Categories
мэдээ эдийн-засаг

ШИНЭЧИЛСЭН ХАМГААЛАЛТЫН ЭЛЕМЕНТ БҮХИЙ 5000 ТӨГРӨГИЙН ДЭВСГЭРТ

Монголбанк нь үндэсний мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах, гүйлгээнээс татах замаар гүйлгээнд байгаа мөнгөн тэмдэгтийн зохистой бүтцийг хангах, мөнгөн тэмдэгт шинээр хэвлүүлэх, тээвэрлэх, хадгалах, мөнгөн тэмдэгтийн нөөцийг бий болгох үндсэн үүргээ хэрэгжүүлэхийн зэрэгцээ төгрөгийг хуурамчаар үйлдэх явдлыг багасгах, зогсоох тал дээр анхааран ажиллаж байна.

Манай улсад хуурамчаар үйлдэгдэж буй мөнгөн тэмдэгтүүд нь ихэвчлэн хамгийн өндөр дүнтэй 5000, 10000, 20000-тын дэвсгэртүүд байдаг тул Монголбанк нэн түрүүнд эдгээр 3 дэвсгэрт дээрх I түвшний хамгаалалт болох иргэд энгийн нүдээр шууд хараад төвөггүй таних боломжтой элементүүдийг сайжруулах зорилтыг тавьсан.

Энэ зорилтын хүрээнд эхний ээлжинд нөөцийг нь дахин бүрдүүлэх хугацаа нь болсон 5000 төгрөгийн дэвсгэрт дээр ажиллаж, олон улсын хэмжээнд судалгаа хийсний үндсэн дээр сүүлийн үеийн шинэ технологиор хийгдсэн элементийг уг дэвсгэртэд оруулан сайжруулж шинэчилсэн хувилбарыг гаргах арга хэмжээг аваад байна. Ийм төрлийн хамгаалалтын таних тэмдгийн гол шинж чанар нь хуурамчаар хийх бараг боломжгүй технологи буюу дуурайлган хийх тохиолдолд өндөр зардалтай байх явдал байдаг.

Шинэ таних тэмдэгтэй болсон 5000 төгрөгийн дэвсгэртийн хувьд нүүрэн талд байрлах Соёмбонд сүүлийн үеийн дэвшилтэт технологиор хийсэн 3-н хэмжээст хөдөлгөөнтэй, дээш, доош налуу хөдөлгөхөд өнгө нь солонгорч харагдах Спарк бэхэн элемент оруулж өгсөнөөр иргэд энгийн нүдээр хараад жинхэнэ тэмдэгтийг хуурамчаас ялгаж танихад хялбар болсон. Ийнхүү шинэчлэгдсэн 5000 төгрөгийн дэвсгэртийг бэлэн мөнгөний гүйлгээнд гаргахаар бэлтгэл ажлуудыг Монголбанк арилжааны банкуудын хамт хийсэн бөгөөд Монголбанкны Ерөнхийлөгчийн холбогдох тушаалын дагуу 2019 оны 1 дүгээр улиралд гүйлгээнд гаргахаар төлөвлөж байна.

Иймээс иргэд энэхүү шинэчлэгдсэн дэвсгэртийн талаарх мэдээллийг сайтар авах шаардлагатай юм. Үүгээр зогсохгүй ер нь иргэд мөнгөн тэмдэгтийн хамгаалалтын таних тэмдгүүдийг мэддэг байх нь төлбөр тооцоондоо хуурамч тэмдэгт авч хохирол амсах явдлаас зайлсхийх боломжтой юм.

Шинэчилсэн хувилбараар үйлдвэрлэгдсэн 5000 төгрөгийн дэвсгэрт гүйлгээнд гарах гэж буйтай холбогдон өмнөх хэвлэлтийн 5000 төгрөг буюу одоо гүйлгээнд явж буй дэвсгэрт гүйлгээнд хүчин төгөлдөр хэвээр зэрэгцэн хэрэглэгдэнэ.

Categories
мэдээ эдийн-засаг

Хэнтий аймгаас 264 иргэн азтан болжээ

Image result for НӨАТ-ын сугалаа

Энэ сарын 23-ны өдөр явагдсан НӨАТУС-н сугалааны тохирлоор Хэнтий аймгаас 264 иргэн азтан болсон байна.

Монгол Улсын хэмжээнд 24,761 иргэн азтан болжээ. Тодруулбал,

50 мянган төгрөгийн азтан 22463

200 мянган төгрөгийн азтан 2073

Нэг сая төгрөгийн 198 баримт

5 сая төгрөгийн азтан 25

10 сая төгрөгийн азтан 2 тодорчээ.

200 сая төгрөгийн шагналын сантай супер сугалааны тохиролд 86333238 дугаар тодорсон ч азтан тодорсонгүй.

