Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Буриадын “Байгал” театр Монголд тоглоно

Монголын үзэгчдийг аравдугаар сарын 22-24-ний өдрүүдэд гурван томоохон тоглолт хүлээж байна. Буриад улсын үндэсний дуу бүжгийн “Байгал” театр Монголд 20 жилийн дараа ахин тоглохоор боллоо. Айлчлан тоглолтын хүрээнд гурван томоохон үзүүлбэр төлөвлөсөн бөгөөд “Гала-концерт”, “Баргужин төхөм. Эртний цуурай” домогт жүжиг, түүнчлэн оросын “Танцуют все!” шоуны ялагчдын тоглолт багтжээ. Орос-Монголын найрамдлын сарыг тохиолдуулан, Соёлын төв өргөөний 30 жилийн ойд зориулсан тус арга хэмжээг Оросын Холбооны улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын ивээл дор явуулж буй юм.

Аравдугаар сарын 22-ны 19:00 цагт Соёлын төв өргөөнөө “Гала-концерт”-оор айлчлан тоглолтын салхийг хагалах юм. Үндэсний болоод тод хурц шийдэлтэй бүжгийн үзүүлбэрээр театрын бүжигчид нүд баясгаж, анчдын цоглог бадрангуй хөдөлгөөн, уран налархай өвөрмөц бүжгүүд, мөн хэн бүхний танил болсон ёохорын хэмнэл ч энд багтжээ. Буриад улсын Үндэсний найрал хөгжим морин хуур, хуур, сууха-хуур, шанз, лимбэ, ятга, ёочин, товшуур, аман хуур зэрэг зэмсгүүдээр сонор мялааж, монголчуудад хэдийнээ танил болсон ардын дуу, уртын сайхан дуунуудаар театрын гоцлол дуучид ая өргөнө. Буриад, монголчуудын урлаг соёлын баялаг их өвөөс үзэгч олондоо дээжлэн барьж, сэтгэлд хоногшсон сайхан тоглолтоор бэлэг барина хэмээн тус театрын жүжигчид мэдээлжээ. Удаах өдөр нь буюу аравдугаар сарын 23-ны 19:00 цагт Соёлын төв өргөөний тайзнаа “Баргужин төхөм. Эртний цуурай” домогт жүжиг тавигдана. Жүжгийн зохиолч нь Буриад улсын Ардын жүжигчин, Буриад улсын Төрийн шагналт, “Байгал” театрын уран сайхны удирдаач Жаргал Жалсанов юм байна. Цус асгаруулсан гамшигт дайныг зогсоож чадсан агуу их хайр сэтгэлийн хүч түүхийн цаашдын өрнөлд хэрхэн нөлөөлж чадсан хийгээд энэхүү хайрын үрээр монгол угсаатны эх, домогт Алангуа хатан хорвоод мэндэлсэн тухай жүжигт өгүүлнэ. “Баргужин төхөм. Эртний цуурай” – энэ бол сэтгэл догдлуулсан бүжиг, хөгжмийн хэлээр чинад эртнээс энэ цагийн бидэнд дамжин улбаалах их түүхийн нүргээн юм. Хөгжмийн зохиолч, Буриад улсын Төрийн шагналт Галмандахын Баттулга жүжгийн хөгжмийг бичиж, буриад улсын Үндэсний найрал хөгжим, театрын гоцлоочид амилуулсан бөгөөд эртний эдлэл хэрэглэл, хувцас сэлт, тайз засал гайхамшигтай уран болсон ажээ.

