Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Явуулын тайзаар иргэдэд үнэ төлбөргүй тоглолт үзүүлнэ

Нийслэлийн Соёл, урлагийн газраас Улаанбаатар хотын явуулын тайзыг ашиглалтад оруулжээ. Тус явуулын тайз бүхий автомашин нь 2008 оноос эхлэн ашиглагдаж байгаад зогссоныг сэргээн засварласан байна. Энэхүү тайзыг ашиглан явуулын урлагийн тоглолт, өдөрлөг, уулзалт зэргийг тогтмол зохион байгуулахын зэрэгцээ Улаанбаатар чуулгын шилдэг уран бүтээлийн тоглолтыг нийслэлийн 152 хороодын иргэдэд зориулан, үнэ төлбөргүй зохион байгуулахаар төлөвлөсөн аж.

Хөгжим, гэрлийн иж бүрдэл бүхий зориулалтын автомашинтай явуулын тайз нь үйл ажиллагаагаа энэ сарын 28-нд 19:00 цагаас Хан-Уул дүүргийн 5, 6 дугаар хороодын иргэдэд зориулсан Улаанбаатар чуулгын шилдэг уран бүтээлийн тоглолтоор эхлүүлэх юм байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Шанхайн кино наадамд монгол кино шилдгийн шилдгээр шалгарчээ

БНХАУ-ын Шанхайн олон улсын XXI кино наадмын дээд шагнал болох “Жиньжүе” шагналыг гардуулах ёслол өчигдөр болжээ. Тус наадамд Монгол, Швейцарийн хамтарсан “Out of paradise” кино шилдгийн шилдгээр шалгарч, “Жиньжүе” шагналын эзэн болсон байна. Уг киног анхны хүүхдээ хүлээж байсан малчин хосын түүхээс сэдэвлэсэн байна. Уг киноны даргаар Ч.Батбаяр ажилласан бол продюссерээр Саймон Хессе, туслах продюссерээр Кирилл Гербер, Ч.Батбаяр, Урс Фитзе нар ажиллажээ. Энэ удаагийн Шанхайн олон улсын кино наадамд дэлхийн 108 улс орон, бүс нутгийн 3447 кино оролцсон нь өнгөрсөн оныхоос илэрхий нэмэгдсэн үзүүлэлт болжээ. Кино наадмын эцсийн шалгаруулалтад 13 кино шалгаран оролцсон юм байна.

Сүүлийн жилүүдэд Шанхайн олон улсын кино наадам “Нэг бүс нэг зам” хамтын ажиллагаа өрнүүлж, “олон улсын буухиа” механизмыг эхлүүлэн, олон улсын кино наадамд солилцоо, суртал ухуулгын ажлыг эрчимжүүлж, гадаад орнуудтай олон төрлийн солилцооны ажлыг өрнүүлснээр, тус наадмын нөлөөг улам нэмэгдүүлж байна гэж зохион байгуулагчид нь дүгнэжээ. Саяхан Шанхайн олон улсын кино наадам Олон улсын киноны продюсерын нийгэмлэгийн шинээр байгуулсан Кино наадмын зөвлөлийн анхны гишүүн болсон нь уг наадмын нэр хүндийг өсгөжээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Монголын уран нугараачид “Аватар” үзүүлбэрээр гран при шагнал хүртэв

Монголын циркийн хөгжлийн төвийн найман уран нугараач олон улсын хүүхэд залуучуудын наадмаас Гран при шагнал хүртлээ.

Тодруулбал, ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын Соёлын яам, “Бүгд найрамдах Буриад улсын цирк”, тус улсын Соёлын яамны дэмжлэгээр Улаан-Үд хотноо энэ сарын 18-25-нд болсон “Дэлхий ертөнц ба циркийн ялалтууд” олон улсын хүүхэд залуучуудын наадамд Монголын уран нугараачид шилдгийн шилдгээр тодорсон юм.

