Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Bentley гар утас гаргалаа

Автомашин үйлдвэрлэгч Bentley компани тансаг зэрэглэлийн гар утас бүтээгч Vertu-тэй хамтран өөрийн нэрийн гар утсыг гаргаж эхэлжээ.

Тэдний энэ удаад гаргаж буй ухаалаг гар утас нь Signature Touch нэртэй юм. Уг гар утас нь савхин гадаргуутай, Snapdragon 810 процессортой аж.

Тус компанийн зүгээс энэхүү гар утсыг тусгай зэрэглэлийн VIP хэрэглэгчдэдээ зориулан бүтээсэн хэмээн онцолжээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Smartbe” нэртэй ухаалаг хүүхдийн тэрэг бүтээжээ

Хүүхдээ салхилуулах тун амархан болжээ. Учир нь АНУ-ын зохион бүтээгчид “Smartbe” нэртэй ухаалаг хүүхдийн тэрэг бүтээсэн байна. АНУ, Япон зэрэг өндөр хөгжилтэй орнуудад жолоочгүй машин бүтээж, нэг хэсэг шуугиан тарьж байсан. Энэ санааг овжиноор ашиглан эцэг, эхчүүдийн нэг том ажлыг хөнгөвчлөх үүднээс ийн өөрөө явдаг тэргийг зохион бүтээжээ. Энэхүү тэрэг нь цахилгаан мотороор ажилладаг бөгөөд хүүхдийн аюулгүй байдлыг маш сайн хангаж өгсөн байна.

Тэргэн доторх чийгшил, температур тохируулагч, зам чиглүүлэх, бартаа зэргийг тодорхойлох камертай аж. Явах зааврыг өгөхөд хяналтын камераараа бартаа, саад тойрог зэргийг тодорхойлон өөрөө залуурдах юм байна. Гэхдээ энэ тэрэг нь зөвхөн шулуун зам дээр явна. Эцэг эхчүүд одоо хүүхдээ салхилуулангаа дагаж, гүйх, дасгал хийх, ядрахгүй байх бүрэн боломжтой болжээ.”Smartbe” ухаалаг тэрэг дээд тал нь зургаан цаг явах боломжтой аж.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Нарны эрчим хүч цуглуулдаг замын хаалт тавьжээ

Нидерландын Den Bosch хотын А2 авто зам дагуу нарны гэрлийг цахилгаан болгох туршилтын дуу чимээний хаалтыг байрлуулжээ. Одоогоор хоё ширхэгийг туршиж байгаа аж. Энэ туршилтын зорилго нь эрчим хүч үйлдвэрлэдэг замын дуу чимээний хаалтыг ашиглах технологийн болон эдийн засгийн үр дүнг үнэлэх явдал гэнэ.

Эрчим хүчний эх үүсвэрийг гаргах хагас тунгалаг өнгөт хавтангуудыг Эйндховений технологийн их сургуультай хамтран бүтээсэн гэнэ. Энэ “люминесцентын нарны гэрэл цуглуулагч” нь түүнийг нарны зайн зүг илгээн дамжуулдаг аж. Цуглуулсан гэрлийн эрчим хүч ердийн нарны зайд хүргэгдэх юм. Энэхүү төхөөрөмжийг ямар ч орчинд ашиглах боломжтой бөгөөд үнэ хямд аж. Маш найдвартайгаас гадна үүлтэй байхад ч ашиглаж болох ажээ.

Мөн энэ туршилтаар гадны эвдрэл сүйрэл, үйлчилгээнд ямар байхыг давхар шалгана. Туршилтад ашиглагдаж байгаа 4,5 метрийн өндөртэй, таван метрийн хоёр хавтан нь “люминесцентын нарны гэрэл цуглуулагч” бөгөөд ердийн нарны зайн дэлгэцтэй. Хоёр өөр аргаар цахилгаан авахад шаардлагатай мэдээллийг тэднийг харьцуулан үзээд хийх юм.

Эхний туршилтын үр дүн нь нэг км ийм дуу чимээний хаалт нь 50 айлын аж ахуйг цахилгаанжуулах боломжтойг нотолжээ. Нидерландад замын дуу чимээний хаалт хангалттай их учир ийм технологи хэрэгтэй байж болох юм.

Categories
арын-нүүр булангууд мэдээ ярилцлага

“ӨДРИЙН СОНИН”-Ы 2013.01.18-Ы АРХИВ: Ц.Оюунгэрэл: Хөрөнгийг нь хураах биш, нээлттэй болгосон эсэхийг л Ж.Батзандан ярих ёстой

УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.

-Та ардчиллын төлөө тууштай тэмцсэн цөөн бүсгүйчүүдийн нэг. Таныг ардчилал, эрх чөлөө рүү юу тэгтлээ түлхэж байсан юм бол?

-Ер нь хүний эрх, эрх чөлөөний төлөө л явж ирсэн. Би 1987 онд нөхөртэйгөө гэрлэхдээ алтан бөгж авахаар болж билээ. Миний хань нисгэгч байсан болохоор тухайн үедээ өндөр цалинтай байсан хэрэг. Ингээд гэрлэхээсээ тав, зургаа хоногийн өмнө алтан бөгжөө авахаар дэлгүүрт очлоо. Гэтэл худалдагч нь “Алтан бөгж авбал НАХЯ-ны ажилтнаас “Алт худалдаж авч болно” гэсэн бичиг авчир” гээд өгөөгүй. 20-хон настай залуу хос тэр үед л алт авах эрхгүй гэдгээ мэдэж билээ. Бид хоёрын хувьд НАХЯ-нд байцаалт өгч алтан бөгж авах эсвэл мөнгөн бөгж зүүх сонголт л үлдсэн. Энэ мэтээр маш олон зүйл дээр эрхээ хаалгадаг байсан. Жишээлбэл, манай хөгшин ээжийнх малтай атлаа сүү, тараг нь хүрч ядсан айл байлаа. Хөгшин ээж маань тав зургаахан үнээний сүүгээ бидэнд хүргэх гэж яддаг л байж. Амьдрал нь яагаад ийм байгааг судлаад үзэхээр тэр үед хувь хүн зургаагаас дээш тооны малтай байхыг зөвшөөрдөггүй байсан. Малтай, хувийн өмчтэй байхыг зөвшөөрдөггүй, алт зүүж болдоггүй нийгэм байлаа. Тиймээс худалдаа наймаа, бизнес хийж, гадаад руу чөлөөтэй явах эрх чөлөөтэй нийгмийг байгуулж өгье гээд л ардчилалд эргэлтгүй орчихсон шүү дээ.

-Хувьсгал хийхээр тэмцэнэ гэдэг тэр бүр эмэгтэй хүний хийгээд байх зохимжтой ажил биш гэж хүмүүс боддог байх. Чухам ингэж боддог байв уу?

