Categories
мэдээ эдийн-засаг

Гадагшаа шилжүүлэх мөнгөн дүнг өдөрт нэг сая төгрөгтэй тэнцэхүйц вальют байхаар тогтоожээ

Image result for монголбанк

Монголын зарим банкууд гадаад руу мөнгө шилжүүлэх хэмжээнд тодорхой хязгаар тогтоосон бололтой. Гадаад руу мөнгө шилжүүлэхэд дээд тал нь 320 ам.доллар гэж хязгаар тогтоожээ. 320 ам.доллар нь монгол төгрөгт шилжүүлбэл 856 000 буюу нэг сая хүрэхгүй мөнгө гэсэн үг. Гадаад худалдаа эрхэлдэг байгууллага, аж ахуйн нэгжүүд энэ нь тун хүнд тусах юм. Захиалсан тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, түүхий эд гээд дандаа гадаад вальютаар худалдаа хийдэг байгууллага хувь хүмүүст ихээхэн хүндрэл учруулж байна. Банкууд иймэрхүү хязгаарлалт хийсэн нь Монгол Улсыг саарал жагсаалтад оруулах дуулиантай холбоотой ч байж болох юм. Монголбанкны шийдвэрээр аж ахуйн нэгж, хувьь хүнийг өдөрт гадагшаа шилжүүлэх мөнгөний хэмжээг нэг сая төгрөг түүнтэй тэнцэхүйц хэмжээний вальют байхаар тогтоожээ. Энэ талаар банкуудаас тодруулахад “Монголбанкнаас ийм шийдвэр гарсан. Тодорхойгүй хугацаагаар ийм хязгаарлалт хийсэн. Монголбанкнаас шийдвэр ирэхээс нааш энэ хязгаарлалтаар явна” гэлээ.

Categories
мэдээ улс-төр эдийн-засаг

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ирэх оны төсвийн төслийг танилцуулав

Image result for У.Хүрэлсүх

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төсөл, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон эдгээр хуулийг дагалдуулан өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсэв. Үүнтэй холбогдуулан УИХ-ын чуулганы хуралдаанд хэлсэн үгнээс хүргэж байна.

Улсын Их Хурлын дарга,

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Эдийн засагт үүссэн хүндрэлийг богино хугацаанд даван туулж, макро эдийн засгийн тэнцвэрийг хангах, эдийн засгийн бүтцийг төрөлжүүлж, түүхий эдийн үнээс хэт хамааралтай байдлыг бууруулан, төлбөрийн тэнцлийн эрсдэлийг багасгах, дунд хугацаанд учирч байгаа өрийн дарамтыг бууруулах, эдийн засгийг дархлаатай болгох, улмаар эдийн засаг дунд хугацаанд тогтвортой тэлэх бодлогыг баримтлах”-аар тусгасан билээ.

2016 онд Засгийн газар байгуулагдах үед эдийн засгийн өсөлт 1.6 хувьд хүрч буурсан, төсвийн нэгдмэл байдал алдагдаж олон зэрэгцээ төсөвтэй болсон, төсвийн алдагдал ДНБ-ий 15.3 хувьд хүрсэн, Засгийн газрын өрийн хэмжээ өнөөгийн үнэ цэнээр ДНБ-ий 78.8 хувьд хүрсэн зэрэг эдийн засаг, төсвийн бодит бэрхшээл, сорилт тулгараад байсан.

Засгийн газар нэн тэргүүнд эдийн засгийн хүндрэлээс гарахад анхаарч өмнө гарсан бодлогын алдааг засах, ард иргэд, аж ахуйн нэгж, улс орноо өрийн дарамтаас гаргах, ард иргэдийнхээ тогтвортой амьжиргаа, орлогыг нэмэгдүүлэх арга замыг эрэлхийлэн эрчимтэй, шуурхай ажилласны үр дүнд 2018 онд эдийн засаг 7.2 хувиар өссөн бол 2019 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 7-8 хувиар өсөх төлөвтэй байна.

Өндөр хүүтэй, богино хугацаатай зээлийг арилжааны банкуудаас авдаг байсныг зогсоож, өмнөх зээлүүдийг буцаан төлснөөр хувийн хэвшилд олгох зээл, хөрөнгө оруулалт нэмэгдэж, улсын төсөвт ирэх хүүгийн дарамтыг бууруулаад байна.

Гадаад валютын нөөц 3.7 тэрбум ам.долларт хүрч зээлжих зэрэглэл нэмэгдсэн, 7.5 их наяд төгрөгийн өр, зээлийг төлж барагдуулсан, малын тоо толгой, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийн экспорт өссөн, гурил, төмсний хэрэгцээгээ дотоодоос хангах болсон зэрэг эерэг өөрчлөлт гарч байгаа нь эдийн засгийн зөв, оновчтой бодлого хэрэгжүүлсний үр дүн юм.

Миний бие Ерөнхий сайдаар томилогдохдоо “Төсвийн сахилга батыг сайжруулж, төрийн үргүй зардлыг багасгах, улсын өмчийн үр ашгийг дээшлүүлэн, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар ард иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх чиглэл баримтална” гэдгээ чуулганы индрээс хэлсэн.

Энэ дагуу төсөв, санхүүгийн зохистой бодлого хэрэгжүүлж, баталсан төсөвт нэмэлт, өөрчлөлт, тодотгол оруулахгүйгээр мөрдүүлэн, Засгийн газрын гадаад, дотоод үнэт цаас гаргахгүйгээр санхүүжилтийг бүрэн олгож, төсвийн сахилга, хариуцлагыг сайжруулснаар 2018 онд Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 10 их наяд 172.8 тэрбум төгрөгт хүрч, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 27.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан.

