Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“LG”-ийн бүтээсэн хуйлдаг дэлгэц

Технологийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг БНСУ-ын “LG” компани 18 инчийн хуйлдаг дэлгэц бүтээсэн байна. “LG”, “Samsung” тэргүүтэй технологийн компаниуд хуйлдаг, нугалдаг дэлгэцийн конпенц танилцуулж байсан хэдий ч өнөөдрийг хүртэл яг ийм дэлгэц бүхий төхөөрөмж худалдаанд гаргаагүй юм. Цаас шиг хуйлж болох уг дэлгэцийг “Consumer electronic show” үзэсгэлэнгийн үеэр дэлхий нийтэд танилцуулах юм. Мөн үүнээс гадна “LG” компани технологийн хамгийн сүүлийн үеийн шийдлүүд болох 65 болон 77 инчийн хэмжээтэй 4к нягтрал бүхий OLED зурагт, цаас мэт нимгэн 55 инчийн OLED концепц зэргээ танилцуулах ажээ. 4к нь дүрсийг HD-гээс дөрөв дахин чанартай дамжуулдгийг илэрхийлсэн үзүүлэлт гэнэ. Ийм дэлгэц бүтээхийн тулд “LG” компани 900 сая ам.доллараар уян дэлгэцийн үйлдвэрийг тусгайлан байгуулжээ. OLED зурагт LCD, LED зурагт дэлгэрээд байгаатай адил айл бүрийн хэрэглээ болтол хамгийн багадаа таван жилийн хугацаа хэрэгтэй гэж “LG” компанийн захирал хэлжээ. “LG” –н 65 инчийн OLED зурагт Өмнөд Солонгост 12 сая вон буюу 11 мянган ам.долларын үнэлгээтэй байгаа аж.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“iPhone”-ын үйлдвэрлэлийн хэмжээг 30 хувиар бууруулна

Америкийн “Apple” компани “iPhone” ухаалаг утасны шинэ загвар болох “iPhone 6s” болон “iPhone 6s plus”-н үйлдвэрлэлээ анх төлөвлөж байснаас 30 хувиар бууруулахаар болжээ. “Apple” компани шинэ загваруудынхаа үйлдвэрлэлийн хэмжээг өмнөх загварын үйлдвэрлэсэн тоотой адил байлгахаар төлөвлөж байгаа аж. Дэлхий даяар борлуулалт буурсантай холбоотойгоор ухаалаг гар утас зах зээлд олон тоогоор хуримтлагдсан байна.

“Apple” компанийнхан “IPhone 6s” болон “IPhone 6s plus”-н үйлдвэрлэлийг бууруулснаар өмнөх загваруудыг борлуулах боломжтой болно гэж үзэж байгаа аж. Энэ шийдвэр нь тус компанид ухаалаг гар утасны төхөөрөмжүүд нийлүүлдэг Япон болон БНСУ-ын компаниудад сөргөөр нөлөөлж болзошгүй гэнэ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Менделеевийн үелэх системд дөрвөн шинэ элемент нэмэгджээ

Олон улсын онолын болон химийн холбоо (IUPAC) -ны шийдвэрээр үелэх системд химийн дөрвөн шинэ элемент нэмэгджээ. Дөрвөн элементийн эхнийх нь 113 дугаартай Унитрий (Uut). Түүнийг Орос-Америкийн эрдэмтдийн баг 2014 онд нээжээ. Мөн Японы “Рикен” хүрээлэнгийн эрдэмтэд ч хувь нэмрээ оруулсан байна. Түүнийг “Ricken” гэж нэрлэх хамгийн өндөр магадлалтай гэж бичжээ.

Хоёр дахь элемент нь 115 дугаартай Ununpentium (Uup). Түүнийг 2003 онд АНУ-ын Калифорнийн Лауренс Ливермор болон Теннеси дэх Оак Риж үндэсний лаборатори, ОХУ-ын Дубнагийн Цөмийн хүрээлэнгүүдийн судлаачдын баг нээж илрүүлжээ.

Гурав дахь шинэ элемент нь 117 дугаартай Ununseptium (Uus). Энэхүү элементийг 2009 онд ОХУ-ын Цөмийн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд нээжээ. Дөрөв дэх элемент болох 118 дугаартай элемент Ununoctium (Uuo)-г АНУ-ын Берклийн эрдэмтэд нээсэн гэдэг ч хожим алдаатай мэдээлэл болох нь тогтоогдсон байна.

Менделеевийн үелэх системд дөрвөн элемент нэмэгдсэн талаар өнгөрсөн оны 12 дугаар сарын 30-ны өдөр Олон улсын онолын болон химийн холбооноос мэдээлсэн байна. Улмаар 113, 115, 117, 118 атомын тоотой элементийг шалгаж, баталгаажуулснаа зарлажээ. Дээрх элементүүдийг нээсэн АНУ, ОХУ, Японы эрдэмтэд хоёр үсэгтэй тэмдэглэгээ болон нэр өгөх ажлаа эхлүүлсэн байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Төрийн шагнал авах уран бүтээлчид олон л байна даа

Энэ жилийн төрийн шагналыг Буриадын зураач Намдагийн Дашнамд олгосон. Даши Намдаков хэмээх эл уран бүтээлчийг дэлхийд алдартай нэгэн гэдгийг манай урлаг соёлын хүрээнийхэн мэднэ. Харин Монголын ард түмэн бүгдээрээ тийм ч сайн танихгүй байх. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгогддог төрийн шагналд дүйцэхүйц уран бүтээлчид Монголд цөөнгүй. Харин нэр дэвшүүлдэг, дэвшүүлдэггүй нь л хаашаа юм гэхээс биш. Миний мэдэхээр, “Загийн алим”, “Суварган цэнхэр уулс”, “Мартагдсан дууль” зэрэг кино зохиол, “Эх газрын чулуу”, “Эргүүлэг” роман, “Азын цэнхэр уул”, “Уулын намар” тууж зэрэг олон сайхан бүтээл төрүүлсэн зохиолч Санжийн Пүрэвийг энэ шагнал яагаад тойроод байдгийг хэлж эс мэднэ. Түүний “Усны гудамж” хэмээх хэлмэгдлийн үеийн сэдэвт роман гэхэд ерээд оны эхээр тавин мянган хувь хэвлэгдэж, саяхан уншигчдын хүсэлтээр арваад мянган хувиар дахин гарсан. Тэгэхээр түүнийг уншигчгүй, авьяасгүй зохиолч гэж хэн ч хэлж чадахгүй.

“Паанан”, “Соёо” туужаараа Монголын их утга зохиолыг хөдөлгөөнд оруулж, монгол туужийн хөгжлийг алхам урагшлуулсан зохиолч Доржзовдын Энхболдыг “Монголын Хемингуэй, Фолкнер” хэмээн мэргэжлийн шүүмжлэгчид өндрөөр үнэлдэг. Энэ хүний энгэрт монгол төрийн алтан соёмбо тийм ч гялгар юм уу, эсвэл бүүдгэр харагдахгүй л байх. Түүний “Казиног номхотгосон түүх” роман номын зах зээлд тэргүүлж, оны шилдгээр тодорч байсан.

Тэрчлэн, “Хорин нэгэн хөрөг”, “Саран зэв”, “Түгшүүрт аялал” түүхэн хөрөг, тууж, эсээний ном туурвиж, Монголын 35 их хаан, Модунь шаньюйн хөргийг амилуулсан зураач-зохиолч Тангадын Мандир хэмээх эгэл даруу эгэлгүй нэгэнд Монголын төр мэхийх цаг нь болсон мэт. Овоон дээр хуурдан суугаа сохор хуурч өвгөн буюу “Их хөлгөн туульс” сонгодог бүтээл, шадар ван Чингүнжавын хөшөөг гайхамшигтай туурвисан зураач Шүнгийн Тэнгисболдод ч төр соёрхлоо хайрлахад ер буруудахгүй гэж мэргэжлийн судлаач шүүмжлэгчид ярих юм билээ. Төрийн маань гэгээн мэлмий энэ л сод авьяастнуудаа олж харахгүй л байх юм даа.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Илчлэг багатай хоол унд хэрэглэх нь хөгшин, уцаартай харагдуулдаг

Хүн эрүүл аюулгүй, амин дэмтэй хоол идэхээс гадна түүнийг зөв хэрэглэх нь хамгийн чухал. Зөв хооллолтоос хүний бие болоод сэтгэл санаа, бодисын солилцооны тэнцвэр, гадаад үзэмж, гоо сайхан ч хамааралтай.

Хоолоо сойн турж байгаа нь энэ гээд хонон өнжин өлсгөлөн байж байгаад илчлэг багатай хоол, унд байнга идэж уудаг бол таны хүч чадал доройтож, наснаасаа гурваас таван насаар хөгшин, уур уцаартай харагддаг гэнэ. Эмх цэгцгүй хооллодог хүмүүс бий. Ийм хүмүүс ажиллах чадвар муутайн дээрилүүдэл жинтэй болох магадлал өндөр аж. Өглөө гэрээсээ өлөн гараад өдөржингөө хоосон ходоодтой гүйж байгаад гэнэт их хэмжээгээр цадтал идэх нь бий. Ингэж идэхэд ходоод гэнэт дүүрч, ходоодны хана сунаж, шингэцгүй болж архаг өвчтэй болох суурь нь тавигддаг. Нэг удаа их хэмжээгээр хооллоход судасны хана хатуурч, өөх хуралдах явц эхэлдэг.

Энэ мэтээр та бидний дунд зөв хооллолтыг амьдралын хэвшил болгоогүй хүн олон байдаг.

Зохистой хооллохын хамгийн чухал зүйл бол хоол, ундыг хэрэглэх цаг, хэмжээ орцын хуваарилалт юм. Ходоодонд хоол орсноос хойш дөрвөн цагийн дотор боловсордог. Тиймээс хүн эрүүл, урт насалъя гэвэл өдөрт 4-6 удаа бага багаар хооллох нь тохиромжтой гэдгийг эмч мэргэжилтнүүд, фитнессийн багш нар зөвлөдөг.

Categories
булангууд мэдээ өд-бэх

Өрөөнийхөө цонхоор, өмнөтөө Тэнгэр ширтэн зогсохуй морин хараацайнууд нисэлдэх нь…

Манай сонины “Утга зохиол” буланд хэвлэгдсэн их сэтгэгч Дамдинсүрэнгийн Урианхай найрагчийн “Цээжин аглагийн шүүдэр буюу голын эргээс эргүүлэг рүү нь…” хэмээх афоризм, максимим, эсээ-бодролын номоос шинэхэн эсээнүүдийг нь хүргэж байна.

(ЭСЭЭ-БОДРОЛ)

Тэнгэрт багирдуу үүлтэй, Богд Дүнжингарав дүнсгэрдүү, бодлогошронгуйяа хөмсөг зангидан дүнхийж, юу хүүрнээд буй нь тодорхой сайн ойлгогдохгүй ч лавтайяа юухан нэгийг хөхөмдөг хөх агаараар, амгалан, түнэр ойнхоо ногоон салхиар тодхон тодхоноор чихнээ сонсгон, тасралтгүй шивнэнэ.

Цонхны цаана зөндөө зөндөө морин хараацайнууд далавчныхаа үзүүрээр цонхны шил маажин алдан, миний “Чачиртын гол”-ын загас, жараахайнууд шиг “буцлан” нисэлдэнэ.

