Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Авьяаслаг Монголчууд” шоу үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ

“Авьяаслаг Монголчууд” шоуны гурав дахь удаагаа үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ. Есдүгээр сарын 16-ны ням гаригаас эхлэн Монгол ТВ-гээр хүрэх гэж байна. “Авьяаслаг Монголчууд” шоуны шүүгчийн шатны шалгаруулалт өнгөрсөн зургадугаар сард болж өндөрлөсөн билээ.

Энэ удаагийн шоуны шүүгчдийн бүрэлдэхүүн Реппер, продюсер Рокит Бэй, Хөтлөгч, продюсер П.Анужин, Жүжигчин, продюсер Г.Ундармаа, Чингис хаан одонт МУГЖ Г.Ариунбаатар нар ажиллаж байна. Харин тус шоуны хөтлөгчөөр Б.Мандуул сонгогджээ. Б.Мандуул нь Монгол ТВ-ийн “Өнөө өглөө” болон “Наашаа Цаашаа” нэвтрүүлгийн хөтлөгч юм.

Дашрамд сонирхуулахад, “Авьяаслаг монголчууд” шоуны анхны ялагчаар С.Жамъяанхорол багштай “Эгшиглэнт чимээ” хамтлаг тодорч, 100 сая төгрөгөөр шагнуулж байсан. Хоёр дахь удаагийн “Авьяаслаг монголчууд-2016” шоу нэвтрүүлгийн ялагчаар “Нуугдсан эрдэнэ” хэмээх О.Энх-Эрдэнэ дуучин түрүүлсэн юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Германы сэтгүүл манай улсад зураг авалт хийжээ

Германы загвар ба амьдралын хэв маягийн ICON сэтгүүлийн есдүгээр сарын дугаарт Монгол улсад хийгдсэн нэгэн үзэсгэлэнт зураг авалт нийтлэгджээ. Зураг авалтын гол дүр болох загвар өмсөгч Ж.Энэрэл мөн сэтгүүлийн нүүр хуудсыг чимсэн байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Зүүдний дагина” дууг Өвөрмонголын хамтлаг зөвшөөрөлгүй дуулжээ

“Freezone” хамтлагаас албан ёсны мэдэгдэл хийжээ. Тодруулбал, Өвөрмонголын “Top line” хэмээх хамтлаг манай улсын “Freezone”-ы дууг ковер хийж дуулсан нь ойрын өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр тархсан.

Өвөрмонголын залуусын хамтлаг нь “Зүүдний дагина” гэх дууг нь “Албан ёсны зөвшөөрөлгүйгээр дууг нь дуулсан тул хамтлагийн продьюсерт оюуны өмчийг дээдлэх тухай дээрх мэдэгдлээ хүргүүлж байгаа юм байна. Мөн сошиал орчинд мэдэгдлээ лайв хийж дамжуулж байгаа аж.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Г.Ариунбаатар,Сопрана Хибла Герзмаватай хамт “Подмосковные вечера дууг дуулав

Москва хотын Улаан талбайд болсон Олон улсын цэргийн хөгжмийн наадамд МУГЖ, “Чингис хаан” одонт дуучин Г.Ариунбаатар оролцжээ. Тэрбээр наймдугаар сарын 30-ны өдөр болсон тоглолтод оролцож, дэлхийд алдартай сопрана Хибла Герзмаватай хамт “Подмосковные вечера” дууг дуулсан байна.

