Categories
мэдээ эдийн-засаг

Тайваниас импортоор бүтээгдэхүүний нийт дүн 8.149.525 ам.долларт хүрчээ

Энэ оны эхний есөн сарын үзүүлэлтээр Монгол Улс Тайваниас импортоор авсан бараа бүтээгдэхүүний нийт дүн 8.149.525 ам.долларт хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 1.7 дахин өссөн үзүүлэлт гэдгийг Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газраас мэдээллээ.

Монгол Улс Тайваниас импортоор электрон бараа, техник тоног төхөөрөмж, эм бэлдмэл, эрүүл мэндийн бараа бүтээгдэхүүнийг түлхүү импортолж буй бөгөөд энэ нь нийт дүнгийн 87 хувийг эзэлж байна.

Тайваниас Монгол Улсад суугаа Төлөөлөгч Хуан Куо Рун хэлэхдээ “Тайвань Монгол хоёр орон нь 2002, 2003 онуудад харилцан төлөөлөгчийн газраа нээж байсан бөгөөд байгуулагдсан цагаасаа хойш хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн тулд хичээн ажилласаар ирсэн. Манай төлөөлөгчийн газар Монгол Улсын жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжилд дэмжлэг үзүүлэх үүднээс өнгөрсөн оноос эхлэн “Тайвань Монголын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг холбох” ажлыг өрнүүлж эхлээд байна. Тайваниас 30 сая ам.долларын дүн бүхий санхүүжилтийн зээлийн шугамын гэрээг Монгол Улсын арилжааны зургаан банктай байгуулан, хамтран ажиллаж байгаа. Үүнийг бизнес эрхлэгчдэд таниулах ажлыг эрчимжүүлж байна. Мөн Тайваний Гадаад Худалдааны Нийгэмлэгийн тусламжтайгаар Монгол Тайванийн бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийг хооронд нь холбоход анхаарч байна. Улмаар интернет сүлжээнд тулгуурласан нэгдсэн цогц бизнесийн үйлчилгээгээр дамжуулан Монгол Тайваний аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд бизнесийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэж эхэлсэн” гэв.

Categories
мэдээ эдийн-засаг

Хонины махны үнэ буурчээ

Нийслэлийн статистикийн газраас долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн судалгааг гаргадаг. Арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн байдлаар 20 нэрийн барааны үнэ тогтвортой, зургаан нэрийн барааны үнэ буурсан, 10 нэрийн барааны үнэ өсчээ. Тухайлбал, хонины ястай махны үнэ 67 төгрөгөөр, хонины цул махны үнэ 117 төгрөгөөр тус тус буурчээ. Үхрийн ястай махны үнэ 25 төгрөгөөр буурсан бол үхрийн цул мах нэг килограмм мах дунджаар 9167 төгрөг байна. Харин адууны ястай махны үнэ 225 төгрөгөөр өссөн бол ямааны ястай мах нэг килограмм мах дунджаар 6025 төгрөгөөр зарагдаж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Азийн хөгжлийн банк ирэх онд 443 сая ам.долларын зээл, тусламж олгохоор тооцоолжээ

Энэ онд Азийн хөгжлийн банкнаас манай улсад нийт 2.3 тэрбум ам.долларын зээл, буцалтгүй тусламж олгоод байгаа аж. Харин ирэх онд 443 сая, 2020 онд 202 сая.ам.долларыг энэ чиглэлд зарцуулахаар төлөвлөжээ. Тухайлбал, энэ оны IV улирлын байдлаар 2.14 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл, 103.8 сая ам.долларын техникийн буцалтгүй тусламж, 94.5 сая ам.долларын Засгийн газрын бус зээл олгожээ. Түүнчлэн ядуурлыг бууруулах Японы сангаас 101.5 сая ам.доллартай тэнцэх буцалтгүй тусламжийн санхүүжилт үзүүлсэн байна. Тус газраас манай улсын тээврийн салбар ихэвчлэн зээл олгож, тусламж үзүүлдэг. Тэгвэл цаашид ч тус салбараа голлох гэнэ.

Categories
мэдээ эдийн-засаг

Ирэх онд ​Нийгмийн даатгалын шимтгэл нэг хувиар нэмэгдэнэ

Нийгмийн даатгалын шимтгэл 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс нэг хувиар нэмэгдэнэ. Ингэхдээ ажил олгогчийн төлдөг хувь 0.5 хувиар, ажилтнаас төлдөг шимтгэл мөн 0.5 хувиар тус тус нэмэгдэж бодогдох юм.