Энэ нь төсвийн орлого анх удаа 10 их наяд төгрөг давсны зэрэгцээ төсөв 2010 оноос хойш анх удаа ашигтай гарсан үзүүлэлт болсныг Та бүхэн мэдэж байгаа.

Эрдэс баялгийн орлогыг тэнцвэртэй хуваарилах, нөхөн сэргээгдэхгүй нөөц баялгийг санхүүгийн хөрөнгө болгон ирээдүй хойч үедээ өвлүүлэх зорилго бүхий Ирээдүйн өв сангийн тухай хуулийг 2017 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Тус санд 2019 оны 9 дүгээр сарын байдлаар 368.2 тэрбум төгрөгийг хуримтлуулаад байгаа бөгөөд манай улс анх удаа эрдэс баялгийн орлогоосоо бодит хөрөнгийн хуримтлал үүсгэж, байгалийн баялгийн өгөөжийг тэнцвэртэй хүртээх боломж бүрдэж байгаа юм.

Эрхэм гишүүд ээ,

Ирэх онд Засгийн газар эдийн засгийг тогтвортой өсөлтөөр хангаж, төсвийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэх, сахилга хариуцлага, дэг журмыг хэвшүүлэн мөрдүүлэх, авлига, хээл хахуулийг хязгаарлахад чиглэсэн бодлогын шинэтгэлүүдийг тусгалаа.

Зээлийн хүүг бууруулж, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх замаар эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын орчинг дэмжих, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, татварын тэгш шударга, ил тод байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээг татварын шинэчлэлийн хүрээнд эхлүүлнэ.

Тухайлбал, ипотекийн зээлээр анх удаа орон сууц худалдан авсан иргэдийн татварын хөнгөлөлт хоёр дахин нэмэгдэх, мөн анх удаа ипотекийн зээлээр орон сууц авсан бол Засгийн газрын ипотекийн хөнгөлөлттэй зээлийн найман хувийн хүүгийн түвшнээс илүү төлсөн хэмжээгээр татварын буцаан олголт үзүүлэхээр төлөвлөж байна.

Татвар хураалтын хялбаршуулсан горим нэвтрүүлж, бүртгэл, тайлагналт, төлөлтийг бүрэн цахимжуулан, татварын тайлагналтын давтамжийг бууруулахын зэрэгцээ нэмэгдсэн өртгийн албан татварын буцаалтыг улирал тутам олгодог болно. Мөн иргэдийн татварын боловсролыг дээшлүүлэх, татварын хууль тогтоомжийг сурталчлах ажлыг эрчимтэй зохион байгуулна.

Гаалийн шинэчлэлийн хүрээнд Замын-Үүд, Алтанбулаг, Гашуунсухайт боомтыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, нэвтрэх хүчин чадлыг нь нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Эдгээр боомтод зорчигч болон ачаа тээврийн барилга байгууламж, иж бүрэн шугам сүлжээ бүхий дэд бүтэц, зам талбай, ногоон байгууламжийн цогцолборуудыг 2020 онд барьж дуусгах юм.

Гаалийн шинэчлэлийн үр дүнд Замын-Үүд боомтын өдөрт нэвтрүүлэх зорчигчдын тоо дөрөв дахин, суудлын тээврийн хэрэгслийн тоо долоо дахин, Гашуунсухайт боомтын экспортлох хүчин чадал гурав дахин, Алтанбулаг боомтын тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадал дөрөв дахин нэмэгдэхээр байгаа нь гадаад худалдаа, эдийн засгийн хөгжилд томоохон түлхэц үзүүлэх болно.

Түүнчлэн, 2020 онд газрын төлбөрийг бүрэн хураах чиглэлээр хууль эрх зүйн орчныг сайжруулах, газрын бүртгэлийг цахимжуулах, ил тод болгох ажил хийнэ. Орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, сум, дүүргийн орлого төвлөрүүлэх идэвх санаачилгыг сайжруулах зорилгоор газрын төлбөрийн орлогын 40 хувийг харьяалах сум, дүүрэгт хуваарилахаар тооцлоо.

Төсвийн зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлж, нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмж, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх зорилт нь ирэх оны төсвийн онцлог байх болно.

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, шаардлагад нийцсэн, иргэдийн хэрэгцээ, авьяас сонирхолд тохирсон мэргэжлийн боловсролын тогтолцоог хөгжүүлэхэд зохих хөшүүрэг хэрэгтэй байна. Мэргэжлийн боловсролын төвийг төгсөгчид ажлын байртай болох нь их, дээд сургууль төгсөгчдөөс илүү байгаа бөгөөд энэ хэрээр мэргэжлийн боловсон хүчний хэрэгцээ Монгол Улсад өндөр байна. Иймд мэргэжлийн боловсролын сургалтын төвд суралцагчид 2019 оноос олгож эхэлсэн 100 мянган төгрөгийн тэтгэлгийг хоёр дахин нэмж 200 мянган төгрөгт хүргэхээр төлөвлөлөө.

Сургуулийн өмнөх болон бага боловсролын тогтолцоонд хамрагдсан хүүхдийн хоолны зардлыг улсын төсвөөс бүрэн хариуцаж байгаа хэдий ч хоол хүнснээс авбал зохих амин дэм, эрдэс бодисын зохистой норм хангагдаж чадахгүй байна. Иймд эдийн засаг, төсвийн боломжоос шалтгаалан 2012 оноос хойш нэмээгүй байсан цэцэрлэгийн хүүхдийн хоол, ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай хөтөлбөр” болон дотуур байрны хоолны зардлыг тус тус 50 хувиар нэмэгдүүлж, зохистой хэмжээнд хүргэхээр тооцлоо.

