Categories
мэдээ эдийн-засаг

“Улаанбаатар хотын Эрчим хүчний мастер төлөвлөгөө” судалгааны тайланг танилцууллаа

“Улаанбаатар хотын Эрчим хүчний мастер төлөвлөгөө” судалгааны төгсгөлийн тайлангийн танилцуулга болон хэлэлцүүлгийг 2018 оны аравдугаар сарын 16-ны өдөр Туушин зочид буудалд зохион байгууллаа. Семинарт эрчим хүчний салбар болон нийслэлийн харьяа байгууллага, инженерийн хангамж, олон улсын болон банк санхүүгийн байгууллага, хувийн хэвшлийн 60 орчим төлөөлөл оролцлоо.

Судалгааг ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ)-ны санхүүжилтээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран хэрэгжүүлж буй GIZ-ийн “Азийн хотуудын нөөцийн цогц менежмент: Хотын Нэксус” төслийн захиалгаар ХБНГУ-ын Фраунховерийн хүрээлэнгийн Нарны эрчим хүчний системийн институт хийж гүйцэтгэсэн.

2017 оны таван сард эхлүүлсэн судалгаа нь ирэх 20-30 хугацаанд нүүрснээс аль болох татгалзаж сэргээгдэх эрчим хүчинд түлхүү суурилсан, хүлэмжийн хийн ялгарлыг дорвитой бууруулахад тустай, өртөг зардлын хувьд хамгийн оновчтой УБ хотын эрчим хүчний системийг бүрдүүлэх, улмаар богино хугацаандаа агаарын бохирдлыг бууруулах боломжит замын зураглал гаргах, үндэсний зорилтод түвшинг ханган биелүүлэх (2030), мөн 2050 он гэхэд эрчим хүчний тогтвортой системийг бодитоор буй болгоход тустай өөрчлөлт шинэчлэлтийг хэрэгжүүлэх боломж бололцоо, тулгарах сорилт зэрэгт үнэлгээ өгч тэдгээрт үндэслэн эрчим хүчний системд үе шаттайгаар шилжилт хийх зөвлөмж гаргасан.

Тухайлбал, эрчим хүчний өнөөгийн тогтолцооны дүн шинжилгээнд тулгуурлан 2050 он гэхэд эрчим хүчний хэрэгцээний урьдчилсан прогнозыг боловсруулсан ба энэ хүрээнд хүн ам ба эдийн засгийн өсөлт, мөн эрчим хүчний үр ашиг, өгөөжийг сайжруулах, үүнд барилга байгууламжийн дулаан алдагдлыг бууруулах зэрэг асуудлыг хөндсөн. Мөн УБ хотын сэргээгдэх эрчим хүчний нөөц боломж, тус хотын эргэн тойрны бүс нутгийн салхины эрчим хүчний нөөц, боломжид үнэлгээ хийсэн.

Энэ судалгаа нь нэг талаас эрчим хүчний хангамжтай холбоотой боловч өргөн агуулгаараа дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, Улаанбаатар хотын агаарын бохирдолтой холбоотой сорилтуудад хариулт өгч гарц гаргалгааг харуулахыг зорьсон.

Тухайлбал, арваад хоногийн өмнө НҮБ-ын Уур амьсгалын хэлэлцээрийн дэргэдэх Засгийн газар хороондын эрдэмтдийн зөвлөлөөс дэлхийн дулаарлын талаар боловсруулан гаргасан тусгай тайлан өргөн барьж танилцуулсан байна. Энэ тайланг 2015 оны уур амьсгалын хэлэлцээрийг баталсан дэлхийн улс орнуудын Засгийн газрын даалгавраар боловсруулсан эхний жинтэй тайлан бөгөөд тайланд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн гарах сөрөг үр дагаврын талаар өмнө нь таамаглаж байснаас хавьгүй их санаа зовохуйц дүр зургийг харуулж, болзошгүй гамшгийг урьдчилан сэргийлэхийн тулд дэлхийн эдийн засагт өмнө байгаагүй хурдтайгаар түүхэн шилжилт буюу транформаци хийх шаардлагатай байгааг анхааруулсан байна. Энэ тайланд одоо байгаа дэлхийн хүн амын дийлэнхийн амьдралын хугацаанд буюу 2040 оноос хавьгүй наана дэлхийн хэмжээнд хүнсний хомсдол, ойн түймэр нэмэгдэж тэнгис далайн шүрэн арлууд устаж алга болох таагүй дүр зургийг харуулжээ. Өөрөөр хэлбэл өнөөдрийн хэмжээнд буй хүлэмжийн хийн ялгаруулалт үргэлжилбээс 2040 он гэхэд дэлхий Цельсийн 1.5° -аас илүүтэйгээр дулаарч далайн эрэг хавийн газар усанд автаж хуурайшилт, ядуурал улам нэмэгдэх юм байна.