“Байгал” театрын айлчлан тоглолт Crocus Event Hall-ын тайзнаа аравдугаар сарын 24-нд өндөрлөнө. Театрын жүжигчид үндэсний хувцсаа орчин үеийн гоёлоор сольж, “Танцуют все!” бүжгийн шоу тэмцээнийг үзэгчдэд хүргэх юм. Орос орон даяар явагдсан “Россия-1” телевизийн шоу нэвтрүүлгийн ялагчаар 2017 оны хавар тус театрын бүжгэн жүжиг шалгарсан билээ. Тухайн шоунд буриад бүжигчид авьяас чадвараа тал бүрээс нь нээн харуулж, өөр хоорондоо адилгүй олон төрөл жанрын бүжгээр оролцон, үзэгчдийг байлдан дагуулжээ. Энэ удаагийн тоглолтод “Россия-1” телевизийн шоунд оролцсон бүтээлүүдээ дэлгэх бөгөөд тэдний орчин үеийн хип-хоп хэмнэл, этник агуулгатай нэн өвөрмөц vogue,цэнгээнт бүжиг, контемпорари зэрэг нь орчин цагийн урсгалд дурлагчдад юуны түрүүнд таалагдах буй за. Хаалтын тоглолтыг Монгол улс, Буриад улсын урлаг соёлын хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсын Соёлын элч Дамдинсүрэнгийн Хүрэлбаатарын дэмжлэгтэйгээр зохион байгуулна. “Байгал” театр хэдэн арван жилийн туршид Орос орныг дэлхийн олон том театрын тайзнаа төлөөлж иржээ. Бусад улс орнуудтай найрамдалт харилцаа тогтоох, улмаар хөгжүүлэх үйлсэд ийнхүү энэ театрынхан хувь нэмрээ оруулсаар өдий хүрсэн бөгөөд Монгол улстай ч энэ харилцаагаа бататгасаар ирсэн юм. Он удаан жил хүлээсэн ах дүү хоёр орны ард түмэн тун удахгүй уулзана. “Байгал” театр айлчлан тоглолтдоо идэвхийлэн шаргуу бэлтгэж, Монголын үзэгчидтэй нүүр тулан уулзах мөчийг тэсэн ядан хүлээж байна. Тасалбарыг Соёлын Төв өргөөний кассаар худалдаалж байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Өнөөдрийн Монгол” олон улсын гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

Монгол орны өнөөгийн байдлыг өөр, өөрсдийн нүдээр шинжиж, гэрэл зургийн хальснаа буулгасан олон улсын гэрэл зурагчдын бүтээлийг дэлгэх “Өнөөдрийн Монгол” сэдэвт үзэсгэлэн өнөөдөр Уран зургийн галейрейд нээгдлээ. “Өнөөдрийн Монгол” олон улсын гэрэл зургийн сурвалжлагчдын хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын үндэсний мэдээллийн “МОНЦАМЭ” агентлаг, ОХУ-ын “TASS”, “Rossiya segodnya” агентлаг, БНХАУ-аас “Xinhua” News Agency & CNTV, Япон улсаас “Kyodo News”агентлагийн гэрэл зурагчдын энэ сарын 8-14-нд Монголын өнцөг булан бүрт долоо хоногийн турш авсан гэрэл зургууд анх удаа нэг доор олны хүртээл болно гарах гэж байна.

Япон мэдээллийн агентлагийн К.Такаши, мөн улсын “Кодо нюьс”-ийн Н.Хатта, ОХУ-ын ТАСС агентлагийн С.Бобылёв, “Спутник” агентлагийн В.Астапкович, мөн “Риа Новости”-гийн Ю.А.Гармеев, ОХУ-ын Буриад улсын нэрт гэрэл зурагчин Цыбик Ивановна, БНХАУ-ын CCTV агентлагийн Төмөрголт, “Синьхуа” агентлагийн Асхан, Бай Хиегү нарын шилдэг гэрэл зурагчид уг төслийн хүрээнд манай улсад ирээд байгаа юм. Манай улсаас уг төсөлд Л.Ганзориг, В.Баттулга, Б.Чадраабал, С.Бадамханд нарын гэрэл зурагчид оролцсон юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

АСЕМ-ийн соёлын наадамд Г.Ариунбаатар оролцоно

Ази, Европын 53 орны удирдагчид энэ сарын 18,19-нд Брюсельд болох АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад оролцоно. АСЕМ-ийн үеэр буюу аравдугаар сарын 18-30-ны хооронд урлаг соёлын наадам зохион байгуулагдах аж. Энэ арга хэмжээнд Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар ая дуугаа өргөхөөр болжээ. Тэрбээр энэ сарын 18-ны өдөр ая дуугаа өргөх юм байна.

