Categories
мэдээ эдийн-засаг

Монгол Улс Авлигийн индексээр 180 улсаас 93 дугаарт жагслаа

Transparency International байгууллага Авлигийн индексийг шинэчлэн танилцуулсан байна. Уг индекст 100 нэгж нь ямар ч авлигагүйг илтгэдэг бол 0 нэгж нь маш их авлигатайг илтгэдэг байна. Дани улс 88 оноо, Шинэ Зеландын 87 дугаар байранд оржээ. Финлянд, Сингапур, Швед, Швейцарь, Норвеги, Нидерланд, Канад, Люксембург, Герман, Их Британи зэрэг улсуудын үзүүлэлтээрээ тэргүүлж байгаа бол Сомали 10 нэгжээр, Өмнөд Судан болон Сири тус бүр 13 нэгжээр хамгийн “авлигад идэгдсэн” улсаар нэрлэгдсэн байна. Монгол Улс 2018 онд 37 нэгжийн үнэлгээ авч, уг индекст 93 дугаарт жагслаа. Тус тайлан нь улс орнуудыг авлигын талаарх баримт нотолгооноос илүүтэйгээр төрийн салбарт авлига хэр их байдаг талаархи ойлголттой уялдаж гардаг юм. Бүс нутгийн хүрээнд хамгийн өндөр оноотой нь Баруун Европ бөгөөд дунджаар 66 оноотой. Хамгийн бага оноо авсан бүс нутаг нь дунджаар 33 оноотой Сахарын Африк юм. Ази Номхон далайн дундаж нь 44 байхад Зүүн Европ / Төв Азийн дундаж нь 35 байна. Америк тивийн дундаж нь 44 байна. Дараахь13 байгууллагын судалгаанд үндэслэн улс орон бүрийн дунджийг тогтоодог. Африкийн хөгжлийн банк, Бертельманн Стифлун, Эдийн засагч Тагнуулын алба, Freedom House, Global Insight, Менежментийн хөгжлийн олон улсын институт, Улс төрийн болон Эдийн засгийн эрсдлийн зөвлөгөө, Африкийн Хөгжлийн Банк PRS групп, Дэлхийн банк, Дэлхийн эдийн засгийн форум, Дэлхийн шударга ёсны төсөл, Ардчиллын янз бүрийн хэлбэрүүд ордог. 2016 онд улс төрийн эрдэмтэн Дан Ху Вашингтон Пост дахь нийтлэлдээ “Авлигын талаархи ойлголтыг хэмжих жагсаах нь нь зүйтэй гэж үзсэн бөгөөд түүний хэлснээр ингэж жагсаах нь бүс нутгуудын талаархи сөрөг хэвшмэл ойлголтыг бий болгоход нөлөөлсөн юм.

Эрүүл ардчилал авлигатай тэмцэх чадвартай байдаг.

Гэсэн хэдий ч энэ жилийн тайланд дэлхийн улс орнуудын авлигын төлөв байдлын талаархи ойлголтыг өгч, энэ нь сэтгэл гонсойлгосон хариу өгөв. 180 орны гуравны хоёр нь 100-с 50 ба түүнээс бага оноо авсан бол дэлхийн дундаж оноо 43 байгаа нь харамсалтай хэрэг билээ.

Б.ЦЭНДСАЙХАН

Categories
мэдээ эдийн-засаг

Тэтгэврийн нэмэгдэлд улсын төсвөөс 119.5 тэрбум төгрөг зарцуулахаар батлажээ

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр тусгасан билээ.

Үүний дагуу 2019 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэврийг 2019 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс нэмэхээр шийдвэрлэсэн билээ.

Нийгмийн даатгалын сангаас одоогийн байдлаар 408.3 мянган тэтгэвэр авагч сар бүр тэтгэвэр авч байна. Тэтгэврийн нэмэгдэлд улсын төсвөөс 119.5 тэрбум төгрөг зарцуулахаар батлагдсаны дагуу ирэх сарын нэгнээс тэтгэврийн хэмжээг 24-30 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр болжээ.

Ингэснээр бүрэн тэтгэврийн доод хэмжээ 310 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 270 мянган төгрөг, тэтгэврийн дундаж 372.5 мянган төгрөгт хүрч байна.

Нийгмийн даатгалын байгууллага нь сар шинийн өмнө тэтгэврийн нэмэгдлийг олгохоор тооцооллын болон програм хангамжийн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа ажээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Инфляци энэ оны эцэст 7.8 хувьтай байна гэж шинжээчид үзжээ

Өнгөрсөн сарын Инфляцын тайланг төв банкнаас гаргаж, нээлттэй сонсгол хийв. Энэ үеэр олон улсын туршлагад тулгуурлан иргэд, ААН болон шинжээчдийн инфляцийн хүлээлтийг тооцоолсноо танилцуулав. Ингэхэд иргэд инфляцийг энэ оны эцэст 8.2, ААН-үүд 5.1, шинжээчид 7.8 хувьтай байхаар хүлээлттэй байгаа аж.