Сониноос уншсанаасаа тогтоосон минь, “Хамгийн хурдан нисдэг шувуу бол морин хараацай. Цагт 200 км нисдэг!” гэж тогтоож үлджээ.

Яасан ч хурдан нисдэг жигүүртэн юм бэ дээ, Хайрхан! Тэдний нисэхийг хараад, “Агаар огторгуй далавчинд нь зүсэгдэхдээ өвддөггүй байгаа даа? гэж бодогдон, агаар огторгуйг өөрийнхөө хөрзгөр хөөрхий арьс шиг санан эмзэглэнэ.

“Агаар огторгуй зүсэгдлээ ч дорхноо л, хоромхонд л тасарсан тасархай нь уулзан нийлж, морин хараацайсын түрмэг, шалмаг далавчаар зүсэгдсэн “шарх”-аа уулзан учрахын баяраар дор нь эдгээнэ шүү дээ! Агаар огторгуй мөнхөд амьд, бүтэн байх агуу хүчирхэг, хувилгаан амьдралтай!..” гэж бодоод тайтгарна.

Морин хараацайнуудын далавч хүний нүдэнд гүйцэгдэхтэй, үгүйтэй жирс-жирс дэвэн, бие биеийнхээ хойгуур урдуур гялс-гялс хэрэн, тэгш, муруй, том, бага тойрог, тиг тэнгэрт зуран бүжицгээх нь газраар дүүрэн инээд цалгиан цацах агаад, тэгэхдээ, жишиг зүйргүй хурдан нислэгэндээ толгой нь эргэн зүг чигээ алдан эргэлдэх мэт санагдахаар харагдавч тийнхүү хурданаа нисэлдэн цэнгэлдэх нь оюуныг бүтээгч хүмүүний цээжинд элдэв ялдар санаа үүсгэн торниулдаг ид шидээрээ түмэнтээ түмэнтээ баярлуулдгийнхаа бахыг эдэлдэг биз дээ, тэд минь!

Тогоруу, тагтаа, бор шувууд мэт газарт буух нь харагддаггүй, газраар галуу, ятуу мэт явгалан гүйх нь ч харагддаггүй нь, “тэд угаасаа, ам руугаа хийх юм эрэн зүдрэхээр газарт хэзээ ч буудаггүй юм болов уу?” гэж бодогдуулна.

Ер, шувууд тэнгэрт нисэж явахдаа газрын хамаг амьтдаас өндөрт харагддаг ч газарт буугаад, өвс ногоонд явгалахаараа тун намхан, тун өрөвдмөөр, өвс боргийн ёроолоос үл цухуйх цох, гүрвэл, нүүнээ хорхойноос арай өндөр харагддаг нь яамай даа, хөөрхий! гэж залбирмаар санагдуулдаг нэг яльгүй харамсал барайлгадаг нь шувуудыг дээш нь өргөн татах “Тэнгэрийн өргөх хүч”-ийг шувуудыг доош нь чангаан буулгах “Газрын намсгах хүч” дийлдгээс шувууд газарт буухаараа намхан харагддаг ч юм бил үү, бүү мэд! Гэлээ ч, манай байрны цонхны цаахнуур морин хараацайнууд сая живаа, сая живаа навчтай саглагар саглагар үй түмэн салаа мөчиртэй модны навчис намрын ширүүн салхинд сэрэлзэн хөдлөх шиг өөдөө сөөргөө агаар өрөмдөн зурс-зурс нисэлдэн, далиа улам улам эрчлэн “шурагдах” мэт урагш шуухайн зүтгэх нь “Тэнгэрийн татах хүч”, бас ч нэгэн бодохноо, “Газрын татах хүч” хоёртой тэрсэлдэн тэнцэлдэх мэт урагшаа, дээшээ ч цахилан дэвэлдэж, хойшоо, дээшээ ч цахилан дэвэлдэж, “Хар гэрэл”, “хар цахилгаан” шиг харван халин зуралзах нь агаарын урсгалын “Үрэлт”, “Эсэргүүцэл”-ийг элэглэн тохуурхаж, хүний атаархлын хорыг цайруулан эеэрүүлж, үл үзэгдэх алсыг сүлжин одох мэт харагдана.

Тийн, тэнгэр сандчаан, үүл, хур дуудан үймэлдэхийг нь харахуй, газрын амьдралаас жишихэд, үүрээ эвдүүлсэн шоргоолжнууд нүд эрээлжлүүлэн нүдэнд газар дайвуулан, үүрнийхээ орчин тойрноор үерлэн гүйлддэг нь санаанд орж, “шоргоолжнуудын хурдан хөл нь хөл биш, далавч байсансан бол, тэд л, магадгүй, морин хараацайнуудаас түргэн нисэж чадах байсан байх даа!” гэсэн бодол сэрхийлгэвч морин хараацайнуудын нислэг өөрсдийнхөө тухай бодлоос бусад бүх бодлыг хором зуур л толгой дотроос ор мөргүй арчин устгана.

Морин хараацайс тэнгэрийнхээ өндрөөс зөвхөн тэдэнд л харагдах ямар нэг юмтай уралдах мэт агаар хэрчин сүлжиж, жирс-жирс нисэлдэн сандрах нь, тэд тэнгэрээс хааяа нэг доошоо (тэд үргэлж нар өөд, тэнгэрийн гүн рүү харж нисдэг биз!), газар руу, хүмүүс рүү харахдаа газрын болоод хүмүүсийн амьдралаас харц дальдран өөрийн эрхгүй уйлж байгаа нь л тэр юм билээ!

Газар, тэдний хувьд, өөр дээрээ үүдэж-төгсөж, өнгөрч-үлдэж байгаа аливааг өвөртөө тэврэн харуулагч шидэт “Толь” юм билээ!

Морин хараацайнууд үүлсийг шүргэн алдан нисэж явахдаа доошоо, “Газар-Толь”-доо Хүмүүс бидний ахуй амьдралыг хараад хүнийг өрөвдөн уйлдаг, морин хараацайнууд уйлахаар л бороо асгадаг юм билээ!

Морин хараацайнууд уйлахаар бороо ордгийг би сая л, өтөлсөн хойноо ойлголоо, чааваас!

Орчлонгоос ойлгосон бүгдээ би хайрладаг, “Хайртай!” гэж үнэнээ хэлдэг.

Хүүхэнд, Шувуудад, Шоргоолжинд, Наранд, Өвс ногоонд, Элс шороонд, Цэцгийн өргөсөнд, Эрвээхэйнд, Гол усанд, Салхи шуурганд, Дуунд, Гуниганд, Учралд, Жаргалд, Агаар огторгуйд, Аав, Ээждээ, Үр хүүхдүүддээ, Амьдралд… Амьдралд… Амьдралд үнэнхээр хайртайгаа насан туршаа бичсэн! Одоо, орчлонгоос ойлгоогүй, мэдээгүй бүгддээ ч хайртай болж байна! Гагц, өнөө эргээд бодохноо, “Хайртай!” байдаг үнэнээ зөвхөн цаасан дээр л бичиж! Заримдаа, залуудаа, элсэн дээр, цасан дээр, цасан шамрага шавсан цонхны шилэн дээр ч бичиж насны халуунаар томоогүйтэж ч л явж!

Одоо, Бурханы хайраар бүтээгдэж, Бурханы амь амьсгааг шингээсэн бүгдэд хайртай болсноо цаасан дээр биш, элсэн дээр биш, цасан дээр биш, цантсан цонхны шилэн дээр биш, морин хараацайнуудын далавчин дээр бичих л үлдэж!..

Морин хараацайнууд цонхны минь цаахнуур үймэлдэн нисэлдэнэ…

Цонхоо дэлгэхээс!..

Хараацайнууд над руу улам ойртон… улам ойртон нисэлдэж эхэллээ…

Далавчинд нь гар хүрэхээр… үзэгний минь үзүүр ч шүргэхээр маш ойрхон!..

2015.08.04-05. Алтан Тэвшийн хөндий.

“Цонхоор харагч” хийгээд “Цонхоор харагдагчид”

/ҮР-БОДОЛ/

“Цонхоор харагч” зурагтаа унтраагаад цонхоор харна.

“Цонхоор харагдагчид”-тай нэгдэхийг хүсэвч эс чадна.

“Цонхоор харагч”-ийн дотор, хаа нэгтээ нь “хашгичин” буй “дотоод юмс”-ын нь эсэргүүцэл час улайсч өөрийгөө хамгаалан тусгаарлаж, юугаар ч юм, эс мэд, ямар нэг үл үзэгдэгчээр “Цонхоор харагдагчид”-ыг хаана.

“Цонхоор харагдагчид” нь хичнээн “харь”, хичнээн “хүний” харагдах тусам “Цонхоор харагч”-ийн нүд болоод сэтгэл төчнөөн гайхан гунина.

Хичнээн их гайхах, гуних тусмаа төчнөөн хүчтэй уягдана…

Ойлгохыг… туслахыг… “цагаатгах”-ыг… эвлэрэн нэгдэхийг хүснэ.

Гагц, үл эвлэрэгч “дотоод юмс” эрс татгалзана.

“Цонхоор харагч”-ийг зовлонтойёо шаналган тамлаж, хоромхон ч эс эвлэрч өгнө. Эсрэгээр, эсэргүүцлээ улам улам нэмнэ. “Цонхоор харагч” цонхоор удаан харах тусам нь “Цонхоор харагдагчид”-тай нь улам зөрчилдөж, улам “харьшаана”…

“Дотоод юмс”-ын эсэргүүцэл, зөрчил, “харьсал”, үл эвлэрлийн ужгаар “Цонхоор харагч”-ийг үл амраагч, үргэлж шаналгагч Гайхашрал, Цөхрөл, Гэмшил, Эмзэглэл, эцэст, өөрөө өөртэйгөө “үл эвлэрэх”-ийн эмгэнэл азарган борооны үүлс мэт бөөгнөрөн барайж, ойлгохыг хүсэх -ойлгож эс чадах, хүлцэхийг хүсэх -хүлцэж эс чадах, нэгдэхийг хүсэх -нэгдэж эс чадахын гашууныг “Цонхоор харагч”-д хурцаар мэдрүүлнэ…

“Цонхоор харагч” цонхоо хаана.

Амьдрал, Үхлийн аль алинаас ангид харь зүүдээр амьдарна…

Цонхоор харахыг тэсгэлгүй хүсэвч эс харна.

Цонхоор харахгүй хичнээн тэсэвч харахгүй удаж… өнжиж… хонож эс чадна.

“Цонхоор харагдагчид”-аасаа нууцлагдан үлдэхийг үхэхээсээ дор мэт бодон үхтлээ айна.

2015.10.20-23. Хүн чулууны хөндий.

Нулимсаа үл харуулагч

(ҮР-БОДОЛ)

Хүн шиг хүн болж өгөөгүй үрийг нь хүмүүс муулахад бурууг нь өөртөө аван гэмших, үрдээ гомдох зэрэгцэн үрээ өмөөрч суугаа эх, үрээ өлгийтэй нялхад нь тоонондоо хүртэл өргөн бахаа хангаж, тэнгэр намсан чагнатал ялдам уяханаар бүүвэйлсэн өдөр шөнүүдээ зүүд мэт санан уйтайяа, уйтайяа уйлдаг.

Нулимсаа харуулдаггүй!