Мэргэжлийн циркийн урлагийг хөгжүүлэх, циркийн жүжигчдийн мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор тав дахь жилдээ зохион байгуулсан тус тэмцээнд ОХУ, Буриад, Монгол зэрэг орны циркчид 6-14 нас, 14-25 насны ангиллаар өрсөлдөв.
Энэхүү наадамд эх орноо төлөөлөн Монголын циркийн хөгжлийн төв, “Модерн цирк” төвийн уран бүтээлчид оролцсоноос Монгол Улсын СГЗ, Буриад улсын Төрийн шагналт Ц.Сэлэнгийн удирдсан Монголын цирк хөгжлийн төвийн уран нугараачид “Аватар” үзүүлбэрээрээ шилдгийн шилдгээр шалгарч Гран при шагнал хүртлээ. Харин “Модерн цирк” төвийн нугараачид хоёрдугаар байр эзэлжээ.
Уран нугаралтаар 3-6 жил хичээллэж буй 11-13 насны сурагчид ийнхүү олон улсын наадамд амжилт үзүүлэн, маргааш эх орондоо ирэх юм байна.
Дашрамд дурдахад, Монголын циркийн хөгжлийн төвийн Ц.Сэлэнгэ багшийн шавь нар нь Дю Солейн цирк болон дэлхийн алдартай циркүүдэд ажилладаг бөгөөд Санкт-Петербург хотын “Avtovo” циркийн анхны олон улсын фестиваль, Залевскийн цирк, Мантово хотод Италийн телевизийн наадам, Варшав, Красноярск, Итали, Латин, БНХАУ-ын циркийн олон улсын наадамд амжилттай оролцон эх орныхоо нэрийг гаргаж байв.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Ч.Очгэрэл яг түүн шиг шоуны найм дах дугаарын ялагчаар тодорлоо

ochgerel“Яг түүн шиг” шоу нэвтрүүлэг өчигдөр буюу ням гаригт найм дахь дугаараа үзэгчдэдээ хүргэлээ. Дугаарын ялагчаар Ч.Очгэрэл дуучин “Dua-Lipa”-г дуурайсан үзүүлбэрээрээ тэргүүлсэн юм. Шоу нэвтрүүлэг эхэлснээс хойш Ч.Очгэрэл анх удаа түрүүлсэн нь энэ байлаа. Тэрбээр “Шоуны уран бүтээлчдэдээ талархаж байна. Цаашдаа улам хичээнэ” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. Дашрамд дуулгахад, “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэг арван дугаар гарсны дараа найман оролцогчдоос хоёр нь хасагдах юм. Үлдсэн зургаан оролцогч шоуны ялагчийн төлөө финалын шатанд өрсөлдөх аж.

Categories
энтертаймент-ертөнц

Солонгосын K-Pop одод монгол фэнүүдтэйгээ уулзлаа

“Карат Монголиа” К-Поп оддын тоглолт энэ сарын 23-нд болж өнгөрлөө. Энэхүү тоглолтод Монголоос OPOZIT хамтлаг, К-ПОП World тэмцээний шилдгүүд оролцсон бол БНСУ-аас NTB, LAU, Analogue Sun­day зэрэг хамтлагууд, DJ HOT DOG нар ирж шүтэн бишрэгчдээ баярлууллаа. Тоглолтыг Солонгосын IMS, 7 IMS компани болон Монголын “Чоно орд” групп хамтран зохион байгууллаа. 7 IMS болон IMS хөрөнгө оруулалтын компаниуд нь Зүүн өмнөд Азийн орнуудад түлхүү хөрөнгө оруулдаг аж. “Чоно орд” группийн захирал Д.Отгонцагаан “Монгол улсаа төлөөлөн манай групп Солонгосын томоохон компаниудтай хамтарч соёлын, аялал жуулчлалын, техник, технологийн салбарт хөгжүүлэлт хийхээр гэрээ байгуулсан. Хамтын ажиллагааны анхны ажил маань энэ тоглолт. Дараагийн удаа Монголын урлагийг төлөөлөх залуус маань Солонгос улсад тоглолтоо хийх боломжтой. Ингэснээр нүүдэлчдийн соёлоо дэлхийд таниулах боломжийг нээж өгөх юм” гэлээ. К-ПОП урсгал сонирхогч Л.Энхтуяа “Өмнөх жилүүдийнхтэй харьцуулбал энэ удаагийнх өндөр түвшинд боллоо. Бидний хайртай хамтлагууд ирсэнд сэтгэл өндөр байна” гэв. NTB, LAU, Analogue Sunday, DJ HOT DOG нар Монголд анх удаа ирж байгаа юм байна.

