Categories
мэдээ эдийн-засаг

​Монголбанк ипотекийн зээлийг үргэлжлүүлнэ

Монголбанк ипотекийн зээлийг Засгийн газарт шилжүүлснээр санхүүжилт буурч, зээл авах боломж багасах вий гэсэн болгоомжлол иргэдэд байгаа юм. Энэ талаар “”Хурд” агентлаг Монголбанкнаас тодруулахад Засгийн газрын төсвийн боломжоос шалтгаалан 2020 он хүртэл Монголбанк ипотекийн зээлийг үргэлжүүлэн хэрэгжүүлэхээр болсноо мэдэгдлээ.

2018 онд орон сууцны найман хувийн зээлд зарцуулсан 300-аад тэрбум төгрөгийн зээлийн 180 тэрбумыг Монголбанк, 120 тэрбум төгрөгийг Засгийн газар санхүүжүүлсэн байна. Энэ онд мөн ийм хэмжээний зээлийг иргэдэд олгохоор болсон. Цаашид олон улсын зах зээлээс хямд эх үүсвэртэй хөрөнгө татаж чадвал жилд гаргаж байгаа санхүүжилтийг нэмэх боломжтой гэж үзэж байна. Харин банкны хадгаламжийн хүү жилийн 12 хувь байгаа нөхцөлд арилжааны банкны эх үүсвэрээр санхүүжүүлэх боломжгүй байгаа юм.

Ипотекийн зээл хэрэгжиж эхэлснээс хойш манай улс нийт дөрвөн их наяд төгрөгийн зээл олгоод байна. Үүний 3.4 их наяд төгрөгийг Монголбанк гаргажээ.

Categories
мэдээ эдийн-засаг

“Top 20” индекс 0.22 хувиар өсчээ

Хөрөнгийн бирж өнөөдөр I, II, III ангиллын 17 хувьцаат компанийн 48,541,660 төгрөгийн үнийн дүн бүхий 143,491 ширхэг хувьцаа арилжигдсан байна. Үүнээс 7 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурч 1 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Сүү” ХК (SUU+1.86%) болон “Монгол Базальт” ХК (MBW+1.76%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Нийслэл өргөө” ХК (NUR-15%) болон “Жуулчин дюти фрий” ХК (SUL -8.33%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. Энэ өдөр “TOP 20” индекс 0.22 хувиар өсч 21713.53 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ, 2,541,843,528,286 төгрөг боллоо.

Categories
мэдээ эдийн-засаг

Хөрөнгийн бирж өнгөрсөн онд нийт 210 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ

Хөрөнгийн бирж өнгөрсөн онд нийт 210 тэрбум төгрөгийн хувьцааны анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаа хийжээ.

Энэ нь өмнөх жилүүдээс түүхэн дээд үзүүлэлт бөгөөд тухайлбал 2012 оноос даруй 45 хувиар өсчээ. Түүнчлэн тус бирж 2018 онд түүхэндээ хамгийн олон буюу 6 шинэ үнэт цаасыг бүртгэж арилжсан байна. Мөн анхны давхар бүртгэлийг зах зээлд нэвтрүүлсэн, даатгалын салбарын компаниудын үнэт цаасыг бүртгэсэн гээд амжилт бүтээлээр дүүрэн байлаа хэмээн Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай хэллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Үхрийн цул мах 10300 төгрөгт хүрчээ

Хонины ястай махны үнэ өмнөх сараас 2.9, үхрийн ястай махны үнэ 6.5 хувь, үхрийн цул махны үнэ 10.2 хувь, ямааны ястай махны үнэ 10.6 хувь, адууны ястай махны үнэ 11.2 хувиар өссөн байна.

Ажиглалтаар хонины ястай махны үнэ 2.0 хувь, үхрийн ястай махны үнэ 0.9 хувь, үхрийн цул махны үнэ 0.2 хувиар өссөн бол ямаа болон адууны ястай махны үнэ өөpчлөлтгүй байна. 2018 оны 12 дугаар сарын 26-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 6885 төгрөг, үхрийн /ястай/ мах 8520 төгрөг, үхрийн цул мах 10300 төгрөг, адууны /ястай/ мах 6525 төгрөг, ямааны /ястай/ мах 5500 төгрөгийн үнэтэй байв.

