Categories
мэдээ эдийн-засаг

​​“Түмэн шувуут”-ынхан тахианы мах үйлдвэрлэж, хурганы мах экспортолно

“Түмэн шувуут” компани өндөглөгч тахианы аж ахуйгаа хэрхэн өргөжүүлэх гэж байгаа тухай нийтлэлийг манай сонин өчигдрийн дугаартаа онцолсон. Харин энэ удаа махны чиглэлийн тахианы аж ахуй, хурганы аж ахуйн төслүүдийг нь танилцуулах гэж байна. Тус компани IPO хийж, хувьцаагаа арилжаалж олсон мөнгөнийхөө багагүй хувийг энэ хоёр төсөлд зарцуулах юм. Манай улс жилд 10 мянган тонн тахианы мах хэрэглэдэг. Ихэнхийг нь буюу 9000 тонныг нь Орос, Хятад, Америк, Бразилаас импортолдог. Өнөөхөндөө дотоодын зах зээлд тахианы мах зах нийлүүлдэг хамгийн том үндэсний үйлдвэрлэгч бол “Оргио” махны тахианы аж ахуй эрхэлдэг “Ажигана” компани. Нэг зүйлийг онцолж хэлэхэд “Оргио” дээр “Түмэн шувуут” нэмэгдлээ гэхэд тахианы махны хэрэглээний 20 гаруйхан хувийг хангана. Дотоодын үйлдвэрийн тахианы махыг илүүд үзсэн хэрэглэгчид жил ирэх бүр өссөөр байгаа энэ үед энэ зах зээлд маш том орон зай бийг эндээс харж болно. Импортын тахианы мах маш олон эргэлзээ дагуулдаг. Хоёр жилийн өмнө гаднаас орж ирсэн тахианы махнаас антибиотикийн үлдэгдэл илэрлээ гэсэн мэдээлэл цацагдаж байсан даа. Импортын тахианы махнаас илэрсэн антибиотикийн дийлэнх нь фторхинолиний бүлгийнх байна, тахианы маханд дор хаяж 5-7 бүлгийн антибиотикийн үлдэгдэл шалгах шинжилгээ хийх ёстой ч манайх хоёрыг нь л илрүүлэх боломжтой гэх мэт мэдээлэл тухайн үед хэвлэлээр хөвөрснийг уншигчид санаж байгаа байх.

Хятад, АНУ хөдөө аж ахуй дахь антибиотикийн хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлдэг улсууд. АНУ-д борлуулж буй нийт антибиотикийн 80 орчим хувь нь хөдөө аж ахуйн салбарт нь шингэдэг гэсэн тоог “Time” сэтгүүл онцолсон удаатай. Хятадын хувьд ч ялгаагүй. Урд хөрш хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гарц, малынхаа шимийг нэмэгдүүлэх зорилгоор жилд 15 мянга гаруй тонн антибиотик хэрэглэдгийг Европын холбоо, АНУ-ын судалгааны байгууллагуудын тайлангаас түвэггүй харчихаж болно. Энэ хэмжээ 2030 онд хоёр дахин нэмэгдэнэ гэсэн аварга тоо дуулддаг.

Гарал үүсэл нь тодорхойгүй, хэчнээн төрлийн антибиотик агуулсан нь мэдэгдэхгүй, үйлдвэрээс гараад хэр удсаныг, хаана ямар нөхцөлд хадгалсныг нь таах аргагүй импортын махнаас татгалзах хандлага цаашдаа ч хүрээгээ тэлэх нь нэг дээр нэгийг нэмэхэд хоёр гардаг шиг л тодорхой зүйл. Товчхондоо “Түмэн шувуут” компани зах зээлд тахианы махаа нийлүүлээд эхэлбэл хэрэглэгчид нь бэлэн байгаа. Эдний үйлдвэр нээгдлээ ч тахианы махны зах зээлийн 80 хувь нь импортын тахианд үлдэнэ гэдгийг өмнө онцолсон. Тэгэхээр амжилттай сайн ажиллаад үйлдвэрээ өргөжүүлж тэлэх боломж “Түмэн шувуут”-ынханд бий. Үйлдвэрлэл өсч, ашиг нэмэгдэх хэрээр тухайн компанийн хувьцааны үнэ цэнэ өсдөг нь жамын үзэгдэл. Хувьцааны үнэ өсөх тусам худалдаж авсан хүмүүст очих өгөөж нь ихэсдэг. “Түмэн шувуут” хувьцаагаа энэ сарын 15-наас Хөрөнгийн биржээр арилжаалж эхэлнэ гэж нийтлэлийн эхэнд онцолсон. Арилжаа явагдах үеэр байгаа хэдэн төгрөгөөрөө хувьцааг нь авчихвал хэдэн жилийн дараа мөнгөө хэд дахин өсгөөд авах боломж танд байна. Эдийн засгийн ямар ч хүндрэлийн үед дампуурдаггүй ганц салбар бол хүнс. Тэр дундаа “Түмэн шувуут” шиг бүтээгдэхүүн нь брэнд болчихсон том компаниудын бизнес унаж уруудах биш, жил ирэх тусам үнэ цэнэ нь өсч, ашиг орлого нь өгссөн графиктай явах нь хэтээсээ тодорхой асуудал.

Хувьцаа худалдаж аваад ашгийг нь хүртэж амьдарна гэдэг биднээс харь юм биш л дээ. Дэлхийн аль ч улсын ямар ч иргэн тоглож болдог зах зээл.. Дэлхийн тэрбумтан Уоррен Баффет 11 настайдаа хотын үйлчилгээний компанийн гурван ширхэг хувьцааг Нью-Йоркийн Хөрөнгийн биржээс худалдаж авсан гэдэг. Хүү кока коланы шил цуглуулж, бохь зарж, сонин түгээж олсон мөнгөөрөө хувьцаа авч байж. Их сургууль төгсөх жилээ 90 мянган ам.доллартай болсон гэж байгаа. Одоо түүнийг дэлхий мэднэ. Энэ эрхмийн 1965 онд найзтайгаа хувьцааг нь худалдаж авч байсан “Berk­shire Hathaway” компанийн нэгж хувьцааны үнэ өнөөдөр 210 мянган ам.доллараар хэмжигдэж байна. Дэлхийн хамгийн өндөр үнэтэй хувьцаа. Мань эр “Миний үүрэг хувьцааны үнэ цэнийг хэдэн зуу дахин өсгөх. Ингэж байж ашиг олдог” гэж хэлсэн удаатай. Хувьцааны үнэ цэнийг огцом өсгөхийн тулд хугацаа хэрэгтэй гэдгийг нотолсон энэ мэт жишээ дурдвал барагдахгүй.

