Categories
мэдээ эдийн-засаг

Ам.долларын ханш 2570 төгрөг байна

Ам.долларын ханш 2570 төгрөгтэй тэнцэж байна. Энэ нь оны эхэнтэй харьцуулбал 3 хувь өссөн үзүүлэлт аж. Ханшийн өсөлтийг шалтгааныг Төв банкнаас тайлбарлахдаа экспортын орлого, гадаадын хөрөнгө оруулалт нь импорт, гадаадаас авсан зээлийн хүүгийн болон үндсэн төлбөрөөсөө бага байгаатай холбож буй. Өнгөрсөн оны эхний долоон сарын байдлаар төлбөрийн тэнцэл хасах 198.5 хувийн алдагдалтай гарсан байгаа юм. Энэ нь өмнөх оны мөн үеэс 4.1 дахин өсчээ. Уг өсөлт нь ам.долларын ханш өсөх гол шалтгаан болжээ. Улирлаас шалтгаалан манай улсын импортын хэмжээ хэлбэлзэлтэй байдаг. Тухайлбал, тэмдэглэлт баяруудын өмнө импорт нэмэгддэг байна. Өнгөрсөн наймдугаар сард л гэхэд 2450 төгрөг байсан ам.долларын ханш хичээлийн шинэ эхлэхтэй холбоотойгоор импортын хэмжээ өсөхөд даган нэмэгдсэн аж.

Categories
мэдээ эдийн-засаг

“Материал импекс” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурал боллоо

“Материал импекс” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал саяхан болж хуралд оролцсон нийт хувьцаа эзэмшигчдийн 100 хувь зөвшөөрсний дагуу “Материал кредит” ХХК-ийг үүсгэн байгуулахаар шийдвэрлээд байна. Хурал хувьцаа эзэмшигчдийн 63.54 хувийн ирцтэйгээр хуралдаж, “Материал кредит” ХХК-ийг үүсгэн байгуулахтай холбогдох өөрчлөлтүүдийг компанийн дүрэмд тусгахаар шийдвэрлэжээ. Тодруулбал,“Материал импекс” ХК-ийн дүрэмд, “Компани хараат болон охин компанийн хэлбэрээр ББСБ-ыг шинээр үүсгэн байгуулах, үүсгэн байгуулагчаар оролцох, дангаар болон хамтран хөрөнгө оруулах, хараат болон охин компанийн хувьцааг худалдан авах, худалдах, оруулсан хөрөнгөө эргүүлэн татах, татан буулгах, толгой компанид нэгтгэх эрхтэй” гэсэн нэмэлтийг оруулжээ.

Компанийг үүсгэн байгуулахад оруулсан хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нэг сая төгрөг бөгөөд нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 1000 ширхэг энгийн хувьцаа гаргахаар тогтсон байна.

Гадаад худалдаа, санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхээр шинээр байгуулж буй “Материал кредит” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Оюуныг томилсон байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Агаарын бохирдлын төлбөрт 44 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлнэ

Агаарын бохирдлын төлбөрийн орлогын 95 орчим хувийг бүрдүүлж байгаа олборлосон түүхий нүүрсэнд ногдуулах төлбөрөөр 42, автотээврийн болон өөрөө явагч хэрэгслээс ялгарах нүүрсхүчлийн хийнд ногдуулах төлбөрөөр хоёр тэрбум нийт 44 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр тооцжээ. Энэ нь 2018 оны батлагдсан түвшнээс 47 хувь буюу 14.0 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт аж.

Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх, ойжуулах бодлогыг дэмжих, энэ чиглэлээр орон нутгийн төсвийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор 2019 оноос олборлосон түүхий нүүрсэнд ногдуулах агаарын бохирдлын төлбөрийн 50 хувь буюу 21.0 тэрбум төгрөгийг олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа тухайн орон нутгийн төсөвт шинээр хуваарилахаар болоод байгаа юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Газрын тос 72.10 ам.долларын ханштай байна

Дэлхийн зах зээлд брэнт маркын газрын тосны ханш баррель тутамдаа 72.10 ам.доллар байна. Харин “West texas intermediate” маркын газрын тос 61.75 ам.долларын ханштай байгаа юм.

