Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

“Цэцэн, Мэргэн хоёрын сонирхолтой түүх” хүүхэлдэйн кино нээлтээ хийлээ

“Бага насны хүүхдийн хүчирхийллээс ангид байх орчинг дэмжих нь” төслийн хүрээнд бага насныханд зориулсан “Цэцэн, Мэргэн хоёрын сонирхолтой түүх” нэртэй хүүхэлдэйн кино нээлтээ хийлээ.

Уг хүүхэлдэйн кино нь гурван ангитай юм байна.

1-р анги Миний бие Миний эрдэнэ

2-р анги Учиртай тоглоом Ухаантай шийдвэр

3-р анги Аюулын дохио Авралын дүрэм

Энэхүү “Бага насны хүүхдийн хүчирхийллээс ангид байх орчинг дэмжих нь” төслийг Монголын эмэгтэйчүүдийн сангаас санаачлан, олон улсын Ананда сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа аж.

Төслийн хүрээнд бага насны хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх сургалтын хөтөлбөр боловсруулж, түгээх, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх асуудлаар олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Мөн сургуулийн өмнөх боловсролын системд сургалтын хөтөлбөрийг оруулахаар зорин ажиллаж байгаа бөгөөд сургалтын материал хэрэглэгдэхүүн зэрэг нь бага насныхан мөн эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчдэд ойлголжтой, ашиглахад хялбар байдлаар боловсруулан хийгдсэн. Сургалтын материалын нэг хэсэг болох бага насныханд зориулсан Цэцэн, Мэргэн хоёрын сонирхолтой түүхээр хийсэн хүүхэлдэйн кино бүтээгдэн нээлтээ хийж байгаа нь энэ юм.

Төсөлд

  • Архангай аймаг 8-р цэцэрлэг, Чулуут сумын цэцэрлэг
  • Баянхонгор аймаг 10-р цэцэрлэг, Богд сумын цэцэрлэг
  • Дорнод аймаг 12-р цэцэрлэг, Хөлөн буйр сумын цэцэрлэг
  • Баянзүрх дүүргийн 6-р цэцэрлэг
  • Баянгол дүүргийн 114-р цэцэрлэг
  • Сонгинохайрхан дүүргийн 117-р цэцэрлэг
    Хан-Уул дүүргийн 28-р цэцэрлэг
  • Багануур дүүргийн 139-р цэцэрлэг хамрагдаж байна.

Төсөлд хамрагдаж буй цэцэрлэгүүд төсөл хэрэгжсэнээр дараах үр дүнгүүд гарна гэж хүлээгдэж байна.

  • Хүүхдийн эрх хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн болон ТББ-уудын хамтын ажиллагаа нэмэгдэнэ.
  • Сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрт хүүхэд болон багш нарт зориулсан “Good/Bad touch” сургалтын агуулгад ороход бэлэн болно.
  • Хүүхдүүд өөрийн болон бусдын бие махбодийн халдашгүй дархан байдлыг хүндэтгэх, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдлэг, чадвартай болно.
  • Сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд сургалтын орчинд хүүхдийг хүчирхийллээс хамгаалах орчинг бүрдүүлэх мэдлэг чадвартай болж, бэлтгэгдэнэ.
  • Бага насны хүүхдүүдийн өөрийгөө илэрхийлэх, хүчирхийлэлтэй холбоотой болно, болохгүйн ялгааг сайн мэддэг болно.
  • Эцэг эх/асран хамгаалагчид хүүхдээ хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, яаралтай үед авах арга хэмжээний талаар мэдлэг, чадвартай болно.
  • СӨББ-ын багш ажилтнууд, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллээс хамгаалах,
    урьдчилан сэргийлэх арга техник эзэмшсэн мэргэжилтэн болж бэлтгэгдэнэ
  • Шийдвэр гаргагчид болон олон нийтийн, бага насны хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдлэг нэмэгдэнэ.