Categories
мэдээ эдийн-засаг

​Монголбанк 22 тонн алт худалдан авах зорилтоо биелүүлэв

Монголбанк өнгөрсөн 2018 онд нийт 21.9 тонн алт худалдан авснаа мэдэгдээд байна. Ингэснээр 22 тонн алт худалдан авна гэсэн зорилтоо үндсэндээ биелүүлжээ.

Дээрх тоо нь өмнөх оны мөн үед 20 тонныг авч байснаас 9.5 хувиар ахиу байна. Ийнхүү алт худалдан авалтын дүн өмнөх оны мөн үеэс давж биелэхэд 2018 оны зургадугаар сарын 4-нөөс 10 дугаар сарын 30-ны өдрийг дуустал “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяныг улс орон даяар амжилттай хэрэгжүүлсэн нь эерэгээр нөлөөлсөн гэж үзэж байна. Мөн өнгөрсөн оны 10 дугаар сарын 15-18-нд орон нутагт буюу Дархан-Уул, Баянхонгор аймагт байгуулсан алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээний төв байгуулсан нь үр дүнгээ өгчээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Гурван хэмжээст хамгаалалт бүхий 5000 төгрөгийн дэвсгэрт гүйлгээнд гарна

Монголбанкнаас 5000 төгрөгийн дэвсгэртийн хамгаалалтын элемент, технологид сайжруулалт хийж, шинэ хувилбарыг гаргах арга хэмжээг аваад байна.

Монголбанкнаас үндэсний мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах, гүйлгээнээс татах замаар мөнгөн тэмдэгтийн зохистой бүтцийг хангах, шинээр хэвлэх, тээвэрлэх, хадгалах, нөөц бий болгох үндсэн үүргээ хэрэгжүүлэхийн зэрэгцээ төгрөгийг хуурамчаар үйлдэх явдлыг багасгах, зогсоох тал дээр анхааран ажиллаж байна.

Манай улсад хуурамчаар үйлдэгдэж буй мөнгөн тэмдэгтүүд нь ихэвчлэн хамгийн өндөр дүнтэй 5000, 10000, 20000-тын дэвсгэрт байдаг тул Монголбанкнаас нэн түрүүнд эдгээр 3 дэвсгэрт дээрх иргэд энгийн нүдээр хараад төвөггүй таних 1 дүгээр түвшний хамгаалалтын элементүүдийг сайжруулах зорилтыг тавьсан.

Энэ зорилтын хүрээнд эхний ээлжинд нөөц дахин бүрдүүлэх хугацаа нь болсон 5000 төгрөгийн дэвсгэрт дээр ажиллаж, олон улсын хэмжээнд судалгаа хийсний үндсэн дээр сүүлийн үеийн шинэ технологиор хийгдсэн элементийг уг дэвсгэртэд оруулан сайжруулж шинэчилсэн хувилбарыг гаргах арга хэмжээг авав.

Шинэ таних тэмдэгтэй болсон 5000 төгрөгийн дэвсгэртийн нүүрэн талд байрлах Соёмбонд сүүлийн үеийн дэвшилтэт технологиор хийсэн 3-н хэмжээст хөдөлгөөнтэй, дээш, доош налуу хөдөлгөхөд өнгө нь солонгорч харагдах Спарк бэхэн элемент оруулж өгсөнөөр иргэд энгийн нүдээр хараад жинхэнэ тэмдэгтийг хуурамчаас ялгаж танихад хялбар болов.

Ийм төрлийн хамгаалалтын таних тэмдгийн гол шинж чанар нь хуурамчаар хийх бараг боломжгүй бөгөөд дуурайлган хийх тохиолдолд өндөр зардалтай байдаг аж.