Манай улс тосны бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээгээ 100 хувь импортоор хангадаг бөгөөд 95 хувийг Орос, үлдсэнийг Хятад, Өмнөд Солонгос Улсаас нийлүүлж буй. Тухайлбал, газрын тосны бүтээгдэхүүнийхээ 89.3 хувийг ОХУ, 2.5 хувийг БНХАУ, хоёр хувийг БНСУ, 1.8 хувийг Малайз, 1.6 хувийг Япон, 1.5 хувийг Сингапураас авдаг. Тиймээс газрын тосны ханш ямар байх нь манай улсад ихээхэн хамаатай. Засгийн газраас энэ оны улсын төсөвт газрын тос баррель нь 50 ам.доллар байхаар таамаглаж төсөвт тусгасан. Экспортын тухайд энэ оны эхний есөн сарын байдлаар 4.8 сая баррель буюу 316.1 сая ам.долларт хүрсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 824.6 мянган баррелиар бага ба үнийн дүнгээр 43.8 сая ам.доллараар их байна. Энэ нь хилийн дундаж үнийн хэлбэлзлээс шалтгаалж байгаа юм.

Categories
мэдээ эдийн-засаг

ТОП-20 индекс 10.5 хувиар өсчээ

Санхүүгийн зохицуулах хорооноос өнөөдөр үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн болон хадгаламж, зээлийн хоршооны салбарын 2018 оны гуравдугаар улирлын статистик үзүүлэлтүүд болон үйл ажиллагааны тоймыг танилцуулж, цаг үеийн зарим асуудлуудаар мэдээлэл хийлээ.

Санхүүгийн салбарын тоймыг Хорооны Судалгаа, эрсдэлийн шинжилгээний хэлтсийн дарга Н.Хүдэрчулуун мэдээлж, хэвлэлийн бага хуралд Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэн, Даатгалын газрын дарга М.Өлзийбат, Хадгаламж, зээлийн хоршооны газрын дарга Ц.Алтантуул, Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Долгорсүрэн болон Банк бус санхүүгийн байгууллагын орлогч дарга Б.Итгэлсүрэн нар оролцон, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.СЭШХ-ийн дарга Н.Хүдэрчулууны мэдээлснээр, Монгол Улсын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ энэ оны гуравдугаар улиралд 12.8 хувиар өсөж 2.35 их наяд төгрөгт хүрсэн байна. Нийт зах зээлийн үнэлгээг 2017 оны жилийн эцсийн ДНБ-д харьцуулахад 8.4 хувьтай тэнцэж байсан бол тайлант хугацаанд 0.9 пунктээр өсчээ.

Өнөөдрийн байдлаар нийт 304 хувьцаат компани, 54 үнэт цаасны компани тус зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд ТОП-20 индекс өмнөх оны мөн үеээс 10.5 хувиар өсчээ. “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК болон “Монголын үнэт цаасны бирж” ХХК-аар дамжуулан гуравдугаар улиралд нийт 106.2 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэнээс МХБ-ийн анхдагч зах зээлийн арилжаагаар нийт 30.4 тэрбум төгрөгийн, хоёрдогч зах зээлийн арилжаагаар 44.7 тэрбум төгрөгийн хувьцаа, 30.3 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас, компанийн 631.6 сая төгрөгийн бонд, МҮЦБ-ийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 279.6 сая төгрөгийн хувьцааг тус тус арилжаалсан байна.

Даатгалын салбарын нийт хөрөнгийн хэмжээ 16 хувиар өсөж, 327.6 тэрбум төгрөгт хүрснээс 76.4 хувийг ердийн даатгалын компаниудын хөрөнгө, 21 хувийг давхар даатгалын компани, 2.7 хувийг урт хугацааны даатгалын компаниуд бүрдүүлжээ.

Даатгалын компаниудын нийт нөхөн төлбөрийн зардал тайлант улиралд 42.2 тэрбум төгрөгт хүрч, нийт хураамжийн орлогын 34.4 хувийг эзэлж байгаагаас ердийн даатгалын компаниудын нөхөн төлбөр 98.9 хувийг бүрдүүлж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеээс 30.3 хувиар өссөн үзүүлэлт юм. Тайлант улиралд салбарын татварын дараах цэвэр ашиг 41 хувиар өсөж нийт цэвэр ашгийн хэмжээ 14.4 тэрбум төгрөгт хүрсэн байна. Салбарын өөрийн хөрөнгийн өгөөж 10 хувь, нийт хөрөнгийн өгөөж 4.7 хувь байна.