Л.АНУДАРЬ

Categories
энтертаймент-ертөнц

Дуучин Рейн зургаа дахь цомгоо гаргана

Өмнөд Солонгосын дуучин, жүжигчин Рейн ирэх 11-р сард шинэ цомгоо гаргахаар төлөвлөөд буй тухай даваа гарагт түүний хэвлэлийн төлөөлөгч мэдээлснийг “Ёнхап” агентлаг уламжлав.

Уг цомгоо төлөвлөсөн хугацаандаа гаргавал түүний “Rain Effect” нэртэй зургаа дахь цомог 2014 онд олон нийтийн хүртээл болсноос хойш 3 жил 10 сарын дараа гарч буй анхны цомог нь болох аж. Рейнийн өөрийн зохиосон дуунууд уг цомогт багтах юм байна.

Түүний хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, тэрбээр Өмнөд Солонгосын алдарт тамирчны амьдралаас сэдэвлэсэн “Ум Бок Дун” гэдэг киноны зураг авалтаа энэ сарын сүүлээр дуусгаад цомгийн ажилдаа шамдан орох гэнэ.

Categories
энтертаймент-ертөнц

“Анна Каренина” хүн төрөлхтний хамгийн шилдэг түүхэн романуудын жагсаалтад гуравт бичигджээ

Лев Толстойн “Анна Каренина” роман хүн төрөлхтний хамгийн шилдэг түүхэн романуудын жагсаалтад гуравт бичигдлээ. Их Британий Daily Telegraph сонин уг чансааг гарган өөрийн сайтад нийтэлсэн байна.

Сонины урилгаар чансаа гаргасан шинжээчид хамгийн эхэнд Английн зохиолч Жорж Элиотын “Миддлмарч” романыг нэрлэжээ. Тэрчлэн Америкийн зохиолч Герман Мелвиллын “Моби Дик” роман хоёрт багтсан байна. Генри Жеймсын “Эмэгтэйн хөрөг”, Жозеф Конрадын “Харанхуйн зүрх” романууд дөрөв, тавд бичигдлээ.

Марсель Прустын “Алдагдсан цагийн эрэлд”, Шарлотта Бронтегийн “Жейн Эйр”, Жон Максвелл Кутзейн “Ёсоо алдсан нь”, Мигель де Сервантесийн “Кихот ноён” романууд шилдэг аравт нэрлэгджээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“GAME OF THRONES’ цувралын хосууд хуримлалаа

HBO телевизийн ‘Game of Thrones’ цувралаас гарсан Кит Харрингтон, Рөүз Лесли нар өнөөдөр хуримаа хийлээ. Төрөлх Шотландын Абердийнд болсон хосуудын хуримд цувралын гол дүрийн жүжигчид болох Эмилиа Кларк, Софи Турнер, Мэйси Уиллиамс нар тэдний хуриманд хүрэлцэн иржээ. Хосууд тус цувралд тоглож эхэлснээс хойш үерхээд удаж байгаа бөгөөд 2017 оны есдүгээр сард сүй тавьсан юм. Game of Thrones кино нь дэлхийн хамгийн олон үзэгчтэй цувралуудын нэгд зүй ёсоор тооцогддог. Хосууд 2012 онд киноны зураг авалтын үеэр танилцжээ. Түүний сүйт бүсгүй Лислей нь Шотландын сурвалжит гэр бүлээс гаралтай бол Харрингтон өөрөө Английн II Чарльз хааны үр удам аж.

Кит Харрингтон ‘Game of Thrones’ цувралын Жон Снөүгийн дүрээр олонд танигдсан бөгөөд жүжигчин Лесли тус цувралын Игриттийн дүрийг бүтээснээр нь мэдэх билээ.