-”Цөөн хэдэн сахилгагүй хүнтэй нийллээ” гэж хэлэх хүн олон байсан. Гэхдээ тэд цөөн сахилгагүй хүн биш боогдмол, хязгаарлагдмал нийгмийг өөрчлөх гэж зүтгэсэн хүмүүс байсан. Тиймээс ч би зүтгэсэн зүйлдээ тууштай байсан. 1992 онд Хөвсгөл аймагт байхдаа ардчиллын төлөөх үйл ажиллагаа эхэлж байлаа. Тэр үед Хөвсгөлд ардчиллын төлөөх шинэ намуудын дарга болж улс төрд орсон. “Эрх чөлөө төв” төрийн бус байгууллагыг ажиллуулж байхдаа үг хэлэх эрх чөлөөний төлөө маш их тэмцсэн. Хэвлэл мэдээллийг хорьж цагдах, хүнийг хэлсэн үгнээс нь болж эрүүгийн хэрэгт татах зэрэг зүйлийн эсрэг явж, хүний эрхийн төлөө тэмцэж байсан. Хүн бүр эрхээ мэддэг байгаасай. Эрхийг нь зөрчсөн л бол “Миний эрхийг зөрччихлөө” гэж гомдол гаргадаг байгаасай. Тэр гомдлыг нь төр авч хэлэлцээд эрхийг нь хангадаг байгаасай. Ийм зүйлийг л бий болгохын төлөө “Эрх чөлөө төв”-д ажиллаж бас тэмцэж байлаа. Нэг нь санаатай, санамсаргүйгээр хүний эрхийг зөрчиж болдог. Харин өөрийнх нь эрхийг зөрчиж байхад дуугүй байх нь хамгийн хариуцлагагүй зүйл. Хүн өөрийнхөө төлөө дуугарч байж эрх нь баталгааждаг. Тиймээс хүмүүст өөрийгөө өмгөөлөхөд их тусалдаг, хэвлэл мэдээллийг хамгаалж ажилладаг байсан.

-Одоо эргээд харахад хүсээд байсан нийгмээ бүрдүүлж чадаж уу. Таны хүссэнээр хүн бүр эрх чөлөөтэй байж чадаж байна уу?

-Ганц хүний хүслээр нийгэм өөрчлөгдөхгүй л дээ. Олон хүний хүслээр нийгэм нэг чиг рүү явдаг. Монголчууд олуулаа эрх чөлөөтэй байхыг, олуулаа ардчиллыг хүссэн. Улс төрийн хувьд бие даасан, хараат бус байхыг хүссэн. Иргэн нь өөрөө эрх чөлөөтэй, хараат бусаар амьдарч чаддаг, тэгш оролцоогоо хүлээн зөвшөөрч чаддаг нийгэмд ардчилал оршин тогтнодог.

-Өнгөрсөн сонгуулиар ардчиллыг олуулаа сонголоо. Гэтэл иргэний нийгмийг төлөөлж байсан Ж.Батзандан гишүүн төрийн өндөр албан тушаалтай хүмүүсийн эрхийг хязгаарлах хуулийн төсөл боловсруулжээ. Түүнийхээр төрийн өндөр албан тушаал хашиж байгаа бол гадаадад хөрөнгөтэй байх, олон улсын банкинд данстай байх эрхгүй юм байна. Энэ ардчилал мөн үү?

-Өмнөх парламент багагүй ажил хийсэн шүү дээ. Үүнийг Ж.Батзандан гишүүн судлах ёстой. Жишээлбэл, З.Энхболд гишүүнийг 2005 онд УИХ-д орж байхад би “Ардчилсан, эрх чөлөөтэй нийгэмд гадаад, дотоодод өмч хөрөнгөтэй хүн олон бий. Хүн өмчтэй байх нь гэмт хэрэг биш. Харин өмчөө мэдүүлдэг байх ёстой. Тийм учраас та хөрөнгө орлогын мэдүүлэг гэдэг зүйлийг ил тод, олон нийтэд дэлгэдэг болгоод өгөөч” гэж цаас бариад хөөцөлдөж байлаа. Парламентын гадна талаас нөлөөлж ч чадсан гэж боддог. З.Энхболд гишүүнийг УИХ-д сонгогдохоос өмнө хөрөнгө орлогын мэдүүлэг төрийн нууцад байсан. Харин бид хүн өмчтэй байх эрхтэй, харин түүнийгээ ил тод байлгах үүрэгтэй болгооч гэдэг асуудлыг тавьж эхэлсэн. Тухайн үеийн АН-ын бүлгийнхэн маш хүчтэй ажиллаж 2006 онд хөрөнгө орлогын мэдүүлгийг нээлттэй болгож чадсан.

-Одоо харин хөрөнгөтэй байж болохгүй гэж яриад эхлэх шиг боллоо…

-Хөрөнгийг нь хураах биш, нээлттэй болгосон эсэх дээр л ярих ёстой. Тухайлбал, би 2007 онд анх хөрөнгө орлогын мэдүүлгээ бөглөхдөө “Өөрийнхөө санаачилсан хуулийн дагуу хөрөнгөө ил болгож байна” гээд инээж байснаа санаж байна. Хөрөнгө, орлогоо мэдүүлэхдээ гадаад, дотоодод байгаа бүх хөрөнгөө бичдэг. Миний ханийн амьдарч байсан байшин, хэрэглэж байсан данс нутагт нь бий. Миний Америкт сурч байхдаа нээлгэсэн данс бий. Яахав дээ, хааяа зуун ам.доллар хийчихдэг байсан юм. Би тэр бүхнийгээ хөрөнгө, орлогодоо мэдүүлдэг. Удаа дараа мэдүүлсэн, хэнээс ч нуугаагүй хөрөнгийг Монголд татаж авчрах эсвэл хураах тухай ярих нь утгагүй. Харин бусдаас нууж гадаадад байшин барьчихаад хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ бичихгүй бол хууль зөрчсөн хэрэг. Ийм зарчим ардчилсан бүх улсад байдаг. Америкийн парламент хүртэл Швейцарийн банкинд мөнгөө нуусан нөхдийн хөрөнгийг илчлэх гэж тэмцээд л байна. Ж.Батзандангийн яриад байгаа шиг тэмцэл тэнд ч байдаг. Гэхдээ хүн өмчтэй байж болно гэсэн Үндсэн хуулийн зарчмаа хүндэтгэх ёстой. Ил тод, шударга байлгахдаа Үндсэн хуульд заасан эрхийг хүндэтгэх учиртай. Шударга байхыг би хувьдаа зуун хувь дэмжинэ. Гэхдээ шударга байх, эрхээ зөрчүүлэх хоёр өөр. Миний 2005 онд хөрөнгө, орлогоо ил болгохын төлөө тэмцэж байсан тэмцэл Ж.Батзандангийн толгойд байгаа байх. Гэхдээ улстөрчдийнхөө хийсэн өмнөх алхмыг хараач, цэргийн дэглэмийн журам авчрах гээд хэрэггүй. Хэвшээд эхэлчихсэн зүйлийг гүнзгийрүүлэхэд залуу насныхаа эрч хүчийг зарцуулаач гэж хэлмээр байна.

-Төрийн өндөр албан тушаалтан болсон л бол гадаадын компанийн хувьцаа эзэмшигч байж болохгүй тухай Ж.Батзандан гишүүн яриад байна. Магадгүй та оюутан байхдаа ашиглаж байсан АНУ дахь дансаа хаалгах шаардлага гарах нь дээ?