Categories
энтертаймент-ертөнц

Дуучин Мадонна өнөөдөр 60 нас хүрлээ

Поп дууны хатан хаан гэгдэх дэлхийн од Мадонна өнөөдөр төрсөн өдрөө тэмдэглэж байна. Тэрбээр 1958 оны наймдугаар сарын 16 төрсөн бөгөөд өнөөдөр 60 нас хүрч байгаа аж. Мадонна анх 1978 онд урлагийн ертөнцөд бүжигчнээр хөл тавьж байсан бөгөөд хожим нь ганцаарчлан дуулж эхэлснээр амжилтын гараагаа эхлүүлжээ. 1982 онд анхны дебут сингл болох “Everybody” дуугаа хүргэсэн нь хит болсон. Үүнээс хойш “Like a Virgin”, ”La isla Bonita”, “Like a Prayer”, “Vogue”, “Take a Bow” зэрэг дуунуудаа олонд хүргэсэн нь таашаагдаж Мадонна урлагийн ертөнцөд өөрийн байр сууриа олж чадсан чадварлаг дуучнаар тодорсон билээ. АНУ-ын биллбоард дууны жагсаалтад Мадоннагын гаргасан дуу болгон нь хит болж хэдэн долоо хоногоор 1-р байранд бичигдэж мөн олон шинэ рекорд тогтоож байсан түүхтэй. 2000 онд Мадонна гиннесийн номд бүх цаг үеийн хамгийн амжилттай топ соло-дуучнаар бүртгэгдэж байжээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Өнөөгийн ертөнцийг бүтээгч Чингис хаан” ном вьетнам хэлээр хэвлэгдэн гарлаа

АНУ-ын зохиолч, нийтлэлч Жак Уэтерфордын “Genghis Khan and the making of the modern world” буюу “Өнөөгийн ертөнцийг бүтээгч Чингис хаан” хэмээх бүтээл анх удаа вьетнам хэлээр хэвлэгдэн гарсан байна.

Жак Уэтерфордын уг бүтээлийг Вьетнамын зохиолч, орчуулагч Во Фуонг Линь /Vo Phuong Linh/ орчуулж “Omega Boo JSC” хэвлэлийн компанид хэвлүүлэн нийтийн хүртээл болгож Монгол Улсаас БНСВУ-д суугаа Дипломат Төлөөлөгчийн Газарт бүтээлийн дээжийг ирүүлжээ.

Тус ЭСЯ Ханой хот дахь дипломат төлөөлөгчийн газруудын номын клубуудтэй харилцан ном солилцох, номын өдөрлөг зохион байгуулах зэрэг арга хэмжээ зохион байгуулж байдаг. Энэхүү бүтээл вьетнам хэлээр орчуулагдан гарч байгаа нь манай улсын түүх, соёлыг суугаа орны ард түмэнд сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсан үйл явдал болж байгаа ажээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Хаан галерейд “CODE 1” уран бүтээлийн үзэсгэлэн нээгдлээ

ААН Галерей энэ оны ээлжит үзэсгэлэн болох уран бүтээлч Б.Болормаагийн “CODE 1” уран бүтээлийн үзэсгэлэнг 08-р сарын 09-ний өдрөөс эхлэн та бүхэнд толилуулж байна.

Зураач Б.Болормаа нь 2014 онд Бельгид “Gros Art” үзэсгэлэн, 2016 онд Тайваньд “Her presence in colours” үзэсгэлэн болон Солонгос улсад олон улсын эмэгтэй зураачдын үзэсгэлэнд оролцож, хилийн чанадад Монголын уран зургийн дээжийг толилуулж байсан авьяаслаг уран бүтээлч билээ. Мөн эх орондоо өөрийн бие даасан “Далд”, “Хотын төрх 1”, “Хотын төрх 2”, “Минимал Арт” зэрэг үзэсгэлэнг олон нийтэд хүргэж байсан юм.

Хүн бүр төсөөлөн бодох чадвартай хэдий ч гагцхүү уран бүтээлч хүнд тэрхүү төсөөллийг дүрслэн буулгах авьяас билэг заяасан байдаг билээ. Орчлон ертөнцийн олон төрлийн өнгө будаг, хэлбэр дүрсийг өөрийн төсөөллөөр харж, дүрслэгдэхүүнээр илэрхийлэн буулгадаг нь зураач хүний онцлог юм. Тэгвэл уран бүтээлч Б.Болормаа нь “CODE 1” үзэсгэлэнгээрээ ямарваа нэгэн хэлбэр дүрст баригдалгүй, байгалийн далд хүч, хүмүүн бидний оршихуйн цаг хугацаа, ертөнцийн шүтэн барилдлага, эгэл байдал зэргийг гурван хэмжээст дүрс, өнгө будгийн зохиомжоор хослуулан харуулахыг зорьжээ.