Game of Thrones цувралын наймдугаар бүлэг 2019 онд гарах аж.


Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Монгол орны үзэсгэлэнт газрууд

Монгол хүний заавал үзэх ёстой үзэсгэлэнт газруудыг нэрлэж байна.

Тэрхийн цагаан нуур, хорго: Хоргын тогоо нь Архангай аймгийн Тариат сумын нутагт оршдог. Гарал үүслийн хувьд девоны үеийн боржин чулуу, дөрөвдөгч галавын галт уулын чулуулгаас тогтоно. Унтарсан галт уулын гүнзгийн өрх, хүрмэн хад, цохио, ангал, агуй хоргодох газар ихтэй тул Хорго гэж нэрийджээ. Амсар нь 300-400 метр бол гүн нь 70-80 метр. Харин гадна талын налуу нь 35-40 хэм бол тогооны дотор талын налуу нь 45-50 хэм аж. Тэрхийн цагаан нуур нь далайн төвшнөөс дээш 2060 метр өндөрт байдаг. Энэ нуурт 10 гол цутгадаг, цэвэр устай, урт нь 16 км, өргөн нь 5-6 км, гүн нь 6-20 метр. Ганц гол эх авч урсдаг бөгөөд энэ нь Суман гол юм. Энэхүү нуур голдоо жижиг аралтай ажээ.

Хөвсгөл нуур: Монгол Улсын хамгийн гүн, цэнгэг уст нуур. Нийт усны эзлэхүүн 381 мянган шоо метр бөгөөд дэлхийн нийт цэнгэг усны 1 хувь болно. Хөвсгөл нууранд нийт 46 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгадаг билээ.

Алтай таван богд уул: Алтай таван богд уул нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутагт байрладаг ба түүний биологийн тогтоц төрөл зүйл нь Монголд байхгүй өвөрмөц. Энэ нь таван ноён оргилоос бүрддэг юм.

Увс нуур, Их нууруудын хотгор: Увч нуур нь далайн төвшнөөс дээш 753 метр өндөрт орших, 3350 ам дөрвөлжин километр нутагтай Монгол Улсын хамгийн том нуур юм. Увс нуур нь олон сая жилийн өмнөх аварга том тэнгисийн үлдэгдэл бөгөөд давсархаг, гүехэн устай. Увс нуур нь Их нууруудын хотгорын хойд хагаст оршдог. Увс нууранд Тэс, Нарийн, Хархираа, Түргэн, Сагил, Боршоо, Хөндлөн, Торхилог зэрэг том, жижиг 38 гол, горхи цутгадаг. Хан хөхийн нуруу нь Их нууруудын хотгор руу түрэн орж, Увс болон Хяргас нууруудын хотгорыг зааглана. Увс нуурын орчимд байгалийн бүх бүслүүр нэг дор байдаг учир ЮНЕСКО-гийн байгалийн өвд бүртгэгдсэн байдаг.

Гурван цэнхэрийн агуйн хадны сүг зураг: Ховд аймгийн Манхан сумын нутаг Монгол Улсын нутгаас палеолитийн үеийн урлагийн бүтээл болох зосон зураг энэ агуйгаас олдсон бөгөөд энэ нь Монголд төдийгүй Төв Азийн хүй нэгдлийн урлагийн голомтод зүй ёсоор тооцогддог. Агуйн хананд ан амьтан, мод зэргийг дүрслэхдээ нэг хэсгийг улаан хүрэндүү, нөгөө хэсгийг арай цайвар ягаан өнгөтэй улаан зосоор зуржээ. Мөн заан, хирс, анааш зэрэг амьтдыг дүрсэлсэн байдаг бөгөөд зарим амьтныг чухам ямар амьтан болохыг одоогоор тогтоогоогүй байна. Агуйн хананы өндөр 2.5 метр аж.

Алтан ташуур цогцолбор: Төв аймгийн Эрдэнэ суманд орших Алтан ташуур цогцолбор. Гурван мэргэдэд эхнэр, хүүхдээ алдсан Тэмүүжин тэднийг дайлахаар явах замдаа Цонжинболдог буюу одоогийн Алтан ташуур цогцолбор баригдсан газраас нэгэн ташуур олсон гэдэг. Энд морь унасан Чингис хааны 40 метр өндөр хөшөө байрладаг. 13 дугаар зууны цогцолбор нь Улаанбаатар хотоос зүүн тийш 96 км-т оршдог.