Categories
мэдээ эдийн-засаг

Гар утсаараа галт тэрэгний тасалбар захиалж болно

Гар утсаараа галт тэрэгний тасалбар захиалж болно

УБТЗ хэрэглэгчдийнхээ арх ашгийг дээдэлж тэдэнд чирэгдэлгүй хурдан шуурхай үйлчлэх үүднээс галт тэрэгний тасалбарыг интернэт ашиглан гар утаснаасаа захиалж худалдан авах шинэ үйлчилгээг энэ онд нэвтрүүлсэн нь иргэд олон нийтийн талархлыг хүлээж байна.

УБТЗ 2018 онд интернетээр галт тэрэгний тасалбар худалдаах ажлыг эрчимжүүлж, банкны системтэй харилцах тоног төхөөрөмжүүд, серверийн хүчин чадлаа нэмэгдүүлж, интернет худалдаалалтын вэб хуудсаа шинэчлэн боловсруулж хэрэглэгчдэд цөөн үйлдлээр ашиглахад хялбар болгон сайжруулсан юм.

Оны сүүлийн хагаст интернет худалдаалалтын гар утасны аппликейшн хөгжүүлж IOS, Android сисемүүдэд зориулсан програм хангамжийг зохион туршиж Apple Market, Goole Play Store-д байрлуулж хэрэглэгчдийн хүртээл болгоод байна. Орчин үеийн технологид тулгуурласан үйлчилгээг бий болгосноор үйлчлүүлэгчдийн цаг завыг хэмнэж, ухаалаг утасны тусламжтайгаар бэлэн бусаар төлбөрөө хийж галт тэргэнд шууд суун аялах боломжийг бүрдүүлсэнээр интернетэээр тасалбар авч зорчих зорчигчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 4-5 дахин нэмэгджээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Засгийн газар болон “Оюу толгой” компани цахилгаан станц барих гэрээ байгууллав

“Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээ”-нд Монгол Улсын Засгийн газар болон “Оюу толгой” компанийн удирдлагууд гарын үсэг зурлаа. “Оюу толгой”-н хөрөнгө оруулагч “Рио Тинто” компанитай “Оюу толгой”, “Тавантолгой”-г эрчим хүчээр хангах асуудлаар тохиролцоонд хүрч, Засгийн газрын хуралдаанаар баталсан билээ. “Тавантолгой”-г түшиглэн 300 мегаваттийн хүчин чадалтай дулааны цахилгаан станц барих бөгөөд 2023 оны VI сард ашиглалтад орох ажээ. Мөн ирэх оноос “Оюу толгой”-н эрчим хүчний тодорхой хэсгийг дотоодоос хангана гэдгийг салбарын сайд Ц.Даваасүрэн мэдээлсэн. “Оюу толгой” төсөл одоогийн байдлаар 100 гаруй мегаватт эрчим хүчийг 160-170 сая америк доллараар БНХАУ-аас авдаг бөгөөд 2023 оноос 200 гаруй сая ам.доллар дотооддоо авч үлдэх боломжтой болох юм.

Categories
мэдээ эдийн-засаг

2018 оны “Эдийн засаг”-ийн онцлох 10 үйл явдал

НЭГ. Монгол Улсын эдийн засаг сүүлийн 4 жилийн хугацаанд хамгийн өндөр хувиар буюу 6.4 хувиар өслөө

Эдийн засаг ийнхүү өсөхөд экспортын орлого 14 хувиар, гадаадын шууд хөрөнгө оруулалт 32 хувиар өссөн, төсвийн сахилга бат сайжирч, төсвийн алдагдал буурч, Засгийн газар арилжааны банкнаас зээл авахаа зогсоосноор хувийн хэвшилд олгох зээлийн хэмжээ нэмэгдсэн нь голлон нөлөөллөө. Эдийн засгийн өсөлт 2018 онд хүлээгдэж буй гүйцэтгэлээр 7 орчим хувьд хүрэхээр байна.

