Categories
мэдээ эдийн-засаг

“Mines & Money” чуулга уулзалтад “1072” хувьцааг танилцуулж, илтгэл тавив

Лондон хотноо болж буй Олон улсын уул уурхай, хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад манай улсаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төлөөлөл оролцож байна.

Тодруулбал, нийт олон улсын 2500 удирдах албан тушаалтан, 100 гаруй ивээн тэтгэгч, 600 гаруй хөрөнгө оруулагч цугларч, уул уурхайн 200 компани оролцож буй “Mines & Money” чуулга уулзалтын Азийн арга хэмжээний үеэр “ЭТТ” ХК-ийн Стратеги, хөгжлийн газрыг хариуцсан дэд захирал Т.Цогтбаяр Тавантолгойн орд болон “ЭТТ”-н хувьцааг арилжаалах талаар танилцуулж илтгэл тавив. Тэрээр, Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалах бэлтгэл ажлын талааргадаадын хөрөнгө оруулагчид, олон улсын уул уурхайн салбарын төлөөллүүдэд танилцуулж мэдээлэл өглөө. Олон улсын хуралд УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал мөн оролцлоо.

Манай улсын төлөөлөгчид хуралдааны үеэр Лондонгийн хөрөнгийн бирж, “Credit Suisse”, “Samruk-Kazyna” Казакстаны баялгийн сан, “AMED Funds” групп, “Visor Capital UK” компанийн төлөөлөлтэй уулзаж санал солилцжээ.

Олон улсын чуулга уулзалтыг Их Британийн Гадаад худалдааны яам зохион байгуулдаг байна. Уг чуулга уулзалтад Евроазийн (Зүүн болон Төв Европ, ОХУ, Төв Ази, Кавказ, Монгол) 10 гаруй улсын хөрөнгө оруулагчид, уул уурхайн төлөөлөлоролцож байна.

Categories
мэдээ эдийн-засаг

“TOP 20” индекс 0.07 хувиар буурчээ

2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр I, II, III ангиллын 21 хувьцаат компанийн 108,598,454.00 төгрөгийн үнийн дүн бүхий 137,028 ширхэг хувьцаа арилжигдсанаас зургаан хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол дөрвөн компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Хөвсгөл Алтан Дуулга” ХК (ADU+4.54%) болон “Махимпекс” ХК (MMX +3.96%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Дөрвөн-Уул” ХК (DRU -9.75%) болон “Ремекон” ХК (RMC-7.03%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлын арилжаанд нийт 459 ширхэг үнэт цаас 48.9 сая төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр “TOP 20” индекс 0.07 хувиар буурч 19706.89 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,305,624,432,149.87 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Categories
мэдээ эдийн-засаг

​Банк бус санхүүгийн салбарын нийт хөрөнгө 1.2 их наяд төгрөгт хүрчээ

Банк бус санхүүгийн салбарын нийт хөрөнгө болон харилцагч, зээлдэгчдийн тоо нэмэгдсээр байна. Тодруулбал, энэ оны гуравдугаар улиралд зээлдэгчдийн тоо 217.6 мянгад хүрсэн бол харилцагчдын тоо 1,510.9 хүрээд буй нь санхүүгийн хүртээмжийн үзүүлэлтэд эерэг нөлөө үзүүлж байна.

Салбарын нийт хөрөнгө өнгөрөгч улиралд 1.2 их наяд төгрөгт хүрчээ. Үүнийг өнгөрсөн оны гуравдугаар улиралтай харьцуулбал 32.7 хувиар буюу 296 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Актив хөрөнгийн ангиллаар нь авч үзвэл, олгосон зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 37 хувиар нэмэгдэж 811.6 тэрбум төгрөгт хүрсэн байна гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

​Дэлхийн эдийн засгийн өсөлт удааширсныг нотолжээ

Дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч байна. Үүнийг Дэлхийн банк нотолсны дараа Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага нотоллоо. Эдний шинжээчид дэлхийн Дотоодын Нийт Бүтээгдэхүүний ойрын хоёр жилийн төлөвийг өөрсдийн байр сууринаас тодорхойлсон байна.