Ширгэсэн голын хуурай ёроолд хөхөр даан хэвтээ ангамал чулууд голынхоо урсгалын харгиа, боргио, алив амьтны балчирхан шулга үр мэт цовхчин шуугичин дайрч өнгөрөх “халуун” нойтон чимээнд шөнөжин нойргүй хонодгоо санагалзан санагалзан гунихарч, одоо хувхай цагаан тоос шороонд дарагдан унтанги ч юм шиг, сэрэнгэ ч юм шиг үүрэглэн цагийн “мөнх”-ийг эдлэхдээ урьд огт “Байгаагүй” мэт, эсвэл, “Байсан”-аа үхсэн мэт, огт дуулдахаа больсон Голынхоо урсгалын хий үер шуугианыг л өдөржин шөнөжин… өдөржин шөнөжин… өдөржин шөнөжин сонсон “өнгөрсөн”-өө зүүд мэт үзэн уйтайяа уйтайяа уйлдаг.

Нулимсаа харуулдаггүй!

Хавар, зундаа дандаа Тэнгэр өөд ширтдэг модод намрын салхи шамраганаар нүцгэрээд доошоо, газар руу… элс шороо руу Эх-Модныхоо саглагар саглагар мөчрүүдээсээ тасран унасан шаргалхан… шаргалхан… хорчгорхон… хорчгорхон үй живаа навчсаа нэгд нэггүй тоолон, ганцыг ч үлдээлгүй тоолон, уйтайяа уйтайяа уйлдаг.

Нулимсаа харуулдаггүй!

Миний харсан, дотроо шаналан бодсон минь: Амьдын насанд хамгийн хэцүү юм,- нулимсаа харуулахгүй уйлах!

2015.10.18-22. Хүн чулууны хөндий.

Моддын “ухаан”

(ЭСЭЭ-БОДРОЛ)

Ой…

Ойн захад ургасан өндөр, саглагар шилтэс модны хажууд зогсон модны орой руу ч, навчис шилмүүс рүү нь ч, тэнгэрт нүүдлэх үүлс рүү ч ширтэн бодлогоширлоо.

Гайхамшигтай!

Ямар гайхамшигтай юм!..

Хүн төрөлхтөн моддын “ухаан”-аас л суралцмаар санагдаад санаа алдлаа…

Модод хичнээн саглагар, том, хичнээн өндөр сүрлэг ургалаа ч нэг ч гишүү нь нэг ч гишүүгээ, нэг ч мөчир нь нэг ч мөчрөө, нэг ч навч нь нэг ч навчаа, нэг ч шилмүүс нь нэг ч шилмүүсээ сүүдэрлэлгүй, зай зайгаа гайхмаар “ухаан”-тай олоод ургачихаж!

Модны нэгхэн ч эс нэгхэн ч эсээ нарнаас халхлаагүй, нэг нэгнээ сүүдэрлээгүй хэрнээ нэгний нь сүүдэр нөгөөгийнхөө сүүдрээс саланги салгуу, тус тусдаа бус, зүүний сүвэгчээр нийтгэгдэж байгаа мяндсууд шиг нийлж эвлээд нэг дор, нэлэнхүй том сүүдэр болж газар дарсан харагдана.

Юухан нь ч бай, юухан нэгээсээ агаар, салхи харамлалгүй, нарны илч, гэрлийг өөр өөртөө хэрэгтэй хэмжээнээс илүү гаргахаар булаахгүй урган сүндэрлэнэ гэдэг “Амьд оршихуй”-н дээд хууль, дээд “далд ухаан” юм байна даа! гэж баярлах хүүхэдлэг гэгээн сэрэхүй ямар нэгэн шувуухай толгой, цээж рүү нисээд орчих мэт хаа нэгтээгүүр сэрхийнэ…

Моддын “ухаан”, үнэнхээр л, эгэл хүмүүс бидний байтугай хүний хорвоод заларсан (номноос уншснаар минь!) Найман Их Будда, -Амитаба Цаглашгүй Гэрэлт Будда, Шагжаа Муни Будда тэргүүтэн ч хүрээ энг нь даваагүй Дээд гэгээрэл, Дээд ухаарал байх! гэж бодогдоод алгаа халуунаар хавсран залбирлаа.

Ой руу жаахан дотогшиллоо.

Өө, бас нэг ёстой гайхамшиг!

Нэг үндэснээс Хус, Шинэс хоёр хамт зэрэгцээд ургачихаж!

Хоёулаа жигтэйхэн гоолиг, өндөр, хоёулаа үзэсгэлэн, сүрлэг, хоёулаа ногоохон ногоохон навчис, шилмүүсэнд хучигдаад нэлмийчихэж!..

Нэг үндэс!

Нэг үндэст болохоор “нэгэн амь” оршихуй!

Мөнх бусыг мөнх бусаар нь айлгахуй!

Мөнх бусыг мөнхөөр тэжээхүй!..

Бурхан минь!

Модод яасан ч нууцлаг үзэсгэлэнтэй юм!

Ямар нууцлаг увдис, хүчний жанлаваар ч дээшээгээ эгц, шулуухан, юунд ч үл хоригдон, үл саатан зүтгэж тэнгэрт ойртдог юм!?

Хаа нэгтээ, энд тэнд “Газрын татах хүч”-ний дийлдэшгүй эсэргүүцлээр муруй хазгай ургасан нь тааралдлаа ч эгц, шулуун ургасантайгаа ав адил үзэсгэлэнтэй нь яасан ч атаархаж үхмээр гоё “гажиг” агаад бурханлаг гоо сайхан юм!?

Яасан ч ажиггүй, яасан ч анир чимээгүйхэн ургаж, холтос дотуураа урсаж байгаа агуу амьдралын аймшигт зовлон, эсэргүүцэл, “Хэцүү”-гийн үер, шуургыг нам гүмд хувиргаж чаддаг ч юм, Бурхан минь!..

Модод минь, модод минь, -Монголд минь ургадаг модод минь, бүгдийг тань үнсье!

2015.08.26. “Төр Хурах”-ын ам.

2015.10.10-11. Алтан Тэвшийн хөндий.

Categories
булангууд мэдээ өд-бэх

Ч.Лодойдамба гуайд кино зохиолоо уншуулснаа эргэн санахад

Би найруулагчийн мэргэжилтэй болсон нь нэг бодлын их эртний хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөн мэт. Нөгөө бодлын бараг тохиолдлоор ч юм шиг санагддаг. Учир нь бүр наймдугаар ангид байхын л кино “Экран”, “Советский фильм”-ийг дугаараар нь авч цуглуулдаг байлаа. Манай ангийн Долгоржав, Дариймаа, Алтанхуяг Заяа бид хэд сэтгүүлээ Төв шуудангаас зориуд очиж худалдан авдагсан.

Уншихаасаа илүү кино жүжигчдийн зургийг л биширцгээнэ дээ. “Советский фильм”-ийг бодвол “Экран” нь хямд болохоор сүүлдээ дагнаж Экранаа цуглуулсан юмдаг. Бүр чемодан дүүрэн сэтгүүлүүдээ, кино жүжигчдийн фото зурагтай открытуудынхаа хамт цөмий нь С.Даваахүүд (Монголын Пионерийн Ордны жүжгийн дугуйлангийн багш байсан одоо СГЗ болсон) долдугаар ангиа амжилттай төгсөж ахлах ангийн сурагч боллоо гэж бэлэглэсэн юм. Даваахүү бид ах дүүгийн өргөмөл, танхил охид байв.

Тэр үеийн сурагчид уран зохиолын ном зохиол, үзсэн киногоо ярьдаг, бас надаас бусад маань спортоор хичээллэж сагс тоглодог байлаа. “Советский фильм”, “Экран” цуглуулдаг сэтгүүлдээ хөтлөгдсөн эсэх нь юу юм ямар ч л гэсэн ангийнхнаасаа ганцаараа Пионерийн ордны жүжгийн дугуйланд орж билээ. Хоёр жил Чүлтэмжамц багшаар жүжигчний анхны мэдэгдэхүүнийг заалгаж суралцахдаа зохиолч болж кино зохиол бичих юмсан гэдэг хүсэлд автаж дүрийн тухай, зохиолын шүүмж зэргийг “Цог” сэтгүүлээс унших боллоо. Тэгээд “Монгол кино” гэсэн номыг, мөн “Цог” сэтгүүлд хэвлэгдсэн Намдаг гуайн “Нүгэл буян” кино нь өөр нэртэйгээр хэвлэгдэж байсныг уншлаа. Хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөн би Хүүхдийн сэтгэхүйн нарийн шижмийг тал талаас нь хөндсөн “Учраа ололцсон нь” нэртэй кино тууж бичиж Лувсанжамц багшдаа уншиж өгтөл багш маань их л баярлаж “Би чамайг Э. Оюун руу явуулъя. Намайг явууллаа гэж хэлээд (40 мянгатад байдаг гэрий нь зааж өгсөн) шууд гэрт нь очиж уулз гэж хэлэв. Оюун гуайд учраа хэлбэл.

-Багш чинь уншиж танилцсан гэсэн. Чи тэгээд өөрөө бичсэн юм уу? гэж асууснаа. За яахав орхичих, би завандаа уншихыг бодъё. Утсаар асууж байгаад ирээрэй гэснээс хойш сар болсны хойно

-Уншиж үзлээ. Чи маргааш хичээлээсээ чөлөө аваад ирж чадах уу? Би чамайг киноныхонтой уулзуулъя гэлээ.

-Би та нарт кино зохиол бичсэн энэ охиныг танилцуулахаар зорьж ирсэн юм. Хөөрхөн юм, их сонин бичсэн байна. Та нар уншаад болбол дэмжиж юм болгооч гэлээ. Гэтэл нэг хүн танд тэгж бодогдож байгаа юм бол би уншаад үзье болмоор байвал дипломынхоо киног хийчихье гэсэн нь Доржпалам гуай байжээ.

Өнөө ах “Зохиолоор нь кино хийнэ. Уран сайхны зөвлөлөөр хэлэлцээд баталсан. Одоо Соёлын Яамнаас зөвшөөрвөл киногоо хийх ажилд орно” гэдэг байгаа. Баярласан гэдэг жигтэйхэн. Хэлсэн өдөр нь Гүржав багшаасаа чөлөө аваад Соёлын Яаман дээр очиж Доржпалам гуайтай хамт Лодойдамба сайдын өрөөнд орлоо. Миний сурагчийн гурван дэвтэрт бичсэн кино зохиолыг маань машинаар цохьчихсон, миний нэрийг зохиолын нэртэй томоор бичиж хавтасласныг сайдад өгөхийг нь хараад сүрдэж эмээх ч шиг.

-Сайд аа, хугацаа улам л давчуу болоод байдаг. Та хичээж түргэлэхийг бодвол их сайн байна гэтэл

-Чамд тэгээд боломжийн санагдсан бол би уншъя гээд

-Тэгээд энэ хүүхэд бичсэн юм уу?

-Тийм ээ энэ охин бичсэн гэхэд нь

Хэддүгээр ангид хаана сурдгийг минь надаас асуулаа. Би I сургуулийн 8-р ангид сурдгаа хэллээ.

Азын тэнгэр ингэж ивээдэг юм байх даа гэж гайхшруулсан мэдээг нэг өдөр Доржпалам гуай утсаар дуулгаж “Сайд баталсан шүү! Маргааш миний дүү бидэнтэй цуг сайдтай уулзана гэв. Төдөлгүй кино зохиол бичсэн гээд анги, сургуулиар тарж тэр ч байтугай “Залуучуудын үнэн” сонинд хүртэл бичигдэж олонд зарлагдчихваа.