-Би “Ногоон нүдэн лам” номоо барууны зах зээлд зараад эхлэхэд орлого олно. Гадаадад орлого олбол гадаадад татвар төлнө. Энэ тохиолдолд гадаадын номын дэлгүүрүүдээс мөнгөө яаж цуглуулах вэ гэдэг асуудал гарна. Гадаадад төлөөлөгчийн газар томилоод тэд миний мөнгийг явуулах нь ашигтай шүү дээ. Тэр утгаараа гадаадад данс нээж л таарна. Энэ мэтээр зөвхөн Монголдоо биш дэлхийд танигдах тухай ярьдаг атлаа олон улсын зах зээлд гарах эрхийг нь хааж болохгүй. Би ном зохиогч гэдэг утгаараа гадаадын зах зээлд гарах туйлын сонирхолтой этгээдийн нэг. Киночдоо ч гадаадын зах зээлд гараасай гэж хүсдэг учраас яамны зүгээс “Дэлхийн зах зээлд тэнцэх киног дэмжинэ” гэсэн бодлоготойгоор техникийн үзлэг хийж байгаа. Зохиолчдоо ч номоо англи, герман хэл дээр орчуулж гадаадын зах зээлд гарга гээд байгаа биз дээ. Гадаадын зах зээлд гар гэж уриалж байгаа нь гадаадад банкны данс эзэмш, тэнд мөнгөө цуглуулж баяж л гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Монголын бизнесменүүдийг томор гэж л байгаа бол гадаадад данстай бай гэсэн үг. Оюуны бүтээлээ ч тэлье л гэж байгаа бол гадаадын данстай холбогдохоос өөр аргагүй. Гагцхүү төрийн албан хаагч бол тэр бүх дансаа ил тод л мэдээлэх, төрөөс хулгайлаагүй гэдгээ л нотлох ёстой.

-Ж.Батзандан гишүүн төрийн өндөр албан тушаалтны эрхийг хязгаарлах тухай хууль ярьснаараа эргээд ардчиллаасаа ухарч, даяаршлыг үгүйсгэж байна гэж ярих хүн ч олон байна.

-Гадаадад данстай байх эрхгүй юм бол Таван толгойн хувьцааг авах эрхгүй гэсэн үг. Таван толгойн хувьцаа Лондонгийн бирж дээр гарах гэж байна. Монголчууд Лондонгийн бирж дээр арилжаа хийж, хувьцаа авахын тулд тэнд данстай байх ёстой биз дээ. Төрийн өндөр албан тушаалтан гэж ярьж байгаа ч эрхийг нь зөрчсөн асуудал бизнесменүүдэд ч халдана. Яагаад гэвэл, нэг хүний эрхийг зөрчих өд дуугарахгүй байгаа бол дараагийн хүний эрхийг зөрчихөд амархан болдог. Улстөрчдийн эрхийг зөрчиж байхад бид дуугарахгүй бол бизнесменүүдийн эрхийг маш амархан зөрчинө. Тэдний эрхийг зөрчихөд дуугарахгүй бол үйлдвэрчнийхний, ард түмний эрхийг зөрчихөд амар болно. Тиймээс 100-хан хүний эрхийг зөрчинө гэж ярьж байгаа бол уучлаарай. Ганц хүний эрхийг ч хамгаалах ёстой. Энэ нь өөрөө ардчиллын баталгаа.

-Төрийн өндөр албан тушаалтнуудыг нэг бол тоймгүй баян гэх. Эсвэл бүх эрхийг нь хязгаарлах ёстой гэх юм. Ер нь УИХ-ын гишүүн, сайдын ажлыг ямар хүн хийх ёстой юм бол?

-Уг нь төрийн өндөр албан тушаалтан иргэдийн төлөөлөл байх ёстой. Ардчилсан нийгэмд төгс хүнийг биш өөрийгөө төлөөлөх хүнийг сонгохын төлөө байдаг. Би ч төгс биш гэдгээ сонгогчдодоо хэлж л байсан. Сонгогчид маань ч намайг төгс биш гэдгийг мэдээд сонгосон. Төгс сайхандаа, эсвэл бусдаас илүүдээ сонгогдоог үй. Бусад хүний төлөөлөл болж чадах юм байна гээд л сонгосон. Түүнээс УИХ-д ортлоо жирийн хүн, гишүүн болсны дараа гэнэт төгс хүн байж болохгүй.

-Ханилсан ханиа бас заавал Монгол Улсын иргэн байлгах ёстой гэж байгаа. Ханиа хүртэл бусдаар заалгана гэвэл төрийн өндөр албан тушаалыг хүсээд байх хэрэггүй бололтой.

-Манай хүн Монгол Улсын байнгын оршин суугч. Монголын аюулгүй байдлаа хамгаалах тогтолцоо маш сайн шүү дээ. ДОХ-оос эхлээд бүх төрлийн шинжилгээ өгч, цагдаа, тагнуулын байгууллагаар тав, зургаан сар судлагдсаны дараа гурван жил оршин суух эрхтэй болдог. Дахин судлагдаад таван жил амьдрах эрх авдаг. Таван жил надтай амьдарсны дараа байнга оршин суух эрхийг өгдөг. Манай хүн Монголд амьдрах бүх шалгалтыг давчихсан. Байнгын оршин суугчаас илүү зүйл шаардах нь хэрэгтэй юм уу даа. Цэдэнбал Филатова хүртэл Монгол Улсын байнгын оршин суугч байсан юм билээ. Орос руугаа бүрмөсөн нүүгээд явахад нь байнгын оршин суугчийнх нь үнэмлэхийг хураагаад авчихсан. Ер нь ихэнх улс гадаадын иргэнийг авъя гэж зорьдоггүй. Үнэхээр хараад, муугаар бодлоо гэхэд тагнуулч бол аль болох хурдан Монгол Улсын иргэн болохыг бодно биз дээ. Тиймээс үнэхээр аюулгүй байдлаа бодвол улсынхаа иргэн болгох шаардлагагүй. Харин ч өөр орны иргэн байсан нь аюулгүй байдалд ашигтай. Түүнээс Монгол Улсын бүх зүйлд нэвтэрч, мэдье гэвэл төрийн өндөр албан тушаалтантай гэрлээд л болчихно байна шүү дээ.

-”Гишүүний нөхөр байхын тулд Монгол Улсын иргэн болох юм байна шүү” гэж ханьдаа хэлэв үү?

-Хууль гарчихаагүй, ярианы түвшинд байгаа асуудлыг хэлж, хүний сэтгэлийг самууруулаад яах вэ дээ (инээв). Тэртэй тэргүй бид хоёр гэрлэхдээ би АНУ-ын иргэн, манай хүн Монголын иргэн хэзээ ч болохгүй гэдгээ хэлсэн. Бие, биенийхээ үүсэл гарал, эх орныг хүлээн зөвшөөрнө гэдгээ тохирчихсон. Манай гэрт Америкийн зочид ирчихээд Монголыг муулбал би шууд зочид буудал руу нь хөөдөг. Угаасаа манай гэрт, миний цайг ууж байхдаа Монголыг муулж болохгүй гэдэг дүрэм үйлчилдэг. Тиймээс миний хань Монголыг дээд зэргээр хүндэлдэг. Би ч Америкт оччихоод тэндэхийг шүүмжилмээр байвал гардаг. Бид хоёр гэр орноо, эх орноо ингэж л хүндэтгэдэг.

-Хэдийгээр монгол хүнтэй гэрлэсэн ч эх орныхоо харьяатаас гарахыг хүсэх хүн ховор. Тэгэхээр ер нь гадаад хүнтэй сууж болохгүй гэсэнтэй адил болов уу?