Хөшөө цайдам, Культегин жанжны хөшөө: Түрэгийн эзэнт гүрний дурсгал Хөшөө цайдам дахь Түрэгийн дурсгалууд Архангай аймгийн Хашаат сумын нутагт байдаг. Энэ нь зүүн Түрэг улсын төрийн нэрт зүтгэлтэн Билгэ хаан /683-734/ болон Культегин /Түрэгийн цэргийн жанжин, Билгэ хааны дүү 684-731/ нарын дурсгалд зориулан босгосон хоёр цогцолбороос бүрдэнэ. Эдгээр дурсгалууд Төв Азид манай эриний 6-8 дугаар зуунд ноёрхож байсан Түрэгийн эзэнт гүрний хамгийн чухалд тооцогддог дурсгал юм. Энэ дурсгал дээр бичигдсэн түрэгийн рүни бичээс Төв азийн түүх, соёлын судалгаанд хосгүй үнэтэй мэдээллийг хадгалж байдаг.

Амарбаясгалант хийд: Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум, Манжийн төрийн бодлогоор буддын шашны нэгэн дурсгал болох шарын шашныг хүчтэй дэлгэрүүлэх үүднээс Манжийн хаан Энх-Амгалангийн зарлигаар Монголын төр шашны нэрт зүтгэлтэн анхдугаар Богд өндөр гэгээн Занабазарын дурсгалд зориулан 1727-1736 онд барьжээ.

Дуугардаг элс: Марко Поло Төв азийн нутгаар жуулчилсан тухайгаа “Тэр цөлөөр шөнө аялах үед хэн нэг хүний яриа сонсогдох, олон хөгжмөөр зэрэг тоглох мэт авиа сонсогддог” хэмээн бичсэн байдаг. Дорноговь аймгийн өмнөд захын Дуут элс харахад ердийн нэг манхан, оройд нь гараад хярыг нь барьж явахуйд хөлд өртөн нурах элс нисэх онгоц мэт хүнгэнэн дуугардаг.

Гүйдэг чулуу: Хөвсгөл аймгийн Улаантайгад борооны дараа нар гарч өвсний толгойн ус хатаж эхлэх үед чулуу гүйхийг үзэж болно. Энэ нь тэндэхийн мөнх цэвдэгтэй холбоотой аж. Мөнх цэвдэгт бөөргийн хөрс халуун хүйтний нөлөөнөөс овойж, хотойж дээрээ байгаа чулууг өнхрүүлдэг байна.

Дэлхийд ховорхон тал: Дорнод аймгийн Матад, Халх гол сумын нутгийн ширээ мэт хавтгай тэгш талд хааш хаашаа 100 км аялахад нэг ч толгод гүвээ, хунх нугачаа үл тааралддаг. Байгалиас заяасан унаган төрхөөрөө атар онгон ийм тал газар дэлхийд ховор.

Цагаан гол: Алтайн таван богдоос эх авсан олон мөсөн голын нэгийг өвөл зунгүй мөс хэвээр цав цагаан байдгаар нь Цагаан гол хэмээн энэ нутгийнхан нэрлэсээр иржээ. Голын урт нь хагас өртөө гаруй 20 км юм.

Чулуун ой: Чулуужсан мод говьд элбэг. Харин ой тааралдах нь ховор. Дорноговь аймгийн Мандах сумын Сүйхэнтийн уул чулуужсан ойтой. Ой уртаараа 50 метр, өргөөшөө 80 метр талбайд тархжээ. Тэнд 20, 30 метр өндөр, бүслүүрээрээ 1,5 метр голчтой бүтэн мод, ёзоороороо булгарч унасан ч тааралдана. Салбарласан мөчрүүдтэй ч байна. Сүйхэнтийн чулуужсан ой бол дэлхийд ховор тохиолдох үнэт олдворын нэг юм.