Киноныхон ямар гоё улс вэ? Хаалгаар нь оруут л мэндэлсэн инээсэн ах эгч нар. Бас группийнхнээс Дамдин оператор дөнгөж төгсч ирсэн гэснээр нь ч юм уу? Бодвол арай залуу бараг үе тэнгийнх юм шиг харьцдаг болохоор нь түүнээс “Экран” дээр сюжет эфизод гээд л зөндөө бичсэн байдаг, бодвол дүрслэх үйл явдал юм уу? Кадр хоорондын холбох өгүүлэмж юм уу? гэж ирээд л асууж зүрхэлсэн… Дамдин ч надад Москвагийн сургуулийнхаа тухай, оюутнууд богино хэмжээний кино хийж дадлага хийдэг байснаа өөрсдийнхөө дадлагын киноноос жишээ болгож ярьсан нь маш их ойлголт өгсөн юм.

Нэг өдөр кино үйлдвэр дээр очтол Доржпалам найруулагч маань

-Хүүхдүүдийн шалгалт эхлэх гээд бас удахгүй тараад явчих болох нь зуны амралт өнгөрч намар хичээл эхэлж хүүхдүүд цугларахаар чиний киног хийе гэхээр миний дипломын ажил, хугацаа нь өнгөрөх гээд их бэрхшээлтэй байна аа. Ах нь дипломоо яаралтай хамгаалахгүй бол болохгүй. Итгэж болно гэдэг жүжгээр киногоо хийх болсон гэлээ.

-Юу? Лодойдамба гуайн өөрийнх нь бичсэн жүжиг биз дээ?

-Тийм тийм. Ах нь жүжигчид нь бэлэн болохоор бүр яараад бүр ажлаа бараг эхэлчихсэн байгаа. Ирээд дүүгийнхээ киног хийнэ ээ.

“Арай ч дээ. Яасан ичдэггүй улс вэ? Надад баяр хүргээд байсан өнөөх том сайд уу даа? Доржпалам гуай ямар муухай хүн бэ?” Ингэж бодсон би юу ч хэлж чадаагүй. Нүдээрээ дүүрэн нулимстай өрөөнөөс нь гарсан.

Хоног хугацаа ёстой харвасан сум шиг өнгөрсөөр. Олонд би л худлаа хэлсэн юм шиг, хачин эвгүй байдалд орж шаналж явах үед дипломоо онц дүнтэй хамгаалсан Доржпалам гуайн Энэ хүүхнүүд үү! кино нь дэлгэцнээ гарч эхэллээ. Үзэгчид ч надаас бусад нь сайхан хүлээж авлаа. Учир нь би л ганцаараа уйлж үзсэн юм чинь. Үнэндээ киногий нь нус нулимстайгаа холилдон байж (хоёр ч удаа) үзээд “Үнэ нь хямдарсан жүжиг” нэртэй шүүмжирхүү юм бичээд, намайг кино бичсэн гэж зарласан “Залуучуудын үнэн” сонины газарт аваачиж өглөө. Цэдэв гэдэг хүн сониндоо гаргана гэж байсан боловч таг чиг.

Ингээд л хоёр дахь киногоо бичиж Лодойдамба сайдад өгөхөөр очлоо. Нарийн бичгийн дарга нь сайддаа кино бичдэг охин ирлээ гэж дуулгаснаар орохыг зөвшөөрсөн бололтой.

Дөрвөлжин шугамтай нимгэн хоёр дэвтэрт хичээнгүйлэн хуулж бичсэн кино зохиолоо өглөө. Сайд шагнал гардан авах мэт хоёр гараараа тосч авахдаа

-Дахиад өөрийг бичсэн хэрэг үү?

-Тийм

-Тэр киногий чинь хийнэ шүү дээ гэснээ. За яахав бичээд ирснээс хойш үүнийг чинь уншина аа. Заавал гэхдээ санаа алдах шиг уртаар амьсгаа аваад

-Одоо харин ирсэн гадны төлөөлөгчдийг сайдтай хамт хүлээн авах ёстой гээд хошуугаа цорвойлгох мэт инээмсэглэх нь уучлалт гуйгаагүй хэрнээ буруугаа хүлээгээд байгаа юм шиг тун зөөлөн бүр уярмаар харагдаж, ер нь л энэ хүнтэй нүүр учирмагц л өнөөх гомдол уур хилэн маань дорхноо үгүй болж нэг их тайтгарлаар сэтгэл минь тэжээгдсэн билээ.

Хэд хоногийн дараа зохиолыг минь уншсанаа нарийн бичгийн даргаараа дамжуулан дуулгаад ирж зохиолоо аваарай гэжээ. Уулзвал өмнөх зохиолд анхааруулж байсан зүйлийг маш сайн засч чадсан байна. Киноны зохиол ер нь их товчхон, дүрийн тодотгол яаж авах нь найруулагч оператор хоёрын мэдлийнх байдгийм шүү дээ. Сайн байна. Гэхдээ түрүүчийн зохиолы чинь кино болговол илүү шинэлэг сонирхолтой болох байх. Энийг хоёулаа улам сайн болгоноо гээд инээснээ

-Чи богино өгүүллэг бичдэг үү? гэж асуулаа.

-Шүлэг л…

-Чи Эрдэнийн зохиолыг уншдаг уу?

-Уншсаан

-Аяс чинь их уянгалаг эерүү юм. Чи Чеховыг хэр уншсан бэ?

-Орчуулагдсаны нь л

-Сайн байна. Бүр эх хэлээр нь уншаарай. Их зөв санаатай, зөөлөн бичдэг хэрнээ намуунаар чанга дуугарсан, хэлэх зүйлээ ёжилсон, нийгэм рүүгээ их шүүмжлэлтэй хандсан байдаг юм шүү дээ. Заавал ахин дахин уншаарай. Эх хэлээрээ оростой нь тулгаад унш!

-За

-За тэгвэл өөр бичсэн зүйлтэйгээ ирж байж болох уу?

-За. Хэзээ ирж болох вэ?

-Дуртай цагтаа шууд миний утас руу ярьж байгаад ирээрэй гээд ажлынхаа утасны дугаарыг өглөө.

-За гээд намайг инээхэд сайд ч бас дагаж инээсэн нь дуугүй мөртөө хаш хундага харших шиг бөглүү атлаа цалгисан сэтгэл байлаа.

Би ямар азтай хүн бэ? Ийм мундаг зохиолч, сайд хүн өөрөө намайг урьж бичсэнийг минь сонсох гэж байдаг. Хоёр дахь кино маань тийм ч муу биш байж дээ! гэж бодсоноос киногоо хэзээ гаргах бол гэж огтхон ч бодсонгүй. Харин сайн зохиол, дөрвөн мөрт ч болов сайн л байх ёстой. Энэ хүнд гологдохооргүй бас Чехов шиг нийгэм рүүгээ хандаж сайн бичих хэрэгтэй.

Аравдугаар ангид орох сурагч өөр юугаа ч бодох билээ…

Нансалын Саалуут

Categories
ардын-цолтон булангууд мэдээ

Бөхийн Бааст гуайнд бага үдээр…

Энэхүү тэмдэглэлийг архиваасаа эргэн хүргэж байна.

Соёлын гавьяат зүтгэлтэн, ардын уран зохиолч Бөхийн Бааст гуайнд товлосон ёсоор 11 цагт зочиллоо. Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын харьяат, Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, хятад судлаач, доктор Мэнэрэлийн Чимэдцээеэ, Монголын авто замын салбарт мэдлэг туршлагаараа толгой цохидог, зөвлөх инженер Нямжавын Адилбиш нар нутгийнхнаа төлөөлөн эрхэм зохиолчоосоо ботиудыг нь тамга, гарын үсэгтэй нь хүлээн авч хүндэтгэл үзүүлэхээр ирсэн нь энэ. Нэг нутаг усныхан уулзахаараа төрсөн газар, уул усныхан, удам судар, хаваржааны талаар бэлгэтэй үг хэлцэн яриагаа эхэлдэг. Мэнд ус мэдэлцсэний дараа ирсэн зочид өөрсдөд нь Б.Бааст гуайн хэд хэддүгээр ботиуд дутуу байгааг хэллээ. Б.Бааст гуайн чих жаахан хатуурсныг эс тооцвол хөдөлгөөн нь урдынх шигээ шалмаг, түргэн. Нөгөө өрөөндөө буюу номын өргөөндөө ороод шат тавиад л өндөр шүүгээн дээрх хураалттай номуудаа зайцуулангаа “За хэд хэддүгээр боть гэсэн бэ. Адилбиш 16 дугаар ботиос хойшхийг, Цимэдцээеэ нэгдүгээр ботиос эхлүүлээд бүгдийг нь гэсэн үү” хэмээн хөгжилтэй өгүүлнэ. Н.Адилбиш “Холбоо дөрвөн тууж”-аас хоёрыг гэвэл зохиолч “Өө, тэр чинь мандаж байгаа шүү дээ. Байгальсайхан миний холбоо дөрвөн туужаар Америкт илтгэл тавьсан” гэв.

Энд зургаан мянга гаруй ном бий гэнэ. Монголын утга уран зохиолын ертөнц тэр чигээрээ байх энэ өрөө нэг ёсны архив. Ханаар нь дүүрэн ном сэлт, дурсгалын зүйлс. Зөвхөн эднийд л олж харах тийм ховордсон эд ч харагдана.

Б.Бааст гуайн 11 дүгээр боть буюу холбоо дөрвөн туужид Алтанцөгц сумын газар ус, уул нуруудын нэрсийг дээр үед монголчууд хэрхэн нэрлэдэг байсныг тэр чигээр нь бичиж үлдээсэн байдаг. Үүгээрээ энэ боть түүхийн чухал сурвалжид тооцогддог. Б.Бааст гуайн 90 насны ойгоор нутгийнхан нь “Холбоо дөрвөн тууж”-д гарсан газар усны нэрийг Алтанцөгц сумын газрын зураг дээр тэмдэглэж эрхэм зохиолчид дурсгал болгож байсан билээ. С.Чимэдцээеэ доктор номын мөр хөөж буй эрдэмтэн хүн учир уг газрын зургийг Б.Бааст гуай гарын үсгээ зураад түүнд дурсгал болгов. Эл зургийг сайн хадгалж хойч үедээ өвлүүлэх үүргийг ийн өгөв. Б.Бааст гуай 2011 онд Н.Адилбиш инженер, М.Чимэдцээеэ нартай хамт авахуулсан зургаа хараад “Би энэ зурган дээр урт хормойтой, хятад маягтай гарчээ. Энэ зургийг сонинд хэвлүүлж болохгүй юм байна. Харж байна уу тэр хормойг нь. Зориуд пальтог нь уртасгаж авсан байна” гэж хошигноно.

Б.Бааст гуай 95 насны босгыг алхаад хоёр сар болж байгаа гэнэ. Урт наслах хэцүү юм, хүүхэд нохойн доог болбол яана.Зурагтаар 116 насалж байгаа хүнийг харууллаа. Хэн байгааг мэдэхгүй, юу өгч байгааг ч мэдэхгүй. Тийм болчихвол бушуухан үхэх хэрэгтэй. Ямар хэрэг байна аа. Дэмий юм аа. Намайг буудвал таарна гэх хатуу үг хэлнэ.Түүнээс сонирхон асуух юм олныг хэлэх үү. Таныг Д.Нацагдорж, С.Буяннэмэх нарыг нь бодитоор нь харсан хүн гэдэг байх аа. Шүлэг бичээд Догсом хурцаас 100 төгрөгийн шагнал авч байсан тухайгаа хуучилна уу гэвэл “Энэ талаар улиг болтол ярьсан. Хүмүүс сонирхох юм уу” хэмээснээ “Би Д.Нацагдорж, С.Буяннэмэх нарыг яаж нүүр тулан харсан байх юм бэ. Би 1940 онд хотод орж ирсэн. Тэд чинь намайг ирэхээс өмнө бурхан болчихсон шүү дээ” гэж сая ам нээлээ.

