Categories
мэдээ эдийн-засаг

Импортын хэмжээ өслөө

Монгол Улс 2018 оны эхний найман сард 147 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 8.5 тэрбум америк доллар, үүнээс экспорт 4.7 тэрбум америк доллар, импорт 3.8 тэрбум америк долларт хүрлээ. Харин 2018 оны 8 дугаар сард экспорт 554.6 сая америк долларт, импорт 536.3 сая америк долларт хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад экспорт 27.4 (4.7хувь) сая америк доллараар буурч, импорт 118.8 (28.5 хувь) сая америк доллараар өссөн байна.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.6 (23.7хувь) тэрбум америк доллар, үүнээс экспорт 568.9(13.9хувь) сая америк доллараар, импорт 1.1 (38.3хувь) тэрбум америк доллараар тус тус өссөн байна.
Гадаад худалдааны тэнцэл 2017 оны эхний найман сард 1.4 тэрбум америк долларын ашигтай гарч байсан бол 2018 оны эхний найман сард өмнөх оны мөн үеэс 484.9 (35.8 хувь) сая америк доллараар буурч, 869.2 сая америк долларт хүрчээ. Харин 2018 оны 8 дугаар сард гадаад худалдааны тэнцэл 18.2 сая америк долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 146.2 (88.9хувь) сая америк доллараар буурсан байна.
Экспорт 2018 оны эхний найман сард өмнөх оны мөн үеэс 568.9 сая америк доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний экспорт 698.0 сая америк доллар, нэхмэл бүтээгдэхүүний экспорт 63.7 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Харин импорт өмнөх оны мөн үеэс 1.1 тэрбум америк доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний импорт 195.6 сая америк доллар, үүнээс дизелийн түлш 62.3 сая америк доллар, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд анги 229.2 сая америк доллараар, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 204.7 сая америк доллараар, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт 157.2 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлжээ.

Эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл бүтээгдэхүүн, үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт нийт экспортын 95.4 хувийг эзэлж байгаа бол импортын 66.4 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт эзэлж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Цалинг үе шаттайгаар 20-иос доошгүй хувиар нэмэхэд санал нэгдлээ

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван тал өчигдөр /2018-09-18/ хуралдаж 2019 онд төрийн албан хаагчдын үндсэн цалинг нэмэгдүүлэх асуудлаар улсын хэлэлцээр байгууллаа.

Нийгмийн зөвшлийн талууд буюу Засгийн газар, МҮЭ-ийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос томилогдсон төлөөлөл уг хэлэлцээнд оролцож төрийн албан хаагчдын цалинг ирэх онд хоёр үе шаттайгаар 20-иос доошгүй хувиар нэмэгдүүлэх арга хэмжээ авах, үүнд шаардлагатай 266 тэрбумаас багагүй төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг 2019 оны улсын төсөвт тусгуулахаар талууд санал нэгдэв.

Засгийн газраас шийдвэр гарган инфляцийн түвшинтэй уялдуулан энэ сарын нэгнээс багш, эмч нарын албан тушаалын үндсэн цалингийн доод жишигтэй дүйцэхүйц буюу тэдгээрээс бага цалинтай төрийн албан хаагчдын цалинг 8,0 хувиар, бага ангийн болон цэцэрлэгийн багш, сувилагчийн цалингийн ангилал зэрэглэлийг шинэчилснээр 12,3-30 хүртэл хувиар, соёл урлагийн салбарынхны цалинг 14-30 хүртэл хувиар тус тус нэмэгдүүлсэн. Мөн боловсролын болон эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалингийн доод жишгийг 2014 онд шинэчлэн тогтооход үүссэн зөрүүг арилгах, шинжлэх ухааны салбарын ажиллагсдын цалинг тодорхой хувиар нэмэгдүүлэх арга хэмжээг авахаар болсон билээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.долларын ханш 2506 төгрөгт хүрлээ

Өнгөрсөн наймдугаар сарын эхэнд 2450 төгрөг байсан ам.долларын ханш сүүлийн нэг сард ийнхүү эрчимтэй өслөө. 2018 оны наймдугаар сард Төв банк 2.8 тонн алт, энэ эхний найман сарын байдлаар 12.2 тонн алт худалдан авсан талаар мэдээлсэн. Долоодугаар сарын байдлаар Монголбанкны гадаад валютын албан нөөц 2.9 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оныхоос гурав дахин өсөөд буй юм.

Сүүлийн гурван сарын хугацаанд төгрөгийн ам.доллартай харьцах ханш яагаад ийнхүү суларсан талаар Монголбанкнаас тодруулахад “Валютын орох урсгал өмнөх жилээс сайжирч байгаа боловч эдийн засгийн идэвхжил, улирлын онцлогоос шалтгаалан валютын эрэлт богино хугацаанд нэмэгдсэн нь сүүлийн саруудад валютын ханш өсөхөд нөлөөлсөн” гэв.