Урлаг соёлын наадам нь “Asia meets Europe, Europe meets Asia” нэрийн дор болох гэнэ. Наадмын үеэр циркийн үзүүлбэр, бүжиг, кино, хөгжил, дуу гэх мэт урлагийн маш олон төрлөөр тоглолт зохион байгуулагдана.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат кино академийн дээд шагнал хүртжээ

“Student Academy Awards” Олон улсын оюутны кино уралдааны шагнал гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр болж Монголын кино найруулагч Б.Мартын бүтээл “Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат кино академийн дээд шагнал хүртжээ. Энэ жил 49 дэх жилдээ зохиогдож буй “Student Academy Awards” уралдаанд олон улсын 122 коллеж, их сургуулиас 1582 оюутан бүтээлээ ирүүлсэн аж.

“Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат киноны найруулагчаар Их Британийн Хертфордшир их сургуулийг Кино телевизийн урлагаар магистрын зэрэг хамгаалж төгссөн найруулагч Бирагийн Март ажиллаж, зураглаачаар Б.Лхагвадорж, Б.Санжид, дууны оператороор Н.Бямбацогт нар ажиллаж эвлүүлэг, дуу оруулалтыг Английн киноны мэргэжлийн хүмүүс гүйцэтгэсэн аж.
Дундговь аймгийн Өндөршил сумын ЭМТ-ийн дарга, их эмч Д.Эрдэнэчулууны тухай өгүүлэх “Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат кино нь монгол эмчийнхээ ур чадварыг, нүүдэлчдийнхээ ахуй соёлыг харуулсан бүтээл юм. Тус бүтээл нь Холливүүд болон Хюстоны олон улсын кино наадамд түрүүлж мөн Каннын кино наадмын дэлгэцнээ гарсан билээ.

"Нүүдэлчдийн эмч" Оюутны Оскар хүртжээ

"Нүүдэлчдийн эмч" Оюутны Оскар хүртжээ

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Гамлет” монодрам үзэгчдийн хүртээл болно

Уильям Шекспирийн эмгэнэлт “Гамлет” жүжгийг “Green entertainment”-ийн уран бүтээлчид энэ сарын 24, 25-нд Корпорэйт Конвеншн төвийн тайзнаа монодрам болгон үзэгчдэд хүргэхээр болжээ.


Монодрамын ерөнхий найруулагчаар С.Баасанжаргал ажиллаж буй бөгөөд гол дүрд жүжигчин Л.Эрдэнэ-Очир тоглох юм. Уг эмгэнэлт жүжгийн хөгжмийн зохиолчоор Г.Онон, зураачаар Т.Болортүвшин болон “Green entertainment”-ийн уран бүтээлч 20-иод хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.Жүжгийн тасалбар 80, 100 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд ticket.mn, 1900-1800-аар захиалах боломжтой.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Гавьяат жүжигчин Б.Дашдондог үндэсний хэв маяг агуулсан “Хү” нэртэй хамтлаг байгуулжээ

Гавьяат жүжигчин Б.Дашдондог үндэсний хэв маяг агуулсан “Хү” нэртэй рок хамтлагийг үүсгэн байгуулсан байна. Уг хамтлагаа байгуулахын тулд долоон жил гаруйн хугацаанд судалгаа хийжээ.