Тэдний мэдээгээр дэлхийн эдийн засаг дараагийн хоёр жил дараалан 3.5 хувиар өсөх дүн гарчээ. Энэ нь олон улсын худалдаанд гарч байгаа зөрчил маргаантай холбоотой гэдгийг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын тэргүүлэх эдийн засагч Лоранс Бун тайлбарлаж байна.

Тэрбээр худалдааны дайнууд хамгийн гол асуудал болж байгааг тэмдэглээд, үүнээс болж дэлхийн өсөлт одоогийнхоосоо 0.2 хувиар буурахаар байгааг тайлбарласан байна. Харин Европын тухайд “Брексит” тогтворгүй байдлын эх үүсвэр болж байна гэж дүгнэжээ.

Хамгийн нягт холбоо харилцаатай хэвээр үлдэхүйц хэлэлцээр байгуулах нь Европын Холбоо, Их Британийн эрх ашигт нийцнэ гэдгийг тус Олон улсын байгууллага тэмдэглэсэн байна. Тэдний шинжээчдийн тооцоогоор Европын эдийн засаг 2020 онд бага зэрэг удаашрахын өмнө 2019 онд яльгүй өсөх төлөвтэй байна.

Гэхдээ Их Британийн Европын Холбооноос гарах үйл явц “зөөлөн” гэгдэх хувилбараар явагдах нөхцөлд ийм төлөв харагдаж байгаа аж. Харин “хатуу Брексит”-ийн нөхцөлд эдийн засаг улам удааширна гэж үзсэн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.долларын ханш 2595 төгрөг боллоо

Өнөөдрийн байдлаар Монголбанкнаас зарласан ам.долларын нэрлэсэн ханш 2.586.33 төгрөгтэй тэнцэж байна. Харин “Найман шарга” валют арилжааны төвийн ченжүүд ам.долларыг 2592 төгрөгөөр худалдан авч, 2595 төгрөгөөр борлуулж байна. Сүүлийн хэдэн өдөр валют арилжааны төвүүдэд ам.долларын ханш огцом өсч ганцхан өдрийн дотор таван төгрөгөөр чангарсан байна. Арилжааны банкнуудын валютын зах зээлд хэрхэн оролцож буйг хүснэгтээр үзүүлэв.


Categories
мэдээ эдийн-засаг

Инфляци 6.8 хувьтай байна

Инфляцын түвшин нийслэлийн хэмжээнд 6.8, орон нутагт 6.3 хувьтай байна. Монголбанкнаас гаргасан инфляцын зорилтот түвшин найман хувь юм. Хүн амын худалдан авах чадвар, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж инфляц хэлбэлздэг. Гурван жилийн өмнө улсын инфляц 1.9 хувьтай байсан. Сүүлийн жилүүдэд манай улсад эрэлтийн гаралтай инфляц нэмэгдэж байгааг эдийн засагчид онцолдог. Тухайлбал, гурван жилийн өмнө дээрх тоонд байсан инфляц өнгөрсөн онд эдийн засаг сэргэхэд зургаан хувь руу орсон. Ойрын хоёр жилд инфляц найман хувьтай байхыг ирэх жилүүдийн төсвийн төсөөлөлд дурдаад байгаа. Жил бүрийн эдийн засгийн онцлог, дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ зэргээс шалтгаалж, инфляц өсөх эрсдэлтэй. Тиймээс Сангийн яамнаас хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийг дэмжих, бүтээгдэхүүн, үйлчилгээний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, бизнесийн зардлыг бууруулах бодлого барихаа мэдэгдсэн.

