Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“СОЁЛЫН НААДАМ”-ыг зорих 21 ШАЛТГААН

Морь гараанаас гарч барианд орох хүртэл наадамчин олон та бүгд юу хийхээ шийдээгүй байгаа бол, Монгол наадмыг сонирхохоор ирсэн гадаад найз, жуулчиддаа юу үзүүлэхээ мэдэхгүй тээнэгэлзэж байгаа бол ахуй соёлоо нэг дор сурталчилж, өөрийн биеэр оролцож, суралцах боломжтой “ЦОР ГАНЦ” газрыг санал болгоё.

“Соёлын наадам” Хүй долоон худгийн Монгол наадам цогцолборт 11 дэхь жилдээ долдугаар сарын 11.12-нд болох гэж байна. Соёлын өвийг музейд хадгалах бус Монголчууд өөрсдөө оролцож, хийж, бүтээлцэж байж үүнийгээ хадгалан үлдэж, өвлүүлэн түгээх билээ. Соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор энэ жилийн Соёлын Наадмыг Соёл Урлагийн Их Сургууль (СУИС), Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) хамтран зохион байгуулж, Рио Тинто компани ивээн тэтгэж, Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ, ХААН Банк, Чингэлтэй дүүргийн ЗДТГ дэмжиж шинэлэг агуулга, сонирхолтой хөтөлбөрүүдээр өргөжүүлэн, наадамчин олонд хүргэхээр хамтран ажиллаж байна.

Та Соёлын наадмаар зочилсноор зурагтаар эсвэл тайзан дээрээс, үзэсгэлэнгийн танхимд үздэг зүйлсээ өөрөө хийж, хамтран оролцож, суралцан ярилцах боломжтой.

  1. Өөрийн нэрээ монгол уран бичлэгээр бичүүлж аваарай

Монголын өв уламжлал монгол уран бичгээр бийр бэх ашиглан хүссэн үгээ, нэрээ бичүүлэх боломж энд бий. Өөр өөрийн урландаа нуугдмал суудаг каллиграфчид Соёлын наадамд саатан танд өөрийн нэрээ хэрхэн бичихийг хүртэл заах юм гэсэн. Та энэ урлагийг хэрхэн бүтээдгийг дэргэдээс нь үзэж, дүрсээр үг урлах, үгээр дүрс урлахын гайхамшгийг сонирхоорой.

  1. Үндэсний хувцастай зургаа татуулаарай

Найзтайгаа хамт хээр талд, морь малын захад үндэснийхээ хувцастай зургаа татуулмаар л байгаа биз дээ. Нарийн ур, нандин хэв маяг бүхий хаан хатдын хувцасны уламжлал түүхийг та сонсож, бас Монгол костюмс компанийн урчуудын чамин дээлээр гангараарай.

  1. Нум сум яаж хийдгийг харж байсан уу

Хүннүгийн үед үүсч, XIII зуунд дэлхийг байлдан дагуулахад гол зэвсэг болж явсан нум сумыг Монголчууд хэрхэн хийдэг байсныг та ер мэдэх үү? Таны найзууд, таны жуулчид сонсож байсан болов уу? Тэгвэл Соёлын наадмын өртөөнд нум сум яаж хийдгийг, ямар материал хэрэгтэйг нэг бүрчлэн танд харуулна. Үүх түүх, үүсэл гарлыг нь мэдэхийн зэрэгцээ Монгол хүн болсных нумаа нэг эвшээлгэж, сумаа нэг тавьж үзвэл ямар вэ?

  1. Дэмбээ мэдэхүү хө

Дэмбээ гэж мэдэх үү хө? Энгийнээр тайлбарлавал уянгалан дуулангаа уралдан таалцах урлаг. Оролцогч хоёрын гаргасан хуруу хэн нэгнийх нь хэлсэн тоотой таарч байвал хожил авна. Энэ мэтээр хурд, авхаалж самбаа, заль мэх, үг хэлний тод яруу, харааны хурц нарийн мэдрэмжээ хөгжүүлдэг тоглоомоор “үзээд алдвал” хөгжилтэй байх болно шүү.