800 мянган төгрөгийн үндсэн цалинтай ажилтны төлөх даатгалын шимтгэл хэрхэн нэмэгдэхээр жишээ авъя. 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс нийгмийн даатгалын шимтгэл хоёр хувиар өссөн. Үргэлжлүүлэн ирэх оны эхний өдрөөс дахин 1 хувиар нэмэгдэхдээ ажил олгогчоос 800 мянган төгрөгийн цалингийн 12.5 хувийг буюу 100 мянган төгрөгийг НДС-д шимтгэх бол ажилтан өөрөө 11.5 хувь буюу 92 мянган төгрөг НДШ-д төлнө. Ингээд нийгмийн даатгалын шимтгэл төлөөд үлдсэн мөнгөний 10 хувийг ХХОАТ-т төлж, гар дээр 547 200 төгрөг авах нь. Энэ нь одоо гар дээр авч байгаа цалингийн хэмжээнээс 7200 төгрөгөөр багасна гэсэн үг юм. Шимтгэлийг ийнхүү 2020 он хүртэл үе шаттайгаар нэмэгдүүлж байгаа нь Нийгмийн даатгалын сан болон Тэтгэврийн сан ачааллаа дийлэхээ больсонтой шууд холбоотой. 2008 онд 100 гаруй мянган хүн тэтгэвэр авч байсан бол 10 жилийн хугацаанд энэ тоо 410 мянга болтлоо өссөн. Тодруулбал, 1960-аад оны хүн амын ид өсөлтийн үед төрсөн иргэдийн тэтгэвэр тогтоолгох нас ирсэнтэй холбоотойгоор Нийгмийн даатгал болон Тэтгэврийн сан ачааллаа дийлэхээ больжээ.

Ер нь жилд дунджаар 30 мянган хүн шинээр тэтгэвэрт гарч байна. Гэтэл Нийгмийн даатгалын санд жилд дунджаар 2 их наяд төгрөгийн орлого төвлөрдгийн 1.4 их наядыг нь тэтгэвэрт зарцуулдаг байна. Сангуудыг дампууруулчихгүйн тулд шимтгэлийг нэмэгдүүлэхээс өөр аргагүй гэлээ.

Төрөөс 2030 он хүртэл тэтгэврийн талаар баримтлах бодлогыг УИХ-аас баталсан. Бодлогын хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 онд 2 хувь, 2019 онд 1 хувь, 2020 онд мөн 2 хувь нийтдээ 5 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг бид дагаж байна. Ингэж байж энэ цаг үед тэтгэвэр авч байгаа иргэдэд олгох мөнгөний эх үүсвэрийг тасалчихгүй байна, цаашлаад ажилтны ирээдүйд тогтоолгох тэтгэврийн хэмжээ ч өндөр тогтоно гэж үзэж байна. Одоогоор нийгмийн даатгалын шимтгэл төлөгч 2.7 иргэний шимтгэлээр нэг хүний тэтгэврийг олгож байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Ипотекийн зээлийн санхүүжилтийг хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой гэв

Арилжааны банкуудад олгодог ипотекийн зээлийн эх үүсвэрийн хүүг дөрвөн хувиас нэг хувьд хүргэж буулгаснаар санхүүжилтийг одоогийн түвшнээс хоёр дахин нэмэх боломжтой болсон талаар Монголбанкнаас мэдээлэв.

Энэ дагуу жилд гарч буй 300 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт 600 тэрбум давах боломжтой болох юм байна. Ипотекийн санхүүжилтийг нэмэгдүүлж, хүртээмжийг өсгөх Эдийн засгийн байнгын хорооны тогтоол батлагдаад байгаа бөгөөд тогтоолыг хэрэгжүүлэхээр Сангийн яам, Монголбанк хамтран ажиллаж буй аж.

“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд ипотекийн хөтөлбөрийг Монголбанкнаас Засгийн газарт шилжүүлэхээр болсон ч төсвийн алдагдлын түвшин нэмэгдэх учраас энэ ондоо Монголбанк хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр болсон байна. Бодлогын хүүгээс 10 нэгж хувиар бага хүүтэй санхүүжилт олгосноор Монголбанкны алдагдал өсөх ч нийгмийн ач холбогдолтой хөтөлбөрийг санхүүжүүлэх нь зүйтэй гэж Төв банк үзжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

“7th MINEX Eurasia – Mining and Exploration Forum”-д оролцов

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төлөөлөгчид Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Лондон хотноо албан албан айлчлал хийж, 11 дүгээр сарын 23-ны өдөр “7th MINEX Eurasia – Mining and Exploration Forum” арга хэмжээнд оролцов. Тус арга хэмжээнд Евроазийн 10 гаруй улсын хөрөнгө оруулагчид болон уул уурхайн салбарын төлөөлөгчид оролцсон байна.

Энэ үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ч.Анун оролцож, Монголын уул уурхайн салбарын тухай илтгэл тавив.
Энэхүү арга хэмжээг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад худалдааны яам16 дахь жилдээ зохион байгууллаа.
Categories
мэдээ эдийн-засаг

Мөнгөний бодлогын хүүг нэгж хувиар өсгөн, 11 хувьд хүргэх шийдвэр гаргалаа

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2018 оны 11 дүгээр сарын 27-ны ээлжит бус хурлаар Бодлогын хүүг нэг нэгж хувиар өсгөн 11 хувьд хүргэх шийдвэр гаргалаа. Хэрэглээний үнийн индексээр хэмжигдсэн жилийн инфляци 2018 оны 10 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд 6.3 хувь, Улаанбаатар хотод 6.8 хувьтай байна.