“Түмэн шувуут”-ын “Агро Фийд” тэжээлийн үйлдвэр хотоос холгүй, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт оршдог. Махны чиглэлийн тахианы аж ахуйгаа тэжээлийн үйлдвэрийнхээ хажуугийн 10 га газарт байгуулахаар болж. Махны чиглэлийн тахианы гурван байрыг 2019, 2020, 2021 онд барихаар төлөвлөжээ. Бүр тодруулж хэлбэл махны тахианы Cobb-500 үүлдрийн 20 мянган шувуу суух зургаан байр, чанарын хяналтын лаборатори, хөргүүрийн цех барьж, иж бүрэн тоног төхөөрөмж суурилуулах юм байна. Энэ төсөлд 3.9 тэрбум төгрөг шаардлагатай. Аж ахуйгаа байгуулчихвал өнөө жилдээ “Түмэн шувуут”-ын гэсэн шошготой тахианы мах худалдаанд гарч эхлэх нь. Энэ жил 279 тонн тахианы мах нийлүүлэх бол ирэх онд 838 тонн, 2021 онд 1117 тонн тахианы мах үйлдвэрлэнэ гэж гүйцэтгэх захирал Ж.Болд онцолж билээ.

Манай улсын тахианы махны зах зээл 16 сая ам.доллараар хэмжигддэг. Төгрөгт шилжүүлбэл 38.4 тэрбум гэсэн аварга тоо гарч байна. Гадагшаа урсах долларынхаа багахан хэсгийг ч гэсэн дотооддоо авч үлдэх ганц арга нь импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх. “Түмэн шувуут”-ын тахианы махны аж ахуй байгуулах төслийн гол давуу тал нь энэ.

Хажуудаа тэжээлийн үйлдвэртэй учраас шувууныхаа идэх хоолыг авах гэж зардал гаргахгүй, органик тэжээлтэй болохоор сайн чанарын мах зах зээлд нийлүүлнэ.

Түүнчлэн “Түмэн шувуут” өндөглөгч тахианы аж ахуйтай компани. Өндөглөгч болон махны чиглэлийн тахианы аж ахуйн үйл ажиллагаа төстэй учраас махны чиглэлийн аж ахуй эрхлэх туршлага, хүний нөөц ямар ч асуудалгүй гэсэн үг.

Тахианы махны зах зээлд энэ компани шинэ оролцогч биш гэсэн давуу тал бас бий. Нэг ээлжиндээ 8000 өндөглөгч тахиа нядлах хүчин чадалтай бүрэн автомат үйлдвэртэй тус компани үйлдвэрийн аргаар боловсруулсан тахианы мах зах зээлд нийлүүлдэг. Хэрэглэгчдийн хэлж заншсанаар бол тамирчин тахианы мах. Одоогоор өндөглөгч тахианы махыг ресторан, хоолны газрууд шөл гаргах гэж их хэмжээгээр худалдан авч байна. Бас тамирчид, спортоор хичээллэгсдийн дуртай мах. “Шөл хийхээр амттай сайхан байдаг гээд зорьж ирж авдаг иргэд ч цөөнгүй бий” гэж “Түмэн шувуут”-ын гүйцэтгэх захирал сонирхуулав.

“Түмэн шувуут”-ын дараагийн том бизнес нь хурганы махны экспорт. Хурганы мах бэлтгэх, экспортлох зорилгоор мал бордох цогцолборыг 2020 оноос эхлэн барихаар төлөвлөжээ. Олон улсын стандарт хангасан хөдөө аж ахуйн цогц шийдэл бүхий хурганы аж ахуй 2023 онд бүрэн чадлаараа ажиллаж эхлэх нь.

Эдний хурганы аж ахуй жилд 1860 тонн мах боловсруулна. “Түмэн шувуут” компанийн үүсгэн байгуулагч, хөдөө аж ахуйн ухааны доктор (Phd) Л.Эрхэмбаяр “Мал бордох, мах экспортлох ажлаа 2021 оноос хэрэгжүүлнэ. Увс аймаг мал махны амьдын жин, өсөлтөөрөө хоёрт жагсдаг. Үзэмчин омгийн дараа баяд омгийн хонь ордог. Бид баяд омгийн хонины хургыг хоёр сарын турш бордоод экспортод гаргана. Тэгэхдээ бордсон хурганыхаа махыг 20 хэсэг болгон ангилна. Хурганы махны тухайд амархан шингэдэг, өөх тос багатай, ханаагүй тосны хүчил ихтэй гэсэн онцлогуудтай. Хурга бордох тэжээлээ өөрсдөө тарьж үйлдвэрлэх нь манай компанийн давуу тал. Усалгаатай газар тариаландаа тэжээлийнхээ ургамлыг тарьж, өөрсдөө тэжээл үйлдвэрлэнэ” хэмээн ярьж байна. “Түмэн шувуут”. Ховд аймгийн Зэрэг суманд одоогоос 21 жилийн өмнө ямааны аж ахуй эрхэлж байсан бол 2004 онд Монголд анх удаа үзэмчин омгийн хонийг эрлийзжүүлж, Дорнод аймгийн Халх гол суманд үхэр үржүүлж байсан түүх тэдэнд бий. Фермер хөгжүүлнэ гэж ярьдаг ч өнөөхөндөө тэр гээд онцолчих том төсөлгүй манай улсын хувьд “Түмэн шувуут”-ын мал бордох цогцолбор тод өнгөтэй төсөл болно. Бизнес эрхлэгчид махаа экспортолж доллар олох хүсэлтэй ч дэлхийн стандартын өмнө очоод бүдэрдэг. “Түмэн шувуут”-ын хувьд баяд омгийн хурга бордож, мах экспортлохдоо олон улсын стандартаар ажиллах юм. Мах боловсруулагчдад жишиг, үлгэр болохоор төсөл гэдэг нь IPO-гийн танилцуулгаас тодорхой харагдаж байна.