  1. Эрхий хурууныхаа эрчийг нэг сорьё

Үндэснийхээ дээл хувцсаар гоёсон бол шагайн харвааны асарт нэг буугаад мордоорой. Аян дайнд оролцож явсан өвөг дээдсийнхээ алжаал ядаргаагаа тайлан, хөгжилдөн баясдаг байсан наадгайгаар харваж цэц, мэргэнээ сориод үзээрэй. Цэргүүд сум тавих эрхий хурууныхаа эрчийг хариулахгүй гэж шагайн хаваагаар наадаж, ихэс дээдэс эгэл ардгүй зуны дэлгэр цагт цуглан өтгөс буурлынхаа мэндийг мэдэж, сонин хачин хуучлангаа нааддаг байсан гэсэн шүү.

  1. Аргал түүж , сур элдэж, ноос савж үзсэн үү

Тэр бүр хөдөө явж чаддаггүй хотын бидэнд хөдөө айлд очсон ч араг үүрч, савар бариад аргалд явах боломж тэр бүр олдохгүй нь мэдээж. Үлгэр, домгийн ч юм шиг санагдах болсон энэ уламжлалаа бид мартахгүйн тулд өөрөө хийж үзэж, суралцангаа цагийг зугаатай өнгөрүүлэх боломжтой. Мэдээж аргал түүж байхдаа авахуулсан зураг тань “күүл” байх нь тодорхой. Түүгээр зогсохгүй, та ноос савж, сур элдэх ажилд оролцож, суралцаж болно. Найз нөхөдтэйгээ хэн нь сайн ноос савж, сур элдэж чадахаа үзэж, тэмцээн зохиосон ч болох юм. Нэг үгээр хэлбэл, малчин Монголчуудын өдөр тутмын амьдралын ажил хөдөлмөрийг хийж үзэх алдаж боломгүй боломж шүү.

  1. Эсгийгээр хийсэн бүтээлээ найздаа бэлэглэж болно

Эсгий урлал хийж сурахад гуравхан цаг хангалттай гэдэг юм билээ. Найман зууны турш Монголчуудын боловсруулж, хөгжүүлж, ур ухаанаа зарсан энэ урлалыг одоо бид суралцахад л хангалттай. Эсгийгээр хийсэн бүтээгдэхүүнүүд Монголын бренд болоод байгааг та бид сайн мэднэ. Тиймээс та өөрөө эсгийгээр уран зураг, бэлэг дурсгалын зүйлс зэргийг хийхэд суралцаж, эсвэл мэргэжлийн урлаачдын хийсэн нарийн хийц бүхий бүтээлүүдээс ч худалдан авах боломжтой юм.

  1. Кинон дээр гардаг шиг хөрөг зургаа зуруул

Хүн бүр өөрийн хөрөг зургаа зуруулж, жаазлуулаад ханандаа өлгөх нууцхан хүсэлтэй байх. Соёлын наадам дээр мэргэжлийн зураачид таны хөргийг “амьдруулж”, яг өнөөдрийн таныг мөнхөлж үлдээх болно.

  1. Нүд худал гэдгийг мэдэх үү

Харааны урлаг /Visual art/ таны нүдийг худал болохыг дөмөгхөн хэлээд өгнө. Огт хөдөлгөөнгүй зурагнууд таны нүдийг хэрхэн хөдөлгөж, төөрөлдүүлж, будлиулахыг та Соёлын наадмын хүрээнд гарсан дүрслэх урлагийн үзэсгэлэнгээс үзэж сонирхоорой.

  1. Цор ганц урласан гар урлалын бүтээгдэхүүнтэй болоорой

Дэлхийд хамгийн өндөр үнээр борлуулагддаг гар хийцийн бүтээгдэхүүнүүд мэдээж цор ганц урлагдсан, нөр их хөдөлмөр орсон гэдгээрээ үнэ цэнэтэй. Харин Монгол ахуйн гар урлалын бүтээгдэхүүнүүд таны найз, жуулчдад хамгийн хэрэгтэй зүйлс байх болов уу. Урласан бүтээлийг нь урлаачид нь борлуулж байвал бүр ч догь. Хэрэв хүсвэл та энд өөрөө ч урлах, урлахад суралцах боломжтой.