-Ж.Батзандан гишүүн хүний эрхийг давхар, давхар зөрчих санаа агуулаагүй байлгүй дээ. Ёстой гэнэн цагаанаар ийм үр дагавартай зүйлийг ярьчихлаа гэж бодож байгаа.

-Намынхаа нөхөртэй энэ талаар ярилцаж үзэв үү?

-Эсрэг байр суурьтай байгаагаа хэлсэн.

-Та хэвлэлийн эрх чөлөөний төлөө багагүй дуугарч байсан. Гэтэл Засгийн газар цахим мэдээллийн хэрэгслийн сэтгэгдлийг зохицуулахаар болж байна. Үүнд заавал төр оролцох хэрэг байна уу?

-Засгийн газрын хуралдаан дээр ярьж байхад хэвлэлийн эрх чөлөөтэй яаж зохицох вэ, нэрээ нууцлах эрх зөрчигдөж байгаа юм биш үү гэдгийг санаачлагчаас нь асуусан. Харин Засгийн газрын нэгдмэл байр суурь бол нэрээ нууцлах эрх хадгалагдана гэдэг байр суурьд хүрсэн. Харин нэгийнхээ бичсэн нийтлэлийн дор доромжлох нь ёс зүйд нийцэхгүй. Тиймээс ёс зүйд захирагдахгүй орон зайд хүнийг доромжлох, гүтгэхээс сэргийлэхийн тулд арга зам хэрэглэж байгаа. Барууны ёс зүй сахидаг хэвлэлүүд ч бүгд нэртэй сэтгэгдэл авдаг. Тиймээс дэлхийн хэвлэл мэдээллийн ёс зүйд нийцүүлье л гэж байгаа юм.

-Сэтгэгдлийг хянах, нэртэй болгохыг сайтууд өөрсдөө яагаад шийдэж болохгүй гэж. Төр заавал журам гаргах хэрэг байгаа юм уу?

-Сэтгэгдлийг хариуцах эзэнгүй болчихсон. Вэб сайт бүрт “Сэтгэгдлийг хариуцахгүй” гэсэн өгүүлбэр байдаг. Цаашид Засгийн газрын тогтоолыг өөрчлүүлье гэвэл сэтгэгдэл хянах, ёс зүйг сахиулах хороо байгуулах ёстой. Эсвэл өөрсдөө ингэж зохицуулна, ийм дүрмийн дагуу ажиллана гэдгээ Засгийн газарт ирүүлж болно.

-Сэтгэгдэл бичсэн хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, аюулгүй байдалд нь бас эрсдэл учрах юм биш үү?

-Өөрийгөө бүртгүүлээд сэтгэгдэл бичнэ. Тэр хүн рүү хэн ч хандаж болно. Ингэсэн тохиолдолд хэдэн сая хүн уншдаг орон зайд айлгүй сэтгэгдэл бичсэн шалтгаанаа хэлнэ шүү дээ. Өөрөөр хэлбэл, сэтгэгдэл бичнэ гэдэг хувь хүний харилцаа биш нийтийн орон зайн харилцаа учраас нээлттэй байх ёстой гэж үзэж байгаа. Хэрвээ нэрээ нууцалж үзэл бодлоо илэрхийлмээр байвал блог гаргаж, twitter, facebook эсвэл сонины орон зай ашиглаж болно шүү дээ. Түүнээс сэтгүүлчийн бичсэн нийтлэлийн орон зайд өөр нэг нь нэрээ нууцалж бусад руу дайрч давшилж болохгүй.

-Бас кабелийн 20 гаруй телевизийг хаах тухай ярих боллоо. Үзэгчдийн эрхэд хүртэл халдаад байгаа юм биш үү?

-Гурван сарын хугацаатай үүрэг өгсөн юм билээ. Би телевизүүдийг хаах тухай сонссон даруйдаа Харилцаа, холбоо, технологийн газрын дарга Ц.Жадамбаатай утсаар ярьж хэвлэл, мэдээллийн хэрэгслийг хаахын эсрэг байгаагаа хэлсэн. Техникийн болон оюуны өмчийн шаардлага тавих боломжтой байх, гэхдээ цензурдах хаах нь илүү том асуудал шүү гэдгээ ч хэлсэн. Тэгэхэд “Хэвлэлүүдийг хаах тухай огт яриагүй шүү” гэж байна лээ.

-Газар албадан чөлөөлөх хуулийн төсөл ярьж байна. Малыг нь төр авч байсан шиг өмчилсөн газрыг булаах нь ээ?

-Хуулийн төсөл Байгаль орчны байнгын хороон дээр орж ирэхэд нь зарчмын зөрүүтэй саналаа хэлсэн. Эхний ээлжинд Газар өмчлүүлэх тухай хэлэлцэж тодорхой болгосны дараа юуг хураах вэ гэдгийг ярих ёстой. Бүх улсад нийтийн эрхийн төлөө бусдын газрыг худалдаж авдаг. Хувьчилж амжаагүй газрыг төр үнэгүй авчихна шүү дээ. Тиймээс эхлээд газраа хувьчлах нь чухал. Ялангуяа газар өмчлөлийн асуудлаа шийдэхгүйгээр дахин төлөвлөлт хийвэл олон хүний эрх зөрчинө. Тиймээс зарчмын хувьд Газар өмчлөлийн хуулийг Газар албадан чөлөөлөх тухай хуулийн өмнө ярих ёстой гэдэг байр суурьтай байгаа. Мөн албадан чөлөөлөх гэдэг нэрийг өөрчлөх санал гаргасан. Ардчилсан улсуудад газар албадан чөлөөлөх тухай хууль байдаг. Гэхдээ энэ хуулийг хэрэгжүүлэхийн өмнө газраа өмчилдөг. Хувийн өмчийн газрыг худалдаж авах замаар газрыг чөлөөлдөг. Мөн хүний газрыг авах гэж байгаа бол зөвхөн нийтийн зориулалтаар ашиглах ёстой.

-Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслөөр хэвлэл, мэдээллийн хэрэгслийн эздийг зарлахыг шаардаж байгаа. Бас байнгын хорооны хуралдааны үеэр алдаа гаргасан сэтгүүлчийг мэргэжлээр нь ажиллуулахгүй байх яриа гарч байсан. Ингэснээрээ хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах уу?

-Байнгын хорооны хурал дээр байгаагүй учраас юу ярьсныг нь мэдэхгүй юм. Гэхдээ эздийг зарлах нь олон улсын жишиг. Эзэд зарлагдахаас айх хэрэггүй. Харин “Чи хэвлэлтэй байж болохгүй” гээд эрхийг нь хаахаас өөрсдийгөө хамгаалах ёстой.

-Ардчилсан намынхан засаг барьснаас хойш хаана, эрхийг нь цуцална, цагаан сараа хүртэл ингэж тэмдэглэ гэж хориглох, зааж ажиллах боллоо. Ийм хатуу шийдвэрүүд гаргаснаараа иргэдийн шүүмжлэлд өртөж байгаагаа анзаарч байна уу?