Болор толгой: Дундговь аймгийн Амтат хоршооллын нутаг Баянхошууны худгаас хойш 1 км орчим газарт нэгэн бор толгой бий. Энэ толгой бүхлээрээ усан болон утаат болороос тогтдог. Энэ толгойн энгэрт буусан айлын хүүхдүүд болороор тоглоом барьдаг байсан учраас Болор толгой гэж нэрлэжээ.

Соронзот хад: Загасчид хадны сүүдэрт амарч, нэг нь бугуйн цагаа авч газарт тавьжээ. Гэтэл тэрээр цаг нисээд явчихлаа гэж сандрав. Харваас бугуйн цаг хэдийнэ хадны завсарт хавчуулагджээ. Ийм нэгэн соронзот хад Сэлэнгэ аймгийн Ерөөгийн голын нэгэн гүүрийн ойролцоо бий.

Янцгаадаг нуур: Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутаг Архан гэдэг газрын Аяганбулаг гэдэг нуураас адууны зөөлөн янцгаалт мэт дуу сонсогддог.

Гурван нуурын дөрвөн рашаан: Хэнтий аймгийн Дадал сумын нутагт байдаг Гурван нуурын рашааны баруун нуурыг мэдрэлд, зүүн нуурыг ходоодонд, дунд нуурыг хуян, шар усанд сайн гэлцдэг. Дунд нуурын өмнөх жижиг нуурыг нүдний нуур гэх бөгөөд нуурын ус нүд улайх, хорсоход тустай гэдэг юм байна.

Жаран тогоот: Баянхонгор аймгийн нутагт Их богд уулын үргэлжлэл Жаран хэмээх жаран тогоо хонхортой хүрмэн чулуун уул бий. Бороотой үед тэдгээр нуур усаар дүүрч жаран нуур цөөрөм тогтдог.

Цэвэр булаг: Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын төвөөс холгүй Сагдайн булаг гэж бий. Сумын жолооч нар эндэхийн уснаас машин, тракторынхаа зай хураагуурт нэрмэл усны оронд авч хэрэглэдэг байна.

Уурт: Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутаг Сэрх уулын Устын голын амны нүх маягийн хонгилоос ямагт уур манаран баагиж, байдгаас Уурт хэмээн нэрлэгджээ.

Арсайн хүрхрээ: Манай орны хамгийн өндрөөс буудаг хүрхрээ бол Хөвсгөл аймгийн Хорьдол сарьдагийн нуруунд 70 гаруй метр өндрөөс буудаг Арсайн хүрхрээ юм.

Юндэн Нансалмаа хоёр:Төв аймгийн Зоргол хайрханы Морь хад, Горхийн Мэлхий хад, Ховд аймгийн Бодончийн голын Тэмээн чулуу, Нохой чулуу, Завхан аймгийн Ургамал сумын Арслан чулуу, Түдэвтэй сумын Сум хад, Увс аймгийн Байшинтын Арслан заан хад зэрэг хачин сонин дүрс бүхий хад чулуу манай оронд олон бий. Дундговь аймгийн Их газрын чулууны янз бүрийн гайхалтай хэлбэр дүрстэй хад чулуудын дунд хоёр босоо хүн шиг харагдах хадыг нутгийнхан урьд нь Хаан хатан хоёр гэж нэрлэдэг байгаад одоо Юндэн Нансалмаа хоёр гэх болжээ. Баруун талын босоо хүн арай өндөр, баруун гарын тохойд аяны богцоо тохож, зүүн гараа нөгөө хүний мөрөн дээр тавьсан, намхан нь эхнэр хүний өмсгөлтэй агаад тэргүүнээ яльгүй гудайлгасан салж ядсан хоёр мэт дүр тэндээс харагдана. Хадны зүүн урдаас хоёр зуун метр орчим зайнаас энэхүү дүрсийг ажиглаж болох аж.

Categories
энтертаймент-ертөнц

Ширээний тоглоом буюу ХӨЗӨР

Хөзрийн ноён, хатан, боол бол тус бүртээ түүхэн хүмүүсийг илэрхийлдэг.