Төрийн өмчийн эмнэлгүүд болон сумын эрүүл мэндийн төвд олгодог тусламж, үйлчилгээний төлбөрийн тариф нь хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад олгодог тарифаас ойролцоогоор хоёр дахин өндөр хэдий ч үзүүлж байгаа тусламж үйлчилгээний чанар, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн хувьд хангалтгүй байгаа бөгөөд орон нутагт хувийн хэвшлийн үзүүлсэн үйлчилгээний тоо хэмжээ нь 2.8 дахин их байгаа юм.

Иймд төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудад давуу боломж олгосон бүх шатлалын тусламж үйлчилгээний тарифыг шинэчлэн тогтоох замаар адил боломж нөхцөл, өрсөлдөөн бүхий иргэнд ээлтэй, хүртээмжтэй эмнэлгийн тусламж үйлчилгээг бий болгох цаг нь болсон байна.

Түүнчлэн, үзлэг оношилгоо, эмийн сан, эмнэлэг хоорондын уялдаа сул байгаагаас шалтгаалж үйлчлүүлэгч эдгээр байгууллагуудын хооронд чирэгдэж, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, эрүүл мэндээрээ хохирч байна. Тиймээс эдгээр үйлчилгээг нэг дороос, бодит өртөг шингэсэн тарифын дагуу санхүүгийн нэмэлт дарамтгүйгээр авах боломжийг бий болгоно.

Иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах талаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтуудаа хэрэгжүүлэх болно. Энэ хүрээнд:

Нэг. 2014 оноос хойш нэмээгүй байсан цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцитай уялдуулж 2018 оноос жил бүр нэмэгдүүлж байгаа бодлого, үйл ажиллагааг ирэх онд үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Төрийн албан хаагчдын цалингийн сан, нийгмийн даатгалын сангаас олгох бүх төрлийн тэтгэвэр болон нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг инфляцитай уялдуулан нэмэгдүүлэхэд ирэх онд 327.9 тэрбум төгрөг нэмж зарцуулна.

Хоёр. Төрийн үйлчилгээний албан хаагч нь төрийн захиргааны албан хаагчийн нэгэн адил төрд ажилласан хугацаагаараа тооцуулж цалингийн нэмэгдэл болон тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмж авах боломжийг 2020 оноос эхлэн олгоно.

Гурав. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг 2017 оны 2 дугаар сард баталсан боловч эдийн засаг, төсвийн боломжтой уялдуулан 2 удаа хэрэгжилтийг хойшлуулсан. Иймд 1995 оноос хойш төлж чадаагүй байсан тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлж 2020 оноос тэтгэвэр авах боломжийг малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд нэгэн зэрэг олгохын зэрэгцээ тэтгэврийн сангийн эх үүсвэрийг тогтвортой байлгахад чиглэсэн зарим өөрчлөлтийг оруулахаар төлөвлөсөн.

Дөрөв. Улсын Их Хурлаас 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдөр баталсан эхчүүд, эмэгтэйчүүдийн нийгмийн хамгаалал, орлогын баталгаат байдлыг сайжруулах, хүн амын өсөлтийг дэмжих шийдвэр, зохицуулалтыг ирэх оноос эхлэн хэрэгжүүлнэ. Тухайлбал, нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан эхийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг цалин хөлснийх нь 70 хувиар тооцож байсныг 100 хувиар тооцож олгох, сайн дураар даатгуулсан болон нийгмийн даатгалд даатгуулаагүй эх хүүхдээ асрах хугацаанд төлбөл зохих шимтгэлийн тодорхой хувийг хөнгөлөх зэрэг болно.

Тав. Хөнгөлөлттэй нөхцөлөөр залуу насандаа тэтгэвэр тогтоолгосон, олон хүүхэд төрүүлсэн зарим эхчүүд, эмэгтэйчүүдийн ажилласан жил цөөн, тэтгэвэр тогтоолгосон цалингийн хэмжээ бага байгааг харгалзан тэтгэврийн хэмжээг нь нэг удаа тусгайлан нэмэгдүүлэх арга хэмжээ авна.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг бууруулж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь Засгийн газрын хэрэгжүүлэх бодлогын чухал хэсэг байх болно. Сүүлийн гурван жилд уул уурхайн хайгуул, ашиглалтын талбай бүхий 191 суманд байгаль орчны эсрэг гэмт хэргийн 670 тохиолдол бүртгэгдэж, 7.3 тэрбум төгрөгийн бодит хохирол учруулаад байна. Энэ төрлийн гэмт хэрэг цаашид нэмэгдэх хандлагатай байгааг харгалзан хяналт, хамгаалалтыг сайжруулж, уул уурхай бүхий газар нутгийн унаган төрхийг сэргээх, хамгаалах зорилгоор Экологийн цагдаагийн алба байгуулахаар төлөвлөлөө.

Цөлжилтийг сааруулж, цөлжилтөд өртсөн газар нутгийн хэмжээг бууруулах, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтыг сайжруулах, газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээх, хуурайшилт, гал түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд шаардагдах санхүүжилтийг 6.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцсон.

