Categories
мэдээ эдийн-засаг

​Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар валютын ханш, шатахууны үнийг тогтвортой барих чиглэл өглөө

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Валютын ханшийн өсөлт, цаашид авах арга хэмжээний талаарх Монголбанкны ерөнхийлөгчийн, Бензин, шатахууны үнийн асуудал, цаашид авах арга хэмжээний талаарх Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээллийг тус тус сонссон юм. Үүнтэй холбогдуулан “Чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулсан бөгөөд өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэв. Төслийн талаар Байнгын хорооны дарга Д.Дамба-очир танилцууллаа. Шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, М.Оюунчимэг, Д.Тэрбишдагва, Д.Эрдэнэбат нар ажиллажээ. Ажлын хэсэг 2 удаа хуралдан шийдвэрийн төслийг заалт нэг бүрээр хэлэлцэн, боловсруулсан байна.

Тогтоолын төсөлтэй холбогдуулж гишүүд асуулт асууж хариулт авлаа.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир “Сангийн яамны зүгээс татваруудыг тэглээд дуусч байна. Шатахууны өсөлтөд өөр авах арга хэмжээ байхгүй гэж хэлдэг. Монголбанк шатахууны үнийг тогтворжуулах тал дээр юу хийж байгаа вэ. Үнийг тогтворжуулахын тулд шатахуун импортлогч компаниудад нь мөнгийг нь өгөлгүйгээр Орос руу төлбөр тооцоог нь хийж шатахууны үнийг барих боломж бололцоо хэр байна вэ. Уул уурхайн яамны зүгээс шатахууны үнийг барьж чадахгүй гэдгээ хэлсэн байдаг. Гэтэл Оросын талаас үнээ нэмнэ гээд зарлачихсан. Энэ асуудалд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан хариулт өгнө үү.

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан “2012-2016 онд Монголбанк Үнэ тогтворжуулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаанд Дэлхийн банкны захиалгаар гаднын аудитын компани шалгалт хийгээд дуусч байгаа. Тайлан мэдээ энэ долоо хоногт бэлэн болсны дараа байнгын хороонд танилцуулах болно. ОУВС-гаас бидэнд тавигдаж байгаа үндсэн шаардлага нь Монголбанк төсвийн шинжтэй аливаа үйл ажиллагаа явуулахаа зогсоох ёстой гэдэг шаардлагыг тавьж байгаа. Нэгэнт бид ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдчихсан байгаа учраас хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхээс өөр аргагүй. Нөхцөл байдал ийм байгаа. Хэрэв УИХ, Засгийн газраас чиглэл өгөх юм бол бид аливаа үйл ажиллагаанд оролцохгүй гээд хойш суухгүй. Төвбанкны тухай хуулиар Монголбанк Засгийн газар болон банкуудтай харилцах учиртай. Бид хоёр үндсэн харилцагчтай. Засгийн газар аливаа төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд хөрөнгө санхүүгийн хэрэгцээ шаардлагатай байгаа бол асуудлаа тавиад Төвбанкнаас өрийн бичиг гаргаад эх үүсвэр авах бололцоотой. Энэ бол хуулиараа нээлттэй. Мөн арилжааны банкуудаар дамжуулж авах боломжтой. Тийм учраас Засгийн газар тодорхой чиглэлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой гэж харж байна.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Валютын ханшийн өсөлтийг Монголбанк барьж чадахгүй. Тийм учраас шатахууны үнэ савалгаатай байгаа юм.