  1. Ардын язгуур урлагийн амьд тоглолт та жилд хэдэн удаа сонсдог вэ

Үндэсний их баяр наадмаас салгаж боломгүй ойлголт бол мэдээж ардын урлаг. Та Соёлын наадамд ирснээр урлаг соёлын алдартан, мэргэжилтнүүдийн ардын урлагийн тоглолтыг үзэж сонирхож, хамтдаа дуулж, бүжиглэх, суралцах боломжтой. Мөн ардын аман зохиол болох үлгэр тууль хайлж, шидэт түүхүүдийг хүүрнэнэ.

  1. Морьтон Монголын гайхамшиг

Молор эрдэнэ морин хүлгэндээ хайргүй Монгол гэж үгүй. Тиймээс ч соёлын наадмаараа дамжуулан дэлхийг туурайгаараа тамгалсан монгол морио сурталчилж, гайхамшигт тоглолтууд үзүүлэн, гийнгоон дуу өргөн талдаа хадаана.

13. Айрагны баяр

Нутаг нутгийн шилдэг бренд айраг, цагаан идээ, орон нутгийн онцлогтой гараар урласан бүтээгдэхүүн борлуулагдаж байгаа учраас та амттай, сайхан айраг идээгээ эндээс амсаж болно.Мөн айраг уунгаа дэмбээдэж, хуруудаж наадамлаарай.

14. Аврага Монгол баримлын өртөө

Хүний биеийн хэмжээтэй тэнцэхүйц Монгол гутал, хөөрөг, аяга,цайны домбо, авдар, дөрвөн бэрх шагай, эмээл зэрэг Монгол ахуйг харуулсан аварга баримлуудтай зургаа татуулах боломжтой.

ХҮҮХДҮҮДЭЭ ЮУ ҮЗҮҮЛЭХ ВЭ

15. Шагайн морио уяцгаая

Айл бүрт байдаг шагайн наадгай цөөрчээ. Таны хүүхэд шагайгаар тоглож, шагайгаар морио уяж, уралдуулж байгаа юу? Энэ жилийн наадмыг таны хүүхдийн шагайн соёолон өнгөлөх юм биш биз.

  1. Хэний зурсан зураг вэ?

Та өөрийн хүүхдээ зураг зурж чаддаггүй гэж хойш битгий түлхээрэй. Хүүхдийн хэрхэн зурах биш юуг зурж буйг сайтар ажиглаарай. Соёлын наадамд оролцож буй хүүхдээ зургийн уралдаанд оролцуулж, тэдний шинэ ертөнцийг хамтдаа нээж болно.

17. Зугаатай нүүр будалтын хэсэг хүүхдэд тань лав таалагдана

Мэдээж бяцхан наадамчдын хүсэн хүлээдэг зүйлсийн нэг яах аргагүй нүүрэн дээрээ зугаатай зураг зуруулах явдал юм. Монголын төрийн далбаанаас эхлээд дуртай үлгэрийн баатар, хайртай амьтныхаа зургийг ч зуруулж болно шүү. Хүсвэл аав ээжтэйгээ адилхан зураг зуруулаад, гэр бүлээрээ ч ижилсэж болох юм.

18. Хүүхдүүдийн флаш моб

Бяцхан хүүхдүүд нэгдэж, нэгэн зорилгын дор хамтдаа хэрхэн бүжиглэхийг үзээрэй.

19. Хурган чих хөгжим гэж сонсож байсан уу

Алганд багтам авсаархан энэ хөгжмийн талаар эцэг, эх та бүхэн дуулж байсан уу. Хурган чих болон бишгүүр хөгжимтэй танилцах аялалд нэгдээрэй.

20. Монгол хүүхэлдэйтэй хамт зургаа татуулах боломж бий

21. Мэдээж + Хөгжилтэй тоглоом тэмцээн

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Playtime 2018” маргааш эхэлнэ

“Playtime 2018” амьд хөгжмийн наадам долоодугаар сарын 6, 7, 8-ны өдөр “Монгол Шилтгээн”-д зохион байгуулагдана.

17 дахь жилдээ болох уг наадам орчин үеийн хөгжмийн соёлыг дэлгэрүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх, дэлхийн болон Монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилготой. 2002 оноос хойш нийт 500 гаруй хамтлаг, дуучин давхардсан тоогоор тус наадамд оролцож уран бүтээлээ хүргэжээ.