Д.Нацагдорж ч яахав жамаараа өнгөрсөн. С.Буяннэмэх чинь Сонгино хайрхны зүүн хойд энгэрт буудуулсан анхны 14-ийн нэг юм. Буудуулах юу байх вэ дээ. Ачаад аваад явахад нь буудах гэж байна гэдгийг мэдээд машин дотор эсэргүүцсэн. Тэгсэн чинь хоёр мөрийг нь мулталчихсан. Буудах газарт очиход амьтны хөлд хэдийн гишгэгдээд амь тавьчихсан юм билээ. Амьгүй болсон ч хамаагүй тушаал юм хойно буудах ёстой гээд нүх рүү хийхдээ буудсан гэдэг. Намдаг энэ явдлаар эмгэнэлт зохиол бичих гээд тэгснээ “Миний бие чилээрхүү байна. Оюун та хоёр бич” гэдэг юм байна. Оюун муу хулгайч “Аа, мэдэхгүй, чадахгүй. Хүний юмаар юм бичихгүй” гэж цамнаад л. Нэг тиймэрхүү юм болж билээ.

Би чинь хувьсгалаас өмнө төрсөн юм. Хувьсгалын эхний жилүүдэд Монголоос төрсөн улс төр, шинжлэх ухаан, урлаг утга зохиолын бүх хүнтэй хамт өссөн. Тэр үед олон хүн байсан биш. Шинжлэх ухаанаас цөөхөн, эрүүл мэндийн салбарт хэдэн хүн, зохиолчид, зураачид, киноныхон гээд хэдхээн хүн байсан. Тэдэнтэй өдөр бүр уулзана. Заримдаа гар бариад өнгөрнө. Толгой дохиод, нүд ирмээд өнгөрөх ч үе бий. Тэднийг би бүгдийг нь мэднэ. Тэгтэл одоо цөмөөрөө байхгүй. Би ганцаараа үлдлээ. Заяагүй толгой.

Ялалтын баяртай холбоотой нэг том юм бичээд “Үнэн” сонинд өчигдөр өгчихлөө. Дайныг чинь бид биеэрээ туулсан ш дээ. Хар талх, халуун ус хоёроор л туулсан юм. Аймаар, аймаар. Ногоо байдаг, гэтэл ногоо идэж сураагүй нь хамгийн гай нь. Дайнд манай ард түмэн их ядарсан шүү. Эмэгтэйчүүдийн чих, гар хуруу, үсэнд нь гялайх юмгүй болсон. Цөмийг нь фронтод өгчихсөн, “Улаан арми минь ялж байвал эргээд олдоно оо” гээд л. Бас мунхаг ч байж дээ, дэндүү хамаа намаагүй өгчихжээ, хөөрхий. Түүгээр юу хийх вэ дээ, ихэнх нь замдаа хүний хоол болсон шүү дээ гэж санаа алдлаа. Б.Бааст гуайн ширээний ойролцоо ОХУ-ын нэрт Монголч эрдэмтэн Л.К.Герасимовичийн номууд байлаа. Б.Бааст гуай “Наад эмэгтэй чинь 1940 оноос эхэлж Монголын уран зохиолыг судалсан. Сая нас барсан юм. Надаас хоёр дүү. Энэ авгайн нэг гайхамшиг бол Ленинградын бүслэлтэд дөрвөн жил байж, тэр бүхнийг туулсан явдал. Бүслэлтэд өлөн зэлмэн байсан учраас ходоод нь агшчихсан. Нэг ширхэг өндөг, нэг аяга тараг өдрийнх нь хоол. Тэгээд л гүйцээ. Байшингууд нурчихсан, гэрэлгүй, цонхнууд нь хагархай. Симфонио хангинуулаад л дөрвөн жилийг туулсан. Зовлонт жилүүдийг яаж туулсан тухайгаа ярихдаа “Юун Монголын уран зохиолыг судлах, унших. Энд ч бөмбөг тэсрээд, тэнд ч дэлбэрээд, дээгүүр их бууны сум шунгинаад л. Амьд үлдэх нь үү гэдэг ганцхан бодол тээсээр л дөрвөн жилийг давсан” гэж билээ.

Махлаг, тарган авгай өдөр нь гудамжинд нас бараад уначихсан харагдана. Нас барсан хүний махыг идэх гээд энд тэндээс хүмүүс хараад сэм гэтнэ. Тэгээд л шөнө болонгуут бүгд дайрна. Хамгийн түрүүлж хонгоных нь мах алга болно. Ленинградын бүслэлтэд хүн хүнээрээ ингэж хооллож байсныг Герасимович харсан байдаг. Монголын уран зохиолыг 75 жилийн турш судалсан хүн л дээ. Бид хоёр 60 жил захиагаар харилцсан юм. Нөхөр нь Абрамович гэдэг еврей хүн байсан. Хятад судлаач, эрт өнгөрсөн хэмээн дурсан ярилаа.

Б.Бааст гуай зочдоо кофе, цайгаар дайлж, охиныхоо бэлдсэн өндөгтэй шарсан талх, утсан гахайн мах, сонгинотой боорцогноос нэрэлхэхгүй идэцгээ гэнэ. Өөрөө нэлээд өтгөн хар кофе уудаг аж. Дөрөв, таван сахар хийгээд хутгана. Ус буцалгагчиндаа ус нэмнэ. Кофегоо оочлонгоо дурсамжаа үргэлжлүүлэв.

Украины нөхцөл байдлын талаар ярьснаа “Ялалтын 70 жилийн баяр ямар янзтай болох юм байгаа юм. Бүү мэд. Би гайхаж л байна. Путин чинь өөрөө асуудалтай байгаа хүн шүү. Контор солиод л давхиад байх юм. Крымд нэг, Петербургт нэг. Москвад байнга байхгүй юм. Хуягласан, зургаан метр урт машинтай гэж байгаа биз дээ. Гоё хүүхэнтэй суусны хэрэг нь гарчихлаа. Путин чинь Оросын толгой баян байна шүү дээ. Путин шиг баян болчихвол яах вэ дээ. 40 тэрбум долларын хөрөнгөтэй” хэмээснээ кофегоо амтархлаа.Тэгснээ “Лувсаншаравыгаа хамгийн сүүлд нэг сайн инээлгэж билээ. Ардын зураач Чогсом бид гурав хамтдаа байгаа зургаа сэтгүүлд гаргахболоод Лувсаншарав маань эмнэлгээс гараад удаагүй, бие нь тааруу. Гэрт нь очоод баахан юм ярьж сууж билээ. Бие нь алжаасан, ядруу байсан болохоор жаахан ч гэсэн инээлгэж, баяр хөөртэй болгох гээд хэрэндээ л хөгжилтэй юм ярьж инээлгэсэн шүү. Яг тэгж бидний инээлдэж буй зураг сэтгүүлд хэвлэгдсэн юм. Лувсаншарав “Чи чинь их ахархдаг билүү. Би 90 нас руу орчихлоо” гэнэ ээ. Тэгэхээр нь “Би 95 руу орно. Чи намайг гүйцэхгүй” гэлээ. Вьетнамын нэг хүүхдийн дуу байдаг юм. Вьетнамд байхдаа хүнтэй хамтраад орчуулж байлаа.

“За яахав, замаар явж л байг

Урт хошуу яахав, урд л явна

Сүүл яахав, сүүлд нь л явна” гэсэн хөөрхөн үгтэй дуу байсан юм. Үүн шиг “Би яахав урд нь л явна. Чи яахав сүүлд нь л явна” гэж инээлдэж билээ. Намайг чи гүйцэхгүй ш дээ гэсэн чинь их инээж билээ.

Би Вьетнамд хамгийн хүнд үед байсан. Вьетнамд байхдаа Америктай тэмцсэн ганц хүн нь би байхгүй юу. Гучин хоногийн турш, Америкийн бөмбөгдөлтийн дор амь зуусан хүн шүү. 99 удаа түгшүүр авч янз бүрийн нөхцөлд амь хоргодож билээ.

Б.Бааст гуай Вьетнамд байсан тухайгаа ийн ярилаа.

Би тэмдэглэлээ харсан чинь тэнд байхдаа нийт 99 удаа түгшүүр авч янз бүрийн нөхцөлд амь хоргодож байлаа. Тэндээс ирэхэд Удвал дарга намайг тэвэрч аваад уйлж байна. “Чамайг Америкийн бөмбөг дор үхчихсэн байвал долоон хүүхэд, догшин шар авгайг яаж тэжээх болж байна даа гэж өдрийн бодол шөнийн зүүд болж зовж байлаа” гээд уйлж билээ.

Намка гэдэг хотод юм. Хотоос жаахан зайтай л даа. Манайхаар бол Амгалангийн дайтай газарт сүм бий. Сүмийн үүдээр оруут зүүн талд цэрэг төмөр ор гаргаж өглөө. Орны доор оков ухчихсан. Түгшүүр зарлангуут орон доор, өнөө нүхэн дотор суух юм гэнэ. Тэр нь өвдгөөр татахаар устай. Дороос ус нэвчээд л. Тийш орж л амь хоргодно. Сүмд хийх юм олдохгүй. Манай бурхад чинь их гоё юм. Дандаа алт, мөнгө. Тэр чигээрээ урлаг. Вьетнамын бурхад гипсэрхүү юм уу даа, нэг шавар байна аа. Тэр шавраа будаад гоёчихсон. Сүм дүүрэн бурхан. Зул байхгүй. Дандаа лаа асаана. Би сүм дотуур хэсч, бурхдынх нь ам хамар, хацрыг нь илбэж оролдоод л шөнийн хагасыг бардаг байж билээ. Ажилгүй хүн чинь өөр яах юм.

Манай сүм дээр бөм­бөг унахгүй байгаа юм. Вьетнамуудаасаа асуусан л даа. “Америкчууд ч бас ухаантай. Ард түмний сүсэг бишрэлийг алдагдуулахгүй гэж сүм дуганыг бөмбөгдөхгүй байгаа юм” гэлээ. Манай хажууд өндөр бор нөхөр, нэг намхан бор нөхөр, нэг жолооч, бас айхавтар орос хэлтэй нэг шар хүн байх. Тэд нэг муу УАЗ 469 машинтай. Өнөөхөө ногоон мөчрөөр халхалчихсан байна. Өглөө эрт яваад орой нар жаргаж байхад ирнэ. Вьетнамд чинь гар угаахаасаа илүүтэй хөл угаах ус их байдаг юм. Дандаа хөл нүцгэн шахуу, модон эсвэл өвсөн шаахайтай явдаг болохоор хөл хамгийн их бохирдоно. Тийм болохоор эхлээд хөлөө угаадаг юм. Нөгөөдүүл хөлөө угаацгаана. Зарим нь хувцсаа тайлаад зогсоогоор биеэ угаагаад эхэлнэ. Нэг өдөр орос хэлтэй шар нөхрийг нааш ир гээд дуудсан чинь хүрээд ирлээ. “Сайн уу” гэсэн чинь “Сайн” гэж байна. “Чи юу юм” гэсэн чинь “Чи юу юм” гээд л хоёулаа чи, би дээ хүрлээ. Би Монголын сэтгүүлч гэсэн чинь “Бид Кубын их буучид” гэж байна. 15, 20 метрийн өндөрт нисдэг, дуунаас хурдан онгоцнуудыг их буугаар бууддаг. Өдөржингөө нуувчинд сууж Америкийн онгоцнуудыг бууддаг гэнэ. Та нар онгоцнууд унагаж байна уу, удаж байна уу гэвэл нэг онгоц унагасан гэж байна. Кубаас ирж сургууль хийж яваа нь тэр шүү дээ. Тэр нөхөр “Нөхөөр, чи энэ тухай хамаагүй ярив аа” гэж билээ. Одоо ямар хамаа байсан юм гээд Б.Бааст гуай хөгжөөнтэй инээлээ.