ХОЁР. Улсын нэгдсэн төсвийн тэнцэл сүүлийн 8 жилийн хугацаанд анх удаа ашигтай гарав

2018 онд төсвийн сахилга батыг сайжруулж, Засгийн газрын мөнгөн хөрөнгийг оновчтой удирдаж, өндөр хүүтэй бонд гаргахыг зогсоож, зээлийн хүүгийн зардлыг бууруулав. Эдийн засгийн өсөлт, бизнесийн идэвхжил нэмэгдсэнээр татварын орлого 30 орчим хувиар өсөж, нэгдсэн төсвийн тэнцэл сүүлийн 8 жилийн хугацаанд анх удаа ашигтай гарахаар байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2018 оны 11 дүгээр сарын гүйцэтгэлээр 266 тэрбум төгрөгийн ашигтай байна.

ГУРАВ. Зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрт 6.5 их наяд төгрөг төлсөн, үүнээс 2018 онд 3.7 их наяд төгрөгийг төлөв

2018 онд өндөр хүүтэй дотоод бонд гаргаагүй, нийт 2.1 их наяд төгрөгийн дотоод бондын үндсэн болон хүүгийн төлбөр төлж, дотоод бондын үлдэгдлийг 1.6 их наяд төгрөг болгон буулгав. Мөн 500 сая ам.долларын Чингис болон 1 тэрбум юанийн Дим сам зэрэг гадаад бондуудыг төлж барагдуулсан. Ингэснээр Засгийн газрын өр (ӨҮЦ) ДНБ-ий 74.4 хувиас 61 хувь болж буураад байна.

ДӨРӨВ. Макро эдийн засгийн орчин тогтворжиж, Монгол Улсын зээлжих зэрэглэл сайжрав

2018 онд Олон Улсын зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэмэгдүүллээ. Зээлжих зэрэглэл нэмэгдэхэд нөлөөлсөн гол хүчин зүйлс:

• Төсвийн сахилга бат сайжирч, өрийн дарамт буурч байгаа, 2021 он хүртэл гадаад бондын эргэн төлөлтгүй болж, дахин санхүүжилтийн эрсдэл буурсан,

• Гадаад валютын нөөц нэмэгдсэн,

• Монголын эдийн засаг бусад ижил түвшний зээлжих зэрэглэлийн үнэлгээтэй улс орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр өсөж байгаа,

• Макро эдийн засгийн бодлогууд амжилттай хэрэгжиж хөрөнгө оруулагчдын итгэл сэргэсэн, эдийн засаг тогтворжиж, өсөлт нэмэгдсэн,

• ОУВС-гийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа.

ТАВ. Ажилгүйдлийн түвшин буурч, өрхийн орлого 15 хувиар өслөө

11.6 хувьд хүрээд байсан ажилгүйдлийн түвшин сүүлийн 3 жилийн хамгийн бага түвшин буюу 6.9 хувьд хүрлээ. Хөдөлмөр эрхэлдэг хүний тоо 2018 оны 3 дугаар улиралд өмнөх оноос 50 мянгаар нэмэгдэж, хөдөлмөрийн зах зээлд эрэлт өсөж, ажилгүйдэл буурснаар дундаж цалин 2017 оноос 8 хувиар өссөн. Эдийн засаг өссөнөөр цалин нэмэгдэж, хувийн хэвшлийг дэмжсэний зэрэгцээ мал аж ахуйн гаралтай түүхий эдийн үнэ өссөн. Эдгээр өөрчлөлтийн дүнд өрхийн орлого 15 хувиар өсөөд байна.

ЗУРГАА. Арилжааны банкнаас иргэд, аж ахуйн нэгжид олгосон зээлийн хүү 17.6 хувьд хүрч буурав

Засгийн газрын арилжааны банкуудаас өндөр хүүтэй зээл авч байсныг зогсоож, өмнө гаргасан өндөр хүүтэй бондуудыг буцааж төлснөөр эдийн засаг дахь зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлсэн. Монгол руу орох хөрөнгийн урсгал нэмэгдэж, экспортын орлого өссөнөөр дотоод хуримтлал өссөн. Ингэснээр 2016 онд 19.7 хувь хүртэл өсөж байсан арилжааны банкны зээлийн хүү 2017 онд 0.7 нэгжээр, 2018 оны 10 дугаар сард 1.4 нэгжээр тус тус буураад байна. Энэхүү бууралтын үр дүнд зээлийн хүү 2013 оны 12 дугаар сараас хойшхи хамгийн бага түвшинд буюу 17.6 хувьд хүрлээ.