Аялал жуулчлалын салбарын дэд бүтцийг сайжруулах, гадаад сурталчилгаа, маркетингийн ажлуудыг эрчимжүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах, Монгол Улсад жуулчин хүлээж авах хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор санхүүжилтийг нэмэгдүүлж 8.1 тэрбум төгрөгт хүргэнэ.

Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, үйлдвэрлэлд төсвөөс олгох дэмжлэг, урамшууллыг оновчтой хуваарилж, салбарын өсөлтийг дэмжихэд олгох хөрөнгийн үр ашиг, хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

Нийгмийн хэрэгцээ шаардлага, орон нутаг болон салбаруудад тулгамдсан асуудлуудыг хөрөнгө оруулалтаар шийдвэрлэхэд онцгой анхаарч 2016-2018 онд 81 цэцэрлэг, 58 сургууль, 22 эмнэлгийн барилга байгууламж ашиглалтад оруулсан бол 2019-2020 онд 194 цэцэрлэг, 145 сургууль, 80 эмнэлгийг шинээр ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Түүнчлэн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018-2019 онд эхлүүлсэн төслүүдийг дуусгах, олон жил үргэлжилсэн царцаагдсан төслүүдийг ашиглалтад оруулах, 2018 оны төсөвт тусгагдсан боловч санхүүжилтээ бүрэн авч чадаагүй зарим төслүүдийн хураагдсан санхүүжилтийг төсвийн төсөлд тусгалаа.

Эдийн засаг, нийгмийн ач холбогдол бүхий хөрөнгө оруулалтын төслүүдийг хэрэгжүүлж, орон нутгийн иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлэх, боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг зэрэг нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад анхаарал хандуулна.

Мөн аялал жуулчлалыг хөгжүүлж, үндэсний өв соёл, урлаг, үзвэрийн барилга байгууламжийг сайжруулах замаар уг салбараас олох орлогыг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлнэ.

Дээр дурдсан бодлогын арга хэмжээнүүдийн үр дүнд 2020 онд Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 11.8 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 13.9 их наяд төгрөг, улмаар нэгдсэн төсвийн нийт алдагдал 2.1 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувь байхаар төсвийн төслийг боловсрууллаа.

Төсвийн төслийн хамт Засгийн газрын тусгай сангуудын үйл ажиллагааг цэгцлэх, зориулалт, эх үүсвэр, санхүүжилт, зарцуулалтыг нь ил тод, оновчтой, хяналттай болгох, эдийн засаг, нийгэмд үзүүлэх үр нөлөөг дээшлүүлэх зорилго бүхий Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлж байна гэлээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм улс-төр эдийн-засаг

Эмнэлгүүдэд угаарын хий хэмжигч, илрүүлэгч багаж суурилуулна

38 төрлийн үйлчилгээ, лавлагааны төлбөрийг ebarimt ашиглан төлдөг боллоо

Төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх зорилгоор Сангийн яам, гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв хамтран төрийн үйлчилгээний цахим төлбөр тооцооны системийг нэвтрүүлж байна. Энэ дагуу иргэд Улсын бүртгэлийн ерөнхий газраас үзүүлдэг 38 төрлийн үйлчилгээ, лавлагааны төлбөрийг “Цахим төлбөрийн баримтын систем” буюу ebarimt аппликейшн ашиглан гар утаснаасаа интернет банкаар төлөх боломжтой гэсэн үг юм. Ингэснээр иргэд заавал банкинд очих, цаг алдах, гүйлгээ хийх бүртээ шимтгэл төлөх зэрэг хүндрэл арилж байна. Цаашид 185 төрлийн үйлчилгээ болон гааль, татвар, эрүүл мэнд, соёл урлагийн байгууллагуудад үе шаттай нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

Эмнэлгүүдэд угаарын хий хэмжигч, илрүүлэгч багаж суурилуулна

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв болон дүүргүүдийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэгт угаарын хий хэмжигч, илрүүлэгч багаж худалдан авахад шаардлагатай 330 сая гаруй төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар болов. Угаарын хийн хордлогод өртсөнийг цусан дахь карбоксигемоглобины хэмжээг тодорхойлж, оношийг баталгаажуулдаг байна. Ийм багаж байхгүй учир угаарын хийнд хордсон эсэхийг эмнэлзүйн шинж тэмдэг болон сайжруулсан түлш хэрэглэсэн эсэх асуумжаар оношилж байгаа юм.

Товч мэдээ

– Япон Улсын Чюүбү, Канто, Тохоку бүсийг дайрсан “Хагибис” хар шуурга, хүчтэй аадар борооны улмаас олон хүний амь эрсдэж, эд материалын их хохирол учирсантай холбогдуулан 100 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болов. Энэ сарын 15-ны байдлаар 68 хүний амь эрсдэн, 15 хүн сураггүй алга болж, 212 хүн гэмтэж бэртжээ. Аврах, сэргээн босгох ажиллагаанд 110 гаруй мянган албан хаагч оролцож байна.

– Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

– “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн хоёрдахь шатны Хөгжлийн бодлогын санхүүжилтийн хүрээнд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан Санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулсан Зээлийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

– Үндэсний геологийн алба байгуулах тухай асуудлыг нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзэв. Үндэсний геологийн алба байгуулснаар геологийн судалгааг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, уул уурхайн салбарын дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Мөн хоорондоо уялдаа холбоо байхгүй геологийн нэгж, байгууллагуудыг нэгтгэн нэгдсэн бүтэц зохион байгуулалтад оруулна. Салбарын бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэй хэрэгжүүлэх, мэргэжлийн боловсон хүчний тогтвортой ажиллах болон улс орны онцлогт тохирсон эрдэс баялгийн цогц бодлого явуулах нөхцөл бүрдэх юм.

– Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбалын гавъяа зүтгэл, амьдрал, түүхэн үнэнийг харуулсан “Түүх мартахгүй” баримтат, уран сайхны кино бүтээхэд зориулж 500 сая төгрөгийг нөөц сангаас гаргахаар болов. Киноны зураг авалт 89 хувьтай байгаа бөгөөд Монгол Улс, ОХУ, БНХАУ, БНЭУ-ын жүжигчид, уран бүтээлчид оролцож байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Д.Тогтохсүрэн: Улсын төсвийн орлого 11.7 их наяд, зарлага 13.8 их наяд байна

Image result for Тогтохсүрэн

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ. Тэрбээр “Бүлгийн хуралдаанаар 2020 оны улсын төсвийн тухай хуулийн төсвийг хэлэлцлээ. 2020 оны улсын төсөв өргөн барихдаа улсын төсвийн орлогыг 11.7 их наяд, зарлагыг 13.8 их наяд, төсвийн алдагдлыг хоёр их наяд байхаар өргөн барьсан.

Энэ асуудлыг МАН-ын бүлэг хэлэлцээд хэд хэдэн ололттой тал байна гэж үзсэн. Нэгдүгээрт, МАН 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг хангах чиглэлд чухал зүйлүүдийг тусгасан байна гэж жүзэж байгаа. Ялангуяа нийгмийн хамгааллын чиглэлийн амлалтууд энэ төсөв батлагдсанаар хэрэгжинэ гэж үзсэн. Хоёрдугаарт, 2018-2019 онд хийгдсэн хөрөнгө оруулалтуудыг бүрэн дуусгахаар төлөвлөсөн. Төсөвтэй холбоотой асуудлыг хэлэлцээд бүлгийн хурлаас ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэж үзсэн” гэлээ.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

​Засгийн газар: Мал аж ахуйн шинжлэх ухаан, үйлдвэрлэл технологийн үндэсний парк байгуулна

Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг хувийн хэвшлийн байгууллагатай хамтран боловсруулахаар болов. Мал аж ахуйн салбарыг түшиглэн малчид, хоршоодыг дэмжих, ашиг орлогыг нь нэмэгдүүлэх, ажлын байраар хангах зорилгоор парк байгуулахаар төлөвлөсөн байна.

Орон нутгийг түшиглэн мал бордох хоршоо, сумын агент, төлөөлөгчийн газар байгуулж мал, малын гаралтай түүхий эдийг жилийн турш зах зээлийн үнээр тогтмол худалдан авах юм. Мөн сайн үүлдрийн үхэр, хонины үржүүлгийн ферм байгуулж, мал бордох, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хадлан тэжээлээр хангах зэрэг цогц ажил хийнэ. Парк байгуулах төслийг 2040 он хүртэл дөрвөн үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд нийт 14 орчим их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажлыг хүлээн авлаа

Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажлыг хүлээн авлаа

Газрын тос боловсруулах үйлдвэрийн гаднах дэд бүтэц бэлэн боллоо. Дорноговь аймгийн Алтанширээ суманд байгуулах газрын тос боловсруулах үйлдвэрийн гаднах дэд бүтцийг ашиглалтад хүлээн авч, барилга угсралт, хөрөнгө оруулалтыг албан ёсоор эхэллээ.

БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 2023 онд энэ үйлдвэрийг барьж ашиглалтад оруулахаар болсон. Монгол Улсын Засгийн газар үйлдвэрийн гаднах дэд бүтцийг байгуулах үүргээ цаг хугацаанд нь гүйцэтгэж ашиглалтад орууллаа. Хүлээн авах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНЭУ-ын Газрын тос, байгалийн хийн сайд Дармэндр Пратхан, БНЭУ-ын Гадаад хэргийн сайдын зөвлөх К.Панкаж, БНЭУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд М.П.Сингх болон УИХ, Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Зам, Тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд болон бусад албаныхан оролцов. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ёслолын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “БНЭУ-ын Засгийн газар хөрөнгө оруулалт хийснээр Монголын төрөөс сүүлийн хориод жил зорьж буй газрын тосоо дотооддоо боловсруулж, түлш шатахууны хэрэгцээгээ хангах зорилтыг бодитой ажил хэрэг болгох боломжийг бүрдүүллээ. Төмөр зам, авто зам, цахилгаан дамжуулах агаарын шугамаа татаж дууслаа. Энэ бол төрийн болон мэргэжлийн байгууллагуудын өндөр зохион байгуулалттай ажилласны үр дүн. Дотоод нөөц бололцоогоо дайчилж, бүтээн байгуулалтаа гүйцээж хийхийн нотолгоо болж байна. Монгол, Энэтхэгийн зорьж буй энэхүү хамтын бүтээн байгуулалт нь манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. БНЭУ-ын Засгийн газар, ард түмэнд талархал илэрхийлье” гэлээ.

