Categories
мэдээ нийгэм улс-төр эдийн-засаг

Засгийн газар: Энэ онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоов

Замын-Үүд, Эрээнд эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулна

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлуудын товч

– Хувиараа болон аж ахуйн нэгж, нөхөрлөл, хоршооны хэлбэрээр бичил бизнес эрхлэгчдэд 20 хүртэл сая төгрөгийг 36 сарын хугацаатай, эргэн төлөх нөхцөлтэй олгох зорилтот төслийг нээлттэй, иргэдийн саналын оролцоотой сонгон шалгаруулах удирдамж батлан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлэхийг сайд С.Чинзоригт зөвшөөрөв. Зээл олгохдоо тухайн орон нутгийн онцлог, хэрэгцээг харгалзан үзэх юм байна. Энэ онд тэрбум гаруй төгрөгийг олгох боломжтой бөгөөд аймаг, нийслэлийн дүүрэг бүрт хоёр төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

– Хүлээн авагч улсын хууль, журмыг хүндэтгэх үүргээ зөрчсөн учир Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консул Даваагийн Мөнх-Эрдэнийг эгүүлэн татав. Д.Мөнх-Эрдэнэ нь дипломат эрх ямба, дархан эрхээ урвуулан ашиглаж, өөрийн болон ажилтнуудынхаа нэр дээр өндөр үнэтэй тээврийн хэрэгслийг БНХАУ-д татваргүй нэвтрүүлсэн зөрчил гаргажээ. Улс орны нэр хүндийг энэ мэтээр унагаж байгаа дипломат албан хаагчдад хариуцлага тооцох тухай саналыг Засгийн газрын хуралдаанд яаралтай оруулж хэлэлцүүлэхийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайд Д.Цогтбаатарт үүрэг болгов.

– Гамшиг, осолтой тэмцэх, эрэн хайх, аврах ажиллагаанд зайлшгүй шаардлагатай тусгай зориулалтын хувцас авах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг зөвшөөрөв. ОБЕГ-ын гал унтраах тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмжийн хангалт 50 хувь, алба хаагчдын тусгай зориулалтын хувцас, багаж хэрэгслийн хангалт 30, холбоо, зарлан мэдээллийн техник хэрэгсэл 22, аврах тусгай зориулалтын багаж хэрэгслийн хангалт 15 хувьтай байна.

– Энэ онд есөн дүүргийн 151 байршилд 248.8 га газрыг газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 4911 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй өмчлүүлэхээр төлөвлөсөн байна. НИТХ-аас ирүүлсэн саналыг үндэслэн энэ онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоов. Одоогоор нийслэлийн нийт иргэдийн 13.3 хувь буюу 198237 иргэн 10530.3 га газрыг өмчилж авчээ.

– Их эзэн Чингис хааны музей байгуулах тухай асуудлыг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг сайд Ё.Баатарбилэгт үүрэг болгов. Засгийн газар энэ оны 04 дүгээр сарын 10-ны хуралдаанаар Чингис хаан судлалын хүрээлэн байгуулах шийдвэр гарган түүх, соёл, өв уламжлалаа сурталчлан дэлгэрүүлэх ажлыг эхлүүлсэн юм.

– Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Гадаад хэргийг Бүгд эрхлэн шийтгэгч яамны тэргүүн сайд, хошой чин ван М.Ханддорж, Халхын хүрээний газрын Бүх хэргийг түр ерөнхийлөн захиран шийтгэх газрын дарга, Монгол Улсын Сангийн хамаг хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны тэргүүн сайд, үе улиран Засаг хошой чин ван Г.Чагдаржавын мэндэлсний 150 жилийн ойг энэ онд тэмдэглэн өнгөрүүлэхээр болов.