Өнөөдөр арилжааны банкууд болон Найман шарга худалдааны төвд ам.долларын ханш хэдэн төгрөгийн ханштай байгааг хүргэе. Хаан банк 2496 төгрөгөөр худалдан авч, 2502 төгрөгөөр зарж байна. Харин Голомт банк бэлэн бусаар ам.долларыг 2496 төгрөгөөр худалдан авч, зарах нь 2502 төгрөг. Мөн бэлнээр 2496 төгрөгөөр худалдан авч 2506 төгрөгөөр зарж байна. Хас банкны өнөөдрийн ам.долларын ханш авах нь 2497 төгрөг зарах нь 2503- 2505 төгрөгийн хооронд байна. Худалдаа хөгжлийн банк болон Төрийн банкны ам.долларын ханш авах нь 2496-2497 төгрөг зарах нь 2504-2507 төгрөг байна.

Валют арилжааны Найман шарга төв дээр 10.31 минутын байдлаар ам.долларыг 2500 төгрөгөөр худалдан авч 2506 төгрөгөөр зарж байна. Ченжүүд энэ ханш үдээс хойш дахин хэлбэлзэнэ гэдгийг сануулав.

Categories
мэдээ эдийн-засаг

“Ард Даатгал” компанийн хувьцааны захиалга энэ сарын 25-ныг хүртэл үргэлжилнэ

“Ард Даатгал” компани даатгалын салбараас хувьцаагаа олон нийтэд санал болгосон анхны компаниудын нэг боллоо. Монголын хөрөнгийн биржийн даваа гаригийн арилжааг Ард даатгал компанийн хувьцааны арилжаагаар нээж, цан цохих ёслол болсон юм.

“Ард Даатгал” ХК нийт хувьцааныхаа 30 хувь буюу 7.5 сая ширхэг хувьцааг нэг бүрийг нь 700 төгрөгөөр олон нийтэд санал болгон худалдаалснаар хөрөнгийн биржийн энэ оны 6 дахь IPO-г зах зээлд гаргаж байна.

Монгол Улсын санхүүгийн салбарын хөгжил дараагийн шатанд гарч, тус салбарт ажилладаг компаниуд олон нийтэд хувьцаагаа санал болгож эхэллээ. Даатгалын салбарын хувьд цаашид өргөжин тэлэх өргөн боломжтой, ойрын ирээдүйд 5-10 дахин өсөх салбар гэж шинжээчид тодорхойлдог. Энэ хөгжлийн үйл явцыг хурдасгах, түүнээс гадна энэ салбарын өсөн нэмэгдэж буй үр өгөөжийг хүссэн хүн бүр хүртэх боломжийг Ард Даатгалын IPO олгож байгаа юм.

“Ард Даатгал” компанийн хувьцааны захиалга энэ сарын 17-25-ныг дуустал явагдах бөгөөд нийт 5 тэрбум 250 сая төгрөгийн хөрөнгө татан төвлөрүүлж, өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. “Ингэснээр эрсдэл даах чадвар улам сайжирч, давхар даатгалын зардал багасч, зөвхөн тус компанид төдийгүй санхүүгийн салбар, бизнесийн орчинд таатай нөхцөл бий болно. Үүнээс гадна аль болох олон хөрөнгө оруулагчид боломж олгохын тулд нэгж хувьцаагаа үндсэн үнэлгээнээс 40 хувиар хямдруулан 700 төгрөгөөр санал болгосон нь нийтээрээ хөрөнгө оруулагч болох гэсэн Ард Санхүүгийн Нэгдлийн алсын хараанд нэг алхам ойртож байна.

Тус компани нь олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгөөр хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлж, эрсдэл даах чадварыг сайжруулах, түүнчлэн, СЗХ-ноос батлагдсан “Ердийн даатгалын компанийн даатгалын нөөц сангаас хөрөнгө оруулалт хийхэд тавигдах шаардлага”-ын дагуу зарцуулахаар төлөвлөсөн байна.

Энэхүү хувьцааны андеррайтерингийн үйлчилгээг “БиДиСек ҮЦК” ХК, аудитын үйлчилгээг “Далай ван” ХХК, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг “И эл Си” ХХН, хөрөнгийн үнэлгээний үйлчилгээг “БДО Аудит” компани үзүүлж байна. Үнэт цаасны худалдан авах захиалгыг “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн гишүүн бүх үнэт цаасны компаниудаар дамжуулан энэ оны есдүгээр сарын 17-26-ны өдрийн 14:00 цаг хүртэл хүлээн авна.