БНЭУ-ын Газрын тос, байгалийн хийн сайд Д.Пратхан; Монгол Улсад 1,5 сая/тн хүчин чадалтай газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулж буй нь хоёр улсын нөхөрлөлийн бэлэг тэмдэг юм. Монголын талын хүсэлтээр 236 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийг манай Засгийн газраас хийхээр шийдвэрлэсэн. Хоёр орны стратегийн түншлэлийг улам хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллах болно” гэв. Дорноговь аймгийн Сайншанд хотоос зүүн хойш 18 км-т Алтанширээ сумын нутаг дэвсгэрт байгуулах газрын тос боловсруулах үйлдвэрийн гаднах дэд бүтцийн бүтээн байгуулалтын хүрээнд 27км төмөр зам, 17,2 км 100 тоннын хүнд даацын авто зам барьж, улсын чанартай төв автозам болон төмөр замтай холбожээ. Мөн 110 кВт-ын эрчим хүчний агаарын дамжуулах шугам барьж, үйлдвэрийн талбайг бэлтгэх, тэгшлэх ажлыг гүйцэтгээд байна. Газрын тосны боловсруулах үйлдвэр нь урьдчилсан ТЭЗҮ-ээр жилд 1,5 сая/тн тос боловруулах хүчин чадалтай байх юм. Үйлдвэрийн түүхий эдийн нөөцийг тогтоох хайгуулын ажлууд бүс нутгийн хэмжээнд идэвхитэй хийгдэж байгаа бөгөөд бүрэн тогтоогдсон нь 35 сая/тн. Нефть-хими болон химийн аж үйлдвэрийн суурь, түүхий тос дамжуулах хоолой төслийн хүрээнд тавигдах юм. Газрын тосны боловсруулах үйлдвэр баригдсанаар түлш шатахууны импортын хамаарлаас гарч, валютын гарах урсгал 20 орчим хувиар буурна. Мөн Дотоодын нийт бүтээгдэхүүн 10 хувиар нэмэгдэж, улсын болон орон нутгийн төсвийн орлого 150 сая ам.доллараар өсч, 600 гаруй ажлын байр шинээр бий болж, үйлдвэрийг дагасан жижиг дунд үйлдвэрлэл хөгжих юм. Дэд бүтцийн бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, үүрэг гүйцэтгэсэн Зэвсэгт хүчний дугаар ангийн албан хаагчид, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ”, “УБТЗ” ХНН, “МТЗ” компанийн нийт ажилчдад Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын талархалыг гардуулж, баяр хүргэн зарим хүнийг шагнаж урамшууллаа. Одоо газрын тосны боловсруулах үйлдвэрийн ажилтан албан хаагчдын 550 айлын орон сууцны хорооллыг барьж эхлээд байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 103 жилийн ой өнөөдөр тохиож байна.

МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон албаны бусад хүн Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.


Categories
мэдээ эдийн-засаг

Амарсайхан: Бид дижитал шилжилт хийхийн тулд иргэдийн цахим оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай

Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Оксфортын их сургууль, “Билл Мелинда Гэйтс” сан Аксесс Сольюшинс ХХК-тай хамтран хэрэгжүүлж буй “Цахим эрин дэх Монгол Улс” төслийн судалгааны тайлан, бодлогын зөвлөмжийг танилцуулах “Цахим эрин дэх нүүдэлчид” олон улсын бага хурал өнөөдөр боллоо. Хуралд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон төрийн байгууллагууд, технологийн салбарын манлайлагчид, их, дээд сургууль, хувийн хэвшлийн төлөөлөл оролцов.

Хурлын эхэнд “Билл Мелинда Гэйтс” сангийн тэргүүн, хатагтай Мелинда Гэйтсээс ирүүлсэн мэндчилгээг дамжуулж, Оксфортын их сургуулийн Блаватникийн нэрэмжит Төрийн удирдлагын сургуулийн эдийн засгийн профессор Стефан Деркон “Технологийн хөгжлийн комиссын танилцуулга, улс орнууд дижиталчлалд хэрхэн бэлэн байх ёстой вэ” сэдвээр, “Цахим эрин дэх Монгол Улс” төслийн захирал Б.Болор-Эрдэнэ дижитал эдийн засгийн загвар боловсруулах “Цахим эрин дэх Монгол Улс” төслийн үр дүнг танилцуулж, илтгэл тавьсан юм.

Бага хурал “Монгол Улс дижитал шилжилтэд бэлэн үү” хэлэлцүүлгээр үргэлжилж, панелистуудаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат, Ерөнхий сайдын ажлын албаны эдийн засгийн бодлогын зөвлөлийн дарга Т.Хаш-Эрдэнэ, “Анд Глобал” ХХК-ийн үүсгэн байгуулагч Ч.Анар, “Ай Си Ти” групп ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Лхамсүрэн нар оролцов.


Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын зорилго, зорилт болон нийт эдийн засагт дижитал хувьсгалыг хэрхэн холбох боломж, цахим эрин дэх Монгол Улсын бэлэн байдал, цаашид баримтлах стратеги, үндэсний технологийн шийдлүүдийн талаар болон технологийн салбарын олон улсын томоохон оролцогч талуудтай хамтран ажиллах боломжуудыг тодорхойлох зэрэг асуудлаар панелистууд санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Улаанбаатар хот цахим шилжилтийн талаар ямар бодлого барьж ажиллаж байгаа талаар Хотын Захирагч С.Амарсайханаас тодруулахад “Дэлхий нийтэд өрнөж буй аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал Монгол Улсын эдийн засаг, нийгмийн төв болох нийслэл хотын иргэдийн амьдрал, хөгжилд ч зайлшгүй нөлөөлнө. Иргэдийн хүсэл шаардлага хүлээлт ч их байна. Эхний ээлжинд бид гэр хорооллын 151 хороог өндөр хурдны шилэн кабелд холбож, төрийн үйлчилгээг хүргэж эхлээд байна. Мөн иргэдийн цахим оролцоог хангахын тулд ихэнх хороонд 50 метр бүст үнэгүй интернетийн үйлчилгээ хүргэж байна. Гэр хорооллын иргэдийн цахим дэд бүтцийг хүргэх технологийн боломж нь “LTE технологид суурилсан утасгүй сүлжээ”-г барьж байгуулах нь зүйтэй гэсэн шийдлийг мэргэжилтнүүд гаргасан. Бид гэр хорооллын иргэдийн дэд бүтцийг сайжруулах, хотын иргэдийг аюулгүй орчинд амьдруулах зорилгоор 6000 орчим камерын нэгдсэн хяналтын сүлжээ байгуулах ТЭЗҮ боловсруулаад байна. Мөн Нийслэлийн хот байгуулалтын дундын мэдээллийн санг бий болгох томоохон ажил ид өрнөж байна. Бид дижитал шилжилт хийхийн тулд иргэдийн цахим оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээс үйлчилгээ авч буй иргэд хурууны хээгээ уншуулан зарим төрлийн лавлагааг үнэмлэхний хуулбар, нотариатийн баталгаа зэргийг шаардахгүй түргэн шуурхай авах боломж бүрдсэн. Энэ нь иргэдэд цаг хугацаа, мөнгө хэмнэх боломжийг бүрдүүлж байна” хэмээсэн юм.

Төслийн хүрээнд Аксесс Сольюшинс ХХК болон Оксфортын их сургуулийн эрдэмтэд Монгол Улсын цахим хөгжлийн бэлэн байдлын судалгааг хийж, технологийн хөгжлийг ашиглан эдийн засгийн хөгжлийг хурдасгах стратегийг боловсруулсан байна. Өнөөдрийн хурлын үеэр судалгааны үр дүнг танилцуулж, цаашид баримтлах цахим хөгжилд тулгуурласан эдийн засгийн хөгжлийн талаар стратегийг хэлэлцэх, технологийн салбарын хүний нөөц болон боловсролын дижиталчлалын талаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Азийн худалдааг дэмжих олон улсын форум боллоо

Азийн худалдааг дэмжих байгууллагуудын дээд хэмжээний уулзалт өчигдөр Төрийн ордонд боллоо.Уг уулзалт анх 1987 онд Японы худалдааг дэмжих байгууллагын санаачилгаар эхэлж байжээ. Монгол Улс 1992 онд тус байгууллагын гишүүнээр элссэн юм байна. 1995 онд энэ уулзалт манай улсад анх удаа болж байж. Тус дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч О.Амартүвшин “2014 онд хөрөнгө оруулалтыг дэмжих, ногоон эдийн засаг, Азийн худалдааны байгууллагатай яаж хамтран ажиллах талаар энэ уулзалтыг зохион байгуулж байсан бол өнөөдөр олон улсын хэмжээнд жижиг дунд үйлдвэрлэлийг олон улсын нэмүү өртгийн сүлжээнд яаж хамруулах вэ гэдэг сэдвийн хүрээнд Азийн улсуудын худалдааг дэмжих байгууллагын төлөөллүүд цуглаад байна. Өнөөдөр Монгол Улсад уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг дэмжих ёстой гэж тал талд ярьж байгаа. Ийм нөхцөлд яаж Монголын жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, бүтээгдэхүүнийг нь хэрхэн дэлхийн нэмүү өртгийн сүлжээ рүү гаргах, үүнтэй холбоотой хүндрэлүүдийг ямар арга замаар шийдвэрлэх талаар ярина. Ер нь бол үүн дээр хэд хэдэн анхаарах зүйл байна. Хамгийн эхний асуудал бол тарифын хүндрэл. Хятадын зах зээл рүү ороход тариф өндөр байгаа. Орос ч ялгаагүй. Үүнийг яаж шударгаар бууруулах вэ гэдэг асуудал бидний өмнө байна.

Шударгаар бууруулахын тулд олон улсын арга зам, гарц шийдлийг ашиглахаас аргагүй. Үүний тулд өнөөдрийн уулзалтыг хийж байна” гэж ярилаа. Түүнээс олон улсын худалдаатай холбоотой зарим зүйлийг тодруулав.

-Олон улсын зах зээл дээр тэр дундаа хоёр хөрштэйгөө аль бүтээгдэхүүнээр голчилж харьцах боломж бидэнд байна вэ. Мэдээж, уул уурхайн бүтээгдэхүүнийг оруулахгүйгээр шүү дээ?

-Онцолж хэлэхэд, нэг салбар бий. Тэр нь ноос ноолуур. Өнөөдөр бид нарт ганц л давуу тал бий нь энэ л дээ. Ноос ноолуурын салбар дээрээ тулгуурлаж үйлдвэрлэл хөгжүүлэх боломж Монгол Улсад байна.Үүнийг ажил болгохын тулд бүсийнхээ улсуудтай яаж хамтарч дэлхийн зах зээл дээр гаргах вэ гэсэн асуулт тулгарч байгаа.

-Бидэнд байгаа ганц давуу тал нь ноолуур гэж та ярилаа. Тэгэхээр ямар зүйл хийвэл өнөөдөр олон улсын нэмүү өртгийн сүлжээ рүү орох гээд байна?

-Манай улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д саяхан айлчилсан. Энэ үеэрээ хоёр улсын харилцааны түншлэлийн гэрээнд гарын үсэг зурсан гэдгийг бүгд мэдэж байгаа. Үүний хүрээнд нэг асуудал яригдаж байна. Тэр нь гуравдагч хөрш рүү ноос, ноолууран бүтээгдэхүүнийг татваргүй гаргах. Энэ хууль Конгрессоор батлагдана гэдэгт итгэлтэй яваа. Өөрөөр хэлбэл, бидэнд маш том боломж нээгдсэн гэсэн үг.