Хэдийн ийм таагүй дүр зураг байгаа боловч тайланд сөрөг үр дагаврыг урьдчилан сэргийлэх, өөрчлөлтийг түргэсгэх техникийн боломж байна гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.

Дэлхийн дулаарлыг Цельсийн 1.5°-ээс илүүгүй хэмжээнд барихын тулд хүлэмжийн хийг 2010 онтой харьцуулахад 2030 онд 45%, 2050 онд 100% бууруулах шаардлагатайг тайланд дурдсан байна. Мөн тайланд тогтоосноор 2050 онд гэхэд цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх зорилгоор нүүрс ашиглахыг өнөөдрийн 40%-аас 1-7% хооронд байхаар буулгах шаардлагатай гэжээ. Түүнчлэн нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн нийт хэрэглээнд эзлэх хувийг өнөөдрийн 20% орчим хувиас 67%-оос дээш хувиар нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн байна.

Эдгээр сорилтуудад “УБ хотын эрчим хүчний Мастер төлөвлөгөө” судалгаа тодорхой хэмжээнд хариулт өгч эрчим хүчний салбарт нэн төвөгтэй боловч зайлшгүй хийх шаардлагатай өөрчлөлт шинэчлэлтийг санал болгосон. Тухайлбал, Улаанбаатар хотын орчимд нар, салхины эрчим хүч ашиглах боломж байгааг дурдахын зэрэгцээ ялангуяа өвлийн улиралд эдгээр нөөцийн бие биенээ харилцан нөхөх боломж хязгаарлагдмал байгаа тул энэ байдлаас гарах зарим техникийн шийдлүүдийг санал болгосон. Мөн цаг алдалгүй шууд хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээнд нарны зайн хураагуурыг (Photovoltaic) гэр хороолол, барилгын дээвэр дээр байршуулахыг зөвлөсөн. Мөн нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ нь гэр хорооллын байшин болон хотын төвийн хэсэг дэх хуучин орон сууцны барилгуудын дулаалга юм. Түүнчлэн шинээр барих барилгуудыг дулааны эрчим хүчний хэмнэлттэй байдлаар барих, энэ хүрээнд одоо байгаа эрчим хүчний хэмнэлтийн стандартыг шинэчлэх шаардлагатай байгааг дурдсан байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.долларын ханш 2568 төгрөгийн үнэтэй байна

Өнөөдрийн байдлаар Монголбанкнаас зарласан ам.долларын нэрлэсэн ханш 2.564.65 төгрөгтэй тэнцэж байна. Харин “Найман шарга” валют арилжааны төвийн ченжүүд ам.долларыг 2565 төгрөгөөр худалдан авч, 2568 төгрөгөөр борлуулж байна. Сүүлийн хэдэн өдөр валют арилжааны төвүүдэд ам.долларын ханш тогтвортой байна. Арилжааны банкнуудын валютын зах зээлд хэрхэн оролцож буйг хүснэгтээр үзүүлэв.

Categories
мэдээ эдийн-засаг

Алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээний төвийг байгуулав

Монгол Улсын стандарт хэмжил зүйн газрын харъяа Үнэт металлын сорьцын хяналтын газар, Монголбанк, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой бичил уурхай” төсөлтэй хамтран алтны нийлүүлэлтийн сүлжээг боловсронгуй болгох, алтны худалдааны төвлөрлийг сааруулах зорилгоор өнөөдөр Дархан-Уул аймагт алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээний төвийг байгууллаа. Тус нэг цэгийн төвийг аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн байранд байгуулсан юм.