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан “УИХ-аас Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг жил бүр батална гэж Үндсэн хуульд заасан байдаг. Энэ дагуу л баталдаг. Бид энэ тогтоолыг хэрэгжүүлэх гэж Монголбанкны 500 гаруй ажилчид өдөр, шөнөгүй зүтгэж байгаа. Бид тайлангаа Эдийн засгийн байнгын хороонд тогтмол ирүүлдэг. Монгол төрийн төлөө бид зүтгэж байна. УИХ-аас өгсөн үүрэг чиглэлийг хэрэгжүүлэхийн төлөө бид зүтгэж байгаа. Тиймээс гишүүдийг энэ талаас нь бүү яриасай гэж хүсч байна. Ханшийн өсөлтийн асуудал дан ганц манай улсын асуудал биш болсон. Дэлхий даяар ханш өсөж байгаа. 174 оронд судалгаа хийж үзэхэд 142 улсад ханшийн өсөлт гарсан. Бид оны эхнээс 5.7 хувийн ханшийн сулралттай байна. Бид боломжоороо ажиллаж байгаа. Мөн том гүрнүүдийн хоорондох худалдааны маргаан ам.долларын өсөлтөд нөлөөлж байна. Энэ бол богино хугацааны үйл явц биш шүү гэдгийг Хятадын ардын банкны Ерөнхийлөгчийн амнаас сонслоо. Бид үүнд бэлтгэлтэй байж валютын нөөцтэй байх ёстой. ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд орж ирж байгаа 5.5 тэрбум ам.долларыг манай улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх гэж өгч байгаа мөнгө болохоос биш үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг барих мөнгө биш шүү гэдгийг ОУВС бидэнд сануулсан. Бид боломжоороо интервенци хийж байгаа. Оноос хойш өнөөг хүртэл 750 сая ам.долларын интервенци хийгээд байна. Он дуустал үлдсэн хугацаанд нийтдээ тэрбум ам.доллар орчим интервенци хийгдэхээр байна” гэлээ.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан сүүлийн үед валютын ханшийн өсөлтийг дэлхийн бусад улс орнуудтай харьцуулж өөрийгөө өмөөрөх болсон. Тэгж болохгүй л дээ. Бид дэлхийн ихэнх оронтой чөлөөтэй худалдаа хийж байгаа. Гэвч худалдааны тэнцэл нь эерэг бараг гараагүй.

Ингээд гишүүд асуулт асууж дууссаны дараа байнгын хорооны тогтоолын төслийг баталъя гэсэн томъёоллоор санал хураахад гишүүдийн олонхи дэмжсэн юм.

Уг тогтоолоор валютын ханшийг тогтворжуулах асуудлаар

– Төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах төлөвлөгөө гаргах,

– Макро эдийн засгийн үзүүлэлтүүдийн ерөнхий төлөв, тэдгээрийн уялдааг тогтмол судалж, дүгнэлт гаргаж Байнгын хороонд танилцуулах,

– Гадаад худалдаа, төлбөрийн тэнцлийн асуудал хариуцсан Засгийн газрын одоогийн бүтцийг илүү үр дүнтэй ажиллуулах,

– Гадаад, дотоод худалдааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох,

– Дотооддоо алт цэвэршүүлэх үйлдвэртэй болох ажлыг эхлүүлэхийг Засгийн газар, Монголбанкинд чиглэл болгожээ.

Шатахууны хангамж, чанар, стандарт, үнийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр Дорноговь аймгийн нутагт баригдах газрын тос боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-г Байнгын хороонд товлосон хугацаанд танилцуулах, газрын тосны зарим төрлийн бэлэн болон завсрын бүтээгдэхүүнийг татвартай болгох, шатахууны экологийн ангилал, импортолж байгаа боомтоос хамааруулан татварыг ялгавартай тогтоох, шатахууны үнийн огцом хэлбэлзлийг ОАТ-ын хувь хэмжээгээр тухай бүр шуурхай зохицуулах зэрэг асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулан УИХ-д яаралтай өргөн мэдүүлэхийг Засгийн газар чиглэл болгожээ. Түүнчлэн Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн тогтвортой байдлыг хангах, экологийн өндөр ангилал бүхий санар, стандартын шаардлагад нийсэн шгатахууны үнийн хөнгөлөлт үзүүлэх асуудлаах хэлэлцэх, шатахуун импортын олон талт эх үүсвэртэй байх бодлого баримтлах зэргийг Байнгын хорооны дээрх тогтоолд тусгасан байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Алтны олборлолтын хэмжээ сүүлийн жилүүдэд багасчээ

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын алтны салбарын геологи хайгуул, олборлолтын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх танилцуулгыг сонслоо. Өнөөдрийн байдлаар манай улсад 3238 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаагаас ашиглалтын тусгай зөвшөөрөл 1654, хайгуулын тусгай зөвшөөрөл 1584 байна. Эдгээрээс алтны ашиглалтын 548 тусгай зөвшөөрөл байгаа нь нийт ашиглалтын тусгай зөвшөөрлийн 33 хувь, алтны хайгуулын 850 тусгай зөвшөөрөл байгаа нь нийт хайгуулын тусгай зөвшөөрлийн 53 орчим хувийг эзэлж байна.