Б.Бааст гуайн охин нь орж ирээд “Аав ингээд орж ирсэн хүмүүсийг яриагаараа уяад байдаг юм” гэлээ. Бид эрхэм зохиолчийн сонирхолтой ярианд бүр шимтээд “Тэгээд яасан, тэгээд яасан” л гээд суугаад байв. Зохиолч маань өндөр, сэнжтэй аяган дахь кофегоо халбагаараа хутгангаа яриагаа үргэлжлүүллээ.

Ханойд очсоны дараа бас нэг орой түгшүүр авлаа. Биднийг зочид буудлаас хөөгөөд гадаа гаргалаа. Газар доогуур нүх ухчихаж. Тэр нүх рүү оруулчихлаа. Тэнд нь ороод суулаа даа. Тэгтэл нэг шар хүүхэн уйлаад сууж байна. “Сайн уу” гэсэн чинь дуугарсангүй. Орос биш юм байна л даа. “Метрополь” гээд дандаа гадаадынхан байдаг зочид буудал байхгүй юу. Гадаадынхан нүх рүү орж ирээд л байна. Тэгтэл хоёр өндөр хөх нөхөр байна. Нэг нь цагаан, нөгөөх нь хөх орхимж хөвүүлчихэж. Хоёулаа шалдан. Дотуур хувцас ч үгүй. “Сайн байна уу, нохоор” гэж байна. Би бүр гайхлаа. Газрын хаанаас ирээд “Сайн байна уу, нөхөр” гэдгийг сурчихсан байна аа гээд. Дэмий яриад суулаа. Чи яаж яваад монгол хэл сурчихав аа гэтэл “Танай Улаанбаатарт” гэж байна. Тэр үед Ази, Африк, Латин Америкийн оюутнуудын чуулга уулзалт болсон юм. Тэд Кубаас ирж л дээ. Нэгэнт л Монголд ирсэн юм чинь Хятадаар дайраад Вьетнамыг үзчихээд явъя гэж ярилцсан нь энэ аж. Өнөө хоёр чинь нэг өдөр Хайпон руу явъя гэж байна. Хайпон гэдэг нь Вьетнамын далайн боомт. Олон улсын хөлөг онгоц ирж очдог хамгийн том зогсоол нь байхгүй юу. Тэр рүү нь Америк их бөмбөгддөг байсан юм. Тэднийг дагаад Хайпон руу явахаар болтол вьетнам нөхөд уурлаад “Бид хүний амь хариуцахгүй шүү” гэлээ. Тэгэхээр нь би явсангүй. Хоёр, гурав хонолоо. Нэг нь толгойдоо шарх авчихсан ирлээ. Нөгөөх чинь яасан гэсэн чинь Америкийн бөмбөгт өртөөд нас барчихсан гэж байна. Вьетнамчууд “Та явсан бол тэгэх байсан шүү” гэж миний амыг асуугаад байгаа юм чинь. Удвал даргын хэлдэг ортой байгаа биз. Аймаар. Заримдаа Ханой дээр 11 онгоц унагаж байгаа юм. Лут шүү. Б-52 гэдэг дуунаас хурдан онгоцнууд. Тэр хурдан онгоцнуудыг чинь дандаа оросууд жолоодож яваа юм чинь. Вьетнамуудын эрүүл мэнд тэр дуунаас хурдан онгоцнуудад таардаггүй. Дандаа оросууд жолоодно. Дуунаас хурдан онгоцны жолооч нартай уулзъя гэхээр уулзуулахгүй байгаа юм.

Би Унгарт явж байлаа. Гэтэл хэдэн унгарчууд намайг вьетнам гэж бодсон юм уу даа, яасан юм. Бараг зодох шахсан. Тэгтэл орчуулагч маань монгол хүн гэж танилцуулаад “Та нар яагаад энэ хүнийг вьетнам гэж ад үзээд байгаа юм” гэсэн чинь “Вьетнам залуу, бүсгүй хоёр манай нэг унгар эмэгтэйг боогоод хамаг юмыг нь тоносон. Вьетнамууд муу” гэж байна. Намайг вьетнам хүн гэж андуурч л дээ. Үнэндээ би ч вьетнамаас ялгагдахгүй ш дээ гээд Б.Бааст гуай, ирсэн зочид инээлдлээ.

Н.Адилбиш инженер “Бааст гуай та Дэн Сяопинтай нэлээд төстэй, тийм ээ” гэж цаашлуулбал “Өө, юу гэж байгаа юм” гээд л тухайн үед Хятадаар зорчиж байсан тухайгаа ярьж эхэллээ.

Майн нэгэн болоод. Бид чинь Хятадад 65, 66 хоног болчихсон байлаа. Бүр Кантон хүрчихсэн байдаг. Орой нь Жоу Энь Лайгийн хүлээн авалттай байдаг. Галт тэргээр явахаар хоёр өдөр, гурван шөнө явна. Тэгээд яах вэ гэвэл нэг онгоц засч байгаа гэнэ ээ. Онгоцоо ч засчихаж. Гадаадынхан сууна аа гэж байна. Чихэлдээд сууцгаалаа. Бүх социалист орнууд, Солонгос, Албани, Югославынхан хүртэл байгаа юм чинь. Нэг муу цүгцийсэн ногоон онгоц. Нисээд л байлаа, яваад л байлаа. Тэгж байснаа газардаад орхилоо. “Хөөе юу болов оо” гэсэн чинь “Онгоцонд засвар гарлаа” л гэнэ. Хаана буув гэтэл Тасганы овоо шиг газар дээр буучихаж. Хаана явж байна гэвэл Уухаан гэнэ. Газрынхаа дунд хавьд л ирээд байж. Онгоц засна, бензин авна, хүлээнэ гэж байна. Хятад ч мөн сайхан шүү. Онгоцны хажууд хивс дэвсээд идэж уудаг юмаа дэлгээд биднийг дайллаа. Тэгж байтал хөдлөх цаг боллоо. Онгоцоо өндөр дээр буулгасан нь учиртай гэнэ. Уруугаа өнхрүүлж байж нисэхээр боллоо. Ингээд нислээ дээ. Дөрвөн цагт Бээжинд буулаа. Цагийн дараа гэхэд Бээжингийн зочид буудалд гадаадын 5000 мянган зочныг Жоу Энь Лай, Жу Дэ, Лю Шяоши, Дэн Сяопин нар хүлээж авч байгаа юм чинь. Биднийг тэд бүтэн нэг цаг хүлээж авсан. Бээжин зочид буудалд хүлээн авалтад оролцохдоо би тэр дөрвөн аваргатай чинь гар барьсан байхгүй юу. 1956 он. Хятад, Зөвлөлтийн хооронд ан цав гарчихсан цаг.

Мао Зэдунтэй Майн нэгний индэр дээр их ойрхон зогсч байлаа. Мао жагсаал парад эхлэхээр саравчтай малгайгаа дундуур нь базаад барьчихсан, индэр дээр гарч ирээд бүгдтэй толгой дохин мэндэлсэн. 300 мянган хүн таван цагийн турш жагссан. Алчуур олонтой яв гээд байсан юм. Бид хоёр хоёр алчуур аваад хармаандаа хийчихсэн байсан юм. Орой нь ирээд хамраа арчтал харлачихсан байсан. Тэр олон мянган хүний хөл, гутлын тоос шороо л доо. Орой нь галын наадам боллоо. Өдөр зогссон индэр дээрээ очлоо. Маогийн хажууд зогсч байсан байрандаа ирж зогсов. Тэгсэн чинь тэр талбайг голлуулаад баахан даавуун асар барьчихсан байна. Юу юм гэсэн чинь бие засах газар гэнэ. Шөнөжингөө талбай дээр бүжиглэцгээлээ. Өглөө нь талбай дээр юу ч байхгүй байсан. Арчсан толь мэт. Үйлчилгээ гэдэг тийм байна ш дээ. Бээжин зочид буудал гэдэг чинь асар том. Зургаан мянга орчим хүн шөнөжингөө кино, жүжиг үзээд л, дуу дуулаад танцдаад л, хоол идээд зураг авахуулж байхад чихэлдсэн нэг ч хүн байгаагүй.

Хятадын Ерөнхий сайд асан Жоу Энь Лайтай бид олон удаа уулзсан. Би чинь Хятадын орчин үеийн драмын жүжгийн улсын анхдугаар үзлэг гэдэгт оролцохоор очсон байхгүй юу. 35 хоногийн турш 90 гаруй жүжиг үзчихээд 35 хоног Хятад орныг хэсч амраад ямар сайндаа Кантон хүрч байх вэ дээ. Сувдан мөрний хөвөөн дээр “Ардын хайр” гэдэг нэг их гоё, монхор, 13 давхар саарал зочид буудалд буусан. Тэр том мөрөнд чинь гүүр байхгүй. Олон завийг дамжаад цааш гараад явчихдаг юм.

Мөрөнг гатлаад нутгийн баян хүний эзэмшилд очиж хоол идэхээр болов. Цөмөөрөө яваад л гар нүүрээ угаагаад суув. Жижиг дийзэн дээр жаахан жаахан хоол ирнэ. Өнөөхийг нь идчихнэ. Дахиад аваад ирнэ. Тэрийг нь бас идчихлээ. Тэгтэл нэг нөхөр хэлж байна аа. Та нар болгоомжтой идээрэй. Хоолны сайхан нь сүүлдээ ирнэ. Цадчихвал идэж чадахгүй хоцорно шүү гэж байна. Тэгэхээр нь идэхээ больчихлоо. Заримыг нь үзээд өнгөрөөдөг боллоо. Хоолныхоо нэрийг бичиж тэмдэглэж авч байгаарай гэсэн юм. Миний орчуулагч ямар хоол вэ гэдгийг дэвтэр дээр бичиж өгнө. Тэгсэн чинь 16 дахь хоолон дээрээ юу идсэн бэ гэж байна. Өнөөх тэмдэглэлээ үзлээ. Өө, нэг тийм хоол байжээ. Ямар хоол байсан байж таарах вэ гэтэл “Могойн мах” гэж байна. Тэгтэл Цэгмид (Нямын Цэгмэд гуайг хэлэв.сурв) өнгөрсөн хойно нь “Түй” гээд амаа арчиж байна. Сайхаан, Хятадын үйлчилгээ. Дэндүү сайхан байж дээ.

Сүүлд нь 1967 онд би Хятадаар дамжаад Вьетнам руу явсан юм. Тэгэхэд соёлын хувьсгал эхэлчихсэн. Амьд байх нь л аз байлаа. Өдөржингөө зочид буудалд хоригдоно. Вьетнам руу явах виз гардаггүй. Манай Элчин сайдын яамныхан “Гадагшаа гарч болохгүй шүү. Энэ их урсгалд хамуулаад явчих юм бол таныг бид олохгүй” гэнэ.