Энэ ажлын хүрээнд Монголбанк болон “Тогтвортой бичил уурхай” төслөөс нийт 395 сая төгрөгөөр санхүүжүүлэн алтны сорьц тогтоох сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг тус нэг цэгийн үйлчилгээний үнэт металлын сорьцын лабораторид хандивлажээ.

Орон нутагт энэхүү төвийг байгуулах цаашид тоог нэмэгдүүлэх нь хууль бус хилийн худалдааг бууруулах, Монголбанкинд тушаах алтны хэмжээг нэмэгдүүлэх гол ач холбогдолтой гэж албаны төлөөлөл үзэж байгаа аж.

Бичил уурхай эрхлэгч иргэн олборлосон алтаа Монголбанк болон арилжааны банкинд тушаахад Үнэт металлын сорьцын хяналтын газраар сорьц тогтоолгох шаардлагатай болдог. Алтны олборлолт ихтэй орон нутагт энэхүү нэг цэгийн үйлчилгээний төвийн үйл ажиллагаа эхэлсэнээр алтны нийлүүлэлтийн сүлжээний албан бус шат дамжлага багасах, бичил уурхайн алтыг газар нь худалдан авах, алтны бүртгэлийг сайжруулах, олборлолтын хэмжээг хянах тогтолцоох бүрдүүлэхийн дээр алтны нийлүүлэлтийн сүлжээг бүхэлд нь ил тод болгох, албажуулах нөхцөл бүрдэж байгаа гэж Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцоллоо.

Алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээний төвөөр Дархан-Уул аймгийн иргэд ААНБ-ууд үйлчлүүлэх бус Сэлэнгэ, Орхон, Булган, Хөвсгөл, Төв аймгуудын алтны компаниуд, бичил уурхай эрхлэгчид үйлчлүүлэх аж. Цаашид Монголбанк болон бусад холбогдох газраад хамтран Говь-Алтай, Өвөрхангай аймгуудад тус нэг цэгийн үйлчилгээний төв байгуулахаар зорилго болгон ажиллаж байна.

Тус нэг цэгийн үйлчилгээний төвийн нээлтэд Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан болон Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудын удирдлагууд, Швейцарийн хөгжлийн агентлагийн төлөөлөл, Стандарт хэмжил зүйн газар, Үнэт металлын сорьцын хяналтын газар бусад холбогдох албаны төлөөллүүд оролцлоо.

Дашрамд Дархан-Уул аймгийн хэмжээнд 2018 оны нэгдүгээр сарын байдлаар 160 гаруй алт арилжаалагч (ченж), бичил уурхайчид алтны худалдаанд оролцож, 60 ААНБ, 372 иргэний 4800 ширхэг 19,5 тн алтан гулдмайд шинжилгээ хийж, 107 ААН, 205 иргэний 18,9 тн алтыг хайлсан гэсэн тоо баримт бий.

Дархан-Уул аймагт алт сорьцлох, худалдан авах зорилго бүхий нэг цэгийн үйлчилгээний төвийг байгуулснаар орон нутагт Ашигт малтмалын нөөц ашигласны 2,5 хувийн татвар /АМНАТ/-ыг суутган төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ хэмээн үзэж, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгдийн хоёрдугаар сарын хуралдаанаар 100 хувийн саналаар нэг цэгийн үйлчилгээний төв байгуулахыг дэмжиж баталж байсныг өмнө мэдээлж байсан билээ. Харин алтыг сорьцлох, худалдан авах зорилго бүхий /лаборатори/ нэг цэгийн үйлчилгээний төвийг Цагдаагийн байгууллагын хамгаалалтад шилжүүлэх, бүрэн камержуулах, шаардлагатай өрөө, тасалгаа, тоног төхөөрөмжөөр бүрэн хангаж ажиллахаар болсон аж.