“Түмэн шувуут”-ын “Хүнс хөдөө аж ахуйн цогц шийдэл” гэсэн малгай доор хэрэгжүүлэх дараагийн төсөл бол усалгаатай газар тариалан, гурил тэжээлийн үйлдвэр. Манай сонин энэ төслийг маргаашийн дугаартаа онцлох болно.

Categories
мэдээ эдийн-засаг

​“Түмэн шувуут” IPO гаргаж өндөгний зах зээлээ тэлнэ

Энэ онд хийгдэх IPO-нуудын салхийг хагалах компанийн нэр тодорхой болжээ. Өндөгний зах зээлийн дотоодын үйлдвэрлэлийн тал хувийг дангаараа үйлдвэрлэдэг “Түмэн шувуут”-ын хувьцааг худалдан авч мөнгөө өсгөх боломж танд нээгдэж байна.

Иргэд нь дажгүй амьдарч яваа гадны улсуудаас нэг зүйл их тод анзаарагддаг. Төрийн албан хаагч, компанийн ажилтан гэх мэт дундаж давхаргынхан нь ажлаа хийнгээ мөнгөө үржүүлэх нэг том аргатай. Тэд ажиллаж олсон цалингаараа хувьцаа худалдан авахыг илүүд үздэг. Манайд ч урдах ажлаа хийнгээ хувьцаанаас ашиг олсон шигээ дажгүй амьдарч яваа хүмүүс цөөнгүй бий. Хувьцааны зах зээл дээр идэвхтэй тоглодог 37 мянга орчим хүн бий гэсэн тоо дуулддаг. Тэгэхээр энэ зах зээл дээр гарч, мөнгөө үржүүлэх боломж, орон зай байгаа гэсэн үг. Аль ерээд оноос хувьцааны зах зээл дээр тоглоод дажгүй мөнгө олчихсон дал гаруй насны эрхэмтэй хэдэн жилийн өмнө уулзаж ярилцаж байсан юм. А.Чулуун гэхээр хөрөнгийн зах зээл дээр тоглодог жирийн иргэд анддаггүй юм билээ. Мань хүн хувьцаанаас сардаа гурван сая төгрөгийн ашиг олдог. Дансандаа хэдэн зуун сая төгрөгтэй хэрнээ мөнгөө тэрбум хүртэл зүтгэнэ гэж ярьж суусан нь санаанаас гардаггүй юм. Ерээд оноос хувьцааны зах зээлд тоглосон хүмүүсийн хувьд ингээд сууж байх нь тэгтлээ итгэж ядахаар дүр зураг биш л дээ. “Сүү” компанийн хувьцаа анх 100 төгрөгөөр гарч байсан бол өнөөдөр 200 гаруй мянган төгрөг болж цойлоод буй. АПУ компанийн хувьцааны ханш анхныхаа үнээс 160 дахин өсчихсөн яваа. Хувьцаанд хуримтлалаа хийгээд хэсэгтээ мартчихад л ийм том ашиг холын мөрөөдөл биш. Гэхдээ мэдээж үнэ цэнтэй, өсөх ирээдүйтэй компанийн хувьцааг худалдаж авбал өгөөжийг нь хүртсэн шиг хүртэнэ. Нэг үеэ бодвол манай хөрөнгийн зах зээл амилчихаад байгаа. Ирээдүйтэй компаниуд хувьцааныхаа тодорхой хувийг арилжаалж хөрөнгийн зах зээлээс мөнгө босгосоор байна. Хамгийн сайн жишээний нэг нь “Лэнд.мн”. Ирээдүй нь тодорхой, үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн нь үнэ цэнээ алдахааргүйгээр брэнд болж чадсан компаниуд аль болох олноороо IPO хийвэл эцсийн өгөөж нь иргэдэд л ашигтай тусна. Тийм үнэ цэнийг бүрдүүлж чадсан компанийн нэг бол энэ сарын 15-наас хувьцаагаа арилжаалж эхлэх “Түмэн шувуут”. Өөрөөр хэлбэл иргэдэд мөнгөө өсгөх бас нэг том боломж, гарцыг Хөрөнгийн бирж нээж өгч байна.

Сувиллын өндөг, селентэй өндөг, залуу тахианы өндөг, өглөөний өндөг гэх мэт бүтээгдэхүүнүүд нь зах зээлд брэнд болсон энэ компани 2004 онд өндөглөгч тахианы аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан юм. Өдгөө эко өндөгний сав баглаа боодлын үйлдвэр, шувуу болон малын тэжээл бэлтгэдэг “Агро Фийд” үйлдвэр “Түмэн шувуут” гэсэн нэрийн дор ажилладаг. Увс аймгийн Баруунтуруун суман дахь усалгаатай газар тариалан, баруун бүсийн иргэдийн хэрэгцээг хангадаг гурилын үйлдвэр ч эднийх.

Тэд “Хүнс хөдөө аж ахуйн цогц шийдэл” гэсэн малгай дор дөрвөн том, нэг нэмэлт төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. IPO хийж босгосон мөнгөөрөө тус компани өндөглөгч тахианы аж ахуйгаа өргөжүүлж, махны чиглэлийн тахианы аж ахуй байгуулна. Мөн усалгаатай газар тариалан хөгжүүлж, гурил тэжээлийн үйлдвэр ажиллуулах юм. Үүнээс гадна мал бордох махны экспортын төсөл хэрэгжүүлж, сангасны органик бордооны үйлдвэр барина. Тахианы аж ахуйгаас гарах сангасаар органик бордоо үйлдвэрлэх, усалгаатай тариалангийн талбайд тарьсан улаан буудайгаар гурил үйлдвэрлэж, тариалсан царгасаараа малын тэжээл хийж махны экспортын бизнесээ тэтгэх гээд хоорондоо уялдаа холбоотой төслүүд учраас “Хүнс хөдөө аж ахуйн цогц шийдэл” гэж тодотгожээ. “Түмэн шувуут”-ын IPO-гийн андерртайтер нь “Голомт капитал ҮЦК”. “Голомт капитал ҮЦК” ХХК-ийн тухайд өнгөрсөн онд хоёр IPO дээр ажилласан бол өнөө жилийн анхны IPO нь энэ. Санхүүгийн аудитыг нь олон улсын компаниар хийлгэсэн гэж андеррайтер компанийн зүгээс онцоллоо.