-Иргэдийн байр суурийг сайн илэрхийлэх ёстой. Ингэж байж улстөрчид хүмүүжнэ. Төрд олон нийтийн дуу хоолой хүрч л байх ёстой. Ардчилсан засаг гарчихсан юм чинь ардчилсан замаар явж болно гэж найдаж болохгүй. Тиймээс ч иргэдийг сайн шүүмжилж, өөрсдийгөө төлөөлж гарсан хүмүүсийг зөв ажиллуулаасай л гэж бодож байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Apple” компани шинэ систем туршиж байна

Apple компанийн мобайл үйлдлийн систем болох iOS 9.3-ын шинэчилсэн хувилбарыг гарган туршиж эхэлжээ.

Энэхүү системийг Night Shift гэж нэрлэсэн бөгөөд хэдэн цаг болж байгаагаас хамаарч дэлгэцний гэрлийг хүний нүдэнд ээлтэй болгож автоматаар тохируулдаг юм байна. Өөрөөр хэлбэл таны байгаа газрын цаг хэд болж байгаагаас хамаарч орой нар жаргах үеэс эхлэн дэлгэцний гэрлийн хөх туяаг бууруулж дэлгэцийг гэрлийн зурвасыг “warm” хэсэгт шилжүүлэх гэнэ. Харин өглөө болоход дэлгэц эргээд хуучин горимдоо шилжинэ.Гар утасны дэлгэцнээс ялгардаг хөх гэрэл нь хүний бие дэх мелатонин дааврын ялгарлыг сааруулдаг юм. Уг даавар хүний тархинд “унтах боллоо” гэсэн дохиог өгч нойр хүргэх үүрэгтэй байдаг. Сүүлийн жилүүдэд хүмүүсийн гар утасны хэрэглээ эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор нойргүйдэл, ядаргаанд орох зэрэг өвчлөл үүссэн гэдгийг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлсэн байдаг.

Categories
булангууд мэдээ өд-бэх

Муухай барам

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Лувсангийн Одончимэдийн шинэ бүтээлээс хүргэж байна. Тэрээр “Ээжтэй орчлонгийн наран”, “Хоржоонтой дурсамж” тэргүүт зургаан боть бүтээлээ уншигч олондоо хүргэсэн юм.

Тамганы найрнаас бүлэмцүүхэн мордсон Нэрэндоо гэртээ яаж очихыг өөрөөс нь илүү мэдэх ижилдэн дассан хээр мориныхоо эрхэнд жолоогоо даатгаад дуу ч юм уу, маань мэгзэм ч юм уу нэг юм амандаа гүвтнүүлэн гэлдрүүлж явлаа. Аравдын шаргал сар цайвар туяагаараа орчлонг гийгүүлээд баруун хярын дээхнэтэй асар том зул бадамлах мэт мэлтийнэ. Уул нь сартай байхад гэр лүүгээ дөхчихье гэж бодон өнгөлзөж суусан ч мордохын молор хундага, отголсон тамгын хувь, ирэх жилийн айргийн ерөөл гэж элбэг найрын дугараанд шахуулсаар жаахан оройтжээ. Нэрэндоо “Сар гэдэг ер нь янзын барам шүү. Гийж байхдаа хөдөлж шилжиж байгаа нь мэдэгдэхгүй мөртлөө шингэх дөхөөд ирэхээрээ унтарч байгаа чийдэн шиг улам улайсаар доошоо ойчиж байгаа юм шиг хурдан далд ордог” хэмээн бодоод гэдэс гүзээ нь эмээлийн бүүргэнд шахагдсанаас золтой л гулигуулчихалгүй, хааяа нэг хэхрүүлж явна. Бас ирэх зунтай золготол ийм сайхан араанд тос амтагдсан айраг хамар амаараа сэнгэнэтэл хэхрүүлэхгүй дээ хэмээн харуусч бодсоноо хүн мэдчихвэл заваан бүдүүлэг гэж хэлнэ дээ гэж бодоод ганцаараа яваа мөртлөө ичих шиг эргэн тойрноо ажиглах янзтай харна. Хээр мориноос нь өөр хэн байх билээ. Сар баруун хярын цаагуур ороход харанхуй нөмөрч сэрүү татаж эхэллээ. Жаахан шогшуулдаг юм билүү гэж бодон морио давирч үзвэл, чиний наад айраг бялхсан ходоод гэдэс чинь цал цүл зайлагдаад, задгайлж орхисон энгэр заамаараа хамаг юмаа гээчихнэ гэсэн шиг огт тоохгүй сажилна. Намайгаа элэг бариад явахгүй болжээ, муухай барам чинь.

Морины хөлд өндөр дэрс орооцолдон, шажигнаж нүүр нүд рүү хатсан өвс үсчиж өлөн тоос ханхлаад эхлэх нь “Цагаан хоолой” руу орж ирж байгаа юм байна. Мөн ч өнтэй сайхан нутагсан. Биднийг багад энэ дэрснээс тэмээний бөх, толгой л харагддагсан. Даанч өвөлжөө бууц байхгүй, айл огт буудаггүй нутаг. Нэгдэл нийгэм гэж анх байгуулагдахад адуучдыг ийш нь нутаглуулах гээд бараагүй л юм даа. Эртнээс хүн тавьдаг байсных биз. Сүрэг сүрэг зээр л дэрсэн дотроос хуйлраад гарна. Нутаглуулсан хүний гүрцэгний даавууг урж, хөсрий ясыг нь мэрж долоож байгаа нь тэр. Зээр их хужиршдаг амьтан гэж ээжийг хэлэхэд нь хүний хүүр иддэг зээрийн махыг бид иддэг юм байна гэж бодоод дотор эвгүй оргидогсон. Одоо ч ямар ил тавих биш. Гэхдээ “Цагаан хоолой”-н дэрсэн дотуур шөнө байтугай өдөр явахад заавал нэг шарил марил санаанд ордогсон. Нээрээ тийм. Гэнэн Думаа гэж ганц бие хөгшнийг нутаглуулсан чинь өндийгөөд суучихсан үс нь хийсч байсан. Дараа нь бүлтэн Ням гуайг үүгээр явж байтал сэгсийсэн үстэй шалдан чавганц туулгаад мориных нь сүүлнээс атгаж тавьж байсан гэж ярьдагсан. Сонсоход эвгүй барам шүү.

Нэрэндоо, бодолдоо гүнзгий автаж, дээр үед нээрээ чөтгөр шулам гэж байсан юм болов уу гэсэн шүү юм санаж явтал гэнэт чанх хажууд нь бүдэгхэн хөх гэрэл гарч морь нь буруу тийшээ бусгаад золтой л ойчсонгүй. Номхон хээр нь хоёр чихээ солбиж хамраа тачигнуулах ийм номхон амьтнаас гармааргүй догшин сүртэй гэж. Анивчсан хөх гэрлийн тэндээс бас нялх тугал мөөрөх шиг бүдэгхэн дуу сонсдоно. Эргэн очоод үзмээр санагдсан ч морь нь үргээд, бас өөрөө ч жаахан зэвүүцээд дөрөөн дээрээ өндийж, ташуур өгч ергүүллээ. Ташуурдуулсан морь ч тайвширсан мэт сэвэлзүүлнэ.

…Айхад аргал хөдөлнө гэдэг. Би хий юм үзлээ гэхэд энэ адгуус яагаад үргэв. Юун муу ёрын сүүдийсэн хөх гэрэл, бас юун дуу вэ. Хүн тавиагүй удсан болохоор одооны хүүхдүүд бол энэ тухай төсөөлөх ч үгүй биз. Гүйдэл мүйдэл гэж сонсогдохоо больж мартагдсан цагсан. Муу мотоцикльтойгоо явсан бол гэрэл тавиад харахгүй юу. Ядахдаа нүх шиг харанхуй болчихлоо, барам чинь.