Алтны ашиглалтын тусгай зөвшөөрөл /аймаг тус бүрээр/

Д/Д

Аймаг

Тусгай зөвшөөрлийн тоо

Аж, ахуй нэгжийн тоо

1

Архангай

18

10

2

Баян-Өлгий

8

6

3

Баянхонгор

65

65

4

Булган

48

31

5

Говь-Алтай

9

8

6

Дархан-Уул

34

28

7

Дорноговь

3

2

8

Дорнод

27

22

9

Дундговь

5

3

10

Завхан

6

4

11

Өвөрхангай

20

14

12

Өмнөговь

18

10

13

Сүхбаатар

6

2

14

Сэлэнгэ

101

68

15

Төв

140

82

16

Увс

13

7

17

Ховд

6

5

18

Хөвсгөл

1

1

19

Хэнтий

20

15

Нийт 548 383

2017 онд 12.66 тн алт тушаагджээ. Гэхдээ алтыг ямар ордоос олборлосон эсэхийг хянаж, бүртгэх боломжгүй болсон байна. Иймээс иргэдийн тушаасан алтыг нөөцийн бүртгэлд оруулах асуудлыг зохицуулах шаардлагатай гэдгийг салбарынхан хэлж байна. Цаашид алтны нөөцийг нэмэгдүүлэхийн тулд “Алт” хөтөлбөрт тусгагдсан орд газруудыг төлөвлөсөн хугацаанд ашиглахад ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгцээтэй бөгөөд эдгээрт банкны зээл, бонд болон бусад эх сурвалжийг ашиглах, алтны томоохон төслүүдэд гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтыг өргөнөөр татах шаардлагатай байгаа аж.

Алтны олборлолтын хэмжээ сүүлийн жилүүдэд багасаж буй нь хууль эрх зүйн орчны тогтворгүй байдал, түүнээс үүссэн дарамт, ачаалал зэргээс салбарын үйлдвэрлэлийн өсөлтөд нөлөөлж, хөрөнгө оруулалт саарснаас үүдэлтэй аж. Цаашид алтны олборлолтыг нэмэгдүүлж энэ чиглэлийн үйл ажиллагааг төгөлдөржүүлэхийн тулд төр болон хувийн хэвшлийн хамтарсан үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байгаа гэж тус салбарынхан үзэж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн өсчээ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хэвлэлийн бага хуралд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, АМГТГ-ын орлогч дарга М.Энхжаргал, Ц.Эрдэнэбаяр, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү болон яамны газар, хэлтсийн дарга нар оролцож, салбарын энэ оны эхний есөн сарын мэдээллийг олон нийтэд хүргэн, сэтгүүлчдийн асуултад хариулав.