Амралтын болон ажлын өдөр гэр бүл найз нөхдийн хамт хотын өмнө зүгт орших Наадам центрт зочлонгоо ХААН Банк Цамхагийн 3-р давхарт байрлах ХААН Галерейд саатан 8-р сарын 30-ний өдрийг дуустал үргэлжлэх зураач Б.Болормаагийн “CODE 1” үзэсгэлэнг үзэж, оюуны таашаал авахыг урьж байна. Эрхэм та бүхэн ажлын өдрүүдэд 10:00-19:00, амралтын өдрүүдэд 11:00-18:00 цагийн хооронд ХААН Галерейд гарч буй үзэсгэлэнг үнэ төлбөргүй үзэх боломжтойг дуулгая.


Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Мулан” кино 2020 онд нээлтээ хийнэ

Бүрэн хэмжээний уран сайхны “Мулан” киноны анхны гэрэл зургууд цахим сүлжээгээр нийтлэгдсэнтухай “Buzzfeed News” мэдээлж байна.

Эхний зургуудад киноны гол дүрийг бүтээж байгаа хятад жүжигчин Лю Ифэй сэлэм барьсан, зурмал киноны баатрын дүрсийг хуулбарласан байдалтайгаар буусан байна. “Disney” компани уг киноны зураг авалт эхэлснийг албан ёсоор зарласан. Киног Ника Каро найруулж, зураг авалт нь Хятад ба Шинэ Зеландад хийгдэнэ. Харин киноны нээлт 2020 онд болно.

View image on Twitter

“Мулан” киноноос Гун Лигийн хувьд эсрэг дүрийн хүчирхэг шулмын дүрд, харин Хятадын эзэн хааны дүрд Жэт Ли тоглохоор болсон. Фа Муланы дүрд жүжигчин Лю Ифэй, Муланы багш Тун жанжны дүрд Донни Иен тоглоно.

Анх “Мулан” хүүхэлдэйн киног 1998 онд олны хүртээл болгож байсан бол тухайн жилийнхээ Оскарын кино наадамд нэр дэвшиж байсан амжилтыг үзүүлж байсан аж.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

​А. Өсөхбаяр: Зургийн байрлалд өнгө хамгийн чухал үүргийг гүйцэтгэдэг

Хэрвээ та зураач байсан бол ямар өнгийг сонгох байсан бэ?

Хамгийн тод өнгөтэй зургаас эхэлсэн эдгээр өнгө өнгийн учир битүүлэг бүтээл хэнийх болох талаар “Монголын урчуудын эвлэл”-ийн үзэсгэлэн зохион байгуулагч А.Өсөхбаяраас сонирхлоо.

Урлагийг хүн бүр харилцан адилгүй ойлгодог бөгөөд зураач бүрийн хэв маяг үргэлж өөр байх аж. Тэр тусмаа өнөөдрийн үзэсгэлэнгийн хэв маяг өөр хоорондоо бүр ч ялгаатай. Учир нь Монгол, Солонгос хоёр өөр улсын зураачдын бүтээл болохоор тэр. Энэ жил Монголд анх удаа хоёр улс хамтран шилдэг зураачдынхаа бүтээлийг гаргаж байгаа гэнэ. Монголын зураачдын бүтээл яагаад ийм цөөхөн байгааг сонирхоход О.Энхтайван, М. Баярмагнай, Г. Батчулуун, Алтанцэцэг гэх ердөө дөрөвхөн зураачийн бүтээл оролцож байгааг мэдлээ. Харин Солонгос зураачдын бүтээл яггүй их харагдсан нь 72 зураачдын бүтээл Монголын үзэсгэлэнд тавигдахаар шалгарсантай холбоотой байж. “Монголын урчуудын эвлэл”-ийн галерейд янз бүрийн содон зургууд, өөр өөрийн түүхтэй тавигддаг ба заримдаа тэдгээр зургууд бүхэлдээ нэг утгыг илэрхийлдэг гэж зохион байгуулагч Өсөхбаяр ярилаа.