Б.ОЮУНЖАРГАЛ

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Үндэсний номын баярын өдрийг улсын хэмжээнд тэмдэглэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийг хэрэгжүүлж, ард иргэд хүүхэд залуусын ном эрдэмд дурлан нөхөрлүүлэх ном унших хөдөлгөөнийг дэмжих зорилгоор “Үндэсний номын баяр 2018”-ыг энэ сарын 14-15-нд улсын хэмжээнд “Ном бол таны гарт барих мөрөөдөл юм. Мөрөөдлийнхөө төлөө…” уриан дор 100 гаруй арга хэмжээг зохион байгуулна.

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын Зохиолчдын Эвлэл, “Номын соёлт ертөнц” ТББ хамтран зохион байгуулах номын баярт зохиолч, яруу найрагчид, аймаг, нийслэл, орон нутгийн номын сангууд, хэвлэн нийтлэгчид, хэвлэлийн газар, ном, эрдмийг сурталчилж түгээн дэлгэрүүлдэг байгууллага, уншигчид оролцох юм.

Энэ удаагийн номын баярыг онцлог нь Соёл урлагийн ууган байгууллага Монголын Зохиолчдын Эвлэлийн 90 жилийн ойг угтан Ардын уран зохиолчдод хүндэтгэл үзүүлж, тэдний уран бүтээлийг сурталчлахын зэрэгцээ Төрийн гурван удаагийн шагналт, Ардын уран зохиолч, нэрт эрдэмтэн Ц.Дамдинсүрэн /110 жил/, Төрийн шагналт, зохиолч, найруулагч, орчуулагч Э.Оюун /100 жил/, Төрийн хошой шагналт эрдэмтэн зохиолч Ш.Нацагдорж /100 жил/, хүүхдийн нэрт зохиолч, яруу найрагч Д.Содномдорж /90 жил/, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт Б.Нямаа /90 жил/ нарын тэгш ой нь тохиож буй зохиолчдын намтар, ном бүтээлийн үзэсгэлэнг номын сангуудтай хамтран жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

Номын баярын хоёр дахь өдөр “Уншигч таны оюуныг дайлья” сэдвийн хүрээнд “Болор цом”-ын тэргүүн шагналт яруу найрагчид болон зохиолчид өөрсдийн шүлэг, яруу найргаа толилуулахаас гадна дууны уран бүтээлийг сурталчлах, МЗЭ-ээс хуучин нэн ховордсон номыг хямдралтай худалдах зэрэг үйл ажиллагаа явагдах юм.

Түүнчлэн аймаг, нийслэл, орон нутгийн 200 гаруй номын санчид хуран чуулж, “Mongolian librarу update:Номын сангуудын туршлагаас” зөвлөгөөн, “Номын сангийн алсын хараа” сургалт, хэвлэлийн газар, хэвлэн нийтлэгчдийн үйл ажиллагаа, нийтээрээ номтой нөхөрлөх нийтийн уншлагыг дэмжих сурталчилгаа, уулзалт, ярилцлага, яруу найргийн чөлөөт уншлага, номын төрөлжсөн үзэсгэлэн, шинэ номын нээлт, номын хямдралтай болон зохиолчдын гарын үсэгтэй худалдаа, эцэг эх, хүүхдүүдийн хөгжөөнт тоглоом, номын бэлэг, урамшуулалтай уралдаан, тэмцээнийг улс зохион байгуулах юм.

Номын баярын өдрүүдэд “Монголчуудын эрдэм ухааны уламжлал”, “Улаан судар”, “Аяны богц”, “Залуу нас”, “Мөрөөдлийн хүч”, “Сүүтэй уулын савдаг”, “Учрал дүүрэн хорвоо”, “Тэргүүнгүй Монгол”, “Оршихуйн гэрэлт хүрээн дотор”, “Зүүд манагч”, “Бид”, “Дугаар тэг”, “Цагаан идээ”, “Үй Хуа амьдархуй” зэрэг шинэ ном зохиолч, орчуулагчдынхаа гараас уншигчдын гарт хүрнэ. “Монголын хүүхдийн зохиолчдын шилдэг бүтээлийн түүвэр”, шилдэг өгүүллэгийн “Утгын чимэг” зэрэг шинэ номын нээлт болох аж.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Америкийн нэрт теннисчин шүүхэд гомдол гаргана

Австралийн “The Herald Sun” сонин шинэхэн дугаарынхаа нүүрэнд Америкийн нэрт теннисчин Серена Уильямсын шог зургийг нийтэлсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Уг зургийг шог зураач Марк Книт зурсан ба зургийн тайлбартаа “Арьс өнгөөр ялгаварлагч” хэмээн бичжээ.