– Монголын улаан загалмай нийгэмлэгийн 80 жилийн ой 2019 оны 07 дугаар сарын 4-5-ны өдөр Улаанбаатар хотод болно. Түүхт ой болон тус нийгэмлэг Олон улсын улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөнд нэгдсэний 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

​Нисэх онгоцны шинэ буудлын төслийг Монгол, Японы хамтарсан компани концессоор хэрэгжүүлнэ

Related image

“Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг “хөрөнгө оруулах-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр Монгол, Японы хамтарсан компанитай концессын гэрээ байгуулахыг Засгийн газар зөвшөөрөв. Монголын талаас “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК, Японы талаас “Консорциум SPV” буюу “Жапан Эйрпорт Менежмент” ХХК төслийг хэрэгжүүлэх юм. Концессын хугацаа 15 жил бөгөөд концесс эзэмшигчид гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын дотор өөрийн хөрөнгөөр бэлтгэл ажлаа ханган нисэх буудлын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Замын-Үүд, Эрээнд эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулна

Image result for замын үүд

“Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсэд улсын төсөв, гадаадын хөнгөлөлттэй зээлээр 6.6 тэрбум төгрөг, 59 сая ам.долларын бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажил хийгээд байна. Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд “Замын-Үүд, Эрээний чөлөөт бүс байгуулах ажлыг 50 хувьд, 2019 онд 80 хувьд хүргэх” гэж тусгажээ.

Талууд хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтыг харилцан уялдаатай хөгжүүлж, үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, хөрөнгө оруулалт явуулах таатай орчин бүрдүүлж, жишиг бүс болгохоор төлөвлөж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

​“Улаанбаатар эдийн засгийн форум-2019” эхэллээ

“Улаанбаатар эдийн засгийн форум-2019” өнөөдөр Blue Sky зочид буудлын хурлын танхимд эхэллээ. Тус арга хэмжээ нь Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/569 дугаар захирамжаар Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратегид тусгагдсан ажлууд болон нийслэлийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх томоохон төсөл хөтөлбөрийг Төр, хувийн хэвшлийн түншлэлээр бизнесийн-харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчмаар хэрэгжүүлэх, хөрөнгө оруулах боломжийг хэлэлцэх зорилготой юм.

“Улаанбаатар эдийн засгийн форум 2019”-д нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Улаанбаатар хотын худалдааны танхимын гишүүд, олон улсын байгууллагын төлөөлөгч, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид болон эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөгчид оролцож байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан эдийн засгийн форумыг нээж хэлсэн үгэндээ “Нийслэл, Улаанбаатар хотод тулгарч буй олон асуудлууд бий ч нөгөө талаар улс орны эдийн засаг, нийгмийн аж амьдрал төвлөрсөн бүс гэдгээрээ давуу талууд их бий. Бид хотоо хөгжүүлэхдээ нөөц бололцоо, давуу талаа ашиглан, шинжлэх ухааны үндэслэлтэй, олон талын оролцоотой шийдэл, гарцыг гарган хамтран ажилласнаар цаг хугацаа, хөрөнгө хүч хэмнэх, үр ашиг, өрсөлдөх чадварыг бий болгох ач холбогдолтой болох юм. Нийслэлийн эдийн засгийн өсөлтийг хангахын тулд бид хотдоо бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдүүлж хөрөнгө оруулалтын бодлогыг хэрэгжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчимд тулгуурласан санхүүжилтийн шинэлэг тогтолцоог нэвтрүүлэх боломжийг бүрдүүлж, цаашдын хамтын ажиллагаа тогтвортой үргэлжилнэ гэдэгт итгэж байна” хэмээлээ. 2015 оноос хойш жил бүр “Улаанбаатар хөрөнгө оруулалт” нэрийн дор зохион байгуулагдаж ирсэн эдийн засгийн форум нь энэ жил нийслэлийн харьяа байгууллагуудын болон эрдэм шинжилгээний байгууллагуудын хийсэн шинжлэх ухааны үндэслэлтэй нийгэм, эдийн засгийн судалгаа, тооцооллын үр дүнг олон нийтэд анх удаагаа нээлттэй танилцуулж байгаагаараа онцлогтой.