“Playtime 2018” наадамд дэлхийд алдартай AНУ-ын “Ariel Pink”, Япон улсын “The Fin.”, “Lite”, Монголын домогт “Хөх Тэнгэр”, анхны синт рок “Сөрөг Хүч”, пост панк “The Colors” тэргүүтэй хөгжмийн олон урсгалын танил, шилдэг, шинэ залуу 35 хамтлаг оролцохын зэрэгцээ электроник дэнс хѳгжмийн тайзнаа Италийн techno DJ Claudio PRC, Голландын Albert Van Abbe, Mонголын Biliguudei, TMK тэргүүтэй шилдэг 30 Ди-Жэй цэвэр агаарт гурав хоногийн турш “Playtime”, “Нааглихац”, “La Vie En Rose” гэсэн гурван тайзаар дамжуулан ѳѳрсдийн уран бүтээлээ хүргэх ажээ.

“Playtime 2018” маргааш эхэлнэ

“Playtime 2018” маргааш эхэлнэ

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Монгол охидын хамтлаг анх удаагаа Азийн тод 50-д багтжээ

Азийн хамгийн том дуу хөгжим, шоу цэнгээний групп болох “Asian entertainment”-аас Азийн охидын хамтлагийн хит парадаа шинэчлэн гаргажээ.
Шилдэг 50-д манай охидын “Тhe Wasabies” хамтлагийн “Ү-гүй” дуу багтсан байна. Энэ дууны клип хүндэт 20-р байрт шалгарсан байна.

“Тhe Wasabies” нь сарын өмнө байгуулагдсан хамтлаг юм.


Categories
энтертаймент-ертөнц

“EUROASIA” олон улсын кино наадам зохион байгуулагдаж байна

Киргизстан улсын Астана хотод 2018 оны 7-р сарын 1-7-ний өдрүүдэд Евро азийн олон улсын кино наадам 14 дэх удаагаа зохион байгуулагдаж байна. Наадмын хүрээнд төсөл шалгаруулах уралдаант хэсэг 2 дахь жилдээ болж байгаа бөгөөд төслийг Евро азийн улсууд дундаас шалгаруулна. Эхний шатанд 10 төсөл шалгарч үлдсэнээс, 1-2 төслийг шалгаруулж наадмаас санхүүжилт олгосон байна. Мөн уралдаант хэсгээс гадна уран бүтээлчид төслөө танилцуулах боломжтой байгаа нь хамтарсан бүтээл хийх боломжийг бүрдүүлж байна. Уг кино наадамд Монгол улсыг төлөөлөн “А-Артист” продакшины захирал, найруулагч, жүжигчин Т.Алтантуяа оролцож бизнесийн 2 төслөө танилцууллаа. Мөн “Дижитал агуулга” ХХК төслөө танилцуулсан байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкнээс авах боломжтой.

https://eurasiafestival.kz/eng/proekty/uchastniki-kinorynka/

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Миний аялсан 1000 хот”

Хөгжмийн зохиолч, хөгжмийн найруулагч, продюсер Б.Чинбат өөрийн шинэ уран бүтээлийн нээлт болгож “Миний аялсан 1000 хот” хэмээх хөгжмийн шинэ бүтээлээ үзэгч, сонсогчдын хүртээл болгож байна.

Тэрээр шинэ уран бүтээлийнхээ тухай ярихдаа, “Уран бүтээлийг минь үргэлж дэмжиж, урам хайрладаг үзэгч, сонсогч, фэнүүддээ зориуллаа. Энэхүү хөгжмийг тун удахгүй “VTV”-ээр гарах дэлхийн 1000 хотоор аялж, газар бүрийн гоё сайхныг харуулж, мэдрүүлэх шинэ нэвтрүүлгийг бүтээж буй, аялагч Оюунчимэг санаачилж, нэвтрүүлгийнхээ сүлд дуу болгосон. Дэлхийг тойрсон 1000 хотын сонин сайхан болгоныг Монголчууд бидэнд хүргэх гэж байгаад баяр, талархалтай байна. Аялал гэдэг бидэнд маш олон зүйлийг өгдөг. Дэлхийн өөр өөр соёлуудтай танилцаж, шинэ найзуудтай болж магадгүй тэднээс суралцдаг. Хол газар явахдаа гэр бүлээ ямар үнэ цэнэтэйг ухаарч ойлгох, өөрийгөө олох олон шинэ мэдрэмж, туршлагыг суулгаж байдаг билээ. Аялалын тухай тэр дундаа дэлхийн гайхамшигт хотуудыг нүдэндээ харж, чихэндээ сонсч, зүрхэндээ мэдэрсэн аялгуу эгшигээр та бүхнээ хөглөе. Аз жаргалтайгаар сонсож бас аялцгаая” хэмээн ярьсан юм.