1.УУЛ УУРХАЙН САЛБАРЫН СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ
1.1. Аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл
2018 оны эхний есөн сарын байдлаар 33.5 сая тн нүүрс, 979.4 мян.тн зэсийн баяжмал, 14.5 тн алт, 4.0 мян.тн молибдений баяжмал, 2.5 сая тн төмрийн хүдрийн баяжмал, 57.1 мян.тн хайлуур жоншны баяжмал, 62.6 мян.тн цайрын баяжмал, 5.0 сая баррель газрын тос, 10.5 мян.тн катодын зэс үйлдвэрлэсэн байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зэсийн баяжмал 16.0 (1.7%) мян.тн, хайлуур жоншны баяжмал 19.2 (50.7%) мян.тн, цайрын баяжмал 2.0 (3.3%) мян.тн-оор тус тус өссөн байна. Харин нүүрс 2.7 (7.5%) сая тн, молибдены баяжмал 294.5 (6.8%) тн, алт 248.0 (1.7%) кг, төмрийн хүдрийн баяжмал 179.6 (6.7%) мян.тн, газрын тос 710.4 (12.4%) мян.бар, катодын зэс 481.8 (4.4%) тн-оор тус тус буурсан байна.
1.2. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл
2018 оны эхний есөн сарын байдлаар Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл 11.2 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.7 (18.8%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 8.1 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.2 (16.9%) их наяд төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 858.5 (46.5%) тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 169.3 (3.9%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд Уул уурхай, олборлох салбар 72.1%-ийг эзэлж байна.
1.3. Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн
2018 оны эхний есөн сарын байдлаар Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 13.1 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 2.1 (19.0%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 9.1 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.4 (18.0%) их наяд төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 3.0 их наяд төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс 664.7 (29.0%) тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 5.3 их наяд төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс 598.0 (12.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.
Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүнээс гадаад зах зээлд нийт 9.1 (69.3%) их наяд төгрөг, уул уурхай, олборлох аж үйлдвэр 7.6 (57.8%) их наяд төгрөгийн борлуулалтыг тус тус хийсэн байна.
1.4. Гадаад худалдаа
2018 оны эхний есөн сарын байдлаар Гадаад худалдааны нийт бараа эргэлт 9,633.8 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 1,920.2 (24.9%) сая ам.доллараар өссөн байна. Экспорт импортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 931.7 сая ам.доллараар эерэг гарсан байна.
Экспорт
Экспорт 5,282.8 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 699.9 (15.3%) сая ам.доллараар өссөн байна.
Төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, жонш, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь эрдэс бүтээгдэхүүний экспортын 98.5% буюу нийт экспортын 84.6%-ийг эзлэж байна.
Экспортлосон боловсруулаагүй нефть, төмрийн хүдэр болон цайрын баяжмалыг 100%, зэсийн баяжмалын 99.2%, чулуун нүүрсний 99.1%, жоншны 58.6%-ийг БНХАУ-д, 41.2%-ийг ОХУ-д; боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтыг 100% Их Британи улсад тус тус экспортлосон байна.
Импорт
Импорт 4,351.0 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 1,220.3 (39.0%) сая ам.доллараар өссөн байна.
Эрдэс бүтээгдэхүүний импорт 976.0 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 238.4 сая ам.доллараар буюу 32.9%-иар өслөө. Эрдэс бүтээгдэхүүний импортын 83.5%-ийг нефтийн бүтээгдэхүүн эзлэж байна. Энэ оны эхний есөн сард 814.7 сая ам.долларын 1,184.9 мян.тн нефтийн бүтээгдэхүүн импортлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 133.8 мян.тн-оор, үнийн дүнгээр 224.8 сая ам.доллараар тус тус өсчээ. Нефтийн бүтээгдэхүүний импортын 80.1%-ийг автобензин, дизель түлшний импорт, үүний 33.6%-ийг автобензин, 66.4%-ийг дизель түлшний импорт эзлэж байна.
2.ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ МЭДЭЭ
2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд ашигт малтмалын хайгуул, ашиглалтын 3163 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна.