“Улаанбаатар эдийн засгийн форум-2019” арга хэмжээний хүрээнд Залуусын хот, Замын хөдөлгөөн, тээврийн шинэчлэл, Хотын хүн амын хүнс, хэрэглээ Улаанбаатар хотын эдийн засгийн чөлөөт бүс” гэсэн сэдвүүдийн хүрээнд илтгэл хэлэлцүүлэг зохион байгуулна. Мөн хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагуудын төслүүдийн танилцуулга, хамтын ажиллагааны хэлбэр, нөөц боломжуудын талаар хэлэлцэж, үзэсгэлэнг олон нийтэд танилцуулна.

Categories
мэдээ эдийн-засаг

Гадаадын шууд хөрөнгө оруулалт 72 хувь болж өсчээ

Дэлхийн банкнаас “Төсвийн зардлын тойм судалгаа”-г энэ сарын 24-нд танилцуулсан юм. Тэдний зүгээс төсвийн орлогод хамаарч буй уул уурхайн салбарын нөлөөллийг бууруулах, орлогын шаталсан системийг аажмаар нэвтрүүлэхийг зөвлөв. Мөн “Эдийн засгийн өсөлт нь уул уурхайгаас хэт хамааралтай байгаа гол шалтгаан нь мөчлөг дагасан төсвийн тэлэлт бий болсонтой холбоотой” хэмээн Монгол Улсыг хариуцсан ахлах эдийн засагч, ноён Жон-Паскаль үзэж байв. Түүнчлэн Дэлхийн банкнаас гаргасан тайланд “Уул уурхайн салбарын гадаадын шууд хөрөнгө оруулалт, нийт ГШХО-д эзлэх хувь 1990-2004 онуудад 44 хувьтай байсан бол 2018 онд 72 хувь болж өссөн байна. Мөн 2011-2016 онуудад төсвийн зардал их хэмжээгээр нэмэгдэн, энэхүү зардлын тэлэлтийг өрөөр санхүүжүүлсэн нь Засгийн газрын өрийг нэмэгдэхэд хүргэжээ” гэдгийг онцолсон юм.

Categories
мэдээ эдийн-засаг

4.6 кг алт экспортолжээ

Энэ оны эхний V сард 4.6 кг алт экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.2 кг-аар их байгаа юм. Алтны экспорт үнийн дүнгээр 195.9 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 51.4 сая ам.доллараар өссөн байна. Алтнаас улсын төсөвт татвар хураамж хэлбэрээр мөн хугацаанд 15.8 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Алтны ханш дэлхийн зах зээл өсөж 1400 ам.доллар болсон. Тэгвэл Монголбанкны нэрлэсэн ханшаар алтыг грамм тутамд нь 122 мянган төгрөгөөр авч байна.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

1,097,026 ширхэг хувьцаа арилжжээ

2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр I, II, III ангиллын 21 хувьцаат компанийн 176,215,336 төгрөгийн үнийн дүн бүхий 1,097,026 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 6 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Е-Моние” ХК (HCH+15.0%) болон “Хүннү менежмент” ХК (HBZ+15.0%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Би ди сек” ХК (BDS-4.17%) болон “Сүү” ХК (SUU-2.55%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.”TOP 20″ индекс 0.23 хувиар буурч, 19791.87 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,467,625,415,153 төгрөг боллоо.Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Categories
мэдээ эдийн-засаг

Нийт 42 ХК-ийн 9.8 сая ширхэг хувьцаа арилжив

Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн долоо хоногт таван удаагийн үнэт цаасны арилжаа болов.Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар нийт 42 компанийн 9.823.614 ширхэг хувьцааг 1.034.827.241 төгрөгөөрарилжив.