Categories
мэдээ эдийн-засаг

Монгол банкны хяналтын зөвлөл хуралдлаа

Image result for Монгол банк

Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал 2018 оны 10 дугаар сарын 12-нд болов. Хурлаар улс орныхоо төлбөрийн тэнцэл, гадаадын хөрөнгийн байршил, гадаад өрийн өнөөгийн байдлыг авч хэлэлцээд экспортын үйлдвэрлэл, үйлчилгээ дэх Монголоос гаралтай хүчин зүйлс, ханган нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, гадаадын зээл хөрөнгө оруулалтыг үндэсний үйлдвэрлэл, суурь дэд бүтэц, ажлын байрны тоог олшруулахад бодлогоор чиглүүлэх нь зүйтэй гэж үзэв. Монголбанкнаас нэгтгэн өөрийн веб хуудсанд нээлттэй мэдээлж буй гадаад төлбөрийн тэнцэл, хөрөнгө оруулалт, гадаад өрийн тайлан мэдээлэл нь олон улсын жишиг стандартад нийцсэн, бодлого боловсруулагчид, судлаачид, багш оюутан нарын гарын авлага болдгийг онцлон тэмдэглэж, жирийн иргэдэд илүү ойлгомжтой болгох талаас анхаарахыг зөвлөв. Экспортын үйлдвэрлэл, нэр төрлийг олшруулахад мөнгө, сангийн бодлого хэрэгслээр дэмжих нь төгрөгийн тогтвортой байдлыг хангах суурь нөхцөл мөн болохыг Монголбанкны хяналтын Зөвлөлийн гишүүд онцлон тэмдэглэв.

Банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд тавьдаг хяналт шалгалт, эрсдэлийн талаар Хяналт шалгалтын газрын захирал Н.Батсайханы мэдээлэл нь агуулга, бодлого сайтай боллоо гэж үзлээ. Банкууд иргэд, аж ахуйн нэгж, төрийн мөнгөн хөрөнгийг ашиглан санхүү зээлийн үйлчилгээ үзүүлдэг онцлогтойн хувьд тэдний нэр хүндийг өндөрт өргөж, олон нийтэд бодит мэдээлэл өгч, үйл ажиллагааг нь дэмжин ажиллах талаарх Монголбанкны хүчин чармайлтыг сайшаав. Зээлийн эргэн төлөлтийг хангахад тухайн зээлдэгчийн үйлдвэрлэл, үйлчилгээг төр, хувийн хэвшлийн худалдан авалт зэргээр дэмжиж ажиллах талаар холбогдох газруудтай хамтран ажиллах нь чухал гэж үзлээ.

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар авч буй арга хэмжээний талаар Санхүүгийн мэдээллийн албаны захирал Х.Батчулууны сонсголыг авч хэлэлцээд тус албаны үйл ажиллагаанд үнэлгээ өгөх, Олон улсын байгууллага, Монголын холбогдох байгууллагуудын зөвлөмжийн хэрэгжилтийг гаргаж танилцуулахыг зөвлөв. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбогдсон эрсдэлийг нарийвчлан тогтоох, оролцогчдын хамтын ажиллагаа, хариуцлагыг өндөржүүлэхийг зөвлөв.

Мөн түүнчлэн Монголын нутаг дэвсгэрт аливаа гүйлгээг төгрөгөөр хийх тухай хуулийн заалтын хэрэгжилт, холбогдох судалгаа, мэдээлэл болон Хяналтын зөвлөлөөс санаачлан мэргэжлийн хүмүүс, байгууллагын оролцоотой хийж буй “Төгрөгийн тогтвортой байдал, төлбөрийн тэнцлийг хангахад тэргүүлэх ач холбогдол” бүхий судалгааны талаарх мэдээллийг сонсов.