Тус сонин хэвлэлтээс буцаж, нүүр хуудсаа дахин өөрчлөхөөс өөр сонголтгүй болсон гэнэ.

Энэ амралтын өдөр Америкийн нээлттэй тэмцээний финалд Серена, Японы теннисчин Наоми Осакатай учраа таарсан юм. Уг тэмцээнд Осакагийн ялалтаар өндөрлөж, Японоос анхны гранд сламыг хүртлээ.

Тэмцээний дунд үед Серена талбайн шүүгчтэй бүдүүлэг харьцаж, хэл амаар доромжилсон нь олон нийтийг цочирдуулсан гэхэд болно.

Тэмцээний дараахан цахим ертөнцөд тамирчныг УУРТАЙ ХАР ХҮҮХЭН гэж, үйдлийг нь буруутгажээ.

Сонинд нийтлэгдсэн шог зургаас болж Серена дургүйцлээ илэрхийлэн, шүүхэд гомдол гаргана хэмээн мэдэгдэв.

Серенаг ялж дуулиан тариад буй Осакагийн эцэг Гайти, ээж нь Япон юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Солонгосын долоо хоног 2018” арга хэмжээ болно

БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас санаачлан Монгол дахь Солонгос иргэдийн нийгэмлэг хамтран зохион байгуулж буй “Солонгосын долоо хоног 2018”-ийн нээлт энэ сарын 15-нд Сөүлийн гудамжны фестивалиар эхэлнэ.

Энэ үеэр Солонгосын үндэсний урлагийн концерт, Монгол- Солонгос үндэсний хувцасны парад, Монгол-Солонгос алдарт дуучдын оролцсон Сөүлийн гудамжны парти, К-Поп оддын концерт, Хамтарсан урлагийн тоглолт болох болохоос гадна Солонгос үндэсний хоолыг амталж, тоглоом наадгайтай танилцах асрууд ажиллах юм.

Энэ хүрээнд Солонгос киноны өдөрлөг энэ сарын 18, 19-нд УИД-ийн 5 давхарт I-Cinema кино театрт дөрвөн улирал дамнан өрнөсөн Солонгос залуусын сонирхолтой түүхийг өгүүлсэн “Little Forest”, Ханс Христиан Андерсены “Цасан хатан” зохиолоос сэдэвлэсэн Монголд үйл явдал нь өрнөж буй Кай, Мөсөн нуурын домог хүүхэлдэйн киног дэлгэцнээ толилуулах юм.

Мөн “Элчин сайдын нэрэмжит 6 дахь удаагийн таэквондогийн тэмцээн” энэ сарын 24, 25-нд Спортын төв ордонд, “KCCIM’s CUP 7 дахь удаагийн олон улсын гоо даамны тэмцээн” энэ сарын 15-нд БНСУ-ын ЭСЯ-нд болно. Энэ удаагийн тэмцээнд Монгол, Солонгос, Япон, Хятад зэрэг орны тамирчид оролцох аж.

Тус улсын олон талт соёлыг таниулах зорилготой “Солонгосын долоо хоног” энэ сарын 22-нийг хүртэл үргэлжилнэ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Монгол Улсад ирсэн жуулчдын тоо өсчээ

Монгол улсад ирсэн нийт жуулчдын тоо наймдугаар сарын байдлаар өссөн үзүүлэлт гарчээ. Жуулчдын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10.44%-иар өссөн аж. Улс орнуудаар нь авч үзвэл Тайланд, Тайвань, Энэтхэг, Солонгос, Герман жуулчдын тоо өссөн бол Австрали, Япон, Канад жуулчдын тоо буурав. Аялал жуулчлалын салбарын орлого 25.8% хувиар нэмэгдсэн байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Хөгжмийн зохиолч Б.Чинбат “Хязгааргүйн цаана” бие даасан тоглолтоо хийнэ

Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат “Хязгааргүйн цаана” бие даасан гурав дахь тоглолтоо энэ сарын 21, 22, 23-нд “Corporate Convention Centre”-ийн концертын танхимд хийхээр болжээ. Тэрбээр 2011 онд анхны бие даасан “Давтагдашгүй”, 2012 онд “Эзлэн” тоглолтоо хийж байсан юм.
Энэхүү тоглолтод түүний зохиосон шинэ, шилдэг дуу, хөгжмийн бүтээлүүдээс гадна хөгжмийн найруулагчаар ажилласан дуунууд эгшиглэх юм. Мөн тэрбээр төгөлдөр хуурын гоцлол бүтээлүүдээр үзэгч, сонсогчдынхоо оюуны сонорыг мялаах аж.
Тоглолтод Чингис хаан одонт, МУГЖ Г.Ариунбаатар, МУГЖ Д.Жаргалсайхан, уртын дуучин Б.Мөнхбаатар, Б.Батцэцэглэн, “Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр, УГЗ, хөгжмийн зохиолч Л.Балхжав, “Никитон”, “Sweetymotion”, “S4” хамтлаг, поп дива С.Наран, дуучин Б.Замбалгарав, И.Мишээл, Софиа, Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын Үндэсний төрийн их найрал хөгжим, удирдаач Н.Буянбаатар, ятгын хатан хаан Ч.Мөнх-Эрдэнэ нарын Монголын сонгодог болон ардын урлагийн дуучид, бүжигчид, үндэсний язгуур урлагийн хөгжимчид, рок поп урлагийн шилдэг хамтлаг, дуучид, хөгжимчид оролцох юм.

Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “One music” продакшн, “ON’n &OFF” продакшн ажиллаж байна. Тоглолтын тасалбар нь 50, 80, 100 мянган төгрөгийн үнэтэй байгаа аж.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Дуучин Хүрэлээ “Сурагч насны дурсамж” цомгийн нээлтээ хийлээ

Өнөөдөр дуучин Ш.Хүрэлбаатар буюу Хүрэлээ “Сурагч насны дурсамж” цомгийн нээлт өнөөдөр Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд боллоо. Тус цомгийг 20-р зууны шилдэг дуунуудаас сэдэвлэн сонгож, зохиогчийн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр шинэчилэн, өвөрмөц хөгжмийн найруулга, өнгө аястай, мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэн, 21-р зууны хүүхэд багачуудад хүргэхээр бүтээсэн аж. Тэрбээр хэлэхдээ “Бидний бага байхдаа дуулдаг байсан тэрхүү гайхамшигтай төгсөгчдийн дууг албан ёсоор зөвшөөрөлтэйгээр дуулж өнөөдөр цомгийн нээлтээ хийж байна. Энэхүү цомогт маань арав гаруй дуу орсон. Цоморлогийн өдөрлөгт соёл урлагийн тоглолтууд циркийн үзүүлбэрүүд багтаж байгаа. Би багадаа энэ л дуунуудыг сонсож хүмүүжсэн. Мартагдах шахсан дуунуудаа сэргээе хэмээн бодож дуулсан. Одоогоор хэд хэдэн дуугаа дүрсжүүлсэн. Шинэ цомогт орсон таван дуугаар дүрсжүүлэн кино концерт хийсэн. Шинэ цомгийн нээлтэй давхцан кино концерт нээлтээ хийж байгаа. Өнөөдрөөс эхлэн цомог худалдаанд гарсан. Ирэх хавраас цомгийн баяр тоглолтоо хийх төлөвлөгөөтэй байгаа” гэв.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Ангарагаас ирсэн эмэгтэй” дахин тоглогдоно

“Ангарагаас ирсэн эмэгтэй” модерн драм есдүгээр сарын 10-аас 23-ыг хүртэл өдөр бүр 20:00 цагаас шинэхэн байгуулагдсан On’n Off Production House-ын их танхимд тоглох гэж байна. Тодруулбал, хайр дурлал, өнгөлөг, хөгжилтэй адал явдлаар дүүрэн “Single Ladies” цуврал киногоороо үзэгч олныг байлдан дагуулсан “Ю фильм” уран бүтээлийн нэгдлийн хамт олон, жүжигчин МУСТА Г.Ундармаа нар өнгөрсөн тавдугаар сард “ACEM VILLA” гэрт “Ангарагаас ирсэн эмэгтэй” модерн драмаа үзэгч олонд толилуулсан.

