Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Монголд сайхан бүсгүй шалгаруулж эхэлсний 30 жилийн ой тохиож байна

Монголд анх удаа сайхан бүсгүй шалгаруулах уралдаан зохион байгуулж эхэлсний 30 жилийн ойг угтан Монголын эмэгтэйчүүдийн “Хатан эрдэнэ” холбооноос XV “Монголын сайхан бүсгүй-2018” гоо сайхны тэргүүн наадмыг “Эмэгтэйчүүд гар гараасаа” уриан дор зохион байгуулна.

Нийгэмд зөв бодол, зөв үйлдэл, зөв хандлагыг уриалах зорилготой тус уралдаан өнөөдөр 18 цагт “Зайсан хилл” цогцолборт болно.

Монголын өнцөг булан бүрээс сайхан бүсгүй шалгаруулах уралдаанд оролцохоор бүртгүүлсэн 100 гаруй охидоос шалгарч үлдсэн 18 оролцогч өнөөдөр титмийн төлөө авьяас чадвар, гоо үзэсгэлэн, оюун ухаанаа сорино.

Categories
энтертаймент-ертөнц

Дуучин Д.Болд “Торгон мэдрэмж” дуугаа энэ удаад дүрсжүүлжээ

Дуучин Д.Болд шинэхэн клипээ дэлгэлээ

Төрийн соёрхолт, дуучин, продюсер Д.Болд 12 дахь бие даасан цомгоо худалдаанд гаргаад байгаа билээ. Түүний 12 дахь цомог “Болд” нэрээр гарсан бөгөөд “Торгон мэдрэмж”, “Зүрхний дагина”, “Мартахаасаа өмнө”, “Даам” зэрэг 15 дуу багтжээ. Цомгийн хөгжмийн найруулгыг “Ocean Grey”, Л.Сибастиан, Н.Баярхүү, С.Гантөр хийн дууны үгийг DNK, Ria, ZZ, реппер Цэцэ, Х.Соёмбо, Д.Ган-Очир нар бичин гитарчин Атка, Д.Өлзий-Орших нар хамтран ажиллажээ.

Түүний шинэхэн цомгийн дуунууд хэдийнээ олны хүртээл болоод эхэлсэн . Тэрээр шинэ цомогтоо багтсан “Торгон мэдрэмж” дуугаа энэ удаад дүрсжүүлжээ.

Мөн дуучин Ц.Хулантай хамтран дуулсан “Хүрч болохоор” дуугаа клипжүүлэхээр ажиллаж байгаа гэнэ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Леонардо Да Винчигийн 500 жилийн настай сор бүтээлийг нийтэд дэлгэнэ

Италийн алдарт зураач Леонардо Да Винчигийн 450 сая ам.доллараар үнэлэгдэх урлагийн бүтээлийг энэ оны есдүгээр сараас эхлэн Абу Дабигийн “Louvre”-ийн музейд олон нийтэд үзүүлэхээр болсон байна.

Олон жилийн турш сураггүй болоод байсан энэхүү уран зураг 2005 онд ил гарч, 2017 онд дуудлага худалдаанд орсон юм. Үүнээс өмнө “Christie’s”-ийн танилцуулах үзэсгэлэнгийн үеэр 30 мянган хүн дээрх уран зургийг үзэж сонирхож байжээ. 500 жилийн өмнө зурсан “Salvator Mundi” нэртэй энэхүү уран зургийг өмнө нь Английн хаад, ОХУ-ын тэрбумтан Дмитрий Рыболовлев нар тус тус эзэмшиж байжээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

​Монгол хатдын тухай эрдэм шинжилгээний хурал боллоо

“Монгол хатад” эрдэм шинжилгээний бага хурал дөрөв дэх жилдээ боллоо. Хурлын гол зорилго нь тэдний намтар түүх, улс төрийн амьдрал, гүйцэтгэсэн үүрэг, түүхэн байр суурь, үлдээсэн өвийн талаар нарийвчлан судлах, судалгааны шинэ эх хэрэглэгдэхүүнийг илрүүлэх явдал ажээ. Энэ сэдвийн хүрээнд түүхэнд нэрээ үлдээсэн Өлзийт Хун Гоо Бэйж, Эх дагина Дондогдулам, Сорхогтани бэхи, Есүй хатан нарын тухай судалгааны илтгэлүүдийг хэлэлцлээ.