Өнөөдрийн байдлаар инфляц улсын хэмжээнд 8.1, Улаанбаатарт 9.7 хувьд хүрээд байна. Оны өмнө нийслэлд 9.3 хувьтай байсан инфляц Сар шинийн баяртай холбогдуулан бага зэрэг өсжээ. Сүүлийн хоёр сард инфляц эрэлтээс шалтгаалан огцом өссөн тухай Төв банкнаас мэдээлж байв. Тухайлбал, ирэх хавар нийслэл рүү нүүрс оруулахыг хориглосноос үүдэн түлээний үнэ өсөх, мөн өвлийн улирал эхлэхтэй холбогдуулан иргэд идшээ бэлддэг тул махны үнэ нэмэгдэх зэргээс шалтгаалан махны үнэ өссөнтэй холбон тайлбарласан юм. Тэгвэл энэ онд Азийн хөгжлийн банкнаас ДНБ өсөлтийг 4.3 хувь болж, инфляц улсын хэмжээнд долоон хувь байна гэж таамагласан юм. Харин ОУВС-гийн Дэлхийн эдийн засгийн төлөв байдлын тайланд инфляцыг 6.8 хувьд байхаар таамагласан бол Монголбанк найман хувьд барихаар болсон.

Categories
мэдээ эдийн-засаг

Аи 92 шатахуун баруун бүсэд 1960 төгрөг байна

Шатахууны дундаж үнийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас гаргажээ. Үүнд шатахууны үнэ улсын хэмжээнд буусан гэж дүгнэсэн байна. Уг дүнгээр иргэдийн өргөн хэрэглээний Аи 92 шатахууны үнэ Улаанбаатарт 1824 төгрөг байгаа аж. Баруун бүсэд 1960 байгаа юм байна. Эл шатахуун Ховд аймагт хамгийн үнэтэй буюу 2005 төгрөг байна. Хангайн бүсийн дундаж үнэ 1790, төвийн бүсэд 1793, зүүн бүсэд 1840 төгрөгөөр худалдаалж байгаа юм. Тэгвэл Аи 80 шатахуун улсын дундаж үнэ 1768 төгрөг байгаа бол Аи 95 1765 төгрөг байгаа гэнэ. Шатахууны үнэ улсын хэмжээнд баруун бүсэд хамгийн үнэтэй байгаа. Тодруулбал, Аи 80 баруун баруун бүсэд дунджаар 1902 төгрөг байна. ДТ улсын хэмжээнд дунджаар 2353, зүүн бүсэд 2403, төвийн бүсэд 2361, хангайн бүсэд 2138, баруун бүсэд 2382 төгрөгийн үнэтэй байгаа аж.

Categories
мэдээ эдийн-засаг

СЗХ: Шаардлага хангахгүй байгаа компаниудын зах зээлд оролцох оролцоонд хязгаарлалт тавина

Image result for санхүүгийн зохицуулах хороо

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг үндэслэн Санхүүгийн зохицуулах хороо 2016 онд 94 тоот тогтоол баталж, үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх бол 30.0 сая, үнэт цаасны брокерын үйл ажиллагаа эрхлэх бол 100.0 сая, дилер хийх бол 200.0 сая, андеррайтер 1.0 тэрбум төгрөг байхаар хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг тогтоосон. Тогтоолыг 2017 оны нэгдүгээр сарын 01-нээс мөрдөж эхэлсэн боловч зарим нэр бүхий үнэт цаасны компани өнөөдрийг хүртэл хувь нийлүүлсэн хөрөнгөө зохих хэмжээнд хүргэхгүй, зах зээлийн зуучлалын үүргээ хэрэгжүүлэхгүй, Хорооноос тавьж байгаа шаардлага, шалгуурыг хангаж ажиллахгүй байна. Иймд Хороо шаардлага хангахгүй байгаа компаниудын зах зээлд оролцох оролцоонд хязгаарлалт тавьж байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна.

Бизнесийн үйл ажиллагаа, зах зээлд оролцох оролцоог хязгаарласаар байхад цаашид Хорооноос мөрдүүлж буй шаардлага, шалгуур, зохистой харьцааг хангахгүй бол хууль тогтоомжийн дагуу шат дараалсан арга хэмжээ авахыг анхааруулж байна.