ДОЛОО. Үнэт цаасны зах зээлийн үнэлгээ 2018 онд түүхэн дээд хэмжээнд хүрэв

Макро эдийн засгийн орчин сайжирч, зээлжих зэрэглэл нэмэгдсэнээр хөрөнгийн зах зээлд оруулах хөрөнгө оруулалт нэмэгдлээ. Үнэт цаасны зах зээлийн эрэлт нэмэгдэж, хувьцаат компаниудын ашигт ажиллагаа сайжирснаар жилийн дундаж зах зээлийн үнэлгээ өмнөх оноос 37 хувиар өсөж, 2.4 их наяд төгрөгт хүрсэн нь түүхэн дээд түвшин байлаа.

НАЙМ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн айлчлалын үр дүнд саараад байсан нүүрсний экспорт нэмэгдэж, түүхэндээ хамгийн өндөр түвшинд хүрэв

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн айлчлалаар нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх, хил гааль дээр үүсээд байсан асуудлыг шийдвэрлэх, боомтын нэвтрэлтийг сайжруулах зэрэг олон асуудлыг шийдвэрлэсэн. Эдгээр яриа хэлэлцээрийн үр дүнд 2017 оны сүүлийн хагас, 2018 оны эхний улирал саараад байсан нүүрсний экспорт огцом нэмэгдэж, Монгол Улс түүхэндээ анх удаа 36.5 сая тонн нүүрс экспортолж байна.

ЕС. БНХАУ, Мянганы сорилын сан, БНСУ, БНЭУ, АХБ-ны хөрөнгөөр Улаанбаатар болон орон нутгийн цэвэрлэх байгууламж, усан хангамж, орон сууцны хангамж, Газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг Монгол Улсын хөгжлийн томоохон бүтээн байгуулалтуудыг хийхээр шийдвэрлэв

Монгол Улсын Засгийн газар БНХАУ-аас Монгол Улсад олгож буй хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 300 сая ам.долларын өртөг бүхий “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн хооронд 350 сая ам.долларын Хоёр дахь Компакт гэрээг байгуулж, “Улаанбаатар хотын гүний усны хангамжийг нэмэгдүүлэх төсөл”-ийн талаар танилцуулах арга хэмжээнд оролцов.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн айлчлалаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, орон сууцны хангамжийг сайжруулахад 500 сая ам.долларыг зарцуулахаар тохиролцов.

Монгол Улсын Засгийн газар Газрын тос боловсруулах үйлдвэр барих бүтээн байгуулалтын ажлыг 2018 онд эхлүүлэв. Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2022 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

– Хөдөлгөөний эрчим өндөртэй, зорчигч болон ач тээврийн гол замууд болох Улаанбаатар-Дархан-Алтанбулаг, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх авто замуудыг шинэчлэх, Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн авто замын хөрөнгийн асуудлыг шийдвэрлэв.

АРАВ. Монгол Улс Европын холбооны “хар жагсаалт”-аас гарав

Европын холбоо манай улсыг “Татварын зорилгоор хамтарч ажилладаггүй улсуудын жагсаалт”-д хамруулан хамтын ажиллагаагаа хумигдуулах шийдвэр гаргасан юм. Хэрэв дээрх жагсаалтаас манай улс гараагүй байсан бол бизнес эрхлэгчид европын холбооны зах зээлд хандах эрхгүй буюу тус холбооноос ямар нэгэн санхүүжилт болон хөрөнгө оруулалт авах боломжгүй болох байсан юм. Иймд Засгийн газар, Сангийн яам, Гадаад харилцааны яам хамтран ажиллаж, тодорхой шаардлагыг нь хангасны үр дүнд тус жагсаалтаас гарч, бизнес эрхлэгчдэд ээлтэй орчин бүрдүүллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Салхитын ордыг 2043 он, 2047 он хүртэлх ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцаллаа /бичлэг/