Дашрамд сонирхуулахад, хөгжмийн зохиолч Б.Чинбат ирэх намар буюу есдүгээр сарын 21, 22, 23-нд бие даасан томоохон хэмжээний шинэ тоглолтоо тавихаар бэлтгэл ажилдаа ороод байгаа юм.


Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Яг түүн шиг-3” шоуны хагас финал өнөөдөр болно

Яг түүн шиг-3″ шоуны хариуцлагатай ес дэх дугаар өнөөдөр 20.00 цагт “Боловсрол” телевизээр үзэгчдийн хүртээл болно. Учир нь шоуны хагас финалд оролцогч, загвар өмсөгч Ж.Энэрэл, ая зохиогч, дуучин Б.Нацагдорж, “Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа, театр, киноны жүжигчин М.Цэрэндолгор, “A Sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн, “Эмоци” продакшны жүжигчин О.Тэмүүжин, дуучин, жүжигчин Ч.Очгэрэл, “VR” хамтлагийн гишүүн, загвар өмсөгч О.Билгүүн нар өрсөлдөн тэднээс хоёр оролцогч хасагдах шийдвэрлэх дугаар юм. Үлдсэн зургаан оролцогч ирэх ням гаригт финалд өрсөлдөн шилдэгээ тодруулна.

Харин өнөөдөр найман оролцогч хэн хэн болох баззер таарсныг хүргэе. Ая зохиогч Б.Нацагдорж Бруно Марс, загвар өмсөгч О.Билгүүн Micheal Buble, жүжигчин Цэрэндолгор The Granberries, загвар өмсөгч Ж.Энэрэл Ciara, дуучин Г.Сүндэрмаа Keala Settle, жүжигчин О.Тэмүүжин Jennifer Lopez, жүжигчин О.Тэмүүжин Шакира, жүжигчин Ч.Очгэрэл Adele болох даалгавар авсан. Тэднээс хэн нь дараагийн дугаарт тунан үлдэхийг харах л үлдлээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Морин хуур олон улсын наадамд есөн орны уран бүтээлчид оролцож байна

Зургаа дахь удаагийн “Морин хуур” олон улсын наадмын нээлтийн ажиллагаа, хүндэтгэлийн концерт өчигдөр Соёлын төв өргөөнд боллоо. Энэ удаагийн уралдаанд Монголоос гадна Япон, БНХАУ, ОХУ зэрэг найман орны уран бүтээлчид оролцож байна. Дэлхийн морин хуурын холбоо, Нийслэлийн соёл урлагийн газраас хамтран зохион баыйгуулж буй уг фестивалийн нийт зургаан өдрийн арга хэмжээнд сонирхон хичээллэгчдээс гадна 300 гаруй мэргэжлийн уран бүтээлчид оролцож, морин хуурыг дэлхий дахинаа сурталчлах юм.

Зургаа дахь удаагийн морин хуур олон улсын наадмын сонирхон суралцагчдын уралдаан долдугаар сарын 3,4 нд Улсын Филармонид, уулзалт-хэлэлцүүлэг Монголын уран зургийн галерейд болно. Мөн олон улсын сонирхогч морин хуурчид, Үндэсний Дуу Бүжгийн Чуулгын мэргэжлийн уран бүтээлчид, ардын авьяастнууд хамтарсан хаалтын тоглолтыг долдугаар сарын 5-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулах юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны “Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай” 17 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд 2008 онд “Дэлхийн морин хуурын холбоо” ТББ байгуулагдаж олон төрлийн арга хэмжээ зохион байгуулсны нэг нь Улаанбаатар хотод 2 жил тутамд болдог “Морин хуурын олон улсын наадам” юм.

