Categories
мэдээ эдийн-засаг

”Азийн хөрөнгө оруулагчид Монголд” чуулган болно

"Азийн хөрөнгө оруулагчид Монголд" чуулган болно

”Азийн Хөрөнгө Оруулагчид Монголд” чуулган VI сарын 13-нд “Их Монгол” төвд болно. Энэ үеэр онлайн худалдаа, экспортын зөвлөх үйлчилгээний “Пакс Монголика” ХХК, Япон улсын маркетинг, борлуулалтын үйлчилгээ үзүүлэгч 3-н том компанийн нэгдэл “Glowd Inc” группын үүсгэн байгуулагчид, БНСУ-ын онлайн худалдааны “Zeffiro Inc” группын удирдлагууд, ӨМӨЗО-ы шууд худалдааны “Монгол Хан” компани хамтран үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг Зүүн Азийн зах зээлд борлуулах, тэдгээрт дэмжлэг үзүүлэх, экспортын боломжуудын талаар мэдээлэл өгч, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, хамтын ажиллагааны зорилгоор “Азийн зах зээлд гарах гүүр” арга хэмжээг анхны жилдээ зохион байгуулах аж.

Categories
мэдээ улс-төр эдийн-засаг

Засгийн газар дараах шийдвэрүүдийг гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Түрээсийн 1542 орон сууцанд иргэдийг оруулна

Нийслэл хот, Орхон, Хөвсгөл, Говь-Алтай аймагт баригдсан 1542 айлын орон сууцыг аймаг, нийслэлийн түрээсийн орон сууцны санд шилжүүлж, холбогдох журмын дагуу иргэдэд түрээслүүлэхээр боллоо.

Салбарын яамнаас хийсэн судалгаанаас үзэхэд орон сууцны хэрэгцээгээ сайжруулах шаардлагатай 300 гаруй мянган өрх байна. Ипотекийн зээлд хамрагдах боломжтой 35 мянган өрх байгаа бол зээлийн шалгуур хангах боломжгүй, түрээсийн орон сууцанд хамрагдах шаардлагатай 77 мянган өрх байна. Эдгээрийн 45 мянга нь хот, 32 мянга нь орон нутгийнх юм.

Түрээсийн байраа тодорхой хугацааны дараа өмчилж болох журмыг Засгийн газар энэ оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан. Энэ журмын дагуу нийслэл, тухайн орон нутгийн удирдлага орон сууцыг иргэдэд түрээслүүлэх юм.

Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ

Төрөөс ахмад настны талаар авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны дунд хугацааны хөтөлбөр боловсруулж хэлэлцүүлэхийг сайд С.Чинзоригт даалгав.

Герентологийн үндэсний төвийн барилгыг 2020 онд ашиглалтад оруулах, ахмад настанд үзүүлэх урт хугацааны тусламж, үйлчилгээний тогтолцоог үе шаттай нэвтрүүлэхийг сайд Д.Сарангэрэл, С.Чинзориг нарт даалгав.

Монголын ахмадын холбоо, түүний салбаруудын үйл ажиллагаа явуулахад шаардагдах зардлыг улс болон тухайн орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх, төрийн болон нутгийн захиргааны зарим чиг үүргийг ахмадын төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж байхаар болов.

Улаанбаатар хотод “Ахмадын ордон” барих газрыг шийдвэрлэж, хөрөнгийг нь 2020 оны орон нутгийн төсөвт тусгахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд даалгав.

Орон байргүй ахмад настныг түрээсийн орон сууц хөтөлбөрт нэн тэргүүнд хамруулах, хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууц худалдаж авах боломжийг бүрдүүлэхээр болов.

Товч мэдээ

– Газрын тос боловсруулах үйлдвэрийн хотхоны бүтээн байгуулалтын ажлыг наймдугаар сараас эхлүүлэхээр болов. Хотхон нь таван давхар барилгууд бүхий 550 айлын орон сууц, оффис-үйлчилгээний цогцолбор, дэд бүтэц, гадна тохижилт, ногоон байгууламж зэргээс бүрдэх юм.