Хязгаарлалтад хамаарсан компаниас үнэт цаасны андеррайтер, брокер, дилерийн үйлчилгээ авах нь эрсдэлтэй болохыг хөрөнгө оруулагч иргэн, бизнесийн байгууллага, аж ахуй нэгжүүд анхаарч, үйлчилгээ үзүүлэгч компанийхаа санхүүгийн болон үйл ажиллагааны үзүүлэлтийг сайтар нягтлах, хязгаарлалттай холбоотой мэдээллээр Хороо болон бусад албан ёсны эх сурвалжид хандахыг зөвлөж байна. САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО” гэжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Ууцны дундаж үнэ 230 мянган төгрөг байна

2019 оны нэгдүгээр сарын 16-ны байдлаар сар шинийн баярын ширээний ууц дунджаар 230 мянган төгрөг байна. 2018 оны сар шинийн баярын өмнөх үеэс ууцны үнэ 10.8 хувиар буюу 22500 төгрөгөөр өссөн байна. Овор хэмжээ бага ууцыг “Хүчит Шонхор” зах дээр 150-160 мянган төгрөг, дунд хэмжээний ууцыг 180-220 мянган төгрөг, том овор хэмжээтэй ууцыг 250 -300 мянган төгрөгөөр тус тус худалдаж байна.

Цагаан сарын баярын ширээний тавгийн гол идээ болох хэвийн боовны үнэ нэг ширхэг нь дунджаар 2583 төгрөг байна. 2018 оны цагаан сарын баярын өмнөх үеэс хэвийн боовны үнэ 22.3 хувиар буюу 470 төгрөгөөр өссөн байлаа.

Categories
мэдээ эдийн-засаг

Цагаан сар ба цалин тэтгэвэрийн зээл

XIII зуун Эзэн Чингис хааны үеээс өвлийг өнөтэй давж урин цаг ирснийг билэгшээн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдөр”Цагаан сар” хэмээх баярыг тэмдэглэдэг болсон билээ. Монголчууд цагаан сард олон хоногийн өмнөөс бэлдэж , малын хашаа хороогоо цэвэрлэн, засварлана. Гэрийн гадна доторгүй тоос шороогоо гөвж, шинэ сардаа хир буртаггүй, өр ширгүй, ариун тунгалагбүхнийг билэгшээн шинэлэдэг сайхан уламжлалтай. Ерөөсөө энэ баярын утга учир нь л удаан уулзаагүй төрөл садантайгаа учран золгож, муу муухайг эцэс болгон, сайхан бүхний төлөө өнгөрснийг мартаж маргаашийн шинэ амьдралыг өөдрөгөөр угтах юм шүү дээ. Харамсалтай нь өнөө үед тэр сайхан уламжлал, ширээнд зассан идээ, хүнд өгөх бэлэг сэлт, тамхилах хөөргөөрөө өрсөлдөх өрсөлдөөн болж, амьжиргааний түвшин доогуур өрхүүдэд дарамт учруулж байна. Эзэн Чингис хаан нэгэнтээ

“Эмээл хүндэдвээс тохсон моринд дарш болно

Эрхэм хэтэрвээс хүмүүний сэтгэлд осол болно

Янз хэтэрвээс ядуу дордост зүдгүүр болно

Хожмийн үр сад эрхэмдээ эрэмшин, осол цалгаа болмой, тиймээс энгийн даруу болго” хэмээн айлдсан байдаг.

Цагаан сард зориулан иргэд хичнээн төгрөг зардаг болохыг Статистикийн үндэсний хорооноос гаргасан тооцоололоор нэг өрх дунджаар зөвхөн идээний зардалд 696.1 мянга, гарын бэлгэнд 780.0 мянга нийтдээ 1.5 сая төгрөгний зардал гаргадаг ажээ. Гэтэл 2018 оны гуравдугаар улирлын байдлаар нэг өрхийн дундаж орлого сард 1.168.532 төгрөг, сард 500.0 мянга ба түүнээс доош цалинтай иргэд нийт ажилчдийн 63.5 хувийг эзэлдэг. Тэтгэвэрийн дундаж 342.8 мянга байдаг байна. Энэ нь хүн амын талаас илүү хувь сарын орлогоосоо давсан өртгийг долоо хоног тэмдэглэдэг баярт зарцуулах шаардлагатай тулгардаг гэсэн үг. Тэд энэ асуудлаа хэрхэн шийдвэрлэдэг бол? Гол гарц нь цалин тэтгэвэрийн зээл.

Банкин дотор ар араасаа эгнэн зогсох урт дарааллын ихэнх нь хөгшчүүд байх юм. Тэднээс чухам юунд дуугарлаж байгааг асуухад – Цагаан сар дөхөөд тэтгэвэрийн зээл авахаар банкны бүгчим тасалгаанд суух ч сандалгүй зогсоогоороо ээлжээ хүлээн буй аж. Тэдбагадаа л 800.0 мянга, хамгийн ихдээ 1.200.0 мянга хүртэл зээл авах хүсэлт бүхий анкет барин зогсоно.