Идэвхтэй арилжигдсан хувьцаа:

Симбол

Үнэт цаасны нэр

Ширхэг

Үнийн дүн

1

LEND

ЛЭНДМН ББСБ ХК

6,006,668

342,131,541

2

AIC

АРД ДААТГАЛ ХК

200,239

125,564,700

3

ADB

АРД КРЕДИТ ББСБ ХК

1,745,232

124,227,620

4

INV

Инвескор ББСБ

52,623

95,009,830

5

MFC

МОНОС ХҮНС

1,184,007

84,371,227

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

Симбол

Компанийн нэр

Тоо ширхэг

Үнийн дүн

1

BZIN

Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК

10,028,214

601,229,753

2

MNET

Ард секюритиз ХХК

2,405,974

311,196,667

3

GLMT

Голомт Капитал ХХК

1,969,290

250,567,736

4

GAUL

Гаүли ХХК

1,727,941

214,738,315

5

BUMB

Бумбат-Алтай ХХК

1,297,787

143,062,412

Жич: Авсан, зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.

Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын үнэт цаасыг арилжаагүй байна. Зургадугаар сарын 21-ний байдлаар зах зээлийн үнэлгээ 2.451.270.880.671 төгрөг болсон бол “ТОП 20” индекс 19746.62 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.63 хувиар өсөв.

Categories
мэдээ эдийн-засаг

​“Улаанбаатар эдийн засгийн форум-2019” зохион байгуулагдана

Image result for улаанбаатар хот

Улаанбаатар эдийн засгийн форум 2015 оноос хойш жил бүр “Улаанбаатар-хөрөнгө оруулалт” нэрийн дор зохион байгуулагдсаар иржээ. Энэ жилийн хувьд НЗДТГ-аас НИТХ, “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК, Улаанбаатар хотын худалдааны танхим, “Улаанбаатар” хөрөнгө оруулалт, менежментийн компани ХХК болон ШУ-ны академитай хамтран 2019 оны 06-р сарын 28-ны өдөр “Блю скай” зочид буудалд зохион байгуулагдана.

Энэ жилийн форум дээр Нийслэлийн харъяа байгууллагуудын хийсэн хотын нийгэм, эдийн засгийн судалгаа, тооцооллын үр дүнг олон нийтэд анх удаагаа нээлттэй танилцуулна. Үүнээс гадна эрдэм шинжилгээний байгууллагуудаас хийсэн шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо судалгаанд суурилсан, нийгмийн өндөр үр өгөөж бүхий төслүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн эдийн засгийн үр өгөөжтэй, бизнесийн харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчмаар хэрэгжүүлэх боломжийг танилцуулна. Түүнчлэн хувийн хэвшил, эрдэм шинжилгээнийн байгууллагуудын төслүүдийн танилцуулга, хамтын ажиллагааны хэлбэр, нөөц боломжуудын талаар хэлэлцэж, үзэсгэлэн зохион байгуулахаар болжээ.

Н.Энхжин

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Инновацийн төсөл, бүтээгдэхүүнийг хэрхэн дэмжих талаар хэлэлцлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2019.06.20/ “Инновац ба хөрөнгө оруулалт” форумд оролцож, уг арга хэмжээг нээн үг хэллээ. Тэрбээр энэхүү форумыг санаачлагч нь юм.

Өнгөрсөн тавдугаар сард Шинжлэх ухааны академи болон их сургуулиудын зарим эрдэм шинжилгээний байгууллагуудын ажилтай танилцсаныхаа дараа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өрсөлдөх чадвар бүхий инновацийн төсөл, бүтээгдэхүүнийг бий болгоход тулгамдаж буй асуудал, шийдлийг хэлэлцэхийн зэрэгцээ инновацийн төсөл, бүтээгдэхүүнийг зах зээлд амжилттай нэвтрүүлсэн улс орнуудын туршлагыг солилцох зорилгоор энэхүү форумыг зохион байгуулахаар санаачилсан байна.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар форумын нээлтэд хэлсэн үгэндээ, “Дэлхийн эдийн засгийн форумаас 2017 онд гаргасан “Дэлхий дахины хүний капиталын талаарх тайлан”-д оюуны чадавхи буюу онцгой чадамжтай хүний нөөцөөрөө Монгол Улс дэлхийд 11 дүгээрт эрэмбэлэгдэж, харин “ноу хау” буюу экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүнд мэдлэг шингээсэн байдал нь дэлхийн 130 орноос 111 дүгээрт оржээ.