“Компанийн зарим том хөрөнгийг үнэлгээнд оруулаагүй. Жишээ нь Баруунтуруунд байдаг усалгаатай газар тариалан байна. Тэгэхээр нийтэд зарлаж буй үнэлгээнээс өндөр өгөөж цаана бий гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл энэ компанийн хувьцааг сонирхож буй хөрөнгө оруулагчдад ашигтай гэсэн үг” хэмээн “Голомт капитал”-ын гүйцэтгэх захирал О.Мөнхжаргал онцолсон юм. Компанийн хөрөнгийн үнэлгээ нь 21.5 тэрбум төгрөг бол бизнесийг нь 43.5 тэрбумаар үнэлжээ. 150 сая ширхэг хувьцаатай энэ компани 50 сая ширхэг хувьцаа нэмж гаргаж 10 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Нэгж хувьцааных нь үнэ 200 төгрөг. Захиалгын хугацаа нэгдүгээр сарын 15-31-ны өдрүүдэд үргэлжлэх тов гараад байна.

Манай сонин “Түмэн шувуут” компанийн хэрэгжүүлэх төслүүдийг цувралаар хүргэх гэж байна. Хамгийн түрүүнд онцлох төсөл бол өндөглөгч тахианы аж ахуй юм. “Түмэн шувуут”-ын гол бизнес бол өндөглөгч тахианы аж ахуй. Тахианы аж ахуйгаа өргөжүүлэх төслийг хэрэгжүүлэхэд 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа юм байна.

Манай улс өндөгнийхөө хэрэглээний ердөө тал хувийг дотоодоосоо хангадаг. Өнгөрсөн жил гэхэд л 120 сая ширхэг өндөг гаднаас худалдаж авчээ. Өндөгний хэрэглээ цаашид ч өснө гэсэн прогноз бий. Учир нь дэлхийн дунджаас гурав дахин бага хэмжээний өндөг хэрэглэдэг монголчуудын өндөгний хэрэглээ жилээс жилд өсч байгаа. 2007 он нэг монгол жилд 40 өндөг хэрэглэдэг байсан бол энэ тоо арван жилийн дараа 90 өндөг болж өссөн юм. Ойрын таван жилд манай улсын өндөгний хэрэглээ хоёр дахин өснө гэсэн тооцоо гарчээ. Тэгэхээр өндөгний зах зээлд өндөр хэрэгцээ байна гэсэн үг. “Түмэн шувуут” компанийнхан энэ хэрэгцээг олж хараад өндөглөгч тахианы аж ахуйгаа өргөжүүлэхээр шийджээ.

Сүүлийн үед монголчууд эрүүл хоолыг эрхэмлэдэг болсон. Шинэ өндөг хүний биед шингэх чадвараараа эхийн сүүний дараа ордог, хуучирахаараа шингэх чадвар нь 30 хувиар буурдаг гэх мэт мэдээллийг аль хэдийнэ авчихсан хэрэглэгчдийн хувьд “Түмэн шувуут” гэх мэт үндэсний үйлдвэрийнхээ өндгийг хамгийн түрүүнд сонгодог болоод удаж байна. Цаашид ч шинэ өндөгний хэрэглээ улам бүр нэмэгдэх нь тодорхой байгаа нь “Түмэн шувуут”-ын онцлох учиртай давуу тал.

Тус компани IPO хийж босгох мөнгөөрөө өндөглөгч тахианы шинэ байр барих юм байна. Энэ ажилд 1.2 тэрбум төгрөг шаардлагатай аж. Тодруулж хэлбэл IPO-гоос босгох мөнгөний 30 хувийг энэ ажилд зарцуулна. Өндөглөгч тахианы найм дахь байрыг барьснаар олон улсын стандартад нийцсэн үйл ажиллагаа явуулна гэсэн тайлбарыг компанийн зүгээс хэлж байна. Олон улсад нэг дэгдээхэйний байр тутамд дөрвөн өндөглөгч тахианы байр байрыг зохистой түвшин гэж үздэг аж.