Наадмын хүрээнд 2008, 2012, 2016 онд наадам-симпозиум, 2010, 2014 онд наадам-уралдааныг тус тус зохион байгуулсан. Дээрх арга хэмжээнд ОХУ, БНХАУ, Япон, АНУ, БНСУ, ХБНГУ, БНФУ-ын нийт 600 гаруй морин хуурч, суралцагсад болон багш нар, хамтлаг, чуулга, судлаач, урлаач нар оролцож байв.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

2019 онд нээлтээ хийх шилдэг долоон кино

Кино урлаг сонирхогч залуучууддаа зориулан ирэх 2019 онд нээлтээ хийхэд бэлэн болоод байгаа хамгийн их шуугиан дагуулж буй шилдэг долоон киноны тухай товч мэдээллийг бэлтгэн хүргэж байна. Уг жагсаалтад бидний дунд аль хэдийнэ хүлээлт үүсгээд амжсан Avengers: Infinity War (2018)–ын үргэлжлэл болон Dumbo хүүхэлдэйн киноны шинэчилсэн хувилбар зэрэг багтсанаас гадна хүүхэд залуусыг саяхан байлдан дагуулж байсан “Suicide Squad” уран сайхны киноны 2-р анги ч мөн дээгүүр байранд жагсчээ.

1. DUMBO – WALT DISNEY


Бусдаас өвөрмөц, хачирхалтай том чихтэй төрсөн Dumbo хэмээх зааны тугалны сургамжит, адал явдалт амьдралын түүхээс сэдэвлэсэн хүүхэлдэйн киног хамгийн анх 1941 оны 10-р сард Walt Disney Productions бүтээж байв. Тус бүтээл хамгийн анхны өнгөт хүүхэлдэйн кинонуудын нэгт зүй ёсоор тооцогддог бөгөөд нийт 1.6 сая долларын ашиг олж байсан түүхтэй ажээ.

Харин ирэх 2019 онд өхөөрдөм зааны тугалны түүх орчин үеийн дэвшилтэт компьютер графикийн дүрслэл дундаас шинээр мэндлэхээр болсон бөгөөд өмнө нь “Аlice in the wonderland”, “The Corpse Bride” зэрэг олон уран сайхны болон хүүхэлдэйн киноны зураач, найруулагчаар ажиллаж байсан алдарт Тим Бартон (Tim Burton) найруулсан байна. Walt Disney Pictures уг бүтээлийн нээлтийг 2019 оны гуравдугаар сарын 29-нд хийхээр төлөвлөжээ.

2. THE LION KING – WALT DISNEY


Араатны хаан арслан Симбагийн адал явдалт түүхийг үзээгүй хүн байхгүй гэхэд хилсдэхгүй. 1994 онд бүтээгдэж 968.5 сая долларын ашиг олж байсан Walt Disney–н хамгийн алдартай бүтээлүүдийн нэг “The Lion King” мөн ирэх 2019 онд шинэчлэгдсэн хувилбараар дэлгэцнээ гарахад бэлэн болжээ.

Шинэ араатны хаан арсланд Дональд Гловер (Donald Glover) дуу оруулж, алдарт кино найруулагч Жон Фаврью (John Favreau) ажиллажээ. Мөн бид бүхний сайн мэдэх дуучин Бейонсе Новлес (Beyonce Knowles) Симбагийн найз эм арслан болох Нэвигийн дүрд дуу оруулахаар болсон байна.

Киноны нээлт 2019 оны долдугаар сарын 19-нд болох бөгөөд кино шүүмжлэгчдийн зүгээс өмнөх хувилбарт шингэсэн гүн ухааны өгүүлэмж хэвээр хадгалагдсан эсэхийг үзэхээр хүлээж байгаа тухай АНУ-ын мэдээллийн сайтуудаар шуугиж байна.

3. Х-MEN : DARK PHOENIX – 20th CENTURY FOX FILM CORPORATION

Шинжлэх ухааны зөгнөлт, адал явдалт төрлийн X-Men уран сайхны кино хамгийн анх 2000 онд дэлгэцийн бүтээл болсноос хойш өнөөдрийг хүртэл 11 цувралыг гаргаж амжжээ. Хамгийн сүүлд уг цувралын дүрүүдээр тусгайлан бүтээсэн Logan (2017), Deadpool 2 (2018) зэрэг фильмүүдийг бид хүлээн авч үзээд байгаа билээ.

