ныг хүртэл дэлгэгдэх юм байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Улаанбаатар хотыг илэрхийлэх Ulaanbaatar city tour bus

Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн жуулчдын тав тух, аюулгүй байдлыг хангах, аялал жуулчлалын үйлчилгээний чанар болон хүртээмжийг нэмэгдүүлэх, жуулчдыг татах шинэ аяллын бүтээгдэхүүн бий болгох зорилгоор “Ulaanbaatar City Tour” буюу хотын автобустай аяллын үйлчилгээг өнөөдрөөс эхлүүлж байна.

“Ulaanbaatar City Tour” нь дотоод гадаадын жуулчдад нийслэлийн болон хот орчмын түүхийн дурсгалт газар, урлаг соёл, музей үзвэрийн газрууд, үндэсний томоохон үйлдвэрлэгч компаниудын үйл ажиллагааг танилцуулна. Ингэснээр гадаадын жуулчдаас гадна нийслэлчүүд болон хөдөө орон нутгийн иргэд маань 379 жилийн түүхтэй нийслэл хотынхоо түүхэн дурсгалт газрууд, хөгжил дэвшилтэй танилцан аялал амралт, чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх боломжтой болж байна.

Энэхүү аялалын автобусыг танилцуулах, анхны аялалын үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд уригдан оролцлоо. Тэрбээр энэхүү үйл ажиллагааг дэмжиж байгаа бөгөөд энэ үеэр хэлсэн үгэндээ “бид жуулчдыг татаж аялал жуулчлалын эдийн засгийн салбар болгоно гэж ярьдаг. Үүний эхэнд жуулдчдыг татахын тулд тэдэнд зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ, стандартыг бий болгох хэрэгтэй. Дэлхийн жишигт нийцсэн стандарттай үйлчилгээтэй байж жуулчдыг татах ёстой. Монгол Улсад ирдэг жуулчид хөдөө нүүдэлчдийн амьдрал, хөвсгөл далай гээд зорьдог бол Улаанбаатар хотод саатах жуулчдад зориулсан стандарт үйлчилгээг бий болгох хэрэгтэй. Үүний нэг нь City tour автобусны үйлчилгээ юм. Нийслэлд байгаа түүхэн дурсгалт газруудаар аялах боломжийг жуулчдад олгож байна. Хэдий Улаанбаатар хот цар хүрээ багатай гэдэг боловч бидэнд олон түүх дурсгалт газар бий. Цаашдаа бид гадаад болон дотоодын жуулчдад зориулсан нийслэл хотод үзэх ёстой, очих ёстой газруудыг төлөвлөж бий болгохоор ажиллана” гэлээ.

Аялал жуулчлал нь Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэгч салбаруудын нэг бөгөөд манай орны эдийн засгийн хөгжлийг хурдасгаж, экспорт, хөрөнгө оруулалт, гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэн, ажлын байрыг олноор бий болгон дотоодын үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүний борлуулалтыг өсгөх өндөр ач холбогдолтой салбар юм. Монгол Улсад өнгөрсөн 2017 онд ирсэн гадаадын жуулчдын тоо 471 мянгад хүрч эдийн засагт 400 сая ам долларын орлогыг оруулсан ба 2018 онд энэ тоо өсөх хандлагатай байна. Улаанбаатар хот нь гадаадын жуулчдын аялан зочлох, дамжин өнгөрөх гол цэг бөгөөд Монгол Улсад хүрэлцэн ирж байгаа нийт аялагчдын 92 гаруй хувь нь нийслэл хотоор дамждаг. Тиймээс энэхүү аялалын автобусны үйлчилгээ нь жуулчдыг нийслэл хоттой танилцах, түүхэн дурсгалт газраар аялуулах юм. Хотын аяллын автобус нийслэл дэх Монголын томоохон аялал жуулчлалын үзмэрүүд болох жанжин Д.Сүхбаатарын талбай, Гандантэгчинлэн хийд, Улаанбаатар үсгэн хөшөө, Богд хааны ордон музей, Хуримын ордон, Чойжин ламын музей, Цонжин болдогоор тойрон аялна гэж нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Xуур Music Festival 2018” өнөөдөр эхлэнэ

Өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд энэ зуны хамгийн том задгай талбайн шоу эхлэх гэж байна. Монголын хамгийн том хөгжмийн наадам “Xуур Music Festival 2018” ийнхүү хоёр дахь жилдээ энэ сарын 15, 16-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд залуусыг доргиох нь ээ. Энэ жилийн хөгжмийн наадам зохион байгуулалт, хөгжим болон гэрэлтүүлэг, үйлчилгээ өмнөх жилийнхээсээ илүү байх болно гэдгийг зохион байгуулагчид амласан юм.