310 мянган өндөглөгчтэй, өглөө бүр 140 мянга орчим шинэ өндөг зах зээлд нийлүүлдэг “Түмэн шувуут” компани өнөө жил өндөглөгч тахианыхаа тоог 350 мянгад хүргэж, жилд 65-70 сая ширхэг өндөг үйлдвэрлэхээр төлөвлөжээ.Өнгөрсөн оны эхний гурван улиралд гэхэд л 40 сая ширхэг өндөг зах зээлд нийлүүлсэн аж. Тус компанийн гүйцэтгэх захирал Ж.Болд өндөглөгч тахианыхаа тоог нэмэхээс гадна өндөг боловсруулах үйлдвэр шинээр барихаар төлөвлөснөө бидэнд сонирхуулсан юм. Үйлдвэрээ барьчихвал өндөгийг угааж цэвэрлэж, жингээр ялгаж савладаг иж бүрэн шугамтай болно гэж компанийн үүсгэн байгуулагч, хөдөө аж ахуйн ухааны доктор (Phd) Л.Эрхэмбаяр онцлов. Тэрээр “Хөдөө аж ахуйн бизнесийн дэлхийн чиг хандлагыг анзаарахад жижгээсээ том руугаа явж байгаа. Биеийн хүчний хөдөлмөрөөс техник технологийн дэвшил рүү хурдтай шилжиж байна. Шинжлэх ухаан, инноваци, ноу хау, өндөр бүтээмжийг илүүд үзэх болсон. Ингэж байж бид бусад орны өндөг, тэжээл, хүнсний бүтээгдэхүүнтэй өрсөлдөнө. Хятадын “Жин да” компани гэхэд л 22 сая толгой өндөглөгч шувуутай, Америкийн голлох компани болох CAL­MAIN FOODS гэхэд 40.1 сая өндөглөгчтэй. Оросод бол гурван сая өндөглөгч бол наад захын хүчин чадал. Уралын нурууны наагуур гэхэд л 3.6 сая өндөглөгчтэй үйлдвэрүүд бий. Тиймээс 310 мянган өндөглөгч бол маш өчүүхэн тоо. Цаашдаа хэмжээгээ томруулж байж л өрсөлдөөнийг давна” хэмээн ярьсан юм. “Түмэн шувуут” компани өндөг боловсруулах үйлдвэр нэмж суурилуулахаар төлөвлөжээ. Хамтарч байгаа компани нь өндөгний тоног төхөөрөмжийн судалгаа, үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Японы “Набел”. Өндөг угааж цэвэрлэх, өндөгний чанарыг тухай бүрд нь шалгаж, жинг нь хэмжин ангилах, савлах гэсэн шат дамжлагатай бүрэн автомат үйлдвэртэй болсноор бүтээгдэхүүний чанар сайжирч, хүнээс хамаарсан гэмтэл, хагарал гарах нь эрс багасах давуу талтай аж. Тэгэхээр энэ үйлдвэрийг барьчихвал цаг хугацаа, зардал мөнгө хэмнэхээс эхлээд олон давуу тал үүсэх нь. “Түмэн шувуут”-ын нийт өндөгний 2-3 хувь нь хагарч гэмтдэг учраас зах зээлийн үнээс 50 хувь хямд үнээр зарж борлуулахаас аргагүйд хүрдэг гэнэ. Япон технологийн өндөг боловсруулах үйлдвэртэй болчихвол ийм асуудалгүй болно гэж “Түмэн шувуут”-ын гүйцэтгэх захирал Ж.Болд ярилаа.

“Голомт капитал ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Мөнхжаргал “Үнэт цаас гаргагчийн тахианы аж ахуй 2015 онд 300 сая төгрөгийн ашиг хийсэн бол өнгөрсөн жил 2.5 тэрбумын ашигтай ажилласан. Уг нь урьдчилсан таамгаар 1.7 тэрбум гэсэн тоо гарч байсан юм. Өөрөөр хэлбэл таамгаас нэлээд давсан сайн ашигтай ажилласан гэсэн үг. Хорогдол, элэгдлийг хасч цэвэр бэлэн мөнгөний ашгийг тооцоход нэлээд өндөр дүн гарсан” хэмээн ярилаа.

“Түмэн шувуут” 2017 онд 51.3 сая ширхэг өндөг үйлдвэрлэсэн бол энэ жил 65.6 сая ширхэг, ирэх онд 67.8 сая ширхэг өндөг үйлдвэрлэж, үйлдвэрлэлээ 32 хувиар нэмэхээр ажиллаж байна.

Тус компани тэжээл, үржлийн өндөг импортлох, өндөг баяжуулах асуудлаар АНУ, ОХУ, Хятад, Европын нэр хүндтэй, салбартаа тэргүүлэх компаниудтай байнгын хамтын ажиллагаатай ажилладагийн энэ дашрамд онцолъё.

Их хэмжээний хөрөнгө оруулалт шаардсан дараагийн ажил нь махны чиглэлийн тахианы аж ахуй. Нийт хөрөнгө оруулалтын 40 хувийг энэ төсөлд зарцуулах юм. Манай сонин маргаашийн дугаартаа энэ төслийн талаар онцлон хүргэх болно

Categories
мэдээ эдийн-засаг

Ухаалаг эрчим хүчний хэрэглээтэй улс болох эхний суурийг 2019 онд тавина гэв

Эрчим хүчний системд ухаалаг тоног төхөөрөмж суурилуулснаар баталгаат найдвартай үйл ажиллагааг хангахаас гадна хэмнэлт, үр ашгийг дээшлүүлнэ хэмээн Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн мэдэгдэв. Тус яамнаас энэ оныг “Ухаалаг эрчим хүчний жил” болгон зарлаж, энэ үйл ажиллагаагаа дулааны цахилгаан станцуудын турбо генератор, цахилгаан дамжуулах релейн шугамуудад аваар ослыг урьдчилан мэдэрч, мэдээлэх тоног төхөөрөмж бүхий системийг суурилуулахаас эхэлж байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгээс тодруулав.

-Ухаалаг системийг хэдийнээс суурилуулж эхлэх вэ?

-Юуны өмнө, дэлхий нийтээр хүний хэмжиж болох бүх зүйлийг ухаалаг системээр дамжуулан шийддэг болсон өнөө цагт бид дэвшилтэт технологийн хөгжлөөс хоцрох ёсгүйг хэлэх учиртай. Эрчим хүчний салбарт ухаалаг системийг нэвтрүүлснээр найдвартай үйл ажиллагаа, үр ашгийг дээшлүүлэхээс гадна цахилгаан, дулааныг хэмнэж, олон улсын жишгийн дагуу агаар, орчны бохирдлыг бууруулан хүлэмжийн хийг багасгахад томоохон хувь нэмэр оруулна. Тиймээс бид энэ жилээс эхлэн дэлхий дахинд хэрэглэж буй дэвшилтэт арга хэлбэр, технологиудыг нэвтрүүлнэ. Бусад улс орнуудад ашиглаж буй хамгийн боломжтой хэмээн амьдралд батлагдсан туршлагуудыг хэрэгжүүлнэ. Энэ ажлыг Диспетчерийн үндэсний төвөөс буюу нэгжийн үйл ажиллагаанаас эхэлж байна.

Дараагийн ажил нь хамгийн өндөр түвшний технологийн шийдлийг боловсруулж гүйцэтгэдэг, программистуудаас эхлээд мэргэшсэн инженер техникийн ажилтнуудыг бэлтгэнэ. “Ухаалаг систем”-ийн үйл ажиллагаанд манай салбарын бүх байгууллага, компани оролцож дор бүрнээ мэдээллийн технологийг нэвтрүүлнэ. Өнгөрсөн жил станцуудад аваар осол гарч, дулааны шугам хоолой хагарсан хэрэг явдал болсныг та бүхэн мэдэж байгаа. Тэгвэл одоо ухаалаг системийн хүрээнд мэдрэгч төхөөрөмжүүд суурилуулснаар тэр бүгдийг урьдчилж мэддэг болно.