Categories
мэдээ эдийн-засаг

Ирэх жил инфляци 7-9.5 хувьд хэлбэлзэнэ гэв

Монголбанкнаас инфляцийн тайлангийн бүтцэд гарсан өөрчлөлтийг өчигдөр танилцуулсан юм. Нэг удаагийн болон нийлүүлэлтийн шинжтэй инфляцийн дарамт буурч байгаа гэнэ. Энэ дүгнэлтдээ хүнсний ногоо, мах, суудлын машиныг жишээ татав. Харин шатахууны үнийн нөлөө нэмэгдэж буй аж. Эрэлтийн шинжтэй инфляци алгуур өсч эхэлсэн гэж төв банкнаас мэдээллээ. Ирэх жил нийлүүлэлтийн шинжтэй инфляци буурах бол эрэлтийн шалтгаантай инфляци аажим өсөх таамаг гарчээ. Инфляцид сөргөөр нөлөөлөх шалтгаануудад шатахууны үнэ нэмэгдэх эрсдэл, төрийн зохицуулалттай барааны үнэ өсөх магадлал, улсын секторын цалингийн нэмэгдэл багтсан байна. Улсын секторын цалингийн өсөлтийг дагаж хувийн хэвшлийн цалин нэмэгдэх, зардал өсөх, цаашлаад ашигт ажиллагаа нь буурах эрсдэлтэй гэж болгоомжилж байгаагаа Монголбанк онцлов. Цалин өсөх хэрээр хэрэглээ нэмэгдэнэ, хэрэглээ өгсөх тусам инфляцид сайн биш нөлөө үзүүлнэ гэсэн дүгнэлт ч дуулдав.

Сүүлийн үед олны анхааралд орсон шатахууны үнийн өсөлт ч төв банкийг түгшээж эхэлжээ. Төв банкны Мөнгөний бодлогын газрын Мөнгөний бодлогын төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувд “Дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ цаашид төсөөллөөс давж өсөх нь шатахууны үнийг өсгөж болзошгүй. ОПЕК-ийн гишүүн болон гишүүн бус орнууд үйлдвэрлэлээ танах хэлэлцээрээ 2018 оныг дуустал үргэлжлүүлэх, Саудын Араб өдрийн үйлдвэрлэлээ бага зэрэг нэмэгдүүлэх, Иранд тавьсан хоригийн хоёрдугаар үе энэ оны арваннэгдүгээр сард хэрэгжиж эхлэх зэрэг зах зээлд үүсч болзошгүй нөхцөлүүдээс шалтгаалан газрын тосны үнэ өсөх эрсдэлтэй байна. Шатахууны үнийн хувьд шулуун шугам болчихсон. Дээшээ, доошоо хаашаа ч явж магадгүй” гэсэн юм. Ирэх онд инфляци 7-9.5 хувьд хэлбэлзэнэ гэсэн таамаг гарчээ. Хүнсний хувьд 3.5-6 хувьд барих бол хүнсний бус зүйлийн тухайд 8.5-11 хувь гэсэн тоо сонсогдов.

ЭДИЙН ЗАСГИЙГ УУЛ УУРХАЙ ЧИРНЭ

Төв банк эдийн засгийн өсөлт дээр өөдрөг тоо хэллээ. Өнөө жил 6.2 хувиар хэмжигдэх эдийн засгийн өсөлт ирэх онд 6.6 хувьд хүрэх гэнэ. Эдийн засгийн өсөлтийн гол шалтгаан нь уул уурхай болон уул уурхай дагасан бүтээн байгуулалт аж. Зэсээс бусад уул уурхайн бүтээгдэхүүний өгөөж дажгүй гарчээ. Зэсийн хувьд Оюу толгойн зэсийн алтны агууламж буурсан гэх шалтгаан өгөөжийг нь бууруулсан юм байна. Энэ жилээс агуулга нь нэмэгдэж эхэлсэн гэж Н.Ургамалсувд онцлов. Оюу толгойн хөрөнгө оруулалт өссөн нь худалдаа, тээврийн салбар сэргэхэд нөлөөлжээ. Оюу толгой гадны том компаниудын Монгол дахь салбараар дамжуулж тоног төхөөрөмжөө авдаг учраас импортоос гадна худалдааны салбар давхар сэргээд эхэлчихэж. Хөдөө аж ахуй барилга, эрчим хүчний хувьд сайн биш зурагтай байгаа, ирэх жил ч сүрхий сайжрах магадлал бага салбарт багтжээ. Өнгөрсөн онд ургац алдсан, мал төллөлт буурсан, том малын зүй бус хорогдол өндөр байгаа гэх мэт шалтгаан хөдөө аж ахуйн салбарыг чангааж эхэлсэн байна. Эрчим хүчний тухайд шинэ эх үүсвэр барихаас нааш гэгээлэг мэдээ дуулдахгүй нь бололтой. Барилгынхан өнөөдрийнх шиг гацсан хэвээр ирэх оныг үдэх гутранги таамаг голлож байгаа аж.