– “Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг хэрэгжүүлэх санал тавьсан этгээдтэй байгуулах концессын гэрээний төслийг эцэслэн боловсруулж, гэрээ байгуулах эрх олгох асуудлыг хэлэлцүүлэхийг Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайханд даалгав.

– Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлтээс байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор нүүрсийг чингэлгээр тээвэрлэх талаар тооцоо, судалгаа хийж танилцуулахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгав. Нүүрсийг уурхайгаас чингэлэгт ачин Гашуунсухайт, эсвэл Цагаан хад хүртэл тээвэрлэн Гашуунсухайт боомтод чингэлэгтэй нь өөр машинд шилжүүлэн ачиж Ганц мод боомт хүртэл явах боломжтой гэж үзжээ. Мөн нүүрс тээвэрлэлтийн тарифыг тээвэрлэлтийн зайтай уялдуулан тогтоох тухай асуудлыг судалж, жишиг тарифт хүргэхийг холбогдох сайд, компанийн удирдлагад даалгав.

– Бэрхийн уурхайд суурилсан далд уурхайн музей бүхий эрдэс баялгийн салбарын мэргэжлийн боловсон хүчний сургалт, судалгааний төвийн төслийн нэгж байгуулахаар болов.

– Монгол Улс, БНХАУ хооронд байгуулсан “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-ыг хэрэгжүүлэх зорилгоор “Монгол-Хятадын экспо” зохион байгуулах бэлтгэл ажлыг ханган, төр, хувийн хэвшлийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий ажлын хэсгийг шинэчлэн байгуулав. Энэ удаагийн экспо 09 дүгээр сарын 6-10-ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот болон Улаанцав хотод болно.

– “Иргэд, олон нийттэй харилцах төв”-д энэ оны эхний улиралд 2165 иргэн санал, хүсэлт, гомдол, шүүмжлэл гаргасан байна. 2009 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж хариу өгсөн нь 92.7 хувийн үзүүлэлттэй гэсэн үг юм. Иргэд ихэвчлэн төрийн бодлого, шийдвэр, төрийн албан хаагчдын ёс зүйн талаар хөндөж эрүүл мэнд, нийгмийн даатгал, халамж, төсөв, санхүүгийн дэмжлэг хүсчээ гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Х.Баделхан: Түрээсийн байрыг хотын захиргаа иргэдэд ямар журмаар түрээслэхийг шийднэ

Image result for Баделхан

Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар БХБ-ын сайд Х.Баделхан мэдээлэл хийлээ. Тэрээр, “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас түрээсийн орон сууцны талаар шийдвэр гарсан. Өмнөх Засгийн газрын үед эхлээд хөрөнгийн дутагдлаас болоод зогссон 1542 айлын орон сууц байсан. Улаанбаатарт 972, Орхон, Хөвсгөл, Говь-Алтай аймагт 570, нийтдээ 1,542 айлын орон сууц дуусаагүй байсныг өнгөрсөн онд хэлэлцээд Хөгжлийн банкны зээлээс төслийг үргэлжлүүлж дуусгах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн хүрээнд уг төсөл арга хэмжээ хэрэгжээд дуусч байна. Хотод 972 айлын орон сууж ашиглалтад орно. Эдгээр орон сууцыг түрээслүүлэх шийдвэрийг өнөөдөр Засгийн газраас гаргалаа.

Хөгжлийн банкы зээлээс барьсан учраас гаргасан зардлаа тухайн аймаг, орон нутагт нь шилжүүлэх замаар таван жилийн хугацаанд өртөгөө төлөхөөр түрээсийн орон сууцанд шилжүүлэх шийдвэр гарсан. Улаанбаатарт баригдсан 972 айлын орон сууцыг хотын захиргаанд шилжүүлнэ. Харин Хотын захиргаа иргэдэд ямар журмаар түрээслэхийг шийднэ гэж Засгийн газрын хуралдаанаас шийдсэн” гэв.