Тоо

Хувь

Гектар

Хувь

Нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь

Нийт

3163

100%

9 128223.72

100%

5.8%

Хайгуулын

1496

47.3%

7 526114.2

82.4%

4.8%

Ашиглалтын

1667

52.7%

1 602109.70

17.6%

1.0%

2018 оны 9.10 дугаар сарын тусгай зөвшөөрлийн хөдөлгөөний мэдээ:
Шинэ ашиглалтын тусгай зөвшөөрөл-10
Тусгай зөвшөөрлийг шилжүүлснийг бүртгэсэн-9
Тусгай зөвшөөрлийг барьцаалсныг бүртгэсэн-1
Тусгай зөвшөөрлийн талбай буцаасан-6
Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгасан-55
3.ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА
3.1.Газрын тосны олборлолтын чиглэлээр:
2018 онд 8.1 сая баррель (1.1 сая тонн) газрын тос олборлож 223.4 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөөд байна. 2018 оны 10 дугаар сарын 19-ний байдлаар 5.12 сая баррель (694 мянган тонн) тос олборлож төлөвлөгөө 63.19 %-тай явж байгаа бол 4.83 сая баррель (655 мянган тонн) экспортлож төлөвлөгөө 59.57%-тай байна. 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар улсын төсөвт 176.46 тэрбум төгрөг төвлөрүүлж 79%-ийн гүйцэтгэлтэй байна.
3.2.Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн чиглэлээр:
2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 33 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 88, Аи-92 автобензин 26, дизелийн түлш 29, ТС-1 онгоцны түлш 23 хоногийн нөөцтэй байна.
Улсын дундажаар шатахууны жижиглэнгийн үнэ А-80 автобензин 1841 төгрөг, Аи-92 автобензин 1979 төгрөг, Аи-95 автобензин 2216 төгрөг, дизелийн түлш 2311 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.
4.САЛБАРЫН БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГАА
4.1. Салбарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хүрээнд:
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны төсвийн багцын санхүүжилтээр нийт геологийн судалгааны 29 төслийг хэрэгжүүлж байна. Үүнд:
•1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн 24 төсөл,
•Улсын геологийн 1:200000-ны масштабын иж бүрдэл зургийг К хавтгайн хэмжээнд нэгтгэх төсөл
•Улаанбаатар хотын геоэкологи, гидрогеологийн судалгааны төсөл
•Монгол орны голлох ашигт малтмалтын хэтийн төлөвийг үнэлэх судалгаа
•Төв, зүүн бүсийн Монголын алтны хэтийн төлөвийг үнэлэх судалгаа
•Монгол, ОХУ, БНХАУ, БНКазахстан улс, БНСУлсын хамтарсан судалгаа
Эдгээр төслүүдийн Геологийн судалгааны ажилд хээрийн шуурхай хяналт хийж, гүйцэтгэгч байгууллагуудаас 10.3 тэрбум төгрөгийн гүйцэтгэл ирүүлснээс 9.3 тэрбум төгрөгийг олгоод байна.
2018 оны найм дугаар сарын 22-ноос эхлэн өнөөдрийн байдлаар дөрвөн багцаар 40-н талбайд 270426.07 га-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарласнаас 38082.73 га бүхий найман талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох аж ахуй нэгжийг шалгаруулж улсын төсөвт 4,8 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр болоод байна.
4.2. ЭБМЗ-ийн “Ашигт малтмалын хайгуулын асуудал” хэлэлцэх салбар зөвлөлийн хуралдаан:
•“Ашигт малтмалын хайгуулын асуудал” хэлэлцэх ЭБМЗ-ийн 13 удаагийн салбар хуралдаанаар хувийн хөрөнгөөр хийгдсэн хайгуулын ажлын үр дүнгийн 129 тайланг хэлэлцүүлсэн. Үүнд: Алтны шороон орд-41, алтны үндсэн орд-5, ховор металлын орд-1, газрын ховор-1, нүүрс-9, мөнгө холимог металл-1, гянтболд-1, зэс-3, төмөр-1, хайлуур жонш-5, шохойн чулуу-4, барилгын чулуу-13, элс-хайрга-3, элс-3, шавар-2, цахиур-1, базальт-1. /2018.10.19-ний өдрийн байдлаар/.
•“Ашигт малтмалын хайгуулын асуудал”хэлэлцэх ЭБМЗ-ийн өргөтгөсөн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ХХ-2018-02 дугаар хуралдаанаар “Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг орд”-ын нөөцийн нэгтгэл тооцооны тайланг хэлэлцүүлж, ордын геологийн нөөцийг ашигт малтмалын нөөцийн Улсын нэгдсэн тоо бүртгэлд шинэчлэн бүртгэсэн.
•Геологийн судалгааны ажлын үр дүнгийн тайлан хэлэлцэх дөрвөн удаагийн хурлаар УТХ-өөр хийсэн судалгааны ажлын 10 тайлан, 24 төслийн төсөв, төсвийн тодотгол хэлэлцсэн.
4.3. “Алт-2 үндэсний” хөтөлбөр:
•Алтны нөөцийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд алтны 41 шороон ордын 4521,6 кг нөөц, 5 үндсэн ордын 18697,9 кг нөөцийг ЭБМЗ-ийн хурлаар хэлэлцэн тус тус хүлээн авч Монгол Улсын алтны нөөцийг 23,2 тн-р нэмэгдүүлээд байна.
•Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлал, урьдчилсан тандан судалгааны хамтаар боловсруулсан. Хууль тогтоомжийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу Үзэл баримтлалыг батлуулахаар Сангийн яаманд 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүргүүлсэн.
•Монголбанк 2018 оны 09 дүгээр сард 2122,8 кг алт худалдан авснаар энэ оны эхний 9 сарын байдлаар нийтдээ 14.329 тонн алт худалдан аваад байна. 2018 оны 9 дүгээр сарын эхэн үед 1 грамм алт худалдан авах үнэ 95,445.95 төгрөг байсан бол одоо нэмэгдэж 101061,81 төгрөг болоод байна.
•Монголбанк, Стандарт хэмжил зүйн газрын харьяа Үнэт металлын сорьцын хяналтын газар болон Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төсөл хамтран алтны нийлүүлэлтийн сүлжээг албажуулах, ил тод болгох, худалдааны төвлөрлийг сааруулах зорилгоор Дархан-Уул, Баянхонгор аймгуудад байгууллаа. Алтны олборлолт төвлөрсөн бүс нутагт энэхүү нэг цэгийн үйлчилгээний төвийг нээснээр алт олборлогчдод алтаа дэлхийн зах зээлийн үнээр худалдах, тээврийн зардал болон цаг хугацааны хувьд хэмнэлт гарах төдийгүй, аюулгүй байдлын баталгаа бий болно. Улмаар алтны нийлүүлэлтийн сүлжээний албан бус шат дамжлага багасч, алтны худалдааны бүртгэлийг сайжруулах, олборлолтын хэмжээг хянах, тогтолцоог бүрдүүлснээр алтны нийлүүлэлтийн сүлжээг бүхэлд нь ил тод болгох, албажуулах нөхцөл бүрдэх юм.
Categories
мэдээ эдийн-засаг