Банк бус санхүүгийн салбарт энэ оны гуравдугаар улирлын байдлаар нийт 540 ББСБ үйл ажиллагаа явуулж байгаагийн дийлэнх буюу 90.9 хувь нь зээлийн үйл ажиллагаа эрхэлж байна. Нийт хөрөнгийн хэмжээ 1.2 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеээс 32.7 хувиар өссөн ба 2018 оны эхний гурван улирлын туршид гучаас дээш хувийн өсөлтийг үзүүллээ. Хөрөнгийн өсөлтийн 74.1 хувь нь зээлийн өсөлтөөс бүрджээ.

Мөн салбарын зээлийн нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн үйлчилгээний хүртээмж сайжирсан бөгөөд салбарын зээлдэгчдийн тоо өмнөх оноос 2.1 дахин нэмэгдэж, 217 мянга, харилцагчдын тоо 1.5 саяд хүрсэн дүнтэй байна. Зээлийн үйлчилгээний хүртээмжийн уг өндөр өсөлт нь зээлийн нийлүүлэлтээс гадна технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд нэвтэрч эхэлсэнтэй холбоотой юм. Харин зээлийн бүтээгдэхүүний үнэ болох сарын жигнэсэн дундаж хүүгийн түвшин 3 дугаар улиралд 3.3 хувьтай байгаа бөгөөд хүүгийн түвшин өмнөх улирлын түвшнээс өөрчлөгдөөгүй байна. Нийт орлогын хувьд өмнөх оноос 32.7 хувиар өсөж, 183.9 тэрбум төгрөгт хүрсэн бол нийт ашиг 68.3 хувиар өсөж, 73.5 тэрбум төгрөгт хүрчээ.

Хадгаламж, зээлийн хоршооны салбарт нийт 288 хоршоо гуравдугаар улиралд үйл ажиллагаа явуулсан бол Хоршоодын гишүүдийн тоо 61,881-д хүрсэн байна. Тайлант улиралд нийт хөрөнгийн хэмжээ 192.3 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеээс 34.8 хувиар өссөн байна.

Салбарын нийт цэвэр ашиг 4.1 тэрбум төгрөгт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеээс 14.1 хувиар өссөн байгаа бол нийт орлого 33.9 хувиар өсөж 29.8 тэрбум төгрөгт хүрсэн байна. Мөн салбарын нийт зээл өнгөрсөн оноос 32 хувиар өсөж 142.2 тэрбум төгрөгт хүрсэн байна. Нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хэмжээ 4.4 хувь буюу 6.2 тэрбум төгрөг болжээ. Нийт ХЗХ-дын 89.2 хувь буюу 257 ХЗХ нь нийт 134.5 тэрбум төгрөгийн хадгаламж төвлөрүүлсэн бол үлдсэн 10.8 хувь буюу 31 ХЗХ нь хадгаламж татаагүй байна. Нийт хадгаламжийн 98.3 хувийг хугацаатай хадгаламж, бусад 1.7 хувийг хугацаагүй хадгаламж эзэлж байна. Хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид банк бус санхүүгийн байгууллагын салбарын өсөлтийн шалтгаан, ЖДҮХС-аас олгогдсон зээл ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгө рүү орж ирэх боломжтой эсэх, одоогоор Хороонд шинээр IPO гаргах хэдэн санал ирсэн байгаа талаар болон “Монкорд” ХЗХ-ны удирдлагуудтай холбоотой зөрчлийн тухай зэрэг цаг үеийн олон сэдвээр асуулт тавьж, хариулт авлаа.