Хөрөнгийн зах зээлийн хувьд 2018 он бол өгөөжтэй жил болж байна. Өнөөдрийн байдлаар 6 компани хөрөнгийн зах зээлд IPO гаргаж олон нийтээс хөрөнгө босгож байна. Эдгээр компаниудын хувьд 30 гаруй тэрбум төгрөг босгохоор саналын захиалга гаргасан бөгөөд 100 гаруй тэрбум төгрөг төвлөрөөд байна. Энэ нь хөрөнгийн зах зээлийн өсөлт, хөгжлийн нэг илэрхийлэл гэж хэлж болно. Хөрөнгийн зах зээл өнгөрсөн өмнөх ны мөн үеэс 70 гаруй хувиар өслөө. Үүнд макро эдийн засгийн өсөлт нөлөөлсөн гэхээс илүүтэй гадны шууд хөрөнгө оруулалт нэмэгдсэнтэй холбоотой юм.

Даатгалын салбар хөгжингүй орнуудад дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувийг, хөгжиж байгаа орнуудад 4-5 хувийг эзэлдэг бол Монгол Улсад энэ үзүүлэлт 0.5 хувьтай байна. Манай улсын ДНБ-ий өсөлт дунджаар 6-8 хувьтай байгаа юм. Даатгалын салбар мөн адил ийм өсөлт үзүүлэх боломжтой. ДНБ-ий өсөлт энэ хэвээр үргэлжилбэл даатгалын салбар 10 дахин өсөлт үзүүлж, хөгжиж буй орнуудын түвшинд хүрэхэд ойрхон байна гэдгийг мэргэжилтнүүд тодотгож байсан юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Мөнгөний бодлогын шийдвэрийн хэрэгжилт, банкны салбарын хууль эрх зүйн талаар хэлэлцэж байна

Монголбанкнаас хоёр дахь жилдээ зохион байгуулж буй банкны салбарын удирдах ажилтны Зүүн бүсийн зөвлөгөөн 2018 оны есдүгээр сарын 14-16-ны өдрүүдэд Хэнтий аймагт зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн зөвлөгөөнд зүүн бүсийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудаас гадна говийн бүсийн Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгуудын Монголбанкны хэлтэс, салбарын удирдлагууд, арилжааны банкуудын төлөөлөл оролцож байгаагаараа онцлог юм.

Зөвлөгөөнийг нээж Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан үг хэлж, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба Хэнтий аймгийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийн талаар танилцуулга хийлээ. Мөн энэхүү зөвлөгөөнд Олон Улсын Валютын Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Нейл Сакер урилгаар оролцож, ОУВС-гаас Монгол Улсад хэрэгжүүлж буй хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Тус зөвлөгөөнд Монголбанкны Мөнгөний бодлогын газар, Хяналт шалгалтын газрын удирдлагууд, Хууль эрх зүйн газар, ОНБМТ-ийн төлөөллүүд оролцож, мөнгөний бодлогын шийдвэрийн хэрэгжилт, банкны салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл танилцуулга хийж, салбарын ажилтнуудын хамт “Банкны эрх зүйн шинэчлэл, хяналт шалгалтын чиг хандлага, цаашдын хамтын ажиллагаа” сэдвээр хэлэлцүүлэг хийж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

“Махимпекс” ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байв

2018 оны есдүгээр сарын 14-ний өдөр I, II, III ангиллын 18 хувьцаат компанийн 293,156 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, таван хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол хоёр компанийн ханш тогтвортой байллаа. Үүнээс “Хөвсгөл Алтан Дуулга” ХК (ADU+14.48%) болон “Монголын Цахилгаан Холбоо” ХК (MCH+7.49%) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Фронтиер Лэнд Групп” ХК (MDR-9.07%) болон “Махимпекс” ХК (MMX-3.09%) компанийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр “TOP 20” индекс 20041.17 нэгж болж 0.01 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,324,456,136,927.21 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Categories
мэдээ эдийн-засаг

Хугацаа хэтэрсэн зээл өмнөх сараас 17.2 тэрбум төгрөгөөр буурчээ

Мөнгөний нийлүүлэлт наймдугаар сарын үзүүлэлтээр 17.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх сараас 229.1 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт гарсан байна. Харин гүйлгээнд гарсан бэлэн мөнгө долдугаар сараас 10.4 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 27.9 тэрбум төгрөгөөр тус тус өсчээ. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 20.2 хувиар өссөн үзүүлэлт гарсан байна. Тодруулбал иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үлдэгдэл өмнөх сараас 2,2 хувиар өсчээ. Түүнчлэн хугацаа хэтэрсэн зээл өмнөх сараас 17.2 тэрбум төгрөгөөр буурсан байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Инфляци наймдугаар сард 0.8 хувиар буурав