Categories
мэдээ эдийн-засаг

УБТЗ хоногийн ачилтын түүхэн дээд амжилтаа шинэчлэн тогтоолоо

“УБТЗ” ХНН өнгөрсөн жил 22,8 сая тонн ачаа тээвэрлэж түүхэндээ байгаагүй амжилт гаргасан юм. Тэгвэл энэ жил 24,5 сая тонн ачаа тээвэрлэх зорилттой ажиллаж байна. Энэ нь манай улсын эдийн засгийн өсөлт сайжирч байгаагийн бодит илрэл бөгөөд үүнд манай төмөр замчид томоохон үүрэг гүйцэтгэж байгааг харуулж байгаа юм. Сүүлийн хоёр жилд УБТЗ-ын тээврийн хэмжээ эрс нэмэгдэж байгаа нь тус нийгэмлэгийн удирдлагын багийн ажлын арга барил, зөв шийдвэр, төмөр замчдын шаргуу хөдөлмөрийн үр дүн юм. Энэхүү ололт амжилтаа тус хамт олон бататгаж бас нэгэн дээд амжилтыг тогтоожээ. Өнгөрсөн жил УБТЗ хоногт 74,593,8 тонн ачаа ачиж хоногийн ачилтын түүхэн дээд амжилт тогтоож байсан бол энэ сарын 10-нд 1331 вагон 81,050,6 тонн ачаа ачиж хоногийн ачилтын түүхэн дээд амжилтаа дахин шинэчлэн тогтоолоо. Энэ нь өнгөрсөн оноос 125 вагон 6457,1 тонноор илүү байна. Ирэх жил 70 жилийн ойгоо тэмдэглэх гэж байгаа УБТЗ-ын хамт олон түүхэн ойгоо амжилт бүтээлээр угтахаар ийнхүү шамдан ажиллаж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Aм.доллар 2572 төгрөгийн ханштай байна

Өнөөдрийн байдлаар Монголбанкнаас зарласан ам.долларын нэрлэсэн ханш 2.566.33 төгрөгтэй тэнцэж байна. Өөрөөр хэлбэл, манай улсын валютын зах зээл дээрх дундаж ханш ийм дүнд хүрсэн гэсэн үг. Харин “Найман шарга” валют арилжааны төвийн ченжүүд ам.долларыг 2563 төгрөгөөр худалдан авч, 2566 төгрөгөөр борлуулж байна. Арилжааны банкнуудын валютын зах зээлд хэрхэн оролцож буйг хүснэгтээр үзүүлэв.

Categories
мэдээ эдийн-засаг

​“Мөнгөний бодлогын 2019 оны үндсэн чиглэл”-д санал авна

“Мөнгөний бодлогын 2019 оны үндсэн чиглэл”-ийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлгийг Монголбанкнаас энэ сарын 11-нд зохион байгуулна. Хэлэлцүүлгийн үеэр

-2019 онд макро эдийн засгийн төлөв байдал ямар байх вэ?
-Эдийн засагт бий болсон эерэг өөрчлөлтүүд болон цаашдын сорилт нь юу вэ?
-Төв банкнаас ямар бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна вэ? зэрэг асуудлаар ярилцах бөгөөд эдийн засагч, судлаачдыг урьж байгаа аж.
Олон нийтэд нээлттэй уг хэлэлцүүлэг Блью Скай зочид буудалд 10 цагт эхлэх юм.

Categories
мэдээ эдийн-засаг

“Дэлхийн худалдааны тайлан” гарчээ

Дэлхийн худалдааны байгууллага жил бүр “Дэлхийн худалдааны тайлан” нийтэлдэг. Энэ оны ээлжит тайлангаа тус байгууллага өнгөрсөн долоо хоногт болсон 2018 оны олон нийтийн форумын үеэр нийтэлсэн байна. Дэлхийн худалдааны байгууллагын энэ жилийн тайлан дижитал технологи нь дэлхийн худалдааг хэрхэн өөрчилж байгаа, мөн түүнээс бий болсон боломж, сорилт гэсэн үндсэн сэдвийн хүрээнд бэлтгэгджээ.