Хэвлэлийн бага хуралд оролцсон Хорооны удирдлагууд, зохицуулалттай санхүүгийн салбаруудад явуулж байгаа чадавхжуулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бодлогын хэрэгжилт болон гарч буй үр дүнгийн талаар ярьж, хууль, журмын хүрээнд ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгөнд нарийн чанд хяналт шалгалт хийгдэж тусгай зөвшөөрөл олгогддог учраас ЖДҮХС-гийн зээлийн хөрөнгө банк бус санхүүгийн салбар руу орох боломжгүйг албан ёсоор мэдэгдсэн юм. Мөн одоогийн байдлаар Хороонд шинээр IPO гаргах хүсэлтээ дөрвөн компани ирүүлээд байгаа бөгөөд хүсэлтүүдийг хянаж, зохих шаардлагуудыг хангуулж буй болон “Монкорд” ХЗХ-ны удирдлагуудтай холбоотой зөрчлийн асуудлыг шалгаж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэв. Түүнчлэн Хорооноос энэ оны эхний гурван улиралд нийт тусгай зөвшөөрөл эзэмшигчдийг бүхэлд нь хамруулсан Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг шалгасан хяналт шалгалтын ажил, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдээс ирж буй өргөдөл гомдол, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэж буй талаар нээлттэй танилцуулав.

Categories
мэдээ эдийн-засаг

Орон нутагт нийт 180 тэрбумын төсөв хувиарлажээ

Ирэх 2019 оны төсвийг өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганаар хэлэлцэж, баталсан билээ.

Ирэх оны төсөвт аймгуудын Засаг даргын төсвийг танаж, орон нутаг руу төсөв хувиарлахдаа нэмэх нь зүйтэй гэж үзсэн байна. Тодруулбал, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төсөлд орон нутгийн төсөвт хөрөнгө оруулалтын зориулалтаар улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг олгох нь зүйтэй гэж үзэж нийтдээ 180 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг хуваарилах, энэ эх үүсвэрийг аймаг, сумын төвийн шинэчлэл, зам талбайн тохижилт, гэрэлтүүлэг зэрэг дэд бүтцийн арга хэмжээнд зарцуулах, мөн орон нутгийн төсөвт байгууллагууд болон Засаг даргын Тамгын газрын барилгын их засвар, тоног төхөөрөмж, албан хэрэгцээний автомашин худалдан авахад зарцуулах зөвлөмжийг аймаг, нийслэлийн удирдлагуудад хүргүүлэхээр төсөлд тусгажээ.
Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр дээрх мөнгийг гишүүдийн олонх нь дэмжсэн. Иймээс орон нутгийн төсөвт хөрөнгө оруулалтын зориулалтаар тусгасан эх үүсвэрээс 180 тэрбум төгрөгийг улсын төсөвт татан төвлөрүүлж, зарим орон нутагт хийх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг улсын төсвөөс санхүүжүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Гадаад худалдаа барааны эргэлтийн хэмжээ өсчээ

Монголбанкнаас гаргасан мэдээллээр энэ оны эхний есөн сарын гүйцэтгэлээр гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 25 хувиар өсчээ.

Тодруулбал, 2017 оны гуравдугаар улирлын байдлаар 1,920 сая ам.доллараар өсч 9,634 сая ам.долларт хүрсэн байна.

Энэ хугацаанд худалдааны тэнцэл өнгөрсөн оны мөн үеэс 520 сая ам.доллараар буурч 932 сая ам.долларын ашигтай байгаа аж. Валютын төлбөртэй худалдааны тэнцэл мөн 1,196 сая ам долларын ашигтай гарчээ.

Гадаад худалдааны бараа эргэлт хэмжээ өсчээ

Categories
мэдээ эдийн-засаг

1072 хувьцааны ногдол ашгийг олгохтой холбогдуулан мэдээлэл хийв

“Эрдэнэс Тавантолгой” ХК 1072 хувьцааны ногдол ашгийг энэ онд олгохоор зэхэж буй. Үүнтэй холбогдуулан иргэдэд хувьцаа болон хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг, ойлголтыг өгөхөөр ажиллаж байна. Тодруулбал, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь орон нутгийн иргэдийн үнэт цаасны зах зээлийн талаарх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зорилгоор “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”, “Арилжааны төлбөр тооцооны төв” ТӨХХК, үнэт цаасны компаниуд болон “Эрдэнэс таван толгой” ХК-тай хамтран “Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг”-ийг хийв. Уг арга хэмжээг өнгөрсөн дугаар сарын 24-нөөс энэ сарын 1 хүртэл зохион байгуулав.