Наадмын эхний өдөр хип хоп урсгалаар амьсгалах бол хоёр дахь өдөр поп, электро хөгжмөөр ирсэн залуусын зүрхний хэмнэлийг хурдасгана гэсэн шүү.

Өнөөдөр “XMF” тайзнаа “Татар”-тай болзоорой

Эхний өдөр буюу өнөөдрийн онцлох уран бүтээлчээр удаан хугацаанд тайзнаа гараагүй “Татар” хамтлагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохоор хэдийнээ бэлтгэлээ базаагаад байгаа юм. Тэд энэ үдэш “Бороо”, “Ганцаараа”, “Бусдын хайрыг хүндэл” зэрэг 15 жил залуусын аманд аялагдсаар ирсэн хит дуунууд дуулж биднийг цаг хугацаагаар аялуулан “Хуур” хөгжмийн наадмын нэгэн тод өнгө болон хэмнэл нэмнэ. Эхний өдрийн дэмжигч уран бүтээлчээр “Люмино” хамтлаг оролцож байгааг дуулгахад таатай байна. “Люмино” хамтлагийн хувьд энэ жил 20 жилийн ой нь тохиож байгаа болохоор задгай талбайд зад авах нь ээ.

Харин хоёр дахь өдрийн онцлох уран бүтээлчээр өнгөрсөн жилийн “HOT” уран бүтээлч Ука сонгогдоод байгаа. Тэрээр “Don’t Stop” цомгийн хит дуунуудаараа залуусын шөрмөсийг таттал хамтдаа бүжнэ гэсэн шүү.

Өнөөдөр “XMF” тайзнаа “Татар”-тай болзоорой

Түүнчлэн наадмын эхний өдөр Буриадад хит болж байгаа уран бүтээлчид ирнэ. Хоёр дахь өдрийн хувьд Тайвань, Японоос авьяаслаг DJ нар ирж, дэлгэц хөгжим гэрэлтэй хамт тоглодог VJ найруулагч Австралиас оролцож байна.

Ирсэн зочдод зориулан олон үйлчилгээг санал болгож байгаа бөгөөд халуун хоол, хөнгөн зууш, ундаа, усанд санаа зовох хэрэггүйг зохион байгуулагчид дуулгасан. Тиймээс наадмын тасалбараа урьдчилан авч амжаагүй бол өнөөдөр, маргааш Төв цэнгэлдэх хүрээлэнгээс худалдан авч болно.

Энэ жил Наадмын Ерөнхий зохион байгуулагчаар BRB компани, хамтран зохион байгуулагч Marshall Inc, Мэдээллийн ерөнхий ивээн тэтгэгч “Гэр” контент групп, Ерөнхий ивээн тэтгэгч Голомт банк оролцож илүү дэвшилтэт шинэ техник технологийн хүчийг ашигласан мэргэжлийн тайз засч, шинэлэг дуу хөгжмийг залуусдаа хүргэх гэж байна. Мөн Юнител групп, MSM, Номин холдинг, АПУ компани, Shoogy Boom, Нью Ложистик, Өргөө Лазер Синема, Чингис Хаан зочид буудал, Брэнд Лаб, Tse, Монгол контент ХХК байгууллагууд наадмын зохион байгуулалтад оролцож байгаа.

Өнөөдөр тэд залуусын доргионо…

Өнөөдөр “XMF” тайзнаа “Татар”-тай болзоорой

Өнөөдөр “XMF” тайзнаа “Татар”-тай болзоорой

Өнөөдөр “XMF” тайзнаа “Татар”-тай болзоорой

Өнөөдөр “XMF” тайзнаа “Татар”-тай болзоорой

Өнөөдөр “XMF” тайзнаа “Татар”-тай болзооройӨнөөдөр “XMF” тайзнаа “Татар”-тай болзоорой

Өнөөдөр “XMF” тайзнаа “Татар”-тай болзоорой

Өнөөдөр “XMF” тайзнаа “Татар”-тай болзоорой

Өнөөдөр “XMF” тайзнаа “Татар”-тай болзоорой

Өнөөдөр “XMF” тайзнаа “Татар”-тай болзоорой

Өнөөдөр “XMF” тайзнаа “Татар”-тай болзоорой

Өнөөдөр “XMF” тайзнаа “Татар”-тай болзоорой

Өнөөдөр “XMF” тайзнаа “Татар”-тай болзоорой

Өнөөдөр “XMF” тайзнаа “Татар”-тай болзоорой

Өнөөдөр “XMF” тайзнаа “Татар”-тай болзоорой

Өнөөдөр “XMF” тайзнаа “Татар”-тай болзоорой

Өнөөдөр “XMF” тайзнаа “Татар”-тай болзоорой

Өнөөдөр “XMF” тайзнаа “Татар”-тай болзоорой