Нэрэндоог харихад сургуулийн хүүхдүүд нь сум руу буцчихсан эл хуль ханхай гэрт гэргий нь хараахан хажуулдаагүй хүлээж байлаа.

-Найр сайхан болов уу, яасан их оройтов?

Бодлоос нь хөх гэрэл салаагүй Нэрэндоогийн амнаас олигтой хариу гарсангүй. Зуухны хажууд байсан данхтай зэлгээн цайнаас аягалж балгаад араас нь нэг юм орж ирэх юм шиг үүд рүү харна. Гэргий нь гарч эмээлийг нь авч мориных нь нуруунд өлөн шороо түрхээд орж ирэв.

-Морио усан хулгана болтол яасан их давхисан юм хэмээн асуух зэмлэхийн завсар өгүүлэв. Дээлээ ч тайлахгүй суусаар байгаа Нэрэндоог гайхаж харснаа:

-Чи чинь одоо бүлх залгичихсан юм шиг яагаад чимээгүй суугаад байгаа хүн бэ, бие чинь зүгээр үү, согтчихсон юм уу. Хүүхдүүдийг Дэрэмийн пургоноор явуулчихсан. Дэрэмд бензинд нь нэмэр гэж хэдэн төгрөг өглөө. Бага нь их л дурамжхан явсан гэж ганцаараа баахан ярьснаа би морийг чинь тавьчих уу гээд гарлаа. Нэрэндоо халуун савтай цай, аягалж тавьсан хоолноос ч амссангүй. Орондоо орсон ч дуугарсангүй буруу хараад хэвтлээ. Цагаан хоолойн дэрсний хөх гэрэл түүний нүдэнд харагдана, бас тугал мөөрөх шиг дуу сонсдоно. Мөн хачин барам юм даа. Одоо болтол чөтгөртэй л байгаа хэрэг үү. Цогзолд хэлэх үү, байх уу. Нэг л хүн сонсвол нутаг усаар бөөн шуугиан болно. Нэрэндоо чөтгөр үзсэн гэнэ. Дээр үед хөх гэрэл гардаг байсан. Одоо бүр анивчаад дохиод байдаг болсон гэнэ. Тэгээд үхэр шиг мөөрдөг. Нэрэндоогийн хойноос хөөгөөд усан хулгана болтол зугтааж хээр мориныхоо хөлийн хурдаар холдож салсан гэнэ. Цагаан хоолойн дэрсээр бүү яваарай, та минь гээд л цуурч гарна даа. Аягүй бол цагдаа сэргийлэх болж, чухам хаана байсныг зааж өг гээд дагуулж явах хэрэг мандана. Багаасаа хөндлөн гулд давхисан болохоор багцаа ч байна аа. Тэгээд юу ч олдохгүй. Эцэстээ “чөтгөр” Нэрэндоо нэртэй өвгөн болж, манайх гэдэг хүн ордоггүй айл болно. Хүүхдүүд ч амар заяа үзэхгүй. Ерөөсөө больё, тас нууя муухай бармыг. Нуулаа гэхэд юу нь хорогдох билээ. Би л түүгээр явахаа боливол барж.

Үүнээс юу ч асуугаад нэмэргүй, өглөө л ярья гэж бодож хэвтсэн Цогзол ч намуухан хурхирч эхлэв. Нэрэндоо ч айраг, архиныхаа ааганд цохиулаад тэгсгээд дугхийжээ. Шөнөжин гартаа хөх гэрэл барьсан шалдан хүүхнүүд гадаа нь ирээд “чөтгөр Нэрэндоо” гараад ир! гэж орилолдож байна гэж зүүдлээд олигтой унтаж чадаагүй Нэрэндоо үүрээр сэрж ойртож яваа машины дуунаар гэрээс гарлаа.

Морь ачдаг өндөрлөгтэй машинтай нутгийн хэдэн залуус тамганы найрнаас сая л салсан бололтой дуу шуугиан болсоор гадаа нь буулаа. Тэдний дундаас “задгай шар” хочтой Лхамаа гэгч уяач:

-Нэрэндоо гуай та нэг чухал юмаа хаясан байна даа. Шагнавал эргүүлж өгнө хэмээн хашгичиж байв. Нэрэндоо ч нэг их юм ч бодсонгүй. Ганц шил юм горьдож байгаа хэрэг, муухай барам гэж бодлоо.

-Орцгоо хүүхдүүдээ гээд гэр рүүгээ явлаа. Энэ яриаг сонссон Цогзол тэднийг оронгуут:

-Нээрээ чи чинь хөөргөө яасан хүн бэ гэлээ. Нэрэндоо хөөрөгтэй явснаа сая л санаж, малгай бүс, хөнжил гудас, авдрын ар өврөөр жаахан хайлаа. Үүнийг харсан Лхамаа:

-Хөөрөг чинь энэ байна аа гэсээр түүний хоргой даалинтай их гарын манан хөөргийг гаргаж ирлээ. Нэрэндоо мэл гайхаж,

-Энэ чинь одоо миний л хөөрөг байна даа, алив гэхэд задгай шар:

-Цагаан хоолойн дэрснээс олсон юмаа, уртаашаа ганцхан борлонгоор шагнуулна гэж марзаганалаа.

-За за, өвөө нь төлөг өгнө өө гэсээр хөөргөө тосч аваад:

-Та нар чинь тэгээд харанхуй шөнөөр Цагаан хоолойн дэрсээр явдаг, тэгээд миний хөөрөг тэнд хэвтэж байдаг мөн хачин барам аа гэвэл, задгай шар хамт яваа нэг бандийгаа зааж,

-Манай энэ мануухай өчигдөр Тамганы найр руу явж байхдаа гар утсаа гээчихээд, бид шөнө найрнаас гараад ноймор луу нь залгаад л Цагаан хоолойн дэрсийг нэгжээд л байлаа. Гэтэл нэг хөх гэрэл сүүмэлзэнэ биз дээ. Очоод утсаа автал хажууханд нь энэ хөөрөг хэвтэж байхгүй юу, аваад үзвэл таных… ха ха. За, Доо ах ганц юм гаргачих, бид хэд явлаа. Гээсэн утсаа олж, Доо ахыгаа баярлуулж бас ганц шил юмаар шагнуулсан залуус бас л ха ха хэ хэ гэсээр хөдөллөө.

Нэрэндоо сая л тайвширч, чөтгөр шуламтай дайралдаж, айсан ичсэнээ Цогзолдоо ярьж санаагий нь зовоогоод бас хавийн амьтны элэг доог болоогүй өнгөрсөндөө ханцуй дотроо залбирч, тэр муу борлон зэрэг ч яамай. Үгүй, тэр муухай барам утсаа гээгээгүй бол яалаа гэж ингэж хөглөх вэ хэмээн бодож өчигдрийн цатгалдаад байсан сэнгэнэсэн айрагнаас одоо л хулаар нь залгилмаар санагдлаа. Цогзол авгай, айраг архины халуунд хөөргөө гээчихээд л хэлэх үггүй болоод дуугарч өгөхгүй байсан юм байж хэмээн бодоод гэмгүй сайхан ханиа өрөвдөж суулаа.