Монголбанкны зүгээс ирэх онд уул уурхайн салбарын өсөлт 1.9 хувь, уул уурхайн бус салбарын өсөлт 7.9 хувиар хэмжигдэнэ гэсэн таамаг гаргаснаа танилцуулав. Уул уурхайн хувьд түүхий эдийн үнэ бага зэрэг буурах ч нүүрс, төмрийн хүдрийн ханш эерэг нөлөө үзүүлэх нь. Зэсийн баяжмал дахь алтны агууламж өснө гэсэн сайн мэдээг ч дуулгалаа.

Уул уурхайн бус салбарын өсөлтөд нөлөөлөх шалтгаануудад дэд бүтэц инженерийн бүтээн байгуулалтууд эрчимжинэ, хөдөө аж ахуй, санхүү, даатгалын салбарын идэвх сэргэнэ, нүүрс угаах үйлдвэрүүд ашиглалтад орно гэсэн шалтгаануудыг жагсаажээ. Товчхондоо эдийн засгийн өсөлтийг хөрөнгө оруулалт л тэтгэж байна гэсэн дүгнэлтийг төв банкнаас онцолсон юм. Сонирхуулж хэлэхэд эдийн засгийн салбаруудаас уул уурхай, боловсруулах, худалдааны салбарт ажиллагсад сүүлийн улирлуудад нэмэгджээ. Үүнээс гадна төрд ажиллагсдын тоо ч өссөн гэнэ.

Эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх шалтгаан гадаад талдаа өндөр гэсэн болгоомжлол байна. Том гүрнүүдийн худалдаа, геополитикийн зөрчилдөөн экспортод нөлөөлөх эрсдэл бий аж. АНУ-ын бодлогын шийдвэрийн хариуд бусад улс орнууд, тэр дундаа манай экспортын гол зах зээл болох Хятад улс ямар бодлого барих нь өнөөг хүртэл тодорхой бус байгаа гэж Н.Ургамалсувд ярив. Ирэх жил ханш нь буурахгүй гэж таамагласан уул уурхайн бүтээгдэхүүний үнэ хаашаа эргэх нь урд хөршийн шийдвэрээс шалтгаалах юм байна.

Эдийн засгийн өсөлтөд нөлөөлж мэдэх дотоод шалтгааны нэгд Таван толгойн IPO-г багтаажээ. Учир нь өнөөг хүртэл IPO-г хэрхэн яаж хийх талаар бодитой мэдээллүүд олонд ил болоогүй, тодорхой бус хэвээр байна гэх тайлбарыг төв банкнаас хийлээ.

БИЗНЕСИЙН ЗЭЭЛ ААЖМААР СЭРГЭЖ БАЙНА

Хэрэглээний зээлийн өсөлттэй зэрэгцэн бизнесийн зээл ч аажмаар сэргэж эхэлжээ. Худалдаа, боловсруулах, уул уурхайн салбар бизнесийн зээлийн сэргэлтэд голлох нөлөө үзүүлсэн байна. Чанаргүй зээл буурахгүй байгаа гэж Н.Ургамалсувд онцлов. Уул уурхай, худалдаа, барилгын салбарынхан чанаргүй зээлдэгчдийг тэргүүлжээ. Чанаргүй зээлийн хэмжээ худалдааны салбарт л үл ялиг буурсан аж. Уул уурхайн салбарын зээлийн чанаргүйдэл арай сайжирсан, барилгын салбарын хувьд бахь байдгаараа хэцүүхэн зурагтай яваа гэнэ.