-Ер нь монголчууд дэлхийн ноолуурын зах зээлийн хичнээн хувийг хангаж байгаа вэ?

-Ноолууран бүтээгдэхүүн татваргүйгээр борлуулах хууль гарчихвал бидэнд маш том боломж нээгдэнэ гэж сая хэллээ шүү дээ. Ингэж хэлсэн нь учиртай. Бид дэлхийн зах зээлийн түүхий ноолуурын 40 хувийг хангаж байгаа. Гэвч найман хувь нь л эцсийн бүтээгдэхүүн болж зах зээл дээр гардаг. Тэгэхээр 100 хувь үйлдвэрлэл явуулахын тулд бид юу хийх ёстой вэ гэсэн асуулт гарч ирнэ. Тэр нь ерөөсөө олон улсын худалдааны сүлжээ рүү орох. Энэ зорилгыг биелүүлж чадвал, Монгол Улсын экспорт дор хаяж 10 хувиар өснө. Бүр тодруулж хэлбэл, экспортоос олох доллар энэ хэмжээгээр өснө гэсэн үг. Ингэхийн тулд бүс нутгийн хамтын ажиллагаа маш чухал. Бүс нутгийн хамтын ажиллагаа амжилттай өрнөвөл дор хаяж ажлын байр мэдрэгдэхүйцээр өснө. Энгийн жишээ хэлэхэд, малчдын орлого хүртэл нэмэгдээд ирнэ шүү дээ.

-Нэмүү өртгийн сүлжээг та энгийнээр тайлбарлаад өгөөч?

-Нэмүү өртгийн сүлжээ гэдгийг энгийнээр тайлбарлавал бага зэрэг оршил хэлэх хэрэгтэй болно. Жишээлбэл, ноолуурын салбар байлаа гэхэд малчны хотноос АНУ-ын аль нэг лангуу хүртэлх бүх шатыг хэлээд байгаа юм. Тухайлбал, ямаагаа самнана. Самнасан ноолуураа тээвэрлэнэ, боловсруулна, үйлдвэрт ирсэн хойно нь дизайн загварыг гаргана гэх мэт маш олон шат дамждаг. Энэ болгоныг хэрхэн төгс уялдаатай болгох вэ гэдэг нь л нэмүү өртгийн сүлжээ юм л даа.Аль болох олон сүлжээ байгаад тэр хэрээр олон хүн оролцох тусам л сайн. Нэмүү өртгийн сүлжээний гол давуу тал нь ерөөсөө л энэ. Нэг кг ямааны ноолуур зуун гучин мянга байлаа гэж бодъё. Эцсийн бүтээгдэхүүн гарах үед сая хэлсэн үнийн дүн арав дахин өснө. Товчхондоо үүнийг л нэмүү өртгийг сүлжээ гэдэг.

Тус дээд хэмжээний уулзалтад 16 улсын 34 төлөөлөгч оролцлоо. Монгол Улсын экспортын 90 гаруй хувийг Хятад улс эзэлдэг гэж Гадаад харилцааны яамны мэргэжилтэн онцолсон. Сүүлийн 2-3 жилд гадаад худалдааны баланс эерэг гарсан гэх мэдээллийг тус яамнаас өгч байв. Орос, Хятад улс манай экспортын бүтээгдэхүүнд 30-60 хувийн татвар тавьдаг нь гол хүндрэл гэж албаныхан ярьж байсныг энд онцолъё. Харилцан ашигтай бус энэ хандлагыг өөрчлөх талаар яриа хэлэлцээний түвшинд онцолж эхэлснийг ч тус дээд хэмжээний уулзалтын үеэр салбарын яамны төлөөлөл дурдаж байв.

Сүүлийн үед цахим худалдаа идэвхжих болсон талаар уулзалтыг МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулсан Японы ЖЕТРО байгууллагын төлөөлөл хэлж байлаа. Энэ чиглэлээр манайх шиг хөгжиж буй орнуудад дэмжлэг үзүүлэхээ ч тодотгосон юм. Хөгжиж буй орнуудыг энэ чиглэлээр тусгайчилж дэмжих талаар Австрали улс санаачилгатай ажиллаж эхэлжээ. Японы хувьд ч гэсэн нааштай байгаа гэнэ. Нарийн судалгааны эцэст ямар төслийг хэр өртөг зардалтайгаар санхүүжүүлэхээ мэдэгдэх аж.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

​“Улаанбаатар түншлэл-2019” олон улсын үзэсгэлэн яармаг эхэллээ

“Улаанбаатар түншлэл-2019” олон улсын үзэсгэлэн яармаг “Мишээл экспо” төвд эхэллээ. Үзэсгэлэн-худалдаа нь үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээ, брэнд бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлах, зах зээлээ өргөжүүлэх, экспортод гаргахад нь дэмжлэг үзүүлэх, шинэ зах зээлд гарах түншлэлийг бий болгох зорилготой арга хэмжээ юм. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд Беларус улс түнш орноор оролцож байна. Тус улсын “Белаз”, Минскийн тракторын үйлдвэр, “Могилолифтмаш”, дарсны болон хүнсний үйлдвэрүүдийн төлөөлөл ирээд байгаа аж. Мөн үзэсгэлэн-худалдаан дээр БНСУ, БНХАУ, ОХУ, Тайванийн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцах боломжтой.