Өмнө нь үзэж байсан зургуудтай харьцуулахад энэ удаагийн зургууд завсрын өнгөтэй гэхэд тун хурц юм. Эсвэл хүний нүдэнд тусах цэгийг нарийн тодорхойлсон юм шиг. Энэ талаар асуухад Солонгосын зураачид зургаа байрлуулахдаа урьдаас тусгайлан зааварчилгаа өгдөг гэв. Зургийн байрлалын хувьд өнгөний хоршил хамгийн чухал аж. Гэвч ийм завсрын хэрэн тод өнгөнүүдийг хэрхэн зохицуулж байрлуулдаг нь сонирхолтой. Зарим нь цагаан, шаргал, усан цэнхэр гэх зэрэг бүдэгхэн өнгөнүүд зонхилсон байхад нил ягаан, хар хөх, улаан зэрэг тод өнгөнүүдтэй хооронд нь шингээнэ гэдэг ярвигтай. Гэсэн хэдий ч зураачид өөрсдийн бүтээлийг үзэсгэлэнд өгөхдөө тусгайлан байрлалыг тогтоосон байдаг байна.

Хамгийн сонирхолтой зүйл бол галерейд ажиллаж буй хүний хувьд Монгол Солонгос хоёр өөр улсын зураачдын зургийн онцлогийг дүгнэх байх. Тиймээс зохион байгуулагч А. Өсөхбаяраас энэ тухай асуухад, зураачдын зургийн өгүүлэмж, харж тусгах өнцөг, өнгийг хэрхэн ашиглаж байгаа зэрэг нь өөр хоорондоо ялгаатай байх ба энэ нь тэдний онцгойрох өнцөг байдаг байна.

Долоо хоногийн хугацаатай явагддаг уг арга хэмжээнд ийм байдлаар өдөр бүр зургийн байрлалыг тогтоодог гэхээр нэг талаар урлагийг ойлгох амаргүйг сануулна. Хэрэв нэг л зургийг буруу байрлуулвал ерөнхий өгүүлэмж тэр чигтээ балартах аюултай.

Ингээд хамгийн тод нил ягаан өнгөөр эхэлсэн бидний зургийн аялал мөн адил хамгийн тод хар хөх өнгөөр сүүдэрлэсэн загасны зургаар дууслаа.

Ирэх жил Солонгосын галерейд мөн адил Монгол зураачдын бүтээл давамгайлсан үзэсгэлэн зохион байгуулагдана гэдгийг сонсоход таатай байв.







Б.ОДГЭРЭЛ

Categories
энтертаймент-ертөнц

Амьдрахад хамгийн таатай 10 хотыг танилцуулж байна

Их Британийн EIU судалгаа, дүн шинжилгээний байгууллагаас жил бүр амьдрахад таатай хотуудын жагсаалтыг гаргадаг. Уг жагсаалтыг энэ жил Австрийн Вена хот тэргүүлсэн байна. Харин сүүлийн долоон жил жагсаалтыг тэргүүлсэн Австралийн Мельбурн хот энэ удаад Вена хотод байраа тавьж өгч, хоёрдугаарт бичигджээ.

Уг жагсаалтыг гаргахдаа дэлхийн 140 хотыг улс төр, нийгмийн тогтвортой байдал хийгээд гэмт хэргийн нөхцөл, боловсрол болон эрүүл мэндийн хүртээмж зэрэг үзүүлэлтээр дүгнэдэг байна.

Ингээд амьдрахад хамгийн таатай 10 хотыг танилцуулъя.

1. Вена, Австри

2. Мельбурн, Австрали

3. Осака, Япон

4. Калгари, Канад

5. Сидней, Австрали

6. Ванкувер, Канад

7. Токио, Япон

8. Торонто, Канад

9. Копенгаген, Дани

10. Аделаида, Австрали