Хөзөр бол дэлхийн өнцөг булан бүрт тархсан тоглоом. Эртний Египетэд хөзрийг мэргэний зориулалтаар хол, ойрын ирээдүйгээ урьдчилан тааж мэдэхэд ашигладаг байсан гэх баримт бий. Зарим судлаачид Арабаас уг тоглоомыг гаралтай гэх нь ч бий. Харин IX зууны Тан улсын үед буюу нийтийн тооллын 618-907 онд азичууд хөзрөөр тоглодог байсан ул мөр үлджээ. Хятадын гарамгай сэтгэгч Чин Же Туны толь бичигт анхны хөзөр 1120 онд Хятадад хэвлэгдсэн тухай өгүүлсэн байдаг. Харин Европт XI-XIII зууны үед хөзөр нэвтэрсэн гэж үздэг бөгөөд энэ тоглоом хүчтэй дэлгэрэхэд Загалмайтны дайн нөлөөлсөн гэж таамагладаг. Ромын папууд католик шашны нэрийн өмнөөс Европын Христийн шашинтнуудыг уриалан дуудаж 1095-1291 оны хооронд явуулсан есөн удаагийн уг дайн нь дэлхийн түүхэнд Загалмайтны дайн гэгдэж үлдсэн. Олон удаагийн дайны хөлд үрэгдэж чирэгдсэн ард түмэнд хөзөр нь нэг талын зугаа нөгөө талаараа мэргэ, төлгөний ач холбогдолтой байжээ. Хөзрийн гарал үүслийг олиггүй гэж үзээд хориглож ч байсан удаатай. Францт л гэхэд 1254 онд Гэгээн Людовик хөзөр тоглохыг хатуу хориглож, хөзрийн эсрэг хүчтэй тэмцэж байжээ.

XII зуун хүртэл хөзөр нь улс орон бүрт хүрэхдээ өөр өөрийн гэсэн онцлог, тоглоомын дүрэм, зураг хөрөг, хэмжээтэй байсан бөгөөд нэгдсэн нэг стандарттай байсангүй. Европт хөзрийг Таро, Тарот гэдэг. Тоглоомын зориулалтаас гадна Мэргэний Таро, Шулмын таро гэх мэтээр төрөлждөг байж.

Перс, Араб, Египетийн хөзрүүд нь ямар нэг дүрсгүй, хээ хуар, угалзаар чимэглэгдсэн зурагтай байжээ. Харин эртний Европт байсан хөзрүүдийг анзаарахад хүн, амьтныг дүрсэлсэн байх аж. Яваандаа хөзрийн дүрснүүд дунд хааны дүрс нэмэгдэх болжээ. XVII зуун үеэс одоогийн бидний мэдэх бундан, дөрвөлжин, цэцэг, гил гэх тэмдэглэгээ хөзөрт нэвтэрч, хатан, боол гэх дүрс ч орж иржээ. Хүмүүсийн өдөр тутамдаа хамгийн их тоглодог хөзрийн дүрмийн маргаанаас үүдэж зарим орны Засгийн газраас дүрэмд нь зохицуулалт, тусгай журам хүртэл гаргаж байсан байна. Сэргэн мандалтын он жилүүдэд улс төрийн шинж чанартай болж Христ болон философийн өнгө аяс бүхий зурагтайгаар хэвлэгдэж эхэлжээ.

Дэлхийн улс орнуудад бундан, дөрвөлжин, цэцэг, гилээр ялгаруулсан хөзрүүдийг түгээмэл хэрэглэдэг бол Герман, Франц, Итали, Испани зэрэг зарим улс оронд дээрх тэмдэглэгээнүүдийн оронд зоос, цом, сэлэм, сарнай, хонх, навч, бамбайг ашигладаг аж.