Тус жүжгийн зохиолыг Р.Эмүжин бичиж, Ц.Баясгалан найруулсан бол хөгжмийг Б.Ангирмаа зохиожээ. Хувцас дизайныг Ariunaa Suri урлан бүтээсэн юм. Харин гол дүрд жүжигчин Г.Ундармаа, С.Идэрмаа нар тоглов. Эмэгтэй уран бүтээлчдээс бүрдсэн баг гэдгээрээ ихээхэн онцлог бөгөөд олон олон эмэгтэйн дуу хоолой болж чадсаныг хэлэх нь зүйтэй. Тасалбарыг https://www.ufilm.mn/ цахим хуудаснаас захиалж авах боломжтой аж.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Дуучин Хүрлээгийн шинэ цомгийн нээлт болно

Дуучин Ш.Хүрэлбаатарын 2018 оны уран бүтээлээ үзэгч, сонсогчдодоо өргөн барихад бэлэн болжээ.

Тус цомгийг 20-р зууны шилдэг дуунуудаас сэдэвлэн сонгож, зохиогчийн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр шинэчилсэн, өвөрмөц хөгжмийн найруулга, өнгө аястай, мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэн, 21-р зууны хүүхэд багачуудад хүргэхээр бүтээсэн аж.

Цомог, кино концертын нээлт өнөөдөр буюу 10-ны өдөр 12:00 цагт Нийслэлийн 23 дугаар сургуулийн өмнөх Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд болох гэж байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Дэлхийг тойрсон “Сэрсэн тал” сэрүүн талдаа эгшиглэлээ

Монгол Улсын төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, “Чингис хаан” одонт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын нэрэмжит “Сэрсэн тал” хөгжмийн наадам, орчин үеийн дуу дуулаачдын улсын уралдаан Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд өнөөдөр эхэллээ. Нэрт хөгжмийн зохиолч Б.Шаравын төрсөн нутаг Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын ИТХ, Засаг даргын Тамгын газраас санаачлан зохион байгуулж буй энэхүү хөгжмийн наадамд улсын хэмжээний соёл, урлагийн байгууллагын 42 залуу уран бүтээлч оролцохоор бүртгүүлжээ. Мөн урилгаар Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын жүжигчин, зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан, Монгол Улсын ардын жүжигчин, төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, ардын жүжигчин А.Долгор, гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат, Ц.Түвшинтөгс, Г.Хонгорзул, соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжим судлаач Ч.Буянхишиг, соёлын гавьяат зүтгэлтэн, зураач, яруу найрагч Ж.Саруулбуян, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ү.Хүрэлбаатар тэргүүтэй урлаг, соёлын зүтгэлтнүүд, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн дэд тэргүүн Д.Батбаяр нарын хүндэт зочид “Сэрсэн тал” хөгжмийн наадмын нээлтэд оролцохоор хүрэлцэн иржээ.

Цаашид Б.Шаравын нэрэмжит “Сэрсэн тал” хөгжмийн наадмыг орчин үеийн дуу дуулаачдын төдийгүй дан хөгжмийн наадам болгон цар хүрээг нь өргөжүүлэн, Жаргалтхаан сумын нэгэн брэнд үйл ажиллагаа болгоно гэдгийг зохион байгуулагчид нь онцолж байлаа. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат “Сэрсэн тал” хөгжмийн наадамд оролцогчдод БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн мэндчилгээг уламжлан, “Энэхүү хөгжмийн наадам бол төрийн соёлын бодлогыг орон нутагт хэрэгжүүлж байгаа сайхан жишээ болж байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт сонгодог урлагийг хөгжүүлэх хөтөлбөр бий. Үүнийг хэрэгжүүлж байгаа Хэнтий аймгийн Жаргалтхаан сумынханд талархал илэрхийлье” гэлээ.