Categories
мэдээ эдийн-засаг

Банкууд хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрээ нотлох шаардлагатай

Related image

Монгол Улсад хэрэгжүүлж буй ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкуудад өнгөрсөн онуудад активын чанарын үнэлгээ хийж, зарим банканд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлага тавьсан бөгөөд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн банкуудын хөрөнгийн эх үүсвэрийг ОУВС болон Монголбанкнаас шалгах ажлыг зохион байгуулах гэж байна. Шалгаж, тогтоох байгууллагыг Монголбанк Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу сонгон шалгаруулахаар ажиллаж байгаа аж. Тиймээс банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрээ нотлох шаардлагатай болох юм байна. Хэрэв эх үүсвэрээ нотолж чадахгүй бол ОУВС-аас олгох зургаа дахь шатны санхүүжилт саатах нөхцөл байдал үүсч магадгүй юм байна.

Categories
мэдээ эдийн-засаг

“Транзит Монгол-2019” форум болно

“Транзит Монгол-2019” олон улсын форум болно

Монгол Улсын Засгийн газар, Зам тээврийн хөгжлийн яам, Монгол Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн санаачилгаар “Транзит Монгол-2019” форум зохион байгуулагдана. Уг арга хэмжээ энэ сарын 5-нд “Шангри-Ла” зочид буудлын “Их танхим”-д болно. “Транзит Монгол-2017” анхдугаар форум Бээжин хотод, “Транзит Монгол-2018” форум Москвад тус тус зохион байгуулагдаж байжээ. Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх чингэлэг тээврийн хэмжээ 2016 онд 167 галт тэрэг, 2017 онд 556 галт тэрэг, 2018 онд 855 галт тэрэг болж нэмэгдсэн бол 2019 оны эхний дөрвөн сарын байдлаар 397 галт тэрэг болж, Европоос Ази чиглэлд 210 галт тэрэг, харин Азиас Европ чиглэлд 187 галт тэрэг аялаад байгаа аж.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр эдийн-засаг

Э.Бат-Үүлийн нийтлэл цувралаар гарч эхэллээ

Image result for э.бат-үүл

“Өдрийн сонин”-д “Бат-Үүл бичиж байна” хэмээх булан гарч эхэллээ. Э.Бат-Үүлийн нийтлэлүүд нийгэмд ихээхэн сонирхол татдаг. Уншигч та бүхэн Э.Бат-Үүлийн нийтлэлүүдийг “Өдрийн сонин”-ы даваа гариг бүрийн дугаараас хүлээн авч унших боломжтой юм. Энэ удаад түүний “Бүслэгдэж буй ардчилсан Монгол” нийтлэлийг хүргэж байна.

Бүслэгдэж буй ардчилсан Монгол

Тэр жил Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг сонирхож байгаа тухайгаа манай нэгэн өвгөн телевизээр ярьсан нь олон залуучуудын дүргүй хүргэсэн бололтой,мөнөөх хөгшнийг “жалгынхаа асуудлыг харахгүй байж дэлхийн тухай дэмийрч байна”гэх зэргээр буруушаасан коммент харамгүй урссан юм.

Үнэндээ өвгөний зөв байсан. Юу гэвэл Монгол Улсын дотоод байдал нь хоёр хөршийн байдлаас бараг л зуун хувь хамаардаг гэхэд болно. Харин хоёр хөршийн байдал Америкийн ааш аягаас багагүй шалтгаалах аж. Баабарын “XX зууны монголчууд” ном нь Монголын түүхийг “дэлхийн байдал” хэмээх хөрсөн дээр буулгаж бичсэнээрээ гайхамшигтай бүтээл. Түүнээс өмнөх түүх бичлэг “ангийн тэмцэл” гээчид суурилсан Зөвлөлтийн түүхчлэхүйн школоор бичигддэг байлаа.

Хоёр хөрш маань энэ дэлхий дээрх их гүрнүүд болохын хувьд гүрнүүдийн “зодоонд” гол оролцогчид, харин тэр хоёр маань яаж оролцож байгаагаас манай дотоод байдал бүрэн хамаарч байсныг ХХ зууны түүхээр дамжуулан Баабар бидэнд харуулсан.