Ирэх 2019 онд нээлтээ хийх Икс хүмүүс: Харанхуйн галт шувуу (X-Men:Dark Phoenix)-г X-Men:The Last Stands (2006), X-Men:Days of Future Past (2014), X-Men:Apocalypse (2016) зэрэг өмнөх ангиудын кино зохиолчоор ажиллаж байсан Саймон Кинберг (Simon Kinberg) найруулсан байна. Киноны үйл явдлын хувьд өмнөх ангиудад асуудал тарьж байсан гэхэд болох гайхамшигт чадвартай Жийн Грей (Jean Grey) харанхуйн галт шувуу болохын тулд бүхнийг золиослоход хүрч, Икс хүмүүс дэлхийн нийт хүн төрөлхтний төлөө түүнийг зогсоох шаардлагатай болох гэнэ. Харанхуйн галт шувуу ирэх оны 2-р сарын 14-нд нээлтээ хийх ажээ.

4. SUICIDE SQUAD 2 – DC COMICS, ATLAS ENTERTAINMENT

2016 онд нээлтээ хийж дэлхий дахиныг шуугиулан 746.8 сая долларын ашиг олж чадсан Suicide Squad киноны 2-р анги ирэх 2019 онд нээлтээ хийхээр болсон тухай IMDb агентлаг мэдээлжээ.

Шинэ ангийн найруулагчаар энэ удаа Гэвин О᠋’Коннор (Gavin O’Connor) ажилласан ба үйл явдлын тухай нууц одоогоор ил болоогүй байгаа бөгөөд сонирхогчдын хийсэн хуурамч трейлер, спойлерууд цахим сүлжээг дүүргээд байгаа билээ. Мөн бидний хайртай жүжигчин Двэйн Жонсон (Dwaine Johnson) ᠌”Хар Адам” (Black Adam) хэмээх шинэ дүрд тоглож байгаа бөгөөд үхлийн салаанаас хамгийн их хайр хүндэтгэлийг хүлээсэн Harley Quinn–ий дүрийг үзэсгэлэнт Маргот Роби (Margot Robbie) дахин бүтээхээр болжээ. Киноны нээлтийн тов одоогоор тодорхой биш байна.

5. CAPTAIN MARVEL – MARVEL ENTERTAINMENT

Харь гарагийн 2 өөр үндэстэн хооронд галактикийн дайн дэгдэж, Кэрол Дэнверс (Carol Danvers) дэлхийгээс төрөн гарсан огторгуй ертөнцийн хамгийн хүчирхэг баатруудын нэг болно.

Марвелын дэлгэцнээ амилах хүчирхэг баатруудын жагсаалтыг энэ удаа Ахмад Марвел үргэлжлүүлэхээр болжээ. Эмэгтэй супербаатрын дүрээр тусгайлан кино бүтээсэн түүх Марвельд байхгүй учир гагц комик номны хуудаснаа удаан хугацаанд ээлжээ хүлээн байсан Кэрол Дэнверсийн адал явдлыг хүсэн хүлээгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.

Гол дүрийг жүжигчин Брай Ларсон (Brie Larson) бүтээсэн ба найруулагчаар Анна Боден (Anna Boden), Райан Флек (Ryan Fleck) нар ажиллажээ. 118.6 сая долларын төсвөөр бүтэж буй уг киноны нээлт ирэх 2019 оны 3-р сарын 8-нд болохоор товлогдсон байна.


6. WONDER WOMAN 1984 – DC ENTERTAINMENT, WARNER BROS

DC comics–ийн түүхэн дэх хамгийн алдартай эмэгтэй супербаатар болох гайхамшигт бүсгүй (Wonder Woman)-н түүхээс сэдэвлэсэн 50 гаруй ангитай телевизийн цуврал тэртээ 1975 онд цацагдаж, гол дүрийг бүтээсэн Линда Картер (Linda Carter) Hollywood даяар алдаршиж байсан цаг саяхан мэт.

Мөн өнгөрөгч 2017 онд DC Entertainment –ийн хамт олон Гайхамшигт бүсгүйг үзэсгэлэнт Гал Гадот (Gal Gadot)-оор амилуулан цоо шинээр бүтээсэн нь олон номинацид нэр дэвшиж, 821.9 сая долларын ашиг олсон билээ. Харин ирэх 2019 онд Wonder Woman 1984 хэмээх бас нэгэн уран сайхны кино нээлтээ хийхэд бэлэн болсныг DC-ынхан мэдэгдэв. Киноны үйл явдлын тухай баттай мэдээлэл хараахан гараагүй ба ямартай ч Wonder Woman (2017)–ы шууд үргэлжлэл байх магадтай гэнэ.