“Монгол хатан судлал” ТББ-ын гүйцэтгэх захирал Ц.Майдэлгэр “Монголын хатдын тухай түүх, тэдгээрийн үлдээсэн сургаал, өвийг залуучууд, үр хойчдоо танин мэдүүлэх, дэлгэрүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгын хүрээнд эрдэм шинжилгээний хурал хийж байна. Энэ жилийн хувьд өмнөх жилүүдийг бодвол өргөн хүрээнд судалгааны шинэ ажил, шинэлэг мэдээллийг оролцуулж байгаагаараа онцлогтой” хэмээн ярилаа.

Доктор Л.Билэгт өөрийн илтгэлдээ “Нүүдэлчин ардын соёлд аян дайнаас олзолсон эрэгтэйчүүдээ боол болгож, эмэгтэйчүүдийг эхнэрээ болгон авдаг ёс байсан. Жирийн ард, цэрэг эрийн хувьд эхнэр авах нэг боломж нь энэ байсан аж. Өөр нэг ёс нь хулгайлж буюу богтолж авдаг заншилтай байсан. Их хаан нь байлдаанд ялалт байгуулсан тохиолдолд заавал ёслолын чанартай хурим хийж тухайн эзэлсэн орныхоо нэг эмэгтэйг хатнаа болгон авдаг цэрэг дайны хуультай байжээ” хэмээн эртүеийн нүүдэлчдийн гэр бүл болох ёсны тухай дурдсан юм.

Э.ЯНЖМАА

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Чингисийн тал нутаг: Монголын нүүдэлчид” үзэсгэлэн Данид жилийн турш дэлгэгдэнэ

Монгол Улсын ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей, Данийн үндэсний музей, Дани улсын Аархус хотын Моосгард музей хамтран “Чингис хааны тал нутаг: Монголын нүүдэлчид” үзэсгэлэнг зохион байгуулж байна.

Тус үзэсгэлэн нь энэ сарын 18-наас 2019 оны дөрөвдүгээр сар хүртэл Аархус хотын Моосгард музейд, дараа нь Данийн үндэсний музейд дэлгэх юм.
Үзэсгэлэн нь Данийн нэрт аялагч Хеннинг Хаслундын 1920-1930-аад онд цуглуулсан цуглуулгад тулгуурласан бөгөөд үзмэрүүдийн дотор Түүх, археологийн хүрээлэнгийн хөмрөг дэх Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Хагтын хадны оршуулгаас олдсон XIII зууны үеийн баатар эрийн хатмал шарил эд өлгийн зүйлсийг сэргээн засварлан анх удаагаа дэлгэжээ.


Тус модон авсны үзэгчдэд харуулах талын хулганы ялгадсыг цэвэрлэж, нөгөө талыг анх байсан чигээр нь үлдээсэн байна. Эмээлийн мод 3 хэсэг салсан байсныг сэргээж, бүтэн болгож харуулжээ.
Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсаас Шведийн Вант улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан, Аархус хотын төлөөлөгч, Данийн үндэсний музейн болон Хеннинг Хаслундын гэр бүлийнхэн тэргүүтэй нийт 350-400 хүн оролцсон байна.