Хятадад хэвлэсэн анхны хөзөр

Анх хөзөр 78 ширхэгтэй байснаа дараа нь 72 болж цөөрчээ. Харин өнөө бидний үед 52 ширхэг хөзөр түгээмэл ашиглагдаж байна. Хөзрийн дөрвөлжин нь сэтгэл, баяр баясгалан, гоо үзэсгэлэн, хойд зүгийн бэлгэдэл юм байна. Харин цэцэг энгийн даруу, дэг журамтай байдлын бэлгэ тэмдэг. Бундан нь дорно зүгийг заах бөгөөд оюун ухааны бэлгэдэлтэй бол гилийг амьдралын эрч хүч, хүч тамирын илэрхийлэл, хавар, усыг бэлгэддэг гэж үзсээр иржээ.

Хөзрийг өнөө цагт ерөнхийд нь тоглоомын, мэргэний гэж хоёр төрлөөр ашиглаж байна. Мэргэний хөзөр нь улс орон бүрт салбарлаж цыган мэргэ, хятад мэргэ, шулмын таро гэх мэтээр олон төрөлтэй болжээ. Харин хөзрөөр покер, стар покер, 13 мод, крид, муушиг гэх мэтээр дэлхий даяар 800 гаруй төрлийн өөр өөрийн дүрэм журам онцлогтой тоглоом байдаг юм байна. Тэр дундаа Азичуудын дунд хамгийн олон төрөл байдаг аж. Сүүлийн үед цахим тоглоомд хөзрийн тоглоомын төрлүүд улам баяжигдаж, уламжлал дээр суурилсан шинэ тоглоомын хувилбар нэмэгдсээр байгаа аж.

52 модтой хөзрийн ноён, хатан, боолын зургийг XVII зууны үед зураач Гектор де Труа зуржээ. Хөзрийн зургийг хийсвэр гэж хэлж болох ч дүрслэгдсэн хаад, хатад, боолууд нь түүхэн бодит хүмүүс юм.

Бундын ноён бол Их Карл хаан, гилийн ноён бол Давид хаан, дөрвөлжингийн ноён бол Юлий Цезарь, цэцгийн ноён бол Александр Македонский юм байна. Бундын хатан-Юдифь, гилийн хатан-Жанна Д’Арк, дөрвөлжингийн хатан-Рахель, цэцгийн хатан-Аргина (Тэрээр Францын хааны татвар эм байжээ)-г тус тус илэрхийлдэг гэнэ. Харин бундын боолд Этьен де Виньолийг дүрслэн үлдээжээ. Тэрээр Жанна Д’Аркийн зөвлөх, ардын баатар бөгөөд “Уур хилэнт” хочтой нэгэн байжээ. Харин гилийн боол нь Ожье буюу Огиер гэгчийг төлөөлдөг. Тэрээр XI зууны үед амьдарч байсан бөгөөд түүний дүр төрхийг Францын их хувьсгалаас хойш улс төрийн тэгш байдал, эрх тэгш байдлын илэрхийлэл гэж үзэх болжээ.

1300-гаад оны үед Европт тоглож байсан ширээний тоглоом буюу хөзөр

Хэдийгээр хөзрөөр мэргэлж, тоглож амьдралдаа янз бүрээр ашигладаг ч хөзрийг бүхэлд нь ширээний тоглоом гэдэг. Ширээн дээр л дэлгэж тоглодог болохоор ингэж тодотгодог нь тодорхой. Сүүлийн жилүүдэд хөзрийн A, K, Q, J, 10, ес найм зэрэг үсгэн болон тоо тэмдэглэгээнүүд нь хэвээр үлдэж ар, өвөр талд нь үйлдвэрлэгчид өөрсдийн дуртай зураг, эсвэл захиалагчдын сонирхолд нийцсэн элдэв зураг, хөрөг, өгүүлбэр байршуулахын зэрэгцээ барааг сурталчлах талбар болгочихоод байгаа юм.

Гэхдээ хөзрийн уламжлалт дүр төрх эргэн хуучин төрхөндөө орж байгаа бөгөөд хөзөр, покерын ДАШТ, клубүүдийн аварга тодруулах олон улсын тэмцээн, казино, цахим тоглоомд стандарт хөзрийг ашигладаг нь хөзрийн түүхийг нэг их гажуудуулахгүй, уламжлалт төрхийг алдагдуулахгүй авч яваа том хөшүүрэг гэж үздэг юм байна.

Д.САРУУЛ