Гол дүрийг жүжигчин Гал Гадот дахин бүтээх ба найруулагчаар өмнөх ангийн найруулагч Пати Женкинс (Patty Jenkins) ажиллах ажээ. Нээлтийн товыг одоогийн байдлаар 2019 оны 11-р сарын 1-н хэмээсэн байна.

7. AVENGERS UNTITLED – MARVEL ENTERTAINMENT

Avengers: Infinity War (2018)–ын дуулиан шуугиан одоо ч намжиж амжаагүй хэвээр. Гэтэл Marvel Entertainment–ийн зүгээс 2019 онд үргэлжлэл болох бас нэгэн анги гаргахаа мэдэгдлээ. Найруулагчаар ах дүү Руссо (Anthony and John Russo) нар ажиллах ба үйл явдлын тухайд өмнөх ангийн шууд үргэлжлэл байх ажээ. Киноны нэрийг одоогоор хараахан оноож амжаагүй байгаа бөгөөд нээлтийн товыг ирэх оны тавдугаар сарын 3-нд зарласан ч хойшилж магадгүй тухай продьюсерүүд мэдэгдэл хийсэн байна. Зарим шүтэн бишрэгч, спойлеруудын таамгаар Ахмад Марвелын дүр нэмэгдэж магадгүй бөгөөд Avengers–ийн сүүлчийн цуврал болох магадлал өндөр гэж үзэж байна. Бидэнд хүлээх л үлдлээ…

Мөн ирэх 2019 онд нээлтээ хийхээр бэлэн болсон, хүлээлт үүсгээд буй киноны жагсаалтыг бидний сайн мэдэх Toy Story хүүхэлдэйн киноны 4-р анги, Алдарт Стивен Кинг (Stephen King)-ийн аймшгийн зохиолоос сэдэвлэсэн It (2017) киноны 2-р бүлэг, Аладдин (Aladdin) хүүхэлдэйн киноны уран сайхны кино хувилбар зэрэг олон фильмүүд үргэлжлүүлж байна. Дэлхийн кино урлагийн зах зээлийг анимэйшн хүүхэлдэйн кино болон супербаатруудын түүх дийлэнхи эзэлж байгааг бид дээрх жагсаалтаас харж болох ажээ. Мөн олон жилийн өмнө хийгдэж байсан алдартай бүтээлүүдийг дахин шинээр бүтээх хандлага ирэх жилүүдэд түгээмэл болох магадлал тун өндөр хэмээн дүгнэж болох юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Өнөөдрийн үзвэрийн хуваарь

NOMADIC MELODY концерт
-Хаана: Төмөр замын дуу, бүжгийн чуулга
-Хэзээ: 06.29, 07.01, 07.02, 07.03, 07.04-ний өдөр


НҮҮР БУДАЛТЫН СУРГАЛТ
Хэзээ: Бямба, Ням гарагт 15.00-18.00 цагт
Хаана: 13 дугаар хорооллын автобусны буудлын урд “Соманг” плаза төв “Bean tree” кофе шоп
Төлбөр: 10.000төгрөг


2018.07.01-НИЙ НЯМ ГАРАГ

“ЦАГ ХУГАЦААНЫ МАШИН” УРАН ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН

Юу: Монгол Улсын соёлын элч, зураач С.Заяасайхан “Time machine” буюу “Цаг хугацааны машин” уран зургийн үзэсгэлэн
Хэзээ: Зайсан дахь Белла Виста хотхоны Q Art галерейд
Хаана: 2018.07.01-ний өдөр



Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Шилдэг боловсрол – 2018 ” үзэсгэлэн болно

Монголын оюутны холбоо, Монголын залуучуудын шинэ давлагаа төрийн бус байгууллагатай хамтран ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдөд гадаад болон дотоодын их, дээд сургууль, коллежуудын элсэлтийн үйл ажиллагааны тухай дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх үүднээс “Шилдэг боловсрол – 2018” үзэсгэлэн яармагийг 5 дахь удаагаа зохион байгуулах гэж байна.

Үзэсгэлэн яармаг 2018 оны 7 дугаар сарын 2-4-ний өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд Blue Sky цамхгийн нэг давхрын үзэсгэлэнгийн танхимд болно.