ДАРАА ОНЫ ЭДИЙН ЗАСАГ ХУДАЛДААНЫ ДАЙНААС ХАМААРНА

Дараа оны эдийн засаг төв банкны таамаглаж байгаачлан өсөх эсэх нь АНУ, БНХАУ-ын дунд өрнөж буй худалдааны дайнаас хамаарах бололтой. Манай улсын бараа, бүтээгдэхүүнээ зарж доллар олдог гурван зах зээл бий. Гадаад худалдааны 90 хувийг Хятад улс эзэлдэг бол евро бүс найман хувь, ОХУ хоёр хувийг эзэлдэг.

Олон улсын валютын сан, Дэлхийн банк, бие даасан судалгааны байгууллагуудын дүгнэлтээс анзаарахад ирэх онд урд хөршийн эдийн засгийн өсөлт саарах зураг гарчээ. Энэ жилийн хувьд БНХАУ төсвийн тэлэх бодлогыг зориудаар хэрэгжүүлсэн учраас манайд эерэгээр нөлөөлсөн гэсэн дүгнэлтийг төв банкнаас хэлж байна. ОХУ-ын тухайд худалдааны хоригоос гараагүй учраас эдийн засгийн өсөлт нь тааруу үргэлжилнэ гэсэн таамаг голложээ. Европын холбооны эдийн засаг давгүй байгаа ч АНУ-ын хориг сөргөөр нөлөөлөх эрсдэл бий аж. Тодруулж хэлбэл АНУ, БНХАУ хоорондын худалдааны зөрчилдөөн Хятадын эдийн засгийн өсөлт болон суурь металлуудын үнийн төлөвт сөргөөр нөлөөлж магадгүй гэнэ. Хятадын зээлийн өндөр түвшин 2022 он гэхэд ДНБ-ийх нь 260 хувь хүрч нэмэгдэх эрсдэл үүссэн нь тус улсын эдийн засгийн өсөлт саарах гол шалтгааны нэг юм байна.

Манайх шиг хөгжиж буй орнуудын эдийн засагт сөргөөр нөлөөлөх шалтгаануудад АНУ-ын гадаад бодлогын хүлээлт, Холбооны нөөцийн банкны хүүгээ нэмэгдүүлж буй байдал, Туркийн лирийн сул ханш, Аргентиний өрийн хямралыг жагсаажээ. АНУ-ын Иранд тавьсан хоригийн хоёрдугаар үе энэ сард хэрэгжиж эхлэх хүлээлт бий. Энэ хүлээлт биеллээ олвол манай улсад шатахууны үнийн өсөлт том эрсдэл болох нь. Ийм шалтгаанаар хойд хөрш татвараа өөрчлөхөд л шатахууны үнийн өсөлт бидэнд сорилт болно гэдгийг ганц төв банк ч биш эдийн засагчид онцолж буй.

Шинжээчдийн таамаглаж байгаачлан АНУ-ын Холбооны нөөцийн банк ирэх өдөр, саруудад бодлогын хүүгээ гурван удаа өсгөх нь амьдрал дээр шийдэл болвол бидэнд хоёр том эрсдэлийг авчрах гэнэ. IPO, бонд гаргахад сөргөөр нөлөөлөхөөс гадна долларын ханшийн чангарал гэсэн том цохилт хүлээж байгаа аж. Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ өсгөх хэрээр долларын ханш чангарна, доллар хүчээ авах хэрээр мөнгөө алтанд байршуулсан хөрөнгө оруулагчдын дунд алтнаас татгалзах хандлага газар авна, энэ тохиолдолд манай экспортод нөлөөлөх эрсдэл үүсэх нь.