Өдөрлөгийн үеэр хөрөнгийн зах зээлийн суурь ойлголтууд, хувьцаа, бондын арилжаанд хэрхэн оролцох, хөрөнгийн зах зээлээс компаниуд санхүүжилт татах боломж зэрэг сэдвээр сургалт явуулсан байна. Түүнээс гадна “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа, иргэдэд олгосон хувьцааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, 1991 оны хөрөнгө оруулалтын эрхийн бичигтэй холбоотой дансны мэдээллийг шүүх, ногдол ашгийн мэдээллийг өгөх, арилжааны данс нээх, иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх зэргээр нийт 5000 гаруй иргэдэд нэг цэгийн цогц үйлчилгээг үзүүлжээ.

Дашрамд мэдээлэхэд, Монгол Улсын Засгийн газар 2012 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг тус оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэн бүрт үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр болсон. Тухайн үед Засгийн газраас 1072 ширхэг хувьцааг нэг сая төгрөг буюу нэг ширхэг хувьцааны нэрлэсэн үнийг 933 орчим төгрөгөөр үнэлж тооцсон байдаг. “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 15 тэрбум ширхэг хувьцаатай бөгөөд үлдсэн 80 хувийг Засгийн газар, ААН-үүд эзэмшиж, биржид арилжаалахаар анхлан төлөвлөсөн. Одоогоор тус хувьцааг 2.5 сая иргэн эзэмшдэг. Тэдний 623 мянга нь хувьцааны данс нээлгэсэн байна. Үлдсэн 1.8 орчим нь хувьцааны дансаа нээлгээгүй байна. Эдгээр иргэн дансаа нээлгэснээр 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх нь үүснэ.

Categories
мэдээ эдийн-засаг

Монгол Улсад 36.22 сая ам.долларын санхүүжилт хийгдэв

Олон Улсын Валютын Сан (ОУВС)-ийн Захирлуудын зөвлөл 2018.10.31-ний өдөр хуралдаж, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн тав дахь шатны үнэлгээний тайланг хэлэлцэж батлав. Тус үнэлгээгээр хөтөлбөрийн хэрэгжилтийг эерэгээр үнэлсэн. Тодруулбал, төсвийн тоон үзүүлэлтүүд зорилтоос даван биелж, гадаад валютын нөөц зэрэг хөтөлбөр хэрэгжүүлэх гүйцэтгэлүүд зорилтыг хангахын хамт Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлтүүд эерэг байна хэмээн дүгнэв.

Үүний үр дүнд 36.22 сая ам.долларын санхүүжилт 2018 оны 11 дүгээр сарын 02-ны орой Монголбанкны дансанд шилжин орж, улмаар гадаад валютын улсын нөөцийг энэ хэмжээгээр нэмэгдүүллээ. Ингэснээр тус хөтөлбөрийн хүрээнд ОУВС-гаас Монгол Улсад олгосон санхүүжилтийн дүн 217.33 сая ам.долларт хүрэв.

Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд олон улсын банк санхүүгийн байгууллага болон донор орнуудаас 2017 онд нийт 728 сая ам.долларын санхүүжилт хийгдсэн бол 2018 онд нийт 836 сая ам.долларын санхүүжилт хүлээгдэж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Ирэх оны нэг сараас цалин, хоёр сараас тэтгэвэр тэтгэмж нэмэгдэнэ

Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалинг нэмэхээр улсын төсөвт тусгасан. Үүнтэй холбоотой 267.1 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг төсөвлөжээ. Мөн Нийгмийн даатгалын сангаас олгож буй тэтгэврийг хоёрдугаар сарын 1-нээс нэмэхээр болсон байна.

Тэтгэвэр нэмэхэд 119.5 тэрбум төгрөг төсөвт тусгаж байгаа. Нийгмийн хамгааллын сангаас олгодог тэтгэврийн хэмжээ маш бага буюу амьжиргааны доод төвшнөөс ч доогуур байдаг. Иймд халамжийн сангаас олгож байгаа тэтгэврийн хэмжээг ядаж амьжиргааны доод төвшинд хүргэх шаардлага байгаа аж.