Хоёр хөршид хувьсгал болбол манайд хувьсгал болно,хоёр хөршид иргэний дайн болбол тэр нь манай нутаг дээр үргэлжилнэ, хоёр хөршид ангийн тэмцэл болбол манайд мөн ангийн тэмцэл болно, хоёр хөршид хүн ардаа хэлмэгдүүлбэл манайд бас л тийм юм болно. Баабарын энэ түүхчлэхүйн шинэ хандлага монголчуудад нөлөөлсөн нь мөнөөх өвгөний байдлаас харагдаад байгаа хэрэг. Ганц тэр өвгөнд гэлтгүй л дээ.

Чухамдаа “XX зууны монголчууд” номын түүхчлэхүй нь Монголын өргөн олон уншигчдын бодол сэдэлд их нөлөөлсөн. Үүнийг манай телевизүүдийн хамгийн их үзэгчидтэй мэдээний нэвтрүүлгүүд нь олон улсын тойм, од хөтлөгчид нь олон улсын тоймчид байдгаас мөн харж болно.

Залуу тоймчдынхоо олон улсын мэдээний тайлбарыг үзээд байхад хоёр хөрш маань өдгөө “нуман тулгуурт орсон” байдалтай байна. Орос, АНУ тэргүүтэй өрнөдийнхний эдийн засгийн хоригт орж хүндэрлээ.

Хятад, АНУ-тай ид худалдааны дайн хийж байна.

Угаасаа өрсөлдөгчийнхөө эдийн засгийг сулруулах зорилготой хориг болоод худалдааны дайны аль аль нь хоёр хөршийн эдийн засгийг доройтуулах өндөр эрсдэл дагуулж буй нь тодорхой.Энэ эрсдэлээс эмээсэн хоёр хөршийн удирдагчид нь эрх мэдлээ нэмэгдүүлэн нийгмээ улам бүр дарангуйлах боллоо.

Хятад нэг хүний дарангуйллаас нэг намын дарангуйлалд шилжэн “либералчлагдаж” байтлаа эргээд нэг хүний дарангуйлал руу шилжлээ. Нэг хүний дарангуйлалд шилжээд зогсохгүй, технологийн дэвшлийг ашиглан хүмүүний түүхэнд урьд хожид байгаагүй төрөөс иргэнээ цагдан хянах хяналтын тогтолцоог бий болгочихлоо. Хятадын төр одоо тэрбум гурван зуун сая хүнийг нэг бүрчлэн,бүр аягүйдвэл “хүндэрч байхад” нь хүртэл хянах бололцоотой гэнэ! Ингэж чадсанаа саяхан, стадион дүүрэн үзэгч дундаас нэг гэмт хэрэгтнийг ухаалаг дурангаар танин илрүүлсэн явдлаар далимдуулан ард түмэндээ зориуд харууллаа!

Орост “Путин-сказочный” гэж твиттердсэнийхээ төлөө сөрөг хүчний зүтгэлтэн шүүхэд дуудагдаж байна. Путиныг егөөдөж хошигнох (муулах ч биш шүү!) нь хүртэл гэмт хэрэгт тооцогддог болсон. Ийм хэргийг үйлдвэл 1,2 саяаас 12 сая хүртэл төгрөгтэй тэнцэх торгуультай, бас 15 хоногоор баривчлан саатуулах ялтай аж!

Манай хоёр хөрш; эдийн засгийн доройтол, ардчилал хоёр “хөтөлцвөл” нийгмийн гамшиг болно хэмээн маш их болгоомжилдог. Энэ болгоомжлол бас чиг үндэсгүй юм биш.

ХХ зууны хоёр дахь аравдаар Орос, Хятад хоёр эдийн засаг нь сул дорой үед ардчилсан улс болох гэсэн оролдлого хийгээд бүтэлгүйтсэн. Тэгээд аль аль нь иргэний дайнд хүрсэн нийгмийн аймшигт гамшиг руу халтиран унасан билээ.