Тайланд, хиймэл оюун ухаан, интернэт, 3D хэвлэл, блокчейн болон бусад технологийн ахиц дэвшил худалдааны арга хэлбэр, бүтцийг өөрчилж, өөрийн өртгийг бууруулж, үр ашгийг нэмэгдүүлсний зэрэгцээ үүнээс үүдсэн сөрөг үр дагавар ч гарч байгааг онцлон дурдсан байна. Олон улсын хамтын нийгэмлэг технологийн энэ хурдтай шинэчлэлт, хөгжлийн сөрөг үр дагавруудын эсрэг оновчтой хариу арга хэмжээ авах, төлөвлөлт хийх шаардлагатай байна гэж тус тайланд тэмдэглэжээ.

Дэлхийн худалдаа ба дижитал хувьсгал

Дэлхийн худалдааны байгууллагын ерөнхий захирал Роберто Азеведо тус тайланг нийтлэх хуралд хэлсэн үгэндээ “Худалдаа, технологи хоёр нягт уялдаа холбоотой. Технологи нь худалдааны арга хэлбэрийг бүтээсэн юм. Одоо бид бүхэн урьд байгаагүй технологийн хувьсгалын эрин үед амьдарч байна. Зарим хүн үүнийг аж үйлдвэрлэлийн IV хувьсгал хэмээн нэрлэж, зарим нь шинэ аж үйлдвэрлэлийн хувьсгал, бүр шинэ дижитал хувьсгал гэж нэрлэж байна. Гэвч нийтлэг сэдэв нь маш тодорхой юм. Энэ бол ямар ч байсан хувьсгал мөн. Эдгээр технологи бидний нүдний өмнө эдийн засгийг шинээр бүтээж байна. Энэ бүгд бүтцийн чанартай өөрчлөлт юм” гэжээ. Азеведо тайланд дурдсан блокчлох технологиор жишээ татаж, технологи хэрхэн худалдааны практиктай харилцан нөлөөлж байгаа, мөн магадгүй бий болгох нөлөөний талаар ярьсан байна.

Блокчлох технологи нь жижиг компани арилжааны явцад дэлхийн олон газрын хамтран ажиллагч түнштэйгээ итгэлцэл бий болгох, ханган нийлүүлэлтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, худалдааны үйл ажиллагааг дижитал болгохыг түргэтгэх, мөн гэрээний худалдааг автомат болгоход туслах, ийм хэлбэрээр компаниуд өөрийн өртгөө илэрхий багасган үр ашгаа нэмэгдүүлж болно гэж Дэлхийн худалдааны байгууллагын тэргүүн онцолжээ.

Дэлхийн худалдаа ба дижитал хувьсгал

Судалгаагаар, 2030 он гэхэд блокчлох технологийн үр ашиг дэлхийн хэмжээнд 3 их наяд ам.долларын үнэ цэнийг бүтээх төсөөлөлтэй байгаа аж. “Худалдааны өөрийн өртгийг бууруулах замаар эдгээр технологи 2030 он хүртэл дэлхийн худалдааг жилд 2 нэгжээр өгсөнө гэж тайланд төсөөлжээ. Энэ нь 15 жилийн дотор 31-34 хувиар өснө гэсэн үг. Технологийн ахиц дэвшлээр худалдааны өөрийн өртөг багасах нь жижиг компани нэгж, хөгжиж буй орнуудын компаниудад илүү ашигтай. Гэвч урьдын адил энэ нь зүй зохистой нэмэлт бодлогоос шалтгаална. Хэрэв энэ янзаар хөгжвөл 2030 онд хөгжиж буй орнуудын дэлхийн худалдаанд эзлэх хэмжээ өнөөгийн 46 хувиас 57 хувь хүртэл нэмэгдэх магадлалтай гэдгийг Дэлхийн худалдааны байгууллага тайландаа дурдсан байна.