Сонин цаг. Соёлын хувьсгалын үед би яагаад амьд үлдэж, Хятадын нутгийг туулаад Вьетнамын автобусанд суув гэдэг нь сонин хувь зохиол. Эрээнд очихгүй юу, нэг Өвөр Монгол “Та монгол уу. Галт тэрэгний буудал дотор гэр маягийн юм байгаа. Тэрэн дотор Маогийн ном байгаа. Тэрийг худалдаж ав. Би тантай удаан ярьж болохгүй. Намайг хүмүүс дагаж байгаа” гэж хэлчихээд яваад өглөө. Гэр шиг юмных нь цонхоор хартал ув улаан. Маогийн номнууд. Дэлхийн олон улсын хэл дээр хэвлэгджээ. Өөр юм юу ч байхгүй. Бас нэг Өвөр Монгол миний дэргэд ирээд “Та монгол бичиг мэдэх үү. Тэгвэл Маогийн номыг монгол бичгээр бичсэнийг нь ав. За, би явлаа” гээд явчихлаа. Хуучин монголоор бичсэнийг нь авлаа. Тэр номыг нь ер нь ширээн дээрээсээ салгасангүй. Энэ хүн Маог судалж яваа юм байна, энэ хүнд халдаж болохгүй гэж үзээд намайг шалгаж хоргоогоогүй юм билээ. Тийм болохоор Маогийн улаан номтой Хятадын нутгаар яваад буцаж ирэхдээ хүртэл тэр номтойгоо байсан. Одоо ч тэр улаан ном байж л байна. Дандаа сургаалууд. Цэрэг, урлаг, утга зохиолын талын сургаал. Тийм юмны л цуглуулга. Сонин байгаа биз. Ийм байна даа хүүхдүүд минь гэж Бөхийн Бааст гуай хэлээд тавдугаар сар гараад дахиад уулзах болзоо тогтоолоо. Рашаанд явчихаад ирнэ, одоо нэг тууж дээр сууж байгаа, хорь хоногийн дараа утсаар холбогд гэсээр биднийг үдэж гаргалаа. Ийнхүү нутгийнхаа өвгөн зохиолчийнд бага үдээр зочлоод гарахдаа их олон сонин явдал, үүх түүх сонссоныхоо заримаас нь тэмдэглэхэд ийм байна.

Д.ГАНСАРУУЛ

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Хүний сайн заяанд тэнгэрүүд ч атаархдаг

Богд Зонховын “Бодь мөрийн зэрэг”-т “Хүн болж төрөөд зовлон эдэлдэг ч гэлээ сайн заяа юм хойно хэдэн галавт ч хайгаад олно гэдэг бэрх. Тэр бүү хэл тэнгэрүүд үхэж буй нэгэндээ хүний сайн заяанд төрөхийг ерөөдөг” хэмээжээ. Үүнийг би үхэл хагацал, зовлон шаналангийн дуулал гэж бодохгүй байна. “Холын зорилго үгүй бол ойрын зовлон тойрохгүй” гэсэн нүүдэлч өвөг дээдсийн маань сургаальтай л адил хүний орчлонг эгээрч гэгээрсэн шидэт үгс гэж ойлгохыг хичээнэм. Хүний амьдрал зовлонтой ч зовлонгоо жаргал, дотоод эрч хүчээ болгосон нэгэнд тийм ч аюултай бэрх тавилан биш гэж төсөөлнөм. Тэнгэрс хүртэл атаархам тийм л гэрэлт замбуулинд мэндлэхийн гол утга учир хүн шиг хүн байхын нэр биз.

Бидэнд хүн шиг хүзүү сээр, хөл толгой заяасан. Хүн болж хүзүү толгой холбохын утга учир нь жаргалаа жад болгож, зовлонгоо зоргоор тавихын нэр биш. Харин хүмүүний ертөнцөд хүн шиг амьдарч, хүнлэг гэгээн явахын учир тавилан биз. Хүн энэ хорвоогоос буцахын цагт амраг садан байвч аргалж эс чадах, хөрөнгө зоорь их ч зайлшгүй учрах үйлийн үрээс бултаж эс чадах учир сайн буяны мөрт гагц сэтгэл зүрхээ хэрхэн зориулснаар л хүн болж төрсний, хүн явсны хэрэг гагц бүтнэ хэмээдэг. Тиймээс л өвөг дээдэс минь “Сайн нэрийг хүсэвч эс олдоно, муу нэрийг хусавч эс арилна” гэж үр хүүхдэдээ үнэт сургаалиа хайрлаж, зөв мөртэй зөөлөн зантай явахыг үргэлж захиж ирсэн нь учиртай.

Categories
булангууд мэдээ

Д.Бямбацогт: Би Салхи Дамбий шиг өгье гэвэл өгчихдөг, цайлган талдаа хүн

Шинэ оны эхний өдрийн амралтанд тань зориулж та бүхэнд архиваа уудлан нэгэн гайхалтай уран бүтээлчийн ярилцлагыг эргэн хүргэж байна.


Олон түмний сэтгэлд “Салхи Дамбий”, “Ноён солиот” зэрэг тайз дэлгэцийн олон дүрээрээ хоногшин танигдсан Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Дашнямын Бямбацогттой уулзаж хөөрөлдлөө.

-Монгол түмний хайртай жүжигчний маань хүүхэд ахуй нас хаанахын дэнж дээр өнгөрөв?

-Миний аав, ээж хоёр Завхан аймгийн баруун хойт талын Сонгино сумын уугуул. Би Тосонцэнгэлд төрж, зургаа долоон нас хүртлээ тэнд байсан. Миний өссөн газар бол Гандан, Модны хоёр, Зурагт, Тасганы овоо орчим юм даа. Аав маань дөрөвдүгээр ангийн боловсролтой, цэрэгт таван жил явсан, шинэ үсгийн багш, багийн даргын алба хашиж байсан намын гишүүн, морь сайхан унадаг “ганган” Дашням гэдэг хүн байлаа. Тосонцэнгэлийн модны үйлдвэрт суурь машины слесарь-механикчаар ажилладаг техник сэтгэлгээ сайтай хүн байсан. Ээж эмийн санд насаараа ажилласан. Бид эцэг эхээс уг нь тавуулаа. Томоос ах, багаас бид хоёр л тогтсон. Яахав дээ миний заяа л байхгүй юу даа. Уг нь би дөрвөн сайхан ахтай байх учиртай байж л дээ. Манайд урваж ирсэн миний хайртай эгч бид хоёр л одоо үлдэж дээ. Хүний амьдрал гэдэг ийм хойно.

-Та нэгэнтээ “Жүжигчин болоогүй бол төмөр замын инженер болох байсан” гэсэн байна лээ?

-Нийслэлийн арван жилийн улсын тэргүүний 28 дугаар сургуулийн Батнасан багштай арвын А ангийг 1984 онд төгсөөд Төмөр замын техникумын техник механикийн ангид элсэн орж нэг жил сурсан. Би тоо харахаар толгой өвдөөд байдаг хүүхэд байсан. Учрыг нь олохгүй болохоор толгой өвдөөд байсан байлгүй.Яруу найрагч Цэндийн Чимэддорж гуай “Мал маллахаа марксизмаар заалгаагүй” гэсэн шиг л хувь тавилангаа дагасан. Техникумаас цэрэгт явсан. Халхын голын хилийн цэргийн ангид алба хааж байгаад Барилгын цэргийн 0119 дүгээр ангид шилжиж ирсэн. Цэргийн алба надад юм юм өгсөн. Би чинь айлын дураараа өссөн танхидуу, юм юм руу үсчсэн сониуч хүүхэд байлаа. Ээж аав маань “Олон зээр рүү хөөсөн нохой хоосон хоцордог юм” гэж намайг аашилдаг ч нууцаар гимнастик, хөгжим, гар бөмбөгийн гурван ч дугуйланд явдаг байлаа.

-Гимнастикийн дугуйланд явдаг байсан гэхээр их уян налархай биетэй байж дээ?

-Би чинь гимнастикийн спортын гуравдугаар зэрэгтэй тамирчин, волейболын спортын дэд мастер хүн байхгүй юу.

-Өө, за за. Та чинь спортоо хөөсөн бол дийлдэшгүй тамирчин болох байж?

-Хөгжмийн тал дээр дөрөв, тавдугаар ангиасаа үлээвэр хөгжмийн дугуйланд хичээллэсэн, багш маань ноот заагаад өгчихсөн. Тоглохгүй бүрээ гэж байгаагүй. Манай сургуулийн үлээвэр хөгжмийн “Алтан бүрээ” хамтлаг их алдартай байлаа.

-Барилгын цэргийн ангийн байлдагч байхдаа оргож ирээд Багшийн дээдийн кино драмын ангид шалгалт өгөөд тэнцчихсэн байдаг билүү?

-Хуучнаар Улсын багшийн дээд сургуулийн харьяа Кино урлагийн факультет гэж байхад би тэнд 1988 онд элсэн орж, 1990 онд СУДС, 1992 онд өөрийн гэсэн байртай СУИС болоод байхад нь төгссөн анхны төгсөгч. Манай ангид Дэмидбаатар, Оюундарь, Өлзийхүү, Хүрлээ, Энхзаяа, талийгаач Мягмаржав, Ганхуяг, Алтангэрэл, Элбэгсайхан ахын хүү, Пүүжээ нартайгаа арван гурвуулаа сурч байсан. Энэ арван гурваас дөрөв нь бурхан зүг одож дээ.

-Ангийн багш нэрт найруулагч, түмний хайртай жүжигчин Доржсамбуу гуайн тухай сайхан дурсамж хуваалцаач?

-Бид яалт ч байхгүй Доржсамбуу багшийн гарын шавь нар. Багш нараасаа би урлагт зүтгэвэл зүтгэсэн шиг зүтгэдэг тэр чанарыг нь өвлөж явах учиртай байсан юм болов уу. Яг үнэндээ багш нарынхаа тухай ярих гэхээр сэтгэл их огшоод байдаг юм. Би эхнэртээ нэг удаа “Миний амьдралд нэгдүгээрт урлаг, хоёрдугаарт тамхи орно” гэчихсэн чинь “Би чиний амьдралаас хааччихсан юм, ээж чинь хаана нь орох вэ” гээд сүйд болсон. Амьдралд нэгдүгээрт ээж байж болохгүй. Эх хүн гэдэг миний бурхан шүтээн учраас би тэгж дугаарлаж чадахгүй. Бурхан шүтээнээ дээдэлдэг болохоос дэс дугаарлах утгагүй. Тиймээс би урлаг миний нэгдүгээр зорилго гэсэн байхгүй юу. Яагаад ч юм би өнөөдөр урлагт зүтгэж яваа минь багш нарынхаа төлөө амьдарч яваа юм уу гэж боддог. Багш нарынхаа төлөө гэхээр үр хүүхдийг нь харж хандаад ч байгаа юм биш, үзэл бодлыг нь хамгаалж яваа минь юм. Би Доржсамбуу, намайг төгсгөсөн Лхасүрэн хэмээх агуу их хоёр багшаас урлагийн сууриа тавиулсан азтай хүн. Энэ хоёр багшаа хэн нэгнийх нь дээр доор тавих ёсгүй. Хоёр өөр арга барилтай хүн намайг бий болгосон. Энэ хоёр багш надад маш их юм өгсөн.