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Данийн Моосгард музейн захирал Mads Kähler Holst хэлсэн үгэндээ, “Монгол Улс-Данийн Вант Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн босгон дээр дэлхийг байлдан дагуулагч Чингис хааны тал нутаг, нүүдэлчдийн аж амьдралын талаар, эдгээрийг одоог хүртэл хадгалан өвлөж ирсэн ард түмний түүхэн, сонирхолтой үзэсгэлэнг Нордикийн оронд анх удаа гаргаж байгаадаа нэн таатай буйгаа илэрхийлээд цаашид хамтарч ажиллах, судалгааны чиглэлээр хамтын ажиллагааг өрнүүлэх чухал алхам боллоо” гэж цохон тэмдэглэв. Мөн тэрбээр энэхүү үзэсгэлэнг зохион байгуулахад гүн туслалцаа, дэмжлэг үзүүлсэн Монгол Улсаас Шведийн Вант улсад суугаа ЭСЯ-ны хамт олон, БСШУСЯ, Монголын Үндэсний музей, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн зэрэг хамтран оролцсон талуудад талархаж байгаагаа илэрхийлжээ.

Мөн тусгай үзэсгэлэнг хариуцсан эрхлэгч Pauline Asingh, куратор Camilla Sorensen Bjarno, Археологи болон Сэргээн засварлалтын салбарын дарга Peter Hambro Mikkelsen, сэргээн завсарлагч Helle Strehle нар Монгол Улсын ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгийн захирал С.Чулууныг хүлээн авч үзэсгэлэнг танилцуулж, цаашид хатмал шарилын талаар хамтран судалгаа хийж хамтын бүтээл гаргахаар санал солилцсон юм.\



Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Амьдрал миний дуранд” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ

Э.Эрдэнэбаяр нь мэргэжлийн гэрэл зурагчин бөгөөд түүнийг зургийн аппаратгүйгээр төсөөлөшгүй билээ. 1996 онд МУИС-ын Сэтгүүл зүйн ангийг фото сэтгүүлчээр төгсчээ. Тэрбээр Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, Адмон Хэвлэлийн компанид мэргэжлийн гэрэл зурагчнаар тус тус ажиллаж байсан аж. Түүний зургууд дотоодын төдийгүй гадаадын хэвлэл дээр хэвлэгдэн гарч байсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Пунсалмаагийн Очирбатын 1995 онд Европын орнуудад хийсэн албан ёсны айлчлал үеийн гэрэл зурагчнаар ажиллаж байсан туршлагатай нэгэн юм. Э.Эрдэнэбаяр нь Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс салбартаа амжилттай ажиллаж буй сэтгүүлч, уран бүтээлчдийн нэр хүндтэй “Ган Үзэгтэн” шагналын эзэн болж байжээ. Тэрбээр Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбооны гишүүн мөн Америкийн Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбооны гишүүн юм. Одоогоор АНУ-ын Калифорни мужийн Морага хотод гэр бүлийн хамт амьдарч байна.

“Амьдрал Миний Дуранд”
номондоо тухайн үеийн монголын нийгмийн амьдралыг “Фото журнализм” буюу фото сэтгүүлзүйн баримтат талаас нь харуулахыг хичээсэн ба Монгол улсын 80-аад оны социализмын төгсгөл үе, 90-ээд оны монголын нийгмийн шилжилтийн үе, улс төр, урлаг, спортын салбарынхан, эгэл хүмүүсийн хөрөг, хот, хөдөөгийн хүмүүсийн ахуй амьдрал, байгалийн үзэсгэлэнт дүр төрх, ёс заншил, соёл гээд бүхий л салбарын амьдралыг гэрэл зургийн хальсандаа буулган үлдээхийг зорьжээ. Олон жилийн хөдөлмөрөө шингээн баринтагласан уран бүтээлийн дээжээ өргөн дэлгэж байгаа юм.
Уг номонд 400 орчим зураг багтсан бөгөөд үүнээс үзэсгэлэнд 100 гаруй зураг дэлгэгдэх юм байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“PLAY TIME-2018” ирэх сарын эхний долоо хоногт болно

Амьд хөгжим сонирхогч залуусын хүсэн ядан хүлээдэг “Playtime-2018” наадам ирэх долдугаар сарын 6, 7, 8-ны өдөр Монгол Шилтгээнд болно.