Түүхийнхээ энэ үеийг жишээ нь, Оросын түүхчид “цусаар угаагдсан Орос” хэмээн нэрлэсэн байдаг юм. Хятадын түүхчид, өөрийнхөө түүхийн мөн үеийг бас л ингэж халаглан үздэг. Самуун цагийн гамшгаас хоёр орон Сталин, Мао Цзэдун гэх мэтийн “мангас” мэт дарангуйлагч нарын хүчээр, асар их үнэ төлөн байж гарчээ.

Түүхийн эл сургамж одоо хэр нь тэдний зүрхэнд шар ус хуруулсаар байдаг бололтой. Ийм гэдэг нь; Хятадын удирдагчид тэвдэхдээ, Тянь ань мэний талбайд оюутнуудын тайван жагсаалыг цус урсган дарсан хэрэг; Оросын удирдагчид мэгдэхдээ, Майданы бослогын дараахан, Сочийн өвлийн олимп өнгөрмөгц Крымийг булаан эзэлсэн явдал зэргээс харагдана билээ.

Хэрсүү монголчууд хоёр хөршөө амар амгалан, хөгжин цэцэглэсэн гүрэн болоосой хэмээн чин сэтгэлээсээ сүслэн залбирч “сүүгээ өргөдөг”.Тэгэх нь ч аргагүй. ХХ зуунд тохиосон хоёр хөршийнхөө дотоодын самуурал, доройтол, хүчирхийлэл зэрэгт Монгол маш ихээр чирэгдэж зүдэрч байсан. Бас хоёр хөршийнхөө эдийн засгийн өсөлтийг даган манай орон дэлхийд эдийн засгийн өсөлтөөрөө магнайлсан тохиолдол ч гарсан. Ийнхүү хоёр хөршийнхөө унахад нь унаж, босоход нь босдогоо монголчууд маш сайн мэддэг болсон юм.

Тэгээд ардчиллын үед гадаад бодлогынхоо үзэл баримтлалд хоёр хөрштэй харилцах харьцаагаа гадаад бодлогын тэргүүлэх чиглэл хэмээн тодорхойлсон билээ. Гадаад бодлогын үзэл баримтлалдаа “ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт мөн бөгөөд тэдгээр улстай бүхэлдээ тэнцвэртэй харилцаж, сайн хөршийн ёсоор өргөн хүрээтэй хамтын ажиллагаа хөгжүүлнэ.

Чингэхдээ энэ хоёр улстай харилцаж ирсэн түүхэн уламжлал, эдийн засгийн хамтын ажиллагааны өвөрмөц онцлогийг харгалзах” чиглэлийг баримтлахаа нотолжээ.

90 оны ардчилсан хувьсгалаас өмнө, Монгол Улс Зөвлөл Холбоот Улсаас Хятадын эсрэг “довтлох гол түшиц газар” байсан гэдгийг бодолцож үзэхүл,хоёр хөрштэй тэнцвэртэй харилцах шинэ чиглэл бол тусгаар тогтносон Монгол Улсын гадаад бодлогод гарсан “хувьсгалт эргэлт” мөн юм.

90 оны ардчилсан хувьсгалаас хойш Монгол Улс энэ чиглэлийг тууштай баримтлан хоёр хөрштэйгөө тэнцвэртэй харилцаж,сайн хөршийн ёсоор өргөн хүрээтэй хамтын ажиллагааг хөгжүүлж чадсан байна.

Ардчиллын үе бол манай гадаад бодлогын хамгийн гайхалтай үе байсан. Чухам энэ үед л ардчилсан Монгол нь хоёр хөршдөө хичнээн хэрэгтэй, тустай болохоо бүрэн дүүрэн нотолж чадсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз!

Гэтэл сүүлийн үед Монголын ардчилалд дайсагнах дотоодын хүчийг гаднаас өөгшүүлэн далдуур дэмжсэн байдал харагдаад байна гэх боллоо. Энэ тухай бичсэн Баабарын “Хагаралдуулаад захир!” хэмээх нэртэй нийтлэлээр цуурайтаж буй “түгшүүрийн дохио”-г анхаарахгүй байхын аргагүй. Баабар, 1930-аад оны “гаслант” түүх давтагдах гэж буйг монголчууддаа анхааруулж байна!