Дэлхийг тойрсон “Сэрсэн тал” сэрүүн талдаа эгшиглэлээ

Төрийн хошой шагналт, ардын жүжигчин Н.Жанцанноров,

-Би Жаргалтхаан суманд хоёр дахь удаагаа ирж байна. Хөгжмийн зохиолч Б.Шаравын ээжийг сэрүүн тунгалаг байхад ирж золгож байсан. Б.Шарав бид хоёр багшийн сургуулийн нэг үеийн оюутнууд. Би нэг ангийн дээр. Бид сургуулиа төгсөөд шууд багшилдаг байсан. Тиймээс би төгсөөд сургуульдаа үлдэж нэг жил Б.Шаравын ангид багшилсан. Түүний нэг жилийн багш байгаа юм. Харин хойшоо сургуульд би Б.Шараваас нэлээд хэдэн жилийн өмнө явсан.

“Сэрсэн тал” наадам гайхамшигтай сайхан наадам болно гэж итгэж байна. 1984 оны есдүгээр сард би улс тунхагласны 60 жилийн ойн концертын ерөнхий найруулагчаар томилогдоод сургууль төгсч ирээд удаагүй байсан Б.Шаравтай уулзаж монголчуудын ололт амжилтыг илэрхийлсэн хөгжим бичээч гэж захиалга өгсөн. Б.Шарав маань тэр дагуу их цөөхөн хоногт энэ хөгжмийг бичиж надад авчирч өгсөн. Ноот дээрээ ямар нэг нэр тавиагүй, удиртгал гэж бичсэн байсан. Ардын жүжигчин Ж.Чулуун багш бид хоёр хөгжмийг нь үзээд концертдоо тохируулж нэр өгөх хэрэгтэй юм байна гээд “Сэрсэн тал” гэсэн нэр өгсөн. Ингээд 1984 оны арваннэгдүгээр сарын 25-нд улс тунхагласны 60 жилийн ойн концертод орчин цагийн Монголд анх удаа 150 хүнтэй үндэсний найрал хөгжим ардын жүжигчин Ж.Чулууны удирдлагаар энэ хөгжмийг анх тоглосон түүхтэй.

Дэлхийг тойрсон “Сэрсэн тал” сэрүүн талдаа эгшиглэлээ

Төрийн наадмыг “Сэрсэн тал”-гүйгээр төсөөлөшгүй

“Сэрсэн тал” бол сүүлийн 30-аад жил Монгол Улсын оюун санааны хөтчийн нэг болж яваа хөгжим. Бид дэлхийд хаана ч явсан “Сэрсэн тал” хөгжмөө өмнөө барьж явдаг. “Сэрсэн тал” хөгжим монголчуудын талаархи ойлголт, монгол хүн гэдэг хэдий хэр эрдэм чадалтай, ямар хүсэл тэмүүлэлтэй ард түмэн бэ гэдгийг яруу тод харуулдаг: 2011 онд Монгол Улсын хөгжим НҮБ-ын их танхимд анх дуугарах боломж олдсон. Тэр тоглолтыг бид “Сэрсэн тал”-аараа дуусгахад 120 орны дипломат төлөөлөгчид таван минут тасралтгүй алга ташиж байсныг сайн санаж байна.