Тус наадам нь Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх, дэлхийн болон монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилготой юм.

Энэ удаагийн наадамд дэлхийд алдартай AНУ-ын “Ariel Pink”, Япон улсын “The Fin”, “Lite”, Монголын “Хөх тэнгэр”, анхны синт рок “Сөрөг хүч”, пост панк “The Colors” тэргүүтэй хөгжмийн олон урсгалын танил, шилдэг, шинэ залуу 35 хамтлаг, Электроник дэнс хѳгжмийн тайзнаа Италийн techno DJ Claudio PRC, Голландын Albert Van Abbe, Mонголын Biliguudei, TMK тэргүүтэй шилдэг 30 Ди-Жэй, нийт 70 гаруй хамтлаг дуучин, уран бүтээлч гурав хоногийн турш “Playtime”, “Нааглихац”, “La Vie En Rose” гэсэн тайзаар дамжуулан ѳѳрсдийн уран бүтээлээ хүргэх гэнэ.

2002 оноос анх зохион байгуулсан тус наадам энэ жил 17 дахь жилдээ болох юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Инстаграм сүлжээ 100 тэрбум долларын ашигтай ажиллажээ

Фото зургаа бусадтай хуваалцах боломж олгодог Инстаграм сүлжээ 100 тэрбум ам.долларын ашигтай ажиллажээ. Энэ нь 2012 онд анх байгуулахдаа зарцуулсан хөрөнгийг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц хэмжээ хэмээн Bloomberg Intelligence мэдээлэв.

Инстаграм хуудасны хэрэглэгчдийн тоо энэ сарын эхээр 1 тэрбумд хүрсэн бөгөөд энэ тооны идэвхтэй хэрэглэгчтэй байхад ирэх арванхоёр дугаар сар гэхэд орлогоо 10 тэрбум ам.доллараа өсгөж болно гэж шинжээчид дүгнэж байгаа ажээ. Инстаграм нь фэйсбүүкээс илүүтэй хүмүүсийг татаж буй төдийгүй ирэх 5 жилд хэрэглэгчдийнх нь тоо 2 тэрбум гаруй болох төлөвтэй байна.

Бусад нийгмийн сүлжээнүүд Инстаграмын энэ амжилтын прогрессийг дагаж өгсдөг ч зар сурталчилгаанд ашиглахад илүү таатай байдаг, эцэг эхчүүдээс илүү өсвөр насныхан, залууст таалагддаг нь хэрэглэгчдийн тоо хурдацтай өсөхөд нөлөөлдөг байна. Тиймдээ ч АНУ-ын хувьд фэйсбүүкээс илүү инстаграмын хэрэглэгчид хурдацтай өсч байгаа юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Морин хуурчдын наадам болно

Олон улсын Морин хуурчдын зургаадугаар наадам, уралдаан 2018 оны зургаадугаар сарын 30-наас долдугаар сарын 5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.

Энэ удаагийн наадамд АНУ, Бельги , БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Буриад, Япон зэрэг орноос 30 гаруй морин хуурч, Монгол Улсын мэргэжлийн хөгжмийн 5 театр , чуулгаас 100 гаруй уран бүтээлчид оролцохоор болжээ. 6-р сарын 30-нд СТӨ-нд болох нээьтийн тоглолтод Улсын филармонийн симфони найрал хөгжим, Морин хуурын Чуулга, Үндэсний Их Театрын их найрал бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно. Харин 7-р сарын 1-2нд Улсын филармоний танхимд мэргэжлийн морин хуур урлаачдын уралдаан, 3-4нд уулзалт- хэлэлцүүлгийг зохиолн байгуулахаар төлөвлөжээ. Мөн энэ өдрүүдэд Уран зургийн галерей морин хуурын холбогдолтой үзэсгэлэн нээгдэх юм. Олон улсын морин хуур сонирхогчид, Үндэсний Дуу Бүжгийн Чуулгын мэргэжлийн уран бүтээлчид, ардын авьяастнууд хамтарсан хаалтын тоглолт харин 7-р сарын 5-нд зохион байгуулагдах юм байна.