Мөн худалдааны бүтцэд бий болж мэдэх өөрчлөлтийн талаар онцолжээ. Тухайлбал, дижитал технологи үйлчилгээний худалдааг ахиулж, шинэлэг үйлчилгээ бий болгоно. 2030 он гэхэд үйлчилгээний худалдааны эзлэх хэмжээ 21 хувиас 25 хувь хүртэл нэмэгдэх төсөөлөлтэй байна. Энэ нь бодлогын чухал асуудлыг бий болгоно гэж тэмдэглэжээ. Тайланд технологи ахиж дэвшихийн хэрээр хөдөлмөр эрхлэлтийн шинэ боломж бүрдэх болно гэж цохон тэмдэглэжээ. Эдгээр хурдтай бүтцийн өөрчлөлтөд хүмүүс дасан зохицож, хариу арга хэмжээ авах шаардлагатай. Дэлхий нийт шинэ эдийн засгийн эринд орж байгаа тул шинэ сэтгэхүй хэрэгтэй гэдгийг Дэлхийн худалдааны байгууллага энэ оны тайландаа дурдсан байна.

Дэлхийн худалдаа ба дижитал хувьсгал

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.долларын ханш 2574 төгрөгт хүрээд байна

Өнөөдрийн байдлаар Монголбанкнаас зарласан ам.долларын нэрлэсэн ханш 2,567.15 төгрөгтэй тэнцэж байна. Өөрөөр хэлбэл, манай улсын валютын зах зээл дээрх дундаж ханш ийм дүнд хүрсэн гэсэн үг. Харин “Найман шарга” валют арилжааны төвийн ченжүүд ам.долларыг 2565 төгрөгөөр авч, 2568 төгрөгөөр борлуулж байна. Амралтын өдрөөр тус зах дээр ам.долларыг 2563 төгрөгөөр худалдан авчээ. Зарах ханшид өөрчлөлт ороогүй өнөөдрийн үнэлсэн ханшаар зарсан байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдээр шатахуун импортлогч компаниуд жижиглэнгийн шатахууны үнээ 50-250 төгрөгөөр нэмэгдүүлжээ. Нөгөө талд ам.долларын төгрөгтэй харьцах ханш алгуурхан чангарсаар 2574 төгрөгт хүрээд байна. Долларын ханш хоёрхон долоо хоногийн дотор 70 гаруй төгрөгөөр чангараад байгаа. Арилжааны банкнуудын валютын зах зээлд хэрхэн оролцож буйг хүснэгтээр үзүүлэв.

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.долларын ханш чангарч байгаа нь улирлын чанартай өсөлттэй холбоотой гэв

Сүүлийн өдрүүдэд америк доллартай харьцах төгрөгийн ханш 3.4 хувиар суларчээ. Нэг доллар 1999 оны нэгдүгээр сард 1,000, 2016 оны тавдугаар сард 2,000, 2017 оны нэгдүгээр сард 2,500 болтлоо чангарч, төгрөг суларсаар байгаа. Энэ талаар өнөөдөр “Өдрийн сонин”-гийн асуух эрхийн танхимд хэлэлцүүлэг өрнүүллээ.

“Өдрийн сонин”-ы зохион байгуулсан хэлэлцүүлэгт Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тэргүүтэй төлөөлөл, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор, профессор Л.Оюун, Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн зөвлөх, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав болон банкны зарим удирдлага оролцсон юм.

Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Монголбанкны зүгээс ам.долларын ханшны өсөлтийг анхааралтай ажиглаж өөртөө байгаа. Валютийн ханшийн хөдөлгөөнд нөлөөлж чадах арга хэрэгсэл Монголбанкинд байдаг. Хамгийн сүүлд мөнгөний бодлогын хорооны хурлаар бодлогын хүүгээ өөрчлөхөөр шийдсэн. Ханшийн өсөлтөд огцом арга хэмжээ авдаг гол арга нь банкны хүү байдаг. Харин Монголбанкны зүгээс бодлогын хүүгээ өсгөхгүй 2016 оны эдийн засгийн хүндрэл хямралаас хойш Монгол Улсын эдийн засаг 1.6 хувиар сэргэж эерэг өөрчлөлтүүд ажиглагдаж эхэлж байна. Энэ үед нь бид бодлогын хүүгээ өсгөхгүй гэдгийг дахин хэлмээр байна. Эдийн засгаа жаахан дэмжье гэсэн үзэл баримтлалаар ажиллаж байна. Ам.долларын эсрэг төгрөгийн ханш суларч буй энэ өдрүүдэд суурь шалтгааныг нь судлаад үзэхэд шалтгаан харагдахгүй байгаа. Худалдааны тэнцэл тогтвортой байна. Есдүгээр сарын 30-ны өдрийн мэдээгээр Монголбанкинд 850 сая ам.долларын нөөц байгаа. Хэрэв цаашид энэ байдлаараа ам.долларын ханш өсөөд байвал Монголбанкнаас арга хэмжээ авна.