Одоо бол осол аваар, саатлыг релей хамгаалалтын автоматаар ажилладаг төхөөрөмжөөр мэдэж арилгаж байна. Ухаалаг системийн мэдрэгч төхөөрөмж байрлуулснаар, ирсэн мэдээллийн дагуу доголдол саатлыг цаг тухай бүрт нь засаж сайжруулах арга хэмжээ авдаг болно. Тодруулж хэлэхэд, шугам хоолойны металлыг мэдрэгч суурилуулснаар тухайн шугам хоолой хэр элэгдэж хуучирсныг металлын бүтцээр нь мэднэ. Ингэснээр аваар саатлыг эрс багасгана. Эхний ээлжинд бид ОХУ-тай хамтран ДЦС-4-ийн шинэчлэл дээр анхны мэдрэгч төхөөрөмжийг суурилуулах гэж байна. Цаашлаад дамжуулах түгээх сүлжээнүүд дээр ийм тоног төхөөрөмжүүдийг суурилуулж нэвтрүүлнэ. Ингэснээр салбарын хэмжээнд ухаалаг эрчим хүчний хэрэглээтэй улс болох эхний суурийг 2019 онд тавина.

-Ухаалаг системийн тоног төхөөрөөмжүүдийг хаанаас нийлүүлж байгаа вэ, хэдий хэмжээний хөрөнгө шаардлагатай вэ?

-Хөрөнгийн тооцоог одоогоор хараахан гаргаагүй, ажил яваад эхлэхээр тодорхой болно. Тиймээс энэ жилийн төсөвт суугаагүй. Төлөвлөгөөг бол гаргасан. Ер нь бол хөрөнгийг эрчим хүчний байгууллагууд өөрсдөө гаргаж суулгана. Ийм боломж бий. Бид энэ чиглэлээр системийн байгууллага, компаниудын ТУЗ-д байгууллагынхаа хүрээнд ямар шийдлүүд гарч болохоор байна, тэр хэмжээнд хөрөнгө санхүүгээ тооцон төлөвлөж ажиллах чиглэл өгөөд байгаа.

-Ухаалаг системийн тоног төхөөрөмжүүдийг нэвтрүүлснээр агаарын бохирдлыг бууруулахад ямар нөлөө үзүүлэх вэ?

-Хүлэмжийн хийн ялгарлыг багасгаж бууруулахад, ДЦС-уудын зуухнууд дээр төрөл бүрийн дэвшилтэт төхөөрөмжүүдийг суурилуулж тавина. Ингэснээр станцууд болон ойр орчим гарч буй хорт хийн ялгарал буурна. Түлшний сүлжээнүүд дээр мөн ийм төхөөрөмжүүдийг байршуулснаар нэг талаар найдвартай ажиллагааг хангахаас гадна хүлэмжийн хийд тавих хяналт сайжрах юм.

Салбарын хүрээнд агаарын бохирдлыг бууруулах тухайд, 2 ажлыг хийж байна. Нэгд, нийслэл хотын 42 мянган айл өрхөд 4 квт-ын халаагуур залгах боломжийг бүрдүүлсэн. Энэ ажил дуусч, одоо Улсын комисс хүлээн авч байна. Ингэснээр нийслэл хотод дээрх тооны айл өрх хамгийн дэвшилттэй, эдийн засгийн хувьд үр ашигтай халаагуур хэрэглэдэг болно гэсэн үг. Хоёрт, манай яамны харьяанд түлшний асуудал байдаг. Нийслэлд эхний ээлжинд 250 мянган тонн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг байгуулж ашиглалтад оруулаад байна. Үйлдвэр нь жилдээ 600 мянган тонн шахмал түлш нийлүүлэх хүчин чадалтай бөгөөд 2-3 дугаар шугамыг ойрын хугацаанд өргөтгөнө. Энэ онд шаардлагатай нөөцийг бүрдүүлснээр ирэх намар гэхэд нийлүүлэлтийг бүрэн хангана.

Categories
мэдээ эдийн-засаг

Ирэх саруудад инфляц найман хувиас давахаар байна гэв

Төв банк өнгөрсөн сарын Инфляцын тайлангаа гаргажээ. Монголбанк инфляцыг 2018-2020 онд найман орчимд тогтворжуулах зорилтыг тавьсан. Инфляц өнгөрсөн оны арваннэгдүгээр сард улсын хэмжээнд 8.1 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 9.3 хувь байсан. Тэдний тайлбарласнаар нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлсийн нөлөөгөөр инфляци сүүлийн саруудад нэмэгдсэн. Тайлант улиралд хүнс болон төрийн зохицуулалттай барааны үнэ төсөөллөөс бага байжээ. Эрэлтийн шалтгаантай инфляц алгуур нэмэгдэж байгаа боловч нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлт сүүлийн саруудад огцом нэмэгдлээ. Тухайлбал арваннэгдүгээр сарын инфляц 2.25 хувь болж огцом нэмэгдэхэд мах, шатахуун, хатуу түлш гэсэн гурван төрлийн бүтээгдэхүүний үнийн нийлүүлэлтийн шалтгаантай өсөлт голлох нөлөөг үзүүлэв. Ирэх саруудад мах, хатуу түлш, шатахууны үнийн өөрчлөлттэй холбоотойгоор 8 хувиас давахаар байгаа аж.