Categories
мэдээ эдийн-засаг

Нийслэлд 3.7 тэрбум төгрөгийг хэмнэх боломжийг алджээ

НИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдрийн хуралдаанаараа нийслэл, дүүргийн төсвийн болон орон нутгийн өмчит газруудын бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийн хэрэгжилтийн үр дүнд гүйцэтгэлийн аудит хийсэн тухай танилцуулгыг сонслоо. Аудитын тайлангаас үзэхэд нийслэл, дүүргийн төсвийн болон орон нутгийн өмчит газруудад шаардлагагүй орон тоо 2 дахин нэмэгдсэн байна. Тэр хэмжээгээр төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж байна гэв. Тодруулбал, төсвийн зардал дээр гарч буй зөрчлүүдийг мөнгөн дүнгээр нэгтгэн авч үзвэл 3.7 тэрбум төгрөгийг хэмнэх боломжийг алдсан байна. Бүтцийн нэгжүүдийн хувьд ажилтнуудын томилгоон дээр нийт албан хаагчдын 77.7 хувийг хууль тогтоомжийн дагуу томилон ажиллуулж байгаа, 22.5 хувийг хууль тогтоомжийн зохих дараалал, шаардлагыг хангаагүй байдлаар тодорхойлон томилж ажиллуулсан дүн гарчээ. Ажил, үүргийн чиг үүргийн хувьд төсвийн болон орон нутгийн өмчит 164 байгууллагын 98.7 хувь нь чиг, үүргийн давхардалгүй байна гэсэн боловч энэ нь тогтоогдоогүй буюу зөвхөн цаасан дээр байгаа тоо, харин амьдрал дээр давхардал их байна гэсэн мэдээлэл гарч байв. Тухайлбал,

нийслэлийн байгууллагуудын аль ч шатанд асуудлыг мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоор хэлэлцүүлдэггүй, мэргэжлийн чиг үүргийн агентлаг ажиллаж байхад хажуугаар баахан ажлын хэсэг гарган ажлыг давхардаж хийдэг, хийдүүлдэг.

Дээрх байдал нь нийслэлийн төсвийн болон орон нутгийн өмчит газруудад үйл ажиллагааны менежмент муу байгаагийн нэг илрэл гэж үзэж байв. НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан үргэлжилж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Төмс, буудайн хэрэгцээг дотоодоос 100 хувь хангана

Энэ онд 444.7 мянган тонн үр тариа, үүнээс 428.6 мянган тонн улаанбуудай, 167.9 мянган тонн төмс, 99.2 мянган тонн хүнсний ногоо, 23.4 мянган тонн тосны ургамал, 134.3 мянган тонн тэжээлийн ургамал хураан авчээ. Буудай, төмсний хэрэгцээг дотоодоос 100 хувь хангах боломж бүрдсэн байна. Ган, хэт халалт, бороо, цасны улмаас үр тарианы 24.3 мянган га талбай тэжээлд шилжиж, 12.9 мянган га талбай ургац алджээ. Дараа жилийн тариалалтад зориулж аж ахуйн нэгж, иргэд 43.2 мянган тонн, Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон Онцгой байдлын ерөнхий газарт 7.7 мянган тонн, нийт 50.9 мянган тонн үрийн буудайн нөөц бүрдүүлсэн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Эдийн засгийн өсөлт 7.1 хувьд хүрчээ

Ирэх оны төсвийн танилцуулгад эдийн засгийн өсөлт 7.1 хувьд хүрч, өмнөх оны өсөлтийн түвшнээс нэмэгдэх хандлагатай байгааг дурджээ. Үүнд нөлөөлсөн гол хүчин зүйлүүдийн нэгийг арилжааны банкны зээл гэж тайлбарласан байна. Тухайлбал, энэ оны хагас жилийн байдлаар арилжааны банкууд 2.2 их наяд төгрөгийн зээлийг иргэд, аж ахуйн нэгжид олгожээ. Түүнчлэн Монголбанк бодлогын хүүгээ 10 хувь болгон бууруулсан нь арилжааны банкуудын зээл олгох сонирхлыг нэмэгдүүлжээ. Энэ нь цаашлаад бизнесийн идэвхжил, өрхийн орлогыг нэмэгдүүлж, хэрэглээг дэмжсэн байна. Дашрамд мэдээлэхэд, Засгийн газар дотоод зах зээлээс авсан өрийн хэмжээгээ энэ оны эхний хагас жилийн байдлаар 900 орчим тэрбум төгрөгөөр бууруулсан аж.