Миний хоёр дахь хэлэх санаа бол та бүхэн Б.Шаравтай нэг нутгийнхан тул анзаардаггүй байх. Биднийг гадаад дотоодод явахад танайд Б.Шарав гэдэг хөгжмийн зохиолч байдаг гэсэн яаж танилцах вэ, ямар ажил хийдэг хүн бэ, язгууртан хүн үү, олон үе дамжсан хөгжмийн удамтай хүн үү гэж асуудаг. Жирийн малчны хүү гэхээр тэд гайхдаг. Б.Шарав бол Монголын хөгжмийн зохиолч, дэлхийн хөгжмийн зохиолч гэж бид бахархах дуртай. Би хөгжим судалдаг хүн байгаа юм. Иймэрхүү хүн, иймэрхүү юм бүтээдэг хүн бол хамаагүй төрдөггүй юм билээ. Тийм учраас та бүхний хайр ивээл бол Б.Шаравын бүтээлийн өөрийнх нь үр шим төдийгүй энэ нутгийнхан дэлхийн оюуны сан хөмрөгт өөрсдийн дуу хоолойг Б.Шараваар дамжуулж яваа азтай ард түмэн” хэмээн уран бүтээлийн анд нөхрийнхөө тухай сэтгэлийн үгээ хэллээ.

Монгол Улсын төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав нутгийн зон олон, уригдан ирсэн хүндэт зочдодоо талархал илэрхийлэн хэлсэн үгэндээ,

-Унасан газар, угаасан ус нэгтэй нутгийнхандаа, нутгийнхаа уугуул суугуул иргэддээ, хүрэлцэн ирсэн хүндэт зочиддоо энэ өдрийн мэндийг дэвшүүлье. “Сэрсэн тал” гэдэг энэ хөгжим энэ нутаг ус, энэ нутгийн ард түмэн та бүхэнтэй минь холбоотой юм шүү. Тиймээс энэ хөгжим маань Жаргалтхаан нутагт минь эгшиглэж, энэ нутагт тоглогдож, энэ сайхан хөгжмийн наадам “Сэрсэн тал”-аар минь нэрлэгдэж байгаа нь их утга учиртай гэж бодож байна. Энэ наадам Жаргалтхааны наадам гэдэг нэрээрээ нэршиж он удаан жил үргэлжлэн зохиогдоосой гэж бодож байна. Ийм том наадмыг зоригтойгоор зохион байгуулж маш их хүчин зүтгэл гаргасан нутгийнхаа удирдлагууд, энд оролцсон бүх хүмүүст баярлалаа гэж хэлье хэмээв.

Б.Шаравын нэрэмжит “Сэрсэн тал” хөгжмийн наадам, орчин үеийн дуу дуулаачдын улсын уралдаан хоёр өдөр үргэлжилнэ. Хөгжмийн наадмын нээлтийн үеэр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын удирдлагууд нутгаасаа төрөн гарсан авьяас билэгт хөгжмийн зохиолчид зориулж гэр урлан байгуулснаа албан ёсоор нээсэн юм.

“Сэрсэн тал” хөгжмийн наадмын нээлтэд Үндэсний урлагийн их театрын төрийн найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож удирдаач, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Буянбаатарын удирдлагаар хөгжмийн зохиолч Б.Шаравын алдарт “Сэрсэн тал”, “Тэнгэрийн орон” аялгууг эгшиглүүлсэн юм. Тус театрынхны хувьд “Сэрсэн тал” зохиол түүхэндээ хамгийн олон удаа тоглосон бүтээл нь юм. Морин хуурын чуулга ч гэсэн “Сэрсэн тал”-ыг түүхэндээ хамгийн олон тоглосон ажээ. Гадаадад сүүлийн олон жил энэ хөгжмийг тоглож байгаа. “Сэрсэн тал” хөгжмөөр төрийн олон арга хэмжээ эхэлдэг. Тэр дотроос төрийн наадам, хурдан морины уралдаан “Сэрсэн тал”-гүйгээр эхэлдэггүй. Дэлхийг тойрч дуурьссан яруу тунгалаг найрал хөгжмийн удиртгал “Сэрсэн тал” ийнхүү “төрсөн” нутагтаа, сэрсэн талдаа эгшиглэлээ.

Дэлхийг тойрсон “Сэрсэн тал” сэрүүн талдаа эгшиглэлээ

Дэлхийг тойрсон “Сэрсэн тал” сэрүүн талдаа эгшиглэлээ

Дэлхийг тойрсон “Сэрсэн тал” сэрүүн талдаа эгшиглэлээ

Дэлхийг тойрсон “Сэрсэн тал” сэрүүн талдаа эгшиглэлээ