Categories
мэдээ эдийн-засаг

Ч.Хүрэлбаатар: 120 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголт хийгдэнэ

Сангийн яамнаас 2018 оны улсын төсвийн гүйцэтгэл, 2019 оны улсын төсвийн талаар мэдээлэл хийлээ

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Та бүхэнд 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг үндэслэн мэдээлэл хийж байна. Түүхэндээ анх удаа нэгдсэн төсөв 10 их наяд төгрөгөөр давсан орлого бүрдлээ. Нэгдсэн төсвийн орлого 25 хувиар нэмэгдлээ. Тэнцвэржүүлсэн орлого 9 их наядаар нэмэгдлээ. Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл анх удаагаа ашигтай гарч байна. Төсвийн орлого 2 их наяд төгрөгөөр давж биелсэн. Үүнээс уул уурхайгаас 670 тэрбум, бусад нэмэгдсэн орлого 1 их наяд төгрөг. Уул уурхайн баялаг нэмэгдсэн орлого 30 хувьтай, бусад нь эдийн засгийн өсөлтөөс хамааралтай. Монгол Улсын эдийн засгийн үндсэн үзүүлэлт, харьцаа, цаашдаа авах бодлого зөв эсэхийг үндэслэн өгсөн үнэлгээ бол зээлжих зэрэглэл байдаг. Өнгөрсөн 2018 онд зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлсэн нь Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж, аж ахуйн нэгжүүдийн гадаад харилцаанд нөлөөлсөн. Төсвийн сахилга бат мөн үүнд хамааралтай. Сүүлийн 10 гаруй жил улсын төсвийг байнга тодотгож ирсэн. Төсвийн тодотгол хийнэ гэдэг чинь төрийн зардал хийнэ гэсэн үг. 2018 онд У.Хүрэлсүхийн Засгийн газар улсын төсөв тодотгохгүй гэдэг зарчмаа барьж ирсэн. Энэ нь улсын төсвийн орлого, зардлаа зөв тооцож, барьж ирэх хэрэгтэй. НӨАТ-ын буцаан олголтыг энэ жил 120 тэрбум төгрөгийг ард иргэд буцаан авна. Өнгөрсөн оныхоос 40 хувиар нэмэгдсэн нь эдийн засгийн идэвхжил явж байна гэсэн үг. 2018 онд Засгийн газар дотоод, гадаадад нэг ч бонд гаргаагүй. Бонд, үнэт цаас гаргаагүй учраас бид Засгийн газрын зээлийн төлбөр дээр 100 гаруй тэрбум төгрөгийг хэмнэж чадсан. Мөн бүтцийн өөрчлөлт хийж чадсан. 400 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж чадаагүй. Яагаад гэвэл тендэрүүд нь оройтсон. Улсын нэгдсэн төсвийг өмнө нь УИХ-д өргөн барьсан. Өрийн хувьд ирэх жил төсөвт хүндрэл учруулахгүй. Нийт Засгийн газрын өрийн хэмжээ 21 их наяд төгрөг. ДНБ-ний 60.9 хувь буюу 2017 онтой харьцуулахад 20 хувиар буурч байна. Ингэснээр ирэх жилүүдэд өрийн дарамтгүй болно” хэмээв. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Валютын ханшийг цаашид хэрхэн барих вэ?

-Валютын ханшны хөдөлгөөнийг Монголбанк илүү барих хэрэгтэй. Сангийн яамны хувьд гадаад болон дотоодын өрийн асуудлыг зохицуулахад валютын ханшийг цаашдаа барихад нөлөөлнө. Экспортын тухайд хяналтыг сайн барих хэрэгтэй. Экспортын орлогыг нэмэгдүүлэх замаар валютын ханшид нөлөөлнө. Экспортод аль болох олон бүтээгдэхүүн гаргах юм. Энэ чиглэлд Засгийн газар бодлогоо бариад явах хэрэгтэй.

-Ирэх жилүүдэд бондын өрийг хэрхэн төлөх вэ?

-2022 онд Чингис бондын нэг тэрбум ам.долларын төлбөр төлөх учиртай. Энэ нь хүндрэлтэй асуудал. Тиймээс төлбөрийг бууруулах асуудлаар Сангийн яам ажилллаж байна. Үр дүнг нь гарахаар эргэж мэдээлнэ.

Categories
мэдээ эдийн-засаг

Энэ онд ипотекийн зээлийн санхүүжилтэд 115 тэрбум төгрөг төсөвлөжээ

Монголбанк ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2018 онд нийт 309.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 4.676 иргэнд олгожээ. Үүнээс Монголбанкны эх үүсвэрээс 191.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2.768 иргэнд, Засгийн газрын эх үүсвэрээс 118.1 тэрбум төгрөгийг 1.908 иргэнд олгосон байна.

ОУВС энэ оноос эхлэн ипотекийн зээлийг Засгийн газрын мэдэлд шилжүүлэх шаардлагыг тавьсан ч эдийн засгийн нөхцөл байдлын улмаас Засгийн газар дангаараа дааж авч явж чадахгүй учир Монголбанктай хамтран хэрэгжүүлэхээр болсон. Энэ оны буюу 2019 оны төсөвт ипотекийн зээлийн санхүүжилтэд 115 тэрбум төгрөг төсөвлөсөн юм.

Энэ жилийн хувьд, дээрх санхүүжилтээс гадна ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр санжүүжнэ гэж албаны хүн нэмж хэллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

“Айтүүлс ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байв

2019 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр I, II, III ангиллын 19 хувьцаат компанийн 137,669,434 төгрөгийн үнийн дүн бүхий 479,626 ширхэг хувьцаа арилжигдсанаас 6 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурч 1 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Хай би ойл ХК (HBO+2.82%) болон “Айтүүлс ХК (ITLS+0.24%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Дархан хөвөн ХК (DAH-10.00%) болон “Монноос ХК (MNS-8.33%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр “TOP 20” индекс 1.08 хувиар буурч 21531.32 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,496,165,084,171 төгрөг боллоо.

Categories
мэдээ эдийн-засаг

Аи 92 шатахууны дундаж үнэ 1922 төгрөг байна

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд Аи 92 шатахууны дундаж үнэ 1922, Аи 80 1880, Аи 95 2313, ДТ 2451 төгрөгийн үнэтэй байна. Орон нутгийн хувьд бүсээсээ шалтгаалаад шатахууны үнэ өөр байгаа. Тухайлбал, Ховд, Увсад Аи 92 шатахууны үнэ 2000 төгрөг даваад буй. Харин ДТ Завхан аймагт хамгийн үнэтэй буюу 2585, ГовьАлтайд 2550 төгрөг байна.