Categories
мэдээ эдийн-засаг

Хэрэглээний зээлийн дээд хугацаа I сарын 1-нээс 30 сар болно

Related image

Монголбанкнаас баталсан шинэ журмын дагуу иргэдийн авах хэрэглээний зээлийн дээд хугацааг 30 сар байхаар тогтоосон. Энэ журмыг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлнэ.

Манай улсын өрхийн нийт өр өмнөх оны мөн үеэс 20 хувиар өсч, 10,587 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь нийт зээлийн 57 хувийг бүрдүүлж байна. Шинээр олгож буй цалингийн зээлийн хугацаа 40 сар байгаа нь иргэдийн өрийн дарамтыг өсгөж байгаа учраас Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос банкнаас иргэдэд олгох зээлийн хугацааг хамгийн ихдээ 30 сар байхаар шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл иргэд татварын дараах орлогынхоо хамгийн ихдээ 70 хувийг зээлийн үндсэн болон хүүний төлбөрт төлнө гэсэн үг. Эдгээр шийдвэрүүд нь иргэд орлогынхоо тодорхой хувийг амьжиргааныхаа наад захын хэрэгцээг хангахад зарцуулах, өрхийн өрийн дарамтыг цаашид нэмэгдүүлэхгүй байх, банкны салбарт эрсдэл хуримтлагдахаас сэргийлэхэд чухал нөлөөтэйгээс гадна хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх бизнессийн зээлийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд эерэг нөлөөтэй гэж Монголбанкнаас үзжээ.

Энэхүү шийдвэр нь ипотекийн зээлээс бусад иргэдийн зээлд хамаарах юм. Банкуудын иргэдийн зээлийн дундаж хугацаа 27 сар буюу дийлэнх иргэн 30 сараас бага хугацаатай зээлтэй. Тэтгэврийн, малчны зээлүүд хоёр жилээс бага хугацаатай байна. Иймээс энэ шийдвэр одоогийн олгогдож байгаа иргэдийн зээлд төдийлөн нөлөөлөхгүй харин ч өрхийг өрийн дарамтанд орох, эдийн засгийн эрсдэлээс сэргийлэх ач холбогдолтой юм байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Энэ жил 66 сая 463.7 мянган мал тоологджээ

Related image

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын 2018 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнг танилцууллаа. 2017 онд манай улсын малын тоо 66.2 сая толгойд хүрч өмнөх оныхоос 4.6 саяар нэмэгджээ. 2018 оны мал тооллогын урьдчилсан дүнг Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр танилцуулав. Монгол Улс жил бүрийн XII сарын 7-17-нд малаа тоолдог бөгөөд энэ жил 100 дахь жилдээ малаа тоолж байгаа юм байна. Урьдчилсан дүнгээр Монгол Улсад 66 сая 463.7 мянган мал тоологдож, энэ нь өнгөрсөн жилээс 244.7 мянган толгой буюу 0.4 хувиар өсчээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Үнэт цаас барьцаалах тухай журмыг баталлаа

Санхүүгийн зохицуулах хороо Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд заасны дагуу “Үнэт цаас барьцаалах тухай” журмыг баталлаа. Энэ журмаар, үнэт цаасны зах зээлд оролцож буй иргэн, хуулийн этгээд өөрийн эзэмшил дэх үнэт цаасыг барьцаанд тавих, үнэт цаасыг тусгаарлуулах, барьцааны тухай мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлэх, үүргийн гүйцэтгэлтэй холбоотойгоор барьцаалагч, барьцаалуулагч, гуравдагч этгээдийн хооронд үүссэн харилцааг зохицуулахаар журамласан байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Өнөөдрийн арилжаагаар долоон компанийн хувьцааны ханш өсчээ

Хөрөнгийн бирж өнөөдөр өдөр I, II, III ангиллын 19 хувьцаат компанийн 204,227,567 төгрөгийн үнийн дүн бүхий 423,209 ширхэг хувьцаа арилжсан байна. Үүнээс 7 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурч 1 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Хай Би Ойл” ХК (HBO+5.26%) болон “Махимпекс” ХК (MMX+4.00%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Дөрвөн-Уул” ХК (DRU -13.33%) болон “Ремикон” ХК (RMC -3.38%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. Энэ өдөр “TOP 20” индекс 0.84 хувиар буурч 20257.4 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ, 2,396,982,100,702.10 төгрөг боллоо.