“Хү” хамтлаг гадаадын нэг ч хөгжим оруулалгүй тоглодгоороо онцлог аж. Тус хамтлаг одоогоор есөн дуу гаргажээ. Энэ талаар Хүннү рок төслийн менежер Б. Амар “ Монголд цоо шинэ өнгө аяс, урсгалыг хөгжмийн ертөнцөд оруулж ирж байгаа Хүннү рок төсөл маань хоёр жилийн өмнөөс хэрэгжиж эхэлсэн. Энэ хугацаанд шат дараатайгаар уран бүтээлээ гаргасаар байна. Бид удахгүй шинэ цомгийнхоо нээлтийг хийнэ. Ирэх арван нэгдүгээр сард тоглолтоо хийхээр төлөвлөж, бэлтгэл ажил хангагдсан. Одоогоор хүлээлтийн байдалтай байна” гэсэн юм.

“Хү” хамтлаг нь дөрвөн гишүүнтэй. “Чингис хаан”, “Чонон сүлд”, “Амьд зарлиг” нэртэй дуунуудаа цомогт багтаан “Гэрэг” нэртэйгээр гаргахад бэлэн болжээ. Тус хамтлагийн талаар Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Долгион “Хөгжмийн урлаг бол даяаршсан урлаг. Даяаршиж буй энэ цаг үед үндэсний хэв маяг, уламжлалаа хадгалж морин хуур, цуур, төмөр хуур гэх мэт хөгжмийн зэмсгээр язгуур урлагаа гайхуулж байгаа нь сүүлийн үед харагдаагүй шинэ хэв маяг. Дашкагийн энэ төсөл бол рок хөгжмөө орхилгүй хослуулсан нь Монголд төдийгүй дэлхийд танигдах ёстой. Нарийн сонсвол Дашкагийн хөгжмийн хүмүүжил, өнгө аяс харагдаж байна билээ” гэв.

Сонирхуулахад, “Хү” гэдэг нь хүн төрөлхтөн гэсэн утгатай эртний Хүннүгийн үеэс улбаатай монгол үг аж.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Соёлын өвийн анхдугаар зөвлөгөөн болно

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэмжлэгээр Соёл, урлагийн газраас санаачлан “Даяаршлын түрлэг дэх Монгол соёлын өвийн дархлаа” соёлын өвийн анхдугаар зөвлөгөөнийг аравдугаар сарын 17-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулна.

Даяаршлын түрлэг дэх Монгол соёлын өвийн дархлааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудлыг илтгэж, цаашид бодлого, хэрэгжилтэд анхаарах асуудлыг тодруулахад уг зөвлөгөөний зорилго оршино.

Зөвлөгөөнд Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Нийслэлийн Соёл, урлагийн газар, аймгуудын Засаг Даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, Боловсрол, соёл урлагийн газрын дарга, соёл, урлаг хариуцсан мэргэжилтэн, улс, орон нутгийн музейн захирал, зарим номын сангийн захирал, эрдэмтэн, судлаач, мэргэжилтэн, соёлын өв хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөллөөс бүрдсэн 250 гаруй хүн оролцоно.

Монгол соёл өвийн тулгамдсан асуудлаар зохион байгуулж буй энэхүү анхдугаар зөвлөгөөнд оролцогчдын хэлсэн санал, дэвшүүлсэн санаа бүхэн соёлын өвийг хадгалж хамгаалах, ашиглах, хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр байх болно гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.

Categories
энтертаймент-ертөнц

Дуучин С.Гантогоо “Хайрын түүх” нэртэй шинэ дуу гаргажээ

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Явган хүний гоёмсог гүүрнүүд

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

ОХУ-ын “Байгал” театр Монголын тайзнаа 20 жилийн дараа дахин тоглоно

Монгол-Оросын найрамдал, хамтын аижллагааны өдрүүдийг тохиолдуулан Буриад улсын үндэсний дуу бүжгийн “Байгал” театр Монголд 20 жилийн дараа ахин тоглохоор боллоо. Айлчлан тоглолтын хүрээнд “Гала-концерт”, “Баргужин-Төхөм. Эртний цуурай” домогт жүжиг, оросын “Танцуют все!” шоуны ялагчдын тоглолт гэсэн үзүүлбэрүүд багтжээ. Соёлын төв өргөөний 30 жилийн ойд зориулсан тус арга хэмжээг ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын ивээл дор явуулахаар шийдвэрлэсэн аж.