Categories
булангууд мэдээ өд-бэх

Гомпилдоогийн Мөнхцэцэгийн дотоод ертөнц буюу мэргэн үг

“Болор цом”-ын эзэн яруу найрагч Гомпилдоогийн Мөнхцэцэгийн “Болзоогүй цагийн хураангуй” хэмээх шилмэл афоризмын бүтээл саяхан хэвлэгдсэн. Уг бүтээлийн өмнөтгөлд Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Ж.Баяржаргал “Уран зохиолын эл төрөлд Монголын эмэгтэй зохиолчдоос ертөнцийн хязгаар дахь хатан говиороо овоглосон найрагч анхны салхийг хагалж афоризмын бүрэн түүврээ гаргалаа. Орчлон хорвоогийн явдал зам бүсгүй хүний сэтгэлийн нүдэнд тэр тусмаа монгол эх хүний мэлмийд хэрхэн яаж тусдагийг молхи би догдлон уншиж суув. Надад энэ хорвоог дахин цоо шинээр харах, мэдрэх хосгүй хувь завшаан тохиов” гэж өгүүлсэн байна. Уг бүтээл нэрт орчуулагч, гүүш Готовын Акимын өмнөтгөлтэйгөөр англи хэлээр ном болон хэвлэгджээ. Монголын эрхэмсэг найрагчдын нэгэн Г.Мөнхцэцэгийн бүтээлийн тухай ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавын бичсэн туурвилыг хүргэе.

Уран зохиолын залгамж хойч үеийнхний тухай саналаа хааяа илэрхийлж байх нь зөв юм гэж бодох болсноо юуны өмнө хэлье.

Монголын Зохиолчдын Эвлэлийн гүйцэтгэх захирлаар хоёронтоо сонгогдсон нэрт яруу найрагч Гомпилдоогийн Мөнхцэцэг “Болзоогүй цагийн хураангуй” гэж нэрлэсэн шинэ номоо саяхан надад ирүүлэв. Үүний өмнө 2-3 удаа яруу найргийн номоо ирүүлснийг нь шимтэн уншсан хэдий ч уг ном буюу шилмэл афоризмд нь цөөн үгийг зориулмаар бодогдсон учир зүрхнийхээ тушаалаар үүнийг өгүүлэв. Энэ бол эмэгтэй зохиолчдын салхийг хагалсан анхны афоризмын түүвэр бөгөөд хоёр дахь удаагаа хэвлэгдэж байгаа ажээ. Үүнээс урьд Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийн захирал, уран зохиол шинжээч Ш.Цэнд-Аюуш “Охь үгс” гаргасанд би мөн өөрийн саналаа илэрхийлсэн юм. Г.Мөнхцэцэгээс Ш.Цэнд-Аюушийн ялгаатай тал нь түүнд голчлон улс төрийн сэдвийг хөндөж “Парламент бол эрх мэдэл, эд хөрөнгөнд шунагч их армийнхны дунд ганц таваг юм. Хэн хэл хурдтай нь долоож амталдаг улс төр хүнийг ёргио хөөрүү болгож эвддэг” гэсэн санааг дэвшүүлсэн байдаг. Парламентын гишүүн болсны маргааш тэнгэр ойрхон, хүн жижигхэн харагддаг гэсэн утгыг Ш.Цэнд-Аюуш улс төр нийгмийг голчилсон бол Гомпилдоогийн Мөнхцэцэг нь “Сэтгэл нь ширгэж байгаа хүн хичнээн том явлаа ч бүх талаараа жижгэрч дуусдаг” гэжээ.

Эд хөрөнгийг барж болно

Харин нас буяныг барж болдоггүй

Чиний дотоод ухамсрыг

Хичнээн олон нөхөр хүртэвч

Нөхөж үл чадна” гэснээрээ хүний дотоод ертөнц рүү өнгийсөн хувь хүн талыг илүүтэй гаргасан нь сайшаалтай.

Г.Мөнхцэцэгийн афоризмыг уншихад хүний хамгийн шилдэг уран санаануудыг цуглуулах аваас тэр хамгийн их эрдэнэс баялаг болно гэж нэгэн яруу найрагчийн дурдсаныг санагдуулж байна. “Маш товчхон оновчтой хэлсэн санаанууд нь буйртай уншигчдын хувьд аливааг эргэцүүлэн бодож, бясалгах хөшүүрэг болно” гэж Грекийн их сэтгэгч Сократын хэлсэн үгийг сэтгэлд тодотгоном. Нэгэн үгнээс түмэн утга цацардаг гэсэн Монголын ард түмний билэгт үгийг санагдуулахын хамт ганцхан өгүүлбэр нь зузаан романаас ч ихийг сэнхрүүлэх амуй.

Орчлонгийн нар мэт хүмүүний мэлмий байнга гэрэлтэж байдаг. Г.Мөнхцэцэгийн афоризм үүнтэй утга нэгэн ажээ. Үүний жишээнд “Хилэнцэт хүн”, “Жонон хонгор” зэрэг олон дууны үгийг зохиосон өөрөө ч мөн ардын дууг эвлэгхэн аялдаг Л.Агваанжамбал тэргүүнтнийг хэлж болно.

Г.Мөнхцэцэгийн “Ямар ч тэнэгийн дотор ямар нэгэн сайхан юм гялалзах нь буй

Олж мэдрэх нь чухал” гэснийг шүлгээр илэрхийлбэл

Бусдын дотор ямар эрдэнэ нуугдаж байгааг олж харах сэрэл сэхээгүй хүн өөрийн дотор ямар муу угшин байгааг онож харах сэрэмж дорой байдаг гэсэнтэй утга дүйцэх мэт.

Түүнчлэн сэтгэл муутан өөрт заяасан ариун нандин бүхнээ их эрт барж дуусдаг гэснийг нь хэн хүн ямагт бодууштай.

Мөн Г.Мөнхцэцэгийн “Ертөнцөд үүл, үйлийн үр хоёр л буцаж эргэдэг” гэснийг уншихуй бурхан багшийн сургаалд буй

“Саасан даруйдаа сүү, сагаж гашилдаггүй нь адил

Үйлдсэн нүглийн үйлийн үр үтэр түргэн боловсрохгүй

Нурманд шургасан цог шиг

Нууцхан дагаж шатамхай”. (Ж.Гэндэндармын орчуулга) гэсэн мөрүүд санагдаж ухаарал гэдэг өөр өөрийн цаг үетэй байдгийг гэрчлэх мэт.

“Хувь хүний бусдаас ялгарах үлэмж давуу тал нь дув дуугүй байх явдал” гэж Г.Мөнхцэцэг афоризмдаа бичсэн шиг нэгэн цагт миний бие ч

“Дуугарч ярьж ханахаараа нэг боллоо

Дуугүй байхын хэлийг яаж суръя даа байз

Гадагшаа гаргасан бүхнийг

Дотогшоо хумих хэцүү

Гаргаж хаясан шүлсийг

Буцаад шалгихад ч бэрх” хэмээн нэгэнтээ бичсэнтэйгээ харьцуулан бодвоо.

“Одон медалиуд эзнийхээ үхсэнийг огт мэддэггүй.