2008 оноос хойш зургаа дахь удаагаа зохиогдож буй олон улсын морин хуурчдын наадмыг Нийслэлийн ЗДТГ, Соёл урлагийн газар, БСШУЯ хамтран зохилон байгуулж байна. Наадмыг “МИГ даатгал”ХХК , “Жанцанноров сан”, Морин хуурыг дэмжих “Цэндийн Батчулуун сан” ивээн тэтгэжээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Эко аялагч” нэг сарын аян эхлүүлж байна

Аялал жуулчлалын улирал эхэлж буйтай холбогдуулан “Залуусын хэмнэл” НҮТББ, “MSC” продакш нь санаачлан 2018. 07.01-08. 01 хүртэл “ЭКО АЯЛАГЧ” нэг сарын аяныг эхлүүлж байна. “ЭКО АЯЛАГЧ” аяны гол зорилго нь аялагчид аяллын явцад гардаг хог хаягдлаа байгальд ил задгай хаялгүй буцааж авчирдаг, байгальд ээлтэй аялагч байхад чиглэгдсэн аж.

Аяллын явцад их бага хэмжээгээр хог хаягдал гардаг. Иймд хог хаягдлаа уутлан зориулалтын хогийн цэгт хаяж, хэвшсэнээр байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад өөрийн хувь нэмрээ оруулж буй нэг хэлбэр юм. Тиймээс зохион байгуулагчид аяны хүрээнд эдэлгээ даахуйц, зориулалтын эко хогны уутыг хэрэглээнд нэвтрүүлэхийг зорьж байгаа бөгөөд эко хогны уут нь 50смx60 см хэмжээтэй, автомашинд авч явахад тохиромжтой юм байна. Түүнчлэн эко гэдэг утгаараа олон дахин ашиглах боломжтой, хогоо хийгээд амыг нь татчих боломжтой, хог асгарахгүй байх зэрэг олон давуу талтай аж.

Эл эко уутыг ямар нэг нэмэлт зардал тооцохгүйгээр бодит өртөг болох 1000 төгрөгөөр Баянзүрхийн товчоо болон 22-ын товчоо, мөн автозам дагуу сайн дурын оюутан залуус долоодугаар сарын нэгнээс худалдаалж эхлэх юм байна.

Үүний зэрэгцээ ЭКО АЯЛАГЧ аяны хүрээнд олон нийтийн хандлагыг өөрчлөх, ухамсарт нөлөөлөхийн тулд “Байгаль дэлхийгээ аврахад бидэнд гурван секунд хангалттай” гэсэн уриатай нөлөөллийн реклам, шторк, постеруудыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацах болон цахим сүлжээнд байршуулах, олны танил эрхмүүдийн дуу хоолойг энэ зүгт хандуулах, байгууллага ААН-үүдийг “ЭКО АЯЛАГЧ” байхад уриалсан челленж өрнүүлэх, сурталчилгааны материал тараах сайн дурын залуусын хөдөлгөөн, аялагчид байгалийн сайханд амарч, зугаалахдаа байгалаа анх очсон шигээ үлдсэн гэдгийг нотолж, эко хогны ууттай зургаараа гангарах уриалга гаргаж буй юм байна.

“ЭКО АЯЛАГЧ” аянд байгальд дэлхийгээ хайралдаг, нийгмийн хариуцлагаа ухамсарласан төрийн болон ТББ байгууллага, ААН-үүдийг нэгдэхийг уриалж буй аж.