Иргэдийн хэрэглээний зээлийг 30 сараас хэтрүүлэхгүй

Өнөөдөр Монголбанкнаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд Төв банкны Судалгаа, статистикийн газрын захирал Д.Ган-Очир 2018 оны есдүгээр сарын статистик мэдээллийг танилцуулав. Тэрбээр “Монголбанкнаас улирал тутам инфляцийн хүлээлтийн түүвэр судалгааны үр дүнг гаргаж хүргэдэг. Түүвэр судалгаанаас харахад иргэд, аж ахуйн нэгж, шинжээчдийн хувьд инфляцийн хүлээлт бид бүхний 8 хувийн зорилтот түвшин орчим байх, түүнээс нэг их хол хэтрэхгүй гэсэн үр дүн гарч байна.
Төв банкны Мөнгөний бодлогын хороо 2018 оны 9-р сарын 20-ны өдөр ээлжит хуралдаанаа хийж, бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргасан. Хэрэглээний зээл хурдацтай өсч, өрхийн өр, импортыг нэмэгдүүлж, санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй тул Мөнгөний бодлогын хороо макро зохистой бодлогын хүрээнд ипотекийн бус иргэдийн хэрэглээний зээлийн хугацааг 30 сараас хэтрүүлэхгүй байхаар тогтоож, 2019 оны 1 сарын 1-нээс мөрдүүлэхээр тогтжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Хөгжлийн банкны дансанд бондын 500 сая доллар оржээ

Монгол Улсын Хөгжлийн банк олон улсын зах зээлээс 500 сая долларын бондыг таван жилийн хугацаатай, 7.25 хувийн хүүтэйгээр босгосон билээ. Уг бондыг анх удаа Засгийн газрын баталгаагүйгээр босгосон. Өнөөдөр өглөө Хөгжлийн банкны дансанд энэхүү 500 сая доллар орсныг тус банкны Гүйцэтгэх захирал Б.Батбаяр мэдээллээ.

Уг зээлээр Хятадын Хөгжлийн банкнаас авсан 250 сая, “Кридет свисс” банкны хөвөгч хүүтэй 300 сая ам.долларын зээлийн эргэн төлөлтөд зарцуулах аж. Ингэснээр Хөгжлийн банк богино хугацааны гадаад өр төлбөргүй болж, дотооддоо урт хугацаатай зээл олгох боломжтой болж байгааг захирал Б.Батбаяр онцоллоо. Сая босгосон Хөгжлийн банкны бондын арилжаанд 200 орчим хөрөнгө оруулагчаас 4.1 тэрбум ам.долларын захиалга ирсэн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Шүүхээс улсын төсөвт 8.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ

Монгол Улсын анхан болон давж заалдах шатны шүүх 2018 оны есдүгээр сарын байдлаар улсын төсөвт 8.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ.
Анхан болон давж заалдах шатны шүүхийн тамгын газруудаас шүүхийн шийдвэрээр улсын болон орон нутгийн төсөвт тэмдэгтийн хураамж 4.4 тэрбум, хүү торгуулийн 4.1 тэрбум, нийт 8.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн нь 2018 оны шүүхийн төсвийн 18 хувийг эзэлж байна. Тодруулбал, орон нутгийн шүүхүүд 2.8 тэрбум, нийслэл дэх шүүхүүд 5.7 тэрбум төгрөгийн орлогыг төсөвт төвлөрүүлсэн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Өнөөдрийн арилжаагаар 12 компанийн хувьцааны ханш өсчээ

Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 19 хувьцаат компанийн 189,641,867.40 төгрөгийн үнийн дүн бүхий 486,481 ширхэг хувьцаа арилжсанаас 12 компанийн хувьцааны ханш өслөө.