Урьдын адил гялалзаж л байдаг гэсэн нь өнөө цагт олон хүнд нэгийг бодогдуулсан, хоёрыг эргэцүүлүүштэй үг мөнөөсөө мөн. Ард түмэн их зүүдэлсний эцэст сэрж босдог харин зүүд үймүүлэгчийг эрж хайж байдаг гэсэн Мөнхцэцэгийн афоризмыг сонгуулийн өмнөхөн олж үзээсэй гэж би бодном. Мөн эх орон үргэлж хүнээс арвин, хэнээр ч дутдаггүй гэсэн онч мэргэн үг нь үнэнээс үнэн юм аа. Хүний санааг зогсоох нь бүү хэл арчиж үл болно гэснийг нь уншихад

“Бичсэн бичиг дарсан тамгыг

Биетэй юмаар арчихад арилна

Бичээгүй зураг сэтгэлийн хайрыг

Билүүдэж баллуурдаад ч ер арилшгүй” (Ц.Дамдинсүрэнгийн хөрвүүлэг) гэсэн VI далай лам Цаянжамцын шүлгийг сэтгэлд сийлж, үүнээс үзвэл Гомпилдоогийн Мөнхцэцэгийг онч мэргэн үгс нь уламжлалт шүлгийг залгамжилсан шинжтэй бөгөөд урдах сайныг мартсан өнөө цагийн залууст нэн сургамжтай нь сайшаалтай юм. Мөн түүний мэргэн үгсийн дотор

“Монголчуудын их нүүдэл дууслаа

Одоо бид өөрсдийнхөө доторх үнэн буюу хуучин нутаг руугаа нүүх эрин цаг дор тулж ирлээ” гэсэн цэцэн санамжийг дээр дооргүй, ихэс багагүй уншиж эргэцүүлээсэй. Түүнчлэн

“Алт эрдэнэсээ алдсан газрын нэхэл барагдахгүй

Атан тэмээгээ өсгөсөн айлын хот харлахгүй” гэсэн зүйрлэлийг уншихад аргагүй л авьяас билигтэй төрсөн торгон мэдрэмжтэй бүсгүй хүний сэтгэлийн үг болой. Иймийн учир үүнийг бичигч би ч гэсэн нэгэнтээ

“Эрдэнэсээ уулс далдын далд гүндээ нуужээ

Энэ бидний үед уулыг тал, талыг там болгожээ

Илэнц өвгөд минь миний төлөө амьдраад бас үхжээ

Гэрээслэлийг нь бид галд шатааж, салхинд хийсгэжээ” гэж бичсэнээ ихэд бахдан санагалзвай.

Ер нь Г.Мөнхцэцэгийн энэхүү афоризм буюу онч мэргэн үгсийн түүвэр нь явж явж түүний эрж олсон зөв замын эхлэл байж мэднэ. Энэ ном бол яруу найрагч Г.Мөнхцэцэгийн ухаан, сэтгэмж, мэдрэмж, авьяасын нэг хэмжүүр яах аргагүй мөн. Ингээд 2013 оны тавдугаар сарын 1-ний өдөр Г.Мөнхцэцэгийн нэрээр бичсэн нэг шүлгийг мялаалга болгож эцэст нь шигтгэе.

“Монголын Дорнын говьд

Өнгийн чулууд алагладаг

Нарны өнгөөр дуралзаж

Хунгийн жигүүр цуцаадаг

Цэнхэр голдуу тэнгэрт нь

Эрдэнийн одод гялалздаг ч

Цэцэн найргаар гэрэлтсэн

Эрхэмсэг хатад нь ховор юм

Газраас түүнийг нүдлээд л гурван марал гэж зүсэлдэг”.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Хүн төрөлхтөн жолоочгүй нисдэг тэрэг хөлөглөнө

Хятадын зохион бүтээгчид жолоочгүй нисдэг тэрэг зохион бүтээжээ. “EHANG 184” гэх энэхүү нисдэг машин мэт нисдэг тэрэгт хүн суугаад газрын зурагт очих газраа тэмдэглэхэд л болно. Жолоодох шаардлагагүй бөгөөд ийм төрлийн нисдэг тэрэгний анхны, туршилтын загвар аж. Энэхүү нисдэг тэрэг нь нэг зорчигч суух боломж бүхий их биетэй, дөрвөн хөлөндөө найман сэнстэй. Зохион бүтээгчид хэлэхдээ ашиглалтанд орох хараахан болоогүй байгаа бөгөөд Засгийн газрынхаа бүх төрлийн зөвшөөрлийг авсны дараа түүгээр нисч болох юм гэжээ. Гэхдээ Ehang төслийнхөн энэ технологийн талаар төрийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байгаа гэнэ. EHANG 184 нь агаарт цагт 62 миль хүртэл хурдлах боломжтой. Мөн 11,480 фут явах ба 23 минутын хүчин чадал бүхий батерэйтай аж. Тэр маш жижиг. Ердөө л 18 фут урттай, 440 фунт жинтэй. Гэхдээ үүнээс ч жижиг хэмжээтэй болох боломжтой гэнэ.

184-ийг ашиглах нь жолоо барихаас аюул багатай.

Учир нь машин барихад гарах ослын эх үүсвэр нь жолооч өөрөө байдаг аж. Тэгвэл жолоочгүй нисдэг тэрэг маань бүх зүйлийг автоматаар хяналтандаа авч явах тул аюул багатай, хамгаалалт сайтай. Иймээс осол гарна гэж айх шаардлагагүй юм гэж онцолжээ.

Г.Сайнбилэг

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

​“Nikon” 360 градусаар бичлэг хийдэг камер бүтээв

Лас Вегаст зохиогдож буй технологийн чиг хандлагыг тодорхойлогч “CES 2016” үзэсгэлэнд Nikon компани шинэ бүтээлээ танилцуулжээ. “KeyMission 360” гэх энэхүү камер нь 360 градусаар бичлэг хийх бөгөөд спорт ангиллын камер юм байна. Үндсэндээ GoPro-той ижил 4К бичлэг хийдэг аж. Чанар, хэмжээний хувьд ч мөн адил гэнэ. Харин давуу тал нь бичлэг хийж, зураг авч байхдаа бүх өнцөг рүү хардаг. Түүнчлэн ус, шороо тоос болон чичиргээний хамгаалалттай юм байна. Энэхүү камер хэзээ, ямар үнэтэй худалдаанд гарах нь тодорхойгүй байгаа ч чамгүй үнэтэй гарна гэдэгт эргэлзэх шаардлагагүй. Учир нь GoPro ашиглан 360 градусын өнцөг бүхий камер угсрахын тулд танд 1000 гаруй ам.доллар хэрэг болох юм.

Г.Сайнаа

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Volkswagen” шинэ загварын цахилгаан машинаа танилцууллаа

“Volkswagen”-ийн нэрийн хуудас болсон “Golf” загварын цахилгаан машиныг болон “Budd-e” төсөөлөл загварыг олонд дэлгэсэн байна. “Golf” загварын хувьд цахилгаан хөдөлгүүртэйгээс гадна “Volkswagen”-ийн хэрэглэгчтэй харилцах шинэ системийг суурилуулсан болохыг тус компани онцолжээ. Энэхүү системийг хэрэглэгч өөрийн хэрэгцээнд тохируулан өөрчилж болохоос гадна дуу хоолойгоор удирдах шинэ программыг суурилуулж өгсөн байна.