Хэдийгээр түүхий эдийн үнэ харьцангуй өндөр түвшинд хадгалагдаж, эдийн засаг энэ оны гуравдугаар улиралд хүлээлтээс давж 6.7 хувиар өссөн боловч эдийн засгийн гадаад орчны тодорхой бус байдал өндөр байгаа юм. Ирэх оны төсвийн алдагдал харьцангуй өндөр түвшинд батлагдсан, АНУ-ын Холбооны нөөцийн банк мөнгөний бодлогын суурь хүүгээ нэмэгдүүлсэн, БНХАУ нүүрсний зах зээлдээ хязгаарлалт хийж эхэлсэн зэрэг нь төлбөрийн тэнцэлд сөргөөр нөлөөлж төгрөгийн ханшинд дарамт учруулж буй билээ. Иймд Монголбанк нэг талаас эдийн засгийн идэвхжилийг дунд хугацаанд зохистой түвшинд хадгалах, нөгөө талаас гадаад зах зээлийн тодорхой бус байдлыг харгалзан үзэж Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хурлаар бодлогын хүүг нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ. Монголбанкны энэ удаагийн шийдвэр нь инфляцийг дунд хугацаанд зорилтот түвшний орчимд тогтворжуулах зорилттой нийцтэй бөгөөд төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэн, үндэсний мөнгөн тэмдэгтэд итгэх итгэлийг хамгаалж, макро эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хадгалахад чиглэж буй аж. Монголбанкнаас 2018 оны 12 дугаар сараас эхлэн Төв банкны 28 долоо хоногийн хугацаатай үнэт цаас арилжаалах шийдвэр гаргалаа. Тус хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулах юм байна.

Categories
мэдээ эдийн-засаг

ДНБ-ий өсөлт 6.4 хувьтай байна

Манай улсын ДНБ-ий өсөлт одоогоор 6.4 хувьтай байна. Гэвч оны төсгөлд бага зэрэг буурч 5.9 хувьд хүрэхийг Дэлхийн банкнаас мэдээлэв. Харин ирэх онд 6.6 хувьд хүрэхийг төсөөлжээ. Түүнчлэн 2020 онд 6.3 хувьтай байх гэнэ. Үүнтэй холбогдуулан эдийн засгийн цаашдын чиг хандлагын талаар мэдээлэхдээ эерэг байгааг дурдлаа. Тухайлбал, төсвийн алдагдал өнгөрсөн оны эхний хагаст ДНБ-тэй харьцуулахад 0.8 хувьтай тэнцэж байсан бол энэ оны эхний хагаст 2.8-ийн ашигтай гарч байгаа нь ийн дүгнэхэд хүрчээ. Тэдний төсөөллөөр ирэх онд уул уурай, аж үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулалт ихээхэн орж ирэх аж.

Categories
мэдээ эдийн-засаг

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн зарим тоон үзүүлэлт

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн зарим тоон үзүүлэлтийг инфографикаар хүргэж байна.

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн талаарх тоон мэдээлэл

Categories
мэдээ эдийн-засаг

Хөрөнгө оруулагчдад “Эрдэнэс-Тавантолгой”-н хувьцааг танилцуулав

УИХ, Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалахаар бэлтгэж буй билээ. Уг ажлын хүрээнд ИБУИНВУ-ын Лондон хотод зохион байгуулагдаж буй Олон улсын уул уурхай, хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт болох “Minex Eurasia”-д “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Стратеги, хөгжлийн газар хариуцсан дэд захирал Т.Цогтбаяр нар оролцож буй юм. Тус чуулга уулзалтад Тавантолгой орд, ордын үнэ цэнийг нэмэгдүүлэх төслүүд болон “Эрдэнэс-тавантолгой” ХК-ийн хувьцааг арилжаалахтай холбоотой танилцуулга илтгэл тавигдсан байна. “Minex Eurasia” чуулга уулзалтыг жил бүр Английн Гадаад худалдааны яам зохион байгуулдаг. Уг чуулга уулзалтад Евроазийн /Зүүн болон Төв Европ, ОХУ, Төв Ази, Кавказ, Монгол/ 10 гаруй улсын хөрөнгө оруулагчид оролцож байгаа ажээ. Энэхүү хуралдааны үеэр Лондонгийн хөрөнгийн бирж, Credit Suisse, Samruk-Kazyna Казакстаны баялгийн сан, AMED Funds групп, Visor Capital UK компанийн төлөөллүүдтэй уулзаж санал солилцсон байна.