Манай улсын хувьд өнгөрсөн он шатахууны үнийн хувьд тогторгүй жил байсан. Харин оны сүүлээс Засгийн газар шатахуун импортлогчидтой тохиролцсоны дагуу үнэ 100 төгрөгөөр буураад байгаа билээ.

Categories
мэдээ эдийн-засаг

“Эрдэнэс-Тавантолгой” ХК 2018 онд 720 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ

Эрдэнэс таван толгой ХК-н гүйцэтгэх захирал Б.Ганхуяг 2018 онд хийж гүйцэтгэсэн ажилаа тайлганалаа.

Тэрээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК байгуулагдсан цагаасаа хойш 45.8 сая тонн нүүрс олборлож, нийт хугацаанд 4.6 их наяд төгрөг буюу 2.1 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажилласнаас, үүнээс 2018 онд 1.99 их наяд төгрөгийн орлоготойгоор Чалко ХК-ны 2010 оноос хойш үүссэн 680сая ам долларын гадаад, дотоод өр төлбөрийг бүрэн төлж дуусгалаа.

2018 онд улсын төсөвт 510 тэрбум төгрөг төвлөрүүлж, компанийн цэвэр ашгийг 335 тэрбум төгрөг байхаар төлөвлөснийг 720 тэрбум төгрөгт хүргэж төлөвлөгөөг 2.1 дахин давуулан биелүүллээ. 2016 оны нэгдүгээр улиралд “Чалко” компанид нэг тонн нүүрсийг 24.97 ам.доллар нийлүүлж байсан бол 2017 оны 1-р улиралд 59.33 ам.доллар, 2018 оны 2-р улиралд 61.0 ам.доллар, 2019 оны 1-р улирлаас 63.32 ам.доллар болгож нэмэгдүүлснээр үнийг 2 5 дахин өсгөсөн үзүүлэлт гаргалаа. Харин Цанхийн баруун уурхайн 2016 оны 1-р улиралд 23.2 ам.доллар байсан үнийг нээлттэй сонгон шалгаруулалтаар 71.25 ам.доллар болгон нэмэгдүүлж, коксжих нүүрсний 7 гэрээ, исэлдсэн нүүрсний 20 гэрээг тус тус байгуулсан.

Мөн 2018 оны 8 дугаар сарын 26-нд ордын нөөцийн нэгдсэн тайланг ЭБМЗөвлөлөөр баталгаажуулж, блокийн аргачлалаар 5.1 тэрбум байсан нөөцийг 6.3 тэрбумд хүргэн тооцуулснаар Жорк стандартад шилжсэн дүнгээр 8 тэрбум тонн буюу түүнээс дээш хэмжээний нөөцтэй байх боломжтойгоор шийдвэрлүүлээд байна. 2018 онд ажилчин, уурхайчдынхаа цалинг 21 хувиар ХАБ-ын нэмэгдлийг 30 хувиар, шенийн нэмэгдлийг 50 хувиар тус тус өсгөж, урамшуулалт болон үндсэн цалингийн санг нэмэгдүүлж, хүүхэд асарч буй эхчүүдэд cap бүр тэтгэмж олгодог боллоо. Нийгмийн хариуцлагын хүрээнд Өмнөговь аймагтай 40 тэрбум төгрөгний хамтран ажиллах гэрээг байгуулж. сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж зэргийг байгуулахаар болсон бол Улаанбаатар хотод Таван толгойн ордын нүүрсийг нийлүүлж, сайжруулсан түлш үйлдвэрлэх үйлдвэрийг ашиглалтад өгөөд байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, ЗГ-аас компанийг олон улсын зах зээлд IPO гаргах үүргийг өгснөөс хойш ордыг ашиглах ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж, дэд бүтцийн төслүүд-(НБҮ, усан хангамж, төмөр зам, авто зам, ЦСтанц)-ийг хөдөлгөх тооцоо, судалгааг хийж, зарим ТЭЗҮ-ийг батлуулахад бэлэн болгож, олон улсын 4 зөвлөх, нэмэлтээр санхүүгийн байгууллага, шинжээчидтэй хамтрах ажлуудыг зохион байгуулах зэргээр төслийн нэгдүгээр шатанд хийгдсэн ажлын тайланг УИХ-д мэдээлж, танилцуулахад бэлэн боллоо.

Компанийн засаглалыг сайжруулах, ил тод, нээлттэй байдлыг бий болгох зорилгоор Эрдэмтдийн зөвлөл, Олон нийтийн зөвлөлийг дэргэдээ байгуулж Төрийн бус байгууллагуудтай бүх түвшинд хамтран ажилласан байна. Мөн 2018 оны 5 дугаар сард байгуулагдсан “1,072 хувьцаа мэдээллийн төв”-өөр дамжуулан давхардсан тоогоор 1.25 сая иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгч, 500 мянга гаруй иргэд үнэт цаасны дансаа нээлгэх боломжийг бүрдүүлж өглөө.

Мөн тэрээр 2019 оныг дэлхийн зах зээлд өрсөлдсөн хөгжлийн жил болгохоо зарлав.

Categories
мэдээ эдийн-засаг

10 ББСБ дүрэм, бүтэц, хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулжээ

Банк бус санхүүгийн байгууллага нь дүрмийн сангийн хэмжээ, бүтэц, хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах бүртээ Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэн зөвшөөрөл авч байхаар Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд заасан байдаг. Үүний дагуу ББСБ-уудаас ирүүлсэн хүсэлтийг нягтлан шалгасны үндсэн дээр 2018 оны арванхоёрдугаар сард нийт 10 ББСБ-ын дүрмийн сангийн хэмжээ, бүтэц, хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан байна.

Эдгээрээс 3 ББСБ хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлсэн бол 7 ББСБ хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн, хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтцэд өөрчлөлт оруулах хүсэлтээ холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлүүлжээ. Мөн өнгөрсөн сард 1 ББСБ салбар байгуулах зөвшөөрөл авч, 1 ББСБ оноосон нэрээ өөрчилсөн байна гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.