Categories
мэдээ эдийн-засаг

Ирэх оны нэг сараас хэрэглээний зээлийг хязгаарлана

Ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэглээний зээлийг тодорхой хэмжээнд хязгаарлаж байгаа. Үүнд ямар зохицуулалт хийж байгаа талаар Монголбанкны Мөнгөний бодлогын газрын Эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн захирал Б.Түмэнцэнгэлээс сэтгүүлч тодруулжээ. Хязгаарлана гэхээр огт олгохгүй гэсэн үг биш банк хэрэглээний зээлийг олгодгоороо олгоно. Хэрэглэгчид зээлээ авдгаараа авч болно. Харин ямар хязгаарлалт тогтоосон бэ гэвэл, өнгөрсөн зургаа болон есдүгээр сарын Мөнгөний бодлогын хорооны хурлаар өр орлогын харьцаанд 70 хувь гэдэг хэмжээ тогтоож өгсөн. Хугацааг 30 сар байхаар хязгаарласан. Тодорхой хэлбэл, харилцагч банкинд очоод, сард өөрийнхөө олдог орлого буюу татварын дараа авдаг мөнгөнийхөө 70 хувиас хэтрүүлэхгүйгээр эргэн төлөлт хийхээр л зээл авах боломжтой гэсэн үг. Сая төгрөгийн цалин татварын дараах байдлаар авдаг бол сард 700 мянгаас дээш төгрөгийн эргэн төлөлттэй зээл авч болохгүй л гэсэн үг. Хоёрдугаарт, 30 сарын хугацаанд л зээлээ багтаан төлөхөөр болж байна. Зургадугаар сард бид судалгаа хийж үзэхэд, банкуудын зээлийн дундаж хугацаа 28 сар байсан. Тиймээс 30 сараас илүүгүй хугацаанд зээл олгоход болох юм байна гэж үзэж, хязгаарлаж өгч байгаа юм. Банкууд 30 сараас дээш хугацаатай хэрэглээний зээл өгөхгүй л гэсэн үг.

-Хэрэглээний зээл гэдэг ангилалд ямар зээл багтаж байгаа вэ. Иргэдэд мэдээлэл өгвөл?

Хамгийн түгээмэл бүтээгдэхүүнүүд гэвэл цалин, тэтгэврийн зээл, лизингийн үйлчилгээ байна. Машин, гар утас, тавилга барьцаалсан гэх мэт иргэдийн хамгийн их авдаг зээл гэсэн үг.

Categories
мэдээ эдийн-засаг

Гадаад валютын нөөц 3.4 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын гадаад валютын нөөц 3.4 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь сүүлийн зургаан жилийн дээд хэмжээнд очсон дүн юм. Үүнд хэд хэдэн зүйл нөлөөлсөн талаар албаныхан тайлбарлалаа. Тухайлбал, экспортын голлох түүхий эдүүдийн үнийн өсөлт нөлөөлсөн буюу нийт экспорт зургаан тэрбум ам.долларт хүрсэн нь нөлөөсөн байна. Мөн энэ онд 920 орчим сая ам.долларын санхүүжилт ОУВС болон бусад донор байгууллагаас орж ирсэн нь нөлөөлжээ.Гадаад нөөц нь тухайн улсынхаа 12 сарын импортын хэрэгцээг нийлүүлсэн хэмжээнд байх ёстой гэдэг. Харин манай улсын одоогийн нөөц нь ойролцоогоор зургаан сарынхтай дүйх юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Нүүрснээс 845.8 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ


Он гарснаар манай улс 49.4 мянган тонн нүүрс олборлож, 41.9 мянган тонныг нь борлуулжээ. Үүнээс 33.4 мянган тонныг нь экспортод гаргаад байна. Ингэснээр нүүрснээс 845.8 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна. Коксжих нүүрсний дундаж үнэ дэлхийн зах зээл дээр өнгөрсөн сард 138.5 ам.доллар байжээ. Харин эрчим хүчний нүүрснийх 32.69 ам.долларын ханштай байсан байна. Энэ онд уул уурхайгаас улсын төсөвт 1.7 их наяд төвлөрүүлэхээр зорьсноос төлөвлөгөө давж биелж 1.9 их наядад хүрлээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Долоон хувьцаат компанийн хувьцааны ханш өссөн байна

Хөрөнгийн биржийн өчигдрийн арилжаагаар I, II, III ангиллын 18 хувьцаат компанийн 79,040,216 төгрөгийн үнийн дүн бүхий 294,330 ширхэг хувьцаа арилжсанаас долоон хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ.

Тодруулбал долоон компанийн хувьцааны ханш буурч дөрвөн компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Мандал Даатгал” ХК-ийн MNDL хувьцаа 2.91 хувиар “Жинст Увс” ХК-ийн JIV хувьцаа 2.63 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Монгол Базальт” ХК-ийн MBW хувьцаа 12.43 хувиар, “Дархан Нэхий” ХК-ийн NEH 2.56 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.

Мөн өдөр “TOP 20” индекс 0.03 хувиар буурч 20340.13 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ, 2,405,706,377,680.67 төгрөг боллоо.