-Та бол Монголын ард түмний хайртай жүжигчин…

-Хайртайн баталгаа нь юу байна? (Тэрээр ийн асууж инээгээд хоёр алгаа дэлгэв.сур)

-Хайртайн баталгаа нь таны тоглосон дүрүүд “Салхи Дамбий”, “Ноён солиот” гэх мэтээр түмний танил болж хүндлэгдэж байгаа хэрэг биш үү?

-Дүрээр маань ард түмэн мэдэж байна гэдэг сайхан. Энэ л жүжигчин хүний амьдралын утга учир, авьяасынх нь хариуд барьсан бурхны хишиг шүү дээ.

-Таныг би тайз дэл­гэцийн дүрээсээ илүү яг өөрийнхөөрөө байж чаддаг хүн байх гэж бодлоо…

-Хүн бол дүрээр, дүрсээр сэтгэдэг амьтан. Дүр гэдэг үр. Тэр материаллаг зүйлээс үүдэлтэй. Материаллаг зүйлийн донж, төлөв байдал, харьцааг харахад нийгмийн харилцаанд байгаа хүмүүс гэхэд арслан шиг архирч байгаа, нөгөөдэх нь туулай шиг жижгэрч байгаа дүр төрх шууд анзаарагддаг. Хүний таван мэдрэхүйгээр дамжиж тодорхой нэг дүр дүрслэл бий болдог. Энэ бүхнийг илэрхийлэх гэж жүжигчин хүн бие махбодь, оюун санааны хувьд бэлэн байх ёстой. Мэргэжлийн жүжигчин манайд зуун жилийн өмнө байгаагүй. Монголчуудыг өрнийн болон оросын сонгодог соёл урлагтай танилцуулсан А.И.Филатова гуайд баярлахгүй байхын аргагүй. Бид танилцахдаа монгол хүнийхээ цайлган, дэврүүн, итгэмтгий, чигч зангаар бараг бүх хүн орос болохоо шахсан нь гайхамшигтай. (инээв. сур) Монгол хүний жинхэнэ мөн чанар, сэтгэлгээний төлөв байдал хоёр зөрчилдөхөөрөө хотынх, хөдөөгийнх, үндэст­нийх, гадаадынх гэсэн зөрчил нийгэмд маш их болсон. Энэ нийгмийн хөгжлийн зүй тогтол доо. Би өнөөдөр өөрийгөө од гэж боддоггүй, олны танил хүн л гэж боддог. Би од болох гээд тэмүүлээд байна.

-Таныхаар бол од гэхээр хүн жүжигчдээс байна уу?

-Өнөөдөр Монголд од байхгүй гэдэг. Яагаад гэхээр зах зээлийн нийгэмтэйгээ урлаг нь уялдаж өгөхгүй байхаар ямар юмны од төрөх вэ дээ. Монгол минь дэлхийтэй хөл нийлүүлэх гэж мөн ч их зүдэж байна. Улс төр, эдийн засаг, соёл урлаг нийгмийн бүхий л салбарын үйл ажиллагаа нь тогтворгүй хямралтай, хэрүүл маргаан зөрчил тэмцэл ихтэй байна. Аргагүй дээ бид ямар зах зээл, ардчилсан нийгэм журам байгуулж явсан биш. Бүх зүйл бидэнд цоо шинэ сонин содон байгаа нь ойлгомжтой. Тийм болохоор бусдыг даган дуурайх, хуулж барлах гэсэн сармагчны ад дон шүглэсэн цаг үе Монголд минь нүүрлээд байгааг хаа хаанаа ойлгож шинэ хуучин, хөгшин залуу гэлтгүй хэн хэндээ хэт их мэдэмхийрэх, хэт их мэдэхгүй байх өвчинд нэрвэгдэхгүй байх нь чухал байна. Учир нь бид чинь өөрийн гэсэн юмтай, дагах биш дагуулж явсан мөртэй түүхтэй ард түмний үрс. Монголчууд маань маш ухаантай улс. Хүүхдээ эрдэмтэй болоосой гэсэндээ малаа олноор нь төхөөрөөд сургалтын төлбөрт нь өгч байна. Үүнийг нь би хүнлэг талаас нь хардаг. Мал хувьд очсон ч газар нь төрийн өмч гээд бэлчээрийн маргаан үүсчихсэн. Тиймээс монголчууд төрийг ашиглаад авах юм сан гэсэн бодолтой гол, гул, хул улс болсон. Голруулдаг, гулардаг, хулуудаг, хулгайлдаг.

-Таныг “Ноён солиот” киноны Паанаг шигээ ууж гуларч явсан гэдэг. “Дээвэр дээрээс борооны дусал ус доошилдог шиг уруудсан амьдрал улам л доошоо яваад байдаг юм билээ” гэж ярьсныг чинь ч олж харж байсан. Туулсан амьдрал чинь дүрээ үнэмшилтэй бүтээхэд тус болсон гэж ойлгож болох уу?

-Үнэн. Тэгж ойлгож болно. Би энэ нийгмийг ойлгох гэж арав гаруй жил алдсан. Алдсан ч гэж болохгүй юм аа, ойлгосон юм чинь. Үнэхээр няцмаар цөхөрмөөр үе байдаг юм шүү. Уран бүтээлч хүн амьдрал мэддэг байх хэрэгтэй гэж багш нар маань хэлдэг байсан. Уран бүтээлч хүний түүхий эдийн зах бол амьдрал өөрөө мөн. Энэ л захаас бид түүхий эдээ авч өөрийн лабораторидоо боловсруулж бүтээгдэхүүн болгож байдаг. Тэр нь хүмүүсийн нийгмийн харилцааны сэтгэлзүйд хүмүүжлийн маш том нөлөө үзүүлж байдаг. “Ганц олдсон амьдралдаа сайхан амьдарна” гэдэг дэндүү өрөөсгөл ойлголт. Гагцхүү өөрийнхөөрөө амьдрах хэрэгтэй. Хүний жаргал хэнд хамаатай юм бэ. Архи уух дуртай нь ууна л биз, тамхи татах нь татна. Хамгийн гол нь ертөнцийн амин гол Азийн төв цээжинд төрж өөрийнхөөрөө амьдарч явбал бол оо. Миний хувьд гурван ч удаа осолд орж үхэхээс бусдыг л үзлээ. Би оюун санааны сэтгэлгээний талын өөрөөсөө өөр дүр бүтээчих юм сан л гэж бодож явдаг. Галзуу Бумаа гэдэг дүрийг жүжигчин Цэвээнжав гуай ямар гайхамшигтай бүтээлээ.

-Та “Салхи Дамбий”, Паанаг хоёр дүрийнхээ аль нь тантай төстэй гэж боддог вэ?

-Намайг манай ангийнхан их зөөлөн хүн гэж ярьдаг. Би чинь ангийн дарга нь байлаа. Миний зөөлөн буруудаагүй байх. Манай төгсөлтийнхөн чинь СУИС-ийн домог болсон анги шүү дээ. Би цайлган талдаа, өгье гэвэл өгчихдөг Дамбий шиг л хүн. Гэхдээ их сэтгэлээрээ, цайлган зантай байхаар хүмүүс атаархаад, гайхаад байдаг юм билээ. Тайзан дээр сайхан үзүүлбэр хийчихээр нь нэг нөхөртөө баяр хүргэсэн чинь “Чи юундаа атаархаад байгаа юм бэ” гэхэд би үнэхээр гайхсан. Гэхдээ би гомдлоо гээд ертөнцийн нар манддагаараа мандаж, жаргадгаараа жаргах юм билээ. Цаг үеэ л бид өөрсдөө бүтээж яваа юм даа. Энэ завшааныг ашиглаад театрын арын албаны гэрэл, дуу чимээ, тайзны үйлчилгээний далд фронтын театрын баатрууддаа чин сэтгэлээсээ баярлаж бахархаж явдгаа хэлье. Урлагийн төлөө өөрсдийгөө үнэхээр золиосолсон баатрууд бол тэд.

-Олон шавьтай биз, та?

-Жүжигчин Анхнямыг “Сприптиз блюз” жүжигт тоглуулж байлаа. Эрдэнэтийн Соёлын ордны найруулагч Баярмагнай ахын удирдаж байсан хошин урлагийн жүжигчин Ундармаагийн ангийг төгсгөж, “Мөрөөдлийн театр”-ын Эрхэмээг “Зохиомж” дээд сургуульд сурч байхад “Дэвжээ” тэмцээнд оруулж, театрт уруу татаж, хөдөөгөөр тоглолтоор дагуулан явж байсан. Эрхэмээ одоо хаа ч таарсан хацраа өгөө л хүрээд ирдэг юм. Багануурын соёлын ордны дарга байхдаа гал сөнөөгч Цэрэнболдыг хот руу яв гэж хөөсөөр байгаад явуулж байлаа. Одоо УДЭТ-ын сайхан жүжигчин болчихсон байж л байна. Нэвтрүүлэгч Ичинхорлоог СУИС-д шалгалт өгч “Амьддаа бие биеэ хайрла, хүмүүс ээ” гэж шүлэг уншин орж ирж байхад шүүгчээр сууж байлаа. Эднээс минь тэс ондоо зайтай, “Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөдөг” улс бас байна аа, байна.

-Тайз, дэлгэцнээ бүтээсэн дүрүүдээ та тоолж үзэв үү?

-Би тоолж үзээгүй л дээ. Саяхан товч намтар маань хэрэг болчихоод Түвшин найруулагчаас гуйж байж хийсэн бүтээлүүдийн жагсаалтаа гаргаж үзлээ. Жар гаруй жүжиг, тавиад кинонд тоглосон байдаг юм байна. Урьд нь тоо гүйцээх гэж байгаа биш гээд огт тоодоггүй тоолдоггүй байсан юм.

-Сүүлийн үед ямар уран бүтээлд тоглов?

-МҮОНТВ-ээр гарч байгаа зохиолч Доржзовдын Энхболдын “Хоймор өнжсөн нар” олон ангит кинонд тоглолоо. Батхүү найруулагчийн “Эр хүн болгож өгөөч” киноны зурагт орлоо. “Зангарга” уран сайхны кино удахгүй дэлгэцнээ гарах гэж байна. Залуучуудтайгаа хамтарч ажиллаж байгаа.

-Урлагт сэтгэл зүрхээ өгөхөд чинь хэн гэдэг жүжигчин их нөлөөлсөн бол?

-Чарли Чаплин, Юрий Никулин байна. Жаамаа агаа байна.

-Жаамаа гэдэг чинь хэн билээ?

-Жамсранжав гуай. Арван жилийн сургуульд байхдаа “Үгүйлэгдсэн хайр”-ыг үзээд сэтгэлээрээ түүнтэй ярилцсан. Тэр хүн жүжгийнхээ дүрээс өөрөө гарч ирээд яриад байх шиг сэтгэгдэл төрүүлсэн. Би тэр хүний тоглосон “Улаанбаатарт байгаа миний аав”-ыг ч үзээгүй, мэдэхгүй байсан. Хожим Жаамаатайгаа хамт кинонд тоглож байсан азтай хүн.

-Хүү, охин хоёр чинь таныг мэргэжлийг өвлөө юу?

-Хүү Балжинням маань энэ жил СУИС-ийн жүжигчний ангийг төгсөж байгаа. Уран бүтээлчид гэдэг бие даасан ертөнцүүд учраас өөрийнхөөрөө л явна биз дээ.