Монголд дарангуйлал тогтох юм бол манай хоёр хөршид тун муу гэдэг нь хоёр хөршийн ямар ч боловсролтой улстөрчид, төрийн зүтгэлтэнд ойлгомжтой баймаар. Учир нь дарангуйлал тогтсоны дараа “…дарангуйлагчийн шалиг занг маллах нь…” амаргүй бөгөөд өндөр үнэ өртөгтэй ажил. Санаанд оромгүй эрсдэл дагуулна. Өөрт нь ашигтай байвал ямар ч хор найраанд орж мэдэх дарангуйлагчаас болоод хоёр хөрш маань бие биенээ сэрдэж суувал юу нь сайхан байх билээ!

Хэзээд, шалиг болоод найдваргүй улстөрчид бол дарангуйлагчид л байсан юм шүү дээ. Нэн ялангуяа жижиг орны том амбицтай дарангуйлагч бол шалиг болоод зальхай байдаг нь замгүй билээ!

Тэгэхээр,түүх давтагдах гэж байгаа бол Марксын хэлсэнчлэн “…хоёр дахь удаадаа шог жүжгийн байдлаар гарч ирдэг…”. Хэрэглэгээний соёл иргэншилд шилжсэн ХХI зууны “Чойбалсан”-ийн хойд дүрээр, Ардын намын генсек лугаа адил сэжгийн “жижиг жулик” тодорч хоёр хөршийн хооронд тоглоно доо!

Categories
мэдээ эдийн-засаг

Дэлхийн өрсөлдөх чадвараар Монгол Улс 62-т жагсчээ

Image may contain: text

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2019”-ийг танилцууллаа. Уг судалгаагаар ижил түвшний 63 улсыг харьцуулдаг бөгөөд Монгол Улс 2015 оноос хамрагдаж эхэлжээ. Энэ жилийн хувьд Монгол Улс өрсөлдөх чадвараараа 63 улсаас 62 дугаарт эрэмбэлэгдэж, Венесуэлийн өмнө өмнө жагссан байна. Энэ талаар Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Дэд захирал И.Одончимэг “Бид дэлхийн өрсөлдөх чадварын судалгааны төвтэй 2010 оноос хойш хамтран ажиллаж байна. Өрсөлдөх чадварын судалгаа нь дөрвөн үзүүлэлтийн дагуу улс орнуудыг харьцуулдаг ба манай улс дараах байруудад эрэмбэлэгдсэн.

  1. Эдийн засгийн тамир тэнхээ 58
  2. Бизнесийн байгууллагуудын ашигт ажиллагаа 59
  3. Засаглалын үр ашигтай байдал 61
  4. Дэд бүтэц 62 дугаарт тус тус бичигдсэн байна. БНХАУ 14, ОХУ 45 дугаар байрт тус тус эрэмбэлэгдсэн. Үүнээс харвал хөрш орнуудын хувьд өсөлттэй яваа ч манай улсын хувьд эсрэгээрээ буурч байна” гэлээ.
Categories
мэдээ эдийн-засаг

17 хувьцаат компанийн хувьцааны ханш буурчээ

Хөрөнгийн бирж өнөөдөр өдөр I, II, III ангиллын 29 хувьцаат компанийн 78,568,153 төгрөгийн үнийн дүн бүхий 381,045 ширхэг хувьцаа арилжигдсан байна. Үүнээс 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 17 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс ” Хөх Ган” ХК (HGN +6.25%) болон “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” ХК (ERDN +3.75%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Оллоо” ХК (OLL -13.92%) болон “Монгол Шилтгээн” ХК (MSH -12.50%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. “TOP 20” индекс 0.97 хувиар буурч, 19759.13 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,361,005,724,288.44 төгрөг боллоо.