Үндэсний сайхан баяраараа банкны хамааралтай болоод, шинэ сардаа өрөнд баригдаж,өтөнд идэгдсэн, байдалтай орох гэж үү? Жилд ганц тохиох эдгээр өдрүүдэд цаг хугацаа яриа хөөрөө бэлгэлэж, санаа амар байгаагаараа л баярлаж сурцгаая.

Б.ЦЭНДСАЙХАН

Categories
мэдээ эдийн-засаг

Төрийн албан хаагчдын цалинг найман хувиар нэмнэ гэв

Засгийн газар төрийн албан хаагчдын цалинг нэмэх, цалингийн зэрэглэлийг шинэчлэх, ахмадуудын тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхээр шийдвэрлэснийг ХНХ-ын сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ.

Улсын хэмжээнд ажиллаж буй 191 мянган төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд 2019 оны улсын төсөвт 276 тэрбум төгрөг тусгасан. Энэ хүрээнд төрийн албан хаагчдын цалинг инфляцийн өсөлттэй уялдуулан энэ сарын 01-нээс эхлэн найман хувиар нэмэх болсыг С.Чинзориг сайд дурдаад, “2018 оны есдүгээр сард төрийн 17.2 мянган албан хаагчийн цалинг нэмэхгүй үлдээсэн. Харин энэ сард эдгээр албан хаагчийн цалинг 16 хувь, боловсролын салбарын цалинг 12.3 хувиар нэмэх боллоо. Ингэснээр төрийн албан хаагчдын дундаж цалин 916 мянган төгрөг болж, 2016 оны мөн үеэс 21.6 хувиар өсч байгаа юм” хэмээв.

Мөн 408 мянган ахмадын тэтгэврийг ирэх сарын 01-нээс нэмэх юм байна. Ингэхдээ бүрэн тэтгэврийн доод хэмжээ 280 мянга байсныг 310 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 243 мянга байсныг 270 мянга болгох аж. Түүнчлэн Нийгмийн халамжийн сангаас олгож буй 155 мянган төгрөгийн халамжийн тэтгэврийг 174 мянга болгох юм. Харин бусад тэтгэврийг 24 мянган төгрөгөөр нэмэхээр шийдвэрлэжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Эрдэс баялагийн нөөцөө нэмэгдүүлэхэд 24.6 тэрбумыг зарцуулна

Геологийн судалгааны ажилд энэ онд 24.6 тэрбум төгрөг зарцуулахаар болжээ. Манай улсын эрдэнэсийн санд одоогоор 2783.65 тонн алт, 42.1 мянган тонн мөнгө, 60.6 сая тонн зэс, 1530 мянган тонн молибден, 1822.4 сая тн төмрийн хүдэр, 38.5 тэрбум тн нүүрс зэрэг ашигт малтмалын бүтээгдэхүүний нөөцтэйг Ашигт малтмал газрын тосны газраас мэдээлсэн. Цаашид нөөцөө нэмэгдүүлэхээр улсын төвсийн хөрөнгөөр хайгуулын ажлыг тогтмол хийдэг. Тухайлбал, өнгөрсөн сарын 30-ны байдлаар 1:50 000-ны масштабтай геологийн зураглал, ерөнхий эрлийн 27, 1:50 000-ны масштабтай геологийн бүлэгчилсэн зураглал, ерөнхий эрлийн болон, 1:200 000 –ны масштабтай Улсын геологийн зураг зохиох, Монгол орны металлогений, ашигт малтмалын ордуудын тархалтын зүй тогтлын судалгаа тэргүүтэй 41 төсөл хэрэгжиж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Эрдэс бүтээгдэхүүний экспорт 1.1 тэрбум ам.доллараар өсчээ

Гадаад худалдааны тэнцэл 2017 онд 1.8 тэрбум америк долларын ашигтай гарч байсан бол 2018 онд өмнөх онooс 726.5 (39.0%) сая ам.доллараар буурч, 1.1 тэрбум америк доллар болжээ.

Экспорт 2018 онд өмнөх онooс 811.2 сая ам.доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний экспорт 1.1 тэрбум ам.доллар, нэхмэл бүтээгдэхүүний экспорт 74.3 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлжээ.

Харин импорт өмнөх онooс 1.5 тэрбум америк доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний импорт 339.9 сая америк доллар, үүнээс дизелийн түлш 148.8 сая америк доллар, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд анги 363.2 сая америк доллараар, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 274.1 сая америк доллараар, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт 206.5 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлжээ.

Эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл бүтээгдэхүүн, үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт нийт экспортын 94.5 хувийг эзэлж байгаа бол импортын 67.2 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт эзэлж байна.