Худалдаа хөгжлийн банкны ерөнхийлөгч Б.Мэдрээ: Төгрөгийн ханш унаж, ам.долларын ханш өсөөд байгаа нь маш олон хүчин зүйлээс шалтгаалж байгаа. Монгол Улс зах зээлийн эдийн засагт ороод 29 дэх жилдээ явж байна. Энэ хугацаанд төр засгаас ам.долларын ханшийг тогтвортой байлгах талаар бодлого боловсруулж, хэрэгжүүлж чадахгүй явсаар 29 жил болсон. Манай улс импортлогч орон. Бараг бүх зүйлээ гадаадаас худалдан авдаг. Гадагшаа нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргадаг нь ч бага. Манай улс ам.доллараас хараатай, ам.долларын колони болсон улс гэхэд болно. Тэгэхээр нэг ам.долларын эсрэг хэдэн төгрөг байх вэ гэдгийг төр засаг, төв банк байнга анхааралдаа авч, хяналт тавьж зохицуулалт хийж чаддаг байх ёстой. Биднийг оюутан байхад нэг ам.доллар хоёр төгрөг 99 мөнгөтэй тэнцдэг байсан. Гэтэл өнөөдөр нэг ам.доллар 2576 төгрөг хүрчихсэн байна. Ам.долларын өсөлт юунаас шалтгаалж байна вэ гэхээр Монгол Улсад гадагшаа экспортод гардаг, орлого нь ам.доллараар орж ирдэг эцсийн бүтээгдэхүүн хийдэг үйлдвэрүүд байхгүй. Одоо манай улс хүнд аж үйлдвэрийн зургаан үйлдвэр байгуулчихад л ам.долларын тэнцвэрийг барьж, хянаж чадна. Мөн валютын хангалттай нөөцтэй болно. Нэн тэргүүнд манай улс дотооддоо цахилгаан эрчим хүчээ үйлдвэрлэдэг болмоор байна. ОХУ-аас импортоор эрчим хүчээ авч байна. Хангалттай эрчим хүчний нөөцтэй болсон байхад хүнд аж үйлдвэр байгуулахад асуудал гарахгүй ээ.

Ам.долларын ханшийн өнөөгийн өсөлт нь дээр дурдсанчлан хөгжиж буй орнуудад ам.долларын ханш чангарч байгаагаас гадна улирлын чанартай өсөлттэй холбоотой хэмээн эдийн засагчид үзэж байна.

“Голомт” банкны ахлах эдийн засгийн шинжээч Г.Ганзориг: Ам.долларын ханшийн өсөлт олон хүчин зүйлээс нөлөөлөхөөс гадна улирлын өсөлт ихээхэн нөлөөлж байна. Валютын ханш өсөөд эхлэхээр хүмүүс, ам.доллар худалдан авч дардаг, хадгаламж нээх юмсан гэсэн бодол төрдөг. Энэ эргээд иргэдийн дунд хүлээлт гэдэг зүйлийг бий олгодог. Ам.долларын өсөлтөд АНУ-ын эдийн засгийн өсөлт нөлөөлж эрэлтийг нэмэгдүүлж байна. Гэхдээ өнөөдөр ам.долларын өсөлтийн шалтгааныг ярихаасаа илүү шийдлийг ярих нь зүйтэй болов уу. Миний харж байгаагаар манай улсын бүтэц өөрөө асуудалтай. Манай улсын эдийн засаг худалдаан дээр суурилагдсан байдаг. Жишээлбэл, АНУ-ын эдийн засгийн аваад үзье л дээ. Хөдөлмөрийн зах зээлээ голчилж, ажилгүйдлийн түвшнээ бага байлгах тусам нь эдийн засаг нь өргөжин тэлж байдаг.