Энэ үзүүлэлт монгол хүмүүс хэдийгээр оюуны өндөр чадавхитай боловч түүнийгээ ашиглан мэдлэг, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар дэлхийгээс хоцрогдож явааг харуулж байна. Тиймээс өнөөдөр хөндөж буй асуудал инновацийг түгээн дэлгэрүүлэхэд түлхэц болох төдийгүй шинжлэх ухаанд суурилсан бүтээн байгуулалтад эрдэмтэн судлаачид, хувийн хэвшлийн бүтээлч залуусыг татан оролцуулах боломжийг нээсэн алхам болоосой гэж хүсэж байна” хэмээн онцоллоо.

“Инновац ба хөрөнгө оруулалт” форумд УИХ-ын даргын урилгаар хүрэлцэн ирсэн АНУ-д инновацийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Кисве Мобайл” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Жон Ким “Инновцийг ашиглан амжилтад хүрэх нь” сэдвээр сонирхолтой илтгэл тавилаа.

Манай улсын их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд, хувийн хэвшлийн компанийн төлөөллүүд ч мөн сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүлсэн юм.

Форумын үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа, “Дэлхий нийтэд инновацийг ашигласан тийрэлтэт өөрчлөлт бүх салбарт гарч байхад бид уламжлалт сэтгэлгээгээрээ аливаа зүйлд хандаад суух боломжгүй болжээ. Хүн бүр, байгууллага бүр, салбарт бүрт мэдлэг, оюун шингээсэн шинэ сэтгэлгээг нэвтрүүлээсэй гэж хүсэж байна. Наад зах нь бид хөдөө аж ахуй, мал аж ахуйн түүхий эдээ ашиглаад дэлхийд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж байна. Одоо манайхан малын өлөн гэдэснээс мэс заслын утас, хог дээр хаяж байгаа малын арьс, ширнээс чанартай коллеган гаргаж чадаж байна. Гагцхүү энэ бүхнийгээ олон улсын зах зээлд хүргэж чадвал бид үсрэнгүй хөгжих боломжтой.

УИХ-аар Инновацийн тухай хуулийн шинэчлэн найруулга, Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах хуулийн тухай төслийг хэлэлцэж эхэлсэн. Мэдлэг, оюун шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд, хийж бүтээхэд ийм хууль эрх зүйн орчин хэрэгтэй байна гээд иргэд, байгууллагууд санаачилгатай ажиллаасай. Ямар эрх зүйн орчин хэрэгтэй байна, түүнийг бий болгохын төлөө хууль тогтоох байгууллага ажиллана” гэв.

Форумын үеэр дэлхийн шилдэг инновацийн компанийн удирдлагууд манай гарааны компаниудын дэлгэн тавьсан инновацийн төсөл, бүтээгдэхүүнтэй танилцлаа.

Үүний дараа “Кисве Мобайл” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Жон Ким, “Олон сайхан бүтээгдэхүүн байна. Энэ бүтээгдэхүүнүүдийг зөвхөн Монгол Улсдаа биш глобаль зах зээлд гаргах хэрэгтэй. Ингэхийн тулд бүтээгдэхүүнээ анхнаас нь хөгжүүлэхдээ олон улсын зах зээлд гаргана гэдгээ заавал төлөвлөх шаардлагатай” хэмээн санал бодлоо хуваалцлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар Монгол Улсын Хөгжлийн банкнаас зохион байгуулсан “Инновац ба хөрөнгө оруулалт” форумд оролцогчид хэлэлцүүлгийн явцад гарааны компаниудыг чадавхижуулахын тулд олон улсын туршлага солилцох, инновацийн бүтээгдэхүүнийг банк, санхүүгийн байгууллага хэрхэн дэмжих зэргээр өргөн хүрээнд санал солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.