Айлчлан тоглолтын салхийг Соёлын төв өргөөнөө энэ сарын 22-нд “Гала-концерт”-оор хагалах юм. Тоглолтод үндэсний болоод тод хурц шийдэлтэй бүжгийн үзүүлбэрээр театрын бүжигчид нүд баясгахаас гадна анчдын цоглог бадрангуй хөдөлгөөн, уран налархай өвөрмөц бүжгүүд, ёохорын хэмнэл багтжээ. Буриад улсын Үндэсний найрал хөгжим морин хуур, хуур, сууха-хуур, шанз, лимбэ, ятга, ёочин, товшуур, аман хуур зэрэг зэмсгээр үзэгчдийн сонорыг мялааж, монголчуудад хэдийнээ танил болсон ардын дуу, уртын сайхан дуунуудаар театрын гоцлол дуучид ая өргөх юм.

Удаах өдөр нь буюу энэ сарын 23-нд Соёлын төв өргөөний тайзнаа “Баргужин-Төхөм. Эртний цуурай” домогт жүжиг үзэгчдэд хүрнэ. Жүжгийн зохиолчоор Буриад улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт, “Байгал” театрын уран сайхны удирдаач Жаргал Жалсанов ажиллажээ. Цус асгаруулсан гамшигт дайныг зогсоож чадсан агуу их хайр сэтгэлийн хүч түүхийн цаашдын өрнөлд хэрхэн нөлөөлж чадсан хийгээд энэхүү хайрын үрээр монгол угсаатны эх, домогт Алангуа хатан хорвоод мэндэлсэн тухай жүжигт өгүүлнэ. Энэ нь сэтгэл догдлуулсан бүжиг, хөгжмийн хэлээр чинад эртнээс энэ цагийн бидэнд дамжин улбаалах их түүхийн нүргээн юм. Хөгжмийн зохиолч, Буриад улсын Төрийн шагналт Г.Баттулга жүжгийн хөгжмийг бичиж, Буриад улсын Үндэсний найрал хөгжим, театрын гоцлоочид амилуулсан байна.

Айлчлан тоглолт “Crocus Event Hall”-ын тайзнаа энэ сарын 24-нд “Танцуют все!” бүжгийн шоу тэмцээнээр өндөрлөнө. Орос орон даяар явагдсан “Россия-1” телевизийн шоу нэвтрүүлгийн ялагчаар 2017 оны хавар тус театрын бүжгэн жүжиг шалгарсан билээ.

Тухайн шоунд буриад бүжигчид авьяас чадвараа тал бүрээс нь нээн харуулж, өөр хоорондоо адилгүй олон төрөл жанрын бүжгээр оролцон, үзэгчдийг байлдан дагуулжээ. Энэ удаагийн тоглолтод “Россия-1” телевизийн шоунд оролцсон бүтээлүүдээ толилуулах юм. Хаалтын тоглолтыг Монгол Улс, Буриад улсын урлаг соёлын хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсын Соёлын элч Д.Хүрэлбаатарын дэмжлэгтэйгээр зохион байгуулах аж.

Дашрамд дурдахад, “Байгал” театр хэдэн арван жилийн туршид Орос орныг дэлхийн олон том театрын тайзнаа төлөөлж иржээ. Бусад улс орнуудтай найрамдалт харилцаа тогтоох, улмаар хөгжүүлэх үйлсэд тус театрынхан хувь нэмрээ оруулсаар өдий хүрсэн бөгөөд Монгол Улстай ч энэ харилцаагаа бататгасаар ирсэн юм.