Инфляцийн түвшин өнгөрсөн наймдугаар сард 0.8 хувь болж буурлаа хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Харин инфляцийн үзүүлэлт өмнөх оны эцсээс 4.6 хувиар, өмнөх оны мөн үеэс 6.0 хувиар өссөн байна. 6.0 хувиар өсөхөд хүнсний бараа, эм тариа, эмчилгээний бүлгийн үнэ, орон сууц ус цахилгаан бүлгийн дүн нөлөөлжээ. Түүнчлэн инфляци Өмнөговь, Говь-Алтай, Баян-Өлгий, Дорнод аймагт 0.1-0.7 хувиар өсч, бусад аймагт 0.5-2.0 хувиар буурсан байна. Харин Хэнтий аймагт 0.7 хувиар өссөн нь хамгийн өндөр үзүүлэлт юм.

Улаанбаатар хотод наймдугаар сард 0.9 хувиар буурч, өмнөх оны мөн үеэс 6.4 хувиар өсөхөд тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 4.7 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 8.2 хувь, орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 15.7 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Иргэд олборлосон алтаа Дархан-Уул, Баянхонгорт шууд тушааж болно

Хөдөө орон нутагт алт олборлосон иргэд нийслэлд ирж Монголбанкинд алтаа тушааж чадахгүйн улмаас хууль бусаар хилээр гаргадаг этгээдүүдэд хямд үнээр зарах тохиолдол гардаг. Харин аравдугаар сараас эхлэн алт олборлосон иргэд аж ахуйн нэгжүүдэд тухайн нутагтаа сорьцлуулах, Монголбанкны хэлтэс салбараар дамжуулах боломж бүрдэж байна.

Стандарт, хэмжил зүйн газрын Үнэт металлын сорьцын хяналтын газрын дор үнэт металлын сорьц тогтоох чиг үүрэг бүхий лабораторийг Төвийн бүсэд Дархан-Уул, Баруун бүсэд Баянхонгор аймаг дахь хэлтэст нээж, үйл ажиллагааг нь ирэх сард эхлүүлэхээр боллоо.

Уг лабораторийг байгуулахад 793,8 сая төгрөг төсөвлөгдсөнөөс 694 сая төгрөгийн тоног төхөөрөмж худалдан авах ажлыг Монголбанк, Швейцарын хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төсөлтэй хамтран шийдвэрлэж, орон нутгийн Засаг даргын тамгын газрууд лаборатори тус бүрийн барилгын засварт холбогдох хөрөнгийг зарцуулаад байна.

Мөн үйл ажиллагааг эрхлэх бэлтгэл ажлыг хангах хүрээнд Үнэт металл сорьцын хяналтын газар, Монголбанкнаас Дархан-Уул, Баянхонгор аймгийн Монголбанкны хэлтэс, салбарын нягтлан бодогч, нярвуудад тус бүрийн чиглэлийн дагуу сургалт зохион байгуулж, чиглэл, удирдамж өгөх, дадлагажуулах ажлуудыг гүйцэтгэж байна.

Бүс нутгийг хамарсан үнэт металлын сорьцын лаборатори байгуулагдсанаар иргэн, аж ахуйн нэгж олборлосон алтаа тухайн бүс нутагтаа сорьцлуулах боломжтой болж байгаа төдийгүй Монголбанкны хэлтэс, салбар, банкаар дамжуулан алтаа худалдах нөхцөл бүрдсэнээр цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэх, аюулгүй байдлын бусад эрсдэлээс хамгаалагдана. Үүнээс гадна, алт нийлүүлэлтийн эргэлт нэмэгдэж, шат дамжлага багасаж, бодит сорьцын дүнгээр арилжаа хийгдэх нөхцөл тухайн орон нутагт бүрдэх төдийгүй алтны гарал үүслийг тодорхойлох зэрэг олон давуу боломж бий болно.

Categories
мэдээ эдийн-засаг

Татвар төлөгч ААН, байгууллагын тоо 4 хувиар өсчээ

Шимтгэл төлж буй ААН, байгууллагын тоо өмнөх оны мөн үеэс 1,500 буюу 4.0 хувиар өмнөх улирлаас 900 буюу 2.4 хувиар өссөн бол ажиллагчид өмнөх оны мөн үеэс 41,700 буюу 7.0 хувь өмнөх улирлаас 34,400 буюу 5.7 хувиар тус тус нэмэгджээ. Харин нийгмийн даатгал төлж буй эдгээр ажиллагчдын 7.4 хувь буюу 46,900 нь 240,000 төгрөг хүртэлх цалинтай байна. Ийм хэмжээний цалинтай иргэдийн тоо өмнөх улирлаас 3,500-аар нэмэгдсэн бол 500,00-700,000 төгрөгийн цалинтай ажиллагчид 2,000-аар буурсан үзүүлэлттэй байна.