Categories
мэдээ эдийн-засаг

Худалдаа, хөгжлийн банк Дархан хотод “Бизнесийг дэмжих төв” нээлээ

ХХБанк, Дархан салбарынхаа үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Бизнесийг дэмжих төв”-ийг Хуучин Дархан тооцооны төвийн өөрийн байрандаа ёслол төгөлдөр нээлээ

Энэхүү төвийн зорилго нь бизнес эрхлэгчдийг дэмжих, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд шаардагдах арга зүйн сургалт болон мэдээллээр хангах, бизнес эрхлэгчид өөрийн туршлагуудаа хуваалцах боломжуудыг олгох болон үйлдвэрлэл, бизнесийн зорилгоор ажлын байр, тоног төхөөрөмж зээлээр худалдан авах зэрэгт мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээг цогц хэлбэрээр харилцагчдадаа хүргэх юм.

Тус төвийн нээлтийн арга хэмжээг нээж ХХБанкны Ерөнхийлөгч бөгөөд үүсгэн байгуулагч Б.Мэдрээ хэлэхдээ:

Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлд ХХБанк нь олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн, туршлагатай найдвартай банк. Тухайлбал, Дэлхийн банкнаас хэрэгжүүлсэн Хувийн хэвшлийг хөгжүүлэх, Техник туслалцааны хөтөлбөр, хөрөнгө оруулалтын төсөл, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага Жайкатай хамтарсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах” зээлүүдийг амжилттай олгож байсан.

Дархан-Уул аймаг нь Монгол Улсын хойд бүсэд байрладаг аж үйлдвэр, газар тариалангийн гол бүс нутаг. Дарханд ХХБанк нь өөрийн салбарын үйл ажиллагааг эхлүүлсэнээс хойш 25 жилд Дархан хотын нүүр царай болсон олон байгууламжуудыг босгох болон хувийн хэвшлийн байгууллагуудад шаардлагатай санхүүжилт, зөвлөгөөг өгч байсан туршлагатай. Тиймээс бид энэхүү давуу тал дээрээ үндэслэн бизнес эрхлэгчдэд банк, санхүүгийн үйлчилгээг нэг цэгээс авах боломжтой “Бизнесийг дэмжих төв”-ийг салбарынхаа ойн баяраар нь нээж байгаад таатай байна. Энэхүү төвөөр дамжин олон Дарханчууд болон бизнес эрхлэгчид нь хөгжин, дэвшиж Дархан-Уул аймгийнхаа нийгэм, эдийн засагт хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Бизнесийг дэмжих төв нь ХХБанкны Дархан хот дахь Хуучин Дархан тооцооны төвийн
4-р давхарт байрлаж байна.

Мөн Мэдээллийн ажилтантай 7037-4297 утсаар холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Хөгжлийг тодорхойлж, Бизнесийг хурдасгана
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

ХХБанкны сошиалд нэгдээрэй.

Categories
мэдээ эдийн-засаг

Нэр бүхий 21 хувьцаат компанийн цахим эрхийг хязгаарлав

Хөрөнгийн биржид бүртгэлтэй нэр бүхий 21 хувьцаат компани энэ сарын 14-ний өдрийн байдлаар хувьцаа эзэмшигчдийн хурлаа хуралдуулаагүй байна. Иймээс тус компаниудын ТУЗ нь хувьцаа эзэмшигчдийн хурлыг ээлжит бусаар зарлан хуралдуулахаас бусад бүрэн эрхгүй болсныг Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ. Хурал хуралдуулахаас бусад бүрэн эрх нь дуусгавар болсноос хойш эдгээр ТУЗ-үүдтэй байгуулсан аливаа гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тус ХК-уудын хувьцаа эзэмшигч, удирдлага, харилцагч байгууллага болон бусад холбогдох этгээдүүдэд анхааруулж байна.

Д/Д

КОМПАНИЙН НЭР

1

Автозам

2

Автоимпекс

3

Ар баянхангай

4

Бинсэ

5

Бороогийн үйлдвэр

6

Ган хэрлэн

7

Глобал монголиа холдингс

8

Гонир

9

Дархан хөвөн

10

Дорнод

11

Монгол дизель

12

Монгол керамик

13

Мон-ит булигаар

14

Мүдикс

15

Нийслэл өргөө

16

Сэлэнгэ сүрэг

17

Ханын материал

18

Хөдөөгийн тээвэр

19

Хуртай

20

Цагаантолгой

21

Шим