Тодруулбал дөрвөн компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Фронтиер Лэнд Групп” ХК-ийн MDR хувьцаа 15.00 хувиар болон “Хөвсгөл Алтандуулга” ХК-ийн ADU хувьцаа 13.26 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Улсын Их Дэлгүүр” ХК-ийн UID хувьцаа 4.00 хувиар, “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн MCH хувьцаа 0.55 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр “TOP 20” индекс 0.58 хувиар өсч 20347.51 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,430,518,433,044.40 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Categories
мэдээ эдийн-засаг

Хэрэглээний зээлийн дээд хугацааг 30 сар болгох шинэ журам тогтоожээ

Монголбанкнаас иргэдийн авах хэрэглээний зээлийн дээд хугацааг 30 сар байх шинэ журам тогтоосон билээ. Уг журам ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс албан ёсоор хэрэгжих аж. “Өр, орлогын харьцаагаа тэнцвэржүүлэх нь өрхийн амьжиргаанд нөлөөлнө. Тиймээс ч иргэдийг хэтэрхий их өрөнд оруулахгүйн тулд бид дээрх шийдвэрийг гаргасан” гэж Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан тайлбарлажээ. Иргэд татварын дараах орлогынхоо хамгийн ихдээ 70 хувийг зээлийн үндсэн болон хүүний төлбөрт төлөх юм. Энэ шийдвэр одоо зээлтэй байгаа иргэдэд хамаарахгүй бөгөөд журам хэрэгжиж эхлэх өдрөөс хойш эхлэн шинээр зээл авах, зээлийн нөхцөлөө өөрчлөх иргэдэд хамаатай. Сануулахад ипотекийн зээлээс бусад зээлд дээрх шийдвэр үйлчлэх юм.

Энэ оны гуравдугаар улирлын байдлаар нийт зээлийн өсөлт 17.7 хувьд хүрсэн ч 11 нэгж хувийг зөвхөн хэрэглээний зориулалттай зээл бүрдүүлж байгаа төдийгүй сүүлийн долоон улирал дараалж хэрэглээний зээл нэмэгдсэн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Дулааны цахилгаан станцгүй аймгуудад ирэх оноос станц барьж эхэлнэ

Улсын хэмжээнд өөрийн гэсэн дулааны цахилгаан станцгүй 10 аймаг байдаг. Тэдгээр аймгуудад дулааны цахилгаан станц барих асуудлыг эрчимжүүлж, станцуудыг ашиглалтад оруулахаар Засгийн газраас төлөвлөжээ. Үүнтэй холбоотойгоор 2019 оны төсөвт 150 сая долларыг суулгасан байна. Тиймээс 2019 оны төсөв батлагдсанаар нийт 10 аймагт баригдах цахилгаан станцын барилгын ажил эхлэх нь ээ. Тодруулбал Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Дундговь, Говьсүмбэр, Төв, Хэнтий аймагт шинээр дулааны цахилгаан станц барих, Сүхбаатар аймгийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг өргөтгөх төслийг Засгийн газраас БНСУ-ын ЭКСИМ банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр эхлүүлэх нь ээ. Энэхүү бүтээн байгуулалтын эхлэл болох зураг төслийн ажил хийгдэж дууссан, одоогоор санхүүжилтээ хүлээж байгаа юм байна.

Монгол Улсын эрчим хүчний нийт хэрэглээ 6865 сая квт.цаг байдгаас 80 хувийг дотоодын үйлдвэрлэлээс, 20 хувийг ОХУ-аас буюу импортоор хангадаг. Жилийн хэрэглээний дундаж өсөлт 5.1 хувьтай байна. Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогод эрчим хүчийг 100 хувь дотооддоо үйлдвэрлэх зорилт тавиад байгаа юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Валютын ханшийн асуудлаар Монголбанкнаас мэдээлэл хийлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд валютын ханшийн асуудлаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан мэдээлэл хийв.

Монгол төгрөгийн ам.доллартай харьцах ханш энэ оны нэгдүгээр сараас хойш 5.5 хувиар суларсан бөгөөд энэ дотоод болон гадаадын хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалсан хэмээн Монголбанк үзэж байгаа аж. Дотоод хүчин зүйлд эдийн засгийн сэргэлтийг дагасан импортын өсөлт, 2012 онд босгосон бондуудын эргэн төлөлт зэргийг оруулан тооцсон байна. Тухайлбал, энэ онд хөрөнгө оруулалт 298 сая ам.доллар буюу 46 хувиар, хэрэглээний импорт 234 сая ам.доллар буюу 29 хувиар, шатахууны импорт 174 сая ам.доллар буюу 33 хувиар өсчээ. Мөн “Чингис” бондын үлдэгдэл 125 сая ам.доллар, “Димсам” бондын 160 сая ам.долларын төлбөрийг төлсөн байна. Энэ бүхэн нь ам.долларын гарах урсгалыг ихээхэн нэмэгдүүлснийг Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан хэллээ.

Тэрбээр, “Гадаад хүчин зүйлд томоохон улс орнуудын худалдааны маргаан ихээхэн нөлөөлж байна. Худалдааны маргааны улмаас өндөр хөгжилтэй орнууд мөнгөний бодлогын хүүгээ өсгөж байгаа. Энэ нь манайхтай адил хөгжиж буй орнуудаас валютын гарах урсгалыг нэмэгдүүлж байгаа юм. Гадаад худалдааны маргаан хэдэн сар, жил үргэлжлэхийг таашгүй. Тиймээс бид гадаад нөхцөл байдлыг ажиглахаас өөр аргагүйд хүрээд байна. Судалгаанаас үзвэл 142 орны үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш ам.долларын ханш суларсан байна. Тухайлбал, Австрали улсын үндэсний мөнгөн тэмдэгт оны эхнээс 9 хувиар суларсан. Мөн БНХАУ-ын юан, ОХУ-ын рублийн ханш ч суларч байгаа юм. Энэ оны эхнээс улс орнууд мөнгөний бодлогын хүүгээ өсгөж эхэллээ. ОХУ энэ оны наймдугаар сард бодлогын хүүгээ 0.25 хувиар өсгөсөн. Малайз, Аргентин, Турк улс бодлогын хүүгээ 16-32 хувиар нэмлээ. зэрэг орнууд нэмэгдэж байна. Тиймээс Монголбанк төгрөгийн ханшийг тогтвортой байлгах бодлого баримталж байгаа бөгөөд үүнд гадаад худалдааны өрсөлдөх чадвараа хамгаалах нь туйлын чухал байна. Тиймээс Засгийн газар, УИХ болон Монголбанк хамтран төсвийн төлөвлөтийг сайжруулж, алдаглыг бууруулах, экспортлогч төрийн өмчит компаниудад тавих хяналтыг сайжруулах, экспортыг нэмэх хөтөлбөр, үйл ажиллааг дэмжих санхүүжилтийн системийг бий болгох шаардлагатай байгаа юм. Түүнчлэн уул уурхайн бус экспортыг дэмжих хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг сайжруулах, гадаад худалдааны бодлого хариуцсан агентлаг бий болгох хэрэгтэй. Монголбанк Засгийн газартай хамтран Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сайжруулах болон алтны нөөцийг нэмэх чиглэлээр олон арга хэмжээ авч хэрэгжүүлэх болно” гэлээ.

Мөн тэрбээр Хөгжлийн банк энэ сарын 16-17-нд шилжих шөнө жилийн 7.25 хүүтэй, таван жилийн хугацаатай, 500 сая ам.долларын эх үүсвэрийг гадаад зах зээлээс босгосныг мэдээллийнхээ төгсгөлд онцлов. Энэ нь Монгол Улсын валютын нөөцөд ирэх дарамтыг бууруулах, төгрөгийн ханшийг тогтворжуулахад томоохон нөлөө үзүүлнэ хэмээн үзэж байгаа аж. Тухайлбал, Монгол Улс 2019 оны эхээр 380 сая ам.долларын өр төлнө. Энэхүү төлбөрийг барагдуулахад дээрх 500 сая ам.доллар голлох эх үүсвэрийг бүрдүүлнэ гэв.